Author: admin_shaman

  • ХҮНИЙ БИЕД КАЛЬЦИ ДУТАГДАХАД ОЮУН САНААНД ШУУД НӨЛӨӨЛЖ, ЭРТ ХӨГШИРДӨГ

    Хүний биед кальци дутагдвал ямар эмгэгүүд үүсэх вэ?
    Нялх хүүхэд: Кальци дутагдсанаас өсөлт удааширч зарим хүүхдийн бие давжаардаг.
    Хүүхэд: Өсөлт удаашрах, ядрах, ам цангах, хоолонд дургүй болох, оюун санааны хөгжил буурах, 0 хэлбэрийн хөлний өвчин, хараа муудах
    Жирэмсэн эмэгтэйчүүд: Хөлний шөрмөс татах, цусны даралт ихсэх, бөөр өвдөх, ам цангах, олон удаа шээх, шүд хөдлөх
    Залуучууд: Эрт хөгшрөх, ядрах, сульдах, ой санамж удаашрах, булчин зангирах, арьс харлах, олон удаа шээх, шүд хөдлөх
    Хөгшин хүмүүс: Үе мөч өвдөх, яс зөөлрөх, судас хатуурах, даралт ихсэх, хоолонд дургүй болох, өтгөн хатах, зүрхний хэм алдагдах, хараа муудах, шээс задгайрах, шөрмөс татах, зүрх муудах, чихрийн шижин, А хэлбэрийн булчирхайн өвчин зэрэгт мэдрэлийн үйл ажиллагаа удааширч үхжинэ.
    Кальцийн дутагдалд ороод удсан хүн эрт хөгширдөг. Хүн 20 наснаас эхлэн ясан дахь кальцийн хэмжээ нь аажмаар багасч 50 нас хүрэхэд кальци дуусдаг байна. Удаан хугацаагаар кальцийн дутагдалд орвол яс зөөлрөх яс ургах, хугарамтгай болох сөрөг нөлөө илэрдэг.
    Хэрхэн кальциа нөхөх вэ?
    Мэргэжилтнүүд далайн байцаа, загас болон сүүн бүтээгдэхүүн өндөг, ногоог өргөнөөр хэрэглэх нь кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг.
    Далайн гаралтай амьтан, ургамалд кальци их хэмжээгээр агуулагдсан байдаг тул хүний биед чухал эрдэс бодисуудыг нөхдөг байна.

    Хүний ясанд кальци дутагдах үед

  • ГЭР ОНГОД ТАХИХ ба ТҮҮНИЙ МӨН ЧАНАР.

     

    Уламжлалт гэр онгод тахих :
    Уламжлалт / харын / бөө мөргөлтөнгүүд ёс дэгийг хатуу баримтладаг байсан бөгөөд залгамжлагчгүйгээр үеэ өнгөрсөн бөө хүнийг өөд болсноос хойш гурван жилийн дараа, тухайн бөө хүний онгодыг онголон хөрөглөхийн зэрэгцээ түүний хань ижил, үр хүүхэд, ах дүүс нь уламжлалт бөө мөргөлийн ёс дэгийг мэддэг туршлагатай бөөгөөр амилуулан орон гэртээ залж байрлуулсан онгодын хөрөг дүрийг гэр онгод гэдэг. Ингэж амилуулсан онгодууд гэр онгод болохоос гадна ихэвчлэн уул усандаа “Асар “-лагдсан байх нь элбэг байдаг. Мөн эдгээр гэр онгодуудыг дотор нь ” Гал голомтны эзэн онгод, эцэг эхийн талын мах цусны барилдлагат онгод, багш шавийн барилдлагат онгод, олон үеийн өмнөөс гал голомтонд эрээ хорлолоор ирж тахигдсан онгод “-ууд хэмээн хуваадаг болно. 17-20р зуунд бөөлж байсан ихэнх харын бөө нарын онгод гэр онгод болсон байдаг. Харин 13-р зуунаас эхлээд…… Начигай онгод, Буриадын Авгалдай онгод, Дархадын нисдэг долоон бөөгийн онгод гэх мэтчлэн 20-р зууныг хүртэлх ихээхэн домог түүхтэй маш цөөн тооны онгодоос бусад нь үндсэндээ мартагдсан аж. Уламжлагдан ирсэн ийм төрлийн гэр онгодыг тахиулдаг айл өрх нь өөрийн гэр онгодыг сайн танин мэддэгээс гадна тахиулж буй онгод тэнгэртэйгээ ямар нэг байдлаар харш биш онгодтой бөөг залж онгодоо тахиулдаг ажээ. Гэр онгод тахих тахилгыг тухайн айл өрх өөрийн ам бүл, үр хүүхдийнхээ хүрээнд, зөвхөн шүтлэгийнхээ хэмжээнд хийж ёсолдог заншилтай байдаг. Түүнчлэн тухайн өрх айлын гэр онгодыг тахиж байгаа бөө ихэвчлэн явган бөөлөхөөс гадна тахидаг онгод тэнгэр нь догширсон бол хуяглан бөөлж, сэтэр ариулах, хишиг буяны даллага авах, гал голомт тахих, үүдэн тэнгэр тахих, догширч хатуурсан онгодыг аргадах, хар хэл ам, хараал жатаг зэргийг хариулах, гэр оронд нь нүүрлэсэн гай зовлон арилгах, өвчин эмгэгийг засах арга засалтай хамтган хийж болдог. Эцэст нь энэ жилийн өдийгөөс, дараа жилийн төдий хүртэл ” Хар толгойт хүн бүхэн хахирах төдий ханиад ч үгүй, хамаг хишиг буянд нь алдах төдий гарзгүй, халуун гал голомтонд нь бүрэн мэнд суулгаж хайрлах “-ыг даатган залбирч зан үйл хийдэг болно.
    Бөө хүн гэр онгод тахих ёс:
    Бөө мөргөлийн / харын / ёсонд ” Харанхуй орноор аялах, замчлан заалгах, бөөгийн ёс дэгээс буцааж няцахааргүй шулуудсан “-аас хойш 3-н жилийн дараа, гал голомтондоо бие даан бөөлж, гэрийн онгод тахих анхны зан үйл хийж эхлэдэг. Түүнээс хойш жилд нэг удаа тогтмол өөрийн бүх онгодуудаа бүгдийг нь дуудаж, нэг бүрчлэн уулзахын зэрэгцээ онгодуудаа зориулж их цайллага үйлдэхийг тогтмол гэрийн онгод тахих ёс хэмээдэг. Гэрийн онгод тахих үедээ бөө хүн хэд хоног махан хоол идэхийг цээрлэн биеэ бэлтгэсэн байх ёс дэгтэй юм. Түүнчлэн яг гэр онгодоо тахих үедээ эхлэж хэл хуураар хэсэг хуурдаж, амьсгалын ба хэлний 7-н цохилтоос гадна онгодын аялгууг тоглон, гал голомтноосоо харанхуй оронд одож буйг дүрслэн аягладаг ажээ. Эцэст нь гал голомт, хуяг хэрэгслэлээ арцаар ариулан өвч хуягаа бүрэн өмсөн бөөлөхийн зэрэгцээ онгод тэнгэртээ их сөнгийн идээ, 21-н төрлийн цагаан идээ, бүтэн хонины бүхэл өтөг шүүс тавьж, өргөл чимэглэл өргөн, даатгал хийж бөөлдөг ёс учиртай юм. Энэхүү зан үйл нь бөө мөргөлтэй хүмүүсийн зүгээс болон тэр дундаа бөө хүн өөрийнхөө зан үйлд үнэнч шударга хандаж буйгаас гадна хичээл зүтгэл гарган тангарагтаа үнэнч байгаа тод илэрхийлэл билээ. Мөн тогтмол тахилгаас гадна тухай айл өрхөд гай нүүрлэж гарз гарах, / хүн нас барах / өвчин зовлон ороож аж амьдрал доройтох эсвэл онгод тэнгэр нь баарч, баалахад онгод тэнгэрээ аргадаж, саад бэрхшээлийг арилгахын тулд заслын тахилга хийж, айлтгал даатгал өргөхийг ” Тогтмол бус ” тахилга гэдэг. Онгод тэнгэрийн тусгайлсан засал тахилга гэдэг нь хүндэтгэлтэйгээр хийдэг томоохон хэмжээний дом заслын зан үйл юм. Ер нь бөө хүн өрөөл бусдын онгодод дийлдэхээсээ өмнө өөрийн онгодын баалалтанд орох элбэг байдаг. Гэрийн онгод тэнгэрийн тогтмол бус тахилга хийх, гол шалтгаан нь ихэвчлэн онгод тэнгэр нь ” Баарах, баалах ” дохиолдол юм. Бөөгийн онгод баарна гэдэг бөөлөх явцад онгод огт ирэхгүй болох дохиолдолыг онгод баарах гэнэ. Харин онгод баалах гэдэг онгод ямар нэг зүйлд маш ихээр эгдүүцэн уурлаж, тэрхүү уураа эзэгнэгч бөөдөө гаргаж залхаан шийтгэж байгаа хэрэг. Бөө хүн өөрийнхөө онгодын бааралтыг гаргаж чадахгүй удвал онгод нь улмаар баалж эхэлдэг. Иймхүү баалж буй онгодын баалалтыг гаргаж эс чадваас тухайн бөө хүнд муу зүйл болох буюу амь нас нь цөвтөхөөс гадна цаашид эрээ хорлол нь уг бөөгийн үр удамд үлдэх хор хөнөөлтэй байдаг. Бөө мөргөлтэй хүмүүс болон бөө хүн өөрийн онгодынхоо бааралт, баалалтыг өөрөө эс дийлэх бол туршлагатай сайн бөөгөөр яаралтай засуулдаг учир энэхүү заслыг зөвхөн онгод тэнгэрээ тахиж, аргадан засдаг тул гэрийн онгод тахих заслын тахилга хэмээдэг.

