Author: admin_shaman

  • ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГЫН НААДАМ

    Урианхай сурын харвааг нутгийн иргэн Балдан, үр хүүхдийн хамт ивээн тэтгэсэн бөгөөд Х.Одгэрэл түрүүлж, сурын спортын мастер Цастхүрэл удаалсан байна. Үндэсний бөхийн барилдааныг Урианхайчуудын өв соёлын нийгэмлэг ивээн тэтгэсэн бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Н.Мөнгөнхүү түрүүлж, сумын начин Н.Амгаа үзүүрлэсэн байна.
    Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан билээ. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.
    МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.

    djmedia:463

     

  • ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА БОЛЛОО

     

    Цугларсан олон хагас сар хэлбэртэй байраа эзэлсэн харагдана. Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар шавь нарынхаа хамт өргөлийн дээжээ байрлуулсан байлаа.
    Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэнгийн тахилгын бөөлөө ихэд өвөрмөц байдаг. Суудалдаа заларч завилаа байдлаар дуулагаа хийж, хэнгэрэгээ нэгэн хэмнэлгээр цохино.
    Энэхүү тахилга дээр Дархадын төлөөлөл Монгол бөөгийн их зайран П.Ганболд хуяглан бөөлсөн билээ. Ихэд өвөрмөц бөөлөө болсон.
    Жилийн дараа биднийг очиход тэр талбайд нилээд том нуур үүссэн байсан. Тэр нуур бол олон түмний санаа нийлсэн хамтын ажиллагааны залбирал, өргөлийн бэлэгдэл болон урианхай, казак олны дунд амнаас ам дамжин яригдах түүх болон үлдсэн билээ.

    djmedia:462
  • МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

     

    2013 оны 5 дугаар сар 25-ны Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгад урианхай олны хамгийн өндөр настан болон нэртэй зүтгэлтэнгүүд домын сум тавилаа.
    Тахилгын эхэнд нутгийн нэртэй туульч Болд туульс хайлан эхлэв. Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв.
    Онгод урианхайн олон түмэн, тахилгад хүрэлцэн ирсэн Дархадын бөө нарт хүндэтгэл хайрлав. Хөвсгөлийн дархад бөө нар тахилгын ёс жаягаа мэддэг тул толгойлон бөөлсөн зайрангынхаа бөөлөлтийг хөгжөөн баясгаж, цэнгүүлэв.
    Их хайрханд Хөх морь сэтэрлэж өргөв. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нар морь сэтэрлэх үйл явцад оролцлоо. Сэтэрлэсэн морио тавихад хол явалгүй зогсоод шээв. Энэ үед цугласан олон морь даган бужигнаад явчихсан нь Морь шээх нь ихэд бэлэгшээлтэй гэж Монголчууд үздэг учраас адис хүртэх гэж бужигнасан хэрэг байлаа.
    Тахилга их хайрханы савдагтаа цунцал өргөснөөр өндөрлөсөн билээ.

    djmedia:461
  • МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. НАРНЫ ТАХИЛГА БОЛОВ.

     

    Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа. Нарны тахилгын үйл ажиллагааны бэлтгэл ажилд Монгол бөөгийн их удган Юра, Агий нар тун идэвхитэй туслаж билээ. Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл хамгаас түрүүлж ирчихсэн тахилгын бэлтгэлд туслаад явж харагдана.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж Нарны тахилгаа эхлэв. Цугларсан олон түмэн, удагн, зайран нар нэгдсэн залбиралаар дэмжив. Энэ үед тэнгэрт үүлний цоорхой үүсж, нарны гэрэл Тахилга болж байгаа хэсэгт тусж, салхи намуухан болж билээ.
    Энэхүү тахилгад монгол нутгын аймаг сумдаас ирсэн төлөөлөл дэмжин оролцож тахилга сайхан боллоо.

    djmedia:460
  • 8. ӨЛГИЙ ХОТ БА УУРХАЙД

    Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг.
    Энэ аймгийн сүүлийн үеийн түүхийг сайн мэднэ. Энд олон удаа, олон сараар ажилласан түүх сонихон билээ.
    Өлгий хотын дундуур урсах ногоон дэнж дээр хоноглоод маргааш нь захаар орж элдвийг сонирхон аялав. Тэндээс Увс аймгийн зүг гарч аялалаа үргэлжлүүлсэн билээ. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Ачит нуур бол Увс аймгийн хилийн дэс билээ. Ачит нуурын эрэг дээр ялаа шумуул нь удаан зогсохын аргагүй байсан.
    Энэ өдрийн аяны зам Хотгорын нүүрсний уурхай хүрээд завсарлав. Бид эрт амарсан нь маргааш өглөө эртлэн босч Бөхмөрөнгийн давааг давж өндөрлөг дээрээс алсын барааг харах зорилготой байсан.
    Увс аймгийн баруун хэсэгт орших Бөхмөрөн сум нь аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн зайтай оршдог бөгөөд Түүхт Улаан хадны энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий гэдгээр алдартай ажээ. Уг сум нь аймагтаа байгалийн баялагаараа тэргүүлдэг агаад, сумын баруун хэсэгт Асгатын мөнгөний орд, зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай, Бамбагарын нүүрсний уурхай байдаг ба өөр бусад ашигт малтмалын орд газрууд ихтэй олон төрлийн ховор амьтан ургамал элбэгтэй үзэсгэлт нутагтай суманд зүй ёсоор багтадаг байна. Энэ л газартай бүгдтэй нь танилцах хувь тохиожээ.
    Монгол,Оросын хил дээр орших тус сум нь Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршдог. Тус суманд Ачит нуур, Үүрэг нуур ,ба Хархираа, Түргэний Уулс сүндэрлэж, Заан хад хэмээх хаанаас нь ч харсан заан шиг хад бас байдаг.

     

    djmedia:459
  • 7. АЛТАЙ ТАВАН БОГДОД

    Алтай таван богдын оргилын наахан орших Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын улсын хамгаалалтын хяналтын цэгэд тулж очно. Ковидын үедтэй зэрэгцэн олон хүн, машин цугларсан харагдана. Иргэдийн ярьж байгаагаар гэрт хоноглоход 500 мян төг, Овоо хүртэл очоод ирэх 6 км замыг туулахад Пургон машины хөлс 100 мян төг гэж чих дэлсэв. Шавартай хөндий, бартаат замыг туулсаар Алтай таван богдын овооны наана орших нуурын дэргэд очиход байгаль тэрхэн агшинд бороо хураа хайрлаж манан үүсч оргилууд харагдахаа болив. Хэдий хугацаанд тэнгэр онгойтол хүлээх болдоо хэмээн дотроо бодож амжаагүй байтал, солонго татаж тэнгэр онгойж, овоо, Алтай таван богд цэлийтэл харагдаж эхэллээ. Овоон дээр хүн маш их байлаа.
    Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
    Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш олон зуун уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
    1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.
    Энд хилийн отрядын дарга нартай, Өлгий хотын танилуудтайгаа учирч хуучлаад өнгөрөв. Үндсэн лагераас 2 км уруудаад майхнаа босгон амарлаа. Тунгалаг сайхан нуурын усыг харан байгалийн сайханыг үзэж, чимээг сонсох сайхан.
    Маргааш өглөө нь бартаа багатай “цагаахан” замаар давхисаар Өлгий хотруу орж ирлээ. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газраар бүхэлд нь явж, олон жил судалгааны ажилаар ажиллаж байсан тул олон газраар аялсангүй товчхон аялал хийлээ.

     

    djmedia:458
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. АЛТАЙ ТАВАН БОГДОД ОЧИХ ЗАМ

    Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Сагсай сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой. Бид энэ удаа хоёр маршрутыг хослон хийсэн билээ. Цагаан голыг өгсөж явахдаа шаврын саадыг хэд хэдэн удаа туулсан. Ихэнх газраас мобиком, юнител, жи-мобайлын сүлжээ барина.

    Зам зуур казах, тува түмний амьдрал ахуйтай танилцана. Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг.
    Эдгээр зургаас хүмүүс тэр үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед Монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.
    Цагаан голын гүүрний хажуухантай хотгорууд дотор үдийн амралтаа хийлээ.
    Шивээт хайрханы хадны зургийн цогцолборт Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн харагдана. Шивээт хайрханы хадны зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар 2011 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
    Алтай Таван богд очих зам дагуу Цэнгэл сумын нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.

     

    djmedia:457
  • 6. КОВИД БА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

    Их давааг давааг даваад уруудмагц тэртээ алсаас монголчуудын дунд тэртээ 1921 онд түүхэн үйл яьдал өрнөсөн алдарт Толбо нуур тодорно. Толбо нуур бол Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.
    Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
    Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөө үзүүлжээ. Нуурын эрэгт зочид буудлууд байгуулагджээ.
    Толбо нуураас 34 км давхийд Өлгий хот орно. Өлгий хотын пост дээр дахин бүртгэв. Өлгий хот руу ороход нэг шинэчлэлт явагдсан нь онцлог байлаа. Тэр бол хаяг нэрээ монголоор бичсэн явдал байсан. Одоо цагт гавьяат цолтон, одон тэмдэг замбараагүй олгогдож байгаатай адил тэдгээр хүмүүсийн алдраар нэрлэгдсэн гудамж, талбай, цэргийн анги замбараагаа алдаж байна. Энэ туйлшралыг монгол даяар цэгцлэх шаардлага гарах байх аа.
    Бид аймгийн төвөөс шатахуунаа цэнэглэж аваад шууд Алтай таван богдыг зорьсон. Гэгээтэйд газраа сонгодог уламжлалаар айтгаас өгссөөр Сагсай сумын өмнөх давааны нөмөрт талд амрах газраа сонгон хоноглолоо.

