Уншиж байна...

Онгод-Хүний оюун ухаан, сэтгэл оюун санааны дээд нарийн чадварыг онгод гэдэг. Онгодыг мэдэрье гэвэл үл ойлгогдох дүр төрх нь бөөгнөрсөн будан манан лугаа адил төстэй зүйл ажиглагдана. Үл ойлгогдох тэр дүр төрх, маш эелдэг бас маш хатуу харгисаар харьцаж байдаг. Эелдэг инээмсэглэл, элбэрэнгүй амьсгалаар илбэн таалж байгаа нь совин зөнгөөр мэдрэгдэнэ. Тэрхүү үл үзэгдэх дүр төрх нь хүсэл-хясал мөрөөдөл-мөшгилт нөмрөн ирэх мэт болдог. Нэн эртний уг гарвалаас дүр төрхөө олсон /тэмдэг төрхтэй тамгаар шилэгдсэн/ тамгалагдан тэр хүч амьд мэт оршсоор байдаг. Энэ бол амьд оршинол бөлгөө. Энэ хорвоод онгодын оршин буй зорилго нь хүн төрөлхтний өмнө аливаа нууцлаг далд орших мөн чанарыг нээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд түмэн бэрх, /өлсөх, даарах, цангах, уйтгарлах зэрэг/ зовлон бүхнийг туулж өөр бусад /амьд биет/-ийн дургүйцлийг төрүүлж байдаг. Онгод бол ертөнцийн амьд оршинолын уг сурвалжийн гинжин холбоонд хамаарч нялх балчир үеэсээ тэмдэгт тамгат шинж чанараа сахиусан тэнгэр, нар сар, уул усны эздээр хүрээлэн хожим хойно хийх үйлийнхээ өөд далдаас бэлтгэгдэж оршиж байдаг.

 

Онгод нь байгаль дэлхий тэнгэр од нар, сарны ивээлээр амьд амьтныг авран гэрэлтүүлж оршихуйд нь төвхнүүлж дээд тэнгэрийн элч улаач юм. Бөөгийн онгод нь далдыг мэдэрч ухааран таних өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн болж өнгөрсөн, болж байгаа ба болох шинж төлөвийг далд ухамсраас төсөөлөл гаргаж өгдөг. Үүгээрээ бөө хүчтэй байдаг. Түгээмэл ертөнцийн оюун ухааны мандалаас ирж буй болон амьд байгалийн /оюун ухаан/-ыг долгион болон асар далд дуу чимээгээр онгод бөөд дамжуулдаг. Түүнийг хүлээн авах онцгой чадвар зөвхөн бөөд л байдаг.Тэгэхээр бөө нь байгалиас заяагдан төрдөг бөгөөд ийм бөөг онгодтой дархан бөө гэдэг. Онгод орж ирж оршдоггүй бөөг тахилч бөө гэдэг. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй оршин оюун санааны онгодыг төрүүлдэг.

Сүнс гурван зүгээс ирдэг гэх бөгөөд өөрийн өнгөтэй “агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхт хар муу сүнс” гэж байх ба эр эм бэлэг чанартай. Онгод нь сүнснээс төрнө. Онгодын хүч нь тэнгэрт дүүлэх, тэнгис гэтлэх, тэвнийн нүхээр шургах ид шидтэй гэж үздэг байжээ. Зарим нь удам дамжина. Дарханы хүүхэд дархан, бөөгийн удам бөө, хурдан азарганы төл хурдан гэх мэт. Онгодын анхны хэлбэр нь бөөгийн байдаг. Онгод дуу чимээгээр тархдаг. Ертөнц бол дуу чимээ болой. Дэлхийн эргэлтийн хүчнээс түүний дээд доод талд асар их дуу чимээ физикийн хууль ёсоор гарах боловч бид үл сонсоно. Яагаад гэвэл тэр дуу чимээ нь дэлхий рүү бус сансарын хязгааргүй мандал руу цацагдан одох ба асар хол тул бид үл сонсоно. Онгод нь сүнсээс эхтэй сүнсний биежилт юм. Урлаг онгодоос үүсэлтэй. Бодит ертөнцийн гоо сайхныг онгодоор дамжуулан бүтээдэг.

