Уншиж байна...

Энэхүү нууцлагдмал түүхийг нээж харуулахыг анх удаа С.Баясгалан багш оролдсон нь гайхал төрүүлсэн юм.
Буриадыг зөвхөн бусниулаад зогсохгүй Монголоос салгасан нь манай их ариун газар нутаг, манай ариун их газар шороо дэлхийн цэвэр усны агуу их нөөц Байгаль Их Далай болон гайхамшигт Сибирь нутаг Амур мөрөн алс Дорнодыг дээрэмдэх колоничлолын бодлогын үр дүн юм. Монголоос Буриадыг улаан цагаан дээрэмдсэн түүх гэж бас нэрлэж болох юм.


Ингээд С.Баясгалан гуайн бичсэн тэмдэглэлээс та бүхэндээ сонирхуулж байна.
Буриадыг бусниулсан түүх
Эрт урьдын цагт Сибирь хэмээх Шивэртийн их хөвчийг өвөрлөн Ангар мөрний хөвөөнд тоонотоо босгосон Эхирид, Булгад хийгээд Сонгол, Сартуул, Хатгин, Амбаган, Атган, Хударь, Баргужин, Еншөөбүү овгийнхон нүүдэл суудал болон мал адуулж, ан гөрөө эрхэлж загас агнаж ур дархлах бөлгөө.
Өргөн шанаа, жартгар нүд, лагс бие, оочин сахалтай зоримог эрчүүл нь харвах намнахдаа гаргууд, хөвчийн хүрэн баавгайтай мэс барин тулж, хур дэлт морины дэлэн дээгүүр ганаан шонхор мэт цойлон дүүлнэ. Охид нь гоо үзэсгэлэн төгөлдөр, бүжин наадах нь уян найлзуур адил агаад үйлэнд гаршиж ажилд борогшжээ.
Тэд Хамаг Монголын Их Хаанд алба гувчуур төлж ангийн сор, булга, минж, үнэг шилүүс, хэрэм тэргүүтэн ангийн олзыг өргөн барих бөгөөд дайн тулааны цагт хуяг дуулга, юлд балт, хурамсаг саадаг агссан баатар хөвгүүдийг зар тараан хуралдуулж Хабул хааны аян дайны дөрөө чангална.
Эзэн Чингисийн үед Өрлүүд, Мэргэд, Дайчууд, Урианхай, Онигууд, Хэрээд, Соёд хээрийн олон аймаг лугаа хүч хавсран эцсийн далайд тоосоо гөвөн тулгуур төрдөө зүтгэж бас Хишигтэн гэгдэж түмтийн ноён Баржгуудай баатрын хар сүлдэн дор уухайлан довтолсоор нэг л мэдэхнээ тэртээ тэнгэрийн хязгаарыг үзэж, Адриатикийн тэнгисээс морьдоо услан, түмэн газрын их цагаан хэрэмний хөх тоосгыг тас цавчин явжээ. Тиймээ! Энэ бол домог болон эдүгээг хүрсэн дивангарын түүх!...
Гэтэл дөрвөн зууны тэртээ гал голомтоо хамгаалан овт Манжтай хатгалдан тулалдаж байсан Монгол ах дүү нараасаа хульжин өрх тусгаарлан Орост дагаар орсон хувь тавилан цаашид ямархан харгуйгаар сажлав.
Түүхэн үнэний улбааг хайн сурлаваас эдүгээгийн “Буриад” хэмээгдэх Умарт Монголчууд XVII зууныг хүртэл Түшээт Хан, Сэцэн Ханд харъяалагдаж Хамаг Монголын бүрэлдхүүнд байтал өмнө этгээдээс Манж нар, хойт зүгээс Атаман Ермакийн бүлэг дээрэмчид түрэн орж, Байгал далайн эрэг ирмэгт тулжээ. Үржил шимтэй газар, загас жараахай, зүйл бүрийн жимс, ой хөвч, алт эрдэнэсээр баян онгон зэлүүд энэ нутгийн хязгаараар орос тосгон, Христийн модон сүм, загалмай хатгасан оршуулгын хайс ёрдойн бавгар сахалтай, хянган хамартай, цэнхэр, ногоон нүдтэй уригдаагүй гийчид өөрсдийгөө Шмейскууд / смесь-холимгууд/ хэмээн танилцуулсан юмсанжээ. Монголын хаадууд тэгэхэд умраас айсуй түрэмгийллийн аюулыг мэдрэх тэнхэл даанч байсангүй л дээ.