    djmedia:456
  • “ААВЫГАА ХАРААГҮЙ Ч НЭРИЙГ НЬ СОНСООД ХАРИУЦЛАГА ҮҮРЧИХСЭН”

    Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдардаг тэрээр таван настайдаа уншиж сурснаар дунд сургуулийн хоёрдугаар ангиас дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж “Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан”-гийн байнгын уншигч болжээ. Аавынхаа авьяасыг өвлөж багаасаа зураг зурж, шүлэг бичдэг байсан тэрээр “Би бол чи” нэртэй анхны номоо 2018 онд хэвлүүлсэн юм байна.

    “Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ

    Аавынхаа төрсөн нутагт

    Нийгэм ороо бусгаа, үзэл суртлын хайч гээч зүйл үл үзэгдэх атал юуг ч үл хайрлан тас хяргаж байсан 60, 70-аад оны “шуурга”-нд найрагчийн өөрийнх нь шүлэглэсэнчлэн шунхан улаан залуу насныхаа эрхээр шувуу шиг нисэн өнгөрсөн гал цогтой яруу найрагч бол Ренчиний Чойном байсан билээ. Олон бүсгүйд зориулж шүлэг бичсэн ч тэрээр гурван эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрлан амьдрал холбож, үрийн зулай үнэрлэжээ. Өдгөө түүний үргэлжлэл болж сувд шиг гурван сайхан охин үлдсэний нэг нь манай “Амьдралын тойрог”-ийн зочин Чойномын Мөнхтэмүүлэн юм. Тэрээр төрсөн эцгийн хайрыг үзэх битгий хэл барааг нь ч хараагүй. Сургуульд орохдоо ээжээрээ овоглож, заримдаа хойт эцгийн нэрээр овоглож явсан бөгөөд 1990 оны ардчиллын нөмөрт төрсөн эцгээрээ овогложээ.

    Ч.Мөнхтэмүүлэнгийн ээж бол нэрт найрагчийн зохиол бүтээлд нэрээ үлдээгээд зогсохгүй, отгон охиныг нь төрүүлсэн тэр үеийн хотын сайхан бүсгүйчүүдийн нэг, орос хэлний багш Дашдондогийн Туул агсан юм. 1966 оноос нэрт найрагч эсэргүү шүлэг бичиж, нийгмээ шүүмжилсэн гэх хилс хэргээр шоронд орж, 1970-аад оны дундуур сулагдаад удаагүй байж. Зохиол бүтээл нь хаалттай, нийтэд уншихыг хориглосон тул оюутны уулзалт, үдэшлэгт нууцаар очиж шүлгээ уншина. Ингэж явахдаа МУИС-ын оюутан, өөрөөсөө 14 насаар дүү өндөр цагаан бүсгүйтэй танилцсан нь Д.Туул байжээ. Бүсгүй өөрөө шүлэг найрагт дуртай, урт урт найраглалыг цээжээр уран тод уншихын зэрэгцээ Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын зохиол бүтээлээс ч уншина. Ийнхүү тэд яруу найргийн гэрэлд татагдаж, залуу насны итгэл сэтгэлээр хөглөгдөн ижил дасал болсон гэдэг. Гэвч тэдний дурлал амьдрал болж үргэлжлээгүй. Мөнхийн мөрдлөг, хавчлага шахалт, дарамтад амьдарч явсан Р.Чойномын хувьд амьдрал зохиож, үр хүүхдээ өсгөн налайж суух боломж байгаагүй тул хоёр тийш болжээ. Нэрт найрагч өмнөх эхнэр Н.Нинагаасаа ч мөн ийм л шалтгаанаар холдсон гэдэг. Хоёр бүсгүй хэн, хэнийхээ тавиланг давтсан өрөөсөн заяаны эзэд юм. Охин үрс нь ч эцэг, эхийнхээ хүсээгүй салалтын гунигт тавилан, өнчрөл хагацлын гашууныг амсч өсч торницгоожээ. Мөн тэднийг хоорондоо сайн харилцаатай байсан, Д.Туулыг өвдсөн үед Н.Нина биеийг асууж утсаар ярьдаг байсан хэмээн мэдэх, таних хүмүүс дурсдаг.