  • СЭД ЗАЙРАН

    Сэд зайрангийн онгод нь хэрээ нь дүртэй байсан уу ямартаа ч хаа явсан газар нь хоёр том хон хэрээ дагаж явдаг байсан гэдэг
    Сэд зайран ширүүн зантай ч хүүхдэд их ээлтэй хүн байж нэгэн удаа нутгийн нэгэн баян айлын ганц хүүгийнх нь хамаг бие нь дээр нь яр шаваад их л муу байж энгээд Сэд зайранг гэртээ залж арга чарга асуухад зайран хүүг үзээд булаг шанд бохирдуулаад газар усны хорлол болж гээд бөөлхөөр болж гэрийнх нь ойр орчим хэдэн жижиг түүдэг асаагаад хиншүү хярвас гаргаж харанхуйд бөөлж байгаад хүүг хэнгэрэг дотороо хийгээд хэсэг эргүүлж дуусаад гаргахад овоо сэргэсэн бололтой царай нь тодроод эхэлжээ хэд хоногоос өнөөх яр шарх нь ор мөргүй эдгэрсэн гэдэг
    Айлд сархад ууж суусан Сэд зайран тэр айлд юм сурахаар ирсэн тэр айлын садангийн залууг харж байсанаа хонио хариулуулдаг ядарсан айлын нялх охиныг өлөн чоно шиг нүдээр харахаа болихгүй бол наад нүгэлтэй нүдийг чинь намайг дагаж явдаг 2 хэрээ тоншиж орхин шүү гэхэд залуугын царай хувирч Сэд зайрангаас өршөөл ирэн буцсан гэдэг зайран хутгаараа олон хүнийг өвчин зовлонгоос нь салгасан байдаг бие муу байгаа хүнийг хутгаараа энд тэнд нь хатгаж өтгөрсөн хар нүж гаргаад сорвигүй эдгээдэг байжээ

     

  • БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭН: “ХЭНТИЙН ӨНДӨР УУЛАНД”

    Тэр жил Өмнөговийн “Ёлын аманд” очлоо. Сэтгэл их хөдөлжээ. Жаал тухтай үзэх юм бодсон чинь юу юугүй явах болцгоов. Мөсөн дээгүүр нь битгий яв, цөмөрнө! хадруу нь битгий зүтгэ, нурна шүү ч гэх шиг тэгээд дорхноо буцацгаасан. Хүний унаанд дайгдаж яваа хүн яалт ч үгүй. Уг нь халуун зунаар хадаалсан тэр их мөсөн дээр нь гишгэж үзсэн бол уран бүтээлийн онгод төрөх л байсан даа. Юмыг нүдээр үзэж, хөөрч догдолж хийгээгүй болохоор заавал дутах шиг санагдаад байдаг. Зөвхөн оюун билгээрээ “зодоод” хийчихээр тэгдэг биз.
    Дөчин зургаан оны зун Баянтүмэн рүү нисэж явлаа. Онгоцны цонхоор харахад нэл их ой хөвч цэнхэртэнэ. Хэнтийн нуруун дээгүүр нисэж яваа нь тэр аж. Нисээд л, ой хөвч үргэлжлээд л байх юм. Мөн ч баян дэлгэр хангайяа гэж бодогдож байна. Хожим хойно ч гэсэн бодоод л явдаг байлаа. Тэгтэл 47 оны хавар даа. Дэлхийн залуучуудын оюутны анхдугаар их наадамд бэлтгэх хөлтэй их ажил эхлээтэхлээ. Надад нэг үүрэг ноогддог юм байна. Хийлийн гоцлол дан хөгжмийн зохиол бичих юм боллоо доо. Тэгсэн нөгөө Хэнтийн их ой, хөвч, нуруун дээгүүр нисэж явахдаа үзсэн харсан, төсөөлөн бодсон бүхэн орж ирээд болдоггүй. Бичлээ. Олон сар тунгааж явсных ч юм уу нэг их “зовоолгүй” шиг гараас гарчихдаг юм байна. Би Алтайг наашаа цаашаа олон давсаан. Сайхан уул, юм хийе гэж бодсон үе ч бий. Гэтэл гараас гарсан юмгүй л байна. Заавал уран бүтээлд ч гэлтгүй ямарваа юманд сэтгэл шингэсэн байх учиртай. Сэтгэл л дутвал олигтой бүтээл болохгүй…
    |”Хөдөлмөр” сонины сэтгүүлч Ц.Чимиддоржтой хөөрөлдсөн ярилцлагаас нь тоймлов|

    Chinzorig Uranzaya

     

  • БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД О СЫН ХО МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ХАМТ ОЛОН, МОНГОЛЫН БӨӨ НАРТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

    БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД О СЫН ХО МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ХАМТ ОЛОН, МОНГОЛЫН БӨӨ  НАРТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

  • АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ХАМТ ОЛОН, МОНГОЛЫН БӨӨ НАРТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

    АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ХАМТ ОЛОН, МОНГОЛЫН БӨӨ НАРТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

  • ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ГЭЭСЭН ҮНДЭСТЭН ( УГСААТАН ) ӨӨРӨӨ МӨХДӨГ

    Мал аж ахуйг нүүдлээр эрхэлдэг, ан авыг морьтойгоо, нохойтойгоо хамтран хийдэг, халуунд ч халширдаггүй, хүйтэнд ч бээрдэггүй, уул усаа хайрладаг, нар, сар, галыг шүтдэг, эр эмгүй эрэлхэг, элгэмсэг, өтгөс хөгшдөө хүндэтгэдэг, найрсаг, зочломтгой нэгэн ард түмэн ийнхүү буй болжээ.

    Хүннүчүүд гэх нэрийн дор олон зууныг элээж аж төрсөөр, орчин тойрныхоо нүүдэлчдийг хаман нэгтгэсээр эзэнт гүрэн болон томорч, Төв Азидаа жанжилж, Өмнөдийн томчуудтай эн чацууран, эвлэж, бас эвдэрч ч явжээ.

    Хүннү, Сүмбэ, Нирун, Кидан, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн гэсэн их замын уртад, цаг цагийн нөлөөнд монгол угсаатан өөрийгөө хадгалсаар, гэртэй, малтай, банхар нохойтой, хөнжил болдог дээлтэйгээ, хөл залгуулдаг морьдтойгоо үлдсээр, явсаар, дордсоор, сэхсээр л байжээ. Энэхүү их замын уртад, их цагийн туршид монголчууд бусад ард түмэнтэй нэгдэж нийлж ч явж, салж тусгаарлаж ч байж, гэхдээ л тэд монголоороо л үлдсээр өнөөг хүрчээ. Ийм угсаатан тийм ч олон биш нь үнэн юм. нэг хилийн дээсэн дотор, нэг газар нутгийн зай талбайд уугуул үндэстэн нь мөхөж, устаж суугуул иргэд, хариас ирэгсэд нь эзэн болчихсон баримт болон бий.
    Монголчууд өвөрмөц нэгэн угсаатны хувьд өөрийгөө хадгалсаар ирсний учир, шалтгаан мэдээжээр олон хүчин зүйлээс хамаарсан нь тодорхой юм. Гэхдээ энд гол үүргийг гүйцэтгэсэн хоёр нөхцөл, шалтгааныг онцолж үзэх ёстой. НЭГДҮГЭЭРТ, монголчууд овог, элкэнээ, эх түүхээ мэддэг, мартдаггүй, хойч үедээ аман болон бичгээр өвлүүлэн үлдээсээр байжээ. ХОЁРДУГААРТ, монголчууд өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг хадгалсаар, хамгаалсаар, дээдэлсээр, залгамжилсаар өнөөг хүрчээ.

    Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.
    Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонхи судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.
    Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль ямар үндэстэнг том гэх болж байнаа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно… Цөөхөн тоотой мөртлөө шүү!
    х х х

    Даяаршлын үед улсууд нь байсан ч гэсэн харин угсаатан, үндэстнүүд нь алга болох, мөхөх үзэгдэл шинээр бий болох магадлал өндөрсөхнээ. Монгол угсаатныг монгол болгож байсан өвөрмөц үнэт зүйлүүд бүгд алга болчихвол монгол угсаатан гэгдэх хүмүүс ч бас алга болно. Нэг угсаатныг нөгөөгөөс нь ялгаруулдаг өвөрмөц, сонихон үнэт зүйлүүд угсаатан болгонд байдаг.
    Олон угсаатан буй болж, олон янз соёлыг бүтээж, үнэт зүйлүүдээсээ харилцан суралцаж, сонин хачин бүхнээ солилцож, хэн хэнээ шинэ шинэ зүйлсээр баяжуулж, гайхшруулж, хэн хэнийхээ таних, бүтээх чадавхад сайнаар нөлөөлж байх нь хүн төрөлхтөнд өөрт нь тун ч хэрэгтэй, ашигтай байжээ. XXI зуунд ч гэсэн хүн төрөлхтөн ийм хэрэгтэй, ашигтай, олон янз байдал, соёлоо хэвээр нь хадгалах ёстой. Ингэхийн тулд үндэстэн бүхэн түүхэн уламжлалт үнэт зүйлсээ сэргээж, шаардлагатай аваас эдүгээжүүлж, сонин содон бүхнээ ил болгон сурталчилж байх нь чухал юм. Жишээ нь Монголын морин хуур, уртын дууг япончууд ихэд сонирхож, судалж, олон мянган хүн сайн дураараа морин хуураар хөгжимдөж сурч байна. Япон орны дуу, хөгжим морин хуурын сайхан ая эгшгээр баяжиж, чимэглэгдэх болжээ.

    Үндэстэн бүхэнд зөвхөн манайх, зөвхөн биднийх гэгддэг үнэт зүйлүүд байдаг. Тэдгээр үнэт зүйлийг нэг хэсэг нь материаллаг биет зүйлүүд, харин нөгөө хагас нь материаллаг бус, биет бус соёлын зүйлүүд юм. Жишээ нь монголчуудын хувьд монгол гэр, таван хошуу мал, банхар нохой, монгол дээл, монгол гутал ямар дотно санагддаг билээ дээ. Жилдээ нэг зохиогддог үндэсний их баяр наадам, цагаан сарын зан үйл монгол хүний оюун санааны амьдралд ямар их тааламжтай байж, яаж удаанаар дурсагддаг билээ. Дэгжин эмээл, ганган хазаартай дүүхэлзэн зогсоо хүлэг сайн морийг хараад сэтгэл сэргэдэггүй монгол хүн гэж үгүй. Соёолон морьдын тоосонд орох, хөлсийг дээдлэх сэтгэл зөвхөн монголчуудад л байдаг.
    Манай өвөг дээдэс ан гөрөөгөөр амьдарч байх үедээ чоныг гаршуулж нохойтой болжээ. Энэ цагаас нэлээд хожуу аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлжээ. Ингээд нохой маань анч бас хоточ болсон түүхтэй. Зэрлэг амьтдыг гаршуулж, гэршүүлэх соёл магадгүй бидний өвөг, дээдсээс л эхлэл, улбаатай байсан болов уу, Амьдралын ийм хэрэгцээ, шаардлага нүүдэлчид, анчдын хувьд л хамгийн хүчтэй, бас боломжтой байсан нь үнэн юм. Ингэж л мал, нохойг эрхэмлэх онцлог шинж бидэнд буй болсон ажээ.

    Монголчуудыг их азтай хүмүүс, ард түмэн гэж нэрлэж болох юм. учир нь монголчууд өөрсдийгөө, бүтээсэн соёлоо, эх түүхээ хадгалж чадсанаар барахгүй эх нутгийнхаа байгалийг бараг л унаган төрхөөр нь ХХ зууны эцэс хүртэл үлдээсэн хувь заяатан юм.

    XXI зууны эхэнд зэрлэг тэмээ, зэрлэг адуу, зэрлэг хонь, зэрлэг ямаа, хулангийн сүрэг, зээрийг сүрэг, мазаалай мэттэйгээ байж байгаа нь тун ч сайхан баримт билээ.
    Монгол хүн морин дээр насыг элээхдээ үргэлж л бодож, бясалгаж явдаг онцлогтой. Өнгөрснөө дурсаж, өнөөдөртэй холбон бодлогоширч, лавлуулаад маргааштай золгон бясалгаж явсаар замын уртыг, давааны өндрийг туулдаг билээ.
    Сэргэлэн дэнж дээр ярайх гэрүүд, хөндий дүүрэн налайх сүргүүд, морин хуурын уянгалаг, эрдүүн ая, эгшиг, гүүн зэлний танил, дотно үнэр, намар цагийн хонь, хурганы нийлэх, майлах уярам их нүргээн зэрэг нь монгол хүний нүд, чихийг мялааж Монголоо гэх сэтгэлийг хөглөж, бадрааж байдаг.

    Хүннү, Сүмбэ, Нируны үеэс л монголчууд баярлаж цэнгэхдээ хөх тэнгэртээ сүсэглэж, уул усандаа мөргөж, эцэг эх, ахмадуудтайгаа золгож, ая дуу барьж, бүжиг наадам хөгжөөж иржээ. Тэр цагт монголчууд аль нэгэн шашин сурталд нийт олноороо автаагүй, оюун санааны амьдрал нь шашинжаагүй, мухар сүсэг, сохор итгэлд захирагдаагүй байсан онцлогтой. Монгол хүний хувьд хүрээлэн буй байгаль, амьдралын нь ахуй, орчин, өөрсдийн нь бүтээсэн соёл, уламжлалт ёс, заншил л эрхэм, чухал байжээ. Одоогийнх шиг ахуй, амьдралын бүхий л үйл хөдлөлөө сар, өдөр, цаг, зүг чиг, мэнгэ, суудал, ивээл, хорлол, жил, нас мэттэй холбож, ламаас асууж, засал хийлгэж, тарни уншиж, сахиус зүүж, залбиран залбирсаар эхэлж, үргэлжлүүлж, төгсгөж байсангүй. Товчхон хэлэх, дүгнэх аваас тэр цагт монголчуудын оюун санааны амьдрал элдэв мунхрал, төөрөгдлөөс чөлөөтэй, эрүүл байжээ. Орчин цагийн ойлголтоор бол тэр цагт өвөг дээдэс маань тус тус хувийн өмчтэй, чөлөөт иргэд байв. Тэд маань боол биш, хамжлага биш, хөлсний ажилчин, зарц биш, бас мухар сүсэгтэй биш байжээ. Чухам ийм дээрээс тэдний дуулал, мөрөөдөл нь “Дээрээ эзэн байдаггүй, дэргэдээ албат байдаггүй чөлөөт хүн, үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон” байлаа. Шашин суртлаас хол, ангид байхдаа нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ёс суртахуун, хүмүүнлэг энэрэнгүй үзэл, заншил дээр дурдсан онцлог шинжүүдтэй байжээ.

    Улс орон, ард түмэн бүхэн өөр өөрийн түүхэн уламжлалт ахуй, байдлаа хадгалж, өөр өөрийн соёл, ёс, заншлаараа аж төрж, дэлхийн хэмжээнд эе эв, энх тайвныг сахиж амьдрах нь хүн төрөлхтний явах, замнах ёстой тэр гол зам, зөв чиг мөн юм. Элдэв шашин, элдэв -изм зөвхөн л ус болж байснаас биш, тус болж байсангүй.
    Элдэв -измыг хатуу баримталж ард түмнээ дэглэдэг, дарамталдаг улстөрийн намууд, элдэв бурхадыг шүтэж мухар сүсэгт уриалдаг шашнуудын аль аль нь алс ирээдүйд хүмүүсийн оюун санааны амьдралаас зайлуулагдах болно. Тэр цагт хүмүүс хүмүүнлэг ч гэж хачин, хүмүүжилтэй ч гэж хачин, эрхээ ч зөв эдэлдэг, үүргээ ч ягштал биелүүлдэг, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг л дээдэлж амьдардаг болчихсон байх бий вий.
    “Монголчууд бид үндэснийхээ өвөрмөц үнэт зүйлс, соёлоо хаяж, гээж болохгүй” гэхлээр бөө мөргөлөө сэргээе, галаа тулганд түлье, айргаа нэг хулаар тойруулж ууя, уйгаржин монгол бичгийг сэргээж төрийн бичиг болгоё гэх мэт хэмжээ, түвшинд ойлгодог, ярьдаг хүмүүс ч буй болжээ. “Өсөхөөс сурсан эх хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээх хэллэг, ойлголт бол монгол хэлний тухай болохоос биш түүнийг тэмдэглэсэн үсэг, бичгийн тухай биш билээ. “Уйгаржин монгол бичиг” гэж уйгараас авсан үсэг, бичиг хэмээн шууд, ил хэлж байгаа мөртлөө манай үндэсний бичиг, үсэг гэж нэрлэх нь буруу шүү дээ. Хувилай хаан дөрвөлжин үсэг зохиолгож, Занабазар соёмбо үсэг зохиож “үндэсний үсэг, бичигтэй” тэмцээд, устгах, орхих гээд байсан болж таарахнээ?… Монгол хэлээ, эх хэлээ бид ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж, уншиж болноо доо? Эх хэл маань чухал болохоос биш түүнийг тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш юм. Гэтэл манай өнөө цагийн хэлзүйчид мэдлэгтэнгүүд биш мэдэмхийрэгчид болчихсон юмуу гэхээр аашлах болсны цаана нь юу нуугдаж байна вэ?

    Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан эрдэмт хүн тэр өндөр, дээд түвшнээсээ Монголын гэсэн бүхнээ улам бүр төгөлдөржүүлэхийг л хичээдэг болохоос биш бусад улс үндэстний үнэ цэнтэй зүйл, ололтуудыг шууд хуулбарлан авах, сармагчин мэт дууриахыг урьтал болгодоггүй. Гэтэл өнөө үед Монголоор нэг хуулбарлагчид, дууриагчид буй болчихлоо. Яг тийм өрөөсгөл бодолтонгууд боловсролын системийг 30-аад жил үймүүлчихлээ. Нэг сайд гарч ирээд л 4 жил үймүүлдэг. Удаах нь гарч ирээд 4 жил тоглочихдог боллоо. Тухайн сайдын бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг, манай орчин, нөхцөлд хэр нийцтэй болохыг нам нь ч, яамны хамт олон ч тун няхуур авч үзэх, хэлэлцэх үүрэгтэй шүү дээ. Энэ талын ажил яам болгон дээр маш их үгүйлэгдэж байна.

    Үндэснийхээ үнэт зүйлүүдийг, өвөрмөц, онцгой зүйлүүдийг, зөвхөн л Монголын, бидний гэгдэх зүйлүүдийг авч үлдэх, сэргээх, төгөлдөржүүлэхэд популист байр сууринаас, хоосон мэдэмхийрэгчдийн байр сууринаас, ирээдүй цагийн хэрэгцээ, шаардлагыг үл ухаарагсдын байр сууринаас хандаж болохгүй билээ. Ийм байдлаар хандаад инээдэм болсон баримт, жишээ олширсоор л байна. Монгол гэр гэхэд л өвөг дээдэс маань зуунаас зуунд улам л сайжруулж, улам л боловсронгуй, төгс болгосоор ирсэн юм шүү дээ. Түүнээс биш “Чингис хааны үед ямар байсан тэр хэвээр нь хадгалнаа” гээд зөрүүдлээд, тэнэгтээд байсан биш билээ.

    Цагийн юм цагтаа нэг янз, цаг нь өнгөрөхлөөр бас өөр янз бололгүй яах вэ. Нэг л янзаар байдаг юм гэж үгүй, тийм байх боломж ч үгүй. Мөнх нэг янзаараа байх чанар, биет, хэлбэр гэж үгүйг зааж л “аливаа зүйл хоосон чанартай” хэмээн дүгнэгддэг билээ. Дорнын философи сэтгэлгээний энэхүү үнэмлэхүй дүгнэлтийн эсрэг хандсан байр суурь мэдээжээр үнэн рүү хөтлөхгүй нь тодорхой юм.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Ш.ЧОЙМАА: СЭТГЭХҮЙН ЗЭВСГЭЭ ТӨГС ЭЗЭМШИЖ БАЙЖ ГАДААД ХЭЛ СУРАХ ЁСТОЙ

