Author: admin_shaman

  • САЯХАН СОЛОНГОСТ НЭГ ХҮНЭЭС ИЙМ ҮГ СОНСЛОО.

    Тэднийг ахлаж явсан Их сургуулийн профессор өвгөн ингэж хэлжээ. “Ний нуугүй хэлэхэд солонгос залуучууд, оюутнуудыг Монгол руу олноор нь явуулж байх хэрэгтэй юм байна. Тэд улсаа буруу тийш нь хөтлөвөл, ард түмнээ бодохгүй бол ямар болдгийг нүдээрээ үзэг. Шулуухан хэлэхэд би ирээд Пак Жөнхи ерөнхийлөгчийн хөшөөн дээр очиж “биднийг зөв замаар хөтөлж улсаа үсрэнгүй хөгжүүлсэнд нь талархаж мөргөмөөр санагдсан. 1960 аад он гэхэд Монгол улс үйлдвэржиж байсан. Тэгэхэд манай улс маш ядуу, өлсгөлөнд нэрдвэгдсэн төрийн эргэлт гарч туйлдсан улс байсан юм шүү дээ. Энэ бүхнээс салгасан хүн бол Пак Жөнхи. Би Тэгү явж Пак Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлмээр байна” гэжээ… Миний танил ихэд ичсэн, харамссан өнгөөр надад шивнэх шахан ярьсан нь энэ… Тэгээд би бодлоо. Нээрээ л 1960 аад онд Пак Ерөнхийлөгч төрийн эргэлт хийж гарч ирсэн цэргийн хүн байсан. Тэр үед одоогийн БНСУ маш ядуу өлсгөлөнд нэрвэгдсэн улс байсан нь ч үнэн. Харин манай улс бол жинхэнэ үйлдвэржиж байсан. Тэгээд одоо яав, бүгд мэднэ. Бид үйлдвэрүүдээ дампууруулсан. Газрын баялгаа өнгөрсөн 32 жилд түүхийгээр нь Хятад руу зөөж эдийн засгийн хувьд нэг улсын хараат болсон. Өнгөрсөн 32 жилд бид ардчилал биш анархизм байгуулсан нь үнэн. Одоо үйлдвэрлэл ярьсан болгон ад үзэгдэж хавчигдаж байна. Ийм болохоор солонгос өвгөний хэлснээр “улсаа, ард түмнээ бодохгүй бол ийм болдог юм шүү ” гэсэн муугийн жишээ болохоос өөр яах билээ… Ko

    Цэдэнбалын Төмөрсанаа
    ·

  • СЭТГҮҮЛЧ Н.ДУЛАМСҮРЭНГИЙН Н.НАГААНБУУТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА.

    Мөнх тэнгэрийн хүчний түүх гэж байхгүй. Энэ бол монголын түүхийн гүн ухааны асуудал. Түүхийн гүн ухаан гэдэг нь тэр түүхийг яаж бүтээсэн, яагаад гэсэн асуултанд хариулагдах тусгай шинжлэх ухаан. Гүн ухааны түүх гэвэл гүн ухаан тэдэн онд үүссэн гээд эхэлнэ. Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээнэ.

     

  • СТИВ МОРЕЛ: МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ, ХӨГЖИМД УВДИС БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ

     

