Author: admin_shaman

  • Ц.Дэмбэрэл: Монгол хүн үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй

    “Чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё.”

    Монголын сурагчид, багш нар, эцэг эхчүүд тийм ч муу биш ээ. Асуудлын гол нь хуучинсаг нөхдийн бүтээсэн “контент” хоцрогдсонд байна. Үндэстний IQ-ээрээ монголчуудаас хавьгүй доогуур олон улс биднээс боловсролын чанараар хавьгүй урд явж байна. БШУЯ хуучинсаг баримтлалаасаа шийдвэртэй салах биз ээ. Багш бол боловсролын үйл явцад оролцогч. Миний тухайд багш руу бүгдийг чихэх тухайд арай өөр бодолтой. Би монгол багшийг тийм муу, чанаргүй гэж бодохгүй байна. Багшийн болон багш бэлтгэх сургуулийн чанарыг сайжруулах, тэнд сайн элсэгч авах энээ, тэрээ бол ЗАВСАР-ын шинжтэй хоёрдогч асуудал юм. Яагаад гэхээр, эдгээр нь дандаа үйл явц. Үйлээр оролдох нь эцэс төгсгөлгүй байдаг. Манайд магистр, доктор багшийн тоо нэмэгдээд л байгаа. Тэгээд яахаараа сургалтын чанар буураад байгаа билээ? Манай ШУА шинжлэх ухааны докторуудыг үйлдвэрлээд л байгаа. Гэтэл үр дүн хаана байна вэ? Улам л дордоод байгаа биз дээ. Ерөнхий шалгалтын өндөр оноотой хүүхдүүдийг МУБИС-д элсвэл төлбөрийг нь төрөөс дааж буй. Тэдгээр оюутан гайгүй багш болох нь болно. Гэхдээ тэд төрийн ЕБС-д ажиллах уу? Харин ч бүр өөр зүг рүү явчих биш биз? Тэгсэн байх шүү. Дутуу бодсон ажил араасаа ГАЙ дагуулдаг гэдэг. Ийм завсрын шинжтэй хоёрдогч юмаар оролдох нь БШУЯ-д амар, элдвийн үг хэлнээс ангид байгаа хэрэг. Зүй нь завсрын хоёрдогч юмаа орхиод, анхдагч суурь юмаа барьж авах ёстой л доо. Тэр нь БАГШИЙН ҮНЭЛГЭЭ юм. Одоо багш бэлтгэх үйл явцаар оролдоод амжилт олох магадлал тун эргэлзээтэй. Миний санал чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё гэдэгт оршмой.

    Манай боловсролын чанар сул байгаа нь багшаас л эхтэй гэх хандлага нийгэмд тархмал болсон, харахад ч тийм юм шиг?

    Энэ нь хоёр талтай. Багшийн чанар тэгтлээ муудсан уу, эсвэл асуудал бор юманд байна уу, одоо тэгээд багшаа л чадвартай болгочихвол ажил сайжирчих уу, үүнд баталгаа байна уу? Эдгээр нь эргэлзээтэй. Ер нь сулавтар багш олширсонтой маргах юун. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ асуудал хүндээ биш байх аа, би ингэж бодно. Асуудал боловсролын контент хөтөлбөрт л байгаа даа. Үнэхээр л сайн контентыг авч чадахгүй бол тэр багшийн ЧАДВАР СУЛ болой. Одоогийн манай боловсрол чинь судлагдахуунд суурилдаг. Судлагдахуун бол контентын гол цөм нь.

    Контент, судлагдахуун нь үнэхээр хоцрогдсон гэдгийг өмнө хэлсэн. Судлагдахуун нь ийм муу байхад багш хэчнээн чадварлаг байгаад ч нэмэргүй.

    Учир нь багш судлагдахуунаа л дагана. Үхэр тэрэгний дээд хурд гэж бий. Захирал, багш хоёр яаж ч хичээгээд үхэр тэрэг хэзээ ч машин шиг хурдтай болохгүй л дээ. Харин шинэ сайн хөтөлбөр контенттой бол ямар ч монгол хүн, төрөлхийн эргүү л биш бол, яаж ийгээд л даваад гарна. Монгол хүн чинь үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй. Иймд манай багш нар тэгтлээ дор орчихоогүй байх аа. Би вээр БШУЯ-д хандаж “Монгол багш нартаа итгэе, тэдэндээ сэтгэх эрх чөлөө өгье, өрсөлдүүлье тэгээд үнэхээр л явахгүй бол өөр арга бодъё” гэж уриалмой.

    Боловсролын чанарт сайн багшийн нөлөө чухал гэдэгтэй Та маргахгүй биз дээ?

    Сайн багш өмнө ч байсан, одоо ч байгаа. Гэхдээ тэд цөөн. Эцэг эхчүүд хүүхдээ сайн багштай ЕБС руу зөөж байгаа нь ч буруу биш. Гэтэл яагаад сул, муу, дундавтар багш нар багшилсаар байгаа билээ? Тэд яагаад сайн болъё гэж урагшаа зүтгэхгүй өдий хүрэв? Сайн багш гэж чухам хэн бэ? Багш нарын цалин бага, гэтэл сайн багш ажлаа хийсээр л байгаа. Ингэхлээр цалин нэмэхээр багш сайжирна гэдэг баталгаатай биш ажээ… гэх мэт олон асуудал байна.

    Үхэр тэрэгтэй байх үеийн сайн багш, тоёота жиптэй үеийн сайн багш хоёр их ялгаатай. Тэгэхлээр багшийг сайжруулах асуудал ярихаасаа өмнө ямар тээврийн хэрэгсэл ашиглахаа шийдмээр юм. Тээврийн хэрэгслээ солихгүй ээ, үхэр тэрэг монголчууд бидэндээ таарч байгаа гэвэл одоогийн багш нарыг чанаржуулах асуудал ярьж болно.

    Миний тухайд эхлээд үхэр тэргээ машинаар солих тухайд санал нэгдье гэж уриалсаар 28 жилийн нүүрийг үзэв. Сүүлдээ ч залхах аястай болж байна шүү. Өвөл өнгөрч, цас хайлсан, ИРЭЭДҮЙ хүссэн ч эс хүссэн ч өөрөө өөртөө зам гаргана л даа. Монголчууд үхэр тэргээ машинаар солих цаг ойртсоор байна. Иймд одоо үхэр тэрэгтэй боловсролын багшийг бус, машинтай боловсролын жолооч багшийг ярих цаг. Ирээдүйн багш гэсэн үг. Энэ бол сайхан гэгээлэг сэдэв шүү.

    Манай багш нар ЗААДАГ?

    Эдүгээ хүртэл манай боловсролд МЭДЛЭГ заасаар. Нарийндаа бол мэдлэг заах ч бас биш юмаа, зүгээр л мэдлэг дамжуулдаг. Гэтэл мэдлэг интернетээр дүүрэн, ямар ч үнэ төлбөргүй, бас их гангалсан, илүү ойлгомжтой, хүртээмжтэй болжээ. Мэдлэгийг зааж, дамжуулж болно. Харин түүнийг эзэмшүүлнэ гэхээр асуудал бий. Үүний оронд чадварыг эзэмшүүлнэ гэвэл болно. Эдүгээ “Багшлахуй” бол УРЛАГ юм гэх болов. Урлаг гэхээр мэдлэг рүү бус чадвар руу эргэчихнэ. Ингэхлээр багш нь өөрөө чадварлаг байх, багшлах урлаг эзэмшсэн байх ёстой болчихно. Энэ нь багшид тавигдах шинэ шаардлага юм. Ийм чадвартай, урлагтай багшийг ЖИНХЭНЭ БАГШ гэх. Тийм шинэ, жинхэнэ багшийг бүр багаас нь бэлтгэх учиртай. Яахаараа нэг зохиолын дуу дуулахад авьяас шаардах атлаа багш гэхээр таг байдаг билээ. Тэгээд багш чинь дуулахаас дор ажил юм уу? Үгүй ээ, тийм байх ёсгүй. Тэгэхлээр багш гэдэг нь нэлээд нарийн урлаг байх нь. Урлаг заавал төрөлхийн авьяасыг шаарддаг. Тэр тусмаа багш вээр тун дажгүй төрөлхийн өндөр IQ-тэй байх ёстой болно. Ингээд л шинэ, жинхэнэ багш, өндөр IQ хоёр айлсаад ирнэ. Би одоогоор багш бэлтгэдэг их сургуулиуд, тухайлбал МУБИС-аас хэзээ ОЮУН УХААН, IQ гэх үгс сонсогдох бол гэж Хүлээгээд л байгаа. 25 жил хүлээлээ. Ойрын 10 жилдээ сонсогдох болтугай гэсэн билэгтэй ерөөл өргөе.