    -Монгол хүний үнэт зүйл гэдгийг өвгөдөөс уламжилсан зайлшгүй баримтлах ёстой зан заншил, бие, хэл, сэтгэлийг залж явахад зориулсан бичигдээгүй дүрэм болсон бүх чанарын нийлбэр гэж нэрлэж болно.
    Хоёрт, Төв Азийн уудам нутагт нүүдэлчин монголчууд хэдэн мянган жил оршин тогтнохдоо бэлчээр, газар нутаг, таван хошуу мал, байгаль, ан амьтнаа шүтэж, байгалийн ивээлд аж төрж ирсэн. Монголчуудын нутаг ус, хөрс, шороо, ан амьтнаа хайрлаж, хамгаалж ирсэн энэ шүтэн барилдсан харилцааг Монголын үнэт зүйл гэж хэлж болно.
    Гуравт, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн О.Латимор “Төв Азийн нүүдэлчид өөрийн бичиг үсэгтэй болох гэж олон зуун жил оролдсон. Тэр дундаас монголчуудын үйлс л бүтэмжтэй болсон” гэж хэлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд байгаль, таван хошуу малын ивээлээр аж төрж, амьдрах явцдаа үр хүүхдээ хүмүүжүүлэх, сургаж, боловсруулах, амьдралын ухааныг суулгах, өвөрмөц заншил бий болгосон. Түүний хамт мянган жилийн тэртээгээс өөрийн бичиг үсэгтэй болж, судар ном бүтээж, түүндээ оюун билгийнхээ охийг шингээж, хойч үедээ уламжлуулж ирсэн ард түмэн. Мөн аман зохиолын арвин баялаг сантай. Эртнээс бүхэлдээ хадгалагдаж ирсэн монгол сэтгэлгээ бол яах аргагүй үнэт зүйл.
    -Хүүхдийг үнэт зүйлээ мэддэг, зөв монгол хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг, эхчүүд, цаашлаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юунд анхаарах ёстой вэ?
    -Монгол шиг олон мянган жилийн улбаатай, цагтаа дэлхийг төвхнүүлсэн түүхтэй, асар уудам нутагтай, байгалийн баялагтай ч гуравхан сая хүн амтай улсын хувьд даяарчлал хэмээх үйл явцаас юуг нь авч, юуг нь орхиж, өөрийн үнэт зүйлийг яаж авч үлдэх вэ гэдэг нь иргэн бүрийн, бодлого боловсруулагч нарын алсын хараатай бодлогоос шалтгаална. Бодлого дөрвөн жилийн хугацаанд хэрэгждэг, өмнөх бодлогыг үгүйсгэлийн үгүйсгэл болгоод байвал бид урагшлахгүй. Одоо сонгуулиас сонгуулийн хооронд бүх зүйл өөрчлөгдөж байна. Тусгаар тогтнолоо олон жил хадгалъя гэвэл алсын хараатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг бодлогыг ямар ч Засгийн газар гарсан ягштал биелүүлдэг байх хэрэгтэй. Бидний ярьж байгаа зүйл болох Монголын хүүхдүүдийн ирээдүйн төлөө, зөв монгол хүн болгохын төлөө хийж байгаа ажил, зарцуулж байгаа хөрөнгө нь өнөөдөр, маргааш ашиг өгөхгүй. Гэвч 10, 20 жилийн дараа үр дүн нь харагдана. Үр дүнд нь эх орноо гэсэн сэтгэлтэй, түүнийхээ төлөө өөрийн мэдлэг, авьяас, хүч хөдөлмөрөө зориулдаг монгол иргэн төлөвшиж, бий болох юм. Гэтэл манайхан шууд мөнгө болж ирэх зүйлийг үнэлэх хандлагатай байгаа нь өнөөдөр болж байгаа мэт боловч ирээдүйд хөнөөлтэй.
    Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд нөлөөлөх хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хоёрт, эрх болон үүрэг, хариуцлага тэгш хэрэгжих эрх зүйн орчин хэрэгтэй. Гуравт, гэр бүлийн төлөвшил маш чухал. Хүүхэдтэй ярилцаж, өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Зөвхөн цэцэрлэг, сургуульд даатган орхиж болохгүй. Монголын түүхээс эхлээд, ёс заншил, буян, нүгэл, зөв бурууг эцэг эх нь ялгаж салгадаг байж зөв монгол хүүхдийг хүмүүжүүлнэ.
    Дөрөвт, цэцэрлэг, сургууль нь зөв тогтолцоотой байх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш нар хүмүүжлийн ажлын цаг гаргаж өгөх хэрэгтэй. Математикийн хичээл дээр А цэгээс Б цэг хүртэл гэж заахын оронд Улаанбаатараас Эрдэнэт хүртэл гэх зэргээр танин мэдэхүйн зүйлсийг өгүүлбэртэй бодлогод нь оруулаад өгвөл зохимжтой. Нөгөө талаас бурхан шиг багш байсан ч 45 минутад 50-60 хүүхдэд хичээлийг чанартай заах нь боломжгүй шахам зүйл. Өөрөөр хэлбэл, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талд нэг анги 35-аас олон хүүхэдгүй баймаар юм.
    Монголчууд юмыг асар хурдан ойлгодог, дасан зохицдог, авхаалж самбаатай ч гадны ямар нэгэн зүйлд маш амархан дасдаг, уусдаг сул талтай. Телевизээр дандаа гадны нэвтрүүлэг гаргаж байна. Үүний оронд хүүхдүүдэд зориулан үндэсний цуврал бүтээлүүдийг гаргавал тун зүйтэй юм даа. Хүүхдүүд Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”-аас илүү анааш, муур, нохойг таньдаг болж, түүнд хайртай болж байна.
    Хүүхдийг арай том болсон үед нь эх орон, түүх соёлынх нь онцлогийн талаар ярих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд харийн зүйлийг чамирхаж хүлээж авалгүй, өөрийн үнэт зүйлээ мэддэг болно.
    Зөв монгол хүүхдийг бэлтгэхэд орчин чухал. Эрт үед зөв монгол хүнийг гэр бүл нь, айл саахалт нь, нутаг ус нь бэлддэг байж. Айл саахалт, нутаг усных нь хүн, танихгүй хүн ч тухайн хүүхдийн болохгүй үйлдлийг ойлгуулж хэлдэг байсан. Буруу үйл хийж байгаа хүүхдийн хажуугаар тоолгүй өнгөрөлгүй, зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй.
    -Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдаас монгол хэл бичгийн шалгалт заавал авч байгаа. Энэ жилийн шалгалтад сурагчдын 16 хувь нь унасан байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Дунд ангид нь л монгол бичиг ордог, төгсөх ангид ордоггүй. Төгсөх үед нь гэнэт шалгалт авдаг, монгол бичгийн дуудлага, бичиг ялгаатай зэргээс хүүхдүүд төвөгшөөдөг байж болох юм. Монгол бичгийг хэрхэн төвөгшөөлгүй судлах вэ. Монгол бичгийн гайхамшгийг та юу гэж нэрлэх вэ?
    -Монгол бичгийн цаг бага, дунд ангид л заадаг байсан үе бий. Монгол хэлний тухай хууль батлагдсанаас хойш энэ бүхэн арай өөр болсон. Өнгөрсөн онд VI, VII, XII ангийн монгол бичгийн сурах бичгийг ахалж зохиосон. Тэрний өмнөх жил IX ангийн хүүхдийн монгол бичгийн сурах бичгийг хийсэн. VIII, X, XI дүгээр ангийн сурах бичгийг өөр багш нар зохиосон. Ингээд VI-XII анги сурах бичигтэй болсон. Харин сургууль бүр хөтөлбөрийн дагуу тухайн хичээлийг орж байна уу, хэр чанартай зааж байна вэ гэдэг нь нэг асуудал. Зарим сургуульд долоо хоногт нэг удаа монгол бичгийн хичээл орж байна. Ингэж болохгүй. Долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа орох хэрэгтэй.
