2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод ажлын хэсэг очсон билээ. Биднийг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхбаяр угтаж авсан билээ. Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд сумдад ажилтай байсан тул уулзаж чадсангүй. Говь-Алтай аймагт томоохон тахилга болох учраас тэр үеэр бөө нартай уулзалт хийгдэхээр төлөвлөсөн тул бид хоноод цааш хөдөлсөн билээ. Улаанбаатар хотод зөвхөн Голь-Алтай аймгийн Цээл сумын 20 гаруй бөө нар цугларч байсан билээ. Тийм болохоор энэ аймагт мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо цөөнгүй гэдэг нь тодорхой юм.
2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ховд хотод очлоо. Бидний зорилго бол энэ аймгийн бөөгийн хүрээлэнг байгуулах явдал байв. Энэ аймаг бол МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Зайран Д.Бямбадоржийн төрсөн нутаг. Гэвч МБНЭ-ийн бөөгийн хүрээлэн байгуулагдаагүй цөөхөн аймгийн нэг байсан юм. Тиймээс энэ ажлын эхлэлийг тавих хүн хэрэгтэй байлаа. Тийм хүн нь Удган Ц.Лувсанлхамо байж таарав. Мөнх тэнгэрээ шүтдэг, түүнийхээ төлөө ажиллах их итгэл найдварыг хүлээж, Удган Ц.Лувсанлхамог Ховд аймгийн бөөгийн хүрээлэнг тэргүүлж үлдээсэн билээ. МБНЭ-ээс түүнд үлдээсэн их итгэлийг биелүүлж чадна гэдэгт итгэж байна. Мөнх тэнгэр бидний эхэлсэн ажил үйлсийг дэмжих болтугай.