Богд хаант Монгол улс 1911 оны 12-р сарын 29-ний өдөр байгуулагдаж туурга тусгаар улсаа зарлан тунхагласан чухал үйл явдал болж монгол туургатан даяар ихэд баярлалдав. Тэр үеийн өвгөд буурлууд: “Монгол улс
минь туурга тусгаар улс болж, Богд гэгээн минь хаан ширээндээ заларч монгол хүн бүр магнай хагартлаа баярлаж билээ.Монголын газар нутаг дээр хүнээсээ эхлээд хорхой шавьж хүртэл баярлаж байсан даа” хэмээн дурсдаг байжээ.1368 оноос хойш зургаан зууны турш Монголын их эзэнт гүрэн мөхөж, хятадын дөнгөж шинээр мэндэлсэн Мин улсад ялагдаж түүнээс хойш ойрдын довтолгоон, оросын шахалт, манжийн нөлөө, хятадын өнгөлзлөгө гээд тал талаасаа хэмлүүлж газар нутаг, мал сүрэг, хүн ардаа ихээр алдаж монгол туургатан үлэмж их доройтсон байв.
Ийнхүү Богд хаант Монгол улс байгуулагдсан нь бүх монголчуудын хувьд хамгийн том баярт үйл явдал боллоо.Энэхүү үйл явдлыг өвөр монголчууд үлэмж ихээр дэмжиж байлаа.Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав,Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн, баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн голын Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан Монгол улсад дагаар орохоо илэрхийлж, нийслэл Хvрээнээс монгол цэрэг илгээж, Өвөр Монголыг бvхэлд нь хятадаас чөлөөлөхийг өвөр монголын ард түмэн ихэд хичээнгүйлэн хvсчээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэн даруй нэгдэв. Өвөр Монголын Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, баруун монголын Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлжээ. Монгол улсын Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард Зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, сайдаар нь Цэцэн хан аймгийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилжээ.
Монголын Богд хаант улс байгуулагдсаны дараа монгол үндэстэнг нэгтгэн Нэгдсэн Их Монгол Улс байгуулахыг монголын ноёд, ард эрмэлзэж байв. Богд хаант Монгол улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлэлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны монголчуудын бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Манж Чин улсын хүчирхэг эзэн хаант гүрнийг мөхөөж Дундад Иргэн улсыг шинээр байгуулсан хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч хэмээн үзэж хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж эхлэв. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, өвөр монголчуудыг хятадын дарлалаас чөлөөлөх, тусгаар Монгол улсад сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга ,Бат хаалга Долнуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв.
Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсvрэнг зарлигаар томилж таван замын цэргийг дор дурдсанаар хуваан мордуулжээ.Үүнд: Нэгдүгээр замд Егүзэрийн хийдийн чиглэлд Бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг, Хоёрдугаар
зам: Дарьгангын чиглэлд Дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, Дэд сайд Бавуужав нарын цэрэг, Гуравдугаар зам: Сөнөдийн хоёр хошуу, дөрвед вангийн чиглэлдДэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг, Дөрөвдүгээр зам: Хөх хотын чиглэлд, Сайд гүн Сономдоржийн цэрэг, Тавдугаар зам: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийн цэрэг тус тус хөдлөв. Эдгээр чиглэлүүдэд монгол болон өвөр монгол цэрэг нийлж нийтдээ 10 000 цэрэг байлдаанд морджээ.
1913 оны үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг. Дундад иргэн улсын Ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл сайтай армийг эмхлэн байгуулж, маршал Ван Хуй Жанаар удирдуулан умар зүг Цагаан хэрмийг нэвтэрч хөдөлгөжээ. Юань Ши Кай хятадын маршал Ванд нэгэн нууц даалгавар өгч өвөр монголын Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй эртний их монголын Юан гүрний Хубилай хааны төрийн тамгыг ямар ч хамаагүй аргаар авчрах үүрэг өгчээ. Тэр үеийн хятадын цэргийн байдлыг авч үзвэл: 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим, Цицикарт, Хөлөнбуйрын чиглэлд 4.0 мянга гаруй хүнтэй холимог бригад,Жирэмийн чуулганы нутаг, Шаазгай хотноо 10 000 орчим цэрэг байрлуулжээ. Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эхэн гэхэд Жирэмийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 000 цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долнуур, Бяруу зэрэг хотод 39 000 цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түн, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 000 цэргийг байрлуулжээ.