    -Таны www.uuguul.com сайтад уртын дууг чамбай тайлбарласан байна лээ. Мундаг судлаачтай хамтарч ажилладаг юм болов уу гэж бодлоо?
    -Тэр ажлыг ер нь би хийж байгаа. Анхны шат бол мэдээж үг олох хэрэгтэй. Үгийг бол хуучин номноос цуглуулж, заримдаа өв тээгчээс тэмдэглэж авч байгаа. Франц хүн учраас утга зөв ойлгохын тулд монгол түүхийн багш, уртын дуучин, уртын дуу судлаачтай уулзаж, мэдээлэл авна. Хамгийн сүүлд тайлбар бас орчуулга хийснийхээ дараа монгол хүнээр уншуулж, янзлуулдаг. Нэг дууны тайлбарт хэд хэдэн долоо хоног заримдаа хэд хэдэн сарын хөдөлмөр бас олон хүний сэтгэл, мэдлэг шингэдэг.
    МУИС-ийн нэг оюутан сайн дурын ажилтан маягаар надтай хэдэн сар хамтарч ажилласан. Даанч түүний хичээл нь ихсээд, завгүй болсон.
    -Та монгол судлаач. Юунд төвлөрч судалдаг вэ?
    -Миний магистрын судалгааны ажлын сэдэв “Монгол ардын хөгжим ба уртын дууны увдислаг чанар”. Монгол ардын уртын дуу, хөгжимд увдис байна гэж үздэг. Гэхдээ үүнийгээ нотлохын тулд илүү их судлах хэрэгтэй байна. Докторын ажлаараа хөгжмөөр анагаах сэдвээр гүнзгийрүүлж судлах юм. Монгол ардын уртын дуу хөгжмөөр анагаах чиглэлийг судлахаар төлөвлөсөн. Үүнд их цаг хугацаа орно. Бухимдалд орсон, сэтгэл зүйн асуудалтай хүнийг хөгжмөөр анагаах боломжтой. Хөгжмөөр анагаах судалгааны ажил зөндөө байна. Гэхдээ монгол уртын дуугаар анагаах тухай сэдэв би олж хараагүй. Уртын дуу, морин хуурын аялгуугаар анагаах гэдэг анхны судалгааны ажил юм шиг байна. Уртын дууны бичлэг хийж бэлтгэж байна. Надад бас увдис, сүнслэг чанар ойлгож мэдэрдэг дуучин хэрэгтэй. Бичлэг бэлэн болоход эмч, сэтгэл зүйчтэй хамтарч ажиллана. Уртын дуугаа сүнслэг маягаар тоглохын тулд утга санааг нь сайн ойлгож байх учиртай. Тийм учраас уртын дууг орчуулж, ямар утгатайг тайлбарладаг юм.
    -Уртын дуу гүн утгатай, философитой санагддаг гэсэн үү?
    -Миний хувьд ихэнхи уртын дуу амьдралын хичээл юм шиг санагддаг. Зарим уртын дуу үнэхээр үнэхээр гүн утгатай. Миний хамгийн хайртай уртын дуу бол “Асарын өндөр”. Үнэхээр сүнслэг, шашинлаг гэмээр мэдрэмж төрүүлдэг. Бүтнээр нь хуурдвал эсвэл сонсвол өөрт өвөрмөц энерги мэдрэгддэг.
    -Танаас өөр гадаад хүн монгол уртын дууны увдисыг мэдэрдэг болов уу?
    -Миний судалгаанд 15-20 гадаад хүн хамрагдсан юм. Эрэгтэй эмэгтэй, баян, ядуу, нас насны хүмүүс оролцсон. Морин хуур тэдэнд өвөрмөц мэдрэмж төрүүлсэн. Уртын дууг бол зарим хүн сайн ойлгож чадаагүй. Морин хуурыг бодвол уртын дуу гадагшаа арай бага түгэж байгаа. Хөөмий, морин хуур, “Алтан ураг”, “Домог”, “Хөсөгтөн”, Хү хамтлагийг цөөнгүй хүмүүс мэддэг шүү дээ.
    Зарим гадаад хүн морин хуурын аялгуу сонсоод тал нутаг, морь мэдэрдэг. Гэтэл Францад жишээ нь тал нутаг байхгүй. Хэзээ ч тал нутаг үзээгүй мөртлөө уудам мэдрэмж авч, сэтгэл дотор тайвширч байна, амар амгалан болж байна гэж байсан.
    Морин хуур, уртын дуу зөвхөн монголчуудад төдийгүй бусад гадаад хүмүүст ч нөлөөлнө. Бусад хүмүүс ч бас уртын дуу, морин хуурын аялгуу сонсоод уйлна, транст орно, бясалгана. Сонин сонин жишээ байгаа.
    -Өсвөр насны хүүхдүүд компьютер тоглоом, гар утсанд их цаг зарцуулдаг. Тэднийг чи монгол хүн учраас уртын дуу сонс гэж хүчлэх аргагүй. Уртын дууг мэдрэхэд нас чухал юм болов уу?
    -Хэдэн өдрийн өмнө энэ талаар хүмүүстэй ярилцаж байлаа. Уртын дуу гүнзгий утгатай учраас жаахан хүүхэд дуулж болох ч мэдрэх арай боломжгүй байх аа. Яагаад гэвэл жаахан хүүхэд амьдрал таньж амжаагүй. Уртын дууны сүнслэг чанарыг ойлгохын тулд амьдралын туршлага хэрэгтэй. Миний хувьд настай уртын дуучны хоолой гоё сонсогддог. Аав, ээждээ тэврүүлж хайрлуулж байгаа хүүхэд гуниг гэж мэдэхгүй. Харин хүү нас ахиж, жаргал зовлон үзсэн хойноо уртын дуу сонсвол санаж үгүйлсэн сэтгэл, гунигийг мэдэрнэ. Тэр үед л уртын дуу бүүр сүнслэг амьд мэдрэгдэнэ.
    -Франц хүн монгол хүнд морин хуур зааж байхыг харахад жинхэнэ даяаршил гэдэг энэ биш үү гэж бодогдож байна л даа. Өөрт чинь харин энэ өвөрмөц санагддаг уу?
    -Үгүй ээ. Яагаад гэвэл монголчууд ч бас дэлхийгээр тарсан. Англи хэл төгс мэддэг монгол хүн магадгүй америк соёлын талаар америкчуудад зааж байгаа. Эсвэл Францад амьдардаг монгол хүн надаас сайн франц хэлтэй байж магадгүй. Гэхдээ энэ хамаагүй. Хүн хайртай дуртай зүйлээ хийж байх нь чухал. Францад байгаа монгол хүн франц хэл соёлыг төгс эзэмшиж франц хүнд заавал танд сонин санагдах уу? Хэн нэг хүн ямар нэг зүйл сураад өөр хүнд түгээхэд арьс (ямар үндэстэн байх нь) хамаагүй гэж бодож байна.
    -Та хичээл заахаас гадна өөрөө бас цаг гаргаж суралцдаг гэсэн шүү дээ. Ойрын үед юу сурч байгаа вэ?
    – Өдөр бүр юм сурах хэрэгтэй. Жаахан ч гэсэн юм сурахыг хичээдэг. Би бас арьсан эдлэл хийж, эвэр сийлж, шинэ зүйл туршиж байна.
    -Тууль хайлж сурч байгаа гэсэн үү?
    -Тууль сурах хүсэл маань хэвээрээ. Хэд хэдэн туульчтай уулзаж, жаахан мэдээлэл авсан. Надад одоохондоо тууль хайлж сурахад хүнд байна. Би тийм түвшинд хүрээгүй. Уртын дуу илүү ойр санагдаж байгаа. Одоо бол уртын дуу орчуулах нь чухал санагдаж байна. Заримдаа товшуур тоглоод юм хайлж байгаа юм шиг суудаг. Одоохондоо миний монгол хэл төгс биш. Дахиад зөндөө юм сурах хэрэгтэй. Миний мэдлэгийн сав 50-60 хувьтай дүүрэхэд тууль хайлах тухай бодож магадгүй.
    -Та ихэвчлэн монгол хувцастай явж харагддаг?
    -Өөр хувцас байхгүй ээ. (инээв) Одоо ер нь дандаа дээлтэй явж байна.
    -Монгол хувцас урлаачидтай найз уу?
    – Өмнө нь нэг, хоёр эмээд дээл захиалж авдаг байсан. Саяхан язгуур, уугуул дээл оёдог эмэгтэйтэй танилцсан. Түүний хийж байгаа дээлийг манай вэб сайтаар дамжуулж гадагшаа илгээдэг. Хамтарч ажиллаж байгаа учраас надад дээл хувцас хийж өгдөг болсон. Энэ нэхий малгайдаа дассан учраас халууцаж байгаа ч өмсөж яваа. Гадаа дулаараад хөлс гоожих болсон. Зун яахаа мэдэхгүй байна. (инээв) Гэхдээ энэ малгайдаа хайртай.
    -Сая цагаан сараар айл хэсэв үү?
    -Энэ цагаан сараар завгүй байсан. Өмнө нь цагаан сараар “Морин хуур хуурдаж, жавар үргээж өгөөч” гээд хэд хэдэн айлаар очиж байсан. Гэхдээ цагаан сар бол гэр бүлийн баяр болохоор танихгүй, мэдэхгүй айлаар явах надад жаахан эвгүй санагдаж байна. Магадгүй гэр бүлтэй болвол миний хувьд цагаан сар бүр сонирхолтой болно.
