Уншиж байна...
“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор түүхийн ухааны доктор, эрдэмтэн, зохиолч Н.Нагаанбууг урилаа.
 
- Монголчуудын ухаан нь  итгэхүй гэж та үздэг.  Тэр санаа юунаас эхтэй  болохыг тайлбарлаж өгнө үү?  
-Монголоороо байя, монгол ухаан гэж  олон хүн ярьдаг. Гэтэл монгол ухаан, эрдэм гэж юу вэ гэхээр хэлэх зүйл байдаггүй. Зарим нь орос  ухаан, бразиль ухаан гэж байдаг юм уу  гэлцэн элэглэх нь ч бий. Тэгэхээр монгол сэтгэхүй ухааны тухай ярихын тулд юуны өмнө ул суурьтай судалгаа хийх ёстой юм.
Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож  би  “Итгэхүйн ухаан”  номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой  ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын  тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь “Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо  бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
-Тэгвэл та “Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
- Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа  ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг  чинь ч худал байна гэдэгт чиглэсэн.  Тухайлбал, тэмцэл гэдэг үг  нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. “Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг  ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой.  Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй  гэдэг  үг маш олон тааралдана. Сурвалжуудад  ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л  хайдаг. Монголчууд язгуураасаа “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. “Итгэлээ гээснээс эдлэлээ гээ”  гэж хэлсэн байна. “Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн.  Гэтэл өнөөдөр  бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
-Тухайлбал?
-Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр  үнэнг бид олоогүй байна. Тиймээс  “Итгэхүй ухаан”  номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил  гэдэг гурван  үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
-Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
-Найдлага гэдэг  бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг  үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн юм болсон, амьдрал өмнөхөөс илүү сайхан болно гэж бодсон. Өнөөдөр монголоор дүүрэн итгэлээ гээсэн сүгнүүд, архичин, ажилгүйчүүд байна. энэ категориудыг цааш яривал  олон юм бий.
-Итгэлийн  гурван мөн чанарыг та хэрхэн үзэж байна?
- Тухайлбал, гэнэн чанар байна. Энэ юуг хэлж байна гэвэл, “Өө энэ нөхөр  ёстой зөв ярьж байна. Гоё хэлж байна” гээд шууд итгэдэг. Тэгвэл нөгөө нь “Энэ юу яриад байна вэ” гээд  эргэлздэг. Үлдсэн зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр нийгмийн амьдралыг болон түүнд хандах хандлагыг гэнэн, хэрсүү, хашир гэсэн гурван мөн чанараар судалж үзэх шаардлагатай. 1990 оны жагсаал, цуглаан бол гэнэн хийрхэл байсан. Социализмыг сайхан болгоно, алдаа дутагдал нь арилна гэж бодсон. Капитализмын үүд хаалгыг сөхөж ороод  өнөөдрийн ээдрээтэй амьдралд хүргэнэ гэж хэн ч сэтгээгүй. Тэгж сэтгэсэн   бол жагсаалд хэн ч ирэхгүй байсан. Гэнэн итгэл тэр.
-Гэнэн итгэлийг яавал хэрсүү болгох бол?
-Сонгуульд санал өгч буй байдал, бидний гаргаж ирж байгаа Их хурлын мөн чанар бол гэнэн итгэлийн илрэл. Чихэр боов, гоё царай зүс, сайхан амлалтад хууртсан хуурталтуудаас санаа авч  хэрсүүжих ёстой. Өмнө нь Батыг гаргасан, тэр нөхөр баахан худал ярьж гоё юм амлачихаад ганц ч ирээгүй. Хороо, сум дээр ирж дарга нартай архи уучихаад явчихдаг. Одоо жаахан гайгүй шиг хүнийг сонгомоор байна. Залуухан, мэдлэгтэй, мэргэжилтэй хүнийг гаргая гэж байгаа бол хэрсүү мөн чанар. Энэ бол итгэхүйн ухааны нэлээд олон категориудаар жишээ авч ярьж болох ухагдахуун. Өөр нэг категори нь хашир мөн чанар. Өнөөдрийн монголчууд хашрах болоогүй. Ирэх 2016 оны сонгуульд бид итгэл тавьж байна. Гэтэл тэр бас л хашраагүй, тухайн үед хэн ямар сенсац дэгдээнэ, түүнд хууртана.  Тиймээс  нийгмийн итгэлзүйн ухааныг бүрэн хэмжээнд судлах, сурталчлах шаардлага байна. Тэгэхгүйгээр нийгэм урагшаа хөгжихгүй.