    Д.Туул шаардлага өндөртэй, зарчимч бүсгүй байжээ. Тэрээр охиноо бага байхад аавынх нь талаар хэлдэггүй байж. Харин 13-14 хүрч юмны наад цаадыг ялгаж салгаж ойлгохтой болох үед нь “Чиний аав уран бүтээлч хүн байсан. Нэр хугарахаар яс хугар гэж үгтэй. “Эмэгтэй хүн эрдэм боловсролтой байх ёстой. Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ.

    Аавыгаа огт харж байгаагүй, юу хийдэг ямар хүн байсныг ч мэдэхгүй бяцхан охин Мөнхтэмүүлэн гэнэт ийм хариуцлага үүрч, орос сурах бичиг үзэж, зузаан ном тэвэрч суухдаа “Би жирийн хэн нэг хүний хүүхэд байхгүй яав даа” гэж бодох үе ч байжээ.
    Д.Туул бүсгүй айлын 13 хүүхдийн нэг хэдий ч эцэг эхээс дөрвүүл үлдэж, хожим тэднээсээ хагацаж хүний ганц охин болсон. Аав ээж нь Октьябрийн хувсгал эхэлж цаг төр үймэх үеэр Оросоос Монгол руу ирж Сэлэнгэ аймгийн нутагт амьдарч байгаад Улаанбаатарт суурьшсан буриад хүмүүс байсан тул мөн л нийгмийн шахалт хавчилтад амьдарч байж. Дээр нь цаг үедээ адлагдсан яруу найрагч Р.Чойномтой ханилснаар түүний амьдрал мөрдлөг хавчлагад өртөж бүр ч амаргүй замыг туулжээ. Хожим цэргийн хүнтэй гэрлэж нэг охин төрүүлсэн ч ой ч хүрээгүй байхад нь хадмуудын зүгээс “Эсэргүүний эхнэртэй ханиллаа, цол тушаал ахихгүй хэцүү” гэсээр тэд салж, охиноо ч хүнд өргүүлжээ. Гэхдээ тэрээр сайн цагийг үзэж, 1990 оны эхээр Р.Чойномыг цагаатгасан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гардан авч, 1998 онд охин Ч.Мөнхтэмүүлэнгээ 22 настай оюутан байхад нь бурхан болжээ.
    Ч.Мөнхтэмүүлэн хүнд өргөгдсөн дүүгээ хаана явааг мэдэхгүй. Нэг өдөр зүс мэдэх хоёр эмэгтэй ирээд “Дэлгүүр рүү молоко аваад ир” гэж охиныг гүйлгээд ирэх хооронд нь авч яваад хүнд өргүүлчихсэн байж. Хэнд өргүүлснийг нь тэр үед ээж нь ч мэдэж чадаагүй гэдэг. Өдгөө ээжийнх нь талаас түүнд хамаатан садан байхгүй. Харин “Өд” сангийн Д.Ганболд ахтай хааяа утсаар ярьж аавынхаа хэвлэгдсэн номноос авахаас гадна зарим үед бага сага тусламж гуйдаг. Д.Ганболд ах ч тав арав гээд л боломжоороо тусалдаг” гэв. Ч.Хулан \Н.Нинагаас төрсөн охин\, Эрдэмном \Лхагважаваас төрсөн охин\ гэж ээж өөртэй ч эцэг нэгтэй хоёр эгч түүнд бий. Гэвч тэд бие биеэ сургаар мэдэж сүүлд бараа бараагаа харж эгч дүүс гэдгээ мэдэлцсэн байна.

    Ч.Мөнхтэмүүлэн ээжийгээ нас барсны дараа Н.Нина дээр очиж, Хулан эгчтэйгээ уулзжээ. Ээж нь амьд сэрүүндээ түүнийг аавтайгаа адилхан гэж ярьдаг байсан бол бусад хүмүүс Хулан, Мөнхтэмүүлэн хоёрыг хоорондоо усны дусал шиг адилхан гэлцдэг аж. Түүний хувьд нэлээд хожуу “Өд” сангаас аавынх нь ургийн баярыг хийхэд хүүгээ дагуулан очиж Хулан эгчтэйгээ уулзжээ. Харин Эрдэмном эгчтэйгээ бүр сүүлд одоогоос хоёр жилийн өмнө л анх уулзалдаж танилцжээ. Мөн “Өд” сангийн урилгаар аавынх бүтээлээр нэрлэсэн “Оюухай” наадамд очиход сүрэг зээр зам хөндлөн давхиж, хос тогоруу нисч байсан бол буцахад нь бороо орж солонго татаж их найрагчийн нутаг бэлгэ дэмбэрэл дүүрэн угтаж үдсэн гэнэ. Одоо аавынхаа нутаг руу явбал тэрээр гэр бүлээрээ очих бодолтой байдаг гэв.

    “Зурах, сийлбэр хийх дуртай, шүлэг бичдэг охин байв”

    Аавынхаа төрсөн гэрийн буйран дээр том охины хамт. 2014 он.