Хятадын цэргийн бүлэглэл төрөл бүрийн калибрийн 146 их буу, 90 пулемёттой байв. Харин 1913 оны 9, 10 дугаар сарын үед Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 төрлийн анги нэгтгэл, 28 их буу, 4 пулемёт бүхий 9500 явган цэрэг, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долнуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулёмёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги, салбарууд байрлаж байжээ. Богд хаант Монголын их цэрэг Өвөр Монголд байгаа хятадын цэрэгтэй тулалдаж Эзний гол, Ноён уул,Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Yхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хөөрөг, Дархан уул, Чулуун хөхий хошуу,Долнуур, Бяруу хот, Хөх хотын орчим, Хөвөө шар хошуу зэрэг олон газар ялалт байгуулжээ. Монгол цэргийн ялалтыг Английн “Лондон таймс”, Японы ”Майничү” зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байлаа. Хаант Орос Улс «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү оршин тогтнохыг хичээх нь эрхэм» хэмээн зөвлөж, их цэргээ татахыг Хятадын Засгийн газрын түлхээсээр шаардаж байлаа.
Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг Долнуураас гарсан хятадын их цэргийг угтаж, сар битүүрэхийг хүлээж байгаад харанхуй шөнө болох үед хурдан шалмаг морьтой , газрын баримжаа мэдэх нутгийн өвөр монгол 50 цэрэг, халх 50 цэрэгтэй хамт хятадын их цэргийн яг голоор нь зүсэн , хоёр тийшээгээ буудсаар, нэвт гарчээ. Энэ үед сандарч тэвдсэн хятад цэргүүд эмх замбараагаа алдаж, буун дуу гарсан зүг рүү хариу буудсаар үүр цайх үед өөрөө өөрсөдтэйгөө тулалдсанаа мэджээ. Цаг уурын байдал, шөнийн нөхцөлд тоогоор цөөн цэргээр их хүчийг гэнэт довтлон сандаргасан энэ тактикийг Зоригт баатар Лаварын Сумъяа дурсамждаа ”Монголын цэргүүд бид бух чичүүр, галзуу барын дайралт хэмээх монгол цэргийн аргыг хэрэглэж хятад цэргийг ялсан” гэж бичжээ. Энэхүү тулаан нь шийдвэрлэх тулалдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулалдаан байжээ. Тулаан болсон тэр тал уг нь Ганган тал нэртэй байжээ. Элсэрхэг хөрстэй, битүү ой байсан энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар монгол цэргүүдбайрласан бол яг эсрэг нам дор, зүүн өмнө зүгээс Хятадын цэрэг давшин ирж довтолжээ.
Эмгэнт Манхан хэмээх толгой дээр Манлай баатар Дамдинсүрэн байрлан, яг байлдаанд цэргээ удирдаж байгаа мэт тугаар дохио зангаа хийнэ. Үүнийг нь харсан хятадын Ван Хай Жин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх монгол цэргийн олон туг руу өдөржин галлаж давших явцаа удаашруулан хамаг сумаа барж байжээ. Монгол цэргүүдээс цөөн хэдэн цэрэг далд байрлалд зөвхөн тугаараа давших ухрах хөдөлгөөнийг хийж хуурч байсныг мэдээгүй хятад цэргүүд өдрийн хагас баахан буудаад эцэст нь хоолложээ. Яг энэ үед өлийн салхи гарч, Монгол газрын хүчит салхи баруун хойноосоо дэрхийн босжээ. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлаг хуурай модонд тавьсан түймэр, давхиж яваа морьтноос ч хурданаар хятад цэргүүдийг нөмөрчээ.
Түймрийн галаас зугтан гарах хятад цэргүүдийг морьтой монгол цэргүүд цавчихыг нь цавчиж, буудахыг нь буудсаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон цавчиж, яг л галзуу бар шиг тулалджээ. Ийнхүү 2 өдөр, 2 шөнө зууралдан байлдаж,түймэртэй хамтран тэднийг ухраан цохисоор Үхэрчин овоо, Шанд нийслэлийн туурь, Зуу найман сүм өнгөрч, Долоннуур хотод тулж очжээ. Монголчууд энэхүү монгол цэргийн тактикаа ”Галзуу барын дайралт” хэмээн нэрлэдэг байжээ. Харин гүн Сумъяагийн монгол цэрэг давшсаар Зуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан хятад цэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу барын дайралт», «хорт могойн ороолт» зэрэг тактикийг амжилттай хэрэглэжээ.
Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны наймдугаар сарын 6-нд Богд хаанд өргөн мэдүүлсэн албан бичигт :“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20 цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг цэрэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн өгүүлжээ.