    Жинхэнэ багш гэхээр сонин сонсогдож байх чинь?

    Монголын багш нарыг авармаар байна. Манай багш нар бол нэг талаасаа суралцагчиддаа мэдээ мэдээлэл мэдлэг цээжлүүлж, тэднийхээ хөндий цээжлэх чадварыг (хөндий хоосон цээжлэх сургалтыг хориглоод байгаа) шалгадаг Дарангуйлан захиргаадагч ноён мэт, нөгөө талаасаа өөрийн эрх мэдэлгүй, хичээлээ шинэ аргачлалаар ч заачихъя гээд хөдлөх л юм бол ажлаасаа хөөгдөх өндөр магадлалтай боол мэт. Ийм нөхцөлд багш ердөө л унтаж байдаг. Ийм байдлаар удаж болохгүй ээ. Гол нь багшид итгэх хэрэгтэй байна. Багшид үүрэг хариуцлагыг нь хамт үүрүүлэх ёстой. Тэгвэл манай багш нар сэрэх болно.

    Багшийг яаж сэрээх билээ?

    Багшийн асуудлаар цоо шинэ үзэл баримтлал гаргаж эрчтэй ажилламаар байх юм. ХХI зууны багш ямар байх тухайд загвар шаардлагууд нь аль хэдийнээ гараад мөрдөгдөж байна шүү дээ. Олон улсын жишиг загвар, үлгэр гэж бий. Ядаж түүнийг харахсан. БАГШЛАХУЙН ШИНЭ ПАРАДИГМ-ыг хүлээн авъя.

    Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь юу бол?

    Эдүгээ дэлхий даяар “Багшилдаг парадигм”-аас “Суралцдаг парадигм”-д шилжиж байна. Тэгэхлээр багш гэж ярих нь ч бас өөр илүү өргөн утгатай болно.

    “Багшлах биш ээ, гол нь суралцах.” Багшлах гэхээр тэр нэг багш гэх хүнийг онцлох бол суралцах гэхээр багш, суралцагч хоёулаа хамт орж ирнэ.

    Багш нь бас суралцана. Эдүгээ заримдаа сурагч нар маань багш нараасаа хол илүү болчихоод байна. Би гэхэд л шинэ технологитой холбоотой, гар утас, интернет гээд ирэхээр ач нараараа заалгадаг боллоо. Би ач нартаа шавь оржээ. Ингэхээр хэн нь багш хэн нь шавь болох асуудал ээдрээтэй болно, хоёулаа л суралцаж байгаа юм чинь. Технологийн шинэчлэлийн хурдыг гүйцнэ гэдэг залуусын л ажил юм. Орчин үед ЗААДАГ багш бол багш биш гэх болсон. Гэтэл манайхан тувт заасаар. Бас суралцдаггүй багш бол багш биш болсон. Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе ард хоцорлоо. Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь: Багшид өсөж дэгжих эрх чөлөө өгөх, өрсөлдүүлэх, багшийн стандартыг байнга чангалж сайжруулах, тэгээд багшийн чадамжийг хөндлөнгөөс нь тогтмол үнэлэх, ЕБС- ийн захирал нь сургуулийнхаа багш нарыг чадамжийн оноогоор нь эрэмбэлэн цалинжуулдаг байх, ЕБС-ийг чөлөөт өрсөлдөөнд оруулах чигтэй байна. ЕБС-ийг төдийгүй их сургуулиудыг ХХК хэлбэрт ойртуулах боллоо. Бидний өмнө Монгол хөрснөөс ургасан, дэлхийд гайхагдсан БАГШЛАХУЙН ШИНЭ ЗАГВАР боловсруулах ажил хүлээгдэж байна. МОНГОЛ БАГШ!!!

    “Монгол багш” гэх дэлхийд тэргүүлж, бусдад гайхагдсан ЗАГВАР-ыг бид боловсруулж чадах болов уу?

    ЧАДНА, чадна. Чадахгүй ээ, хэцүү байх, бусдаас л зээлдье гээд өөрсдийгөө доош хийгээд ухраад байвал чадахгүй л дээ. Харин чадна, чадах ёстой, бид тэргүүлэхгүй юм бол тэгээд хэн тэргүүлэх юм гээд зүтгэвэл чадах л болно. Монголчууд бидэнд тэгж зүтгэх, зүтгэсэндээ хүрэх суурь нөхцөл байна. Дэлхийн хамгийн том тархийг монголчууд бид л эзэмшиж буй. Тэгээд л болоо, бусад нь дандаа хоёрдогч зүйл.

    Багш нь эдүгээ өндөр хөгжилтэй орнуудад хамгийн нэр хүндтэй, хамгийн сайхан мэргэжил болжээ. Орчин үеийн багш гэдэг чинь суралцахуйн дизайнер болсон. Тэрээр шавь нараа суралцахуйд хэрхэн сургах арга зүйг эрж хайж, олдог, хүүхэд бүрийн хөгжлийн замын зургийг гаргаж хөтөлдөг, тулгарсан асуудлыг томоор загварчлан харж чаддаг нэг ёсны чиглүүлэгч менежер юм.

    Манай бүх шатны сургуулийн багш нарыг ийм дизайнер менежер багш болгож болно. Монголчууд дээрхийн гэгээнтэн ДАЛАЙ багш гээд мөргөөд сөхөрч унаад сүйд болдог. Данзанжамц бол жирийн л хүн, гэхдээ ухаалаг. Тухайн жилд төрсөн хөвгүүдээс шалгаад олчихсон учраас 1Q нь гайгүй байж таарна. Данзанжамц шиг хэмжээний сэтгэдэг багш Монголоор дүүрэн. Тэгэхлээр Данзанжамцыг шүтэх биш, харин түүнээс сурах ёстой. Багш бүр өөрийгөө Данзанжамц гэж бодох учиртай. Монголын бүх багшийг Данзанжамц шиг болгоно гээд ДИЗАЙНЕР БАГШ ГЭХ ХӨДӨЛГӨӨН зохион байгуулж яагаад болдоггүй билээ. Болно, гол нь зориглоод хийх. Манай энэ тор монгол хүндээ үнэнхүү халтай, тэдэндээ итгэхгүй, тэднийгээ амьгүй боол гэж бодох юм аа. БШУЯ ядаж багш нартаа итгэж болмоор доо. Тэднийгээ уриалаад хөдөлгөхсөн.

    Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе өнгөрлөө гэв үү?

    Монголын багш нар суралцагчиддаа мэдээ мэддэг дамжуулдаг, өөр хийх ажилгүй шахам байна. Эцэг эхчүүд бас үүнд ихэд дассан. Тэд хүүхдээсээ өнөөдөр багш чинь ямар мэдээ заав, түүнийгээ л сайн цээжлээрэй, тогтоогоорой гэдэг Нийгэм бүхэлдээ ийм болсон.

    Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүхэн мэдээ ихэд үнэд орлоо, сүүлийн 30 жилд. Гэтэл мэдээ ялангуяа түүхэн мэдээ, хэрүүлэн мэдээ, эгэл мэдээ бол хор, хог юм.

    Хог идэн тархи өөрөө хог болдог. Бид шинжлэх ухааны мэдээ, мэдлэг хоёрыг ялгаж салгаж ухаарах ёстой юм л даа, уг нь. Мэдээ, өгөгдөл чинь хэрэгтэй газраа л хэрэг болно. Түүнийг хүн бүр тогтоох ямар ч шаардлага байхгүй. Мэдээ төдийгүй мэдлэг нь өөрөө дотроо эрэмбэтэй болсон. Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүнийг хар тамхитай зүйрлэж байна. Хүн хар тамхинд донтдог шиг доод эрэмбийн хогон, хоосон, эгэл түүхэн мэдээнд бас донтоно. Бүр гарч чадахгүй болтлоо дотоод, түүндээ уусаад, тэгээд хүн биш болно. Тархи нь ӨМХИЙРНӨ. Огтоос сэтгэхээ болино. Уртхан өгүүлбэр хэлэхэд л учрыг нь ойлгохгүй хоосон хоцорно. Тэднийг оюун сэтгэлгээний талын судлаачид ДООД ТӨРӨЛТӨН гэсэн ангилалд оруулдаг. Эндээс Монголын боловсрол жирийн сайхан монгол хүүхдийг доод төрөлтөнд хөөн оруулдаг ажгуу гэвэл арай хатуудах уу, яах уу? Би үүнийг багш нартай холбож хэлэв ээ. Манай багш нар нэгийг бодох байх аа.

