Author: admin_shaman

  • ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕИЙН ЧИНГИС ХААНЫ ЗУРАГТАЙ ВААР

    Уг ваарыг Хубилай хааны үед бүтээгдсэн гэж үздэг бөгөөд ваарны хүзүүний орчим Их эзэн хааны дүр зургийг мөнхөлсөн гэдгээрээ онцлог юм. Ваар нь далайд живсэн худалдааны хөлөг онгоцноос олж, анх судлаачдын анхааралд өртсөн гэж үздэг. Ваарыг анх олсон хэлбэрээр нь дахин бүтээсэн бөгөөд энэхүү бүтээлээ ийнхүү олонд танилцуулж байгаа ажээ.

    djmedia:455

     

  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Арав. ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

     

    Ажил болсон хойно, сайн муу мэдээтэй. Сумын цагдаагаас мэдээлж байна. Танай бөө нар сумын төв дээр олон айлуудаар орж өндөр үнээр бөөлж байна. Буянт сумын шатахүүн түгээх газар дезел байсангүй. Тиймээс дезел хэрэглэдэг хэдэн машин үлдсэн хэрэг л дээ. Тэдэнд найз нартаа хэлж 100 летр дезел авчруулсан юм. Шатахуун ирэх хооронд үлдсэн хэд зүгээр байсангүй, хүмүүст зан үйл хийж, өндөр үнэтэй засал хийсэн байлаа.
    Улаанбаатар хотод болсон хуралдаануудаар тахилгад зорьж явахдаа үедээ зан үйл хийхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гэвч манайхан тэвчилгүй зөрчжээ. Бөө нар тахилгын үед дэг журам зөрчих нь их байдаг. Дээрх улаач тахилга хийх газар луу хөдлөх гэсэн машин нь ассангүй, түүнийгээ орхиод микроавтобусанд суусан боловч замдаа тэнхлэг нь эвдрэв, тахилгын газар ирсэн ч суусан машин нь цасанд сууж, тахилгын гол ажиллагаа хийгдсэний дараа хоцорч ирсэн. Тэрхүү улаач нэгдсэн тахилганаас буцаж ирээд удалгүй тэнгэрт хальсан. Энэ бол тэнгэрийн хуулийн шийдвэр, сургамж байсан.
    Оройн 22.30-д галын тахилга эхлэв. Бид хоёр цаг гаруй толгойлж бөөлөх хүнээ хүлээсэн юм. Өдөр нь бүх зүйлээ бэлтгэчихсэн байсан. Оройн хүйтэн салхи, цугларсан зон олноо хүндэтгэн, өндөр настай, нутгын уугуул, Урианхайн Удган Б.Чулууныг бөөлүүлж эхлэв. Удалгүй төөрсөн, цасанд суусан машин ирж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга үргэлжилсэн. Түүний дараа бусад бөө нар бөөлж галын тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.
    Олон газрын янз бүрийн ааш зантай бөө нар цугларсан болохоор юм, юм л болдог байв. Үнэн хэрэгтээ бол тэнгэр цаанаасаа бүх үйл ажиллагааг зохицуулдаг, буруутныг гэсгээдэг. Тэгээд яваандаа бүх зүйл цэгцэрч дэг журамдаа ордог юм. Хамтарч ажиллаж чадахгүйг зайлуулж, онгодын айлдвар зөрчигчдийг ямар нэг байдлаар гэсгээж, явцдаа сайхан хамт олон төлөвшин жигдэрч ирсэн түүхтэй.

  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Ес. ИХ ХАЙРХАНЫГ ЗОРИВ.

    Их хайрханд биднийг дөхөж очиход цас бударч угтсан. Удалгүй нар ээж салхи тогтуун болж, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, Тахилга, тайлга хийх газруудаа сонгосон билээ. Биднийг буцах болоход салхи ширүүсч цас бударч үдсэн. Бид цас орж, хүчтэй салхитай байгаа тул үндсэн бүрэлдэхүүнээ спорт зааландаа хоноглох шийдвэр гаргасан билээ.

