Орос улс Чин улстай зах нийлэх Минжээс Эргүнэ мөрөн хүртэлх харуулуудыг Гантөмөр ноёны харьяат хамниган нарт хариуцуулжээ. 1760 онд тэдний дундаас 500 хүнтэй хасаг цэргийн нэг хороо зохион байгуулсан бөгөөд 1851 онд тэднийг Өвөр Байгалын хасаг цэргийн бүрэлдхүүнд оруулжээ. Харин харуул болон хасаг цэргийн зохион байгуулалтанд ороогүй үлдсэн хэсэг нь 1822 онд Сибирийн засаг захиргааны шинэчлэлтээр Үрүлгийн талын дум хэмээх захиргаанд харьяалагдах болов. ХХ зууны эхнээс Оросын хувьсгал, дотоодын дайн зэргээс дүрвэн Халх Монголын нутагт нүүн орсон буриад нартай хамт хамниган ардууд мөн нүүдэллэн ирж Онон голын, Хэрлэн голын, Улз голын, Халх голын буриад хошуудад захирагджээ. Үүнээс гадна Чин улсын харьяаны Халх Монголын Сэцэн хан аймагт цөөн тоотой хамниган хэмээх ардууд байсан нь эрт үед халхжижээ. Хамниганууд манж түнгүстэй нэг гаралтай эвенки хэлнээс гадна дундад үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан хамниган монгол хэлээр ярилцдаг байснаа эдүгээ орчин тойрныхоо монголчуудын хэл аялгууны нөлөөг хүртэж монгол хэлний буриад болон халх аялгуугаар ярилцах болжээ. 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад нийт 537 хамниган хүн бүртгэгджээ. (Б.Нацагдорж)
Ашигласан ном зохиол
Ринчен. Монгол ард улсын хамниган аялгуу. УБ., 1968
Монгол улсын угсаатны зүй III. Түрэг, хамниган овогтны угсаатны зүй. УБ., 1996
Juha Janhunen. Khamnigan Mongol. Lincom Europa, 2005

Leave a Reply