  • ДУНДАД АЗИ ДАХЬ АЛТАН УРГИЙН УДАМ

    Хорьдугаар зуунд дэлхий дахинд Чингис судлал хүчтэй хөгжөөд байхад Монголд бүхэл бүтэн жарны турш эх оронд нь Чингис хааны нэрийг хэлэхийг хориглож, Эзэн хааныг маань коммунистууд харгис феодал, эзлэн түрэмгийлэгч харгис хаан байсан мэтээр гүтгэж харааж доромжилж байсан юм. Чингис хааны түүхийг сургуулиудад огт заадаггүй байлаа.

    Үүний горыг би өөр дээрээ хүртэл амсаж байв. Зөвлөлт улсад их сургуулийн оюутан болоод хоёрдугаар курсад сурч байхад манай их сургуулийн хууль эрх зүйн доктор багш тэр курст сурч байсан 12 монгол оюутан биднээс Чингис хааны түүх, Их засаг хууль хоёрын тухай асуув.

    Нэг ч монгол оюутан хариулж чадахгүй байв. Зөвлөлтийн сургууль төгссөн, орос хэл сайтай монгол оюутнууд хүртэл юү ч хариулж чадахгүй байв. Тэр үеэс би дотроо Чингис хааны тухай заавал сайн мэддэг болно хэмээн өөртөө тангараглаж байж билээ. Түүнээс хойш Чингис хааны тухай олон арван ном уншжээ.

    Тэдгээр номыг уншиж байхад Чингис хааныг маань гадаадын түүхчид, зохиолчид ямар гүтгэдэг байсныг олж мэдэв. Яриагаа цааш нь үргэлжлүүлье. Эзэн Богд Чингис хааны латн ургийн тухай ном зохиол үзэж байхад монголчууд өөрсдөө буюу монголын ойрдын зарим ноёд болон коммунистууд Чингис хааны алтан ургийг хэдэн зууны турш мөшгиж гадуурхаж хөнөөж дуусгасан байх юм. Эдүгээ алтан ургийн амьд удмыг Монголд олоход бэрх болжээ. Монголд алтан ургийн амьд удмыг олъя гэвэл Боржигин овогтой тайж язгууртай хүмүүсийн дундаас л эрэх хэрэгтэй болж байна. Гэтэл алс холын Перс, дундад азид Чингис хааны алтан ургийнхныг олон зууны турш ихэд хүндэлдэг нь ихэд гайхалтай бөгөөд эдүгээ цагт алтан ургийн удам нь амьд үргэлжилж байгаа нь үнэхээр санагдаж байлаа.
    Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ?

    Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1] Y-хромосомтой гаплогрупптэй C-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.

    Зүчи хаан гэхэд л гэхэд 40 гаруй хөвгүүнтэй байжээ. Их Монголын Юань гүрний Эзэн хаан Хубилай гэхэд л 22 хөвгүүнтэй байжээ. Зүчи хааны удам Персийн Ил хааны удмын хатадтай ураг барилдаж байв. Хүлэгү хааны үеэс Илханы удмын хаад алтан ургийн удам болсон түүхтэй. Чингис хааны алтан ургийн Зүчи хааны удам одооны Казахстан, Дундад ази, Оросын зүүн өмнөд нутаг, өмнөд Украин, Хойд Кавказын нугийг хамарсан Алтан Орд улсад, Алтан ургийн Хүлэгү хааны удам Персид, Алтан ургийн Гирейчүүд Крымд, Төглөг Төмөр хааны удам Могулид, Шейбани, Аштарханы удмынхан Бухар, Узбекд, Торечуудын удам Казахын хаант улсад хаанчилж тухайн улс орноо хөгжүүлж хүчирхэг болгож байлаа.

    Эдүгээ Чингис хааны Алтан ургийн удмыг улс үндэстнээр нь ангилж жагсаавал:

    -Монголын алтан ураг / Боржигин /
    -Казахын алтан ураг / Торе /
    -Узбекийн алтан ураг / Шейбани /
    -Татарын алтан ураг
    -Ногайн алтан ураг
    -Сибирийн алтан ураг /Шейбан /
    -Гирей буюу Крымийн алтан ураг
    -Оросын буюу Алтан ордын алтан ураг
    -Их Юань гүрний алтан ураг / Хубилай хааны удам /

    Энэ удаа би эдгээр алтан ургийн олон удмаас Узбекийн Шейбани, Казахын Торе, Персийн Хүлэгү удмынхныг багахан ч гэсэн чадахынхаа хэрээр бичихээр шийдлээ. Монголчууд Перс, Дундад ази дахь эдгээр алтан ургийн удмын талаар судалгаа, тандалт бараг хийгээгүй бололтой. Монголчууд зөвхөн Монголын Алтан ураг, Их Юань улсын алтан ургийн талаар судалгаа хийсэн байдаг.

    Нэг. Узбекийн алтан ургийн Шейбани угсааныхан

    Эхлээд Узбекийн Шейбан гэдэг юү гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Shayboniylar гэдэг узбек үг бол Бухарын хаант улсын алтан ургийн эзэн хаан Мухаммед Шейбани гэсэн нэрнээс гаралтай үг. Шейбаны угсаа Мухаммед Шейбани /1451-1510 / бол Шахбудаг султаны хүү, Абулхайр хааны ач хүү юм.

    Шейбани хааны алтан ургийн түүхийг жагсаавал:

    -Чингис хаан
    -Зүчи хан , Чингис хааны хүү
    -Бахадур хан, Зүчи ханы хүү
    -Баниал хан , Бахадур ханы хүү
    -Есу Бух хан, Бахадурын хүү
    -Зүчи Бух хан
    -Бадагул хан
    -Минг Тимур хан
    -Булад султан
    -Ибрахим султан
    -Дуалет шах султан
    – Абулхайр хан
    -Шах Будаг султан
    -Абул Фахт Мухаммед Шейбани хан /Эндээс алтан ургийн Шейбани удмынхан эхэлж байгаа юм/

    Дундад азийн түүхээс үзэхэд энэхүү Шейбайны удмынхан Доголон Төмөр хааны удмынхантай хоорондоо нилээд дайтсан байдаг. Алдарт Төмөр хаан бол Чингис хааны Цагаадайн хан хүүгийн удам хэмээн өөрийгөө үздэг.

    Хэдийгээр түүхэнд Төмөр хааныг монголоор Чингис хааны “Хүргэн” , буюу турэгээр “Гургун” хэмээн бичдэг байсан ч Тимур хааны удмынхан өөрсдийгөө Чингис хааны удам хэмээн бахархдаг байсан. Тимур гэдэг нь түрэгээр төмөр гэсэн үг.

    Тэхлээр дундад азийн энэ хоёр чухал удмыг алтан ургийн удам хэмээн үзэх нь зүйтэй юм. 16 дугаар зуунд Мавераннахр, Самарканд, Бухар хотуудад Мухаммад Шейбани ханы удам хаанчилж байлаа. Шейбани хаан 1499 онд Мавераннахр хот, дараа нь Хорасан хотыг эзэлж, 1501 онд Самарканд хотыг Доголон Төмөр хааны удмынхнаас булаан авав. Шейбани хаан үргэлж дайны байдалд байдаг байв. Шейбани хаан удалгүй казахын тал нутаг руу дорнод Дешт- и- Кипчак руу довтолж , Сефевид улстай байлдаж байлаа.

    1510 онд Мухаммед Шейбани хаан ираны шах Исмайл Сефевитэй байлдаж ялагдлаа. Энэ тулаанд Шейбани хаан нас барав. Шейбани хааны удам 1540 он хүртэл хаанчлав. Абдуллы хан /1557-1598 /-ы үед хаант засаглал хүчтэй байв. Сүүлчийн Шейбани удмын Пирмухаммед ханы үед газар нутаг нь хумигдаж ах дүү хоорондын тэмцлээс болж энэ хаан нас эцэслэв. Дараа нь 1601 оноос Аштарханы удмынхаан хаанчилж эхлэв.

