Author: admin_shaman

  • 3. ХАМТДАА ӨНГӨРӨӨСӨН СҮҮЛЧИЙН ТАХИЛГА

    Арван хэдэн хоногийн дараа Хөвсгөлийн нэгдсэн тахилга болно. Тодорхой хүмүүсийн үйл ажиллагаа ажлын эрчимийг нэмж, бүтээж байдаг. Олон жилийн туршлагаас харж байхад ихэнх нь амиа бодон чимээгүй алга болно. Тэдэнд эвлэлийн төлөө санаа зовох зүйл байдаггүй. Нэг хэсэг нь өөрт байгаа боломжит зүйлээ амалчихаад чимээгүй болно. Түүнийгээ ажил хийчихлээ гэж бодно.
    Харин жинхэнэ ажилд хувь нэмрээ оруулагч нар бол биеэрээ оролцогчид, санхүүгийн хандив өргөгч нар хамаарна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаа гишүүдийн хандиваар Хөвсгөлийн арга хэмжээг зохион байгууллаа. Эдгээр идэвхитэй хэсгийн дотор Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, гэргий Лхагва-Эрдэнэ нар багтаж байлаа.
    Тэд бүхнээс түрүүлж Мөрөнд ирсэн. Зайрантаны бие нь таагүй байсан тул эмч охиноо амралтыг нь авахуулаад цуг ирсэн байлаа. Байнга унаад байгаа гэсэн мэдээлэл сэтгэл эмзэглүүлж байлаа. Миний санаа зовж байсан зүйл бол хүмүүсийн эрүүл мэндийн байдал байдаг. Ажил удирдаж байгаа хүн ийм зүйлтэй байнга тааралддаг. Хэд, хэдэн хүний эрүүл мэндэд таагүй өөрчлөлттэй байлаа.
    Цаст хайрханы тахилгад дээр нэгэн ахмад улаачийг эмнэлгийн үзлэгээр оруулж буцааж билээ. Тахилгад оролцох гэсэн чин эрмэлзэл, зүтгэлийг тас цохин буцаахад миний зүрх хүчтэй шархлан өвдөж байж билээ. Одоо бас тийм байдал үүссэн байлаа. Ажил удирдаж байгаа хүнд шинэ, шинэ бэрхшээл тулгарч, түүнийг шийдвэрлэж явдаг.
    Зайрангийн Хөвсгөлийн нэгдсэн тахилгадаа бөөлөх гэсэн хүслийг би яагаад ч өөрчилж дийлэхгүй байсан. Тиймээс бөөлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Тэр шийдвэр зөв байжээ.
    Аймгийн төвөөс нэг их холгүйхэн орших Эрдэнэхайрханы тахилга дээр бид хуран цугларлаа. Ажил хариуцсан хүмүүс өөр, өөрсдийн хариуцсан ажлаа амжуулна. Ажил хариуцсан хүмүүсийн зүтгэл, дусал, дусал хөлсний ачаар ажил аажим аажмаар урагшилна. Тахилгад ирсэн зочидоо хүлээн авч хоол идсэний дараа багахан хугацаанд цэнгүүн зохион байгуулсан юм. Тэрхүү цэнгүүн дээр Зайран маань ёстой залуу хүн шиг бүжиглэж билээ.
    Бөөгийн ажилд санаачилга гаргасан хүнд ачааны хүнд тусаад байдаг. Хувийн ажлаа амжуулсаар тулсан цаг хугацаанд томилсон ажлын хэсэг эрчимтэй ажиллах болдог. Энэ удаагийн ажлын хэсэг жигд ажлаагүй, цөөхөн хэдэн хүн ачааллын хүндийг үүрч өнгөрүүлэв.
    Хайрханы тахилгын дараа Лусын тахилга дээр түүний гэргий, Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ бөөлөхөөр газраа сонгон өргөлөө бэлтгэж харагдана. Түүний охин нь тусалж байлаа. Манайхан “назгайрч” майхан, байрлалдаа хөдөлж ядна.
    Олон удаа бөөгийн зан үйлийн дараа ганцаардах тохиолдол их байдаг. Энэ нь надаа их тохиолддог зүйл. Оролцогчид өөр, өөрсдийн зүйлээ ачаад хөдөлчихдөг. Миний хувьд хамгийн их ачаатай явдаг. Түүндээ түүртээд ганцаар хоцрох нь байдаг. Харин сүүлийн үед залуучуудаас туслах нь нэмэгдсэн. Үйл ажиллагааны дараа цуглуулсан эд зүйлээс цөөнгүй зүйл алдагддаг. Түүнийгээ эргээд сэлбэнэ гэдэг надад том ажил байдаг.
    Тахилгын тухай хожуу бичих болохоор ингээд товчлоё. Эрдэнэхайрханы тахилганаас Хатгалын зүг хөдөллөө. Нэгдсэн их тахилгад оролцогчид байрлалаа эзэлж, лагерьлах журамтай буудаллаж байлаа.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын өглөө толгойлж бөөлөх улаачид байрлалаа эзлэн тахилгаа эхэллээ. Хөвсгөл нуурын Лусын тахилгын эхэнд Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар толгойлон бөөлж эхэлсэн. Олон хоног орсон бороо завсарлаж, тэнгэр холимог үүлтэй, намуун салхитай байсан. Ийнхүү Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар толгойлон бөөлөх үүргээ биелүүлсэн. Энэхүү бөөлөлт нь түүний сүүлчийн бөөлөө байсан билээ.
    Өөрийн ухамсарт амьдралаа монгол бөөдөө бүрэн зориулсан түүний амьдрал тэмцэл залуу хойч үедээ үлгэрлэл болж үлдэнэ.
    Шөнө дунд үүрээр утас минь дуугарав. Охин нь залгасан байлаа. Зайрангийн бие муудсан тухай мэдээ байлаа. Миний нойр хулжив. Сэтгэл хачин болчихно.
    Тэртээ он жилүүдийн дурсамжууд толгойд эргэлдэнэ. Монгол бөөгийн их зайран Нямдаваа гуай хавдарын хүнд өвчинд тарчилж байхдаа үүрээр надруу залгаж билээ. Морфиноор тарьж байгаа ч удаан үйлчлэхгүй байна гэж үгээ зөөн хэлж байсан. Тэр өнгөрөхөөс хэдхэн минутын өмнө надтай ярьсан хэрэг л дээ.
    Монгол бөөгийн дархан удган Энхжаргал гуай сүүлчийн өмнөх өдрөө миний өрөөнд цуг өнгөрөөж байсан. Та яасан их ачаалалтай ажилладаг юм бэ. Би анзаардаггүй байжээ. Хамт хоол зооглоё гэж билээ. Надад бие нь муудсан тухай онгодын мэдээлэлийг орой өгч билээ. Тэгээд сурсаар байгаад эмчлэгч эмчтэй нь холбогдож чадсан. Тэр шөнө нойргүй хоносон. Сайн бөө, сайн найзаар нь туслуулах гэж үзсэн, хөдөлсөнгүй. Энгийн иргэний сэтгэлгээгээр сэтгэлээ хий дэмий зовоож байсан. Болдоггүй юм, болдоггүй л байдаг биз ээ.
    Монгол бөөгийн их зайран Ганболд шөнө үүрээр утасдаж билээ. Тэр сүүлчийн удаа над руу ярьсан байдаг. Энэ мэтчилэн бөөгийн удирдаж яваа хүнд олон хүнд мөчүүд тулгарч байдаг.
    Хүүжий зайрандаа их зайрангийн цолыг зүүх гэж их яарсан, нутагт нь очсон, дараахан нь онгодын зүг одсон. Мишигдорж зайрантай нутагт нь амьд ахуй нь сүүлчийн уулзалт хийсэн, тэр амлалтаа биелүүлж Цагаан нуурын хөтөл дээр нэгдсэн тахилгыг дэмжээд өргөл өргөж суусан. Одоо тэр газраар явахад тэр дүр харагддаг.
    Их хувь заяаг нуруундаа тээж явдаг улаач хүний зүтгэл тэмцэл агуу билээ. Тэгээд дүүлэн тэмүүлэх их хүслээр жигүүрлэн бусдын, эх дэлхийнхээ төлөө тэмцэж явдаг зовлон, жаргал дүүрэн тэдний амьдрал дурсамжаар дүүрэн билээ.
    Үүрийн гэгээ орох тэрхэн цаг үед утас дуугарав. Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар тэнгэрийн орондоо заларсан мэдээ байлаа. Удалгүй дахиад утас дуугарав. Түүний ах өнгөрсөн тухай мэдээ байв. Ах дүү хоёр зэрэг тэнгэрийн ороноо зорив. Юм бүхэн учиртай. Алдарт удган хоёр хүүгээ зэрэг авах учиртай байсан юм болов уу.
    Хотод ирээд ажлаараа оров. Ширээн дээр нямбайлан эвхэж тавьсан дөрвөлжин тооны дэвтрийн цаасанд бичсэн бичээс байлаа. Тэрхүү бичигт дархан зайрангийн өөрийн гараар сүүлчийн бичсэн захиас байлаа. Өөрийн гараар бичсэн түүний сүүлчийн бичээс гэхээр бас сэтгэл сонин сэтгэгдэл зурвас хийв.
    Ай хөх мөнх тэнгэр минь өршөө.
    Д.Жаргалсайхан

    djmedia:590
  • МОНГОЛ ДАХЬ КАТОЛИК ШАШНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МӨРГӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

    Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Мэндбаяр нар урилгаар оролцлоо.
    Католик нь Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин юм. ХТ 2-р зуунаас Ромын Католик гэсэн тодотгол хэрэглэх болсон.Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй.
    Католик гэсэн үгийн утга нь “дэлхий ертөнц” “даяар” гэсэн утгатай. Католик шашин нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино.
    Католик шашинтнууд ХТ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Тэнгэрбурханы газар дээрх төлөөлөгч хэмээн үздэг. Католик шашин Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.
    Католик шашны хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наманчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Тэнгэрбурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг. Харин протестант христ итгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр л ирдэг хэмээн үздэг ажуу.

    djmedia:589

     

  • ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЦЭРГИЙН ТӨРИЙН АЖИЛТАН БЭЛТГЭЖ ЭХЭЛСЭНИЙ 50 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ. ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН АЖИЛТНУУД ТҮҮХИЙН ОРГИЛ ҮЕЭЭ ДАРУУХАН ТЭМДЭГЛЭВ

    Зөвхөн Монгол Улсын иргэний төрийн байгууллагад гүйцэтгэж байсан албан тушаалаас цөөхөнийг дурдья. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх нар, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан улс төрийн ажилтнууд, Монгол Улсын сайдууд, Онц бөгөөд элчин сайдууд, Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөхөөр Ц.Тогоо, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, Тагнуулын ЕГ, МХЕГ, зэрэг агентлагуудын дарга нар цэргийн улс төрийн ажилтнуудаас томилогдон ажиллаж байжээ.
    Энэ үе бол цэргийн улс төрийн ажилтнуудын төрд олноор зүтгэж байсан, дахин давтагдашгүй онцгой цаг үе юм.
    Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, бүрэлдэхүүн “Захирагч, багш, сонсогч” сэдэвт дурсамж уулзалтад оролцогсод буюу улс төрийн курсийн үе үеийн дарга, багш, сонсогч нарыг хүндэтгэн Монгол Улсын Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийг хүндэтгэн залав.
    Цэргийн хөгжмийн цоглог аялгуу, торгон цэргийн жавхаалаг жагсаал, энхжин мандаж, мөнхжин оршихын билэгдэл Цагаан тугийн сүрлэг намираа олон хүний сэтгэлд офицер явсан гэгээн дурсамжийг сэргээсэн нь тодорхой.
    Уулзалтад оролцсон бүрэлдэхүүн Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийн хараа их хийморь дор дурсгалын зураг авхуулж, Хүндэт харуулын ротын зэвсэглэлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
    Мөн Хүндэт харуулын ротод зочилж, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Алдрын танхимыг үзэж, 2022 оны намрын ээлжит цэрэг татлагаар ирсэн дайчидтай уулзаж багахан яриа өрнүүлэв. “Казармагийн үнэр сэтгэлд дотно байна шүү” гэсэн үг чихний үзүүрт сонсогдож байлаа.
    Энэ нэр хүндтэй ангид Улс төрийн ажилтнуудаас ангийн намын даргаар хурандаа Д.Жаргалсайхан, хүндэт харуулын даргаар хурандаа Г.Булган, Б.Мандахгэрэл, улс төрийн орлогчоор Б.Энхбат, салааны даргаар Д.Есүхэйбаатар нар ажиллаж байжээ.
    Хүндэт харуулын ротын улс төрийн орлогчоор ажиллаж байсан, өдгөө цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Батхуяг тус танхимийг агуулга, өнгө үзэмжтэй тохижуулжээ.
    Дараа нь хөтөлбөрийн дагуу “Дурсамж уулзалт”-д оролцогсод ангийн гал тогоонд уригдаж цэрэг нормын хоол унд зооглов. Энэ ажлыг зохион байгуулсан “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн Б.Жуваа амт чанартай хоолоор сэтгэлээ шингээн үйлчилсэн хамт олонд талархал илэрхийлэв.

    djmedia:588
  • ЯДУУ СЭТГЭЛГЭЭ

     

    ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг

    Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

    ДАДАЛ 2: Цаг алддаг

    Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг.

    Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

    ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй

    Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

    ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг

    Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ… Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

    ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй

    Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

    ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг

    Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

    ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог

    Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

    ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог

    Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

    ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг

    Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог.

