Уншиж байна...

Шашингүйн үзэлд хэт автсан социализмын он жилүүдэд бурхан тахил эвдэж сүйтгэн, эс бөгөөс далдын хүчтэй хутагт хувилгаадаар оролдсоныхоо хариуг дэндүү чанга хүртэгсэд олон байсан нь ойлгомжтой. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь уг хэргийнхээ учир шалтгааныг бүрэн дүүрэн мэдэрч амжаагүй нь гачлантай. Иймээс иймэрхүү явдлын тухай бичиглэвэл өнөөгийн бидэнд ч гэсэн зарим талаараа сургамж болох буй заа.
Нэгэн мянган есөн зуун тавин зургаан оны зун Улаанбаатар хотод хөдөөнөөс нэгэн айл нүүж ирсэн нь хэний ч анхаарлыг татсангүй. Гэрийн эзэн нь Лагсаг гэх дөч орчим насны эр байх. Харин жижигхэн хэрнээ адтайхан эхнэрийнх нь нэрийг Отгонжий гэх агаад тэрсхэн төрсөн гурван хүүхэдтэй гойд эд хогшил гээд байх юмгүй таван ханатай навтгар хар гэртэй. Үнэндээ хүний нүдэнд гялайж гялтайчих эд хогшил үгүй жирийн л бор тоорог амьдралтай айл байсан нь хэний ч анхааралд өртөөгүй хэрэг. Тэгээд ч 1950-иад оны үеэр олон үйлдвэр завод босохын эхлэл тавигдаж байсан учраас ажлын байр олноор бий болж нийслэлд шилжиж ирэгсэдийн нүүдэл эрчээ авч байсан юм. Гэвч эднийх ажиллаж амьдрах гэхээсээ илүүтэйгээр ороо бусгаа цагийн хатууд амьд үлдэхийн төлөөх тэмцэл явуулж байсныг анзаарсан хүн үгүй. Тийм ч учраас Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан бүү хэл тэр гээд нэрлэчих зүс таних хүн ч байсангүй. Үүндээ ч эр, эм хоёр ихэд сэтгэл хангалуун байсан нь гайхалтай. Цаашид өрнөх үйл явдлыг өгүүлэхийн өмнөхөн Лагсаг гэгч чухам хэн болох, яагаад орон нутгаасаа дайжиж огт хүн танихгүй их хөлийн газрыг бараадах болов? гэдгийг нь нуршилгүйгээр товчхон өгүүлэх нь зүйтэй болов уу.
Лагсаг үнэндээ өөрийнх нь мэдэхээр долоон үеийн харын бөө. Түүний өвөг эцэг нь Дархадын томоохон зайрангуудын нэгэн байсан бөгөөд долоохон настай байхад мөнх тэнгэрт хальжээ. Өвөөг нь тэнгэрт одоход маш олон хүн цуглаж идэх уух юм арвин байсныг хүү санадаг байлаа. Хэдэн жилийн дараа эцэг нь гэнэтхэн ухаан алдан унах болж, өвчилж эхлэв. Гэвч энэ нь өвчин бус онгод нь орж бөө зайран болж буйг учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөснөөр эцэг нь өвөөгийнх нь хэнгэрэгийг барих болжээ. Ингэснээр хүүд хандах хүмүүсийн хандлага ч эрс өөрчлөгдөн хүндлэл хайр нь эргэж иржээ. Ийн сайхан байх цаг нь харамсалтай нь төгсгөлтэй байлаа.
1936 оны өвөл гэнэтхэн эцэг нь хүүгээ дуудан аминчлан хүүрнэв. Нас бие гүйцэн эхнэр авахыг нь сануулсанаас гадна нэгэн гунигтай зүйл яригдав. Эцэг нь түүнд нас биед хүрсэн эр хүнийх нь хувиар итгэж илэн далангүй зүйл ярьжээ. Шинэ төр засаг лам нарыг төдийгүй бөө мөргөлтнүүдийг хяхан хавчин толгойг нь авч эхэлсэнийг яриад энэ их хядлага өөрийг нь ч тойрохгүйг илэн далангүй ярив.
Эцэг нь үхлээс мултарч болох ч ар гэрээ бодох, бас чиг онгод нь түүнд нас нь гүйцсэнийг хэлсэн болохоор мөнх тэнгэрээс зөрчихийг зүрхлээгүй гэнэ. Харин хэдэн жилийн дараа эцгийнх нь сүнс түүнд онгод болон очих учраас Лагсаг бөө зайран болох аж. Нэгэнт мөнх тэнгэрийн хуулийг зөрчих аргагүй учраас амь насаа хэрхэн авч үлдэх нь онгодоос нь бус хувь хүнийх нь ухаанаас шалтгаална гэдгийг эцэг нь сайтар захьжээ. Гэвч эцэг нь тийм ч амархан бас чиг мөрөөрөө алагдчихсангүй. Үүнээс долоон хоногийн дараа сумын төлөөлөгч аймгаас ирсэн ногоон малгайтнуудын хамт хөвчид гарч иржээ. Гэрт нь орж ирээд зураастай бичиг уншиж хөрөнгийг нь битүүмжлэх болоход
- Өө чааваас зайран зайран гээд байсан чинь олигтой эд хогшил алга л байна ш дээ гэж нэг ногоон малгайтан нь дурссан маягтай хэлж байсныг хүү тодхон санаж үлджээ. Эцгээс нь
- Зайран дахиад төрдөг гэл үү? Чи одоо энэ хүүгээ үхсэн хойноо бөө болгох уу? гэж асуухад эцэг нь маш их сандран
- Үхэх хүн дахин төрнө гэж юу байхав. Тэгээд ч ийм унхиагүй, шүтлэггүй хүн хэзээ ч зайран болж чадахгүй гэж шүлсээ хаяхад нь ногоон малгайтнууд баярласан янзтай муухай хөхрөлдөв. Ингээд эцэг нь зайдан морин дээр сууж ганц ч удаа эргэж харалгүй явж одсоноор сураг нь тасарчээ. Үүнээс хойш хэн ч ирж тэднийг оролдсонгүй.
