ХАЛИМАГТ ЗОРЬЧСОН СЭТГЭГДЭЛ (Нэгдүгээр хэсэг) Алсын замд үдсэн анд нөхөддөө баярлалаа.

.
Биднийг хүлээн авч өдрийн хоолоор дайлаад “Алтайн магтаал” ба морин хуурын уянгалаг аясаар холын замын дөрөөг мялаав. Дархан хотын хойд үдэлтийн хаалган дээр биднийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон үдэж өглөө.
Дархан хотоос гараад удалгүй Дулаан хан, тужийн нарсыг өнгөрч, Алтанбулагийн хилийн гааль дээр ирлээ. Монголын талд машин үгүй агаад хяналт шалгалтаар өнгөрч ОХУ-ын хилийн шалган дээр ирлээ. Энд монголын машинууд хоёр урсгал бүхий цуваанд орж шалгуулахаар урт дараалал үүсгэн зогсоно. Шалгалт удаан, жигд хурдтай нэгэн хэмээр хийгдэнэ. 
ОХУ-ын Хиагтын боомт дээр гурван цаг зогсож, хянуулж, шалгуулав. Тэнгэрт үүл бөөгнөрч, хаврын цас хаялж эхлэв. Хиагтаас Улаан-Үдийн зүг хөдлөх мөчид цас улам их будран оров. Хиагтын арын гурван даваа, хөтөлийг өнгөрмөгч цас орох нь зогсож, дөнгөж саяхан цасан дээлээ өмссөн уул хөндий биднийг угтлаа.
Гэгээ тасарахын алдад хөндийг дүүрсэн их гэрэл харагдсан нь Улаан-Үд хот байлаа. Хотын захад Монгол бөөгийн удган Оюна, нөхөр Андрейн хамт биднийг угтаж, зочид буудалд байрлуулж, оройн зоогонд орууллаа. Аян замын сонин сайхан, ойр тойрны мэдээлэл солилцож суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болчихсон байлаа.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts