Author: admin_shaman

  • СУНЧИГ УДГАН

    Дараа нь 3 жил болоод онгодыг нь Цахир гэдэг газар босгож Цахирийн ээж гэдэг болсон юм .Амьд байхдаа шарын шашинг үзэн ядаж, тэмцэлдэж байгаад амиа хорлосон ч, түүний онгод мөн шарын шашны эсрэг одоо ч үзэл санаагаа үргэлжлүүлдэг юм. Сунчиг удганы тамлагад:
    Ном гэгчийг мэдэхгүй би, цоохор цаас л байдаг
    Лам гэгчийг мэдэхгүй би, тайрмал толгойтой тангараа буруу хэрүүлч нар
    Далай ламд мөргөх юм бол, далан гурав цавчуулна би
    Богд ламд мөргөх юм бол , борви сүүжээ тас цавчуулна би
    Юу хамгаа алд, хамаг дэлхий хамгаа алд
    Хан харалбай чинь харла, тойруулган толгой чинь тас хяргуул
    Сахилаа газарт булуул, санваараа модонд өлгүүл
    Хэл амаа хэрээ нохойнд суга татуул…………………….. гэх зэргээр өөрийнхөө тамлагийг хэлж өөрийнхөө үзэл санааг таниулдаг удган байсан

     

  • МОНГОЛ-САХА УРИАНХАЙ БӨӨ НАРЫН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ПРАКТИКЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

    “СОЁЛ БА ШАШИН: уламжлал, орчин үе ба хэтийн төлөв” сэдвээр олон улсын хурал хийгдлээ. Монгол туургатны гэж нэрлэвэл илүү зохих байсанч Саха, Буриад, Тува, Урианхай, Дархад гээд хилийн гадна орших гадаадын иргэншилтэй төлөөлөл оролцсон болохоор олон улсын гэж нэрлэв. Хуралдааныг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Бөөгийн байгууллага болон улаач нарын өнөөгийн байдлын талаар тодорхой мэдээлсэн. Түүнийг хэлсэн үгийг бататган, Монголын бөөгийн байгууллагын хүрсэн амжилтын талаар баримтад кино үзүүллээ.
    Хуралдаанд эхний илтгэлийг Удмын зайран, Москвагийн сэтгэл зүйн их сургуулийн магистр Иванов Юрий Павлович (Якутск хот, Саха Якут улс, ОХУ) “Бөө мөргөл бол Саха ард түмний оюун санааны соёл” сэдвээр хийлээ. Түүний дараа оролцогчдод “Монгол бөө ба ЮНЕСКО-ийн Фестовальд” баримтад кино үзүүлэв.
    Хуралд “Буриадын бөөгийн тухай” сэдвээр Раднаева Ульяна, буриад илтгэл тавьсан. Түүний дараа “Монгол бөө БНАСАУ-д” кино үзүүлэв.
    “Дархад бөөгийн бөөлөлт” сэдвээр Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Х.Бадамсүрэн, “Монгол Тува бөөгийн тухай” Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул нар илтгэл тавилаа. Илтгэлийн дараа “МБНЭ-ийн говийн нэгдсэн тахилга” ба “Монгол бөө-АНУ-ын харилцаа” баримтад кинонууд гаргалаа.
    Завсарлагын дараа Зүүн хойд холбооны их сургуулийн магистр, номын зохиогч Хомус Сайдара Саарын кыыhа (Якутск хот, Саха Якут улс, ОХУ) “Саха ард түмний бөөгийн зан үйл: орчин үе ба уламжлал” сэдвээр илтгэл тавив.
    “Ойрад, дөрвөд бөөгийн бөөлөлт” сэдвээр Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү илтгэл тавьсан. МБНЭ-ийн улаач нарын тавьсан илтгэл хувь хүнээс хамтран ажиллах чиглэлд улаач нарын хийсэн алхамууд, удмын бөөгөөс төр улс, нийгмийнхээ төлөө, байгалиа хамгаалах чиглэлд хийх хамтын зүтгэл, тэмцлийн тухай байлаа.
    Илтгэлийн дараа Якутын зайран Иванов Юрий бөөлөлт хийж, бөөгийн зан үйл, бөөлөх чадвараа олонд үзүүлсэн билээ. Өөрийн өвөрмөц онцлоготой бөөлөлт байлаа. Бөөлөлтийн бэлтгэл ажлыг хоёр залуу хийв. Бөөлөлт голдуу завилан сууж зан үйл хийгддэг ажээ. Тиймээс хоёр эмэгтэй түшээд нь хажууд нь сууж ххэлмэрч хийж байв. Тэд онгод ороход өөрсдийн хариуцсан хэлээр ойлгож олонд тайлбарлан хүргэнэ. Орж ирсэн онгод нь манай улаач нараас гурван хүний төлөгийг хэлнэ билээ.
    Хуяглан бөөлөх зан үйл нь хаана ч адил бэлтгэл шаарддаг, бас тамлага, бөөлөлт, төөрөг тавихад чамгүй хугацаанд болж өнгөрөв.
    Тиймээс хугацаанд баригдаж, дараагийн илтгэл болох “Монгол бөө дахь залууч улаач нарын үүрэг, хариуцлага” сэдвээр МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаагийн илтгэлээ бичгээр өглөө.
    Онол-практикын хурлыг хааж, бөө судлал, бөөгийн байгууллагын талаар дүгнэж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлсэн. Хоёр тал харилцан дурсгалын зүйл солилцов.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулж яваа Якутын зайран Иванов Юрийг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, зохион байгуулагч Хамус Сайдараг төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнаж, гардууллаа.

    djmedia:610
  • ЭНЭ ГАЗАР ШОРОО-МОНГОЛЧУУД БИДНИЙХ

    Улс орны Жанжингууд чинь
    Уул уулаар харьд өгчихлөө
    Өнөө тахисан овоо уул чинь
    Урд зүгийн мэдэлд орох нь
    Уул уулаар нь тахиж тахичихаад
    Ухуулаад байж тэвчлээ гэж үү
    Хөөрхий чи тэнгэрээрээ тахив уу
    Хий хоосон бодлоороо тахив уу
    Ар өврийн уул хад чинь
    Амь нэхээд бутарч дууслаа
    Уул усны эзэн савдагууд чинь
    Удмын та нарыг харуулдаж зөхөрлөө
    Хүрэн зүрхтэй бөө та
    Цөстэй гэдгээ түмэнд харуулаач
    Хөх чонын удамтай гэдгээ
    Харийн нохдод Ульж үзүүлээч
    Дээрээ тэнгэртээ хүн та
    Далдын хүчийг босгож харуулаач
    Дайчин эрсийн ястай гэдгээ
    Зайран та бүү март
    Удган эхийн цустай гэдгээ
    Удган та бүү март
    Хөх тэнгэрийн зарлигтангууд
    Хүчээ нэгтгээд босох болжээ
    хөё хөё хоё хоё

    Maitsetseg Khongor

    2020:11:08

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БОЛ ЧИНГИС ХААНЫ ТҮҮХ, БУРХАН ХАЛДУН БОЛ ТАХИЛГЫНХ НЬ ГАЗАР ЮМ

    Илтгэлд “Чингис хаан бидний үнэт зүйл төдийгүй дэлхийн дахинд Монголчуудын нэрийн хуудас юм. Их хаан Чингис хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь хүнд тохиож болох бүхий л шинж чанарыг агуулсантай холбоотой. Монголчууд төдийгүй хүн төрөлхтний анхаарлыг татсан юм. Чингис хаанд харизм байна, ес суртахуун дээд хэмжээнд байна, хүнлэг зөөлөн сэтгэл байна, дайчин чанар байна. Бүгдийг энэ хүн цогцлоожээ. Үүнийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн нь үндэсний үзлийн хувьд том сэргэлт болсон. Дэлхийн олон Монголч эрдэмтэн цуглаж, их хурлаа хийж Чингис хаан судлалыг хэлэлцсэн. Монголын нууц товчоо бол Чингис хааны түүх, Бурхан халдун бол тахилгын газар нь юм. Тиймээс үндэсний үзлын их сэргэлтийн гол үнэ цэн нь Чингис хаан байсан юм” хэмээн дурдсан.
    Хүн төрөлхтөн буюу гадаад ертөнцөд ч гэсэн Чингис хааныг олон талаар хүлээн зөвшөөрдөг. 1996 онд АНУ-ын “Вашингтон пост” сонины Мянганы агуу суут хүнээр их эзэн Чингис хааныг нэрлэсэн нь гал голомтыг сахиж, төр улсаа авч яваа монголчуудад дэлхий хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон гэдэг.
    Ийнхүү хэлэлцүүлгийн дараа асуулт хариулт өрнөсөн.
    Оролцогч: -“Чингис хаан” музейг байгуулсны дараа гаднын жуулчдад үзүүлсэн. Музейн IV давхарт харь угсаатны буюу Түрэг, Уйгур, Киданы үзмэр байсан. Харийн өөр угсаатны түүхийг “Чингис хаан”-ы музейд харь улс гэсэн тайлбартай байршуулах нь зөв үү. Музейн үзмэр бол эд өлгийн зүйл. Үнэт зүйл гэж ярих нь буруу юм биш үү?
    С.Чулуун: -“Чингис хаан” музейд төрт улсын түүхийн хэсэг бий. Танхимын нэр дээр, ялангуа тайлбар дотор харь улс гэж байхгүй. Монгол нутаг дахь эртний төрт улс гэж бичсэн. Ийм асуулт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Музейн ханан доторх бүх үг үсгийг би өөрөө бичсэн юм. Түрэг, Уйгурыг Монгол гэх хаашаа юм, биш гэх нь хаашаа юм. Ямартай ч Монголд нутагт 100-аад жил оршин тогтносон эзэнт гүрнүүдийн өвийг манай өвөг дээдэс 1000 жил тээж авч үлдээсэн соёл юм. Энэ түүхийг эзэмшигч монголчууд, өмчлөгч нь Монгол Улс юм. Тиймээс энэ бол Монголын дурсгал. Угсаа гарлыг дараагийн судалгааны үр дүнгээр хэлэх биз. Хоёр дахь асуултын тухайд үнэт зүйл гэдэгт сэтгэлгээ харах уу, материалыг харах уу гэдгээс шалтгаална. Миний ойлгож буйгаар үнэт чанарын асуудал юм. Түүхэнд ч бий. Бид шинжлэх ухаанд ямар нэр томъёогоор орсон, юу гэж баримталж буйг дагахаас аргагүй. Миний илтгэлийн агуулга нь эд материал талаас уу, сэтгэлгээ зүрх сэтгэлийн мөн чанараас уу гэдгийг сонсогч та бүхэн салаа утгагүй ойлгосон байх. Энэ асуудлыг үзмэр гэж буй үнэт зүйл гэж хараарай.
    Оролцогч: -Чингис хааныг олон газар булаалдах юм. Казахууд Казах хүн гэж хэлдэг. Турк чинь Түрэг юм уу, биш юм уу?
    – Турк чинь Түрэг юм уу, биш юм уу гэдэг нь судалгааны үр дүн. Энэ асуулт Чингис хааны үнэт зүйлээс халиад байна. Тиймээс савандаа л ярья. Ер нь бол Монголд байсан хөх Түрэг бол Турк гэж би хэлэхгүй. Чингис хааныг манайх гэж хэлэх эрх Монгол туургатанд бий. Чингис хаанд захирагдаж байсан хүмүүс манай хаан гэж хэлж болно. Харин Чингис хаан казах хаан гэж хэлэхийг зөвшөөрөхгүй. 2014 оноос Казахстануудтай ажилласан. Нэн тэргүүнд шинжлэх ухааны сэтгүүлүүд дээрээс “Монгол бол казахын уугуул нутаг. Чингис хаан бол казах хүн мөн” гэдэг үг өгүүлбэрүүдээ шинжлэх ухааны сэтгүүл дээрээсээ авч байж Монголтой харилц гэдэг шаардлага тавьсан. 2016 оноос хойш Казахстаны эрдэмтдийн шинжлэх ухааны сэтгүүлд дээрх утгатай нэр томъёолол, нэг үсэг өгүүлбэр ч гараагүй. Энэ бол дэвшил юм. Чингис хаан бол Бурхан халдуны сав, гурван голын эхэнд төрсөн Монгол хүн. Монголчууд бид Хүннүгийн төр улсын Монгол гэж хэлэхээсээ илүү одоогийн Монголын нутаг нь Хүннүгийн төрт улсын голомт юм. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Чингис хаан бол хүн төрөлхний хаан. Үзэл санааныхаа хувьд хүн төрөлхтөн Чингис хааныг хүндэлж байна. Энэ бол дэлхийн судлаачдын гавьяа.
    -Эзэн хааны судалгаатай холбоотой төлөвлөгөө, ажлыг эртнээс мэдэж баймаар байна. Хаанаас мэдэж болох вэ?
    -Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрний судалгаа мэдээллийн хамгийн чухал төв байх ёстой. Эндээс хүмүүс мэдээллээ авдаг байх ёстой. Мөн манай судлаачид “хачин зантай”. Өөрөө өөртөө зориулаад хийгээд явдаг. Тиймээс олон түмэнд зориулж долоо хоног бүр Чингис хаан, Монгол гүрний тухай семинар хийх төлөвлөгөө гарсан. Үүнийгээ хүүхдүүдэд зориулж, дэлгэрүүлнэ. Ирэх жилийн төлөвлөгөөнд энэ бүхнийг тусгана. Энд мөн Чингис хаан, түүний түүхтэй холбоотой 5000 гаруй ном цуглуулсан. Ирэх жил үүнийг илүү их баяжуулна. Үүнд илүү их анхаарна. Номын сан байгуулна. Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш. Эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн төв юм.

  • ХАЛХЫН СҮМИЙН МӨРГӨЛДӨӨН БУЮУ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ЭХИЙГ ТАВЬСАН МАНЖ-ГОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