Лагсаг ч эхнэр аван эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр амьдрал ахуйгаа өөд нь татаж эхлэв. 1940-өөд оны эхээр фронтод бэлэг явуулахаар бүх нийтийн хөдөлгөөн өрнөх үеэр Лагсаг багийн хуралд очжээ. Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээнд тохируулаад унааны морь нэгийг амлатал нь намын дарга гэнэтэн уурсч
- Чи муу эсэргүүний үлдэгдэл. Хашин хээрээр чинь хэдэн Герман хөөнө гэж бодоов. Чи ингэж нарийндаа хатаж байхаар хөвчид гарч ан хий. Эс тэгвээс чамайг Дотоодыг хамгаалахад мэдэгдэж байгаад эцгийн чинь хойноос явуулчихна шүү гэж хэлээд хөөжээ. Ингээд оготны хамраас ч цус гаргаж үзээгүй Лагсаг гэртээ байсан цахиур буугаа үүрээд хөвчид гарав. Амьдралдаа бууны хараа шагайж үзээгүй Лагсаг мэдээж хэрэг юу ч оносонгүй. Ингээд айж мэгдэхдээ амиа хорлохоор шийджээ. Буугаа эрүүндээ тулгаад хэтээ цахих гэтэл тэнгэр дуугаран хиншүү хярвас үнэртээд явчихав.
Нүдээ нээгээд хартал эцэг нь яг өмнө нь зэрэглээ адил сүүмэлзэн зогсож байх нь тэр. Лагсаг ч балмагдан буугаа унагалаа. Эцэг нь хий хоосон юм шиг атлаа,
- Чи ингэж болохгүй. Миний сүнс чиний онгод болж буучих гээд зовоож байна. Чамд ан агнаж өгье. Хангай дэлхий өгөх байх. Чи өвчиж авахаа бод. Алсдаа их газар бараадна биз гэж хэлээд алга болжээ. Залуу эцгийгээ хичнээн дуудсан ч ахиж харагдсангүй. Гайхаж балмагдсан залууг ойн цоорхой дахь отог дээрээ ирэхэд гайхмаар зүйлс хүлээж байлаа. Бодон, чоно, булга, буга, хандгай гээд зүсэн зүйлийн амьтан овоолоостой байв. Ингэж хэд хоног ангаа өвчиж дуусгав. Намын болоод багийн дарга ч сайшаалаа. Дайн дуусаад удаагүй байтал гэнэтхэн толгой нь маналзан татаж уналаа. Ингээд өвчтэй юм шиг хэвтэрт оров. Нэгэн удаа өвгөн зайран гэрт нь сэмхэн ирэхдээ,
- Чиний онгод чинь ирж байгаа бололтой гээд бага сага юм зааж өгснөөр бөөгийн шидийг олж, жинхэнэ зайран болох замдаа оржээ. Ингээд нууцаар бөөлдөг боллоо. Гэвч 1950-иад оны эхэн үеэс намаас илт хавчиж эхлэх болсон нь сэжиг авсныг илтгэж байлаа. Нэгэнтээ онгод нь түүнд,
- Энд удвал үхэл айсуйг шивнэсэн учраас мань эр хот бараадахаар шийдэн нүүдэллэсэн нь энэ. Цөөн хэдэн малаа зарж үрээд хэдэн янчаан болгосон Лагсагт хотод ирж мөнгө төгрөг олохдоо гол нь бус элдэв дарамт, хавчлагагүй амар тайван аж төрөх нь л чухал байлаа. Хотод нүүж ирээд гэрээ хаана барихаа мэдэхгүй гайхалзаж байснаа Сэлбийн голын хөвөөн дээр айлуудын хашааны төгсгөл дээр босгов. Шилжих бичигтэй байсан учраас газрынхаа зөвшөөрлийг аван хашаархуу юм босгож дөнгөв. Ингээд ажил хийх их аянд мордов. Мань эрд үнэндээ модноос өөр хийж чадах ажил байсангүй. Тийм ч учраас мужааны ажилд оров. Хүүхдүүд нь сургуульд, эхнэр нь эмнэлэгт асрагч хийх болсноор амьдрал ахуй нь нэг үеэ бодоход овоо сэхэх тийшээгээ ханджээ.
Ийн санаа зовох явдалгүй сайхан аж төрж байтал нь бас л болохоо байлаа. Нутгийнх нь нэгэн хүүхэн хотод орж ирээд Усны гудамжны нэгэн луухаантай ханилан суусан юмсанж. Лосолмаа гэгч уг эмэгтэйн нэр Хуар хэмээн солигдсон бөгөөд Лагсагийнхыг нүүж ирснийг мэдэж орхисон юмсанж. Тэгээд бие нь өөдлөхөө больсон учраас Лагсагаас тусламж гуйх санаатай эрсээр олчихжээ.
Нэг л өдөр үүдэн дээр нь морин тэрэг зогсон залуухан эрлийз эр гэрт нь орж ирэв.
- Таныг Хуар эзэгтэй гэртээ урьж байна.
- Хуар гэдэг хүн танихгүй ээ.
- Лосолмаа гэдэг нэртэй юм л даа. Уг нь танай нутаг юм гэнэ лээ. Хөвсгөлөөс ирж манай данжаадтай ханилсан юм.
- Тэгээд надаар яахнав?
- Таныг морилж ир л гэж хэлүүлсэн.
- Тэгвэл намайг завгүй байна гэж хэл. Тэгээд ч би таньж мэдэхгүй айлд ордоггүй гэж хэлээд нүүр өгөлгүй буцаажээ.