    “Амьдралын тойрог”-ийн зочин маань Улаанбаатарт төрж, 100 айлын Хүнсний IX дэлгүүрийн арын гэр хороололд тоглож өсчээ. Түүнийг том болоход тэднийх III, IV хороолол руу нүүсэн байна. Багаасаа зураг зурж, шүлэг бичиж, гарт таарсан модыг зорж сийлбэр хийх гэж оролддог байв. Дөрөвдүгээр ангид байхад нь “Пионерийн үнэн” сонинд анхны шүлэг нь хэвлэгдэж байсан бол 10 жилд байхдаа бичсэн шүлгүүд нь 1990- ээд онд “Залуучуудын үнэн” сонинд гарчээ. Харин анхны номоо 2018 онд “Би бол чи” нэртэйгээр хэвлүүлжээ. Номын нэрийг аав нь түүний зүүдэнд ирж хэлж өгсөн гэнэ.
    Тэрээр аравдугаар ангиа төгсөөд “Цагаан шувуут” компанийн Монгол ёс заншлийн хувийн дээд сургуульд орсон ч зах зээлийн үед сургалтын төлбөрийн асуудал хэцүү байсан тул сургуулиасаа гарчээ. Дүрслэх урлагийн “Анима” сургуульд шалгалт өгч тэнцсэн ч мөн л төлбөрийн асуудлаас болоод сурч чадаагүй. Ингээд Солонгос компанид ажилд ороод байтал нэг өдөр Ардын уран зохиолч Д.Бадарч тааралдаж “Зохиолчдын хороон дээр яваад оч” гэснээр тийш очиж Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд шалгалт өгч тэнцсэнээр элсэн оржээ. Удалгүй ээж нь нас барж, дараа жил нь айлын бэр болж том хүүгээ төрүүлж, улмаар хүүгээ эмчлүүлэх, асрах шаардлага гарч сургуулиа орхиж 2006 оноос Дарханд суурьшжээ.

    Ренчиний Чойномын нэрийг өргөж, үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна

    Ч.Мөнхтэмүүлэнгийн нөхрийг Д.Отгонбаатар гэдэг. Тэд дөрвөн хүүхэдтэй өнөр бүл байсан ч өнгөрсөн жил дөнгөж 20 нас хүрээд байсан том хүүгээ алджээ. Дараагийн охин нь ирэх намар арванхоёрдугаар ангид орох бөгөөд зураг сайн зурдаг, ирээдүйд үргэлжилсэн үгээр зохиол бичиж мэдэхээр авьяаслаг нэгэн. Дунд охин нь энэ жил зургадугаар ангид орох бол бага охин нь зургаан настай гэнэ.
    Бид Ч.Мөнхтэмүүлэнд өнгөрсөн өвөл хоёрдугаар сард цахимаар ярилцах хүсэлт илгээсэн ч тэрээр хойшлуулсаар энэ хүрсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаа тавгүй байх болсон. Тэр минь сурлага сайтай, яруу найрагт дуртай , шүлэг бичиж, Beat зохиодог байлаа. Хүүгээ амьд сэрүүн байхад зээл авсан юм, ном гаргах санаатай. Гэтэл түүний дараахан хүү минь өвдөж, эм тариа олох, эмчилгээ хийлгэх гээд аав нь ажлаасаа гарч хот руу очиж сахисан. Сайн эмч нарийн ачаар хүү маань эдгэрч хичээлдээ явж эхэлсэн. Энэ дашрамд хүүг минь үргэлж тусалж дэмжиж байсан Отгонтэнгэр их сургуулийн удирдлага болон багш ангийн найз нарт нь үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. Дараа нь цар тахал хөл хорио гээд орлогогүй боломж муутай болсон. Бас хүү маань гэнэтийн ослоор бурхан болж, хэдэн төгрөгөө юм болгож эргэлдүүлж чадсангүй, зээлээ ч төлж чадсангүй. Хүүгийнхээ буяны ажил дээр ирсэн найз нөхөд, танил тал, сайхан сэтгэлээрээ тусалсан хүмүүсийг хараад “Миний хүү үнэхээр бусдад хүндлэгдсэн мундаг хүн байж” гэж бахархаж омогшихийн зэрэгцээ ийм үнэтэй эрдэнээ алдчихлаа гэж бодон маш их харамсч ашуудсан. Одоо зээл нэхэгдэж, шүүхийн мэдэгдэл ирээд барьцаанд тавьсан байраа алдчих вий гэж сэтгэл зовниод байж байна. Манай нөхөр шилэн кабелийн техникч мэргэжилтэй, Дарханд мэргэжлийн ажил олдохгүй бас нас, хүйс заагаад ажилд авдаггүй. Миний хувьд гар дээрээс ном зарж, солилцож, түрээсээр уншуулж хэдэн төгрөг олж амьдралдаа нэмэрлэж ирсэн. Цар тахлын үед хүмүүс гар дээрээс ном авах, гар дамжуулж унших дургүй болж миний ажил ч зогссон. Зээлийн барьцаанд тавьсан байраа ч алдаж болзошгүй хүндхэн байдалд орсон учраас ярилцлагад урихад чинь хойшлуулсаар энэ хүрлээ. Гэвч байдал сайжирсангүй, сэтгэлийн зовлонтой байна. Би бага байхаас ямар ч сорилтыг давж туулаад л ирсэн. Амьдрал ээдрээтэй хэцүү гэдгийг мэдэхгүй явсаар одоо л хэцүү юм уу гэдгийг олж харах гээд байна. Залуу байхад анзаардаггүй байжээ. Бүхнийг чадах, мэдэх юм шиг тийм л цагаан цайлган, тэнэг зоригтой байж. Гэхдээ одоо би чадна гэж бодогдохоо бас байжээ, нас ч явж байна хэмээн ярьсан юм.