    Япон, Манжийн зүгээс өдүүлсэн Халх голын хилийн мөргөлдөөн бүр 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Уг үйл явдлыг газар дээр нь тодруулахаар VI дизивийн 15 дугаар хорооны штабын дарга Д.Дондов 1935 оны нэгдүгээр сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ.
    Мөн өдрийн 13.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий 17 этгээд БНМАУ-ын хилд 20 км нэвтрэн Халхын сүмийн орчимд ирсэн тухай мэдээ авмагц учрыг лавлахаар тэрбээр харуулын дарга Г.Янжив, дөрвөн цэргийн хамт очжээ.
    Гэтэл хил зөрчигчид тэдний өөдөөс буудсан тул харилцан буудалцах үеэр Д.Дондов, Г.Янжив нар амь үрэгдсэн байна. Мөн оны нэгдүгээр сарын 31-ны өглөөний 08.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий цэрэгтэй 41 машин, 53 морин цэрэг их буугаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ.
    “Хил дээр буун дуу гаргаж болохгүй” гэсэн Бүх цэргийн жанжны тушаал ёсоор манай харуулынхан ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэн байна. Манжийн талынхан мөн өдрийн 12.00 цагт Халхын сүмийг эзлэн Монгол Загасны харуул руу довтолж 13.00 цагт эзлэн авчээ.
    Манай харуулынхан мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт ирж байрласан байна. Манжийн тал хоёрдугаар сарын нэгэнд ухарч, Халхын сүмд очиж суурьшжээ. Халх голын зүүн талын Халхын сүм орчмын газар нь эртнээс Халхын Сэцэн хан аймгийн нутаг байжээ.
    1697 онд Халхын Сэцэн хан Норовын хүү Пунцаг Буйр нуурын зүүн хойд талд да лам Жамбал-Осорыг залж шашин номын газар болох эхлэлийг тавьсан байна. Тиймээс Монголын хилчид Халхын сүм орчимд харуул хийдэг байжээ.
    Гэвч Японы тал түүхийг гуйвуулж, “Халхын голын эрэг бол Халх ба Баргын хилийн зааг мөн. Халхын сүм орчим нь Баргын нутаг. Өөрөөр хэлбэл Манжго улсын газар.” гэж үзэх болжээ.
    Тэр үед Халхын сүүлчийн Сэцэн хан Навааннэрэн япончуудын тэрхүү санаархалд няцаалт өгч, Халхын сүм орчим нь Сэцэн хан аймгийн нутаг болох талаар томоохон нийтлэл бичиж байжээ.
    Ийнхүү Япон, Манжийн зүгээс манай улсын эсрэг хилийн будлиан үүсгэсэн нь Манжуурт байрлаж байсан Япон цэргийн эрхтнүүдээс БНМАУ-ын Засгийн газар уг будлианыг эв зүйгээр зохицуулахыг чармайж эхэлсэн байна. Үүний үр дүнд БНМАУ ба Манжгогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлжээ.
    Энэхүү хэлэлцээр нь үндсэндээ 1935-1941 оны хооронд нэлээд хүнд байдалтай явагджээ. 1935 оны зургаадугаар сарын гуравнаас 1937 оны есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилсэн энэ хэлэлцээр түүхэнд “Манжуурын бага хурал” гэж нэрлэгдэх болжээ. Дээрх хугадаанд Манжуурын бага хурал гурван удаа хуралдсан байна.
    Манжуурын хэлэлцээрт хэн хэн оролцсон бэ?
    Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн тэргүүнээр Бүх цэргийн жанжны II орлогч Гончигийн Самбууг томилж, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн, комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Цэргийн явдлын яамнаас дөнгөж шилжин томилогдоод байсан Жанлавын Лувсандэндэв, хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажиллажээ.
    Харин Манжгогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И, Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манжгогийн төлөөлөгчдийг дагалдан Манжго улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто, ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга (сүүлд Хойт Хянган мужийн цагдаагийн танхимын дарга болсон) Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцжээ.
    Хэлэлцсэн асуудал
    Манжуурын бага хурал Халхын сүм хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцэхийн зэрэгцээ тэр хугацаанд Япон, Манжгогийн цэргүүд БНМАУ-ын дорнод хил дээр зөрчил, мөргөлдөөн олонтаа үүсгэж байсныг тухай бүрд нь хэлэлцэж байжээ.
    Манжуурын гурван удаагийн бага хуралд оролцсон Монголын талын төлөөлөгчид асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүй, бүх зүйлийг ЗХУ-ын консулаар дамжуулан төвдөө мэдээлж, төвөөс заавар зөвлөгөө авч байжээ.
    Чухамдаа энэхүү хэлэлцээр нь ЗХУ-ын удирдагчдын шууд удирдлага дор явагдаж байв. Тухайлбал, 1936 онд Х.Чойбалсангаас З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт цахилгаан утас илгээж, Москвагаас Отпорт очсон СССР-ийн Дотоод явдлын яамны ажилтан Рашинтай уулзаж, ажил хэргээ танилцуулан зөвлөгөө тусламж авч байхаас гадна түүнийг нууцалж, задруулахгүй байхыг сануулсан байна.
    Мөн Х.Чойбалсан 1937 оны есдүгээр сарын гурванд З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт бичсэн 03 тоот нууц цахилгаандаа, “Нэгдүгээр зүйлийг хоёрдугаар зүйлтэй нэгтгэн оруулахыг Москвагаас шийдвэрлэсэн” гэжээ. Манжуурын хэлэлцээрт манай төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож байсан Г.Самбуу нам, засгийн удирдагчид өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй, ЗХУ-аас өгсөн заавар удирдамжаар хэлэлцээр явагдаж байгаад дургүйцэж байжээ.
    ЗХУ-аас тус улсад ажиллаж байсан тагнуулын байгууллагынхан манай төлөөлөгчдийг хардан Х.Чойбалсангаар дамжуулан 1937 оны наймдугаар сарын 19-нд Н.Чимиддорж, З.Пүрэвдорж нарт явуулсан 01 тоот нууц албан захидалдаа “Самбуу үүнээс урьд ба одоо Цэргийн яамны шифр авч явсан эсэх.
    Хэрэв авч явсан бас түүгээрээ харилцдаг эсэх. Хэн хаана хадгалж байгааг шалган мэдэж, нааш нь маш нууцаар мэдэгд” гэсэн байна. Н.Чимэддорж мөн оны есдүгээр сарын найманд 06 тоот нууц цахилгаанаар Х.Чойбалсанд хариу мэдэгдэхдээ “Цэргийн яамны шифр авч яваа эсэх нь мэдэгдсэнгүй.
    Авч явсан бол ажиллахгүй байгаа байж магадгүй.” гэж хариу өгч байжээ. Ийнхүү улс төрийн талаар сэрдэгдсэн Монголын талын төлөөлөгчдийг 1937 оны есдүгээр сарын аравны шөнө баривчилж эхэлсэн байна.
    Монголд ирсэн ЗХУ-ын тусгай төлөөлөгчдийн нэг, тус улсын Дотоодыг хамгаалах Ардын комиссарын орлогч М.П.Фриновскийгоос Дотоод Явдлын яамны сайд Х.Чойбалсанд биечлэн гардуулсан 1937 оны наймдугаар сарын 28-ны өдрөөр огноолж, орос хэл дээр машиндсан “Заговор” буюу “Хуйвалдаан” (“Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө” гэх агуулагатай) гэж томъёолсон хэрэгт холбогдох Монголын нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах тушаалтан 115 хүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд Манжуурын I, III бага хурлын Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Самбуу, 18 дугаарт II бага хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийг ахалсан Л.Дарьзавын нэр бичигдсэн байна.
    Мөн төлөөлөгч Г.Лут-Очирын нэр 75-д, М.Ядамсүрэн 76-д, орчуулагч Жүрмэд 62-д, Жагван 77-д, Лувсандэндэв 93-д, Шагдар 94-т тус тус тэмдэглэгджээ. Тэрчлэн төлөөлөгч Улсын Бага хурлын дарга Д.Догсом, Мал, тариалангийн яамны сайд З.Пүрэвдорж нар хожим 1940-өөд оны эхээр баривчлагдан ЗХУ-д хүргүүлэн тэнд цаазлагдсан байна.
    Тэдэнд “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын удирдагч, идэвхитэй гишүүн, БНМАУ-ыг устгаж Японд эзлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Японд тагнуулын мэдээ дамжуулсан” гэх хэргээр ял тулгажээ.
    Мөн дээрх гурван удаагийн бага хуралд Манжгогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй зарим монголчуудыг япончууд “Оросын тагнуул” хэмээн буруутгаж буудан хороосон тухай баримт бий.
    В.Молотов нар бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэв
    Халхын голын дайны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжгогийн дөрвөн этгээдийн хилийн хэлэлцээ 1939 оны 12 дугаар сарын долооноос 1941 оны зургаадугаар сарын 14-нд Чита болон Харбинд бүгд дөрвөн удаа явагдсан байна.
    Байгаа байрлалдаа дайны галыг зогсоох тухай шийдвэр ирэх үед Монголын зарим газар нутаг Японы армийн мэдэлд үлдсэнийг шийдвэрлэх нь хэлэлцээрийн чухал асуудал байв. Гэвч олон удаагийн, хилийн хэлэлцээгээр хөндөгдсөн маргаантай асуудал эцсийн мөчид ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссар В.Молотов, Москвад суугаа Японы элчин сайд Того-той 1941 оны зургаадугаар сарын есны өдөр Москвад байгуулсан хэлэлцээрээр дуусгавар болж, БНМАУ, Манжгогийн хилийн будлианы талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн сарын 14-нд болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар, тус хэлэлцээрийн тухай сайшаан тэмдэглэж, батлаад Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар И.Сталинд явуулсан цахилгаан утсандаа тэрхүү хэлэлцээрийг “Зөвлөлт улсын гадаад бодлогын шинэ ялалт”, “Аугаа их Сталины гүн санаачилга” хэмээн үнэлж байжээ.
    Гэвч тэрхүү тохиролцоо нь Монгол Улсын хувьд тийм ч ашигтай зүйл биш байв. В.Молотовын хэлэлцээрийн уршгаар Халх голын чанад дахь 62.700 га нутаг, түүний дотор Нөмрөгийн Мана уул, халхын эртний шүтээн Халхын сүм хилийн гадна Манжгогийн мэдэлд үлдсэн байна.
    Ш.Батцогт

  • МОНГОЛ ЭР ХҮН БҮР ЗААВАЛ УНШ

    1690-ээд оны дундуур Алтан дарь овоог анх тайж тахих үед оройд нь алтан ганжиртай гэр хэлбэртэй “Батцагаан” хэмээх дугуй цагаан суварга барьсан нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос “Алтан Дарь-Овоо” гэх болсон хэмээн нутгийн буурлууд хүүрнэдэг юм. Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иштэй уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөт ганжиртай байжээ.
    Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншин сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын ном уншсан юм.
    Үүний дараа 1918 онд Алтан Овоог тахих өдрийг тогтоосон тухайд холбогдох архивын нэгэн сурвалжийг толилуулж байна.
    “ Жич хуудас хавчуулж, айлтгах нь: Шавь боолчуудын газраас Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж, Дарьганги дахь Дарь Овоог хуучин удаагаар энэ жил зуны дунд сард тайлгах сайн өдөр, цагийг сонгон үзүүлвээс энэ зуны дунд сарын 19-ний баасан гариг гал морь, энэ өдрийн морин цагт тайваас сайн хэмээснийг дээр сонсгон айлтгахаас гадна шавь боолчуудын газраас Сэцэн хан аймгийн эрх гүн Пунцагдалайнамжилыг томилон гаргаж, эрхлэн тайлгах ба мөн элдэв хэрэгсэх зүйлийг хуучныг мөрдөн сайн сайхнаар тайлгах явдлыг зохих газраа өөрөө тушааж гүйцэтгэх явдлыг хамтаар гаргаж хичээнгүйлэн хуудас хавчуулан айлтгаад Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав” хэмээжээ.“Мэдэв “гэж мутрын тэмдэг дарсан байна.
    Олноо өргөгдсөний наймдугаар он зуны тэргүүн сарын хорин таван
    ҮТА. А-173, д-1, хн-187
    Алтан Овооны их тахилгын үеэр эрийн гурван наадам хийдэг уламжлал тогтсон. Алтан Дарь Овооны өөрийн ариун сан, тахилгатай хүндэтгэл, магтаалын ном судартай уул усаараа нэрлэсэн өвөрмөц ур хийцтэй эзэд бурхдын хөрөг дүртэй, шүтэх бишрэх хайрлаж хамгаалах уламжлалт нарийн дэг журамтай тогтоолын зарлиг шийдвэрээр тайж тахидаг Монголын төрийн хамгаалалт тахилгатай уулын нэг.
    Алтан-Овооны эзэн сахиус нь эрдэнийн цагаан хүлэгтэй, эрдэнийн баринтаг хувцастай баруун мутартаа шашны дайсныг үндсээр нь таслагч болор шилэн илдтэй, зүүн мутраараа эрдэнэ агуулагч тэвш залан барьж хүссэн бүхнийг хайрлах, гурван цагийг эзэмдэх гурван мэлмийтэй , тэргүүндээ торгон титэмтэй баатар дагнас лам түшмэл, бараа бологч нараар хүрээлүүлсэн баатар эрийн дүрээр дүрсэлсэн аж
    1927 оны намар Оросын нэрт эрдэмтэн, жуулчтин В.А.Казакевич Дарьганга нутгаар судалгааны ажлаар явахдаа Батцагаааны гэрэл зургийг авч, өөрийн бүтээл номондоо хэвлүүлэн үлдээсэн байдаг.
    1938-1939 оны үед овооны дээрх Батцагааныг нурааж тахилга үйлдэх ёслолыг ч зогсоосон байна.
    Нутгийн ард түмэн 1990 онд Батцагааныг сэргээн босгож, Алтан Овооны анхны тахилга хийсэн билээ. Үүнээс хойш 1994, 1999, 2004, 2009 онд их тахилга хийжээ.
    Лавлагаа, Мэдээлэл, Судалгааны Төвийн архивч
    С.Шижирбаатар

  • О.ПҮРЭВ БАЛЖИР УДГАН ХОЁРЫН ЯРИЛЦЛАГА

    -Тэр цагт таныг бөөлөхийг хориглож байв уу?
    -Би шашинтай төрд хүн болсон хүн. 25 настай байхад, хувьсгалт төрийн үед, бөө нарыг цөмийг нь бариад явчихсан. Харин намайг хориглоогүй. Би бодохдоо, түүхийг “юм” дагадаг байх, би түүх болж үлдсэн юм болов уу л гэж боддог.
    -Та залуудаа аль хэр бөөлж байв ?
    – Үхэх гэж буй хүнд арга засал хийж бөөлнө, бөөлөхөд ясны онгод өнөө хүнийг чинь үзээд, энэ жил үхэх байсан бол хойд жил болтол, тэгээд улам цаашлуулж уламжлаад л нөгөө хүнийг чинь үхүүлэхгүй давуулж орхино доо. Гарз гарч байгаа айлын гарзны талын учрыг нь олоод үүдийг хааж орхино.
    -Бөө нар хүчээ сорьдог уу?
    – Тайгаас урианхай нар манайд ирсэн. Урианхайн онгод, хүн хорлодог юм гэсэн гэж бодоод л баахан айж, хүчээ үзэх гээд бөөлөв. Тэгсэн худал юм. Урианхай нар чинь онгодгүй, тайгын савдгууд, эзэд, лус тийм юмаар л аргалж явдаг бөөгүй улс юм билээ. Би бол хангай дэлхийн аль ч савдагтай элэглэж наадаж явдаг удган хүн, хаанахын ч савдгийг түүгээд л бөөлнө. Халхууд онгодтой, бөөгүй юм шүү дээ. Тэд одоо атаа таван тэнгэр гэж ганц “юмтай” бид гэдэг юм. Тэр яахав, амьд амьтанд байх ёстой л юмны нэг. Онгод ч гэж, зүйрлэж хэлж болшгүй тийм л нэг зүйл байгаа юм.
    -Та багшийнхаа талаар….
    -Сандиг зайран гэж хүн байсан. Маш олон хүнийг мэргэлж, үзэхэд төлөг нь таарч байж энэ хүний шавь болсон. Багш минь эх юм зааж өгсөн дөө. Гурван жил багшаар өөрийн онгодоо тахиулж, гурван жил багшийн онгодыг тахисны дараа багш маань “Чи гараас гарлаа, хүнд арга засал хийж яваарай, мууг битгий хийгээрэй, дандаа сайхан цагаан санаагаар ач тус хийж яваарай” гэж захисан юм. Тэрнээс хойш 3 жилийн дараа багш минь баригдаж яваад эргэж ирээгүй. Алагдсан хэрэг л дээ.
    -Багш тань таны онгодыг яаж амилуулж өгөв?
    -Ядарч байж л оруулсан даа. Тэгээд гурван жилдээ л хүнийг шууд хараад таньдаг болсон. Ер нь яая л гэвэл яаж болно. Онгодын надад хэлсэн юм туйлын үнэн байдаг юм. Ердөө худал хэлдэггүй юм.
    -Онгод гэж ер нь юу юм бэ?
    -Дүрсэлбэл шуурга шиг, хуй салхи шиг тэнгэрийн луу гэдэг л юм. Бодит талдаа бол ханын толгойд өлгөөстэй даавуугаар хийсэн тэр зүйл юм. Надад бүтээсэн зөндөө олон онгод авдраар дүүрэн бий. Тэрийгээ тахиж явдаг юм. Онгод орохлоор зэрэг өвч хуяг, дээл хувцас өмссөн юм шиг бүх биеэр битүү хуяглаж, бүх мах ясаар дүүрээд ирдэг.
    -Онгод ирж байгаа нь мэдэгддэг үү?
    -Мэдэгдэлгүй яахав. Аяндаа орж эрээд л, хэлэх юмаа хэлээд л бөөлж байх үед ухаан улам саруул сайхан болдог. Би одоо нас ная гараад, бөөлж чадахаа байгаад байна. Энэ хэрэглэл чинь маш хүнд эд юм шүү дээ. Одоо цаашаа харж сууж байгаад манжгаараа бөөлдөг болсон. Онгод намайг захирхаас биш, би онгодоо захирч чадахгүй болжээ. Онгод худлаа хэлсэн хүнийг битий худлаа хэл гэж хэлээд л байдаг юм. Цаад хүнийх нь хорлол хатуу, нүүр таагүй хүнд бөөлөхөд өөрийн ясны онгодоороо л хуяглаж чадахгүй бол өөрийгөө ч хорлож орхино шүү дээ.
    -Та шавьтай юу?
    -Байхгүй, Тэр тийм амар юм биш.
    -Одоо алдартай том бөө би юу?
    -Өөдтэй бөө бага болж дээ.
    -Яагаад? бөөгийн удам тасарч…
    -Хувьсгалт төрийн үед лам, бөө хоёрыг үгүй хийсэн юм шүү дээ.
    -Та юугаар мэргэлж үздэг вэ?
    -Би дал түлж мэргэлдэг. Дал ч мэргэн дээ. Хүний санаа хүртэл ил байдаг юм.
    Т.Балжир удганы тамлага:
    Хөсрийн хэлтэй хүн чинь
    Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
    Хөвчин бие нь тарчилж
    Хамгаалах юмгүй тонгочиж
    Хар санаа нь баглаж
    Хачин тарчлахыг үзнэ хө
    Хэлсэн санасныхаа төлөө
    Хэмжээгүй муухай тарчилж
    Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
    Хааяа намайг дуудаж хашиграарай !
    Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
    Сайн зангаж хяргаарай /Хутгаараа/
    Хар санаатныг хааж чадна
    Хатуу хэлийг тасалж чадна
    Бардам аюулыг зайлуулж чадна
    Баруун талдаа хадгаа авч яв
    Алт мөнгөө дууд! Хадгаараа
    Ангайх хэлийг тасал! Хутгаараа
    Халзан цагаан хонинд сайн мөргүүл
    Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ!

  • ЮРИЙ КУЗЬМИН: МОНГОЛ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЭЛ БОЛ ДОТООД БОЛОН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТУСГАЛ

     

    — Та 12 дугаар сарын зургааны өдөр Улаанбатараас ирсэн. Тэгэхээр та болж буй үйл явдлын гэрч болжээ?
    — Тийм ээ, Монголд 12 дугаар сарын 3-6-ны хооронд байсан. Монголын талын урилгаар Улаанбаатарт болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон юм. Монголын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтаар “Халхын гол:1939” нэвтэрхий толийг хэлэлцсэн.Энэ үеэр өвөрмөц “бэлэг” авлаа, түүхч, монгол судлаач хүн өөрийнх нь судалж байгаа оронд өрнөж буй энэ явдлыг нүдээрээ харж, ажиглах боломж гарлаа. Тухайн оронд төдийгүй Монголын хүн амд тун чухал үйл явдлуудын гэрч болсон юм.

    — Хэвлэлүүдээр энэ үйл явдлыг “нүүрсний хэрэг”, “авлигын дуулиан” гэж нэрлэж байна. 2021 онд дөнгөж төрсөн эмэгтэйг хүүхдийнх нь хамт эмнэлгээс гаргасан “хүнлэг бус харилцаа”-тай холбоотойгоор үүссэн эсэргүүцэл тус улсын засгийн газрын өндөр албан тушаалтнууд огцрох шалтгаан болж байлаа. Энэ үйл явдлыг Ардчилсан нам болон Монгол ардын намын хоорондын “дотоод тэмцэл”и эгж тайлбарлаж байсан. Өнөөдөр болж буй үйл явдал энэхүү дотоод улс төрийн тэмцлийн үргэлжлэл байж болох уу?

    — Монголд болж буй үйл явдлын талаар хэвлэлүүдэдтайлбар өгч байгаа шинжээчдийн ихэнх нь өнөөгийн нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн ганц хоёр хүчин зүйлийг л хараад байна. Шинжээч биш хүмүүс, энэ улсын талаар огт мэддэггүй хүмүүс хүртэл өнөөгийн үйл явдалд хятадууд эсвэл америкчууд буруутай гэж ярьж байх юм.

    Зөвхөн америкчууд, эсвэл хятадууд буруутай гэж цоллох нь буруу, өнөөгийн нөхцөл үүсэх хүчин зүйл маш олон байсан. Нэн тэргүүнд гол болон бусад хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Гол хүчин зүйлсэд Монгол дахь улс төрийн эрх мэдлийн шатлал болон намуудын тэмцэл багтана. Одоо сонгуулийн өмнөх кампанит ажил хэдийнэ эхлэчихсэн, 2024 онд тэнд сонгууль болох юм.

    —Жагсаалын үеэр таны анхаарлыг татсан зүйл байв уу?
    — 12 дугаар сарын гуравны өдөр эсэргүүцэл эхлэхэд хүмүүс ядуурлын эсрэг уриа лоозон дэвшүүлж байсан. Нийгмийн энэ бүлгийг хувцасаар нь тодорхойлж болохоор байлаа. Хамгийн энгийн иргэд байсан, тэд засгийн газрын ордныг тойрон жагсаж байсан юм. Харин маргааш өдөр нь сайхан хувцасласан, тамирчид ч юм уу, оюутнууд ч юм уу нэг тийм жавхаалаг залуус гарч ирсэн. Тэд инээмсэглэсэн төрхтэй, ямар нэг зүйлээр дутагдсан шинжгүй харагдаж байлаа. Тэд ухаалаг гар утас ашиглаж байсан.

    — Нүүрсний хулгайн талаарх хэвлэлүүдэд гарсан мэдээллийг Хятадын мэдээллийн агентлагууд өгсөн гэсэн. Тэгэхээр энэ төлөвлөгөөтэй ажил байсан уу? Монголын стратегийн түнш энэ улс дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхээр тооцоолсон байж болох уу?

    — Би өмнө нь ярилцлага өгөхдөө Монголын хэвлэлүүдийн тал нь Хятадаас, үлдсэн хэсэг нь Баруун, АНУ-аас санхүүжилттэй гэж би ярьж байсан. Дараа нь би Монголын хятад судлаачтай ярилцахад тэр энэ мэдээллийг няцаасан юм. Монгол ардын нам Хятадын Коммунист намын зүгээс тодорхой хэмжээнд дэмжлэг авдаг. Харин тэр Хятадад албан тушаалтнуудыг цаазалсан гээд байгаа нь худал мэдээлэл. Хятадад ч мөрдөн шалгалт хийж байгаа, үүний араас шүүх ажиллагаа болно. Бүх зүйл хуулийн дагуу явагдана.

    Хятадын хэвлэлүүдээс өгсөн мэтээр энэ мэдээллийг цацсан нь барууны агентлагуудын ажил байж мэдэх юм. Үүнийг мэргэжилтнүүд л тогтоож чадна. Мэдээллийн талбарын тал хувийг америкчууд, япончууд, солонгосчууд эзлэдэг, тэднээс гол дэглэгч нь хэн бэ гэдэг нь тодорхой. Энэ байдал Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны эсрэг чиглэгдсэн. Гэхдээ, өнөөгийн байдал нэн тэргүүнд дотоодын зөрчлөөс л үүдэлтэй болов уу.

    —2021 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн улмаас өндөр албан тушаалтнууд огцорч байсан. Одоо яах бол?

    — Одоо ч албан тушаалтнууд огцорно. Эрх баригчид буруутнуудыг зарлаж, хэн нэгнийг золионд гаргахаас аргагүй болно, өөр яах билээ дээ. Одоогоор 15 хүний нэрийг зарлачихсан байгаа, цаашид ч энэ жагсаалт үргэлжилнэ. Монголд иймэрхүү зүйлийг нуух аргагүй байдаг, энэ бол Монголын нийгмийн онцлог. Дээр нь энд ардчилсан зарчим үйлчилдэг.

    —Монголын улс төрийн удирдлага цааш оршин тогтох нь эргэлзээтэй болж, сонгуулиар асуудал шийдэгдлээ гэж бодоход ийнхүү өнөөгийн удирдлага өөрчлөгдөх нь Оросын хувьд аюултай болов уу?

    — Өнөөгийн энэ байдлыг америкчууд захиалсан бол тун муу. Энэ оны нэгдүгээр сард Казахстанд болсон шиг үйл явдал болвол таагүй хэрэг болно. Орос, Хятадаас холдуулахын тулд “бантан хутгаж” болзошгүй юм. Миний бодлоор Орос улс үүнд тайван хандах байх. Монгол дахь Оросын бизнесийг цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой.

    —Өнөөгийн эсэргүүцэл Монголын хувьд эдийн засгийн үр дагавар дагуулах болов уу?

    — Монголын ард түмэн эдийн засгийн ноцтой хүндрэлийг туулж байгаа. Өнөөгийн үйл явдал ч үүнийг харуулж байна. Инфляци нэмэгдсэн, ажилгүйдэл газар авсан зэрэг нь өнөөгийн эсэргүүцэл дэгдэх хөрсийг бэлдсэн юм. Үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүйд санаа зовниж байгаа, эдийн засгийн нөхцөлд сэтгэл ханамжгүй байгаа олон хүн жагсаалд оролцож байна. Гэхдээ эсэргүүцэлд голчлон залуус, тэр дундаа нийгмтийн шударга бус байдлыг ихэд мэдэрч байгаа оюутан залуус оролцож байна.

    Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь нэн ядуу амьдарч байгаа нь энэ улсын эрх баригчид ялангуяа амжиргааны төвшин доогуур хүмүүсийнхээ нийгмийн дэмжлэгийн талаар сайтар бодох ноцтой шалтгаан юм.

    Г.Бямбасүрэн

  • УДАМ ДАМЖСАН САЙХАН ХҮҮХНҮҮД 19-Р ЗУУНЫ САНДУЙ ХАТАН ХИЙГЭЭД ХҮРЭЭНИЙ САЙХАН ХҮҮХЭН ЛХАМСҮРЭН

    Ээжийн үеийн энэ олон шижир алтнуудыг манай сурвалжлагч нар яагаад олж илрүүлдэггүй юм болоо гэж би гайхдаг юм” гэж өгүүлжээ. Энэ бүсгүй тун ухаалаг хариулт өгсөн байгаа биз. Тиймээс би бээр саяхан Байманханд агсаны талаар ( нэхэн сурвалжлахаар түүний охин Лувсангийн Тунгалагтай бүтэн өдөржин хүүрнэлдсэн юм. Тунгалаг нь “Талын цуурай” киноны эрэлхэг эмэгтэй Борын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэг билээ. Түүний аав нь соц нийгмийн үед өндөр алба хашиж явсан хүн. Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга, ЗХУ, БНХАУ, Финлянд, Алжир зэрэг 10 гаруй оронд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж явсан Сономын Лувсан гэхээр монголчууд андахгүй. Ингээд удам дамжсан сайхан хүүхэн Байманханд агсаны эрт эдүгээгийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая. 19-р зууны Сандуй хатан хийгээд хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн Байманханд гуай Монгол улсын түүхэнд “Жонон ван” гэж алдаршсан хуучин цаг төрийн том зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Ширнэндамдингийн хүү Содномвандадын охин юмсанж. Цэрэндоржийн Ширнэндамдин гучаад оны их хэлмэгдүүлэлтэд , өртсөн халуун эх орончдын нэг ажээ. Түүнийг хуучин феодал, Богд хааны үеийн сайд, автономитыг анх н байгуулах ба устгахаар толгойлон оролцсон, Хаант „ Орос, Хятадаас одон тэмдгээр шагнагдсан, Нармай Монголыг байгуулах гэсэн үндэсний үзэлтэн, Банчин л богд, Өвөрмонголын ноёдтой дотно харилцаатай байсан, 1924 0нд Бээжин дэх Зөвлөлтийн элчинд зүй бус үг хэлсэн гэх мэтийн ял тулгаж 1931 оны 10-р сарын 31-нд цаазаар аваачиж, бүх хөрөнгийг нь хураасан байна. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа ч Түүний хүү Содномвандадыг хилсээр баривчлан Шар хадны энгэрт буудан хороожээ. “Жонон ван” Ширнэндамдингийн хатан Сандуй нь тухайн цаг “үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж явсан аргагүй сайхан хүүхэн байж. Энэ тухай Л.Тунгалагийн яриаг сонордуулъя. “Бидний элэнц эмэг, Сандуй хатныг 1876 онд терсөн гэцгээдэг юм билээ. Тэрбээр бүсгүй хүний заяа увидас, гоёмсог, чамин шинж төрхийг гүйцэд илтгэсэн эмэгтэй байлаа. Сандуй хатан тормойсон хорголжин хар, давхараатай нүдтэй, урт сайхан гэзэгтэй, хамрынхаа ойролцоо ялимгүй “сэвхтэй, нам зөөлөн дуутай, хянуур нямбай, намбалаг төрх араншинтай, ухаалаг эмэгтэй байсан гэлцдэг. 18 настайдаа “Жонон ван” Ширнэндамдингийн хатан болж, энгэсэг тавьжээ. Сандуй хатан үйлэнд их уран хүн байж. Дээл хувцасаа зонхилж өөрөө эсгэж оёно. Юманд хээ угалз гарган шаглаж урлахдаа нэн чадмаг, өнгөний хослолыг сайн тааруулж олдог байж. Түүний урласан хөөрөгний сав, хантааз, дээлийг хүн бүр шохоорхон харж, нүдээ хужирладаг, бас магтдаг байсан гэдэг. Хайр ивээлийн ханьтай, хажуудаа хөтлөх хүүтэй, амьдралдаа бялхаж бялуурч яваагүй ч дутсан гачигдсан зүйлгүй. Олондоо Сандуй хатан нэртэй, орсон гарсан гийчинд ундтай, устай олны дунд баяртай хөөртэй хатагтай явжээ. Гэтэл 1931 оны 10-р сарын 31-ний өдөр эр нөхрийг нь баривчилсанаар сэтгэлээрээ түүнтэй хамт шоронд орж, биеэрээ тамд унасан байна. Нөхрийг нь цаазалж, хашаа байшин, мал хөрөнгийг нь бүрэн хураасны дараа түүний хүү Содномвандад, бидний эмэг эх Лхамсүрэн нар Сандуй хатанд дөрвөн ханатай гэр барьж өгчээ. Энэ гэрт, энэ хатны гар дээр би таван нас хүртлээ бойжиж өссөн юм. Дээр тэнгэр хол, доор газар хатуу болсон тэр үед дэргэд нь нялх ч гэсэн амьд амьтан бөртийж байх нь түүний сэтгэлийн уй гашууг хөнгөлж, саатуулах боломж гарчээ. Чухамдаа бол хайраа шингээж, бусдаас харамлах нэгэн амьд бурхантай буюу нөхрийнхөө сүнстэй учирлаа гэж ярьдаг байсан гэж миний эх надад хуучилдагсан. Намайг юм юмнаас жигтэйхэн хармалдаг байж л дээ. Миний эхийг үг хэлэхээр “Энэ чинь та нарт огт хамаагүй, танай тойрогт төрөөгүй хүн, манайхны, миний нөхрийн сүнс” гээд хавьтуулдаггүй байсан гэдэг. Намайг багад “Яасан хөөрхөн охин бэ” гэж олон хүн шохоорхдог байж л дээ. Тиймээс эмээ маань арц умалгаж цагаан хэл амыг нь зайлуулдаг байж. Намайг бүүвэйлдэг ор гэж бас тусдаа. Гэртээ жижиг ширмэн зуухтай, хаалгандаа жижиг шилэн цонхтой. Хоёр тийшээ харсан хос цорготой данх байсныг би санадаг юм. Нэг цоргоноос нь сүүтэй цай, нөгөө цоргоноос нь буцалсан ус гоождог байж билээ. Энэ данх Жонон вангийн эдэлж хэрэглэж байсан зүйл гэж эмээ надад хожим хэлсэн юм. Хайрт нөхрөө алдчихаад үсээ үтрээн газар самардан үлдэж ертөнц тэр чигээрээ харанхуйлах шиг болсон ч эмээ маань амьдралд сөхөрсөнгүй. Охин Байманханд, хүү Цэвээнноров хоёр нь элгийг нь дэвтээж төдий зэрэгт хүргэсэн байдаг. Эмээ маань хэзээний үйлэнд уран, ажилсаг гавшгай, сэтгэлийн хаттай байсан учраас өглөөнөөс үдэш орой хүртэл борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, хувцас хунар, малгай бээлий зэргийг хийж олсон мөнгөөрөө гэр бараатай, идэх хоол, өмсөх хувцастай болжээ. Эмээ маань “Цогт тайж” киноны Дулмаагийн малгайг оёж бүтээсэн гэдэг. Тэгээд жанжин Сүхбаатарын хүү Галсантай гэр бүл болж, есөн жил ханилжээ. Лхамсүрэн эмээ маань энэ мэт амьдралыг туулахдаа хэдэн судар номын дайтай түүх, элдэв зүйлийг мэдэх жинхэнэ “амьд түүхч, аман түүхч” байсан ч хэн ч энэ талаар нь асууж шалгаалгүй, судлалгүй өнгөрсөн нь харамсалтай. Эмээ маань тэгш гоолиг нуруутай, чийрэг бие бялдартай, давхараагүй боловч цоглог нүдтэй, шулуун, үзүүр нь дээшээ өргөгдсөн сэртэн хамартай, өргөвтөр духтай, нуман хэлбэрийн хөмсөгтэй, нимгэвтэр уруултай, том тэгшхэн цагаан шүдтэй, цайвар шаргал царайтай, богино эрүүтэй, өтгөн хонгордуу үстэй, зууван тэнэгэр нүдтэй, тэгшхэн мөртэй цомцон хумстай, тэгшхэн гоё хуруутай, бэлхүүс нарийн, сөөнгөдүү нам хоолойтой, талибуун харцтай эмэгтэй байв. Намбалаг төрх араншин нь энэ хүний гол шинж мөн. Гаслант амьдралын зовлон дундуур аянга шиг зүсэж гарсан баатарлаг эмэгтэй. Эхлээд хадам аавыг нь, дараа нь ханилсан ханийг нь, бас төрсөн эцгийг нь хууль бусаар, гагцхүү ангич үзлээр хувьсгалын дайсанд тооцож амийг нь хороосон тэр их түгшүүрт амьдралд норж, дэвтэж ядарч зүдэрч явахдаа миний эмээ амьдралд итгэх итгэлээ гээгээгүй үлдэж чадсан хүн. Чухамдаа нуруу бөгтийдөг бол бөгтийхөөр зовлон үүрч, нулимс дуусдаг бол дуусахаар хагацал амсаж, ухаан муутай, тэвчээргүй хүн солиорч болох тийм амьдралыг туулсан хүн. Миний эмээ дээдсийн тойрогт багтаж амьдарч явахдаа ч тэр амьдралыг өнгө будаггүй үнэн байдлаар нь ухаарч чаддаг, түүнээс суралцаж, сургамж авч чадсан нэгэн. Чухамдаа амьдралын олон сургууль төгссөн хүн. Тийм ч учраас миний аавын нүсэр том гэр бүлийн цэцэрлэгийн багш, эрхлэгч болжээ. Тэрбээр зөвхөн өөрийнхөө охин, хүү хоёрыг бус ач, гуч, дөчийн олон арван хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд би бол түүний ач охин. Миний охин хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд би бол түүний ач охин. Миний охин Уянга, Цолмон хоёр бол түүний гуч охид. Уянгаагийн охин Нинжмаа түүний дөч охин. Энэ бүгдийг гардан өсгөсөн хүн бол эмээ минь. Энэ хүнд нүүрний буян, хүүхдийн буян, итгэлийн буян, ухаан санааны ариун буян, эд агуурсын буян цөм хурсан байжээ. Ид залуу насандаа зовлонт хүнд амьдрал туулахдаа энэ бүх буянаа гээгээгүйгээр барахгүй арвижуулж чадсан эмэгтэй. Ингэхээр миний эмээ. бол харгислалыг тэвчээрээр ялж хөгшрөлийг хуүхдүүдээр зайлуулж холдуулан жаргал амталсан хүн” гэж өгүүлсэн юм. Зохиолч До.Цэнджав Лхамсүрэн гуайг дүгнэхдээ “Үг хэл яриа донжлог, чанд захиргаатай, амьдралын ухааныг ган төмөр дээгүүр алт гүйлгэх шиг наалдуулсан хуучин цагийн хүрээ хүүхэн гэж онцлоод “Хүрээ хүүхэн гэдэг зохиолч миний төсөөлсөнөөр удам угсаа сайтай, торго дурдан, үйтэн хуар хамба, алт мөнгө сувдыг эдэлж, авбал авчихдаг, өгвөл өгчихдөг, жижиг байтугай том юмыг анзаарахаа больсон, алхаа гишгээ, дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа чихнээ чимэгтэй болоод ончтой янз бүрийн чамин хоолыг бага багаар цөмцийтөл савхдаж иддэг, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хэрийн юманд дадагнаад байхгүй, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, хаш хундагыг асааж, нарийн шилбэтэй янжуур татасхийж, хааяа дуу хуур сонсож, домог яриа ярьчихдаг тийм эрхэмсэг, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эрхэмсэг эмэгтэйг хэлдэг болов уу гэж би боддог. Ийм дүр зургийг ээж минь өөрийнхөө ээжийн тухай хуучлахдаа ярьдагсан. Гэхдээ хэнийг ч гэсэн яг нэг хайрцганд багтааж хэрхэн болох билээ” гэж өгүүлсэн байв.
    ЭХ СУРВАЛЖ: НОЦТОЙ МЭДЭЭ.

  • Жагдалын Лхагвагийн шид

    Үг хэл, өнгө төрхөө төрөл арилжтал сэгсэрч чадсан, нийтлэлийнхээ бодлогыг 1ОО хувь өөрчилсөн наяад оны дайчин, шударга, нударга зангарагтай “Үнэн” сонины редакцийн нэгэн дээвэр дор бид тун ойрхон ажилладаг боловч хааяахан л тааралдах. Хөгжилтэй хошин үг шидээд л гарна. Уулзаж учирсандаа мартагдахгүй хүн гэвэл тэр мөн. Үй зайгүй, цаг наргүй ажилладаг сурвалжлагч бидэнд тухлах зав ч гарсангүй. Хаагуур явдагийг мэдэхгүй, чухам юу бичсэн нь сонины хуудсан дээр төдий л үзэгдэхгүй.Тэгсэн байтлаа хаа явсан газраа хүндлэгдээд, дээдлэгдээд явна. Сонины дарга нараас донго хүртэхгүй. Харин бичсэн бид зэмлэгдэнэ. Нөгөөх хатуу дэглэмт сонины дүрэм захиргааны гадуур л дэлээ хийсгэсэн ардаг адуу шиг явдаг байсан юм болов уу?

    Цаг хувьсан өөрчлөгдөж, тэрхүү манлайлагч том сонины хэлтсийн дарга гэгдэн Ш.Цэрэнпил мэтийн залуу сурвалжлагч бидний толгой дээр цахилгаан буулгаж явсан ланжгар сэтгүүлчид болох Г.Дамба, Д.Цэвэлээ гуай хоёр маань гэнэт миний цэрэг болж хувирлаа. Мөнөөх том Хорлоогийн Цэвлээ абугай нь биш шүү дээ.Улс төрийн тоймчоор гаршсан Д.Цэвэлээ гуай бол орос хэлээр дэлхийн бүх сонгодогийг уншчихсан, эгэлгүй эрдэмт, эгэлгүй ачит болоод даруухан нэгэн сэхээтэн байсан юмсан. Одоо хүмүүс дурссан нь харагдахгүй л юм. Жулдрай намайг тоохгүй ээ, өрөөнд томчууд цуглаж, элдвийг ярина, цуурна, хошигноно, инээлдэнэ, хааяахан ууж ч иднэ. Ж.Лхагва “Та нарын муусайнуудтай ярих юм алга. Харин энэ хүүг чинь хэсэгхэн дагуулж явбал юманд хүргэж болохоор юм байна” гэж наргиантай хэллээ. “За Лхагваа минь, больж үзээрэй. Залууг минь одоо нохойн замаар оруулах нь ээ дээ” гэж хошин шогч Гаажидын Дамба гуай жоготой инээмсэглэн хэлэхэд “Нохойн замаар бишээ, номын замаар оруулнаа, хө” гэж тэр дор нь үгийн хариу барьж билээ. Үнэндээ би тэр их хүмүүний аль ч замаар нь орсонгүй.Тэр бүр сүүдэр шиг дагаад, ойртож сүжирхээд сүйд ч болсонгүй. 1995 онд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болоход хөтлөгч яагаад ч юм хэний ямар өгүүллэг сайн санагдав, алийг дэмжиж байна вэ? гээд үзэгдчийн дунд асуулт тавив. Гэтэл мань хүний “Бид ялав” өгүүллэг, миний “Мэнгэ” гэж хашгиралдлаа. Энэ үед нөгөө хэнэггүй даруухан, жаахан хүртчихсэн Лхагва абугай босоод “Энэ богино өгүүллэг гэдэг чинь миний мэргэжил юм, миний ганц чаддаг юм нь” гэж часхийтэл хэлээд суучихав. Өөрийгөө ч, өрөөлийг ч байранд нь тавьж чадна гэж энэ байх. Тэр даруйд шуугиан дарагдаж, “Бид ялав” өгүүллэг тэргүүн байр эзэлсэн.

    Олныг нуршилгүй Жагдалын Лхагвагийнхаа талаар цөөн зүйлийг товч дурдая. Би хэрээ мэдэхгүй “Шөнө ногоо ургадаг” номынх нь тухай 8О-аад оны дундуур “Цог” сэтгүүлд “Олз байвч…” гэсэн шүүмж бичсэн ч гэлээ тэнгэрт ч гэрэл үгүй, газарт ч чимээ үгүй юм болоод өнгөрөв. Үнэндээ энд тэндээс нь хасаад, илүү дутуу юм оруулаад даанч дээ гэмээр юм болгочихсон байв. Тэр үед бичсэн болгон минийх биш юм шиг болчихсон байдаг нь харамсалтай санагддаг. Залуу хүний “Үг бүрт үзэг хүргэ” гэсэн үл итгэсэн хатуу шаардлагыг редакцийнханд тавьдаг байжээ.

    Морийг гаднаас нь шинжиж сониучирхдаг, мордож унаж үзээд бүр илүүтэй таньдаг. Зохиолчийг хэлнээс нь мөн сониучирхдаг, уншиж үзээд өгүүлэмж дүрслэл, дүрийн сэтгэлзүй, ур чадварыг таньдаг. Уранзохиол гэдэг нь чухамдаа эх хэлний тунгалаг яруу, төгс төгөлдөр, найрсуу уян илэрхийлэл юм. Эх хэлбичгээ, эх хэлнийхээ баялаг үгийн сангийнхаа бүх үгийг биш гэхнээ тавиас дутуугүй хувийг эзэмшиж байж л томоохон хэмжээний зохиол бичнэ. Ж.Лхагва бол эх хэлнийхээ гарамгай урлаач байлаа. Үг гоё гангандаа биш, эгэл энгийн хэрнээ, байраа олж оносондоо байдаг. Ж.Лхагвагийн өгүүллэг бүрийн тааралдсан мөр бүрт олон мяндас торгомсог өнгөөр шаглаж урласан урлал шиг гоц хурц хийц тодорч харагдана. Би ч энэ удаа сонгож авах гэж ядаж цөхөлгүй, тааралдсан хуудсан дээрээс “Охидын инээд цасанд дарагдаж байгаад сая гарч ирээ юу? гэлтэй чанга сонсогдож, өөрсдөө ч дээл гутлаа нимгэлэн хэд хэдээр орж гарах нь шар үсээ хаясан сарваа адил цовоо цолгин үзэгдэнэ” гэсэн өгүүлбэр олж уншив. Жаахан цаашилбал, “Хавар цагийн тарлан цастай газар дэлхий галд ойр тавьсан цагаан тосны гүзээ шиг их л нүнжигтэй бөгөөд тулганы тотгонд хайруулчихсан мэт машин зам хайлмагтан замын дагуу ус тунана” Адилтгал, зүйрлэл бол тасархай даа. Харин ч түүнийгээ гамгүй эдэлнэ. Монгол үг, хэллэгийн дүрслэлийн донж маяг….уран хийц гэж энэ мэт л дээ. Үүнийг бичиглэх завсар “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гэсэн “Анхны хайрын дууль” киноны сэтгэлд хадагдсан үг чихнээ сонсогдвой. “Дээвэр өндөлзөн өндөлзөх нь ямар нэгэнд яарсан мэт бөгөөд хүвэрхий уясан оосор гэрийн туургыг пид пид балбана. Яндан хангир жингэр хавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүр салхинаа улина” гэх зэргийг хойш тавьж “Толгодын цаана ингэ буйлна” гэх энэ гарчиг гэхэд л яруу найргийн эмзэг мөр шиг ажээ. Ерөөс өчүүхэн миний ажиглалтаар бол, шүлэг бичиж байгаад хүүрнэлч болсон зохиолч, шүлэг бичиж үзээгүй шуудхан хүүрнэлч болсон зохиолч хоёрын хооронд хэл, сэтгэлгээ, мэдрэмжийн ялгаа зааг байх шиг санагддагаа дашрамд нь тэмдэглье. Тэрбээр шаггүй шүлэгч байлаа. Тиймээс ч өгүүллэгийн үг нь яруу уянгалаг, санаа тод ончтой, ховор сонин дүрслэлтэй, цаанаа гүн сэтгэлгээтэй болсон нь ажиглагддаг.
    Ялаархсан адуу шиг арваад байшин
    Яргайтын амны эхэнд байдаг
    Үдийн халуунд зэрэглээ хөллөж
    Үүлний наахна хөвж харагддаг
    Яргайтын амны өндөр байшинд
    Ялдам нэгэн бүсгүй суудаг
    Өвсний шүүдэр цуглуулж цай чанадаг юмуу?
    Өглөө чи яагаад ус үл баринам…Хөөрхөн, эгдүүтэй шүлэг.

    Нүүдэлчин монголын малчны хөх бууцанд хөлбөрч өсөөд, гадаад гол мөрөн, тэнгисийг гатлан өрнөдийн мэдлэг боловсролыг эзэмшиж, дэлхийн мундагчуудыг уншиж гэгээрсэн оюунлаг чансаа, хэн хүнд ховор олдох хошигнож ёгтолж чаддаг авьяас, нүүдэлчдийн ахуй амьдрал, өвгөд дээдсийн ухааныг шүүж, тэдний сэтгэлийн дотуур дураараа сэлгүүцэн давхих морьтон шиг хийсгэж, эрхлэн хөрвөөж чаддаг ийм арвин их “ҮҮЦТЭЙ” зохиолч тэр үедээ ч тийм олон байгаагүй ээ. Одоо бол бүр нүдний гэм болж дээ. Гэвч хүмүүний амьдралыг зугаацаж, наадаж, наргиж, хөгжөөж л явдаг хэнэггүй эгэл төрх, зан аашаасаа болоод тэрхүү гайхалтай ховорхон ҮҮЦЭЭ бүрэн гүйцэд задалж амжилгүй хорвоогоос буцсан юмуу гэж боддог оо. Сайн зохиолч, сайхан найрагчаас улам ихийг хүсэж шаарддаг болоод ч тэр үү? тэр хийх ёстойгоосоо хамаагүй багыг хийжээ. Роман, тууж, найраглал гээд юуг ч хийж бүтээх гайхамшиг өмнө нь байсаан. Ийм ховор зохиолч тэр бүр Монголын их уран зохиолд олдоггүй юм шүү дээ. Өөрийгөө ч үрж дууссан гэхлээр үлдээсэн өв нь үрэгдээгүй үлдэхийн дээдээр үлджээ. Товч, донжлог, онч цэцтэй, зугаат, дүрслэлт, уншуурт, энэрэлт халуун, ухаан саруул, эгдүүт, хар хоргүй, онц мэдрэмжит гээд гайхамшигт чанарууд хөөрхий Лхагва зохиолчид цогцлон бүрдэж байсан даа. Уран санаа, уран саналгын ёстой нөгөө нэг оновчтой хэллэг биш байж ч болох “ИХ ДЭЛГҮҮР” байсаан.

    До.Цэнджав