Маргааш нь мөнөөхөн морин тэрэг ахиад л ирэв. Дотроос нь нэгэн эмэгтэй нөгөөх эрлийз залуугаар түшүүлэн бууж ирлээ. Сая л гэрт нь орж ирэхэд нэг голынх нь Лосолмаа гэгч залуухан эмэгтэй болох нь танигдлаа. Төрсөн ах нь сумын намын дарга хийж байгаад өмч хөрөнгө идсэн хэргээр албан тушаалаасаа бууж байсан зэрэг олон зүйлсийг бодож амжив. Мэнд ус мэдэлцсэн болоод угийн зожиг Лагсаг хар цагаан дуугүй буруу хараад хэвтээд өгөв. Лосолмаа хэсэг чимээгүй сууснаа,
- Би энд ирээд нэгэн дотор хүнтэй суусан юм. Сайн хүн бий. Даан ч бие минь дээрдэхээ болилоо. Тэгээд л танаасаа аврал эрж явна даа гэхэд нь Лагсаг өндийж суугаад,
- Ах нь хэнгэргээ нутагтаа орхисон. Энэ цагт эмнэлгээс өөр хэрэгтэй зүйл байхгүй л болов уу. Чи нутагтаа очвол аяндаа бие чинь илааршина. Хужаагийн өмхий тагзанд чам шиг хүн өөдлөхгүй ээ. Энэ бол үнэн үг. Чи сайн бодоорой гэж хэлээд буруу хараад хэвтээд өгчээ. Тэсвэр алдсан Лосолмаа бүсгүй гэнэтхэн уурсч,
- Чи муу үхсэндээ боогоод байгаа юм. Хятад хүн шиг амьдарч чадахгүй хэвтэж юун ч ихэмсэг юм бэ? Чам шиг новшнууд л дотор хүнд атаархаж байдаг болохоос бус ухаантай нь хамтран ажилладаг юм шүү. Харж л байгаарай гэж загнаад гарч оджээ. Эхнэр нь уйлж дуулан сүйд болов. Гэвч мань эр тоосонгүй. Харин шөнө дунд гэнэтхэн онгод нь орж ухаан алдан уналаа. Эхнэр нь босч архи цутган сэрээлээ. Лагсаг хэнгэнэтэл санаа алдсанаа эхнэртээ,
- Чонотой нийлсэн монгол нохой гэдэг шиг хужаагийн дэвсгэр болсон гичий чинь балаг тарих нь бололтой. Тэр хужаа нь олон даргатай дотно юм шиг байна. Манай хорооны дарга хятад цустай хүн юм байна. Яая даа байз хэмээн үглэсээр унтжээ. Маргааш өглөө нь хороон дээр дуудаж байна гэсэн зарлан дуудах ирлээ. Тэрбээр сэтгэлээ хөвчлөн зоригоо чангалсаар явж очив. Хорооных нь засаг дарга дүвчигнэж гарлаа.
- Чи муу эсэргүү зүс буруулж явсан юм бий. Би Дотоод яам, танай намын дарга хоёрт мэдэгдсэн. Дулаан хувцсаа өмсөөд наанаа сууж бай гэж хашгичлаа. Мань эр ч хэсэг зуурт балмагдсанаа ухаан алдан ойчив. Хорооны дарга бүүр ихээр уурсан өшигчиж байснаа гэнэтхэн царай нь хувиран,
- Энэ хүн үхчихлээ гэж муухай орилон тусламж эрэв. Эмч ирэхэд аль хэдийн амьсгал хурааж цогцос хөрсөн байлаа. Гэрт нь цогцсыг хүргэж өгөхөд эхнэр, хүүхэд нь уйлан хайлан бөөн хөл үймээн болсон нь ойлгомжтой. Яг энэ үеэр Дотоодыг хамгаалахын чекист түүнийг барихаар ирсэн боловч үхсэнийг нь сайн батлаж мэдээд данжаадынх руу харайлгажээ. Хүмүүс явсан хойно баруун талын орон дээр хэвтэж байсан цогцос хөдлөх шиг болж хөшиг нь намирав.
Эхнэр нь айж мэгдтэл,
- Бүү айцгаа, би амьд гэж хүнгэнэсэн дуун сонсогдож бүгдээрээ уйлцгаав. Лагсаг босч сууснаа,
- Та нар минь намайг маргааш оршуулсан нь дээр байх. Би босоод л явчихна. Та нар хэд хоногийн дараа нүүж Амгаланд очиж буу. Тэнд л аж төрөе гээд танилынхнаа хашааг зааж өгчээ. Маргааш нь оршуулах ажил даруухан болж өнгөрчээ.
Харин яагаад ч юм Далай данжаад, хорооны дарга, намын дарга, Дотоодыг хамгаалахын чекист нар нэгэн зэрэг маш амархан үхэцгээсэн гэдэг. Амгаланд гэрээ нүүж очсоны дараагаар газарт булаастай долоо хоног хэвтсэн Лагсаг зайран эсэн мэнд гарч иржээ. Тэрбээр нэрээ солин Доржсүрэн болгосон бөгөөд эсэн мэнд явсаар далаад онд өөд болсон гэдэг. Мартсанаас хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Лосолмаа бүсгүй галзууран,
- Лагсаг зайран хараад байна гэж үглэсээр Туул гол руу орж үхжээ. Ногоон малгайтан чекист эр Далай данжаадын заавраар Лагсагийг үхсэний дараа гурван хоног шарилыг нь шалгаж байгаад үхсэн гэлцдэг.
Одоо болтол Лагсагийн үр ач нар дотроос бөө зайран төрөөгүй нь түүний сүнс цагийн хатууд үр, ачаа хэрхэн зовохыг мэдэж байсан учраас эргэж төрөөгүй байх гэж ярилцдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

Вольф Мессингийн багийн нэр нь Волик. Польшийн бөглүү Гора-Кальвария тосгонд төрж өссөн. Ээж нь Сара гэж ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Харин аав Григорий нь цадиггүй архичин. Волик гурван дүүтэй. Ээж нь нөхөргүй юм шиг дөрвөн хүүхэдтэйгээ борви бохис хийлгүй ажиллах ба тэднийх маш сайхан саглагар алимны модтой. Алимны модноос арвин ургац хураавал илүү гарсныг нь зарж хэдэн төгрөг цааш нь хийнэ. Чадахгүй бол өвөлжин хоол хүнс муутай зутарна гэсэн үг.