    Цаг үеэсээ түрүүлж төрөөд хориотой хатуу нийгмийн буулган дор нухлагдсан ч бууж өгөөгүй зохиол бүтээлээрээ тэмцэж буцсан Ренчиний Чойномын отгон охин Ч.Мөнхтэмүүлэнгийн амьдралын тойргоор аялахад ийм байна. Аавын охин болж төрснөөр надад боломж олон таарсан ч би алдсан нь их. Тийм аавтай байна гэдэг сайхан. Зарим хүн “Чи азтай юм” гэдэг, зарим нь чи тийм хүний охин юм чинь ийм байх ёстой гээд амьдрал заах гээд аав шигээ авьяастай, алдартай байхыг надаас нэхээд байх нь бий. Би Ренчиний Чойномын охин гэж нэрээр нь овоглосон ч Мөнхтэмүүлэнгээрээ л амьдарч ирсэн. Би ийм байж ирсэн, ийм л байна хэмээн даруухан өгүүлэх тэрээр аавынхаа алдраар овоглож бас үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна. Монгол Улс бурангуй үедээ эцгийг нь хэлмэгдүүлж хохироосон юм чинь хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлж яваа энэ үедээ алдаагаа засаад үр хойчийг нь өргөж тэтгээсэй билээ.

    Ч.Мөнхтэмүүлэн болон түүний тэнгэрт байгаа хүү О.Энх-Амгалан нарын шүлгийг толилуулъя.

    Намайг тэнд байхад
    Намайг оргилд байхад
    Нүд бүхэн намайг ширтэж
    Нүсэр бүхэн надад сөгдөж
    Нүцгэн үнэн хүртэл дээлээ давхарлаж
    Нүгэл бүхнээ надаас нууна
    Намайг нүхэнд унахад
    Уруул бүхэн намайг нулимж
    Хуруу бүхэн намайг чичилж
    Хуучин бүхэн надаас түрүүлж
    Худал хуурмаг надаар тоглоно
    Намайг байхгүй байхад
    Хэн ч намайг санахгүй байж болно
    Хэсэг нэгэн нь алтан өнгөтэй хорон үгийг
    Хэд хэдийг хойгуур минь унагаж байж ч болно
    Намайг байхаа болиход
    Бүгд л гаднаа уйтгар гуниг
    Бүгд л гаднаа уй гашуу
    Бүхний тэр нулимсан дунд
    Бүдэгхэн нэг инээмсэглэл байх вий