-Итгэхүй алга болсон гэж та хэллээ. Түүний орон зайг  юу эзэлж байна вэ?
-Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж. Өнөөдөр нэг яам нь шинэ  ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна. Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос  түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг. Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Манжийн үед үзээгүй дарлалыг үзсэн. Жанрайсаг, зоо парк, Богдын ногоон ордонд  алба гувчуур авч хамаг мөнгийг татсан. Энд олон баримт архивт бий. Нутаг хошуугаараа үгүйрлээ, Богд хаан минь, Хатан минь, эх дагина минь. Та хоёрын зардлыг бид дийлэхгүй байна гэсэн бичиг өргөн барьж, энд тэндгүй бослого тэмцэл өрнөж байсан. Гэтэл өнөөдөр тэр тухай ярихгүй, ярихаар үндэсний шашин гэдэг. Түүх үнэн байх ёстой. Бид үнэнийг ярих ёстой.
-Түүх гажуудаж байгаа нь үнэн. Гэхдээ залруулж, тайлбарлаж болохгүй ямар шалтгаан байна гэж та үзэж байна?
-Бид Өндөр гэгээн гэж магтаад байдаг. Тэр хүн тухайн үед ямар ч нэр хүндгүй байсан. Энэ түүхийг  хэн ч ярихгүй, ярихаараа баастай бурхан байсан мэтээр ярьж  байна. Ойрдууд Өндөр гэгээнийг эсэргүүцэж дайн хийсэн. Гэтэл халхууд түүнийг дэмжсэн байх ёстой. Тэгвэл “Халх журам”-ыг аваад үзэхээр 2.84 талд  юу гэж бичсэн байна гэвэл, “Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг харанхуй мухар тийш чирсэн ялтан бүхний дээд ялтан мөн. Тэр үхвэл оршуулах газар Монголд байхгүй” гэж бий. Гэтэл өнөөдөр тэр тухай огт ярьдаггүй. Ярихаар шашнаа мууллаа гэдэг. Тиймээс өнөөдөр бидний тархи  толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд  бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр, бидний тархи толгойгоор  дүүрэн манжизм байна. 
-Бид Манжийн колони аль эрт дууссан гэж үздэг. Гэтэл өнөөдөр ч байна гэж үү?
-Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг   чулуу, шувууны өдний төлөө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол,  зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавьяат, тэргүүний   болчихож байна шүү дээ. Бөхчүүд гэхэд л  цол авсан гээд хошуу сумаараа  ийм байр сууц, тийм жийп гээд хошуурдаг. Энэ   манжизм.  Алдар нэр, цол хэргэмийн хийрхэл. Дээр нь социализм, коммунизм гэхчлэн хийрхэл байсан. Үүнээс болж монголоо монголоор нь авч явах бидний ухаан эвдэрсэн. Олон изм-ээр дүүрсэн. Үзэл гээч юмаар улс орныг хөгжүүлдэггүй. Жишээ нь, коммунист үзэл гэж их ярьсан, одоо тэр нь хаана байна. 1990 онд ардчилсан үзэл гэсэн, одоо тэр нь хаана байна.  Ийм учраас монголчууд үзэл гээч юмыг үгүйсгэдэг. Үзэл бол сэтгэгдлийн төдий юм. Юмс үзэгдлийн хамгийн доод төвшин буюу харьцангуй үнэнд гоё юм ярьдаг, тэр нь амьдралд батлагдаагүй зүйлүүд. Үнэмлэхүй үнэний шалгуурыг даваагүй, туйлын  үнэн биш байдаг. Энэ өнөөдрийн манай нийгмийн амьдралын эмгэнэлт дүр зураг мөн. Үзсэнээ бодвоос бодол болно, бодсоноо онох аваас онол болно. Оносон юм нь ертөнцийн жам зүйд нийцвээс тэр иш болно. Гэтэл өнөөдрийн аль ч намд бүгд үзэл ярьж байгаа болохоос онол алга. Онолгүй учраас өнөөгийн улс төрийн намууд гурван бүлэглэлд хуваагдсан идэж уухын төлөө нэгдсэн сүйхээтэй найз нөхөд  байна. Бидэнд итгүүлэх онол тэдэнд  алга. Тэр онолыг нь итгэхүйн ухаан, ертөнцийн жам зүйгээр шалгах баримт бичиг хэнд нь ч алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн гэнэн итгэлзүйд үндэслэсэн  байдалтай байна. Тиймээс би түрүүнд хэлсэн, нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар ниймгийн итгэлзүйн тухай судалж, үнэлэмж категориудаар шалгаж үзэж байгаасай гэж боддог.