Волик хүү шөнө зүүдэн өвчтэй юм. Шөнө гэнэтхэн сэрээд цонх руу очиж сар руу удтал ширтдэг байв. Ээж нь араас нь гэтэн очиж хүүгээ тэврэн авч, тайвшруулан оронд нь унтуулна. Ер нь зүүдэн өвчтэй хүмүүс онцгой авьяастай байдаг юм байна. Хүү өглөө сэрээд энэ талаараа юу ч санадаггүй байлаа. Хүүгийнхээ ирээдүйн талаар санаа зовсон Сара тосгоны ламтанд хандана. Ламтан цонхны наана хувинтай ус тавихыг зөвлөнө.
Шөнө дунд Волик зүүдэндээ цонх руу явж байгаад хөл нь усанд дүрж сэрнэ. Яагаад ус тавьсныг ээжээсээ асууна.
Нэгэн орой гэр бүлээрээ хоол идэн суутал Волик хүү идэж байсан талхнаасаа цааш нь хийн байна. Тэгээд босч үнээний саравч руугаа явлаа. Очоод хайртай ганц үнээндээ талх өгч "Хөөрхий минь чи биднийгээ үүрд орхих нь харамсалтай" хэмээн духыг нь илнэ. Гэтэл ээж нь ард нь яриаг чагнаж байсан юмсанж.
-Чи ямар нүгэлтэй юм ярьдаг хүүхэд вэ. Үнээ нь байхгүй болчихвол бид сүүгүй яаж амьдрах юм бэ хэмээн Воликыг толгой түрийгүй загнана.
-Мэдэхгүй ээ, ээжээ, үнээ маань маргааш өглөө үхнэ.
Ээж нь муу амтай хүүгээ зодох нь холгүй авирлана. Гэвч өглөө үнээ нь үхсэн байх нь тэр.
Воликыг аав нь алах шахна. Түүний харааж байгаагаар хүү нь хар амлаад ганц хайртай үхрийг нь хөнөөсөн байж таарах нь.
Хүү үхтлээ айна. Харин ламтан өөрөөр бодож байлаа. Хүүг зайдуу авчраад "Чи энэ тухай яаж мэдсэн юм бэ?" хэмээн асууна. Хүү мэдэхгүй, яагаад ч юм тэгж санагдсан гэж хэлнэ. Ээж нь "Наадах чинь эртээд нөгөө хэнийх гуай шатаж байна гээд байсан яваад очтол үнэн байсан" гэнэ.
Учрыг ойлгосон ламтан "Миний хүүд ер бусын авьяас байна. Үүнийг хэзээ ч буруугаар ашиглаж болохгүй. Чи одоо эндээс яв" гэж зөвлөнө. Хүү хар хурдаараа гүйн Берлиний галт тэргэнд сууна. Халаасандаа нэг ч төгрөггүй хүү тасалбар шалгагчаас зугтан сандлын дор хэвтэж байна. Гэвч тасалбар шалгагч орны дороос цухуйх хүүг олоод харчихгүй хаачихав.
-Тасалбараа шалгуул. Гараад ир.
Сандарсан хүү гарт тааралдсан цаасыг түүн рүү сарвайлаа. Тасалбар шалгагч
-Тасалбартай байж юунд наанаа хэвтээд байгаа юм бэ. Сул суудал зөндөө л байна даг хэмээн тасалбарыг цоолчихоод яваад өгнө.
Хожмоо энэ цагаан цаасны учир тайлагдана. Учир нь Вольф Мессинг хэнийг ч ховсдож чаддаг аугаа авьяастан юм. Тэр юуг ч юу болгон ховсдож харуулах чадвартай.
Берлинд ганц ч мөнгөгүй буусан Волик шууданд ажилд орно. Өглөөнөөс орой хүртэл захидал болон илгээмж зөөнө. Гэтэл нэг орой ухаан алдан унана. Хүү гурав хоног юм идээгүйгээс ийн унасан юмсанж. Түүний зүрх цохилохгүй байна. Хүү үхжээ. Түүнийг морг аваачина. Мөрөн дээрээ өргөж хөлдөөгч рүү чиглэж байсан ажилтан "Энэ хүү үхээгүй юм шиг л нугаларч байх юм. Үхсэн хүн хөшсөн байдагсан" гэхэд нөгөө нь "Удахгүй хөшнө дөө" гэнэ. Хүүгийн цогцсыг хөргөгчинд хийнэ.
Үүнээс гурав хоногийн дараа Берлиний авьяаслаг сэтгэл зүйч, мэдрэлийн эмгэгч судлаач Абель оюутнуудтайгаа моргийн хөргөгчинд орж ирнэ. "Дуртай цогцсоо гарган ирж шалтгаанаар үхсэнийг нь тогтоо" гэнэ. Энэ үеэр нэгэн оюутан Воликын цогцсыг гарган ирээд "Энэ хүү үхээгүй байна" гэж хашгирна. Хүү сэрнэ. Бүгд гайхна. Амьд байлаа гэхэд хөргөгчинд гурав хоног байна гэдэг байж боломгүй зүйл юм. Гэтэл Волик хүү ингэж хэдэн өдрөөр ч хамаагүй унтдаг авьяастай юмсанж.
Хүүгийн гоц авьяасыг олж харсан Абель "Чи манайд амьдар. Хоёулаа баяжнаа" гэж хэлнэ. Түүний бодлыг уншсан Волик "Та угаасаа баяжихыг мөрөөдөж ирсэн" хэмээн хэлдэг.