Манжийн лууны архиралт, дотоодын хагарал самуун, зүүнгарын Ойрадуудын довтолгоонд байнга нэрвэгдэн, хагас дэлхийг мориныхоо ганзаганаас чирч агсан их гүрний төгсгөл нь нүүрлэж байсан цөвийн цаг юмсанж. Тэр үед “Буриад" хэмээх социалист “Бага ястны нэрэнцэр” чих дэлдээгүй байлаа. Нутгийн монголчууд тэндхийн ноёд, гулваа, тайш нарын болчимгүй түрэгдүү занг нь зэмлэн “Буруутууд” гэж нэрлэснээр одоогийн “Буриад” гэдэг нэр үүссэн гэсэн явган яриа бий л дээ. Их Оросын дээрэнгүй үзэлтэнгүүдэд амаа гогдуулсан зарим “Шинжээчид” үнэн түүхийг гуйвуулж “Буриад” гэдэг нь Оросын “Братские люди” /ах дүү хүмүүс/ дуудлаганаас үүссэн бөгөөд монголтой ямар ч хамаагүй Сибирийн олон овог омог Саха, Чукчи, Ненец, Эксимос хийгээд мөсөн далайн цаатангууд, агнуурын тэнгисийн загасчин, хөвч тайгын хэрэмчин, Амарын хязгаарын хамниганууд өөр хоорондоо холилдон сүлэлдэн тэдний дундаас Буриад гэдэг шинэ үндэстэн гарч ирсэн мэтээр бичсэн удаа ч бий.
Чингэсийн байлдан дагуулалтад өртөн эзлэгдээд Монголын феодалуудын дарлал доромжлолыг амсаж байснаа их Оросын ард түмний ачаар эрх чөлөөгөө олон 1727 онд Хаант Орост “Сайн дураараа даган орсноор мөхлийн аюулаас ангижирсан” мэтээр түүхэн үнэнийг сөрөн өгүүлжээ.
Ийнхүү хүчирхэг Чингэсийнхээ туг сүлднээс буруулж харь гүрний хаяа хатавч сахисан анчин, малчин нүүдэлчин овгийнхон Эрхүүгийн амбан захирагчийн барлаг болж “Байгалийн чанад дахь казакууд” гэдэг шинэ хаяг зүүж, Их Петрээс эхлээд Романы удмынхан, Александр, Николай, хаан Иосиф Сталины жадны үзүүрт туугдан Орос-Туркийн дайн, Шипкийн даваа, Орос-Японы дайн манжуурын толгод, Орос-Германы дайн, өгөр Европын хөрсөнд ясаа яйруулж Сибирийн ГУЛАГ, Бутырын гянданд тамын зовлонг амсчээ. Яагаад Умарт Монгол эх нутгаасаа өрх тусгаарлаж манай угийн бичигтт огт байдаггүй “Буриад” нэр зүүж харьд одох болов?
Байгаль далай, Сибирийг булаан эзэлсэн товч түүхээс
XVIII зууны Оросын улс төрийн зүтгэлтэн Фельдмаршал Головин гэгч өөрийн тэмдэглэлдээ “Далбаа хүлэглэж загас барьж үзээгүй харгис зэрлэг бүдүүлэг нүүдэлчин малчин монголчуудад цэнхэр нүдэн Байгаль нуур огт хэрэг болохгүй түүнийгээ манайд шилжүүлэн өгвөл зохино. Эс зөвшөөрвөөс бид гал мэсийн хүчээр дайран орж эзлэх ёстой. Хэрэв биднийг зөвшөөрч буулт хийвэл Манж нартай тулалдахад тусламж болгож 500 ширхэг цахиур буу 10 ширхэг тэсрэх бөмбөгөөр харвадаг гунан бууг бэлэглэхэд бэлэн байна” гэжээ. Энэ нь үнэн чанартаа хил залгаа хөрш рүүгээ хөлөө жийж нутгаа тэлэх “Геополитик”-ийн эхлэл байсан юм. Ийнхүү аажим аажмаар Оросын атаманы зэвсэглэсэн отрядууд Монголын хойт хязгаарт эрээ цээргүй цөмрөн орж орон нутгийн ноёдын зөрчлийг ашиглан бэлэг сэлт, мөнгө зоос, хэргэм зэрэг амлан нутгийн иргэдийг Христийн шашинд оруулан загалмай нүүлгэн үл дагагсдыг элдвээр хавчин хяхаж эхэлжээ.
Улаан бүс мөрөвчилж, урт жадтай буу үүрсэн казак цэргүүд эртний нүүдэлчдийн нутгаар чөлөөтэй сэлгүүцэх болж, агт сайн морьдыг нь булааж бурхан шүтээнээр нь доог тохуу хийж алба гувчуураар боомилж эхлэв. 1651-53 онуудад Буриадыг дайлахаар очсон казак отрядын захирагч Залубин “Амар мөрний чанад дахь Брацкийн хязгаарт зорчсон нь” гэдэг номондоо “Их хааны зарлигаар Лена мөрөнг уруудан аялж малын арьс нөмөрсөн догшин нүүдэлчидтэй халз тулалдан тэднийг сөхрүүлэн авч оросын бууны амтыг үзүүлэв. Одоо тэнд манай цагаан туг мөнх намирах болно” гэсэн байна. Мөн атаман Похабаев гэгч “Манай эрэлхэг цэргүүд Брацкийн газраас 300 гаруй тун бүдүүлэг өрх айлыг тэдний төрөл садан болох “Мунгалын” /Монголын/ зүг нь хөөж явуулаад газар нутгийг нь Оросынх болголоо” гэжээ. Үнэн чанартаа тэд хойт монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч багагүй хохирол үзэж ухарч нэмэлт хүч дуудан ирүүлж хүн хүч хийгээд зэр зэвсгийн давуугаар “Ялалт” байгуулж байжээ. Энэ мэтчилэн орон нутгийн дайн дажинг намдуулахын тулд хүйс тэмтрэх, аймаглан устгах бодлогынхоо зэрэгцээ бүхий л үзэл бодлыг нь өөрчилж тархийг нь эргүүлэхийн тулд Христийн шашинг бололцоотой бүхий л сувгаар нэвтрүүлэхийг хичээх болов.
