Хоёр. Сибирийн замд нисэхийн сонгодог үзүүлбэрийг үзэж, гал түймрийн гамшигтай учрав.

Красноярскийн хязгаар нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарах ба 2007 оноос Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн. Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг ихтэй.  ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Томоохон усан цахилгаан станцуудтай.
Краснаярскийн районы Канск хотод орж ирлээ. Наян есөн мянган хүн амтай Канск хот 1636 онд байгуулагдсан эртний түүхтэй билээ. Кызылээс эхэлсэн ойн түймрийн утаа үл замхарна. Уудам хөндий, ой модон дунд сибирийн төв зам хөвөрнө.
Утаан дунд умбасаар Тайшет хотод ирлээ. Энэ бол Эрхүү мужид хамаарах Тайшет хот юм. Эрхүү мужийн баруун хэсэгт орших Тайшет хот бол 1897 онд байгуулагдсан 34000 хүн амтай. Бид энэ хотын дундуур дайрч гарлаа.
Сибирийн төв замын дагуух Нижнеуденск хот бол дорнод Саяаны уулсын дунд оршидог 39000 хүн амтай, 1648 онд байгуулагдсан. Нижнеуденск хот бол автомашин, төмөр зам, агаарын замын дайрч өнгөрөдөг, нисэх буудалтай сибирийн төв хотын нэг юм. Энэ хотод аж үйлдвэрийн 13 үйлдвэр ажилладаг.
ОХУ-ын Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриад, Саха Улсын нутаг дэвсгэрт 3 сая га талбайг хамарсан 500 орчим цэгт түймэр гарч, салхины чиглэл, агаарын урсгалын нөлөөгөөр түймрийн утаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан учир Красноярскийн хязгаар, Эрхүү муж, мөн Буриадад онц байдал тогтоолоо гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлж байлаа. Хүн амын суурингууд болон эдийн засгийн объектуудад аюул учраагүй боловч утаа тархаж, зарим хот, тосгонд “амьдрах нөхцөл” улам муудаж байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдэл гал түймэр сибирийн ойг хамарсан нь дэлхийн экологт нөлөөлсөн үйл явдал байлаа. Түймрийн гамшигийг нүдээр үзнэ гэдэг бас л ховор тохиолдол байлаа.

 
 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts