Мөрийг нь хөөгөөд мөчийг нь тоолоод онгод бүү хэл лус савдаг ч хорлоогүй хүмүүс би үздэг хардаг, мэдэрдэг, зүүдэлдэг ухааны юм яриад ороод ирнэ. Жаахан явуулаад асуухлээр тийм ийм дүртэй хүн орон дээр сууж байсан, үүдэн дээр зогсож байсан гэх мэтээр дэмийрнэ. Ийм хүмүүс сонсмоор байгаа зүйлээ л сонсохыг хүснэ.
Эсрэгээр нь чамд юу ч алга, чи бөө болохгүй гээд хэлчихвэл ар хударгаар муулна "юу ч мэддэггүйн байнлээ" гэж. Зарим нь бүр би төчнөөн хүн дээр очсон бүгд онгодтой л гээд байгаа юмдаа гэж хуцна. Би тийм хүмүүст хандаж "миний эрдэм чадал дутаж байгаагын шинжээ, та тэр бөө болгоно гэж хэлсэн хүмүүс дээрээ л оч" гэдэг юм. Бөө болох гээд гарсан хүмүүсийн 70 орчим хувь нь 3-4н жилийн дараа аргаа бараад эргээд ирдэг. Ирэхдээ миний нүүрийг харах зориггүй ээж, аав, ах, дүү хэн нэгнийгээ надруу явуулж эхлээд уучлалт гуйна. Тэднийгээ зовоож ханаагүй юу? бөө болно гэж солиорч хэдэн жил хажуудахаа зовоож байгаагаа барна. Дараа нь түүнээсээ салах гэж тэднээрээ бамбай хийж ахиж зовооно. Юу хэлэх гээд байна гэхлээр эцсийн сонголтыг өөрийгөө чагнаж мэдсэн гээд байгаа тэр хүн л гаргана.
Тиймээс хариуцлагатай байцгаа. Орчин цагийн бөөгийн өвчтэй гэж өөрсдийгөө оншилдог хүмүүст би нэг нийтлэг шинж байгааг олж мэдсэн юм. Элдэв дэмий зөгнөлт кино үзэх дуртай, далд ухамсар судалж мэдэх хоббитой, бөө мөргөлийн ном товхимол алгасалгүй уншдаг. Бөөгийн групп, пэйж хуудаснуудыг дагадаг. Нойргүйдэлтэй. Маш орой унтдаг. Амьдралын зөв хэмнэл нь алдагдаж цахим ертөнцөд донтсон гэх мэт нийтлэг хэв шинж нь нэг төрлийн мэдрэлийн ядаргааг тархинд үүсгэн зүүд нойрыг нь эвгүйтүүлж далд ухамсарт өөрийг нь бөөгийн онгодтой мэтээр дүрслэн үзүүлж эхэлдэг байна. Үүнийгээ тухайн хүн оюун бодолдоо зураглан тогтоож, яваандаа элийрч байгаа юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг хийсвэр төсөөллөө хөгжүүлээд байвал нээрээ л юм мэдээд ч байгаа юм шиг санагдана.
Үүндээр нь ашиг хонжоо хайсан улаач нар тоглолт хийгээд байгаа юм. Харин өөрийг нь онгодгүй гэж хэлсэн жинхэнэ бөө нь хэсэгтээ л адлагдаад үлдэнэ. Гэвч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг нь ардын ухаан юмдаа. Авах гээхийн ухаанаар хандана биздээ. Бөө мөргөлийг харлуулах хүсэл надад огт байдаггүй бөгөөд, үнэн зөвөөр боссон чадал чансаатай удган зайран олноор төрвөл энэ шүтлэгийн нэр хүнд сэргэнэ гэдэгт итгэж явдагаа. Бүхий л түүхийн явцад шашин шүтлэг, улс үндэстэн бүр л зүрхний цохилт лугаа өгсөж уруудсаар ирсэн билээ. Энэ бол хорвоо ертөнцийн өгөх авахын л хууль юм. Бид амьсгал аваад буцаад гаргадагтай ижил зүйл.
Бөө мөргөл