    “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

    ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг

    Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

    ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг

    Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

    ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг

    Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна.

    Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

    ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг

    Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг.

    Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

    Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!
    Via: G.Jamts Mongolia

    1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь “Чи муу байна”, “чи ч өөдгүй хүүхэд юм даа” гэж хэзээ хэлдэггүй, харин “Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ”, Тун ч тусгүй хэрэг болжээ” гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа.
    Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно.
    Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.
    2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч “Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа.
    Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү.
    Миний хүү яг л аав юм даа” гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин “Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ” гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.
    Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг.
    Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ.
    Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.

  • ОДОО БИД ХҮН¬НҮ БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ДЭЭ¬ДЭС ЯАХ АРГАГҮЙ МӨН ГЭСЭН НОТОЛГООГ ДЭЛХИЙ ДАХИНД ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙГАА ЮМ

    -Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд¬лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн¬нү бол монголчуудын өвөг дээ¬дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.
    -Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?
    -Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.
    Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур¬валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.
    -Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?
    -Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.
    Жишээ нь, Өвөрмонголын суд¬лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож¬мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео¬логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг¬тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон¬голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.
    -Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл-хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?
    -Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд¬гийг л ойлгуулах ёстой. Суд¬лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.
    -Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?
    – Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү¬хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.
    -Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?
    -Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.
    Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү¬хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ¬гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.
    -Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?
    -Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн т
    өгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.
    -Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?
    -Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн¬дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт¬гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай¬гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа¬чид монголчуудтай хамтран Хүннү¬гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон¬гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис¬тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.
    -Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?
    -Тэр чинь Герман, Орос, Мон¬голын хамтарсан археологийн судал¬гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд¬лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал¬гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.
    -Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?
    -Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.
    -”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо¬ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?
    -Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.
    -Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?
    -Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.