Хамба лам Серафим гэгч Дотоод яамны шашны хэрэг эрхлэх департментад илгээсэн бичигтээ “Сүм хийдийн дэмжлэгтэйгээр Буриадуудыг оросчлох үйл явц нь уугуул нутгийн хүмүүсийн зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэд өөрсдийгөө Чингэсийн угсааны Монгол хүмүүс гэж үзэж биднийг зөвшөөрөн хүлээхгүй байна. Иймд Буриадуудыг Монгол биш гэдэг үзэл санаанд итгүүлэхийн тулд тэднийг нийтээр нь хоморголон "үнэн алдарт шашинд оруулах, хуучин Слав хэлээр зохиогдсон Библи, Евангелийг буриадаар орчуулах, хүүхэд залуучуудыг шашны бага сургуульд өргөнөөр татан сургах, Христ шүтэгчдийг албан татвараас чөлөөлөх, цаашид мал аж ахуй биш газар тариалан эрхлүүлж аж амьдралын хэвшлийг нь өөрчлөх хэрэгтэй” гэж сургамжилж байжээ.
Гэвч Буриадын олон нийт хар элэгтний шашинд албадан оруулах Их гүрний бодлогод эсэргүүцэл үзүүлж байв. Нэрт эрдэмтэн Дорж Банзаров буддын шашин хийгээд бөө мөргөлийг сурталчилсан хэргээр мөрдөгдөн Эрхүүгийн цагдаагийн газрын ивээл дор байдаг “Хар зуутан” гэдэг алан хядах байгууллагынханд хорлогдсон юм. 1857 онд Эрхүү хотноо тайж Дамбаев өөрийн албаттайгаа үнэн алдарт шашинд орж загалмай зүүх ёслол үйлдэн цагаан хаан Александр, хатан хаан Мария Александровна нараас алтан товчтой булган дээл, охидууддаа бадмаараг шигтгээ бүхий ээмэг, бөгж болон Владимирийн 4-р зэргийн очир алмас одонгоор шагнагдаж байжээ.
Христийн шашинд орсон Буриадыг Тибельтинск, Елевск, Тугуран, Гужир зэрэг тосгодод хуваарилан суулгаж тэндхийн сүм хийдүүдэд хуваарилжээ. Тэднийг гурван жилийн хугацаагаар албан татвараас чөлөөлж цалин пүнлүү, одон медаль, ноёд язгууртны үр хүүхдүүдэд цэргийн дунд тушаалын дарга, офицер цол хэргэм эдлүүлсэн байна. Мөн энд нэгэн жишээ дурдахад Христэд шүтлэгтэй болсон хүмүүсийг мөнгөн шагналаар хөхүүлэн урамшуулж хүүхэд бүрт нь 20 копейк, томчуудад 1-5 рубль, охидуудад гоёлын алчуур, олон хүүхэдтэй айл бүрт 30 хүртэлх рублийн тэтгэлэг өгч байв. Мөргөлийн үеэр үнэ төлбөргүй бурхны ном, чихэр боов тарааж, үнэгүй үдийн хоолоор хүртэл үйлчилдэг “Буяны” журам тогтоосон юмсанж.
1909 онд Хаант Оросын сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин Эрхүүгийн тэргүүн амбан Лукъяновт явуулсан захирамжиндаа Буриадуудыг Христос шашинд оруулах үйл явц даанч удааширч байгааг зэмлэн түргэвчлэхийг шаарджээ /тэр үед Оросын эзэнд улсын бага буурай үндэстнүүдийн 57% нь өөр шашин шүтдэг байсан юм/.
Бүдүүлэг Буриадуудыг оросчлохын тулд дан ганц шашин хүчин мөхөсдөх бөгөөд юуны өмнө тэднийг бие мах бодийнх нь хувьд буриад биш болгох, эрлийзжүүлэх, өөр бага ястангуудтай холих, Сибирьт цөлөгдсөн хоригдлуудыг хугацаа дуусмагц Буриадад шилжүүлэн суулгах, буриад бүсгүйчүүлтэй гэрлүүлэх эсвэл тэднийг зүүн Сибирийн хөвч тайгаар тархаан нутаглуулах зэрэг санал дэвшүүлсэн байна. Эдгээр иж бүрэн арга хэмжээний үр дүнд 1911 он гэхэд Христосын шашинд орж загалмай зүүсэн буриадуудын тоо 10000 хол давжээ.