    2016 он О.Энх-Амгалан
    Эх орон буюу өвгөдийн захиас
    Алтан түүхийн шарласан хуудаснаас
    Аньсага цавчилгүй намайг ширтэн
    Аяархан санаа алдсан өвгөдийн минь сүнс
    Алтнаас үнэтэй эрдэнэ эх орон минь гэж шивнэнэ
    Амь шигээ хайрлаарай гэж захина
    Алдахгүй хамгаалж чадвал
    Амгалан тайван, нуруу цэх амьдарна
    Алдаж үрэгдүүлвэл бусдын боол болж
    Арчигдан устаж мөхөх болно гэж сануулна
    Атар хээр талын ширхэг чулуунаас эхлээд
    Алтай Хангайн ноён оргил хүртэл
    Рашаан булаг, гол нуурын дусал ус ч
    Асгарсан цус, тасарсан амины үнэтэй шүү гэнэ
    Өвчинд шаналбал эмчлэх эм чинь
    Өвс ургамал, рашаан усанд нь бий
    Өлсч ядарвал идэх хоол чинь
    Өргөн тал, уул хангайд нь бий
    Үлгэрийн мэт эрдэнэс баялаг хөрсөн доор нь бий
    Өнчрөхгүй, сөгдөхгүй явах ухаан нялхсын цусанд бий
    Өнөөдрийн эх орны хувь заяа харин чиний гарт бий
    Эх орон газар нутгаа гэсэн өвгөдийн минь тэмцэл
    Эрин зуунд мартагдахгүй түүх болон мөнхөрсөн юм
    Элгэн чулуун хөшөө болон хээр талд үлдсэн юм
    Эхийн чинь хайр болон чамд шингэсэн юм
    Эцгийн чинь овог болон чамтай үлдсэн юм
    Эргэн тойрноос чинь хүрээлэн түшсэн юм
    Эгц бардам омголон явахад чинь тусалсан юм
    Ийм учраас хойч үе минь чи
    Эрээн мяраан өнгөнд бүү авт
    Элэггүй харийн хүнд өврөө бүү нээ
    Эх орондоо эзэн шиг нь эзэн бай
    Хүүхэддээ өвлүүлэх хамгийн эрхэм өв болго!
    Хүн шиг амьдрах амьдралын нь баталгаа болог!
    Худал хуурмагийн салхи орчлонг бүрхэж
    Хувь заяандаа гутарч суух үедээ
    Хэзээ нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн дээдсээ дурсаж
    Хэний үр сад гэдгээ санан омог бардам бай!
    Хүж дэлхийгээр эрэн тэнүүчлээд явсан ч
    Хүрч ирээд амрах эх оронтой байлга!
    Хүй орчлонгоос хальсан ч гэрэлт сүнс чинь
    Хөх чонын удамт өвгөдтэйгөө нэгдэх ёстой!
    Хөх толбот Монгол болж Эх орондоо төрөх ёстой!
    Хүчирхэг Монголын голомтыг унтраалгүй сахих ёстой!
    Энэ бол чиний оршин тогтнох утга
    Эх орон гэдэг алдашгүй ганц эрдэнэ

    Чойномын Мөнхтэмүүлэн

    Ч.Үл-Олдох
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Газар усны нэрийн уламжлалт ёс

