Владимир Грайворонский- түүхийн ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тасгийн захирал
Хэдхэн арван жилийн өмнө дэлхийн улс төрийн тавцангаас алс хол, бөглүү оршдог байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд дэлхийн олон нийт, улс төрч, эдийн засагчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татдаг боллоо.
Дэлхийн банк, Олон Улсын Валютийн Сан, "Frontier Securities” зэрэг олон улсын байгууллагууд Монголыг ойрын хугацаанд эдийн засаг нь маш эрчимтэй хөгжих орны тоонд оруулж байна. Их Британийн “The Economist Intelligence” судалгааны хэсгийн 2012 оны сүүлээр хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 13 хувь өсөх таамаглал гаржээ. Тэгвэл “Financial Times” сонин “М-3 орнууд” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гаргасан. М-3 гэдэг нь эдийн засгийн өндөр хурдацтай, байгалийн баялаг ихтэй Монгол, Мьянмар, Мозамбик улсууд юм. Монголын ДНБ 2011 онд 17.3, 2012 онд 12.3 хувь өссөн ч 2013 оноос эдийн засгийн өсөлт саарч эхлээд байна. Үүнийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт багассан, Хятадад экспортолдог нүүрсний хэмжээ буурсан, “ Rio Tinto”-той Оюутолгойн ордыг эзэмших гэрээг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарсан зэрэг асуудал орж байна.
Яагаад Монголыг их сонирхож байна вэ
Монгол Улс геополитик, стратег, эдийн засаг болон өөр олон нөхцлийн улмаас дэлхий дахины сонирхлыг татаж байгаа юм. Ази тивийн гүнд стратегийн чухал байрлалтай энэ орон Орос, Хятад, Америк, Япон, Европын Холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос улсуудын улс төр, эдийн засгийн ил далд өрсөлдөөний талбар болоод байна.
1990 оны эх хүртэл Монгол орон бараг 70 жил хүчирхэг ЗХУ-ын нөлөөнд байсан. 1990 онд Монголд болсон ардчилсан хувьсгал, ЗХУ задран унаж, Оросоос үзүүлэх эдийн засгийн тусламж эрс багассан, Орос-Монголын улс төр, худалдаа-эдийн засаг, соёл болон бусад харилцаа муудсаны дараа Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очсон. Монгол шилжилтийн хүнд үеийг бие даан өөрөө шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэр хүнд хэцүү үед ч Орос-Монголын хамтарсан том аж үйлдвэрийн газрууд (Улс орны төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлж байсан гурван халим) болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ажилласаар зах зээлд шилжих хүнд хэцүү шилжилтийн үеийг даван туулж, Монгол Улсыг ч, өөрсдийгөө ч эдийн засгийн сүйрлээс авран хамгаалж чадсан билээ. Хөгжилтэй орнууд (АНУ, Япон, Их Британи, БНСУ зэрэг) болон олон улсын байгууллагуудын (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн программ зэрэг) дэмжлэгээр Монгол Улс эдийн засгийн өөрчлөлтийн хямралт үеийг харьцангуй хурдан даван туулж, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж эхэлсэн. 1990-өөд онд Оросын нөлөө Монголд суларсан бол эсрэгээр Америк, Япон, Хятад, Их Британи, Канад, Герман, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын байр суурь бэхэжсэн билээ.
Өнөөгийн Монгол орон бол Социалист нийгмээс орчин үеийн хөгжилтэй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой, ардчилсан нийгэмд богино хугацаанд хэрхэн амжилттай шилжихийн үлгэр жишээ болсон орон. Америкийн Агаарын цэргийн академийн профессор Фрэнсис Пилч Монголыг “Ардчиллын лаборатори” хэмээн нэрлэж байлаа. Америк, Герман зэрэг олон орны удирдагчид Монголыг барууны маягийн ардчиллыг хөгжүүлэх үлгэр жишээ гэж үзэж байгаагийн нэгэн илрэл бол Монголыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар 2011-2013 онд сонгосон явдал байлаа.
Хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын улс төрчид, эдийн засгийнхны анхаарлыг татах өөр нэгэн хүчин зүйл бол Монголын алт, мөнгө, нүүрс, зэс, молибден, уран, газрын ховор металл зэрэг байгалийн баялаг. Барууны зарим судлаачдын үзэж байгаагаар Монголын 10 том орд газрын нийт үнэлгээ 2.75 триллион ам.доллар болж байна. Монголын нутаг дэвсгэрийн дөнгөж 30 хувьд нь л хайгуулын ажил хийгдсэн гээд бодохоор энэ тоо цаашид хэр өсөхийг таамаглахын аргагүй.