    Нэг онцлог зүйл бол Шейбани удмынхан дунд нэртэй яруу найрагчид төрөн гарч байлаа. Үүнд: Мухаммед Шейбани, Абу Сайд хан, Убайдулла хан, Абдалазиз хан, Абдулатиф хан, Абдулла хан нар орж байдаг. Шейбани угсааны хаад 1600 он хүртэл Мавераннахра, Бухар, Самарканд, Ташкент, Мианкала,Карши, Шахрисяб, Туркестан, Гиссары, Ферган, Балха хотуудад нийтдээ 49 султан, хаад хаанчилж байлаа.

    Хоёр. Персийн алтан ургийн Ил хаадын угсааныхан

    Алтан ургийн Хүлэгү хааны удмынхан 13,14 дүгээр зуунд Ойрхи дорнод болон Дундад азид ноёрхож байлаа. Хүлэгүгийн удмынхныг персээр “Иль хан” буюу “Ардын хаан” гэдэг байв. Хүлэгү Ил хааны нутагт орчин үеийн Иран буюу эртний персийн бүх газар нутаг болон орчин үеийн Афганистан, Арран, Ширван, Азербайджан, Туркмен, Ирак, Курдистан, Кавказ, Жезиру, Месопотамия, Грузин, Коний, Кипр улсын нутаг, Бага Азийн нутаг, Герат, Мераг, Тебриз, Сольтани хотууд орж байлаа. Иль хаадын улс бол Хүлэгү хааны 1256-1260 онуудад хийсэн ялгуусан тулааны үр дүнд буй болж Алтан ургийн Газан ил хааны /1295-1304 / үед улам хүчээ авч 1353 он хүртэл оршиж байв. Ил хаадын улс нь тухайн үедээ бүс нутагтаа гар урлал, шинжлэх ухаан, анагаах ухаан, яруу найраг, газар тариалан, усжуулалт, худалдаа арилжаа, хот байгуулалтыг ихэд хөгжүүлж хүчирхэг болж байв. Алдарт түүхч Жувейний бичсэнээр Ил хаадын энэхүү гүрэнд монгол хэл төрийн албан ёсны хэл болж байжээ. Ер нь Эзэн Богд Чингис хааны түүхийг Персийн эзэн хааны зөвлөх, их түүхч Рашид ад дин л маш үнэн зөв, тодорхой сайн бичсэн юм билээ.

    Персийн Алтан ургийн Иль хаадыг жагсаавал:

    -Хүлэгү хаан / 1217-1265/, Чингис хааны ач хөвгүүн буюу Тулуй ханы хүү
    -Абага хан /1234-1282/, Чингис хааны гуч, Хүлэгү ханы хүү
    -Султан Ахмед Текудер хан , Хүлэгү ханы хүү/1282-1284/
    -Аргун хан , Чингис хааны гуч Абага ханы хүү /1284-1291/
    -Ренчин Дорж Гайхату хан, Абага ханы хүү /1291-1295/
    -Байду хан, Тарагай ханы хүү,Хүлэгү ханы хүү 1295
    -Султан Махмуд Газан Ил хан /1271-1304/, Аргун ханы хүү
    -Гиас ад Дуни Дин Султан Мухаммед Олжейту хан, Аргун ханы хүү /1304-1316/
    -Изиз ад Дин Султан Абу Саид Мухаммед Бахадур хан, Олжейт хан хүү /1316-1335/

    Персид дээр дурдсан Ил хаадын дараа 1335 оноос эхэлж Чобани, Жалайр нарын удмынхны хаанчлал эхэлжээ. Перс улсыг монголын алтан ургийн Хүлэгү хааны удам 17 монгол хаан 1272-1377 он хүртэл 105 жил захирч байв. Эдгээр хаад дотрооос хамгийн ухаантай, хамгийн их зүйл бүтээсэн нь алтан ургийн Газан Ил хаан /1271-1304/ байв.

    Газан Ил хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар хааны зөвлөх, түүхч Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтран “Судрын чуулган”-ыг бүтээсэн нь эдүгээ дэлхийн хамгийн ховор нандин үнэт оюуны өв болоод байна. Монголчууд бид Чингис хааны үеийн монголын бодит түүхийг зөвхөн “Нууц товчоо” -ноос мэддэг байсан бол одоо энэхүү алдарт “Сударын чуулган”-аас улам их дэлгэрэнгүй бодитоор мэддэг болж байна.

    Түүх судлаачид “Газан хаан бол өргөн сэтгэлгээтэй, олон талт гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужилтай, дайсандаа хайр найргүй, нөхөртөө үнэнч шударга, улс гүрнээ захирахдаа ухаалаг, дайчин, цэргийн гарамгай жанжин, түүхэнд “шинэчлэгч” гэж алдаршсан хаан болой” хэмээн дүгнэжээ. Алтан ургийн Газан Ил хаан Перс улсад арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.

    Гурав. Казахын алтан ургийн угсааныхан

    Төв азийн улсуудад тэр үед зөвхөн Чингис хааны алтан ургийн удам л улсын хаан болдог ёс журамтай байв. Казахын нутагт Зүчи хааны удам , дараа нь Урус хааны удам л Казах улсын хаан болдог байв.

    Урус хаан бол Керей болон Жанибекийн удам байлаа. Тэдний удмыг эдүгээ хүртэл Торе гэдэг байлаа. Казах улс Оросын Эзэнт улсын хараат болсны дараа алтан ургийнхан султан , эсхүл цэргийн удирдагч болдог байлаа.

    Орчин үед алтан ургийнхан дундаас 19 дүгээр зуунд казахын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, аялагч Чокан Валиханов төржээ. Эдүгээ орчин үед Казахстаны алтан ургийн торе угсааны хүн бол орчин үеийн казахын нэрт яруу найрагч, зохиолч, дуун хөрвүүлэгч, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, ном зохиол нь дэлхийн хорь гаруй оронд хэвлэгдсэн, боксын спортын аварга, Казахын Зохиолчдын Холбооны гишүүн, их сургуулийн хүндэт профессор Бахытжан Канапиянов болон орчин үеийн казахын нэрт уран барималч Ш. Валиханов нар юм.

    Казахын Торе давхаргынхан бол казахын бусад жузаас дээгүүр зиндаанд байдаг байв. Хорьдугаар зууны эхээр Туркестан, Семипалатинский, Сыр Дарский, Тургайн мужийн 20 гаруй уездад нийтдээ 28 000 гаруй Торе удмын казах хүмүүс байжээ.

    Торе удмаас олон алдартай хүмүүс төрж гарсан. Чокан Валиханов бол Абылай ханы удам байлаа. Орос- Туркийн дайны баатар, генерал, ноён Губайдулла Чингизхан бол Жангир ханы хүү байв. Казахын алдарт хөгжмийн зохиолч Даулеткерей, алдарт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Чингис хааны 24 дэх үеийн удам Алихан Бокейханов, Ермухан Бекмаханов нар бол алтан ургийн Торе угсааны казах хүмүүс юм. Казахын Торе угсааны хүмүүсийн 38 хувь нь галлогруппын С2 ДНК –тай буюу Чингис хааны алтан ургийн удмын хүмүүс ажээ. Эзэн Богд Чингис хааны Дундад ази дахь алтан ургийн түүхээс товч өгүүлэхэд ийм байна.

    Алс холын дундад азид
    Алдар нэрээ өнөд мандуулсан
    Алтан ургийн агуу хаадын алдрыг магтмой
    Сайн үйлсийг олны төлөө бүтээж
    Саруул ухаанаар улсыг удирдаж
    Сав ертөнцөд алтан ургийн нэрээ мөнхөлжээ
    Төр улсыг нь хүчирхэг өгөөмөр болгож
    Түмэн олныг нь амар түвшин жаргуулж
    Түүхийн хуудаснаа алтан ургийн нэрээ мандуулжээ
    Их Монгол гүрнээ бид санан дурсаж байна
    Ихэс дээдсээ бид хүндэтгэн дурсаж байна.

    Доржийн СҮХБААТАР

  • ЗҮҮНИЙ (ХАРЫН) 44 ТЭНГЭР НЬ:

    – Яруу шороо тэнгэр, зүүн хойд зүгт залрах муу дуутын орны эзэн тэнгэр.
    – Ширмэл ширмэн тэнгэр, гачигдал гашуудлыг сэргийлэх тэнгэр.
    – Хидэр догшин тэнгэр. Хэрүүлийн эзэн адар догшин тэнгэр гэдэг. Дайн байлдааны толгой тэнгэр.
    – Бочим тэнгэр, элдэв өрөвсөл өвчнийг хамаарсан тэнгэр.
    – Хадарга боомон тэнгэр, хараал зүхлийн эзэн тэнгэр, хараалын эзэн хадарга боомон тэнгэр гэдэг.
    – Хан хар тэнгэр, догшин хар тэнгэр гэдэг.
    – Ноён баавай тэнгэр, хуульт ертөнцөд оршихгүй тэнгэр.
    – Суут дайчин тэнгэр, ганц нүдтэй тэнгэр.
    – Учрам дайчин тэнгэр, үүд хаалгыг сахигч тэнгэр.
    – Хөх дайчин тэнгэр, үүдний зүүн талыг сахигч тэнгэр.
    – Асур тэнгэр, хурмаст тэнгэртэй эсэргүүцэж тэмцсэн тэнгэр.
    – Хан хажир тэнгэр, зүүн хойдод заларч догшин газар тэнгэрийн муу орныг эзлэн суусан тэнгэр.
    – Хөндлөн халзан тэнгэр, зүүн өмнө залрагч эзэн тэнгэр.
    – Униар хар тэнгэр
    – Цусан гол тэнгэр
    – Буруу цоохор тэнгэр
    – Шар цоохор тэнгэр
    – Тэх тэнгэр, ямааны эзэн тэнгэр
    – Гурван салхи тэнгэр
    – Амьч гурван тэнгэр
    – Бүрдэн хар тэнгэр
    – Бүхлэгэр хар тэнгэр
    – Хайр хар тэнгэр
    – Хар цоохор тэнгэр
    – Хар балар тэнгэр, Балар хар тэнгэр гэдэг
    – Модор тэнгэр
    -Эрин тэнгэр
    – Мангас тэнгэр
    – Хязгаар тэнгэр
    – Өгөөмөр тэнгэр
    – Ажир тэнгэр
    – Цахилгаан тэнгэр
    – Ятга тэнгэр
    – Хяргуун тэнгэр
    – Таянмай тэнгэр
    – Атаа бэрс тэнгэр
    – Аянган тэнгэр, аянга цахилгааныг захирагч тэнгэр
    – Зүрхэн хар тэнгэр, зүүн зүгийн эзэн тэнгэр
    – Марсын охин тэнгэр, долоон гахай хөлөглөсөн марсын охин тэнгэр “мангасын охин тэнгэр” гэдэг.
    – Эллэн эх тэнгэр, хар нохой дагуулсан эллэн эх тэнгэр
    – Саармаг есөн тэнгэр, шар ямаа хөллөсөн саармаг есөн тэнгэр гэдэг.
    – Цахилгаант тэнгэр, цагаан ногооныг илтгэсэн цахилгаант тэнгэр гэжээ.
    Энд дурьдагдсан тэнгэрүүдийн нэр нь хэдийд чухам хаанаас бий болсон нь тодорхойгүй. Шарын шашин монголд ирээд бас олон тэнгэр нэмэрлэхийн хамт тэдний тэнгэр бөөгийн тэнгэрүүдийг ахлах болжээ. Цагаан хар гэж тэнгэрүүдийг ялгасан нь хар цагааны сүлд шүтлэг утга зүйл билэгдэлтэй холбоотой.
    Mongolian Shamanism

    Mongolian Shamanism added a 3D photo to Бөөгийн тавилан.
    20h ·
    2015.03.18

  • ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖДЭЭ ЗАЛБИРЛАА.

    Уг уламлалынхаа хүрээнд МБНЭ-ээс 2014 онд Лусын Нэгдсэн Их Тахилгыг Хөвсгөл далай дээр амжилттай зохион байгуулсан юм.
    Энэ жилийн Нэгдсэн Их Тахилгыг орон нутгийн хэмжээнд Хөвсгөл далай ээждээ хүндэтгэл үзүүлэн залбирлаа. Лусын залбирлалыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Наранцэцэг, Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа , Галын тахилгыг зайран Үүрцайх нар хийсэн байна.
    2016 онд хийгдэх гурав дахь тахилгыг МБНЭ-ээс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их Тахилгын түвшинд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Хөвсгөл нутгийн нийт бөө нарыг цуглуулж, албан ёсоор Монгол бөөгийн цол олгох арга хэмжээг МБНЭ-ээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийт тэнгэр шүтлэгт хөх мөнх тэнгэр заяат Та бүхнийг өргөнөөр идэвхи санаачлагатай оролцохыг урьж байна.
    Д.Төмөрчөдөр

    djmedia:691
  • БИД ХООЛ ИДЭЖ БАЙНА УУ? ХОРТ ХАВДАР ИДЭЖ БАЙНА УУ?

    Монголчуудын хувьд дотоодын хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл өндөр байдаг бөгөөд байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг илүү таашааж байна.
    Мэдээж энэ бол сайн хэрэг. Гэхдээ бид үнэхээр чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадаж байгаа юу? Бидэнд анхаарах шаардлагатай зүйлс бий юу?
    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт иргэдэд дутмаг байна.

    Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг ба түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэдэг тухай ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурджээ.

    Гар аргын нядалгаа хийгдсэнээр хэзээ, ямар антибиотик тариаг тухайн малд тарьсан болох, эмийн үлдэгдэл бий эсэх, гарал үүсэл нь тодорхой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байдаг. Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд малчны хотноос эхлээд арчилгаа, маллагаа, эмчилгээний үйл явцаас эхлээд нядалгааны үйл явц, тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэл гэсэн шат дамжлагыг дамждаг. Тиймээс бүхэлд нь эдгээр үйл явцыг стандартжуулах, хянах шаардлагатай юм.
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүний биед антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэлтэй махны талаарх ойлголтыг өгөх, сурталчлан таниулах сургалт, боловсролын чиглэлд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
    Тэгвэл эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудлын талаарх ойлголтыг илүү тодотгон Цагаантун Эрдэнэ мал эмнэлэгийн ерөнхий захирал, Малын их эмч С.Сарантуяа иргэд, олон нийтэд зориулан https://www.facebook.com/MongolMalEmneleg хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна.

    Энэхүү хуудсад нийтлэгдсэн зөвлөмжүүдээс эмхэтгэн энэхүү мэдээг бэлтгэн хүргэж байна.

    Эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөл юу вэ?

    Малд хэрэглэсэн эмийн бодис, антибиотик малын биед хуримтлагдаж, бүрэн гадагшлаагүй байхад нь мах, сүүг бид бүхэн хүнсэндээ хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл, химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг.
    Мал, амьтны биед агуулагдах эмийн үлдэгдлүүд малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед харшил, хордлого, хорт хавдар, бэлгийн сулрал мөн удамшлын мэдээлэлд нөлөөлөх, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох, ходоод гэдэсний хэвийн микрофлорууд устах гэх зэрэг олон эрсдлийг дагуулж байдаг ажээ.
    Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх, хүүхдийн санах ойг сааруулж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэгийг ДЭМБ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Хорт хавдрын үзүүлэлтээр манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь Монголчууд бидний амьдралын хэв маяг, хүнс хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой болов уу.
    Эмийн үлдэгдэлтэй махыг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг.

    Хэрхэн эмийн үлдэгдэлтэй махны хэрэглээг хязгаарлах вэ?

    Нэгт, малчдын мэдлэггүй байдлын улмаас мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр малын өвчнийг таамаг тавьж оношлох, зөвлөмж зааваргүйгээр, хэмжээ тунг зөрчин эм тариаг дур мэдэн хэрэглэх нь тухайн малын мах, сүүнд эмийн үлдэгдэл үүсэх суурь нөхцлийг бүрдүүлж байна. Малчдын түгээмэл хэрэглэдэг ивомек тариа нь нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй үед мах, сүүнд эмийн үлдэгдэл хадгалагдсаар байх болно. Хэр сахилга баттай, хариуцлагатай хандаж байгаа нь тодорхойгүй байна. Тус тариаг хавар хамуунаас, зун өтнөөс, намар хачигнаас хамгаалах зорилгоор түгээмэл хэрэглэдэг.
    Аль ч эм тариа, антибиотик нь оношлогдсон өвчинд зохих тунг тааруулан хэрэглэх ба арьсан дор тарих, булчинд тарих зэргээр ялгаатай эмчилгээг хийдэг.