Ингээд тэд тоглолт хийж эхэлнэ. Тайзны голд болор авсан дотор Волик хэвтэх ба Абель "Энэ хүү дөрөв дэх долоо хоногтоо энд унтаж байгаа юм" гэнэ. Зарим нь хөлийн ул руу нь зүүгээр хатгаж үзнэ.
Үзүүлбэр сайжирсаар Вольф Мессинг хүмүүсийн бодлыг уншиж гайхшруулна. Тайзнаа хэн нэгнийг нь гарган ирнэ. Ямар нэгэн даалгавар бодохыг хүснэ. Тэрийг нь Вольф биелүүлнэ. Жинхэнэ шуугиан дэгдэнэ. Илбэчин Вольф Мессинг.
Нэгэн өдөр түүн дээр нэгэн хижээл насны эр ирнэ. Хүү нь "Гарч байна" гэсэн захиа явуулсан хэдий ч ирээгүй сар болж байгаа тухай хэлээд захиаг өгдөг. Вольф захиаг аваад "Энэ хүн үхсэн байна" гэдэг. Хүүг нь үхсэн байна гэж хэлэхэд уг хүн итгэхгүй "Муу новшийн еврей" хэмээн харааж байдаг. Харин хэсэг хугацааны дараа хүүгээ дагуулан хүрч ирээд Вольфоос уучлал гуйдаг. "Хүү чинь амьд байна. Би худал хэлсэн юмаа даа" гэхэд "Үгүй, та үнэн хэлсэн байна лээ. Хүү маань найзаараа энэ захиаг бичүүлээд өөрөө замд гарсан юм байна. Харин найз нь тэр оройноо усанд живээд нас барчихжээ" гэдэг.
Нэр нь алдаршсаар нэрт сэтгэл судлаач Зигмунд Фройд, Эйнштейн нартай уулзана. Фройд санаандаа даалгавар бодох ба Вольф хямсаа аван Эйнштейний сахлаас гурвыг сугална. Өвгөн эрдэмтэн элгээ хөштөл инээнэ. Эйнштейн уурлана. Вольф даалгаврыг амжилттай биелүүлнэ. Шинжлэх ухааны сод оргилууд Вольфыг хүлээн зөвшөөрч, бахдан биширнэ.
Вольф Мессинг бол далдыг харагч, үзмэрч хүн юм. Хүн түүнээс төрөл бүрийн юм асууна. Тэр огтхон ч түгдрэхгүй асуултад хариулна. Түүний нэр алдар Берлинээс халина.
Олон жилийн явдал суудлаас залхсан Абель тоглолт зохион байгуулагч, ганган эр Цельмейстертэй танилцуулна. Үүнээс хойш олон жилийн турш Цейльмейстртэй хамтран аялан тоглоно. Лондон, Парис, Буонес-Айрес гээд түүний яваагүй газар үгүй.
Бразильд тоглолт хийж байхад тайзнаа нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирнэ. Бүсгүй санаандаа даалгавар гүйцэтгэнэ. Вольф "Үгүй ээ, би чадахгүй" гэнэ. Бүсгүй "Та чадна" гэнэ. Вольф ухасхийн хүүхнийг тэврэн авч уруул дээр нь үнсэнэ. Үзэгчид шаагилдана. Өмнөд Америкийн халуун бүсгүй Вольфид сэтгэл алдарчээ.
Нэгэн өдөр түүний өрөөнд Бразилийн хамгийн баян аж ахуйтан морилон ирнэ. Энэ баян хижээл эрийн үхэр Бразилийг өлхөн тэжээж дөнгөх юм. Тэрээр охин нь түүнд дурласныг дуулгана. Ингээд хангалттай мөнгө өгье, эндээс даруйхан яваач хэмээн гуйна. Гэвч Вольф эсэргүүцнэ. Тэрээр охинтой нь уулзан, баян эр Цельмейстер хоёрыг ярьж байх хооронд озолдон үнсэлдэж зогсдог. Тэд салах ёс гүйцэтгэжээ. Үүнийгээ аавдаа хэлнэ. Гэвч хэд хоногийн дараа бүсгүй өрөөндөө өөрийгөө буудан амиа хорлоно. Ингээд тэндээс явахаас өөр аргагүй болно. Түүний амьдралд хэд хэдэн бүсгүй байсан. Тэрээр нэгэн хөлгүй баяны эхнэрийг алсаас ховсдон өөртөө дурлуулж, хайрын захиа бичүүлдэг ба улмаар буудалд амраглаж байгаад нөхөрт нь гардуулж байдаг.

Тэднийг аялан тоглолт хийж явахад нэгэн увайгүй эр тэднийг шантаажлах гэж оролдоно. Энэ бол Канарис юм. Тэрээр Бразиль явах усан онгоцонд Вольфтой тааран түүнийг ихэд зовооно. Канарис ааваасаа багахан хөрөнгө өвлөн авсан ч түүнийгээ үрж бараад, баахан хүнээс зээл аван мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлд үрж дуусжээ. Өр нэхэгдэхийн зовлонд унасан тэрээр Өмнөд Америк руу зугтаж яваа юм. Тэрээр Вольфоос казиногоос их хэмжээний мөнгө хожиж өгөхийг гуйна. Хожоод өгвөл дахин хэзээ ч мөрийтэй тоглохгүй хэмээн андгайлна.
Казино руу ороод рульетний 0 дээр байгаа бүх мөнгөө тавь гэж хэлнэ. Канарис "Би энэ мөнгөө алдчихвал ямар ч мөнгөгүй хоцорно шүү дээ" хэмээн үглэсээр тавьсан биш тэр өдрийн хамгийн өндөр хожлыг авна. Казиногийн босс "Та өнөөдөр хожих болсоон. Алийн болгон хожигдох билээ" хэмээн. Ингээд Вольфыг хөзөр тоглохыг хүсдэг. Вольф хоёрхон таталтаар 100 франкаа 100 мянган франк болгон хожно. Казиногийн босс түүнийг илбэ жатга ашиглан хожсон хэмээн үзэж хожлыг хүчингүй болгохыг оролдоно. Гэвч тэд зүтгэсээр мөнгөө авч гарна. Хөл нь газар хүрэхгүй баярласан Канарис Вольфид хожлын мөнгөнөөсөө 40 мянган франк өгөх гэж оролдоно. Цаадах нь авахгүй гэнэ. "Би хэлсэн амандаа хүрч чамд тусаллаа. Дахин тантай таарахгүй гэж найдаж байна" хэмээдэг. Ингээд "Та казиногийн боссоос болгоомжлоорой. Цаадах чинь нэг юм бодчих шиг боллоо" гэдэг. Хожмоо энэ нь тодорхой болж Канарисыг хөлгөөс буунгуут гудамжинд хөлсний алуурчид отож байдаг. Буугаа гаргахаас нь өмнө Канарис хоёуланг нь цааш харуулаад гудамжаар орон алга болно.
Тэд явсаар Берлинд ирнэ. Ганусен гэж том биетэй авьяасгүй үзчмэрчтэй танилцана. Танилцана ч гэж дээ, Ганусен Вольфыг хамтарч тоглохыг гуйх ба зөвшөөрөхгүй болохоор нь янхан хөлсөлж байгаад хүчингийн хэрэгт холбогдуулах гэж оролдоно. Далдыг хардаг хүн яг тэр үеэр нь цагдаа дуудахаа мэдэлгүй яахав дээ. Үзүүлбэрээ үзүүлж яваад Гитлертэй уулзана. Тэрээр түүний хүсэлтээр Гитлерийн арми ирэх жилүүдэд Польш, Парис, бүх Европыг эзлэхийг хэлнэ. Гитлер ганц бах нь ханан инээнэ.
Ингээд нэгэн тоглолт дээрээ "Хэрэв Гитлерийн арми дорно зүг рүү дайрвал сөнөнө" хэмээн ам алдана. Энэ нь Гиббельсийн чихэнд хүрэх ба хилэгнэсэн Гиббельс тэднийг даруйхан авчрахыг тушаана. Гэвч Ганусен амиараа дэнчин тавьж тэднийг машинаараа оргуулдаг. Гитлерийн гарын үсэгтэй нэвтрэх бичгээр тэд Польш руу зугтдаг. СС-ийн штандартенфюрер болж дэвшсэн Канарис Ганусенийг нохой шиг буудаж орхидог.
Тэд явсаар Польшид ирнэ. Польш нутаг нь хөвгүүдээ сүр жавхлантай угтан авна. Харин хилэгнэсэн Гитлер "Вольфыг авчирсан хүнд 250 мянган франкын шагналтай" гэх зарыг түгээнэ. Тэд нэгэн гүнгийн гуйлтаар зураачийн дүрд хувилан шилтгээнд нь очиж үе дамжин ирсэн үнэт зүүлт алга болсон хэргийг мөрдөнө. Ажилтнуудын хэн нь ч аваагүй байдаг. Харин тэнд ухаан муу нэг хүү байдаг. Вольф тэр хүүгийн бодлыг л уншиж чадахгүй байдаг. Иймээс өөрийн зүүлтээ сэмхэн тавиад цоожны нүхээр харж байтал хүү зүүлтийг аваад баавгайн чихмэл рүү хийж байдаг. Баавгайн чихмэлийг ухтал нөгөө алга болсон зүүлт болон олон тооны үнэт зүйлс гарна. Гүнтэн хөл газар хүрэхгүй баярлаж байдаг.
Польш улс Гитлерийн армид эзлэгдэх үеэр тэд Варшавт явж байгаад Канарист баригдана. Зугтаах гэж оролдсон Цельмейстер болон туслах хоёрыг нь Канарис гудамжинд буудаж орхино. Шоронд хоригдсон Вольф ховсдох аргаа ашиглан бүх шоронгийн хүмүүсийг өөр дээрээ дуудаж байгаад өөрийнхөө өрөөнд хийн бүгдийг нь түгжиж орхиод оргодог. Ингээд Орос руу зугтана гарна.
Хил дээр түүнийг хилчид барина. Хилийн штабын хурандаатай уулзангуутаа тэрээр цэргүүдийнх нь дэргэд "Таны охины чинь зүрх муу байгаа юм байна. Та одоохон Москва явж мэс заслын алдарт эмч ... -ээр мэс засал хийлгэвэл илаар болно" хэмээн хэлнэ. Мэл гайхсан хурандаа цэргүүдийг гарахыг тушаан "Охиных нь тухай хэнээс сонссоныг асууна". Гоц авьяасыг нь мэдрэнгүүтээ Берия руу утасддаг. Ингээд хурандаа охин, Вольфыг аван Москвад Берия дээр ирнэ. Берия түүнээс Дотоодын аюулаас хамгаалах газраас ямар ч бичиг баримтгүй гараад, буцаж орж ирэх даалгаврыг боддог. Бодлыг нь уншсан Вольф өрөөнөөс нь гарна. Түүний араас хоёр офицер даган явдаг. Давхар бүрт байрлах олон тооны харуулууд Вольфыг ажиг ч үгүй явуулсаар байв. Гайхаж хоцорсон хоёр офицер нэгэн харуул дээр очин "Саяны хүний бичиг баримтыг яагаад шалгасангүй вэ?" гэхэд "Сая миний хажуугаар хэн ч өнгөрөөгүй шүү дээ" хэмээн бат нот хэлж байдаг. Гайхсан хоёрыг дагуулсаар Вольф газраас гараад яг тэр аргаараа буцан Бериягийн өрөөнд орж ирдэг. Берия түүний тухай тэр даруй Сталинд мэдэгдэнэ.
Уулзуутаа Сталин нэгэн хоосон цаас өгөөд "Хажуугийн Хадгаламж банкнаас энэ цаасаар 100 мянган рубль аваад ир" гэдэг. Вольф гарах ба араас нь Дотоодыг хамгаалахын хоёр залуу үг дуугүй дагана. Вольф банкинд ороод хоосон цаасаа банкны ажилтан бүсгүйд үзүүлэхэд өнөөх нь
-Та бэлнээр нь авах юм уу? хэмээгээд ногоон ууттай бөөн мөнгө өгнө. Вольф мөнгийг аваад банкнаас гарахад мэл гайхсан хоёр залуу өнөөхийг нь шүүрч аван банк руу ороод банкны ажилтанд үнэмлэхээ үзүүлэн
-Та энэ хүнд ийм хоосон цаасаар 100 мянган рубль өгчихөж байгаа юм уу? хэмээн зандарна. Цаасыг харсан бүсгүй ухаан алдан унана.
Вольф Орост 35 жил амьдарсан. Энэ хоорондоо өөрийн цорын ганц хайрт болох Айда Михиайловнатай танилцана. Тэд хамтдаа аз жаргалтай 16 жилийг үддэг.
Энэ хооронд Вольф Сталинд Германы арми 1945 оны 5 дугаар сард бут цохигдоно гэдгийг хэлдэг. Сталины бах нь ганц ханана. Берия үүнийх нь төлөө Вольфыг цааш харуулчих уу гэж Сталины уурыг хүргэж байдаг.
Үзмэрч хүн өндөр ёс суртахуунтай байх ёстой аж. Тэрээр нэг л удаа худал хэлж байсан. Нөхөр, таван хүүгээ дайнд үдсэн эмгэнд "Бүгд амьд байна" хэмээн худал хэлдэг. Тэгээд Айдад уйлан хайлан байж "Би анх удаа худал хэлчихлээ. Би түүнд бүгд алдагдса байна" гэж хэлж чадсангүй гэдэг.
Мөн үзмэрч хүн хэзээ ч мөнгөнд шунах гэх мэтээр гоц авьяасаа буруу зүйлд ашиглаж болдоггүй аж. Бага байхад нь ламтан энэ тухай түүнд "Үүнийгээ буруугаар ашиглавал маш том нүгэлд унахыг" сануулж байдаг.
Эхнэр нь нас барсны дараа Вольф ихэд ганцаардан шанална. Түүний амьдрал ганцаардлаар дүүрэн байсан. Тэрээр сүүлийн 16 жилийг эс тооцвол гэр бүлийн хайр халамж, халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй олон улс орноор хэрэн тэнэж байсан. Энэ нь түүнийг маш аз жаргалгүй нэгэн болгосон. Нас барсных нь дараа түүний гэрийн авдарнаас 200 мянган рубль гарсан ба энэ нь тухайн үеийн ханшаар 20 сая ам.доллар байжээ.
Тэрээр хэзээ ч мөнгөний төлөө, баяжихын төлөө байсангүй.
Үргэлж хүн ардад туслахыг эрмэлздэг байлаа. Түүнийг хаана ч явсан хүмүүс хуйлран дагадаг байсан. Бие нь муу байсан ч тэр хүн бүрийн асуусан зүйлийг ямар ч үнэ хөлсгүй хэлж өгдөг байв. Ийм нэгэн бодит хүний тухай өгүүлсэн "Сталиний үзмэрч Вольф Мессинг гэж..." номын тухай товчхон, маш товчхон өгүүлэхэд ийм байна. Өөрсдөө уншвал бүр сонин байх биз ээ.

Дaйны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа. Аргал түүж яваад хээрээс xөлөө xyгалан нисч чадахаа байсан хэрээ олжээ. Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ дapуулж yнан гэмтcэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн xyгарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ.
Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ. Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй.
Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг xyгарсан хөлний боpoолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.
Бөмбөөлэй гуай ярихдаа: Хэрээг xapaaл хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд. Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэхдээ миний энэ мyy шувуу ‘бүсгүй’ амьтан байгаа юм гэж билээ.
Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ xөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ aaшлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ. Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүн¬шандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ. Хэрээ ухаантай гэдэг үнэн. Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ: Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж aaшлахад хэрээ ихэд гэмшcэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно.
Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ xyлгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа. Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө. Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана. Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ..
Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул ‘нөхөрт’ гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.
Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг мaтаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, xapаал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ.Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн: Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм. Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ гэжээ. Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа:
Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрхи үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.
Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно. Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрvvл юмуу coгтуу хүн агcaн тавих юмуу таагүй зүйл болдог байлаа. Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан.
Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана. Яагаад ч юм явахыг нь мэднэ. Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ. Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна.
Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа.
Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш xyлгай хийхээ байсан гэдэг.
Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай:
-Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн. Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм
Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн:
Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин :
Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна гэж дуу алдсан гэдэг.
Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ. Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд:
Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз. Одоо харьцгаа гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ…
Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 км¬т байдаг хилийн сум. Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна.
Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна.
Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1¬р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил.
Бөмбөөлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг.
Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ. Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ.Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн нэвтрүүлэг хийх замдаа сумын засаг дарга Батмөнх, тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ.
Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин:
-Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. Бид тавуулаа буусаан гэтэл:
Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв
Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ.
Бөмбөөлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч чадалгүй буцаж билээ.
Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.
Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн. Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол.
Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ мyy хүнээс илүү ач тусыг ойлгон цайлган сэтгэл Mонгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.
Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү. Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй.
Хоол ундаа жижигтээ авчирч өгнө. Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.
Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.

АМЬТАНЫ ХАРААЛ

Хэн хүнд сургамж болоосой билээ шейрлэж найз нөхөддөө уншуулаарай!!