Монголын байгалийн баялгийн төлөөх дайн
Дэлхий дахины ашигт малтмалын нөөц шавхагдаж байгаа энэ үед Монголын эцсээ хүртэл судлагдаагүй байгаа энэ их баялаг нь мэдээж хэрэг улс орнууд болон үндэстэн дамжсан том корпорацуудын (жишээ нь Англи-Австралийн “Rio Tinto”, Хятадын “Shenhua”, “Chalco”, Америкийн “Peabody Energy”, Японы “Itochu”, “Mitsui”, “Mitsubishi”, “Sumitomo”, “Marubeni” гэх мэт) хувьд “амтат бялуу” шиг харагдаж байгаа нь ойлгомжтой. Яг одоо гадаадын компаниудын сонирхлыг хамгийн их татаж байгаа нь алт, зэсийн Оюутолгой, нүүрсний Тавантолгой, ураны Дорнод гэсэн орд газрууд юм. 2012 оны сүүлчээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” корпорац Оюутолгойн орд газрын уурхайн эхний хэсгийг ашиглалтанд оруулж, 2013 оны дундуур эхний бүтээгдхүүнээ Хятадад нийлүүлсэн. Гэвч Монголын шинэ Засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүссэний улмаас “Эрдэнэс Оюутолгой” хүнд байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-ын хүрээнд үүссэн байдлаас гарахын тулд хэлэлцээр явагдаж байгаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйлдвэрлэл дэлхийд томд ордог “Эрдэнэт” үйлдвэрээс 1.5-2 дахин илүү байх гэсэн тооцоо байна. “Эрдэнэс Оюутолгой” 2014 онд 692 мянган тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй бол “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 530 мянган тонн зэсний баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн ордын хоёр дахь шатны төслөөр зэсийн хүдэр олборлоно гэхээр Монгол дэлхийн зэсийн зах зээлд маш том тоглогч болон хувираад байна.
Монгол Оросын харилцаа
Орос улс Монголд улс төр, эдийн засаг, цэрэг дайн, эколог, соёл, хүмүүнлэг болон бусад олон салбарт стратегийн ашиг сонирхолтой байсаар ирсэн, одоо ч байна. Орос Монгол Улсыг 3.5 мянган км урт хилээс гадна олон зуун жилийн найрсаг харилцаа холбодог. Монгол тусгаар тогтнолоо олж, сэргэн мандахад Орос улс их хувь нэмэр оруулсан. Монголын эдийн засаг, соёл хөгжиж, орчин үеийн хөгжсөн орон болоход нь ч бидний хувь нэмэр бий. Манай хоёр орны хувьд 1990 оноос хойш болсон улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн зүг чиг ижил, үндэсний стратегийн сонирхлууд бараг адилхан, дэлхий дахин, Ази Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, энх тайван байдал дахь байр суурь ч ижилхэн.
2011 онд баталсан шинэчилсэн гадаад бодлогын чиглэл ёсоор Монгол Улс бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг хичээж байгаа бөгөөд Орос Хятад хөршүүд болон Баруун, Дорнодын хөгжилтэй орнуудтай алинтай нь ч тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Монголын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг нь гуравдагч хөрш. Үүнд АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк багтаж байна. Гэхдээ Монгол ямар нэг орноос хэт хараат болохоос зайлсхийж байгаа. Сүүлийн жилүүдэд Европын стандарт, норм оруулж ирэн, ЕХ-той бүх талын холбоо тогтоохыг эрмэлзэж байна.
2009 оноос хойш Орос Монголын харилцаа ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий байгаа гэхэд болно. Гаднаасаа бүтэмжтэй сайхан мэт харагдавч өмнө нь хийсэн баталсан хэлэлцээ, гэрээнүүд биелэгддэггүй, үүнд Монголын талын буруу ч бий. 2009 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон хоёр том төсөл одоо зогсонги байдалд ороод байна. “Оросын төмөр зам” нэгдэлтэй хамтран байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компани “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, Таван-Толгой – Сайншанд – Чойбалсан – Соловьевск маршрутаар нүүрс зөөх шинэ зам барих, цаашдаа Транссибирийн төмөр замд холбогдон, Япон, Өмнөд Солонгост гарах гэсэн хоёр том ажил хийхээр болсон байсан юм. 2013 оны тавдугаар сард Монголын Засгийн газар “Дэд бүтцийн хөгжил” компанийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа “Оросын төмөр зам”-д худалдах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар энэ компанийн хувьцаа 100 хувь “Оросын төмөр зам”-д байна. 2009 онд Дорнод Монголд ураны хайгуул хийх, олборлох хамтарсан “Дорнод уран” компани байгуулахаар засгийн газрууд гэрээ байгуулсан ч ажил цааш яваагүй л байна. Гэхдээ энэ асуудал Канадын “Khan Resources” компани Дорнод дахь ураны лицензийг нь Монголын Засгийн газар хууль бусаар хураан авсан гэж олон улсын арбитрийн шүүхэд хандаад байгаатай холбоотой.
Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалтад оролцох, тэр дундаа Таван толгойн нүүрсний орд, 1800 км төмөр зам барих төсөлд ОХУ ялагдсан. Хятад болон бусад орнуудтай харилцаагаа Монгол хурдан хөгжүүлж байгаатай харьцуулаад манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа маш удаан байгаа нь илт байдаг. Монголын 2010-2013 оны гадаад худалдааны эргэлтийн 15-18 хувь нь Орост ногдож байгаа бол Хятад 50 хувийг эзэлж байна. 2012 онд Монголын импортын 27.4 хувь, экспортын дөнгөж 1.8 хувь Орос байсан бол Хятад Монголын экспортын 92.6 хувь, импортын 27.6 хувийг эзэлжээ. Түүнээс гадна Хятад Монголын эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтаар итгэл төгс тэргүүлж байна. Монголын эх сурвалжаас үзэхэд 1990-2010 онд Хятад улс Монголын эдийн засагт 1.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь нийт шууд хөрөнгө оруулалтын 53 хувийг эзэлж байна. Энэ 20 жилийн дотор Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 компани байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалтай нийт компанийн 50 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд Оросын хөрөнгө оруулалттай 769 компани л байгуулагдсан байна. Оросын хөрөнгө оруулалт Монгол дахь нийт шууд хөрөнгө оруулалтын 2 хувь л болж байгаа юм.
Монгол Оросын харилцаа хөгжихөд саад болж байгаа гол хүчин зүйл бол визийн систем, монгол барааны экспортод тавьдаг өндөр татвар, Оросын нутаг дээгүүр транзит тээвэр хийхэд өндөр үнэтэй, гаалийн бүрдүүлэлт, гэрээ байгуулахад хүнд суртал ихтэй зэрэг асуудал орж байна. Тиймээс монгол бизнесмэнүүд Оростой биш Хятад, Япон, Барууны компанитай ажил хэрэг хийсэн нь дээр гэж үздэг болжээ.
Тиймээс Монголд Оросын стратегийн байр суурийг бэхжүүлэх, хадгалахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.
1. Монголд гадны олон гүрэн (Хятад, АНУ, Япон, БНСУ, ЕХ-ны улсууд, Их Британи, Канад, Герман гэх мэт) ашиг сонирхолтой болж, өрсөлдөөн хурц байгаа тул Монгол дахь байр сууриа цаашдаа сулруулж хэрхэвч болохгүй. Тэгвэл Орос-Монгол-Хятад-Америк гэсэн дөрвөлжинд манай улс хүчгүй болно. Энэ дөрөв дээр Япон нэмэгдэж магадгүй байна. Тиймээс Монголтой 2009 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд заасан бүх салбарт хамтын ажиллагаагаа эрх тэгш байдал, харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан идэвхтэй хөгжүүлэх, өөрийн хүлээсэн үүргийг хатуу чанга, хурдан шуурхай биелүүлэх. Монголын нийгмийн бүх салбарт уламжлалт байр сууриа хадгалан үлдэхээс гадна шинэ байр суурьтай болох. Монголын талын үндэсний сонирхол, санал бодлыг тооцон үзэж, эрх тэгшээр хоёр талын стратегийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай.
2. Визийн системийг халах асуудлыг хурдан шийдвэрлэх. Одоогийн байдлаар манай улс ийм хүсэлт гаргаад байгаа бөгөөд Монголын тал хэлэлцэж байгаа болно.
3. Хоёр талын худалдааны хэмжээг ихэсгэх.
4. ХХ зуун дахь ЗХУ-Монгол болон Орос-Монголын харилцааны сайн муу талыг дүгнэн, Монголын шинэ үеийнхний ухамсарт Оросын талаар сайн ойлголт тогтоон бэхжүүлэх. Түүхийн үнэнийг гажуудуулан Оросын талаар, хоёр улсын харилцааны талаар хар бараан яриа гаргаж байгаа Монголын зарим түүхч, улс төрчидтэй идэвхтэй тэмцэх.
5. Дорнод Сибирь, Буриад, Байгалийн хязгаар гэх мэт Монголтой хиллэж байгаа бүс нутагт соёл, эдийн засаг, нийгмийн дунд, удаан хугацааны төсөл хэрэгжүүлэхдээ боломжийн хэрээр Монголтой хамтран ажиллах, Монголын талын ашиг сонирхлыг тооцох.
6. Монголоор дамжуулан Хятад болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах. Орос, Монгол, Хятад гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
Мэдээний линк: http://world.time.mn/content/44877.shtml
- See more at: http://world.time.mn/content/44877.shtml#sthash.q3vxRGWY.dpuf