    Хоёрт, нийтийн хоолны газар, мах, сүүний худалдаа эрхлэгчдийн мэдлэггүй байдлын улмаас тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн үйл явцад хяналт сул тавьж, улмаар хямд үнийг чухалчлан худалдан авалт хийх байдал үүсэх нөхцөл бүрддэг.
    Энэ байдлын улмаас иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд дараах эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрддэг.

    • Малчид эмчилгээ авахгүй болсон өвчтэй, эм тариагаар шахуулсан малыг шууд нядлан зах зээлд хямд үнээр нийлүүлэх хандлага гардаг.
    • Иргэд эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт багатайгаас болж эрүүл ахуйн хяналт тавих, гарал үүсэл, шинжилгээний бичиг шаардах, зэргээр хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах тал дээр хангалтгүй байна.
    Тиймээс эмийн үлдэгдэлтэй малын мах нь хүн амын эрүүл мэндэд маш хортой болохыг ойлгуулах, мэдээлэл сургалтаар малчид болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг хангах нь малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай байна.

    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь ямар үр дүнтэй вэ?

    Иргэд, олон нийт эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх мэдлэгтэй болж, хяналт сайжирснаар дараах үр дүнгүүд гарна. Үүнд:
    • Малчид эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийх байдлаа бууруулж, мэргэжлийн байгууллага, малын эмчид ханддахыг чухалчилдаг болно.

    • Малчид малын тарилга туулга, эмийн бүтээгдэхүүнийг малдаа зохисгүй хэрэглэснээр өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэндэд хэрхэн хөр нөлөө учруулж буй талаар мэдлэг ойлголтыг олж авна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдах, улмаар ХБӨ-ийн тоо хэмжээ буурахад тодорхой нөлөөг үзүүлнэ.

    • Малчид өвчтэй малыг эмчилгээний үр дүн гарахгүй байдлаас шалтгаалж шууд нядлах, махыг зах зээлд нийлүүлэх “мөнгө” төвтэй хандлагад бодит өөрчлөлт хийж, ёс зүй, мэдлэг боловсрол төвтэй “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.
    • Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөлийн талаарх бодит мэдлэгийг олж авснаар гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээгүй мах худалдан авах байдлыг хязгаарлах, нухацтай, анхааралтай ханддаг дадал хэвшил бий болно.
    • Нийт ард иргэд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махны эрүүл аюулгүй байдалд чухалчлан анхаардаг, хэрхэн эрүүл мах худалдаж авах талаар, мах худалдан авахдаа гарал үүсэл, эм тариа вакциныг хэдийд тариулсэн эсэх дээр хяналт тавьдаг худалдан авалтын боловсролтой иргэд бий болно.
    • Хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн төдийгүй нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал үр дүнтэй юм.

    Малын эмийн зохистой хэрэглээний талаар системтэй мэдлэг ойлголтыг малчид, мах, сүү борлуулагч, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон мал эмнэлэгийг холбосон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, ХХААХҮЯ болон холбогдох төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

    Малын эмч Б.Баярмаа

  • ХЯТАДТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

    Хятадад газар хөдлөлт болжээ гэсэн мэдээний дор үхэж байвал таарна, бүр олон үхсэн бол сайн байх байлаа, сайхан мэдээ байна гэж хөгшин хөвөөгүй, эр эмгүй бичицгээх нь маш их. Тэгсэн хэрнээ тэр үзэн ядаад байдаг улс нь хилээ хаачихаар хамаг юмных нь үнэ өсөөд, өөрсдөө сүйрчих дөхдөг. Хараан хараан хятад бараа хэрэглэдэг.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд алаад өгнө хил хаагаасай гэж дуулдаг хэрнээ хил хаамагц хамаг юмных нь үнэ өсөөд, нөгөө ганцхан чамайгаа л авна гэсэн үндэсний үйлдвэрээ хараан, яасан ч авахгүйдээ тулдаг. Хил нээгдэж энэ хэдэн юм үнэ хөөрөгдөхөө болиосой гэцгээдэг. Тийм овилгогүй юм уу, бодлогогүй юм уу.
    Уул уурхайг бараг нийтээрээ үзэн яддаг. Тэгсэн хэрнээ тэндээсээ л гол мөнгөө олдог. Өөр гадагш зарж байгаа бараа байхгүй.

    Монголчуудаа, арай илүү ухаантай байх хэрэгтэй байнаа. (Миний фэйсбүүкийн найзуудын дийлэнх нь харин арай дажгүй шүү. Юм боддог, хоёрыг тунгаадаг, наадах цаадахыг хардаг)
    Зүгээр л үзэн ядалтаар амьдармааргүй байна. Бас улирсан баларсан сэтгэлгээгээ орхихгүй бол болохгүй байна. Яаж ч их үзэн ядсан урд хөрш маань 3 сая хүнтэй, автомашины түгжрээгээ дийлэхгүй байгаа мань хэд байтугай цаана чинь АНУ-ын бүлгийг чичрүүлдэг дэлхийн том нууц ноёнтон болж байна ш дээ.

    Өнгөрсөн хэдэн зууны өмнөх хятад биш, 1940-1950-иад оны хөвөнтэй өмдтэй хужаа биш болоод машин үйлдвэрлэдэг, пуужин үйлдвэрлэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн хамгийн баян хэтэвчтэй, бас метротой улс болчихоод байнашд. Жилд 10-20 сая хятад хүүхэд төрж байна. Чамайг тэднийг үзэн ядаж байгаа эсэхийг огтхон ч тоохгүйгээр. Газар хөдлөөд үхээсэй, живээсэй гэж хүсэж байхад чинь, өдөрт 40 мянган хятад хүүхэд мэндэлж байна. “Үх үх, сөнө сөнө” гээд хэлж байх зуур чинь минутанд 30 хятад хүүхэд төрж байна. Ингэж хэллээ, үзэн ядлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй нээ. Яах вэ?

    Хятадууд бидний тэднийг хэр их үзэн ядаж байгааг даанч тоож анзаарахгүй ажлаа хийж байгаа нь сайхан юм даа. Хэрэв тэд биднийг бид тэднийг үзэн яддаг шиг үзэн яддаг байсан бол яах вэ? “Муусайн монголчууд үх үх, сөнө сөнө. Угаартаад үхэж байгаа гэсэн. Болж” гэцгээгээд. Хилээ хаая гэж уриалаад. Монгол нүүрс авахгүй гэвэл яах вэ. Япон руу онгоцоор нүүрсээ тээвэрлэх үү? АНУ-д нүүрсээ заръя гэтэл Байден өвөө “Монголын нүүрс дэлхийн хамгийн өмхий нүүрс” гээд зарлачихсан байдаг. Бүр Монголын онгоцыг хил дээгүүрээ нисгэхгүй гээд зөрчихвөл бид хаагуур яаж дэлхийтэй холбогдох вэ?

    Яг л өөрөө гадагшаа гарах хаалгагүй, хоёр хөршийнхөө өрөө, хашаагаар дамжиж гадагшаа гардаг сонин зохион байгуулалттай айл шиг. Тэгсэн хэрнээ хоёрхон хөршийнхөө нэгнийг байнга үхээсэй, сөнөөсэй гээд байдаг хүмүүс шиг. Тэгтэл тэр хоёр хөрш нь хоёулаа хорооллынхоо атмаанууд. Тэгсэн хэрнээ хоорондоо бас маш сайн найзууд. Урьд нэгийг нь нөгөөд нь ховлоод арга эвийг нь олоод байдаг байсан бол одоо хоёр атмаан маниусаар дамжуулалгүй хоорондоо хэл амаа олцгоочихсон. Нэгийг нь нөгөөд нь ховлох аргагүй болчихсон. Яах вэ? Бод доо. Тээр холын өөр байрны атмааныг дуудах гэхээр манай атмаанууд айлгаад явуулчихдаг. 107 -руу утасдвал яагаад ийш тийш утасдаад байна аа гээд хөрш маань орж ирээд нухчихвал яана.
    Уг нь энэ урдах айлын атмаан манайхтай гайгүй л харилцаатай байгаашдээ. Манайхтай хашааны маргаан байхгүй. Худалдаа наймаа дажгүй. Манай барааг боломжийн үнээр худалдаж авдаг. Урагшаа явсан манай наймаачдыг дээрэмдэж тонож, дээрэлхээд байдаггүй. Тэгсэн хэр нь л бид харааж зүхээд байх юм. Бид эсвэл сэтгэцийн өвчтэй юм уу

    Ингээд буруу харахаараа хараагаад л суудаг Солонгос киноны авгай нар шиг баймааргүй байнаа. Арай бодолтой, соёлтой, зарчимч байцгаая л даа. Зөв үү? Хөгжицгөөе л дөө. Өөрсдөө хөдөлмөрлөе. Хийе, бүтээе. Суръя. Харин ч ийм том дэлхийн зах зээлийн хажууд байж ашиглах хэрэгтэй биз дээ.
    Бид л өөрсдөө далчигнаж элдэв зан гаргахгүй бол Хятад хэзээ ч манайхыг тоож дээрэлхэхгүй. Тэгж нэрээ унагахгүй. Цаана нь маниустай маниусгүй Африк, Латин Америк гээд олон зуун сая хүнтэй том зах зээлүүд манайд үйлдвэрээ байгуулаач, манайтай худалдаа хийгээч гээд тосоод хүлээж авч байна.