Миний өвөө анчин хүн байсан юм. Их олон жил ан амьтан авлаж явсан. Харин одоо өвөөгийн хийсэн нүглийн төлөөсийг бид хангалттай төлж дуусч байна…
Байгаль дэлхий хүнд өгч чаддаг шигээ бас буцаагаад бол аваад явчихдаг л юм билээ. Миний өвөө амьд сэрүүн байгаа. Хэвтэрт хоногоо тоолоод өвчиндөө шаналаад хэвтэж байна. Үг нь цөөрөөд чих нь сонсохоо больсон ч нэг жижигхэн бурхны зурагны өмнө өвдгөө цоортол мөргөж, нүдээ ширгэтэл уйлж байна.
Миний хийсэн нүглийн төлөөсийг надаас ав гэж хэдэн удаа бахирч уйлж байна гэж санана. 90 хүрсэн хүн ш дээ. Гэтэл энэ хүнд надаас өөр хүн үлдсэнгүй. 4 сайхан хүүтэй нэг сайхан охинтой байсан. Миний аав том хүү нь байсан юм. Аав маань намайг жаахан байхад хүнд хороогдсон. Аавын дүү нар болох хүмүүс бүгд л ямар нэг өвчин зовлонгоор өөд болсон.
Би хэдэн удаа морг явж, хэдэн удаа улаанбаатар буян руу алхснаа бараг мартаж. Миний үеэл зээ нараас эрүүл тулгуур эрхтэнтэй хүн олно гэвэл хэцүү. Ядаж л хуруугүй төрнө. хөл гар нь зүв зүгээр байснаа гэнэт нэг өдөр явж чадахаа байгаад суумгай болно. Би өөрөө нэг хөлөө хөдөө явж байгаад дээрээс чулуу нураад алдсан. Ёстой санаанд ч ордоггүй юм билээ. Над шиг эмэгтэй хүн нэг хөлгүй байна гэдэг ямар олиг байхав.
Чи бодоод үз дээ…, байгаль дэлхий хатуугаа хүрвэл хатуу шүү. Хариугаа авахдаа чамаас биш чиний үр хүүхдээс авна. Чиний үр хүүхдийн үр хүүхдээс ч авна. Сайн санаж яваарай. Хэзээ нэгэн цагт үйлийн үр чинь ирэх л болно. Манай өвөө шиг зовлон битгий амсаарай даа. Би чамд амьдралаа л бичлээ. Хүнд үйлийн үрийг нь хэр их байгааг харуулах гэж нүглийн эзнийг бурхан үлдээдэг юм байна.
Тэгээд өөрийнх нь нүдээр үр хүүхдийг нь яаж зовж тарчилж, яаж тасарсан хөлийнхөө идээлсэн шархыг цэвэрлүүлэх гэж харааж зүхэж байгааг сонсуулах гэж үлдээдэг юм билээ шүү.Намайг жаахан байхад манай гэрээр дүүрэн чонын арьс, үнэгний сүүл байдаг байсан. Нэг үнэгний сүүл болкон дээр байж л байна. Тэрүүгээр юу хийх юм бэ? харж баясах юмуу? Чанаад идэх юмуу, хий дэмий болкон дээр хонуулах гэж нэг сайхан амьтны амийг өвөө авчихаж, тэгэх хэрэг байна уу? Би одоо бол өвөөг хараад зүхэхээ ч байсан.
Яахав энэ хүн хангалттай нүглээ төлж дуусч байна. Авга эгч эмнэлэгт өөд болохдоо өвөөг “муу алуурчин минь бах чинь ханаж байна уу…” гэж орилж байсан юм. Та нар одоо бол яахав, залуу сайхан явна. Юун үр хүүхэд, юун ач зээ гээд бодох ухаангүй л яваа байх. Гэхдээ хүн хөгширнө. үр хүүхэд чинь өснө. Ач зээ чинь төрнө. Тэр үед л нүглээ төлдөг юм шүү.
УХААНТАЙ Л АМЬДАРЧ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ… Үүнийг бичсэн Pinkie Норов ЧОНЫН ТУХАЙ бүлгээс

Ш.Юнгэрэн гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрж өссөн хүн. Тэднийх Шаргын говьд байдаг цорын ганц Баянбүрд болох газар буюу одоогийн Ээвийн буудал хэмээх тээвэрчдийн буурчийн газраас 80-аад км-ийн зайтай нутагладаг байжээ. Тэнд нь Нялхсын шанд нэртэй жижигхэн булаг байгаад 1950-иад оны эхээр бyзapтсаны улмаас ширгэж алга болсон учраас айл амьтан нутаглах нь бүү хэл aлдуул зyyгуул тэмээ мал ч харагдахаа больжээ.
1940 оны хаврын адаг сарын үеэр 16 настай Юнгэрэн хүү хэдэн ботго, тормоо ycлахаар Нялхсын шанд дээр очжээ.

• Амьдрал байх үед л орших боломжтой молекул илрүүлжээ
• Уг гараг нь 120 сая гэрлийн жилийн зайд оршдог
• Агаар мандлаас нь нүүрсхүчлийн хий илрүүлсэн нь далай байж магадгүйг илтгэж байгаа аж
Америкийн сансар судлалын байгууллага буюу НАСА-ийн Жеймс Вебб дуран амьдрал байх боломжтой гараг илрүүлсэн байна.

Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн “Би”-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой. Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм

~1900 - Фланнан арал дээрх Эйлин Мор гэрэлт цамхаг. Гэрэлт цамхаг баригдсан хугацааны хэддэх үедээ ул мөргүй алга болсныг мэдээгүй.
~1902 оны 12-р сарын 29-ээс 30-ны шөнө 01 цаг 05 минутад Парист олон цагийг зогсоосон ба үүнийг Парижын эвдрэл хэмээдэг.
~1908 - "Tунгусын солир" -ийн уналт.
~1911 оны 7-р сарын 14-нд Ромын төмөр замын буудлын вокзал дээр чинээлэг италичуудад зориулсан "Санетти" компани зохион байгуулсан "аялалын хөлөг онгоц" -ыг зохион бүтээж туршсан. 106 зорчигч бүхий галт тэрэг хэт урт туннель рүү ойртож байв.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?