ДЭЛХИЙНХЭНИЙ НҮДИЙГ ХУЖИРЛАХ НУТАГ “Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
бид нар эзэн болж төрвөө” гэж алдарт яруу найрагчийн үлдээсэн яруу сайхан мөчлөг хэзээ нэг цагт ажил хэрэг болон бадрах цаг хугацааг бидэнд авчирна.
Урианхай малчин айлаар зочлоод бид цааш хөдлөн дэлхийн олон мянган жилийн түүхийн мөрийг биендээ тамгалсан өвгөдийн минь алтан өлгий болсон арав гаруй км үргэлжилсэн “дэлхийн уран зургийн галарей”-д очив.
Уулга алдам сайханыг монголчууд бид хамгаалж явна. Хэдэн мянган жилийн өмнө өвөг дээдсийн үлдээсэн ийм сайхан, хэдэн арван км үргэлжилсэн хадны зургийн ГАЛАРЕЙ” ганцхан монголд л бий гэхээр бахархамаар юм билээ.
Хаднаас хад дамжин, зурагнаас зураг хүртэл өвөг дээдсийн үлдээсэн “алтан” мөрийг дэлхий даяар үзэх гэж цувах тийм үе ирнэ. Хэмжээс нь хадны хэмжээнд захирагдан зурагдсан олон мянган зургийг үзээд, үзээд сэтгэл ханамгүй. Бас монгол хүн болж төрсөнөөрөө бахархах болно.
Байгаль дээрээ бүтээгдэж, байгаль тэрчигээрээ дэлхийн түүхийг өгүүлэх энэ нутаг юутай сайхан газар вэ. Монголын олон газарт хадны зураг бий л дээ. Гэхдээ энд байгаа шиг олон арван км үргэлжилсэн Дэлхийд гайхуулам “зургийн гайхамшиг”-ийг эндээс өөр газар олж харахгүй.
Онгодын хэлсэнээр энэ зургууд дэлхийн түүхийг өгүүлнэ. Бас дэлхийн түүхийг өгүүлсэн “онгодын бичээс” болон дурайна. Тайлж унших цаг ирнэ. Дэлхий бишрэн шүтнэ.
Майханаа барьчихаад хэдэн сараар үзээд суумаар үнэхээр баялаг зургийн үзэсгэлэн энд бий. Ийм сайхан баялаг, ийм бахархам сайхан үйлийг өвөг дээдэс минь бидэнд үлдээжээ. Монголчууд минь түүнийг хайрлаж үзээрэй. Энэ бол монголчуудын хувь заяа юм. Хэзээ нэг цагт төр хамгаалалтандаа авч, дэлхий хүмүүс дэлхийн түүхийг унших гэж энэ зүг цувах болно. Би үүнд огтхон ч эргэлдэггүй юм. Бүх зүйл энэ эрдэнээ хэрхэн хамгаалах, хайрлахаас шалтгаална.
Бид дэлхийн түүхийг бүтээлцсэн, нэрээ дуургасан үлдээсэн ард түмэн, түүн дээр нэмээд дэлхийн түүхийг бусдад үзүүлж байх хариуцлага үүрсэн ард түмэн юм.