  • САНДАГ ЗАЙРАН1

    Энэ хүн Завхан аймгийн Сартуул нутаг Завханмандал сумын “Мандалын Овоот” хавиар нутагладаг нэгэн байжээ. Тэрбээр хонь цовхрог /хонь, малын өвчин/-оор үхэх зэрэгт тулгатай галын цогийг авч хонийг нь шидэн хөөж гай, бузар, дэвийг арилгадаг, эдгээдэг шидтэй нэгэн байв. Сандаг бөө Сартуулын цагаан овоог тахиж онгод тэнгэрээ дууддаг байв. Түүнчлэн аянга цахих зэрэгт галаар хариулдаг гэх мэт олон чадлыг үзүүлсэн төгс эрдэмт зайран байсан бөгөөд Сартуулын Хашихын овгийн хүн юм.

     

  • 2. Төрсөн нутагдаа очлоо.

    Тоом багаас өгссөөр 50 орчим км яваад Өлийн даваан дээр гарлаа. Хөвсгөл аймгийн Улаан уул сум руу явах замд Хорьдол сардагийн нурууны өмнөд хэсгээр буюу Өлийн Халзан даваан дээр Дархад ястны тахин шүтэн дээдэлдэг 13 овоо бий. Энэхүү 13 овоо нь уул ус, лус савдагтайгаа эртнээс харилцан шүтэж ирсэн бөөгийн ёс заншилтай холбоотой бий болсон гэж үздэг. Арван зүг, гурван цагийг шүтэн өргөл өргөн, амьдралаа даатган ирсэн Дархадууд энэ тооны нийлбэр болох арван гурвыг дээдлэн шүтдэг учир хамгийн их байгалийн энерги бүхий газраа энэхүү 13-н овоог бүтээсэн түүхтэй. 13 овоо нь цаатан урц маягын хэлбэр бүтэцтэй ба зэрэгцээ босгосон чулуун хөшөө зэргээс Дархад түмний аж амьдрал, ёс заншил, соёлын нэгээхэн хэсгийг олж харж болохоор ажээ.
    Даваанаас цааш 25 км яваад Улаан уул суманд очлоо. Бидний хувьд цаашаа олон газраар явах төлөвлөгөөтэй байсан тул сумын төвд нэг, хойшоо тахилгад 2 өдөр зарцуулаад цаашаа холын замд хөдлөх байсан. Тэгээд өөрийн байгууллагын гишүүдээр орж уулзаж хийх ажлаа ярилцаж тохирсон юм. Гэвч Дархан зайран нилээд хэдэн өдрийн дараа тахилгаа хийхээр бэлдсэн байсан тул бидний цаашдын аялал энд хүрээд зогссон. Болд зайрангийнд зочилж, Маам удгантай уулзлаа.
    Сумын багууд хөдөлмөр дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа тавьж байлаа. Завшаантай л тохиолдол гэж бэлэгшээв. Сум орон нутаг боломжоо ашиглан брэнд бүтээгдэхүүнээ тодорхойлох гэж зүтгэж байна. Зайран, манай багийнхан нутгийн музейг үзэж сонирхлоо. Гараад бид Дархадын цагаан адуунд зориулж сумын төвд босгосон хөшөөнд очиж дурсгалын зураг авахуулж, хуучлан ярилцаж билээ.
    Тэндээс шууд сумын зүүн талд ойн төгөлд сумын бүх ахмадууд цугларсан тул бид очиж уулзсан билээ. Бас л сонин тохиолдол байлаа. Бид аян замын зорилгоо ярьж, хамгийн өндөр настай буурал, сумандаа 40 жил эх барьсан эмчид дурсгалын зүйл, МБНЭ-ийн шагнал мөнх тэнгэрийн төлөө хүрэл шонхор медаль гардуулсан юм.
    Дархан зайранг нутгийнхан Шархүү зайран гэнэ. Сумын начин цолтой сайн ч барилдаж явжээ. Дарга хэмээн намайг дуудсан нь цэрэгт хамт алба хааж байсан андуудтай хамт зургаа даруулахаар зогссон байв. Тэр гурав надаар дурсгалын зургаа даруулж, үлдээд нилээд хуучлан ярилцана билээ.
    Тэндээс бид байгаль хамгаалагчдын санаачлан байгуулсан музейг үзэж сонирхосон. Зайран маань үе, үе залуу насны хурц хөдөлгөөн шогч чанар илэрч шоглож наргина.
    Энэ хэдэн өдөр дархан зайран маань хамаатан садан, нутгийн олонтой уулзаж байлаа. Нутагтаа ирээгүй цөөнгүй жил болсон болохоор хэн, хэнгүй л нэг нэгнээ санасан харагдана.