-Итгэлзүйн категориу¬даар нийгмээ тольдвол ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Тухайлбал, нийгмийн итгэлзүйн гаргалгаагаар  нийгмийн хөгжил гэж байх ёсгүй. Хөгжил гэдгийг  зөвхөн хүн дээр ярьдаг. Хүний хөгжил гэж ярьдаг нь зөв. Хөгжөөнтэй байх, хөгжилтэй,  цэнгэлтэй  байх тухай утга юм. 1990 оноос хойш хүний хөгжил газарт унасан. Түүнээс өмнө бүг ажилтай, орлоготой. Түүнийхээ төлөө санаа зовсон байдалтай байсан. Бүгд цалинтай, орлоготой байсан учраас балан цулан болгоогүй ч хүүхдүүдээ тэжээж, өрх гэрүүд сайхан байсан. Өнөөдрийн нийгэм дэх гэр бүлүүд арцалдаан, зөрчлөөр дүүрэн. Миний аав, ээж унхиагүй, тэдний хүүхэд тийм юм эдэлж байхад би ийм байна. Ээжтэйгээ ингэж хэрэлдлээ, аавтайгаа тэгж муудалцлаа  гэж ярьж байна шүү дээ.  Нийгэм дээр ярих зүйл бол  дэвшил ахиц, бууралт ухралт.  Байгальд дэгжил гэж ярьдаг. Энэ дотор  нөгөө л итгэлзүйд хэрэгтэй категориуд маань  явж байдаг.  Жишээ нь, өмчийн тухай ярихад хүнд гурван өмч байсны эхнийх нь хүний амь. Хоёр дахь нь ухаан. Доржийн ухаан  гэхэд тэр хүнд л байна уу гэхээс  өөр хэнд ч байхгүй. Тэр хүнд төрсөн бодол өөрт нь л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр бичих зүйл тухайн зохиолчид л байна уу гэхээс өөр хэн ч бичиж чадахгүй. Тэгэхээр хүн болгон өөрийн гайхамшигтай, мөн чанартай. Хүний гуравдахь  мөн чанар нь удам.  Хүн удмаа их боддог. Миний ач зээ ингэж байна, хүүгээ ийм чиглэлд сургая, охиноо ингэж сургахсан гэж ярьдаг. Тэгэхээр монголчудын өмч идеаль байсан, тэр нь амь, ухаан, удам. Гурвалын онолоор энэ нь амь, ахуй, ухамсар. Удам гэдэг нь эс, цус, яс. Энэ нь монголчуудын үндсэн өмч. Өнөөдөр үүнийгээ мэдэхгүй, хий  юм ярьж яваа нь харамсалтай.
-Өнөөдрийн өмчийн тухай та юу хэлэх вэ?
-Өмч гэхээр  тухайн хүн шуналаа нэгдүгээрт тавьчихаад  эсээ, цусаа, ясаа огт тоохгүй яваад байгаад учир байна. Муу бодол, өөрт нь чиглэсэн хэл ам аль хэдийнэ тухайн хүнийг хүн биш болгосон байдаг. Өөрөө өөрийгөө буянтай гэж бодоод, үр хүүхэд нь тагсагладаг. Гэтэл мөн чанарыг аваад үзвэл, таван үе баян явсан хүн байдаггүй. Дуусах, уусах нь  хэнд ч  бий. Энэ мөнгөнд итгэсний, өмчийг шүтсэний  уршиг. Өндөр байшинд хэчнээн амьдарлаа ч, үхэх цагт тэндээс гаргаж хаяна шүү дээ. Тэнд мөнх амьдрахгүй. Мөнгөнд итгэсэн амьдрал бол гутамшиг. Монголчууд хэлдэг шүү дээ, эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, эцсийн баян эд хөрөнгө. Энэ үгийг эцэг өвгөд эрт хэлж, бидэнд итгүүлсэн. Харин сүүлийн үеийнхэн итгэхээ больсон нь учир дутагдалтай.
-Сүүлийн үед хүмүүс шашин руу ихээхэн тэмүүлэх болсон. Энэ зөв үү?
 -Бидний олонх нь  шашинд итгэдэг. Шашин гэтэл горьдлого л дардаг. Өнөөдөр  ах дүүсээс нь  диваажинд очоод сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хулгайч, танхай этгээд тамд очоод муу яваа сураг байна уу. Шашин хүнийг сүнс гээч юмаар айлгадаг. Сүнс эрт балар цагийн хүмүүсийн уран сэтгэмж болохоос бодит байдалд байдаггүй. Жишээ нь, Н.Сарандаваа гэдэг хүн сүнс яриад, түрийвчээ гаргаж даллаад мөнгө орж ирнэ гэж байна. Тэр худал, залилангийн сүлжээ. Аура гэрлэн бүрхүүл гээд ярьдаг. Тэр ч бас худал, тусгай зохиосон  программ. Шинжлэх ухаанаас илүү шуналын сүлжээ тэнд яваад байна. Буддизм мөн адил. Лам нар тариф тавьчихаад ном уншдаг. Гэтэл буддагийн философи байхгүй болчихсон шүү дээ. Зонхов Лувсандагва гэдэг хүний сургаалийн шүлгийг бидэнд ойлгуулдаг гэгээрэл байхгүй болсон. Төвд хэлээр ном уншлаа гээд бид юу ч ойлгохгүй, уг нь түүний цаана сургаалийн шүлэг байсныг бидэнд хэлж ойлгуулаагүй учраас тэр. Тэгэхээр мухар сүсэг дахин дэлгэрсэн, тэр нь 1930-аад оныхтой яг адилхан. Тэр бол бидний итгэх үнэн биш.
-Итгэхүй ухааны тухай энэ гаргалгаануудыг та ямар эх сурвалжуудаас олж үзэж судлав?
-Энэ бүхнийг би өөр ном, эх сурвалжуудаас олоогүй. Өвгөдийн сургааль, өрийн эргэцүүлэл, хэдэн жил сууж бичсэн зүйлүүд,  шавь нарын маань тус дэм энд шингэсэн. 
 
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1583

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1530

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 479

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 756

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/