Уншиж байна...

 

Монголчуудын ухааныг барж идэх биш дээ. Бид өөрсдийгөө цөлх хар ухаантай гэдэг. Гэтэл зөвхөн цөлх хар ч бус ид шидийн буюу тарнийн арга, гүн ухааны мэдлэгээрээ гаргууд байсан нь олон юман дээр харагддаг билээ. Тийм зүйлийн жишээ болгон говийн

нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.
Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.
Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.
Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ.
Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх.
Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.
Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.
Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.
Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу.
Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ.
Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ.
Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ.

Бусад мэдээ

Apr 10, 2024 415

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/