Уншиж байна...

 

Монголчууд бидний өвөг дээдэс “Мөнх хөх тэнгэр мину”, “Ариун дагшин газар шороо минь” хэмээн залбирдаг, мөргөдөг байж.

Энэ нь эртээс бөөгийн зан үйлийг дээдлэн тахиж, ёсчлон биелүүлдэг байсныг гэрчилнэ. Харин XX зууны төгсгөл, XXI зууны эхээр Монгол Улсын нийт өрх айлын талаас илүү нь гэртээ удган, зайрантай болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэдгээрээс хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх. Тиймээс бөөгийн зан үйлийн үүсэл хөгжил хийгээд хуурамч бөөгийн тарьсан уршгийг анхааруулга болгох үүднээс уншигч Та бүхэнд доорхи бичлэгийг хүргэе.

Мөнх тэнгэр монголчуудын Шүтээн
Одоогоос 5000-7000 жилийн тэртээ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг гол, мөрний эхэнд буюу эрс тэс уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүссэн нүүдлийн соёл иргэншлийн үед монгол бөөгийн шашин үүссэн тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.
Энэ зан үйл МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч нүүдэлчдийн анхны төрийг бүрдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс болж байв.

Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаан Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх нар аливаа шашныг ялгалгүй тэгш хүндэтгэн үзэж байсан ч тухайн үед бөөгөөс бусад шашнаас тэргүүн сонгоогүй байдаг.
Үүнээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол зан үйл нь бөөгийн зан үйл байсан ба Чингис хаан цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг Улсын их зурхайч Бэхид, хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зайранг Улсын их бөөд өргөмжилж байжээ.

Гэтэл Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж улмаар уг шашныг тэтгэн дэмжсэнээр бөөгийн зан үйлийг тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан байна. Ингэснээр хаад ноёдын санаа хоёрдож, шарын шашны нөлөө ихсээд зогсохгүй дэлгэрэн хөгжих нөхцөл бүрджээ.
Одоогоос хоёр мянган жилийн тэртээгээс шарын шашин өөрийн үзлээ бидний өвөг дээдэст өвлүүлэн үлдээж, монгол бөөгийн зан үйлийн үзэл санааг өөртөө шингээн авч их хүчийг олжээ. Тэр үеэс Монгол бөөгийн зан үйл хувиран өөрчлөгдөж дотроо задарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн зан үйлийнхээ язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарчээ.

Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалж / сонгож/ бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг аж. Харин тамгалагдсан хүнийг “Улаач” гэдэг.
Нэгэн бөө судлаачид “Орчин үед шарын бөө нь байсаар байгаа ч түүнийг хүмүүс шарын шашин хэмээн ойлгож бөө мөргөлийг бараг устсан гэж үздэг.

Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой” хэмээн тайлбарладаг юм билээ.

Бөө мөргөлийн утга учир буюу жинхэнэ бөө
Жинхэнэ бөө хүмүүсийн өвчин, зовлон, саад, тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг гэдэг.
Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм. Зарим бөө “Тайлга тахилгын үеэр хүмүүс үзүүлэхээр ирэхдээ улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмссөн байвал миний хүч илүү хүрдэг.
Хар өнгийн хувцастай хүнд хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж ярьдаг. Бөө нар зан үйлээ үйлдэж байхад нь харьцаж байдаг гол зүйл нь онгод юм.
Арван хэдхэн настай жаахан охины сахиус нь настай өвгөн болж буух үед царай зүс, зан төрх нь өвгөний дүрд хувирдаг байна. Зарим сахиус омголон буюу үсэрдэг, модонд авирдаг, нисдэг байвал улаач тамирдаж ухаан алдах нь ч бий. Бөөгийн зан үйлийг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалсан байдаг.
Тухайлбал, 1960- аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийхдээ Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ.
Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар буй. Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө.

Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ. Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор төрж буй.

Сүсэг бишрэлийн төлөөс хуурамч бөө
Энэ онд дээд тэнгэрийн дуудлагаар 20 мянган бөө монголд төрөх ажээ. Үүнээс үзэхэд 10айлын нэгд нь бөө төрөх бололтой. Аливаа шашныг шүтэн бишрэх нь тухайн хүний эрх чөлөөний асуудал л даа.
Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд өөрийгөө бөө хэмээн нэрийдсэн хэнийг ч хамаагүй шүтэж, янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайсаар байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн үед бөөтэй холбоотой эмгэнэлт хэргүүд олноор гарах болсныг дараахь үйлдэл нотолно.
Өнгөрсөн онд өөрийгөө бөө гэх Ф.Баянжаргал 21 настай бүсгүйг “Чи удган юм байна” хэмээн мунхруулж гэмт хэргийнхээ золиос болгосныг хүн бүхэн санаж байгаа байх. Тэрбээр Дэнжийн-1000-д амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол эзэмшээгүй шахам нэгэн аж. Өөрийгөө бөө хэмээн элдвээр ярьдаг байж.

