Уншиж байна...

Монгол төрийн түүхэнд 34 их хатан байдаг. Түүхэн эх сурвалжуудад тэдгээр 34 их хатны 17-гийнх нь амьдрал Онон голын сав дагуу өрнөсөн хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гурван голын сав газрыг их хаадынхаас гадна их хатдын өлгий нутаг хэмээдэг нь үүнээс үүдэлтэй аж. Бид хаад ноёд, баатар ван гэж ярихаас бус ээжүүд эхчүүд, хатад гэж ярих нь ховор. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүхийг олон түмэнд тайлбарлан таниулах нь хойшлуулшгүй чухал ажлуудын нэг гэдгийг хатан судлаачид хэлдэг. Тиймээс ч уншигч та бүхэнд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байх Их хатдын хүндэтгэлийн өргөө болон Их хатдын өргөөнд онцгойлон залсан Монгол төрийн түүхэнд гавьяа байгуулсан зарим хатдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол төрийн түүхэнд Алунгуа, Өэлүн, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Харин эдгээр гурван хатны амьдрал Баян-Адарга сумын нутгаар дайран урсах Онон голтой холбогддог талаар судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг аж. Тиймээс Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг ийнхүү өнгөрөгч 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгуулжээ. Үүнээс гадна Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хоёр хатан энэ нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Монгол төрийн залгамж бодлого үргэлжилж Богд гэгээн ч гэсэн энэ нутгаас хоёр хатнаа тодруулсан хэмээн үздэг байна.

Их хатдын өргөөнд бэлгэдлээ бодож есөн хатны хөрөг зургийг залжээ. Эдгээр хатад Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн, өөрийн амьдарч байсан түүхэн цаг үед Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулж байсан хатад юм.

Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.

Өэлүн хатан: Өэлүн бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх юм. Монгол судлаачид түүнийг Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлоон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүлсэн нэгэн хэмээн өргөмжилдөг. Мөн Монголын түүхэнд хэзээ ч, хэнд ч, юунд ч дийлдэхгүй гэр бүлийг бий болгосон нь энэ хатны түүхэн их гавьяа хэмээн үздэг. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд Монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон түүхтэй.

Бөртэ хатан: Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүүжинтэй сүй тавьсан. 1180 оны үед Тэмүүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжиний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна. Бөртэ хатныг Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хатдын нэг гэж үздэг.
Сорхугтани Бэхи хатан: Их Эзэн Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Сорхугтани Бэхи хатан өөрийнхөө дөрвөн хүүг Монгол эзэнт гүрний дөрвөн их хаан болгоход бүх амьдрал, оюун ухаанаа зориулсан гайхамшигтай эмэгтэй хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тодруулбал, Мөнх хаанаас хойш Лигдэн хаан хүртэл 400 жил Монгол төрийн хаадын гал голомтыг Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гээд дөрвөн хүү нь авч явжээ.

Дөргэнэ хатан: Дөргэнэ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргэнэ хатны талаар сайн болон саар зүйлүүд түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Мандухай сэцэн хатан: Хоёр их хааны хатан байх хувь зохиолтой гайхамшигтай эмэгтэй. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.

Мандухай сэцэн хатан 36 насандаа Батмөнх хаанд эрхэм таньд долоон бурхан одны тоогоор долоон хүү төрүүлж өгье, алтангадас одны тоогоор нэг охин төрүүлж өгье гэж андгай тангараг өгсөн байдаг. Зарим түүхийн эх сурвалжуудад Мандухай сэцэн хатныг хэлсэн амандаа хүрч гурван удаа ихэр хөвгүүд төрүүлж зургаан хүүтэй болсон, мөн нэг охин төрүүлсэн гэж бичсэн байдаг.

Ханджамц хатан: 17 дугаар зууны үеийн сурвалжит хүн, Түшээт хан Гомбодоржийн хатан. Өндөр гэгээн Занабазарын ээж нь гэдгээр нь Монгол түмэн ихэд хүндэтгэн биширдэг. Хүмүүнлэг хийгээд энэрэнгүй сэтгэлийг биедээ шингээсэн сайхан эмэгтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Монгол төрийн түүхэнд Занабазар хэмээх агуу хүнийг төрүүлж, Монголд буддын шашныг нэвтрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмрийг оруулж, анхны сүм хийдүүд, бурхан шүтээний их сургуулиудыг босгосон. Өөрөөр хэлбэл, Буддын шашны эх үндсийг Монголд нутагшуулсан гавьяатай хүн гэж үздэг.

Ану хатан: Ану хатан хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн хэмээдэг. Түүнчлэн Ану хатны амьдралынх нь талаас илүү хувь нь морин дэл дээр дайн байлдаан дунд өрнөсөн байдаг. Манжийн Энх-Амгалан хаан хожим нь өөрийн архивт Ану хатны талаар “Миний үзсэнээр Ану хатан болвоос Зуун модны тулалдаанд үлээх салхинд үл хийсэм, харвах суманд үл оногдом нэгэн дайчин эмэгтэй манай цэргийг хиар цохин тэгж орсон нь хэн ч харсан сэтгэл уулгалж хүндэтгэхээс өөр аргагүй. Гэтэл тэр эмэгтэй нь Ану хатан байлаа” гэж бичсэн байдаг.

Дондогдулам хатан: Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4 кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Богд хаан, Их дагина хоёрт хэдийгээр үр хүүхэд заяагаагүй хэдий ч өргөөндөө 30 гаруй өнчин хүүхдийг өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлж байсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж юм.

Гэнэнпил хатан: Дондогдулам хатныг таалал төгссөний дараа Монгол төрийн долоон эрдэнийн хатан суудлыг эзгүйрүүлж болохгүй учраас хэдий Богд гэгээнтний бие чилээрхүү байсан ч дахин хатан буулгасан нь Гэнэнпил хатан байжээ. Гэнэнпил хатан хөл хүндтэй байхдаа хэлмэгдэн таалал төгсжээ.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1475

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1419

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/