    -Уран бичлэг хийдэг гэсэн. Уран бичлэгүүдээ зарж борлуулдаг уу?
    -Уран бичлэг хийгээд зардаг байсан. Энэ хананд байгаа хийсвэр маягтай уран бичлэгийг бол хүн авахгүй. Жаахан сонин царайтай бүтээл. Харин энэ овоотой бүтээл үнэ хүрч магадгүй, гэхдээ маш их сэтгэл зарцуулсан учраас зарчихвал жаахан хайран санагдаад байна. Энд бас миний сийлсэн тамга байна. Бүгдийг өөрөө хийдэг. Яваандаа үзэсгэлэн гаргах санаатай. Одоохондоо дэлгэрэнгүй ярихгүй, нууц.
    -Монгол залуус өндөр хөгжилтэй орнууд руу явах дуртай. Монголоос дайжиж байна ч гэж яригддаг. Гэтэл та эсрэгээрээ Монголыг зорьж ирсэн. Яагаад Монголд ингэж олон жил амьдарч байгаа нь хүмүүст сонирхолтой байх болов уу?
    -Би танаас юм асууя. Та ээждээ хайртай юу?
    -Мэдээж хайртай.
    -Яагаад гэж асуувал тэнэг сонсогдоно. Яагаад би Монголд амьдардаг гэхээр Монгол соёлд хайртай. Тэгээд л боллоо. Монгол соёл Монголд бий. Тиймээс би Монголд байгаа. Би хайртай юм аа хийж байгаа. Монгол залуус гадагшаа явмаар байвал яв гэж хэлмээр байна. Бусад орныг үзэхээрээ харьцуулах боломжтой болно. Хэрэв тэд гадагшаа явахгүй бол Монгол соёл ямар чухлыг ойлгож чадахгүй. Гэхдээ гадагшаа яваад монгол соёл чухал биш санагдсан ч хамаагүй. Франц хэл, соёлыг сураад түгээн дэлгэрүүлээд явсан ч болно. Монголдоо буцаж ирсэн залуус хэл, соёлоо хайрлаж түгээнэ.
    Ер нь нэг соёл өөр соёлоос илүү юм байхгүй. Бүх соёл чухал. Чин сэтгэл байх хэрэгтэй.
    Харин тухайн хүн юунд илүү татагдаж, юу хийхийг хүсч байгаа нь чухал. Би франц хүн учраас вино хийх ёстой гэж болохгүй. Яагаад гэвэл надад вино хийх сонирхол байхгүй.
    Хэрэв би вино хийсэн бол миний вино гашуун болж магадгүй. Яагаад гэвэл би энэ ажилд хайртай биш. Хайртай дуртай зүйлсээ хийж амьдрах хэрэгтэй.
    -Ирээдүйгээ Монголтой холбоотойгоор төлөвлөж байгаа юу?
    -Би Монголд арван жил болж байна. Би мэдээж ирээдүйг хэлж мэдэхгүй. Гэхдээ уртын дууны судалгааны ажил жилийн дараа дуусахгүй нь ойлгомжтой. Морин хуур судлахад бас цаг хугацаа зарцуулна. Яваандаа тууль судалж эхэлвэл арван жилийн дараа дуусахгүй. Монголоос явах санаа одоогоор байхгүй. Би энд баймаар байна. Магадгүй Улаанбаатарт биш хөдөө Сүхбаатар, Дундговь, Увс, Ховдод ч очиж магадгүй. Одоогоор сонгож чадахгүй. Яагаад гэвэл бүх аймаг үнэхээр сайхан. Өв соёл их байгаа.
    -Яаж монголоор ингэж сайн ярьж сурав, монгол хэл сурахад хэцүү гээд байдаг шүү дээ?
    -Одоо бол надад монголоос өөр хэлээр харилцаж байгаа хүн бараг байхгүй. Гэртээ англи хэл дээр кино үздэг. Аав, ээжтэйгээ видео дуудлага хийхдээ францаар ярьдаг. Бусад үед дандаа монголоор ярьдаг. Бүүр эхний жилдээ найз бүсгүйтэй байсан. Бид англиар ярьдаг байсан болохоор монгол хэл бараг сураагүй. Тухайн үед Монголд үлдэх эсэхээ шийдээгүй учраас хэл сурах тийм ч чухал байгаагүй л дээ. Хоёр, гурван жилийн дараа би Монголд байх боломжтой юм шиг санагдах болсны дараа хэл сурах хэрэгтэй гэж шийдсэн. Хэд хэдэн багшаас зөвлөгөө авч, гудамжаар явж байхдаа ч толь бичиг уншдаг байсан. Гол нь тэр үед би уртын дуу орчуулж эхэлсэн. Уртын дуу орчуулах надад үнэхээр сонирхолтой санагдсан юм. Яагаад гэвэл нэг мөрөнд ихэвчлэн гурван үг бий. Маш эвтэйхэн маягаар шинэ үг сурах боломжтой. Хэрэв би шууд роман барьж авсан бол нэг хуудсанд мянган шинэ үг гарч ирээд урамгүй байх болов уу. Уртын дуу монгол хэл сурч эхлэхэд маань их нөлөөлсөн. Сайн ойлгохгүй байсан ч шинэ үг орчуулаад, ямар утгатай вэ гээд судалдаг байв. Гэхдээ миний монгол хэлний түвшин тийм ч сайн биш. Яваандаа яриандаа оньсого, зүйр цэцэн үг хэрэглэх түвшинд ярьж сурмаар байна. Энэ бол миний мөрөөдөл.
    -Биелгээ сурсан гэсэн үү?
    -Сурсан юм байхгүй ээ. Сурсан гэвэл цаашдаа өөр сурах юм байхгүй гэсэн үг. Морин хуур, икэлээр бийн аялгуу амилуулахын тулд би өөрөө мэдрэх хэрэгтэй байсан юм. Тиймээс хэд хэдэн хүнээр хичээл заалгаж бийн хэдэн хөдөлгөөн сурсан. Мэдээж төгс биш. Гэхдээ аялгуу хөгжимдөхөд илүү их цаг зарцуулдаг. Хотод орчин үеийн бүжиг, бий биелгээ ихэвчлэн хольж бүжиглэдэг. Цэвэр бий нь баруун аймагт байдаг. Бий биелгээний хөдөлгөөн мал аж ахуй, малчны ажилтай холбоотой учраас хөдөө амьдардаг бол тэр хөдөлгөөн биед шингээд, бараг автоматаар биелдэг болох байх. Малын ажил хийж үзэхгүй бол миний хувьд биелэх нь дутуу санагддаг. Өв тээгч нарын биелэгээ үнэхээр сонирхолтой, амьд шүү.
    -Морин хуур тоглоод тусгай шагнал авч байсан гэсэн. Тэр үеэсээ хойш чадвар чинь сайжирсан гэж үздэг үү?
    -Газар, тэнгэр шиг өөр болсон. Надад одоо уралдаан тэмцээнд орох санаа байхгүй. Уралдаан жаахан утгагүй санагддаг. Хэн сайн, хэн муу гэж яаж дүгнэх вэ. Хөг төгс байвал сайн тоглодог гэх үү, эсвэл дотор сэтгэл маш гүнзгий учраас сайн тоглодог гэж үзэх үү. Шүүгч хэн бэ гэх мэт олон шалтгаан нөлөөлдөг. Гол нь би хөгжим тогломоор байна. Миний тоглож байгааг олон хүн сонсож таашаал аваасай гэж хүсдэг. Түүнээс биш шилдэг хөгжимчний шагнал авах, Соёлын тэргүүний ажилтан болох бол миний хувьд учир утгатай биш.
    -Монгол дээлийг гадныхан хэр сонирхож худалдаж авдаг вэ?
    -Ер нь сонирхоно. Гадаад хүмүүс бас монгол хэл, уйгаржин бичиг сонирхдог. Тэдэнд сонирхолтой, өвөрмөц санагддаг. Тийм учраас монгол хэл сурах арга бас бичиж байгаа. Саяхан нэг хүнтэй энэ талаар хамтрах боломж гарсан. Франц хүний нүдээр харахад монгол хэл маш логиктой. Монгол бичиг бол илүү төгс. Харин кирилл үсэг миний франц хэл шиг замбараагүй санагддаг. Монгол бичиг дүрэм маш цөөтэй, оновчтой. Монгол хэлний гурван үгэнд маш том агуулга гаргах боломжтой.
    Монгол хэл сурахад хэцүү биш. Харин мэдээлэл ховор учраас сурахад бэрх санагддаг байж магадгүй. Эсвэл шууд хэл шинжлэл орвол энгийн хүн ойлгоход түвэгтэй.
    -Ингэхэд тавгийн ааруул цагаан идээгээ хаанаас авдаг вэ?
    -Заримдаа миний шавь нар, хотоос зайдуу гарахдаа очдог хүмүүс өгдөг. Хажуугийн захаас Архангайн цагаан идээ зөв сонгож авах гэж хичээдэг. Сүүн ааруулд их дуртай. Сүүн ааруул зардаг ах хөдөө явсан, түүнийг ирэхээр нь сүүн ааруул дахиад авна даа.
    Б.Янжмаа