Нэг удаа найзтайгаа явж байхдаа Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцсан байна. Н.Гэрэлмаа тэднийг машиндаа суулгаад засварын газар уруу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн гэдэг. Улмаар түүний Солонгост ажиллаж байгаад ирсэн эмэгтэй дүүгийн утасны дугаарыг авч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоожээ.
Эцэстээ бөө гуай Н.Гэрэлмаагийн дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасдаж эцэст нь түүнийг Солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж очоод бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролдсон байдаг.
Бэлгийн гаж донтон гэдгээ мэдэгдсэн ч дүүг нь “Надтай гэрлэхгүй бол боож үхнэ” гэж сүрдүүлж байгаад Дархан хотод дагуулан очиж зочид буудалд байрлажээ. Тэгээд “Танайхан бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний эхнэр болохгүй бол амиа хорлоно. Хоёулаа хамт үхье” хэмээн ятгаад архидан согтуурч, судсыг нь ханажээ.

Гэтэл гэмт хэрэг хийсэнФ.Баянжаргалыг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Учир нь Ф.Баянжаргал хохирогч бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгсөн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой.
Энэ мэтчилэн өөртөө итгэтэл мунхруулж мөнгийг нь галд шатаах, сүр хүчтэй хэмээн итгүүлэх гэж машиныг нь дэлбэлэх, ад зэтгэрийг нь хөөх нэрээр зодох, “Чи сахиустай юм байна. Авахгүй бол танайханд муу юм болно” гэх мэтээр дээд тэнгэрийн нэрээр далайлгаж мөнгө олдог хуурамч бөө олширсоор байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бөө нар шинэ бөө төрүүлэх, засал хийх нь бизнесийн сүлжээ болон өргөжжээ.
Түүнчлэн өөрийгөө бөө боллоо хэмээн итгэж байшингийн тагт, мод зэрэг өндөрлөгөөс үсэрч бэртсэн, түүдэг гал дээгүүр харайж түлэгдсэн залуус сүүлийн жилүүдэд Гэмтлийн эмнэлэг, Түлэнхийн төвөөр үйлчлүүлэх нь олширч байгааг эмч нар хэлж байгаа.

Зарим хохирогч шүүхэд өргөдөл гаргаж асуудлыг шийдүүлэх гэдэг ч харамсалтай нь бөө нарын хэргийг шийдэх боломжгүй байдаг гэнэ. Учир нь тэдний залилан, хүн амины хэргийг шүүн таслах хуулийн заалт, зүйл анги эрүүгийн хууль болон бусад хуульд байдаггүй. Харин сэтгэлзүйчид үүнийг хүмүүсийн сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж, сүнс, ид шидэнд итгэдэг нь тухайн хүн бүрэн боловсроогүйн шинж гэж үзэж байна.
Энэ онд тодрох 20 мянган бөөгийн түрүүч аль эрт манай урлагийнхан дотроос ч төрөөд байгаа. Тухайлбал, жүжигчин Ц.Ганзориг, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн, УГЖ С.Жавхлан, дуучин Т.Эгшиглэн, реппер Gee гээд тоочвол барагдахгүй л дээ. Эднийг хуурамч, эсвэл жинхэнэ гэдгийг нь хэн ялгах вэ. Ямартаа ч бусдыг онгод тэнгэртээ уриалан дуудсан бөө нарын балгаар гэмт хэргийн тоо өсч байгааг л мэдэж байна.

Бөөгийн сахиустай хэмээн мунхруулж “албин сүнс” дуудаж өгдөг
Эртнээс монголчуудын төрийн шашин нь бөөгийн зан үйл байсан хэмээн үздэг ч өнөөдөр замд таарсан бөө, удганыг шүтэх нь ихэсч байна.
Бөөгийн нэрээр “бизнес” эрхэлдэг хүн олширч байгааг дээр дурдсан. Уг нь жинхэнэ бөө болох улаачийг дээд тэнгэрээс сонгодог ажээ.
Тухайн улаач сахиусаа удирдаж авахын тулд зүг нийлэх бөөг багшаа болгон сонгодог юм байна. Ингээд жинхэнэ бөөгийн сахиус авах гэж буй дээд тэнгэрээс тамгалагдсан хүн онгод сахиусаа бүрэн удирддаг болтол багшийнхаа дэргэд доод тал нь хоёр, цаашлаад 10 жилийн хугацаатай байх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн бөө, удган Таныг “Чи сахиустай юм байна. Түүнийг чинь дуудаж өгье” гэвэл худлаа бололтой.
Учир нь дээд тэнгэр хүртэл шаталсан гурван үе давхаргатай ба хамгийн доод үед тэнүүчилж байдаг ад зэтгэр буюу тэнэмэл сүнсийг хэдхэн хоногийн дотор дуудаж өгнө гэсэн үг.
Ийм сүнсийг өөртөө буулгасан улаач амиа ч алдаж болзошгүй. Цаашлаад балмад хэрцгий үйл хийхэд хүргэдэг аж. Энэ мэтчилэн хуурамч бөө, удгантай холбоотой балгийг дурдвал барагдахгүй л болов уу.
Ажил хийж биеэ зовоолгүй мөнгө олох боломж хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авахыг хажуунаас нь харахаас өөр ямар ч аргагүй бололтой.

Энэ үзэгдэл даамжирсаар эцэстээ монголчууд бүгдээрээ бөө болох янзтай. Нэгэнт л энэ онд олон мянган бөө төрөх сонин учрал тохиож байгаа хойно эртхэн шиг улсынхаа нэрийг өөрчлөөд “Бөө улс” гээд нэрлэчихвэл зүгээр юм биш үү.
М.НАРАНБОЛД

Бусад мэдээ

Apr 10, 2024 415

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/