Онгодоос урлаг төрдөг болохоор монгол нүүдэлчдийн бүх урлагийг бөөгийн урлагт хамааруулан үзэж байна. Урлахуйн ухаан нь хүний биеийн хүч, оюуны хүч, байгалийн хүч энэ гурван супер хүчний бүтээл юм. Хүн дүрст бие, дүрсгүй сүнс “оюун санаа”-аас бүтэх бөгөөд энэ хоёр хүчнийхээ ачаар байгалийг бүтээл болгон урлан туурвидаг. Урлаг бол энэ гурвын гурамслал юм. Эндээс монголын нүүдэлчдийн иш гүн ухааны гурамслалын онол үүсдэг. Үүнийг супер гурамслалын онол гэж хэлж болно. Гурамслал гэдэг үг нь сүлжээ, тасаршгүй харилцан уялдаа, бат хүчний нэгдэл энэ гурвын нийлмэл цогц юм. Нүүдэлчдийн ахуйд тоо томшгүй олон гурамслал оршиж байдаг. Сансар, сав, шим хэмээх энэхүү гурван ертөнц сүлжилдэн гурамслаж нэгдмэл супер хүч болон оршдог.

Дууны урлаг нь үг, ая дуучин гурвын гурамслал юм. Хувцас нь хэрэгцээ, гоёл, эрүүл мэндийн гурамслал юм. Эхнэр нөхөр хүүхэд нь гурамслалын нэгдсэн хүч болж ам бүл, айл гэрийг бүрдүүлнэ. Тооно, хана, унь гурав тулгын чулуу гал ус гурав, чөдөр ба томсон дээс зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Бөөгийн шүтлэгийн үндэс нь мөнх тэнгэр, газар дэлхий сүнс гурав болно. Онгод бол олон янзаар илэрч байдаг боловч ялгагдах олон онцлогтой. Онгодгүйгээр яруу үг аялгуу дуудлага төрдөггүй. Шүлэгч онгодоороо яруу найраг бичдэг бол бөө яруу үгт дуудлагаараа онгодоо урин залж ирүүлдэг.

Шүлэгчдэд онгод яруу сайхны ухаарлыг өгдөг бол бөөд онгод ид шид хүч чадлыг оруулдаг. Онгод дуудлага салшгүй нэгдмэл болно. Байгалиас заяагдсан төрөлх авъяас бэлэгтэй онгод нь хосолж байдаг. Төрөлхийн онцгой мэдрэмж зөв совингийн бодит биелэл болж байдгаараа онгод хүчтэй. Онгодгүйгээр аливаа урлаг үл бүтнэ үл дэлгэрнэ. Цэцэг үрийг төрүүлж үр цэцгийг төрүүлэх адил онгод урлагийг төрүүлж урлагаас онгод сэрдэг. Онгод нь хийрхэл, дэмийрэл, балайрал бус мөнх тэнгэрээс буусан шидэд хүч мөн. Хүн төрөлхтөний оюунд түгээмэл оршдог. Авъяас увидастай уг нэгтэй онцгой үед илрэх ба онцгой авъяас чадвар болон зарим хүмүүст заяалагдсан байдаг. Онгод бол далд хүч мөн. Урлахуйн ухааны бүх бүтээл онгодоор бүтээгджээ. Онгод бол ид шид мөн бөгөөд онгодыг тэжээгч нь хөдөлмөр юм. Онгод нь яруу сайхнаар сэтгэж бүтээх үйлийг жолооддог. Өөрөөр хэлбэл яруу сайхан дүрслэлийн их булаг юм. Бөөгийн онгодын бууж орж ирдэг буудал суудал гэж байдаг. Онгод бөөгийн биед орж оршихоос гадна тусгайлсан онгон “онго”-д бууж оршдог. Тийм оршихуй үгүйгээр онгод бүтээлч хүч болж чаддаггүй.

Өөд болсон бөө дээдсийн хүчирхэгжсэн сүнс буюу эрчим хүч, газар усны эзэд /лус савдаг/ буюу байгаль дээрх эрчим хүч хоёрын /нийлбэр/ нэгдлийг Онгод гэнэ. Онгодыг бөөгийн шүтлэгтэнүүд хий ухаар юмс хэмээн ерөнхийд нь нэрлэдэг бодит зүйл мөн. Эрт цагийн бөө удгадын амин сүнс онгод болон дэгдэж гүйдэл суудал, дэгдлэг, дамжлагаараа дамжин, бөө удган нарын урилганд ирж биед нь орон хэрэг зоригийг бүтээж өгдөг хэмээх бөө мөргөлийн ойлголт. Онгод урих, онгод оруулах, онгод гарах, онгод догшрох гэх мэт. Онгод эхлэн үзэгдэх тэмдэг нь гурав ажгуу. Хурц гэрлээр туяарах, будан манан мэт тоосрох, харанхуй агуйд орох мэт харанхуйлан хучигдах зэрэг болно. Онгод уригдан залагдаж ирэх, буумалдаа оршин суух, буцах гурван үйлээр дамжиж байдаг. Гурван минут орчим үргэлжилдэг байна.