Энэхvv “Таван замын байлдаан” хэмээх Өвөр Монголыг чөлөөлөх дайн 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос,Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогсчээ. 1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг. Судлаачдын үзэж байгаагаар 1913 оноос хойш уг байлдаан дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөнхийсэн гэдэг. Эдгээрийн 33 тулаанд нь монголчууд ялсан бол 11 тулаанд нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000- 7000 цэрэг, Монголын талаас 220- 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 хятад цэрэг, монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ.
Өвөр Монголыг чөлөөлөх байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруун тийш 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км хамарсан бүс нутагт болж өнгөрчээ. Энэ дайн байлдааны үед монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэжээ. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ажээ. Монголын 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн алагдсан. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Монголын цэргийн олзолсон зэвсгийг дурдвал: 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу, 410-аад сум, 421 ширхэг сэлмийг хятад цэргээс олзолжээ. Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлж байжээ.
Энэхүү байлдаанд оролцож байсан тэр үеийн хятадын гоминданы цэргийн нэгэн офицер дурсамждаа: “Монголын морьт цэргүүд гэнэт гарч ирээд биднийг буугаа сумлах гэж ядаж байх зуур аянга цахилгаан мэт довтлон орж ирээд ихэд хохирол учруулан дайрсан шигээ гэнэт буцан алга болдог байсан.Монголын морьт цэргүүд байлдах чадвар сайн байсан.” хэмээн бичиж байжээ. Тэр үеийн Богд хаант Монгол улсын цэрэг хятадын цэргийг ялсан тухай мэдээг англи, японы сонинууд дэлхий дахинд мэдээлж байлаа.Гэтэл орос, хятадын хэвлэлүүд таг дуугүй өнгөрч байжээ. Тэр үед Богд хаант монголын төр нэг том алдаа гаргасан. Богд хаант төр тэр үеийн Орос, Хятадын шахалтыг үл хэрэгсэн өвөр монголыг эзэлсэн амжилтаа улам бататгаж, өвөр монголыг бүрмөсөн чөлөөлж, гадаад монголыг дэмжиж байсан Япон, Англи улсуудтай цэрэг стратегийн холбоо байгуулж цэрэг техникийн тусламж авч армиа хүчирхэг болгох байсан. Даан ч энэ талаар Богд хаант төрөөс үр дүнтэй бодлого явуулаагүй тул удалгүй хаант Оросын төрийн шахалтад орж өвөр монголын чөлөөлөх ажиллагаагаа зогсоож цэргээ өвөр монголооос татсан нь хамгийн том алдаа болсон.Үүгээр ч зогсохгүй Богд хаант төр хятадтай шургуу тулалдаж ялж байсан өвөр монголын шударга баатар гүн Бавуужавын цэргийг Хатанбаатар Магсаржавын монгол цэргээр даруулсан эмгэнэлт түүх байдаг. Монгол монголоо хядна гэдэг үнэхээр тэнэг хэрэг.
Тэр үед цагаан Оросын хаант төрөөс монголын Богд хаант төрд хандаж: “Та нар цэргээ өвөр монголоос яаралтай татахгүй бол бид зэр зэвсэг,санхүү мөнгөний зээл, тусламжаа зогсооно шүү” хэмээн улс төрийн шахалт үзүүлж байсан ажээ. Энэхүү шахалт дарамтыг Богд хаант төр үл хэрэгсэж, монгол цэргийг өвөр монголын эзэлсэн газар нутагт нь үлдээж бэхжүүлэх байсан,/угаасаа өвөр монголын газар нутаг бол монголын газар нутаг байсан/ зэр зэвсэг, мөнгө санхүүг олох шинэ гарц хайх байсан. Тэр үеийн хүчирхэг Япон,Англи улсын дэмжлэгийг авсан бол Монгол Хятадаас айхгүй болох байсан.Ийм холбоог тогтоож чадсан бол алсдаа улаан оросоос хамгаалагдах байлаа.Ганц хаант Оростой холбоо тогтоосон нь хангалтгүй байлаа. Тэр үеийн Богд хаант төр цэрэг, эдийн засгийн хувьд улсаа хамгаалах чадвартай, гадаад харилцааны хувьд Япон, Англи улсаас дэмжлэг авч чадсан бол 1919 онд хятадын гоминданы цэргийг ч улсдаа орлуулахгүй байх боломж байлаа,1921 онд улаан оросын цэргийг ч улсдаа оруулахгүй эх орноо хамгаалах боломжтой байж болох байлаа. Гэвч түүх өөрөөр эргэжээ. Элэг нэгт Өвөр Монголын газар нутаг, хүн ардыг чөлөөлөх 1913 оны байлдааныг монголчууд бид эцэст нь хүргэж бүрэн ялсан бол?
До.СҮХБААТАР