    Орос хүчтэй байгаа цагт хэзээ ч Хятад Монгол руу сарвайхгүй. БНХАУ гэхдээ Гоминдааны хятад биш шүү. Манайхан бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гоминдааны хятад нь Байтаг богдод Монголын хилчидтэй байлдсан болохоос биш коммунист намын БНХАУ-ын Хятад байлдаагүй. Нэгийг нь муулах гээд андуураад гэмгүй нөгөөг нь нулимаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хоёулангийнх нь дургүйг хүргэнэ. Харин ч одоогоор ганц Гоминдаан нь л биднийг үзэн ядаж, эзлэнэ дээ гэж боддог ба тэр Гоминдааны засагтаа эх газрын Хятад нь дургүйд баярлах хэрэгтэй. Хэрэв байдал эсрэгээрээ байсан бол, эсрэгээрээ эргэвэл, Гоминдааны үзэл эх газрын Хятадад түгвэл харин тэр үед бид хичнээн үзэн ядаж, хараагаад Монголын ирээдүй бүрхэг болно шүү.
    Зүгээр л ухаалаг байгаад өөрсдөө хөгжье. Дэвшье. Эрх чөлөөтэй тусгаар улс байгаагийнхаа жаргалыг эдэлье. Ухаалгаар үүнийгээ хамгаалъя. Түүнээс юм л бол хий хоосон харааж балайрахаа больцгооё. Чингис хаан харааж, халаасандаа салаавч үзүүлэх замаар дэлхийг эзлээгүй байх. За тэгээд манайхан санаа оноогоо хуваалцана биз ээ.
    Saagii Sansar

  • Манжийн талаар товч ойлголт өгөх ТҮҮХЭН БАРИМТУУД

    МОНГОЛ ХЭЛТЭЙ ОЙР ТӨРӨЛ ХЭЛТЭЙ
    Манжууд монголчуудтай ойр төрөл хэлтэй ард түмэн байжээ. Манж хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг, өгүүлбэрийн бүтэц төстэй. /Алтай хэлний язгуур Түрэг, Монгол, Манж-Тунгус гэх үндсэн гурван хэлний бүлэгт хуваагддаг/
    “Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий”
    МАНЖУУД МОНГОЛ БИЧИГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН
    Манж Монгол хоёр улс эртнээс соёлын харилцаатай явж ирсэн. Монголын эзэнт гүрний үеэс эхлэн 1600-аад он хүртэл Монголын соёл хүчтэй нөлөөлж иржээ. 1400-1600-аад он хүртэл монгол хэл, бичгээр гадаад харилцааны бичгээ хөтөлж явуулдаг байв. Нурхач хаан (1559–1626) (Манж Чин улсыг 1616 онд байгуулсан хаан, зүрчид хүн) монгол бичгийг авч өөрчлөөд манж үсгийг зохиосон. Үүнийг хожим нь дахин шинэчилж, цэг тэмдэг тавьж тодруулсан нь өнөөгийн манж бичиг юм. Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий. Манж хүн монгол хэлийг амархан сурч байсан.
    МОНГОЛ МАНЖИЙН ХОЛБООТОН БАЙСАН
    “Монгол цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан”
    Манж болон Монголчууд эртнээс түүхийн өргөн харилцаатай явж иржээ. Бие биеийнхээ захиргаанд орж, хүчирхэгжих үедээ эзэлж ирсэн ч Манжууд Монголыг холбоотноо гэж үзэж байв.
    Учир нь хүний олонтой хятадууд бослого самуун дэгдээвэл манжууд Монголтой холбоотон байж, Монголын цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан. Нөгөөтэйгүүр Монголчууд нэг босвол дийлдэхгүй гэдгийг мэддэг байсан.
    ХЯТАДААС МОНГОЛЧУУДЫГ ТУСГААРЛАДАГ БАЙВ
    Монголчуудыг 1900-аад он хүртэл Хятадаас тусад нь барьж, Монголыг цэвэр цустай нь үлдээж, аюулт цаг тулгарвал дайчилна гэсэн бодлоготой байв. 1800-аад оны дунд үе хүртэл Монгол руу хятадуудыг оруулдаггүй, оруулсан ч тодорхой хугацаа тогтоож, хугацаа хэтэрвэл буцаадаг байжээ. Манжийн төр сулрахын хэрээр хятад худалдаачид, тариачид Монголд олширсон байна. Төр нь доройтоод ирэхэд Монголтой холбоолох бодлогоо өөрчилж, хүн ам олонтой Хятадыг ашиглаж, барууны империалист гүрнүүдийн эсрэг тэмцэж эхэлсэн. Монгол нутгийг тусдаа байлгадаг бодлогоо дахиж хараад, 1800-аад оны сүүл үе, 1900-аад оны эхэн үед Хятадуудыг оруулж, Монголыг колончлох бодлого барьж эхэлсэн.
    “Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан”
    Зүрчидүүд түүхэнд хоёр удаа хүчирхэгжиж, эзэнт гүрэн байгуулж байжээ. Зүрчидийн байгуулсан Алтан улс /1115-1234 онд/ Сүн улсыг цохин урагш нүүлгээд Хятан улсыг мөхөөж 119 жил оршин тогтноод Их Монгол улсад мөхөөгдсөн билээ. Манж Чин улс буюу Дайчин гүрэн нь 1636-1912 онд оршин тогтнож байв. Түүний өмнө Хожуу Алтан улс нэрээр 1616 онд байгуулагдаж, 20 жилийн дараа Өвөрмонголыг эзлээд эзэнт гүрний шинжтэй болж Дайчин улс хэмээн нэрлэгдэх болжээ.
    БҮХ МОНГОЛЫГ ЭЗЛЭХЭД 130, ХЯТАДЫГ ЭЗЛЭХЭД 20 ГАРУЙ ЖИЛ ЗАРЦУУЛЖЭЭ
    Өвөрмонгол, Ойрад, Халх Монголыг эзлэхэд 130-аад жил, Хятадыг эзлэхэд 20 гаруй жил /1644 онд Хятадыг эзэлсэн/ зарцуулжээ. МАНЖУУД ХЯТАДАД УУССАНААР МАНЖ ХЭЛ УСТСАН. Манж Чин гүрэн Хятадыг эзлээд, Хятадын нутагт суурьшжээ. Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан. /”Зүрхний хилэн” УСК нь 1867 оны үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үед манжууд Хятадад ууссан, хятадаар ярьдаг болсон цаг үе. Гэвч кинонд гарах Манжийн амбан Фунь Жоу нь эх оронч үзэлтэй, манж хүн манж хэлээр ярих ёстой гэсэн үзэл бодолдоо үнэнч нэгэн ажээ/
    МАНЖ ЧИН ГҮРНИЙ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ 14,7 САЯ КВ. КМ БАЙСАН
    1820 оны Манж Чин гүрэн
    Түүхэн он цаг үеэс шалтгаалж Манж Чин гүрний газар нутгийн хэмжээ оргил үедээ 14,7 сая кв. км хүрч байжээ. /Энэ нь одоогийн Монголын газар нутгаас 9,8 дахин том юм/
    МАНЖ ЧИН ГҮРНИЙ ХҮН АМ 1700-ААД ОНД 80 ГАРУЙ САЯ БАЙСАН
    Манж Чин гүрний хүн ам нь 1700-аад онд 80 гаруй сая байсан бол 1900-аад оны эхээр 400 сая хүн амтай болсон байна. Монголчууд 2,5 сая орчим, манжууд мөн тооны хүн амтай байв. 400 сая хүн амтай хятадуудын дунд манжууд эрхгүй ууссан.
    ӨДГӨӨ МАНЖ ҮНДЭСТЭН ХЯТАДАД 10 САЯ ОРЧИМ БИЙ
    Өдгөө Манж үндэстэн гэж өөрсдийгөө хэлж буй 10 сая орчим иргэн Хятадад амьдардаг. Гэвч Хятад цөөн тоотой үндэстнээ дэмжих хоёр хүүхэдтэй болох зэрэг бодлого барьдгаас энэ тоо ортой эсэх нь эргэлзээтэй. Тэр дунд манжаар ярьдаг хүн ховор ажээ. Шинжааны Шивээ тосгонд манжаар ярьдаг хүмүүс байдаг гэдэг. Түүнээс өөр манж хэлээр харилцдаг хүн үгүй бөгөөд бичгээр үлдсэн ном товхимол л байдаг байна.
    ЭРЧҮҮДИЙН ТАВ ГЭЗЭГ МАНЖААС ГАРАЛТАЙ
    Монгол эрчүүдийн тав гэзэг Манжаас гаралтай.

  • ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁС УЛАМЖЛАЛЫН МӨН ЧАНАР.

    Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж байдаг. Эртний түүх соёлын үнэт өвийг хамгаалахад тахилга шүтлэгийн хэлбэрээр нутгийн иргэдийн оролцоотой хамгаалж ирсэн уламжлал бий. Тахилга ёслолын үеэр байгаль орчныг бохирдуулах, амьтны амийг таслах, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах, ёслолын дэг журмыг зөрчихийг хориглодог.

    А. Готов

     

  • ЗАРАА ЗАЙРАН

     

    Урианхай зайран Зараа нутгийн өөр нэг зайран Чойсүрэнтэй хамт архи ууж суугаад нэлээн согтоцгоосон гэдэг сүүлдээ тэд хоорондоо маргалдаж бие биедээ агсам тавьж хүч чадлаа үзэлцэх болж гэнэ Зараа зайран би сэмжээрээ энэ гэрийг бүтээнэ гэхэд Чойсүрэн зайран би тэгвэл нарийн гэдсээрээ энэ гэрийг ороон гэж ам гарчээ.

    Чойсүрэн зайран гэдсэндээ гараа хийх шиг болоод нарийн гэдсээ гаргаж ирээд гэрийг бүтэн хагас ороогоод зогсоход Зараа зайран мөн гэдсэндээ гараа хийх шиг болоод сэмжээ гаргаж ирээд гэрийг бүтээж гэнэ энэ явдалыг Зараа зайраны бие давхар эхнэр нь хараад айж сандрах даа ухаан алдаад унж хэсэг хугцааны дараа сэргээд харахад хоёр зайран нэлээн номхорсон их эцэж ядарсан байдалтай архиа уугаад сууцгааж байж хожим Зараа зайраны эхнэр энэ явдалыг охин доо ярьж өгсөн бөгөөд охин Жавзмаа нь итгэхэд бэрх байсан ч ээж нь өөрийн нүдээр харсан тун итгэлтэй хэлж байсан гэдэг өнөөгийн бидэнд иймэрхүү эрт цагийн бөө нарын харуулсан эрдэм чадал боломжгүй мэт гэхдээ бид яаж гэдгийн мэдэхгүй боловч тэд харин мэддэг бас чаддаг тэр ухааныг олсон байж яг гэдэснээсээ сэмжээ гаргасан уу гэдэг дээр би эргэлздэг юм магадгүй энэ үзүүлсэн зүйл нь ховсын арга байсан байж болох юм

  • АРАВДУГААР БОГД.

    Миний бодоход дээдлэх гэсэн утга оршдог байх.Тэгэхээр юуг нь дээдлэх гэсэн ойлголт урган гарах нь дамжиггүй.Тийм ээ, чухам юуг нь дээдлэх юм бэ?. Дээдлэх гэдэг нь хүмүүний ухамсарт хүлээн авахын угтал эрмэлзлэлийг төрүүлэх байх.Тэгээд чухам юуг нь дээдлэх юм бэ?.Энд л олон олон асуудал,асуулт,хариулт,тайлбар орших биз ээ.Тиймээс энэ чиглэлд л зориулж өөрийн бодлоо бичихийг хүслээ.Хүмүүсийн хэрхэн бодох,хүлээж авахыг үл харгалзан бичиж байгааг минь болгооно биз ээ.

    Ер аль ч шашин эцсийн утгандаа бүгд л хүмүүнийг сайн сайхан,зөв ойлголтоор амьдраасай гэсэндээ сургаал номлолоо гаргасан гэдэгт хэн ч маргахгүй байх. Гэтэл яагаад өнөөдөр минийх зөв,чинийх буруу,бид үнэн та нар худал гээд маргалдаад нанчилдах нь нанчилдаад,дайтах нь дайтаад байгаа юм бэ? Нөгөө энэрэх нигүүлсэх,далд ертөнцөд жаргалтай байх замыг заагчид өөрсдөө талцдаг тулалддаг,гүтгэдэг,хулгайлдаг муу бүхнийг хийдэг болчихсон байна вэ?. Яагаад . . .
    Тэгвэл өнөөдөр юу нь үнэтэй гээд түүнтэйгээ зууралдаад,чаргуудалцаад байдаг байна аа. Яагаад . . .
    Шашин засгийн эрх мэдлийн төлөө үйлчлэх болсон цагаасаа л гажуудаж эхэлсэн. Мяндагтангууд нь эрх мэдэл,зоорьтой болохыг эрмэлзэж,засаг барьдаг хүмүүсийн гарыг атгасан тэр цагаас сургаал нь засагдаж явсаар,үйл нь нууцлаг болсоор,үйлдэл нь хуурамчаар халхлагсаар өнөөг хүрч ирсэн.Тэгээд өнөөдөр бүгд түүндээ үнэмшээд,эргүүлэгнээсээ гарч чадахаа больсон байна.
    Юун тэр анхны сургааль,бүр холоо тойрог таягдсан болжээ.Одоо хүний ухамсарт шинэчлэл хийж чадах тийм урсгал байхгүй болжээ.Нийт дунд нь хийсэн дүгнэлт нэг иймэрхүү.

    Тэгвэл миний Монголд минь хэрхэн өрнөсөн байх вэ?.Буддагийн сургаал гажуудсан тэртээ цагт Зонхов гэгч нэгэн хүн шинэчлэл хийсэн нь хүчээ авчээ.Түмэдийн Алтан хаанаар дамжин өнөөгийн хэлдэг төвд Монголд нэвтэрч,зарим нь Хувилай хааны үед гэх байх гэвч энэ биш,тухайн үед газар аваагүй.

    Түүнээс хойш Монголын маань олон оюунт өвгөд энэ шашинд оюуны бүтээлээ оруулсан ч нэгэнт замаа алдаж байсан ч Төрбайхын үеэс улам гаарсан.Түүнээс хойш гарцгүй болсон харагддаг.Одоо яахав,Буддын гэдэг нэрний халхавчин дор амь зогоож,арай ядан амьсгалж байгаа нь үнэн.Гэтэл Монголчууд бид шатрын тоглоомын хүүхэлдэй болсоор,санхүүгийн ивээн тэтгэгч болсоор,мухар сүсгийн бамбай болсоор өдий хүрч ирсэн ч мөн л 10 – р богд тодруулж,өөрийн хөлөг онгоцгүй далай руу шунгах гэж байна.Өөрийн хэлгүй,өөрийн оюун санааны бодлогын төвгүй,өөрийн суурь ойлгомжгүй тийм үндэстний шашин байдаг юм уу?. Төвд буддын сургаалийг өөрийн бон бөөтэйгөө хольж,өөрийн хэл дээрээ суурилж тусгаж авсан.Бидэнд тэгвэл юу байна.Ганжуур,данжуурын хэдэн зуун ботийг орчуулан буулгасан ч эх хэл маань хаачив.Түүнийг Монгол ухаантайгаа холиод,оюуны бодлогын төв болгосон нь хаана байна.Одоо ийм харанхуй явахаа больцгооё ахан дүүс минь.Шүтэх,эс шүтэх нь та бүхний эрх хойно гуйхаас өөр яана гэж.

    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Танхай.