    Хүүхдүүд монгол бичгийн дуудлага, бичлэг нь төвөгтэй гэсэн хэр нь англи хэлийг сураад л байгаа. Англи хэлэнд дуудлагатайгаа адил бичигддэг үг байхгүй шахам. Англи үгний ард дуудлагыг нь тэмдэглэсэн байдаг шүү дээ. Эртний бичигтэй ямар ч улсын бичгийн дуудлага, бичлэг нь зөндөө зөрүүтэй байдаг. Гэсэн ч тэд төвөгшөөлгүй суралцдаг. Тухайлбал, хятад гэхэд дүрс бичгээс уламжилсан одоо утгын бичиг болоод байгаа ханзаар бичиж байгаа. Гэтэл 10 мянган ханз тогтоосон хүн ном уншиж ойлгодог болдог гэдэг. Монгол залуучууд хятад хэл сайн л сурч байгаа хэр нь монгол бичгийг төвөгшөөж байгаа нь үндэснийхээ бичиг үсгийг эзэмшье гэсэн сэтгэл дутаж байгаа хэрэг. Өөрийн өв соёлоо хүндэтгэн дээдлэх, эзэмших, сурах, сурталчлах тал нь муу байгаагийн шинж. Нөгөө талаас одоохондоо монгол бичгийг албан ёсоор шаардаагүй байгаа болохоор залхуураад хойш нь тавьж байгаа байх.
    Эртний буюу сонгодог бичгийн хэлний үг хэллэгийг социализмын үед феодалын үг гээд хэрэглэхийг цээрлэдэг байсан. Ингээд бичгээ солихдоо өмнөх үеийнхээ яруу тансаг үгийг кирил үгсээр буулгаагүй юм. Үүний улмаас бид монгол хэлнийхээ арвин баялаг өв санг мартжээ. Монгол бичиг нь үг зүйн зарчимд тулгуурласан зөв бичих дүрэмтэй, дүрэм нь хэдэн зуун жилийн туршид өөрчлөгдөөгүй, Төв Азиар тархсан олон монголчуудын олон аялгууг нэгтгэж байдаг. Монгол бичигт о, у болон д, т, бас ц, ч, мөн з, ж-г нэг үсгээр тэмдэглэг. Өвөр Монголд “цагаан” гэснийг “чагаан” гэж уншина. Ингэснээр монгол бичиг олон аялгуутны дундын өв болж байгаа юм.
    Нөгөө талаас үгийн олон утгыг ялгаж байдаг. Шинэ бичгээр шар гэсэн үг өнгө, чимээ, үхэр малын алийг нь илэрхийлж байгааг мэдэх боломжгүй. Монгол бичиг эдгээрийг ялгаж өгдөг. Мөн өмнөх болон хойно нь байгаа үгтэй холбон ухаарч уншдаг. Ухаарч уншдаг үсэг нь тухайн үндэстнийг хүмүүжүүлж байдаг. Аливаа юм хялбар болох тусам танигдахгүй болдог. Аль ч улсын бичиг үсгийн зөв бичгийн дүрмийг авиа зүй, үг зүй, түүхэн уламжлалын зарчимд тулгуурлан зохиодог. Монгол бичгийн дүрэм үг зүйн зарчимд тулгуурлана. Энэ нь монгол сэтгэлгээтэй холбоотой.
    Ярианы хэл маш хурдан хувьсдаг. Ярианы хэлтэй уялдуулж монгол бичгийн дүрмийг өөрчилж болохгүй, хэл эвдэрнэ.
    “ХҮН БОЛЖ ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮНД БОЛОВСРОЛ ОЛГОВОЛ БОСОО ОРООЛОНД АЛТАН ШҮД ХИЙГЭЭД БОЛГОСОНТОЙ АДИЛ”
    -Таны олон жил ярьж байгаа нэгэн зүйлийг дахин яриулах шаардлага байна. Мэдлэг, боловсролтойгоос гадна хүмүүжилтэй хүн бэлтгэх нь чухал. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ мэдлэгтэй байхад л анхаарах болж. Бүр багаас нь гадаад хэл сургадаг болсон байна. Хүүхдийг хэдэн наснаас нь гадаад хэл заавал зохимжтой вэ?
    -Хүмүүжил, боловсролыг арга, билиг гэж үзэж болох юм. Арга, билгийг философид олон янзаар тайлбарлах байх. Буддын гүн ухаанаар арга гэдэг нь бусдын тусын тулд бие, хэл сэтгэлээ зориулах бодь сэтгэл. Билиг нь хоосон чанарыг оносон, чанад хязгаар хүртэл үнэнийг ухаарсан чанар. Арга нь хүмүүжил, билиг нь боловсрол. Хүнд энэ хоёр хамтдаа байх ёстой.
    Монгол ёсоор эхлээд хүн болж төлөвшөөд, түүн дээр боловсролыг нэмэх ёстой. Манай Чой.Лувсанжав багш “Хүн болж төлөвшөөгүй хүнд боловсрол олговол босоо ороолонд алтан шүд хийгээд болгосонтой адил” гэж хэлсэн юм. Энэ үнэхээр үнэн үг. Бие, хэл, сэтгэл нь төлөвшөөгүй хүнд орчин үеийн нарийн боловсролыг эзэмшүүлвэл тухайн хүн мэдлэгээ ашиглаад юуг ч мэхэлж, хулгайлж, сүйтгэж болно. Олсон боловсролоо өөртөө болон өрөөлд, цаашлаад хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зарцуулж чадах суурь нь хүмүүжлээр тавигдана.
    Эх хэлний үгийн сан зохих төвшинд хүрч, монгол хэлээр бодож, ухаарч, сэтгэдэг чадвар бүрэлдээгүй байхад гадаад хэл заахаар эх хэлний сэтгэлгээ царцанги байдалд ордог. Цэцэрлэг, бага ангид нь гадаад хэл заах ёсгүй. Харин 12, 13 настайдаа хүүхэд гадаад хэл сурахыг хүсч эхэлдэг. Тэр үед нь залхаалгүйгээр гадаад хэл зааж болно. Энэ үеэс хойш хүүхэд хэдэн ч хэл сурах боломжтой болдог. Монголчууд хэл сурах авьяастай ард түмэн.
    Хэл гэж юуг нэрлэх талаар гүн ухаантан, мэргэдийн олон тодорхойлолт байдаг. Тэнд хэл харилцааны хамгийн чухал хэрэглүүр, мөн сэтгэхүйн зэвсэг гэж бий. Хэл сэтгэхүйн зэвсэг гэдэг нь эх хэлэнд бууж байгаа юм. Харин харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэдэг нь хэлний мэдлэгээр дамжуулан мэдлэг олж авах. Тиймээс хамгийн эхэнд сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмших хэрэгтэй. Сэтгэхүйн зэвсгээ хурц байлгахын төлөө үе үеийн сэхээтнүүд тэмцэж байсан.
    -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед сөрөг мэдээлэл хөврөх боллоо. Нийгэм яагаад хүндээ ээлгүй, аюултай болчихов. Энэ нийгмийг яаж өөрчлөх вэ?
    -Нэгдүгээрт, телевизээр ийм сөрөг, тун таагүй мэдээллийг дамжуулж байгаа нь зарим хүнд ийм зүйл байдаг мэтээр тусах аюултай. Тиймээс телевизээр дамжуулах мэдээний алийг гаргах, үгүйг бодолцох л ёстой. Үүнд гадны аймшигтай кино нөлөөлж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Даяарчлалд муу зүйл хамгийн эхэнд нэвтэрдэг юм байна. Бас энэ байдал нь эрх яриад, үүрэг, хариуцлага гэдгийг орхигдуулсны гай. Үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээдэг зарчим хаана ч байх ёстой зүйл.
    Мөн одоо үед ээж, аав нар хүүхдэд хоол хийж өгчихөөд л утсаа маажаад суудаг болж. Ингээд хүүхэд зурагт үзэхээс өөр сонголтгүй болж байна. Тиймээс хүүхдийг унтах үед телевизүүд 30 минутаас нэг цаг хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг болвол тун өгөөжтэй зүйл болно доо. Ингэхдээ гадны нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног хуулах хэрэггүй. Өөрийн үндэсний ёс, уламжлал, ухаарал, уран үг хэллэг шингэсэн нэвтрүүлэг байх ёстой болов уу.

