Харин өдгөө Төрийн ордонд залсан хөшөөг ХБНГУ-ын брахми үсэг судлаач Д.Мауэ болон “Дэлхийн нууц бичээс” төслийн багийн эрдэмтэн А.Вовин, М.Лемас, Э.Л.Вейссер нар судалж, 2014 онд тус хөшөөний бичгийн анхны хэв, хуулгыг тайлж уншин, монгол бичиг, үсэг байх магадлалтай гэж үзжээ. Тодруулбал, Монгол дахь Түрэгийн үеийн дурсгалуудыг цуглуулж байсан судлаач Н.Базелхан дээрх хөшөөний бичээсийн хуулбарыг эрдэмтэн Д.Мауэд хүргүүлсэн байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн Л.Хурцбаатар судалгаа хийгээд хөшөөн дээрх бичээс аялгуу хөгтэй, тахилгын хэв шинжтэй, бурхны шашны зан үйлтэй холбоотой агуулгатай бөгөөд монгол брахми үсгээр бичсэн гэж үзсэн байна. Мөн уйгаржин монгол бичгээр “Хүйс толгойн бичээс” нэртэй ном бүтээжээ. Брахми үсэг нь олон төрөл төдийгүй дэлгэрэх явцдаа өөр орны хэл, соёлд уусаж, үсэг, зурлага нь нэмэгдсэн аж. Үүний адилаар Монголд дэлгэрч, 4-5 зурлага нэмэгдсэн гэдгийг судлаачид тогтоосон байна.
Тус хөшөө нь одоогоос 1400 жилийн өмнө буюу руни бичгийн дурсгалаас түрүү үед хамаардаг бөгөөд Түрэгийн Нири болон Жужаны Анахуай хааны нэр, дахин төрөөсэй гэсэн залбирал, төр ёс, бурхны шашны зан үйлийн тухай бичиж үлдээжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны есдүгээр сарын 25-нд тогтоол гарган, Хүйс толгойн бичээсийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Түүнчлэн түүх, соёлын дурсгалд алаггүй хандаж, гурван хөшөөг хамгаалах, сэргээн засварлах, зориулалтын орчинд хадгалах шаардлагатайг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны секторын эрхлэгч, доктор А.Энхтөр хэллээ.
Leave a Reply