  • Дуулж мэндэлдэг Монголчууд

    Мөнөөх дуу цааш:
    Цайны сүү дэлгэрсэн
    Дэлгэр сайхан цагт
    Цаг нар нь тэгширсэн
    Цайдмын нутагт минь ирээрэй…
    Даан ч хол гэж бодолгүй
    Дэлхийн эн дээр орших
    Дээд Монгол бидний
    Дэлгэр сайхан нутагт саатаарай
    Манайд айлчлаарай … Манайд айлчлаарай … гээд л биднийг очоод буцах үед “Дахиад ирээрэй” гээд л дуулж өгдөг юм. Дээд Монголчууд өндөрлөг газар аж төрдөгтөө ч тэр үү их л цээл уянгалаг сайхан хоолойтой зон олон билээ. Хурим найранд заншил ёсоор хүн бүр зочин бүрт зориулж дуу дуулж өгдөг… Ингээд бодохоор нэлээн өнө урт дуу хуураар үргэлжилсан хурим найр болдог байгаа биз. Эдүгээ есөн түмэн Монголчууд буюу Хошууд голдуу мөн цөөн Торгууд Цорос, Халхууд маань монгол хэл, бичиг соёл, ёс заншил, зан ааль, ахуй байдал, өв уламжлалаа хадгалан дэлхийн дээвэр Төвдийн өндөрлөгт суурьшиж байна. ( TASAM publishing “Жахангүшейн замаар” аян замын тэмдэглэлээс)

  • ӨӨЛДИЙН ХАРЛАГ ТУГ

    Уг гэрэлт хөшөөнд:
    “Хүмүүн олонд:
    Монгол Улсын тусгаар тогтнонл, эв эеийг үеийн үед эрхэмлэн сахигтун.
    Өөлдийн Харлаг тугийг сэргээн залж их ёслол үйлдэв.
    1994-07-05″ хэмээжээ.
    Сумын Засаг асан Ц.Дамдинжав:
    Өөлдийн Харлаг туг нь дайн байлдаанд явахын сүлд хийморийг онголон тахиж, шүтдэг байсан бөгөөд жилд 1 удаа салхилуулдаг, бусад үед Зуугийн сүмд тусгайлсан саванд хадгалдаг байсан. 1930-1940-өөд оны их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд учир битүүлэг алга болж, чухам яасныг мэдэх хүн байдаггүй юм гэж хөгшчүүл маань хуучилдаг байв.
    Харлаг туг сүлдийн дээд сэрээ догийг нутгийн хүү Гэлэнцэрэнгийн Ганбаатараар урлуулж, тугийн ишийг Баянбайшир хайрханы Хустын нуруунаас авч, нутгийн шандаст хурдан хүлэг морьд, сүргийн манлай удам сайт азаргануудын дэл сүүлээр цацал юугий нь бүтээсэн билээ.
    Дөрвөн Ойрадын хаан, төрийн их хүн, цэргийн суут жанжин, соён гэгээрүүлэгч, гэгээн хутагт Галдан Бошгот хааны мэндэлсний 350 жилийн ой 1994 онд Ховд аймагт зохион байгуулахад Өөлдийн их сүлд Харлаг тугийг залж уг ажиллагаанд оролцоход Олон Улсын эрдэмтэн мэргэд, Өөлд түмэн сүсэглэн мөргөж, их хүндэтгэл үзүүлж билээ. хэмээн 2002 оны 11-р сарын 27-ны өдөр дурсан ярьсан юм.
    Өөлд түмний их сүлд Харлаг тугийг бүтээн залсан ерөөлт өдрөөс эхлэн цэргийн албанд мордож буй эрчүүд Харлаг тугандаа адислан цэргийн албанаа морддог уламжлалтай болсон билээ.

  • ХҮННҮ ГҮРНИЙ УДИРДАГЧ АТИЛЛА ХААНЫ БУНХАН ОЛДЛОО

    Тодорхой хэлбэл бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байх магадлал маш өндөр гэнэ.

    Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн аргагүй хэрэг. Бид бунхнаас “Хүн” гүрний үед хэрэглэж байсан маш олон тооны зэр зэвсэг, эд өлгийн зүйлс, морины араг яс олсон. Энэ дунд солирын төмрөөр хийсэн том илд буйг домогт Атилла хааных хэмээн тамааглаж байгаа юм. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Хэдийгээр бунхан Атилла хааных биш байлаа ч “Хүн” гүрний үеийн хүмүүсийн гарал угсаа, бие физиологийн онцлог зэргийг судалж тогтоох ач холбогдолтой үнэлэшгүй олдвор аж.

    “Бурхны ташуур” гэгддэг Атилла хаан манай эрний 434-453 онд Төв Азийн нүүдэлчин түмний “Хүн” их гүрнийг захирч байсан юм. Төв Азийн нүүдэлчин монголчуудын өвөг дээдэс болох хүннүчүүдийн их удирдагч тэрбээр Ромын эзэнт гүрнийг баруун, зүүн талаас нь олон талаас нь дайрч байсан бөгөөд Ромын эзэнт гүрний задарлыг хурдасгасан хүчирхэг удирдагч хэмээн түүхэн тэмдэглэгдсэн байдаг аж. Мөн унгарчуудын дунд Атиллаг улс орныг нь үндэслэгч хэмээн үздэг хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд уг олдвор Атилла хааны гарал угсааны талаарх эргэлзээг тайлахад дорвитой нэмэр болно гэж эрдэмтэд үзэж байгаа талаар http://worldnewsdailyreport.com мэдээлсэн байна.

  • ДАРХАДЫН ТАХИЛГАТ 9 ХАЙРХАН

    Буурлуудын яриагаар 1916 онд энэхүү онгодыг босгосон гэдэг. Мооцитийн хүү Халзан Зана зайран энэхүү Хуш дөлийн онгодыг дуудан бөөлж 33 хурмастаар аялан дүүлж бөөлдөг байснаараа ид шид эрдэм оюунаараа гаргуун гарсан нэгэн байжээ. 33 онгод дотроо салаалж ирдэг олон тооны онгод бий. Түүний олон салааны толгой том тэнгэрүүд болох Бургааст Цармын онгод, Улаан модны онгод, Төхийн онгод, Сайхан өвстийн онгод, Өвөр ходны аав буюу Нанзад эмгэний онгод , олны мэдэх ийм чадалтай онгодууд хүч хавсарч Ноё тэнгэрийг үүсгэдэг байжээ. Зуны дунд сар болох өвсний толгой бүрэн цухуйх үед Хуш дөлийн онгодыг тахидаг байсан хэмээн Бүдүүрээ зайран нэгэнтээ дурсаж байсан. Зана зайран нь Хар болон Шар тэнгэрийг хамтдад нь авч явдаг байсан. Мооцитийн Халзан зайран нь Хармайн гол Шаргын дэнж Төхийн урд Тэнгисийн булан зэрэгт дөрвөн улиралаа даган нутагладаг байжээ. Зуны дунд сард тахихдаа морьтой хүн гарахыг цээрлэж эгц доороос нь явган өгсдөг байсан тухай Дэлгэр зайран ярьж байсан.Энэхүү Хуш дөлийн онгодыг хамгийн сүүлд Дэлгэр зайран тахисанаас хойш өдийг хүртэл тахилга нь тасарсан гэж ярьдаг юм. Энэхүү Хуш дөлийн онгод нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 3-р бригад Шаргийн дэнжийн зүүн талд байрлах Саяаны нурууны дунд байрлах ганц өндөр цочим хавцал дээр байрладаг онгод билээ.
    1.ХОГОРГИЙН БУРИАНЫ ХАЙРХАН:
    Лусын эзэн буюу Нагарза хэмээх Мачир зайрангын онгод юм. 33 жилээс дээш бөөлж алдар цуу нь түгсэн бөөг дархад даяараа хүндлэн дээдэлж 9 булдуутай хэнгэрэг барихыг дээд тэнгэр нь зөвшөөрдөг байсан бөлгөө. Сар бүрийн шинийн 3 нд ийм бөө бөөлөхөд нь хотол даяараа чуулан амь бие эд малаа даатгадаг байжээ. Энэхүү Бурианы онгодыг анхлан тахиж авч явсан хүн нь Мачир зайран бөгөөд зарим хүмүүс ярихдаа Мачир зайрангын онгод гэлцдэг. Мачир зайран нь Хогоргийн Буриа, Эрдэнийн Сүмбэр хайрхан, Хонин өндөр уул зэргийг аргадаж авч бөөлдөг байсан учир байгаль эх буянаа хайрласанаар агуу хүчийг олж нээсэн хүч чадалтай зайран байсан. Мачир нь агуу том зайран байсан нь энэхүү түүхээс илт юмаа. Зайран 2 эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг зайран бөгөөд дархадын нисдэг 7 бөөгийн нэг нь болж явсан алдарт зайран , нөгөө эхнэрээс гарсан охин нь Ховин юм буюу бөөлөөд нисэж Ховдод буусан Дулам удган юм. Энэ хайрхан нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргийн голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд хоёр хөгшин бүдүүн саарал модыг бодит байдлаар нь хэлж дүрсэлж болох юм. Энэ онгодыг сүүлд авч яваа зайран манай дархад нутгийн Мөнхөө зайран байсан билээ.Үе үеийн дархадаас төрсөн олон бөө удганууд сүүгээ өргөж тахин дээдэлж даатган залбирдаг онгод нь Хогоргийн Бурианы эх онгод юм.
    2. Буянт голын хайрхан Санж:
    Буянт голын хайрхан буюу Санж бөө маань 17-р зууны дунд үед амьдарч байсан гэж нутгийн хөгшчүүл дурсан яридаг. Санж бөө нь эрдэм чадал ид хаваараа нутаг усандаа гайхагдаж явсан ба ар дархадын Зулын тээхний удмын их зайран юм. Санж бөө нь дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг болох Дамжил зайраны аав бөгөөд алдарт Татай удганы хүү билээ. Ринченлхүмбэ сумын өвөр битүүд байдаг Өрхөтийн нуурын зүүн өмнө, Цойцон нуурын баруун хойно нь онгод нь байдаг бөгөөд өөрийн нутаглаж байсан газарт нь онголон тавьж нутгийн олон нь тахин залбирсаар ирсэн юм. Буянт голын хайрханы асрийг одоогоос 250 аад жилийн өмнө барьсан гэж нутгийн хөгшүүл ярьдаг.
    3.Тэнгисийн хайрхан буюу Ноё бөө:
    Ноё бөө нь 17-р зууны сүүл 18-р зууны эхэн хүртэл амьдарч байсан ид шидтэй зайран байсан бөгөөд 120 насалсан учир Ноё зөнөг гэж нутгийнхан нь дууддаг байсан гэдэг. Цагааннуур сумын Тэнгис гол хавиар нутагладаг дархадын хуулар ясны Есөн дарааны юм гэдэг онгодыг тахидаг, сүрлэг том биетэй хүн байжээ. Ноё бөө нь хоролмайн дээрэмчдийг ид шидийн хүчээр дийлж ирэхэд нь манж нар зөвшөөрөлгүй байлдлаа гэж цавчин алах гэтэл нь мөрнөөс нь 2 хөхөө гаран ниссэнд алахаа больсонд Ноё бөө иргэн ирэж миний бие эзэнгүй болж, сахиус минь нисээд явсан байлаа үүнийг мэдэлгүй тэд намайг орхилоо гэсэн гэдэг. Ахайн буриад бөө нартай үзэлцэж Бух бөөг дарч явсан ба буриад нутгийн ноёны охин 18 настай бүсгүйг ховсдож нутагтаа авчирсан гэлцдэг юм.Нисдэг морьтой байсан ба морийн нь нисдэг өдийг эхнэр нь хяргаж авсан учир өөрөө нисэх гэж газраас тохой хэртэй хөндийрсөн ч том биеэ дааж чадаагүй гэдэг. Ноё бөөгийн онгод нь Шишгэд голын дунд тавигдсан пүнзэн асартай онгод бөгөөд алдарт Жавартай ээжийн онгодын хажууд тавьсан байна. Ноё бөө нь Жотог зайрны 4 хүүхдийн хамгийн том хүү юм.
    4. Агарын хайрхан болох алдарт Баглаан удган:
    Баглаан удган нь Цагаан адуучны тээхний шүтээн болсон, дархадын баруун отгийн ид шидээ гайхуулж явсан удган бөгөөд манж чин улсын эсрэг олон жил тэмцэлдэж байснаараа Баглаан заргач удган гэгдэх болжээ.Гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олон маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг.Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.
    5. Хармайн хайрхан буюу Хаж зайран:
    Жотог зайрангийн хүү, Ноё бөөгийн дүү Хаж зайран нь дархадын ар гурван отгийн шүтээн болсон, Шишгэд нутгийг харсан алдарт зайран байжээ. Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. 13-р зуунд амьдарч байсан Тэв тэнгэр бөө нь мөн адил тэнгэрээс их хүчийг авсан бөө байсан юм.Хармайн аавын тэнгэр нь гурвалжин дүрсээр хөрөглөсөн байдаг бөгөөд энэ нь асар их хүчтэй гэдгийг илэрхийлсэн хэрэг билээ, учир нь бөөгийн шашинд зориг баатарлагын билигдэл нь гурвалжин дүрс байдаг. Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.
    6.Судгийн хайрхан буюу Амажи удган:
    Амажи удган нь Баглаан удганы охин бөгөөд, ах нь нисдэг Арилдий бүргэд зайран юм. Амажи удган нь эрхэт дархад ястай,үнэг болон хувирдаг ид шидтэй байсан, ба нутгийн ард олондоо домог болон яригдан үлджээ. Холын нэгэн бадарчинтай эрдэм чадлаа үзэлцэн гэдсээ хүүлж сэмжээ дэлгэн үзүүлэхэд нь бадарчин шороо цацаж сэмжийн бохирдуулснаас цэл залуугаараа өөд болсон гэдэг . Өөд болсны дараа нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Шаргын судагт онгодын асрийг нь босгож Судгийн ээж хэмээн тахих болсон юм.Өөд болсны дараа нутгийн ардууд Судгийн хайрханыг тахиж , залбиран харуулын цэргийг ажралгүй даван, дархад нутгаасаа гарч явдаг байсан гэдэг учир нь дархад түмнийг манж нар халх рүү нэвтрүүлдэггүй бөө мөргөл их түгсэн газар учраас шарын шашинд муугаар нөлөөлнө гэдэг байсан байна.
    7.Аралын хайрхан буюу Бат зайран:
    Бат зайран ба түүний төрөл садан болсон 7 онгодыг Аралийн хайрхан гэж нэрлэсээр ирсэн юм. Бат зайран нь алдарт Татай удганы нөхөр бөгөөд Баянзүрх суманд нутагладаг баруун отгийн сор нь болсон хүч чадал хосгүй ид шидээрээ гайхуулан явсан бөө байжээ. Аралын хайрханы энэхүү 7 бөө нь Тувагаас нүүдэллэн ирсэн тус бүрдээ нэг нэг модон онгод үүрч дархадад нүүдэллэн ирсэн гэдэг домог байдаг. Баянзүрх сумын Арал гэдэг газарт нэг асарт онгодыг нь нэгтгэн тахиж залбирсаар ирсэн.
    8.Ушгидайн хайрхан буюу Сунхи бөө:
    Татай удганы хүү , дархадын ниссэн 7 бөөгийн нэг болох Сунхи бөө нь ид шид, эрдэм чадлаараа гайхагдсан зайран байжээ. Алдарт Хаж зайрангийн шавь бөгөөд эх нутгаа харийн дайснаас хамгаалсан баатар жанжин байсан юм. Енисэй мөрний эх Гуна, Ушигдайг хамгаалан дайтаж эх нутгийнхаа төлөө тэмцэж явсан нь нутгийн олны дурсамжид яригдсаар ирсэн билээ. Тооноороо гарч нисэн байтал нь эхнэр нь хөлнөөс нь зуурч авсанаар гэдрэг унан өөд болсон гэдэг бөгөөд Улаан уул сумад энэ бөөгийн нэрээр нэрлэсэн Сунхийн булан гэдэг газар байдаг юм. Амьд байх үед нь нутаглаж байсан Ушгидай ууланд онгодыг тахиж залбиран ирсэн түүхтэй.
    9.Хурц уулын хайрхан буюу Гоё удган:
    Гоё удган нь Жотог зайрангийн охин бөгөөд ах нь Ноё бөө, дүү нь Хаж зайран юм. Гоё удган нь дүү Хаж зайрантай хүчээ үзэлцсэн Ахай буриадын Бух бөөтөй ид шидийн хүчээр үзэлцэн, дүүгийнх нь онгодыг авч явсныг булаан аваад авчирсан гэдэг. Хүрэл тэнгэрийн толгойг юманд санамсаргүй өлгөн тасалсан тул, Тэнгис голын Хурц ууланд явж байхад нь Хүрэл тэнгэр хорлож өөд болсон юм. Онгодыг нь Хурц уулын хажууд асарлан тавьсанаар Хурц уулын ээж гэж нутгийн ардууд нь

  • ЗАЙРАН БЯМБАДОРЖ1

    Тэрээр сүүлийн үеийн төрийн томоохон ёслолд идэвхтэй оролцож, эртний онголиг шүтлэгийн ёсыг харуулж байгаа юм.
    Монгол бөө, удган бол монголын яруу найргийн гал голомтыг анхдагчдын нэг бөгөөд бөөгийн яруу найргийн монгол шүлгийн сонгодог арга хэлбэрийг бүрдүүлсэн загвар нь юм. Тухайлбал, толгой сүүл холбох, айзам гишгэгдэл тааруулах, аялга өргөлт жигдрүүлэх зэрэг “нарийн тохиргоог” бөөгийн дуудлага, даллага, зүхлэг болон бусад төрөл зүйлд өөгүй сайн хийдэг уламжлалаас эх үүдсэн ажээ. Тэр нь дүнгэр гэдэг тал хэнгэргийн цохилго, бөөгийн цамнал бүжгийн үсрээ, дэврээгээр уялдсан, хонгинуурын жингэнээгээр найрссаны бэлэгдэл юм.
    Зайран Д.Бямбадорж дээрх нарийн уламжлалыг өвлөн эзэмшээд зогсоогүй, бөөгийн яруу найргийн санд шинэ уг, ойлголт, шинэ төрөл зүйлийг бий болгож “Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” номондоо үүнийгээ тусгажээ. Энэхүү ном нь уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан. Түүнтэй шинэ ном болон, бөө мөргөлийн талаар ярилцлаа.
    – Таны номын гол утга учир юунд оршиж байна вэ?
    – Миний номын гол санаа Монголчуудын оюунлаг үзэл, байгалиас үлдээсэн удамшил, тэнгэр шүтлэг, бөө мөргөлтэй холбоотой юм. Монголчуудын хүчирхэг байсан нь мөнх тэнгэрийн дор тэнгэртэйгээ харьцаж бөө мөргөлтэй байдагт оршино. Бөө мөргөл ямар ч улсын шашинтай харшлахгүй, өөрийн онцлог мөнх тэнгэрийн бөө мөргөлөө дагаад бие даасан шашин юм. Буддисст, лал, христосстой холилдохгүй, тэдгээртэй ч тэрслэхгүй, өөрийн онгодоороо хэлж, бичсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд судлаачид тэгсэн байж, тийм заншилтай гэж бичдэгээс арай өөр. Бөө бол дээд тэнгэртээ өвгөдийн сүнс, онгодтой ярьдаг учраас хэдэн үеийн урьдах, хойшохыг хэлж чадна. Ийм учраас миний номонд
    Тэндээс хэлсэн үү,
    Тэнд харсан уу
    Тэр л юмтай хэлцэнэ
    Тэрлэж бичсэн учир ану гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр юм гэж онгодыг хэлж байгаа юм. Мөн миний номонд ээж мод, ээж хадны дуудлага, Сутайн дуудлага, Бурхан Халдуныг тахих бөө мөргөлийн ёс болоод бөөгийн тухай олон зүйл бий. Түүнчлэн би өөрөө үгийг нь бичсэн 20 гаруй дуу багтсан. Ээж мод, Ээж хад, Даян дээрх гурван газрын хүйн холбоотой. Даян дээрх, ээж хад, ээж модон дээр очоод дуудлага дуудах үед аль нь ч, яг нэг чанартай. Дэлхийн газрын хүйн холбоо гэж байдаг. Ээж хад уруу жил бүрийн таван сарын гучинд очдог. Харин Ээж мод руу жилдээ хоёр удаа очдог юм. Ханш нээх үеэр болон намрын дунд сарын арван долоонд очиж, бөөлдөг. Ингэхдээ нутаг ус,хүн малаа даатгаж төр түвшин, түмэн амгалан байлгахын төлөө бөөлж, дуулддаг. Энэ нь зан үйлийг байнгахийдэг, бөөгийн шүтлэгтэй газрууд юм.
    – Таныг далай багшийн өмнө бөөлж байсан гэж сонссон?
    – 1999 онд бид Чойжамц хамбатай, Энэтхэгт Далай ламын урилгаар очиж бөөлж байлаа. Далай ламын урд Монголчуудаас Батбаяр удган бид хоёр л бөөлж байсан. Энэ бол түүхэн явдал юм. Олон шашинтай газар очиж бөөлнө гэдэг их том гавъяа.
    Энэтхэг маш олон шашны урсгалтай юм байна лээ. Манай будцизм Энэтхэгээс гаралтай шүү дээ. Далай багш дээрх уулзалтыг зохион байгуулсан болохоор Төвдийн 108 лам дөрвөн эгнээ болон суугаад, ном хурж нээлтийг эхлүүлсэн. Учир нь дөрвөн урсгал байдаг юм байна лээ. Эхнийх нь манай шарын шашны лам нар байсан. Харин тэдний бумбын шашин бөөтэй их адилхан санагдсан.
    Шашны талаар их агуу улс гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Гэвдээ Далай багш Монгол бөө мөргөлийг их ойлгож, хүндэлдэг хүн байна лээ. Д.Чойжамц хамба орж ирээд тайлбарла гээд, далай багш хүн бүгдтэй гар бариад, намайг бөө гэсэн юм байлгүй. Тэгсэн далай багш миний гарыг нилээн удаан барьж байснаа, хөтөлж аваачаад хоёр суудлын нэг дээр суулгачихлаа. Чойжамц хамба тэндээс намайг тохиж харагдлаа. Тэгэхээр нь би очоод суучихав. Тэгээд орой бид юм ярьж сууцгаалаа. Тэгсэн Д .Чойжамц хамба, та яагаад Далай багшийн суудлын зэрэгцээ суучихаж байгаа юм бэ гэж асуулаа. Үгүй би өөрөө суугаагүй шүү дээ. Далай багш болохоор бөөгийн шашин бол бүх шашны эцэг шашин, бүх шашин бөөгөөс үүдэлтэй. Эхнээсээ галаа тахиад, газраа аргадаад, тэрнээс өөрийн тахилга шүтлэг санаа агуулж байдаг. Түүнээс анх шашин үүссэн гэдэг утгаараа намайг эцэг шашин гэж хүндлээд дээр суулгасан чинь, Чой хамба болохоор намайг, энэ хүн ер нь ямар танхай хүн бэ тэнд яагаад суучихав гэж бодсон гэсэн. Дараа нь бөөн инээдэм болж билээ. Далай багш бол агуу хүн л дээ.
    -”Хөвсгөл”-ийн тахилгыг олон омгийн бөө нартай хийж байсан гэсэн. Тахилгыг хаанаас зохион байгуулсан бэ?
    -Герман улсаас “овоо” төсөл гэж явуулдаг юм. 2003 онд зуугаад жил тахиагүй байсан Хөвсгөл далайн тахилгийг таван омгийн бөөг удирдаж, Дархадын зайран, Буурай удган, Балжир, Балжинням зайран, цаатан Ганзориг, Буриадын Галбадрах гээд бөө нартай . очиж, бөөлөн ёсөн цагааныг бэлэгдэн, ёсөн цагаан хадаг, ёсөн мөнгөн загас, ёсөн алтан загасаар өргөл өргөж далайг баясгаж байсан. Тахилгын үеэр гадаадаас хориод хүмүүс ирж, үзэн дэлхийн нийтийн том хэмжээний ёслол болсон. Мөн 2005 онд Германы Боннын дэргэдэх хотод. Монгол овоо тахилгын зан заншлыг харуулсан овоо тахилгахийсэн. Ирэх жилээс тэнд таван тивийн тэнгэр шүтлэгтэн бөө нар очиж их тахилга хийнэ.
    -Германчууд манай бөөгийн шашныг их сонирхож байна уу?
    -Дэлхий нийтээрээ Чингис хаан, бөө мөргөл хоёрыг салшгүй холбоотой гэж үздэг. Учир нь Чингис хаан өөрөө бөөгийн мөргөлтэй хүн байсан. Их сонин юм байна лээ. Очсон газар бүрт Чингис хааны тухай эхэлж асуудаг. Түүний дараа бөө мөргөлийн тухай асууж байлаа. Герман улс манай бөөгийн шашин болон Чингис хааныг их судалдаг. Чингис хааны тухай түүний байлдан дагуулж байсан үе, Монголчуудын зан үйлийн тухай бүхэл бүтэн таван давхар барилгат дан музейг гаргаж нээсэн нь гайхамшигтай байсан.
    -Таныг төрийн зайран гэдэг. Энэ тухайд?
    -Монголчууд дөрвөн жилд нэг удаа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгодог. Улсын ерөнхийлөгч байна гэдэг, дээд мөнх тэнгэртээ, түмэн олноо жаргалтай, төр түвшин байлгана гэж бөөгөөр дамжуулан тэнгэрт хэлдэг. Энэ зан үйлийг Н.Багабанди ерөнхийлөгчийн үеэс эхлэн тэнгэрт түмэн олноо даатгасан. Дараа нь Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй “Бурхан Халдун” уулыг тахиж, тэнгэрт түмэн олон, төр түмнээ даатгасан. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор гурван их оргилын том тахилгад оролцсон.
    – Төрсөн нутгийнхаа уул, усыг жилдээ хэд тахидаг вэ?
    -Нутгийн уул, усаа гурван жилд нэг очиж, Сутай-Хайрхан, Наран-Хайрхан, Хан Хөхий уулуудыг тахидаг. Сутай хайрханыг хоёр ч удаа тахиад байгаа. Таван багийн тахилга гэж Сутай хайрханыг тахисан. Энэ жил нутаг уруугаа явж Наран хайрхан, Сутай хайрханаа тахих бодолтой байгаа.
    -Бөөгийн шашин бусад шашнаас юугаараа онцлогтой вэ?
    – Ардчилалын үед бүх шашин чөлөөтэй болсон. Бөө мөргөлийн талаар бол Монголчуудын оюунлаг байдал, дэлхийг эзэлж байсан их хүч, түүнийг эзэн Чингис хаантай холбон дэлхий нийтээрээ биднийг сонирхож байна шүү дээ. Монголчууд тийм цөөхөн байж, яагаад дэлхийн талыг эзлэв гэж дэлхийн хэмжээнд хүмүүсийн сонирхол татаж, монгол хүний оюун ухаан, тэр тэнгэрлиг чанар нь мөнх тэнгэр, бөө мөргөлтэйгээ холбоотой юм гэж ойлгож байгаа. Бөө мөргөл бол Монголчуудын бодлын шашин. Шарын шашин бол бодлогын шашин. Манжаас Автай сайн хаан, юмуу манай бага хаадуудын үед оруулж ирсэн бодлогын шашин гэж ойлгодог. Гэхдээ аль ч шашинд сайн тал байдаг. Сайхан сэтгэлээр, сайн сайхны төлөө шашин номоо зориулж, хүнийг зөв талаас нь хүмүүжүүлдэг гэдэг утгаараа шашин бол өөр өөрийн гэсэн онцлогтой. Бөө мөргөлийн хувьд аль ч шашинтай харшлах, тэрслэх юм байхгүй.
    -Бөөгийн далд хүч хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
    – Шинжлэх ухаанд бол далд хүчин чадлыг сайн судалж мэдээгүй. Байгалийн далдын хүч, хувь хүвд өөрт байгаа далдын хүч, нэмэх хасах энерги байгалийн зохицолтой. Тэр талаараа бөө мөргөл далд хүчийг нэн эртнээс хөгжүүлж ирсэн. Хүнийг эмгүйгээр эдгээх, хүний сэтгэл санааг засах, өвчнийг эдгээх, сайн сайхан явах эх үүсгүүр, шалтаг шалтгааныг бөөгийн зан үйл, эм тариагүйгээр хийдэг. Тэр шалтаг, шалтгааныг заслаар эдгээж, сайхан болж байгаа хүмүүс бусдад хэлж, үнэхээр Д.Бямбадорж зайран олон хүнийг архинаас гаргачихлаа, яр шархыг эдгээчихлээ, гал голомт сэвтээд үхэл зовлон учраад байхад гал голомт тахиад сайхан болгочихлоо гэх зэргээр хүнд өгөөжтэй байх юм бол бөөгййн нэр хүнд өсч, утга учир нь илэрч байгаа хэрэг л дээ. Үүгээрээ давуу тал нь харагддаг болов уу. Энд архинаас гаргасан хүмүүсээ нэг хэсэг бичдэг байлаа. Над дээр арван найман аймгаас хүмүүс ирдэг. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг шиг хүнийг ойлгуулж, ухааруулж, тэр шалтгааныг нь хөөж, тэрнээс үүдэлтэй бүхнийг нь дарж чадах юм бол ямар ч өвчинг эмгүйгээр эмчилж болно.
    – Манайд шашны олон урсгал орж ирэх боллоо. Энэ талаар юу гэж боддог вэ?
    – Шашны урсгал олон янз л даа. Энэ бүгдэд төрийн бодлого байх хэрэгтэй. Тухайлбал, бөө мөргөлд бол төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Тэр бүгдийг судалж мэдэх, өөрөөр хэлбэл цөөхөн тооны монголчууддаа язгуур үндэсний шашинг суулгаж өгөх ёстой. Үндсэрхэг үзэлтэй байж тусгаар тогтнолоо авч үлдэнэ үү гэхээс шашин бүрт ороод, тэнд дагаж баясаад байх юм бол улс үндэстний хувьд тийм сайн хэрэг биш.
    -Сүүлийн жилүүдэд бид онгон дагшин байгалиа дэндүү сүйтгэж байна. Байгальтайгаа байнга харьцаж байдаг бөө хүний хувьд энд юу хэлэх вэ?
    -Чингисийн Монгол гэдгээ хэлээд дуугаа дуулаад, хөөмийгөө хөөмийлөөд , домбо, тогшуураа тогшоод явах юм бол дэлхий нийтээс бид далан үедээ ч хоолоо олоод идчихнэ. Заавал газраа худалдаад, гал усаа самраад байх хэрэг байхгүй шүү дээ. Бид бол тоогоор цөөхөн ч баялаг нутагтай уужим сэтгэлгээтэй ард түмэн. Миний ганц эмзэглэж явдаг зүйл бол газар худалдах асуудал. Монгол хүн монгол хүндээ газраа худалдах, газрыг өмчилнө гэдэг бол маш буруу. Үүнээс л хамаг асуудал үүсч байна. Их хаадуудын үед ямар ч газрыг өмчилж өгөөгүй. Монгол орон бол тэр чигээрээ л чиний газар. Чамд тасалж өгөх юм байхгүй. Чиний үр хүүхдүүдэд үлдээж байгаа юм шүү гээд. Харин одоо тасалж өгөөд, олон зуу хуваагаад, сүүлдээ байлдаад, хярамцаглаад, эцэст нь монгол гэж байхгүй тарах гэж байна шүү дээ. “Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн Модун хааны үг бий. Улс орныг тарааж байгаа хамгийн гол асуудал бол газрын асуудал юм. Монголчууд социализмын үед, чи ногоо тариа, засгийн газрын ордон дээр л битгий тариарай. Бусад дээр нь тариарай гээд байхад тарьдаггүй, малаа маллаад, махаа идээд, айргаа уугаад л явж байсан. Тэгсэн одоо хуваагаад өгөхөөр нь гадаадынхан орж ирээд худалдаад, идээд, түүгээрээ ч хийж бүтээсэн юм алга байна шүү дээ. Энэ дээдсийн өгсөн сайхан юмыг тарааж, газрыг хувьчилна гэдэг бол утгаггүй. Тэгээд дээрээс нь уул усаа сүйтгэж, хүний гарт өгнө гэдэг бол, сайхан уул, усыг минь гадаадынхан чинь бужигнуулаад алтыг нь аваад, лус савдгийг нь хилэгнүүлээд л, онгон байгаль минь хүртэл олигтой болохгүй, олон түмэнч доройтоод байна. Хамаг бүх зүйл эндээс л эхэлж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас газрыг өмчлөх асуудал бол байж болохгүй. Ялангуяа гадаадын хүнд газар өмчилж өгч болохгүй.
    Үүнээс болж лус савдаг, уул ус хэлэгнэж байгаа. Энэ хилэгнэлийн үрээр нутаг орон мааь цөлжиж, улс үндэстэн доройтож устана. Социализмын үед их сайхан байсан шүү дээ. Ингэж яривал намайг бүдүүлэг хүн гэж хэлэх байлгүй. Яагаад гэвэл монголчууд зах хязгааргүй амьдарч байсан үе. Зэлтрийн сангийн аж ахуйд атар газрыг эзэмшиж байлаа. Хилийнхээ дагуу, нутгаа эзэмшдэг байсан. Гэтэл тэр улсууд чинь бүгд хотод шавчихлаа шүү дээ.Эндээс болж газар нутаг эзгүйрч байна. Газар нутгаа эзлэх, эзэмших ухаан төрөөс заяадаг. Түүнчлэн уул усаа хүндэл, бөө мөргөлөө шүтэж, өөрийн шашин шүтлэгээ дээдлэхэд төрийн бодлого яах аргагүй чухал. Өөрөөр хэлбэл бөөгийн зан үйлээр төрийн хар, цагаан сүлдэнд жилдээ нэг тахилга хийдэг. Энэ тахилга тайллагыг нь таван тивийнхэн ирж сонирхдог шүү дээ. Тийм сайхан бэлэн оюунлаг, гэгээлэг дэлхий нийтээрээ сонирхсон ажлуудыг хийж байх хэрэгтэй. Уул усаа самардаж биш, нефт баялаг хэдэн толгойгоо худалдахын оронд бэлэн байгаа оюунлаг зүйлүүдээ нээж, дэлхий нийтэд танилцуулах хэрэгтэй. Тэдний сонирхлыг нь татахуйцаар Чингис хааны төрсөн газарт очиж хар сүлд, цагаан сүлдийг яаж цэнгүүлдэг юм байна, Чингис хаан уулаа яаж тахидаг байсан юм гэдгийг дэлхийд таниулах хэрэгтэй байна шүү дээ. Ингэж дэлхий нийтийн анхаарлыг татаж чадвал, бидэнд хоол бэлэн байна. Хамгийн гол нь өөрийн гэсэн монгол санаа байх хэрэгтэй юм.
    -Хойч үедээ өөрсдийн үндэсний зан заншил, шашин шүтлэгээ авч үлдэхэд юуг анхааруулах вэ?
    – Өөрийн гэсэн оюунлаг шашин шүтлэг бөө мөргөлөө дээдэлж, тэрний агуу хүчин чадлыг биширч, түмэн олонд таниулахад номоо монгол хэлээрээ уншиж, 99 тэнгэрээ дуудаж, хар цагаан сүлдээ тахиж, бөө мөргөлийн агуу сайхан утга санаа яруу найраг, монгол ухааныг хэлж, ярьж шүтэж байх юм бол бид гэгээрнэ. Үүнийг бодох хэрэгтэй.
    Бөө гэдэг чинь эртний байгальтайгаа холбоотой хүмүүс юм. Ер нь дэлхий нийтээрээ бөөгийн талаар их сонирхдог. Бөөгөөс шашин үүссэн гэдэг болохоор энд тэнд явж байхад хонх, хэнгэрэг барьсан мөртлөө бөөгийнхөө учир утга, шалтгааныг мэдэхгүй хүмүүс ирээд танилцаж олон зүйл асуудаг юм.Би Германд нэг овоо босгосон л доо. Бүтэн сайн өдөр байнга хүнтэй байдаг болсон гэсэн. Монголын зайран тэнгэрийг газартай холбосон овоо гэж ойлгодог гэнэлээ. Овоон дээр хөгжим тоглож, сэтгэл санааны юмаа хэлж, шүтэж, байнга цугладаг гэсэн.
    -Таныг зорьж өдөрт хичнээн хүн ирдэг вэ. Хүмүүс ямар асуудлаар ирж үзүүлдэг вэ?
    -Одоохондоо суурин байна. Зургаан сар гаргаад Германаас хүмүүс ирнэ. Тэгээд Элсэн тасархай болон тахилгатай газруудаар явна.Намайг зорьж өдөрт гуч, дөчөөд хүн ирдэг дээ. Ирж байгаа хүмүүс архины бузар болсон, ажил үйлс нь бүтэхээ байсан, өвчин зовлон салдаггүи, хэл амны гай болсон, ажлаа бүтээх гэсэн хүмүүс л ирдэг дээ.
    -Хэл ам гэдгийг та юу гэж тайлбарлах вэ?
    -Хүний арьснаас гадна долоогоос есөн давхар бүрхүүл байгаа юм. Тэр бүрхүүл нь хэл амнаас, хэрэг төвөг, элдвийн юмнаас хамгаалж байдаг. Бүрхүүл нь цоорохлоор биеийн хэсгийн элэг, зүрх, бөөр зэрэг элдэв юм нь өвдөнө. Тэр бүрхүүл чинь бүтэн байж чадвал гаднаас хэрийн юмыг авахгүй. Энэ бүхний бие, сэтгэлийг засна. Шалтаг шалтгааныг нь засдаг. Энэ хүн юунаас болсон байна, идээ идээд бузартсан байна уу, хэл амны гай болсон байна уу, элдвийн муу юм хүрсэн байна уу, зэрэг шалтаг шалтгааныг нь алсуур арилгаад өвчнийг нь арилгаж өгч, эдгээдэг. Шинжлэх ухаанд антибиотик, физикийн чанартай юмаар эдгээдэг бол, бөө гэдэг бол хүний сэтгэлийг засдаг.
    – Бөө хүн хэдэн онгодтой харьцдаг вэ?
    – Хэд ч байж болно. Энэ гэрт найм ёсөн онгод байна. Хажуу гэрт 33 онгод байна. Шаардлага гарвал тэр бүхэнтэй ярилцана. Бөө хүн санасан бодсоноо онгодтойгоо ярилцаж байж заслаа хийдэг.
    -Таны удамд бөө хүн байсан уу?
    – Манай ээжийн талд бөө, удган хүн байгаагүй. Манай нагац Ванчиндорж гэдэг бөө хүн байсан. Манай нутгийнхан нэрийг нь хэлдэггүй, банди гэж дууддаг байв. Тэр хүн бөөгийн талын мундаг чадалтай хүн байсан. Адуу мал алдах, аливаа юманд явахад тэр ноёнд очиж хэлдэг. Манай дээд овгийн бөө “та нар тэдэн өдөр, тэдэн шөнө морьтой тэгж яв. Тэгээд уулзанаа л гэдэг”. Морь малаа тууж яваа хулгайч нар нь тушигдчихсан, өөрөө ч мал нь ч явахгүй болчихсон байж байдаг. Тэр бол байгалиас заяасан но-мын хүч юм л даа. Тэнгэрээс, байгалиас заяасан хүч гэж бий. Ховсын аргаар, холбох аргаар явж байгаа оготоно явж чадахгүй болчихож байна. Байгаль амьтанд тийм юм заяаж байхад цөөхөн хэдэн хүнд мэдрэмж, энерги хайрладаг. Тэр дундаа бөөгийн талд арай илүү хайрласан байдаг. Шарын шашинд тэдгээр хүмүүсийг хувилгаад гэдэг. Үнэн чанартаа хувилгаан гэдэг бөөгийн л улсууд шүү дээ.
    -Та хэзээнээс онгодтойгоо харьцаж эхэлсэн бэ?
    Намайг төрөхөд гэрийн баруун талаар могой орж ирсэн. Би гарахад, могой ч гараад явсан. Манай буурал аав лустай хамт төрж байгаа юм байна гээд сүү өргөөд, түмпэн нүдсэн гэнэ лээ.
    Бөө хүн дараагийнхаа бөө болох хүнийг шинждэг. Хичнээн хүүхэд нь байлаа ч гэсэн цаанаа залах эрдэмгүй бол бөө болгодоггүй. Нагацыг сэрүүн байх үед айхтар өвдлөө. Өвчин зовлон ороогоод салдаггүй байсан. Нагац маань шившлэг, дом хийснээс хойш сайхан болсон. Бөөгийн юм гэдэг заавал юм авах гээд байдаг шүү дээ. Их сонин шүү.
    Оюутан байхад нагац ах минь надад онгоныхоо сүнсийг ноосонд шингээж өгч байсан. Одоо ч түүнийг хадгалж байдаг юм.
    -Хүүдүүдээс чинь таны угийг залгах хүн бий юу?
    -Миний удам угийг залгах удган охин минь гарч ирсэн. Охиныг минь Энх-Оюун гэдэг. Хүмүүс ам сайтай байдаг. Хүний юмыг хэлж, зан үйлийг нь хийж өгнө. Надтай хамт Солонгос, Хятад, Герман уруу их явсан. Бөөгийн зан үйлд нэлээд суралцсан.
    -Ярилцлага өгсөн танд баярлалаа.
    Эх сурвалж: О.Алтанцэцэг /www.sonin.mn/

     

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГУЧИН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 111 арга хэмжээг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажил болгоныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүр хариуцан хийхээр тусгажээ.
    Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр, У.Ганхуяг Я.Отгонбаатар нар үг хэлж санал бодлоо солилцлоо.