Зөвлөлт засгийн жилүүдэд өнгөө хувиргасан ч мөн чанар нь өөрчлөгдсөнгүй оросжуулах, уусгах, хэлмэгдүүлэх үйл явц үргэлжилсээр байв. “Хаант засгийн үед дарлагдаж байсан бага буурай үндэстэн ястан хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх, салан тусгаарлах эрхийн” тухай Лениний тунхаг гарч Польш, Финлянд бие даасан улс болж байхад, буриадуудад тэр нь өчүүхэн ч хүртээлгүй үлдэв. 1921 оны хавар 110 мянган хүн амтай Ага, Баргуужин, Читын гурван аймагтайгаар Алс дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Буриад Монгол өөртөө засах /автономит/ мужийг байгуулжээ.
Мөн оны 10-р сард ЗСБНОУ-ын бүрэлдэхүүнд Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Сэлэнгэ аймгийг 185 мянган хүн амын бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь Буриадын автономит мужийг тусад нь бий болголоо. Ингэж Зөвлөлт Орос Улсын газрын зурагт хоёр буриадын муж зэрэгцэн төрсөн түүхтэй. 1932 онд АДБНУ-ыг татан буулгаж буриадын хоёр мужийг нэгтгэж “Автономит Зөвлөлт Социалист Буриад-Монгол Улс” гэж нэрлэн Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Хорь, Тройцкосавск, Баргужин аймгийг харъяалуулан ЗСБНОУ-ын засаг захиргааны нэгж болгосон юмсанжээ. Алив эд барааг хайчилж, эмжиж зүйгээд өмсгөл зүүлт хийх нэг хэрэг. Харин нэгэн бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийдэхэд хүн амаас нь гадна үндэсний соёл, хэл, ёс заншил, шашин шүтлэгийг нь яах вэ?
1923 оны 9-р сарын 23-нд бүх Зөвлөлтийн гүйцэтгэх Төв хорооноос баталсан заавар ёсоор зөвхөн Буриадын аглаг хошуу сумдад буриад-монгол хэлээр, муж хийгээд Бүгд Найрамдах Улсын төвшинд гагцхүү орос хэлээр албан хэргээ хөтлөх тусгай заалт оруулсан байв. 1926 онд Буриад-Монгол болон БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хамтарч хэл бичгийн дүрэм, нэр томъёог боловсруулах комисс байгуулагдсан боловч төд удалгүй панмонголизмын нармай Монголын үнэр ханхалжбайна хэмээн тараав.
Аймшигт 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх Төв Хорооны шийдвэрээр буриадын газар нутгийн тал хувь нь болох Ага, Улаан, Онон аймгийг Чит мужид шилжүүлэн өгч, Агын Буриадын үндэсний тойрог гэгчийг Эрхүү мужид, Алайр, Бухан, Эрхид-Булгад, Ольханы аймгийг Усть-Ордын үндэсний тойрогт харъяалуулахыг заагаад уг тогтоолыг ЗСБНОУ-ын ГТХ-ны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласан байна. Энд нэгэн зүйлийг тодруулан дурьдахад Байгалийн чанад дахь Буриад-Монголын Автономит Улстай холбон өгч байсан Ольхан аймгийг Эрхүү мужид өгснөөр цөөн буриадуудын нэгэн бүлд аж төрөх хүйн холбоог хүртэл тасалж, засаг захиргааны аргаар аймаглан үгүй хийх интернациональч бодлого хэрэгжиж эхэлсэн аж.
Ингэж л Монголын мах цусны тасархай “Буриадуудыг буруутгасан түүх" 350 гаруй жил үргэлжиллээ.https://www.facebook.com/groups/805758390282778/?ref=shareМонгол Улсын СГЗ Содовын Баясгалан багш

Бусад мэдээ

Apr 04, 2024 1636

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1558

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 505

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 765

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/