  • ТҮҮХИЙГ ЧИНЬ БҮТЭЭХ ГЭЖ, ХАМГААЛАХ ГЭЖ ОЛОН МОНГОЛ БААТАР ЭРС АМИА АЛДСАН.

    Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг “Хадны өвөр” гэдэг газарт эртний байх магадлалтай булш ухсан байна гэх мэдээллийн дагуу шалгахад сэжигтэй зүйл мэдэгдээгүй аж. Уг газарт дээхнэ үед нэгэн баян лам амьдарч байсан гэх яриа нутгийнхны дунд байдаг аж. Тэрээр өөд болохоосоо өмнө гэрийн буурин доороо бурхан, хэрэгслүүдээ булсан гэх яриа ч байдаг гэнэ. Харин Онон Балжийн байгалийн цогцолбор газар, сумын төв хоёрын завсарт айлын буурь ухах гэж байсан зургаан хүнтэй таарчээ. Сэжигтэй зургаан иргэд саатуулагдахдаа 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсан гэнэ. Дээрх зургаан иргэн Улаанбаатар хотын харьяат. Ахлагч нь болох 60 орчим настай, Тунгалаг гэдэг эмэгтэйг 20-30 настай таван залуу дагалдаж явжээ. Тэд булш ухан, эртний хэрэгслүүд олдвол Улаанбаатарт зардаг гэж сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан таамаглаж, айлын гэрийн буурь ухах гэж байсан иргэдийг Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Харин хэсгийн төлөөлөгч тэднийг шалгаж үзээд булш, гэрийн буурь ухаагүй, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн аж.
    Энэхүү баримтыг сөхдөгийн учир нь булш бунхан, хиргэсүүр ухах, түүх дурсгалын өв, бурхан тахил хайх, эртний эдлэл худалдаалах, хил давуулах наймааны бизнес нь маш нууц “далд” явагддаг гэсэн дам яриаг тодруулах гэж зорьсон юм. Дээрх баримтаас харахад баригдсан зургаан сэжигтэн 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явж байсан ч талийгаач ламын нуусан эд зүйлийг олоогүй байхдаа баригдсан нь тэднийг аварсан бололтой. Олныг нуршихаа түр хойшлуулан эртний эдлэл, булш бунхан ухаж, бурхан тахил, соёлын өв зэргийг Өмнөд хөрш рүү хил дамнуулан худалдаалдаг байсан нэгэнтэй ярилцсанаа сонирхуулья. Мэдээж түүнд надад үзүүлэх зураг, баримт байгаагүй. Учрыг асуухад “Яалаа гэж өөрийгөө барьж өгөх баримт үлдээх вэ дээ. Тэр бүх зарж борлуулсан зүйлс зөвхөн миний л нүдэнд харагддаг” гэж хариулсан юм. Тэрбээр өөрийгөө Чука гэж танилцуулж, энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүд намайг танинаа. Гэхдээ би одоо хаана юу хийж, байгаагаа хэлэх боломжгүй гэдгээ учирласан бөгөөд надтай ярилцсанаасаа хойш тун удалгүй хилийн дээс алхаж, харь нутагт амьдарч байгаа. Түүнтэй ярилцаж суухад “гайхмаар”, “харамсмаар”, “халагламаар” мэдээлэл цөөнгүй байсан ч итгэх эсэх нь уншигч таны л “эрх”…
    Сур: Сайн байнуу, хоёулаа эхлээд танилцья
    Чука: За тэгье. Өөрөө ямар учиртай хүн гэлээ?
    Сур: Би нэгэн сонины сурвалжлагч байна.
    Ч: Ойлголоо
    Сур: Би өөрөөс чинь хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Боломжтой бол ярилцлага авч болох уу.
    Ч: Тэг тэг, асуу асуу
    Сур: Анх та өөрийн эрхэлдэг ажлаа эхлэхдээ юу бодож байсан, одоо юу бодож байгаагаа илэрхийлбэл?
    Ч: Яг одоогоор эрхэлсэн ажил байхгүй ээ. Хувиараа л байна.
    Сур: Би хувиараа хийдэг ажлыг тань л сонирхоод байна л даа.
    Ч: Чи алтны тухай асуух гээд байнаа даа. Хамаагүй ээ асуул даа.
    Сур: Тийм. Бас түүхийн олдвор олсон тухай.
    Ч: Би өөрөө ч сэтгэл эмзэглэж явдагийн хувьд мэдэх юм аа хэлье. Түүхийн олдвороос гадна палеонтологи, археологийн маш сонин, ховор дурсгалт зүйлс хэнд ч хэрэггүй болж байгаатай таарч байсан шүү.
    Сур: Энэ асуудлаар таны мэдэх бүгдийг мэдмээр байна. Та хамгийн анх, хэзээ алтанд явдаг болсон бэ?
    Ч: 10-аад жил болж байна. 2000 оны эхээр энэ бизнест орж эхэлсэн.
    Сур: Та аль нутгийн хүн бэ?
    Ч: Би хотын уугуул хүн.
    Сур: Нэг л өдөр алт ухаж, их мөнгөтэй болно гээд гэрээсээ гарсан уу?
    Ч: Хэн ч тэгж бодох л байх. Миний хувьд би тохиолдолоор энэ ажил руу орсон.
    Сур: Яаж?
    Ч: Тухайн үед би Улаанбаатар-Увсын чиглэлд фургон машинтай хүн зөөдөг байлаа. Нэг удаа Архангай, Өвөрхангайгаас хоёр хүн миний тэргэнд нэмэгдэж суусан юм. Тэдний яриаг зам зуур сонсож яваад, танилцаж, удалгүй тэдэнтэй хамт явдаг болсон. “Алтны нинжа” гэдэг дээ.
    Сур: Хувиараа алт олборлож яваад эртний эдлэл олсон гэж үү?
    Ч: Нинжагийн ажлыг 2003 оноос больсон. Хүмүүсийн дам ярианаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ойролцоо түүхийн өв байгаа гэж дуулаад зургуулаа “доншуучилж” яваад 10-аад эртний ном судар, 22 ширхэг алтан бурхан олсон. Долоон ширхэг нь эрхий хуруун чинээ хэмжээтэй. Хамт явсан нэг залуугийн маань олсон 15 ширхэг бурхан нь мөнгө, зэс цувимал байсан.
    Сур: Тэр олсон эртний олдворуудаа дараа нь яасан бэ?
    Ч: Зарахгүй, өөр яах вэ дээ. Угаасаа бүгд л зарж байгаа шүү дээ.
    Сур: Хаана?
    Ч: Энэ бизнест авдаг, зардаг дамжуулдаг, алга хийдэг бүхэл бүтэн дамжлага бий. Дамжлагаар яваагүй хэд нь хил дээр баригдаад байгаа юм. Өдөрт хичнээн юм хилийн чанадад гардаг гэж бодож байна. Чи итгэхгүй л дээ.
    Сур: Юуг итгэхгүй гэж?
    Ч: Би хоёр удаа урагшаа явахдаа Хятадуудын цуглуулсан зүйлсийг хараад гол минь харлаж байсан. Гэхдээ яая гэхэв дээ. Бүгд л зөөж байгаа юм чинь.
    Сур: Мөнгө хэрэгтэй гэж үү ?
    Ч: Мэдээж, би зөөхгүй бол тэр зөөнө. Чамд 20 сая төгрөг өгье. Хээрээс олсон эрдэнээ зараач гэвэл чи зарна л биз дээ. Битгий л худлаа цагдаад өгнө гэж хэлээрэй дээ.
    Сур: Та ер нь хичнээн удаа гадагшаа “юм” зөөсөн бэ?
    Ч: Ах нь ямар ч боловсролгүй хүн. Тийм болохоор асуултаа ойлгомжтой тавихгүй бол хэцүү шүү. Чи юу ч асуусан би хариулна. Угаасаа сэтгэлд үргэлж буглаатай явдаг юм.
    Сур: Та ойролцоогоор хэдэн удаа түүхийн олдвор олсон бэ?
    Ч: Зөндөө. Би яг булш бунхан ухдаг хүн нь биш л дээ. Гэхдээ тэдний тухай ихийг мэднэ. Харин зүгээр “алтны нинжа” л гэгдэх хүн.
    Сур: Тэгвэл алт ухаж явахдаа алт эрдэнэс олдог гэж үү?
    Ч: Чи уул нь надаас асууж байхаар яг газар дээрээс нь очоод эсвэл хамт яваад үзвэл дэндүү гэхэд дэндүү харамсана даа.
    Сур: Тэгвэл дараа хамт очиж үзье.
    Ч: Харамсалтай би хамт явах боломжгүй. Монголоос бүр мөсөн явж байгаа. Монгол улс гадаадад эзлэгдээд байгаа бишээ, яг Ром шиг дотроосоо муудаж, өмхийрч дууслаа. Энэ хэдэн улс төрчид гэх луйварчид өөдтэй байсан бол, энэ хэдэн археологичид өөдтэй бол бид үнэндээ эх орныхоо түүхийг өвийг зөөвөрлөхгүй байсан. Бас улс шиг улс байсан бол бид ингэж явахгүй гэж сэтгэл өвддөг.
    Сур: Булш бунхан ухдаг хүмүүс ер нь ажлаа яаж хийдэг юм бэ?
    Ч: Тэд чинь метал хайгчаар бараг дуугарсан болгоныг шалгадаг.
    Сур: Шалгасан газраа сэндийчээд л орхих уу. Олох нь хэр байдаг юм бол?
    Ч: Орхоны хөндий, Хар хорины ойролцоох сүм хийдийн туурь, хиргисүүр булшийг бол бараг метр алдахгүй нэгжээд дуусгасан.
    Сур: Тэд бас олсноо урагшаа гаргах уу?
    Ч: Нинжа нар цөм булш бунхан ухдаг хүмүүстэй. Гадаадын бурхан ухдаг хүмүүстэйгээ нийлвэл 20 мянга хол гарна шүү. Энэ хүмүүсийн 5/1 нь метал хайгчтай болоод байна. Мэдээж урд л үнэтэй авна шүү дээ. Гаргадаг хүмүүсээ ч цаадуул нь мэднэ. Чи биднийг буруутгаад үзэн ядаж магадгүй. Гэхдээ бид бол бага гарууд шүү дээ. Жинхэнэ том гарууд чинь дээр сууж байгаа.
    Сур: Тэгэхээр гадагшаа гаргадаг хүмүүс нь гол юм байна. Тийм үү?
    Ч: Ер нь бол бүхэл бүтэн музейг, архивыг, үнэд хүрч болох бүхнийг зөөж байгаа.
    Сур: Хамгийн гол нь уг үндсийг нь унагааж чадахгүй гэхэд ганхуулах хэрэгтэй
    Ч: Энэ асуудал бүүр архагшаад хүчээ авсан. Одоо Улаанбаатарт л гэхэд хуучны эд эдлэл авна гэсэн хүмүүс, дэлгүүрүүдийг шалгавал. Арай ч дээ гэмээр зүйл их байдаг ш дээ.
    Сур: Бидэнд яг одоо мөнгө хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Гэхдээ түрүүний таны хэлдэгээр Монгол Улс оршин тогтнох уу, үгүй гэдэг гол асуудал байна.
    Ч: Өө, энэ асуудал чинь нэгэнт тодорхой болсон шүү дээ. Тусгаар тогтнолоо алдахгүйгээр улс үндэстнээ алдсан шүү дээ.
