Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ
Чингис хааны ганц шүтээн болох Мөнх тэнгэрийн хүчийн талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна?
Мөнх тэнгэрийн хүчний түүх гэж байхгүй. Энэ бол монголын түүхийн гүн ухааны асуудал. Түүхийн гүн ухаан гэдэг нь тэр түүхийг яаж бүтээсэн, яагаад гэсэн асуултанд хариулагдах тусгай шинжлэх ухаан. Гүн ухааны түүх гэвэл гүн ухаан тэдэн онд үүссэн гээд эхэлнэ.
Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
Сүүлийн үед юу хийж байна вэ?
Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу?
Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
Ярилцсан: Ж.Дагийсүрэн