Хавар болж байна.
Зарим бөө нарын мөнгө хийдэг улирал нь ирж байх шиг байна. Та онгодтой байна. Бөө бол гээд таныг, таны ойр дотны хүмүүсийг ээрээд байна уу? Шийдвэр гаргахаасаа өмнө түр азнаад үүнийг уншаад үзээрэй. Бөө хүний тавилан бол хүний хүсээд байх тавилан биш. Өнгөц харахад хүмүүсээр хүндлүүлж тахиулаад, хүмүүс өөрсдөө гүйж очоод тахил дээр нь мөнгө тавиад байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ бол бөө, улаач, удган, зайран гэх эрхэм алдрыг зүүхийн тулд тухайн хүн маш их хичээх хэрэгтэй болдог.
Тахилга, тайлга,чанар хийх, өргөл, ундаалга, бензин шатахуун, хонь мал гээд ямар их зардал гардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тахил дээр нь тавьсан мөнгийг өөрсдөө авч үрээд л ажил хийхгүй жаргаад байгаа юм шиг харагдаж байгаа болоод зарим хүмүүс бөө болох гэж дурлаад байх шиг байна. Тамгалагдсан үр л бөө болох тавилантай болохоос биш дуртай нь биш шүү.
Хүн бүрийг удмынх нь тэнгэр, сүнснүүд харж тольдож явдаг. Тэр ч байтугай муу сүнс, тийрэн хүртэл дайрчихсан дагаж явдаг. Тэр бүрийг ялгаж танихгүй тааралдсан хүнээ онго, тэнгэртэй байна гэж андуурч байгаагаас борооны дараах мөөг шиг ихээр бөө төрсөн ч жамаараа энэ бүхэн цэгцэрнэ. Мөн онго тэнгэргүй гэдгийг нь мэдсээр байж өнгө мөнгөнд дурлаж хүний амьдралаар тоглож байгаа бөөнцөр ч олон байгаа шүү. Хэрэв тамгалагдаагүй бол сүнсээр тоглох нь тухайн хүнд болон удамд нь сайн зүйл авчирахгүй. Үр удмаараа үйлийн үрийг нь эдлэх энэ тавиланг эдлэх ёстой бол хөнгөн хандаж хэрхэвч болохгүй.
Өөрсдөө унш судал. Онго тэнгэртэй эсэхээ таньж мэд, Олон хүмүүст үзүүл. Бөө бол гээд байгаа, хүмүүсээ судал. Замчлуулах багшаа маш ихээр судал. Бүх талаас нь. Шуналтай, шалиг, завхай, хулгайч, хүн чанаргүй хүмүүсээс олигтой үр дүн хүлээгээд хэрэггүй л болов уу?
Хүнийг хүндэлж, хайрлаж чаддаг, ёсзүй, үүрэг хариуцлагатай, хэрэгтэй зүйлсээ олоод унших, судлаад мэдчих боловсролтой зөв хүнээ олтлоо битгий шантраарай.
Бөө хүний үүрдэг тавиланг дааж чадах эсэхээ бодож тунгаа. Жаргал нь илүүдсэн хүн ирдэггүй. Зовсон хүмүүс л байнга ээрэх болно. Хүний зовлонтой дандаа зууралдаад байж чадах уу? Өөрийгөө чагна.
Хэрэв тамгалагдсан нь үнэн бол та болон түших хүн чинь хоёргүй сэтгэлээр энэ үйлэнд зүтгэх шаардлагатай болно. Зарим үед энэ хоёр хүний ажил амьдралыг ч алдагдуулна гэдгийг бодолцож үзээрэй.
Олон Ургалч