    Болзсон өдөр болж бид тахилга хийхээр хөдөллөө. Эхлээд ууган охиныд очлоо. Яриа хөөрөөтэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй бүсгүй ажээ. Энд ирээд нэг зүйлийн ойлгосон. Олон жил салангад явсан эцэг, хүн үр хүүхдүүдтэйгээ уулзаж, санаа бодлоо ойлголцож, сэтгэл нь тайвширсан болов уу.
    Өндөрлөг газар хээрийн онгод оршино. Гол хөшөөний оройд соёмбо хийж, суулгахаар авчирсан байв. Түүнийгээ залсаны дараа зайран сэтгэл өндөр байлаа.
    Дархадын алдарт удган Цэгмэд удганы хээрийн онгонд хийх тахилга жин үдэд эхэллээ. Дархан зайран хуяглан босч онгодоо дуудав. Бөөлөлт дундаа орох үед маш их олон шувууд сүрэглэн ирж тойрч нисээд одов. Түүний дараа
    Нутгийн зон олон цугларч, ар талдаа үлдсэн хүмүүс радио станцаар бөөлөлтийн тамлага, дуудлага, бөөлөлтийг дамжуулж сонсгоно билээ. Түүний араас гэргий, Лхагва-Эрдэнэ удган, шавь нар нь бөөлсөн. Харин хүүхдүүд нь ирж бөөлөөнд оролцох болов уу гэсэн горьдлогоор өнгөрсөн. Тахилганд ирсэн олон дархан зайрандаа мөргөж адис авах харагдав.
    Гол даган буудалсан хэд хэдэн айлаар оров. Энэ газар нутагт бөөгийн зан үйл илт давамгай шүтдэг ажээ. Мунгараг олын дагуу байрлаж майханаа дэлгэж, хоноглохоор буудаллав.
    Зайран шөнийн од түгэх мөчид галын тахилгаа хийв. Энэхүү тахилгадаа хүүгээ ирж оролцох болов уу гэж их харсан. Шавь нарын хамт тахилга болж өнгөрөв.
    Орой болохын алдад зайрангийн том хүү нь хорхог хийж биднийг дайлахаар ирэв. Энэ өдөр тэднийг хаваржаанаас буюу голын дээд хэсгээс нүүдэллэж, төв замын дагуу зусландаа буудалсан ажээ. Их ажлаа амжуулчихаад бидэнд дээр ирсэн бололтой.
    Монголын улаач нар нэгдэж хамтарч ажиллах тухай уриалгыг нутгийн зон олон, улаач нар талархан дэмжиж байлаа. Тэгээд ч олон хүн бидэнтэй уулзаж байв. Тэдний дунд зайрангийн хүүхдүүд байсан.
    Хотод ирсэний дараахан Дархан зайран маань манайханаар цөөнгүй ирсэн. Надад туслах гэж боломжоороо зүтгэж байлаа. Хөвсгөл нуурын их тахилгадаа оролцох гэж сэтгэл санаагаараа зүтгэж байлаа. Байнга утасдана, бэлтгэл ажлын талаар асууна.
    Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч Хүй долоон хутагт нарны тахилга боллоо. Нарны тахилгад Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар, гэргийн хамт бүхнээс түрүүлж идэвхитэй оролцож билээ.

    djmedia:587
  • БНАСАУ-ЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

    1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна.
    БНАСАУ байгулагдсаны ойг тохиолдуулан баярын цуглаан хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улс-БНАСАУ-ын парламентийн бүлгийн дарга Анужин, УИХ-ын гишүүн Цогтбаатар, БНАСАУ-д сууж байсан элчин сайд Ломбо нар байлцлаа.
    Баярын ажилагааг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо баяр хүргэж үг хэлээ.
    Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхтэй.
    Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
    Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
    Энэхүү баярын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.

    БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 73 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баярын арга хэмжээ зохион байгуулав.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ.
    Оролцогчид мэндчилгээндээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн зүтгэлтэн, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж байлаа. Мөн БНАСАУ-ын ард түмэнд эрүүл энх, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

    djmedia:586
  • АЛТАН ОРДЫН ӨЗБЕГ ХААН

    1312 онд Тогтох хаан таалал төгсөв. 1313 онд хаан ширээний төлөө удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Өзбег хаан ширээнд суув. Өзбег хаан ИлХаантай найрамдалын гэрээ байгуулж, өмнөд хилээ аюулгvй болгож аваад улс орныхоо дотоод vймээн самуунд хамаг анхаарлаа төвлөрvvлэв. Оросууд хоорондоо хядалцаж, Серб, Болгар, Византууд бие биенээ дайран довтолж, хvчээ сулруулж байсан “туйлын таатай vе” эхлэв. Өзбег хаан тэднийг ажиглаж байгаад аль хvчирхэгжиж ирснийг нь нөгөө сул доройтой нь нийлж дарчхаад, дахин хооронд нь зодолдуулаад сууж байхад л болчих байв. Гэвч асар аюултай, шинэ өрсөлдөгч өсөн өндийж байлаа. Энэ бол Османы туркууд байсан бөлгөө.

    (тэр vеийн зоосон мөнгө)
    Туркvvд Алтан Орд болон ИлХааны хооронд яс хаяж, Монголын хоёр хөрш улс дахин дайнд татагдан орлоо. Өзбег хаан хуучин холбоотон Египеттэй ИлХаадын эсрэг хамтран дайтья гэсэн санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Өзбег хаан ганцаараа ИлХаадын эсрэг довтлох гэж нэг vзсэн болов хvчирхэг Монгол, Иран дайчдын vлэмж их хvчийг хараад, айх сэтгэл төрж, байлдалгvй буцжээ.
    Алтан Орд хуучин холбоотон Египетээ жигшин vзэж, тэдний усан болон газрын худалдааны замыг боож эхлэв. Цагадайн хаант улстай холбоо тогтоож ИлХааны эсрэг хамт байлдья гэж гуйж vзсэн боловч мөн л татгалзсан хариу авав.

    1325 онд ИлХааны цэргvvд умардын дайсан Алтан Ордын нутагт цөмрөн оров.
    1335 онд Өзбег их цэрэг хураан ИлХааны эсрэг довтолж, хvчээр тvрэн урагшилсаар 1340 онд маш бага хэмжээний газрыг булаан эзлэв. Гэвч гол хvслэн болсон Кавказаа буцааж авч чадсангvй. 1341 онд Өзбег хаан нас барав. Монголчуудын нөлөө vлэмж суларч, татаруудын хvч өсөв. Татарын зарим ноёд Польшид дагаар орж Алтан Ордын эсрэг байлдаж байлаа. Алтан Орд олон улсын тавцанд ганцаардаж, ноёд нь эрх мэдэл булаалдан тэмцэж, иргэд vймж, Монголчуудын ноёрхол ганхаж эхэлсэн байна.

    Өзбег хааны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн гэх Тvрэг угсааны улс бий. Энэ бол анхандаа монгол, турк, иран овогтнуудаас холилдон бvрдсэн Узбекууд болно. Тэр vеийн Узбекууд Бат хааны удмын Өзбегийг “Yндэстний Их Эцэг” гэж vздэг байжээ.

    (Узбек гэр- эсгий туургатны нэгэн жишээ)

    (Узбек охид – Монголчуудаас ялгаа байна уу?)

    (Узбекийн “vндэсний эцэг” Доголон Төмөрийн хөшөө)
    Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.
    Ч.Отгочулуу http://otgochuluu.blogspot.com