    Сур: Магадгүй 10-20 жилийн дараа бидний үр хүүхэд хэний эрхшээлд ороод яаж амьдрах бол гэж санаа зовдог.
    Ч: Аль 10 жилийн өмнө. Санаа зоволтгүй.
    Сур: Эхэлсэн гэж үү?
    Ч: Бидний үр хүүхэд бүгд байдгаараа байна. Гэхдээ Монгол гэж танигдахгүй эрлийзжсэн байна биз дээ. Мэдрээгүй явсан гэж үү? Одоо нэгэнт оройтсон. Галт тэрэг хөдлөөд хурдаа авсан. Хурдлаад явж байгаа галт тэргийг тэмцээд зогсооно гэнэ үү?
    Сур: Тэгвэл нүдээр харж, сэтгэлийг чинь эмзэглүүлж байгаа бүхнээ бич л дээ.
    Ч: Чи одоо бод доо. Түүхийн музей гэж байна. Чи орж үзсэн үү? Бид бол судлаач байхгүй юу. Яагаад гэвэл хужаа нарт олсон бүхнээ шахахын тулд музей үзэж, ойролцоо хэлбэр дүрстэй зүйлийн нэрийг нь зээлддэг. Гэтэл одоо үзмэрүүдийн хамгийн үнэтэй гэх ховор нандин зүйлс бүгд алдагдсан. Энэ музейн хүмүүс энд тэнд өөр улсад үзэсгэлэнгээ гаргаад буцаагаад авчирахдаа нандин юмсыг бүгдийг сольдог. Хуулбарыг энгийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс ч ялгахгүй. Усан онгоц живж байна. Хүмүүс усан онгоцноос өөртөө хэрэгтэй гэснээ өөрийн жижиг аврах завиндаа ачаад явж байгаатай Монгол улс яг адилхан байна.
    Сур: Жишээ нь?
    Ч: За би жаахан юм оллоо. Дараа нь дунд гарын ченжүүд надаас авна. Үнээ нэмнээ дээ. Тэгээд том гарын ченжэд өгнө. Тэд нар “дамжуурга”-д өгнө. /Дамжуургад тагнуул, цагдаа, гаалийн ажилчид орно/ Хилийн цаана гаргаад хужаа нарт зарна. Тэр хужаа нар нь Хятадын түүхийн музейн ажилчдад зардаг. Тэд тэр бүгдээс өөрийнхөө хувийг аваад явна. За тэр мөнгө нь яахав. Хамгийн гол нь Монголын түүхийн эд өлгийн зүйл, алт эрдэнэсийг хужаа нар өөрийнхөө улсад хэвлэсэн хэдэн цаасаар худалдаж байна. Чихрийн цаас шиг эрээн мөнгөөр. Үнэндээ мөнгө бол цаас, алт бол алт шүү дээ.
    Сур: Тэгээд хужаа нар судлаад хэдэн жилийн дараа Монголын гэсэн бүхнийг манай улсаас гарал үүсэлтэй, бид тийм газраас зарлах нэг арга нь бололтой. Тийм үү?
    Ч: Тэгнэ. Тэрнээс гадна Монгол гэдэг Хятадын нэг салшгүй хэсэг хэмээн түүхийн баримт нотолгоогоор баталж чадна. Энэ л хамгийн аймшигтай асуудал даа. Манайд түүх соёл, археологи, палентеологийн судалгааг улсаас ер нь анхаардаггүй. Тун харамсмаар ховор, нандин, дахин давтагдашгүй сонин юмсыг хятад хүмүүст худалдчихаад дараа нь уйлдаг хүмүүс ч бий.
    Сур: Жишээ нь?
    Ч: Манай хоёр найз нэг хатны булшнаас шүрэн хөнжил олчихоод тэрийгээ хужаа нарт зарсан. Дараа нь тэр тухайгаа надаа согтуу байхдаа ярьж уйлсан. Яагаад гэвэл тэр хатны булш нь үнэхээр их сэтгэл гаргаж оршуулсан байсан гэнэ лээ.
    Сур: Шүрэн хөнжил хэдэн төгрөгөөр зарагдах уу?
    Ч: Замбараагүй үнэтэй биз дээ. Нэг ширхэг жинхэнэ шүр ямар үнэтэй байдаг билээ дээ. Тэгээд хөнжил гээд бод л доо. Гадаадад музей энэ тэрээр орж үзсэн. Тэд түүхийн холбоотой зүйлсээ гайхамшигтай хамгаалж байна. Нарны гэрэл шууд тусахааргүй байрлуулсан байгаа нь хүртэл үнэхээр айхтар. Тэрийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Нээрээ энэ алтны уурхайнууд эртний булш, арслан зааны яс болон бусад эд өлгийн зүйлийг ёстой будаа болгодог шүү дээ.
    Сур: Гадагш гаргаж зарах уу?
    Ч: Үгүй, зүгээр л будаа болгож, юу ч биш болгон орхидог. Мөн энэ доншууч хужаа нар Дэлүүн болдогийн ойр орчмоор бол ухаж, төнхөөд дуусгаж байгаа. 1000 хол давсан хужаа нар ойн гүн рүү орж байхыг харж байсан. Тэд өвөл зун гэхгүй ажилладаг, маш сайн багаж хэрэгсэлтэй, метал илрүүлэгчтэй, бүрэн хувцас хунар, хоол хүнстэй мэргэжлийн гэмээр хүмүүс байсан. Гэтэл манай монголчууд “Арай л болохгүй, өвгө дээдсийн маань ариун газар” гээд ойртохгүй шүү дээ. Бурхан халдунаас хужаа нар 200-д хайрцаг олдвор машинд ачиж байхыг би нүдээрээ харсан. Хамгийн сонирхолтой нь тэднийг монголын цагдаа хамгаалж байсан. Бид нутгийн залуустай нэгдэж, тэдний олсон эд юмсыг булаая гэж бодсон юм. Гэтэл тэдэнтэй хамт явсан нэг монгол залуу “Энэ хужаа нар маш олон бурхан, ном судар, янз бүрийн аяга сав олсон. Тэгээд гурав хоногийн дотор энэ хайрцагтай юмнуудыг савлаад буцаж байна” гэж ярихыг сонсож байсан.
    Сур: Тэгээд юу болсон?
    Ч: Бид тэднийг Чингис хааны онгоныг олоод ухсан юм болов уу гэж хардаж байсан. Сүүлд сонсоход 20-30 ухсан хонгил, цооног 50 гаруй ширхэг байна гэсэн. Нээрээ Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цианит натри болон бусад хортой бодисоор хордсон байгаа. Надтай хамт явж байсан өвөр монгол залуу нэг удаа уугаад сууж байхдаа уйлж байгаад ярьсан нэг зүйл бий. Тэр залуу бүтэн 12 жилийн турш Монгол Улсыг оролдож байж нэг ирсэн юм билээ. Ирэнгүүтээ Чингис хааны хөшөөнд сунаж мөргөөд л байсан. Дараа нь бид хөдөө явах үед тэр маш их гутарсан гэнэ. Учир нь Эрээнээс дутахгүй олон хужаа нар байна. Би хужаа нарыг явдлаар нь л танина гээд халаглаж байсан. Гэтэл миний нүдээр бүгд л монгол хүн харагдаж байв. Тэгээр бас Энхболд, Баярцогт нарыг 100 хувь хятад гэдгийг баталсан. Өвөрлөгчид ар Монголын төрд байг эрлийзүүдийг маш сайн мэддэг юм билээ.
    Сур: Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгөөр юу зарж байсан бэ?
    Ч: Сүхбаатар аймгийн Бат-Өлзийтөөс алтан эдлэл, бурхан, ном судар, ээмэг зүүлт олсоноо 250 сая төгрөг хүргэж зарсан. Одоо ахиж тэр ажлыг хийхгүй. Бид баригдвал дуусаа шүү дээ.
    Сур: Одоо та юу хийе гэж бодож байна?
    Ч: Би одоо юу ч хийхгүй ээ. Одоо зүгээр л нэг гэрээ бариад зүлгэн дээр амьдрана даа. Гэхдээ монголдоо биш ээ. Монголдоо дахин очихгүй. Надад хагас сая доллар байна. Одоо болно. Энийгээ гамтай идээд энэ насаа дуусгана.
    Сур: Гэр бүлийнхэн нь хамт байгаа юу?
    Ч: Би гэр бүлгүй ээ. Миний эхнэр, хүүхэд олон жилийн өмнө нас барсан. Намайг энэ ажлаа эхэлсэнээс хойш удалгүй автын ослоор өөд болсон. Тэр хоёрыгоо жаргааж чадаагүйдээ их харамсдаг. Гэхдээ сүүлд нэг бүсгүйтэй танилцсан.
    Сур: Та тэгээд Монголдоо ирэхгүй юм уу?
    Ч: Эргэж очихгүй. Намайг мэдэх нэг нь мэднэ.
    Сур: Таны олсон эд өлгийн зүйлс, олдворын зураг нь байгаа юу?
    Ч: Бид баримт үлдээдэггүй зуршилтай. Уучлаарай, өөрийгөө шоронд хийлгэх баримт цуглуулна гэж үү? 35 см алтан бурхан багш өмнө чинь байна гээд зүгээр л нүдэндээ төсөөл дөө. Эр шүрэн хөнжил бол наад зах нь. Тэр алтан бурхан 22 ширхэг. Ямар гоё юм байсан гээч.
    Сур: Зарахад хайран санагдсан зүйл нь юу байсан бэ?
    Ч: Сүнс хорогдмоор байсан нь энэ хэд, судар ном. Мөн Хэнтийд хятадууд 200 хайрцагтай юм ачиж байхыг хараад “бид үнэхээр жижиг гар юм даа” л гэж бодсон. Бидэнтэй гар нийлдэг Тагнуулын нилээн хариуцлагатай алба хашдаг нэг хүн байсан юм. /одоо нас барсан/ Тэр надад хэлж байсан юм. “Монгол Улсын нууц гэж байдаг даа. Тэр нууцаа гадаад улсаас биш монголынхоо иргэдээс л нууж хаадаг. Мөн тагнуулын ажилчид улсын архив, тагнуулын архивын хамаг мэдээллийг урагшаа зөөдөг” гэж билээ. Тагнуулчдын ачаа бараа болон дипломат ачааг хил дээр шалгахгүй нэвтрүүлдэг. Энэ маш харамсалтай асуудал.
    Сур: Та энэ ажлаа хэзээнээс больсон юм?
    Ч: Би хар амиа бодож Монгол Улс үндэстнийхээ олон зүйлийг бусдад зарсан нүгэлээ даахгүй харьд амьдрахаар шийдсэн. Надад миний аавын хэлсэн үгс энэ ажлыг орхих гол хөшүүрэг болсон юм.
    Сур: Ямар үг?
    Ч: “Миний сайхан хүү энэ ажлаа боль. Наад түүхийг чинь бүтээх гэж, хамгаалах гэж олон Монгол баатар эрс амиа алдсан. Наад алт эрднэсийг чинь хэвлийдээ хадгалах гэж байгаль эх хэдэн зуун жилээр өнгө төрхөө өөрчилсөн юм. Байгаль эхийнхээ гэдсийг яраад сийчиж байгаа хүн бүр сайн зүйлтэй учрахгүй ээ” гэж хэлээд нас барсан юм. Энэ үг түүний надад хэлсэн сүүлчийн үг байсан. Алт угаах, бурхан тонох талаар над шиг мэргэшсэн хүн бараг байхгүй. Би одоо монголд хаана юу байгаа, яаж ухахыг бүгдийг мэднэ. Би хэрэв Монголд дахиад нэг сая доллар хийе гэвэл хоёр сарын л ажил болyk. Гэвч би аавдаа амласан.
    FB post