    7р зууны үеийн Орхоны дурсгалд тохиолддог Тугла /Туул гол / Оркун /Орхон гол/ Алтай /Алтайн нуруу/ Сэлэнгэ /Сэлэнгэ мөрөн/ зэрэг нэршлүүд одоо хүртэл өөрчлөгдөөгүй нэрлэгдсээр яваа бөгөөд энэ нь эрт цагийн түүхийн элдэв явдлыг хожмын үеийнхэндээ тодотгож өгөх үнэт баримт юм. Газар усны нэрэнд овог аймгийн газар нутгийн суурьшил хэмжээ, хол ойрын хил заагийг гаргахад чухал баримт илтгэн үзүүлэх нь цөөнгүй ажээ. Энэ тухай академич Ренчин гуайн бичсэн нь “ Хөвсгөл аймагт Дэлгэр мөрөн гэдэг нэртэй мөрөн явсаар байгаад нэг газраас гэнэт Сэлэнгэ болчихдог нь түүхийн үүднээс, эхээр нь монголчууд хэзээний оршин суусаар ирсэн учраас Дэлгэр гэж нэр өгсөн ба эрт цагт хамниган нар суудаг байсан тэр нутагт мөрөн ус даруй хамниганаар Сэлэнгэ буюу монголоор Төмөрт гэсэн нэртэй болсон аж. Зүүн зүгээс монголчууд хамниганы нутагт хүрэлцэн ирэхдээ уугуул хамниган нэрийг нь хэвээр хэрэглэн нэг мөрөн ус, адаг, дунд биедээ хамниган нэртэй, эхээрээ Дэлгэр гэдэг монгол нэртэй болж ирсэн түүхтэй “ гэжээ.
    13р зуунаас өмнө монгол хэлтэн улс аймаг хаагуур нутаглаж байсан тухай асуудал бол одоо үеийн шинжлэх ухаанд төгс шийдэж чадаагүй бэрх асуудлуудын нэг билээ. Энэ мэт асуудлыг асуудлыг боловсруулахад газар усны нэр чухал баримт болдог. 13р зуунаас өмнө Хөх нуур Түвдийн хязгаарт монгол хэлтэн аймаг улс байсан тухай мэдээ түүхэнд мөчид гардаг боловч тэр хавийн газар усны нэрийг судлахад 13р зуунаас өмнө монгол хэлтэй овог аймаг тэнд нутаглаж байсан тухай тодорхой баримт олддог байна. 1280 онд Хубилай хаан Хатан голын эхийг олуулахаар Түшийг томилж явуулсан бөгөөд энэ ажлыг Түшийн дүү Хугачу үргэлжлүүлж дуусгасан билээ. Тэдний мэдээлснээр Хатаны гол Ходун –наураас /одон нуур/ эх авч урсана. Цаашид энэ орчим Хулан гол /улаан гол/ , Йесүн олом-/есөн олом/ , Кара бэлчир /хар бэлчир/ , Нарин кара /нарийн хар/ гэх мэт монгол нэр тохиолддог байна. Ер нь дорнод Түвд, Ганьсү мужид газар усны монгол нэр тохиолдсоор байдаг. Үүнээс үзэхэд дээрхи нутагт монгол хэлтэй аймаг улс оршсоор байжээ.
    Монголын нууц товчооны газар усны нэрийг ажиглахад тэр үеийн монгол хэлзүйн сонин баримт ажиглагддаг. Далан Нэмүргэс, Далан Балжуд, Гурбан Тэлэгсүд, Көлүрэн-ү, Долуган Болдугууд гэх нэрд олон тоогоор харилцан шүтэлцэх ёс нь мэдэгдэж байна. Нууц товчоонд гардаг Көл-Баргужин-Төкүм, Баргужин гол зэрэг нэр нь нэн эртний шинжийг агуулжээ. Учир нь Баргужин гэдэг нэр үгэнд эм хүйсийг үзүүлэх жин дагавар хэрэглэн газар усыг нэрлэж байгаа нь эхийн эрхт ёсны ул мөрийг санагдуулна. Жин , чин, лүн гэх дагавараар тэр үед эм хүйсийг үзүүлж нэлээд өргөн хэрэглэж байсан.
    Шүтлэг мөргөл шашин суртхууны нөлөө газар усны нэрэнд ул мөрөө үлдээсэн байдаг. Монгол бөөгийн мөргөл хүчтэй байсан цагт уул усыг эрхэмлэн тахиж, шүтэн биширдэг байсан бөгөөд уулыг ихэвчлэн хан, голыг хатан гэж нэрлэдэг байна. Алтай хан, Хангай хан, Хэнтий хан, Муни хан, Хэрлүн хатан, Онон хатан гэх мэтээр холбон хэлдэг байжээ. Монгол оронд буддын шашин дэлгэрсэн цагаас хойш богд ,хайрхан хэмээх үгийг уулын нэрэнд их хэрэглэх болсон байна. Ац Богд, Цагаан Богд, Таван Богд, Аж Богд, Баатар хайрхан, Мөнх Хайрхан зэрэг нэр үүнтэй холбоотой байна.
    Монголын газар нутгийн нэр дотор нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц үйл ажиллагаатай шууд холбогдсон нэрийн зүйл маш элбэг. Монгол нутагт Жороо, Хээр адуу, Хонгор , Шарга гэх мэт адууны нэрээр нэршсэн газар олон бий. Мөн түүнчлэн Шийр, Дэл, Сүүл, Шарга морьт, Адуун худаг, Тэмээн уул, Хөгнөхан, Тэмээн хүзүүт, Үхэрт, Морин даваа, Ямаат, Ишгэн шил, Ингэн гол гэх мэт нэршлүүд аймаг сумдад элбэг тохиолддог.
    Түүнчлэн байгалийн баялагаар онцлон нэрлэсэн Тарвагатай, Хужирт Оюу толгой Алтан уул, Шохойт, Цахилдагт, Булган гол Сонгинот , уул усны төрх байдлаар нь нэрлэсэн Дөрвөлжин, Төгрөг нуур, Дөрөө нуур, Холбоо нуур, Дэл хад, Ханан чулуун ам, Хавтгай уул, өнгө зүсээр заасан Улаан нуур Хөх гол, Цагаан гол, Улаан даваа, Шар худаг, Хар өндөр , Ногоон нуур,Буурал хайрхан, мөн тооны нэр оролцон түүний бүтэц бүрэлдхүүнийг илтгэн гаргасан Хос гол, Гурван нуурын рашаан, Найман нуур, Дөрвөт даваа, Таван богд, Есөн булаг, Гучин ус, зэрэг мөн зүг чигийг заасан Баруун бүрэн, Өмнөдэлгэр, Дунд гол, Дээд хөндөл, Адгийн цагаан нуур, эрхэмлэн өргөмжилсөн магтан бахдсан Алдархан, Мандал овоо, Өндөрхан, Баянцогт, Дэлгэрхангай, Эрдэнэмандал гэх мэт монгол орны газрын нэршил агуулга туйлын баян агаад түүнийг бүрэн тооцоход бэрх юм.
    Монголын газар усны нэрийг аймаг ястны нэр, эрдэнийн чулууны зүйлээр газар усны нэрийг бүтээх, мөн өргөмжилсөн дархан нэр хэрэглэх, зарим уул усны нэрийг цээрлэж өөр үгээр орлуулан нэрлэх зэрэг олон янз байдаг билээ.