Онгод амилах ёс-Янз бүрийн өнгө, хэмжээ бүхий даавуунууд болон эсгий,цэмбэ зэрэг мал, амьтны гаралтай /утас, ноос, шөрмөс, булга, хэрэмний арьс, үс, өөх тос зэрэг/ зүйлийг дээр үеэс хэвшил болгон хатуу тогтоосон ёс журмын дагуу оёж, шидээслэж үйлдсэн ямар нэгэн бүтээгдэхүүнд бөө дээдсийн бага хүчдэл бүхий эрчим хүч ба байгаль дээрх мөн тийм хэмжээний эрчим хүчнүүдийн нэгдлийг шившин шингээхийг онгод амилах ёс хэмээн нэрлэдэг.

Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

Онгод нөхцөх үйл явц-Бөө угсаатай болон ийм угсаагүй цөөн хүмүүст онгод нөхцөх үйл явц гэж байдаг. Судлаачдын тодорхойлсноор бөө гэр бүл буюу бөө нар элбэгтэй, бөөгийн шүтлэгийн үзэл санааны нөлөө хүчтэй хэвээр байсан нутгийн 12-18 насны охид, хөвгүүдэд онгод нөхцөх үйл явц харьцангуй их байдаг. Лус савдагтай нөхцсөн охид, хөвгүүд нь гэр орноосоо дайжиж хээр тэнэдэг бол онгод нөхцсөн хүүхэд залуучууд сэтгэл мэдрэлийн хурц илрэлтэй өвчинд нэрвэгдэж онгод орох, дэмийрч галзууран зарим тохиолдолд хүндэрч хүний гарт ордог.

Онгод орох гарах үүд-Монгол бөөгийн ёсонд бөө дээлийн хоёр суга цоорхой байдгийн дээр бөө малгай нь өргөн тууз хэлбэртэй ар талдаа уяатай байдаг. Үүнийг бөө нар тайлбарлахдаа онгод тэнгэрүүд бөөд ирээд түүний бие толгойд шингэхдээ орж, гардаг үүдүүд юм гэдэг. Бөө хүн бөөлж байхдаа дээд тэнгэртэй шууд харьцаж байдаг гэж үздэг.

Онгод оршуулах ёс-Монгол орны нутгаас малтаж шинжилсэн эртний булшуудад хүн оршуулсныг эрдэмтэн Ёнсог “Онгод оршуулах ёс” хэмээн томъёолсон байдаг. Энэ нь эртний булш бунханууд өөд болоочийг оршуулахдаа амьсгал болон хөлс шингэсэн эд өлгийн зүйлийнх нь хамт оршуулдаг. Үүнийг өөд болоочийн хүний сүнс байгаа хэрэг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааны үүднээс тайлбарласан зөв бодитой тайлбар мөн гэж үздэг.

Онгод сахиусанд даатгах даатгал
Хурмаст тэнгэрээс заяасан
Хотол олны сахиус болсон
Цанхилан цагаан удган
Цагаадай өвгөн аав минь
Уужтай сайхан идээнээс
Уун зооглон соёрх
Явдал учраа даатгаж
Ямааны зүлдээ өргөнөм
Арьс махан рашаан болж
Амин сүнсний бурхан болж
Адгуусны төрлөөс зайлж
Амар заяанд төрөг
Хотон доторх хониноос
Хонгор халзныг шилэв би
Төлгөн хонины чинь ууц
Төө зузаан
Хурган хонины чинь ууц
Хуруу зузаан
Уужтай сайхан идээнээс
Уун зооглож соёрх
Уу хормойд багтааж
Уудам суганд хавчуул
Бүжин туулайн бүвүргээр
Бүүрэг чонын шогшоогоор
Гүвэг гүвэг гүйцтэй
Хан буурал тэнгэр минь
Гүрээний судсан хатгалгаатай
Галзуу чонон хүлэгтэй
Гал могой ташууртай
Хүний махан хүнстэй
Хүрэл чулуун зүрхтэй
Хар эрээн бүргэд хамжаастай
Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
Бөртэ чонын шогшоогоор
Бөөн бөөнөөр залардаг
Онон их сахиус
Олон үеийн шүтээн
Тавьсан тахийг минь
Тавтай сайхан зооглоод
Алд биеийг минь алдалгүй харж
Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
Архаг өвчтэй бол
Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
Долоовроороо домнож
Хайраараа хараатай
Халамжаараа өргөхтэй
Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй.

Бусад мэдээ

Apr 10, 2024 414

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/