ЦАСТ ХАЙРХАН БУЮУ ҮЗМИЙН ЦАГААН УУЛЫН НЭГДСЭН ТАХИЛГЫН ГАЛЫН ТАХИЛГА
2013 оны 5 дугаар сар 24-ны Оройн 22.30-д МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга эхэлсэн юм. Хотод болсон ДЦХ-д хайрханы тахилгад толгойлж бөөлөх өөр санал гаргасан улаач байсангүй. Хамгийн залуу улаач болох Н.Мягмарсүрэн толгойлж бөөлөх санал дэвшүүлэв. Өөр санал гаргаагүй тул шийдвэр батлагдсан билээ.
Харин хайрханд ирсэний дараа Монгол бөөгийн их удган Булган толгойлж бөөлөхөөр зүтгэсэн билээ. Бид асуудалд цагийг нь тулгаж тулгаж хандахыг ойлгуулж анх гаргасан санал дээрээ баттай зогссон. Оройн галын тахилга эхлэх болоход удган Мягмарсүрэн цагтаа ирсэнгүй. Учир нь машинд зайран Гомбо сууж, буруу замаар явж цасанд машиныг суулгасан байлаа.
Энэ бол том сургамж байлаа. Зайран Гомбо Цаст хайрханы тахилгад Улаанбаатараас хөдлөхөд шинэ машин худалдаж авсан байсан. Гэхдээ замдаа Баянхонгорын нутагт 4-н дугуй нь хагарч үлдсэн.
Дугуйгаа шинэчилээд Говь-Алтайд гүйцэж ирсэн боловч хөргөлтийн систем бөглөрч задарсаар замд дахин хоцорсон байдаг. Түүнийг шинээр солиод Баян-Өлгийн Буянт суманд гүйцэж ирсэн боловч дезель түлшгүй учир сумын төвд үлдсэн юм. Танилын буянаар бид аймгийн төвөөс шатахуун авчирч хангасан боловч машин нь ассангүй. Гомбо зайран бөөгийн 4-н байгуулагын тугаа машин дээрээ суурьлуулсан байсан. Тэдгээр байгууллагын томоо гэсэн 4-н тэмдэгийг олонд тарааж, байгууллагаа сурталчилж явсан. Сумын төвөөс хайрханы зүг залуусын Микробусанд сууж хөдөлсөн боловч тахилга хийх газраас 3 орчим км зайд урд тэнхлэг нь тасарч зогссон. Залуус ч машинаа малчин айлд засаад аваарай гээд орхисон байдаг. Үйл явдлуудыг нэгтгээд үзвэл бидэнд том сургамж үлдээсэн. Тахилга бол тоглоом биш билээ. Хариуцлаггүй хандвал амиа ч алдах болно.
Олон түмэн бараг 3 цаг хүлээж байж галын тахилга эхлэв. Залуу удган Мягмарсүрэнгийн эрэмгий дайчин, тууштай чанарт одоо ч талархаж явдаг. Чамгүй бэрхшээлийг давж байж улаач хүн төлөвшдөг. Галын тахилгыг өдөр нь бэлтгэсэн байсан тул эхлэв. Түүний дараа Урианхайн Удган Б.Чулуун болон бусад бөө нар бөөлж тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.
Олон зуун жил тасалдсан Бөөгийн их тахилга эхэллээ. Өвөг дээдсийн арийн сунс биднийг ивээж билээ.