    Нутгын удирдлага хайрханы өвөр талаас тахилга хийхээр сонгосон байлаа. Бид төөрөг тавьж, энэ газарт хүн амиа хоролж үхсэн үхээрийн хорлолтой байгаа тул татгалзсан. Гэтэл тэд шийдвэрээ цуцалсангүй сонгосон газар луу гэр ачсан машинаа явуулсан байсан. Гэвч газар нь хүлээж авсангүй, машин эвдэрч, тэд сонголтоосоо татгалзаж, хайрханы араас тахилгаа хийхээр болсон билээ.
    2013 оны 5 дугаар сар 24-ны үдэд Үндсэн бүрэлдэхүүн цуваанд орж Буянт сумын төвөөс хөдлөв. Алс холоос нутгыг нь зорин ирсэн олон машины цуваа дэг журамтай хөдөлгөөнөө эхэлсэн. Нутгын удган Чулуун, Алтанзаяа нар түрүүлж явж тодорхой цэгүүдэд цувааны зургийг авч байлаа.
    Их хайрханы зүүн хойд хэсэгт буудлав. Олон гэрүүд яриатал босч, нутгийн олон ч олон зуун хүн оролцсон Урианхай сурын харвааны наадамаа эхэлсэн билээ. Энэ өдөр үүлэн цоорхойгоор нар ээж, салхи тогтсон байлаа.

     

    djmedia:453
  • Найм. “ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ“ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

    “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал ач холбогдолоо өгч зон олон түүхийн олон шинэлэг зүйлсийг соносж мэдсэн.
    Нутгын зон олон баярлан угтаж, сумын монголчууд тэрчигээрээ баярлан хөөрцөглөсөн билээ. Олон хүмүүс монгол уламжлал ёсоор тахилга хийх болсоныг тэмдэглэн баярын үг урсгаж байсан.
    Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.
    Сумын удирдлага төлөөлөгчидөд зориулж спорт заалаа галлаж боломжийнхээ хирээр тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн байв. Манайхан ч явж сурсан болохоор хэр барагийн нөхцөлд зохицоод сурчихсан улс. Хотоос Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган Д.Булган, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Энэ зааландаа зохион байгуулалтын хурлаа хийв.

    djmedia:452
  • Долоо. БУЯНТ СУМАН ДАХЬ ХУРАЛДААН

     

    Монгол нутгийн газар, газраас цугларсан 108 улаач хүрэлцэн ирсэн байлаа. Бидний нэгдсэн их тахилгыг хүлээн авч зохион байгуулсан Нансалмаа удганыг онцлон тэмдэглэж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч түүний гүйцэтгэсэн үүрэг их бий.
    Нэгдсэн их тахилгыг дэмжиж оролцохоор нутгийн 10 хүрэхгүй тооны улаач нар хүрэлцэн иржээ. Буянт сумын зайран …, одоогийн аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ нар идэвхитэй оролоцож байсан.
    Хэдий олон удаа бэрхшээл саад тулгарсанч их тахилгыг зорин ирсэн Гомбобаатар зайран Мөнх тэнгэрийн “Алтан шонхор” медалиар шагнаж билээ. Тэрээр МБНЭ-ийг анхлан байгуулахаас эхлэн Ноён уул, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгыг идэвхитэй зохион байгуулагчийн нэг байлаа. Эдгээр үйл ажиллагаанд тулгуурлан таван ч бөөгийн байгууллагыг байгуулан үйл ажиллагаагаа энэ үеэр сурталчилан тунхаглаж явсан байдаг. Гэвч тийм боломжийг түүнд олгоогүй юм.
    Голомт бөөгийн төвийн удган Булган Монгол бөөгийн их удган цолоо энэхүү хуралдаан дээр хүлээж авсан түүхтэй. Өмнөх хуралдаанд нэгэнт шийдвэр гарч улаач нар томилогдон бэлтгэлээ хангасан байсан тул Булган удганы гал дээр бөөлөх хүсэлтийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай хүлээж аваагүй билээ. Тахилга дээр ирчихээд гэнэт бөөлөх шийдвэр гаргадаг бөө нар олон байсан үе л дээ.
    Баян-Өлгий аймгийн Буянт сумын спорт зааланд болсон хуралдаан бол түүхэн хуралдаан байсан. Энэ бүхэн монгол бөөгийн түүх болон үлдэж байна.

    djmedia:451
  • Зургаа. ДЭЛХИЙ НИЙТЭЭР НҮД ХУЖИРЛАН ҮЗЭХ ГАЛАРЕЙД

    Бугат сумын нутаг дэвсгэрт байгаа Улаан толгой багийн Салхинт дахь чулуун зэвсгийн үеийн хадны зураг, Буга багийн Тошинтын ам, Мешелийн өвөлжөөний орчимд байрлалтай “Күйген Хора”-ны хадны зураг, Хатуу багийн Халзан булгийн хадны зураг, Эрээн харгантын түрэг бичээс бүхий хөшөө чулуу, Баянголын аман дахь хүн чулуунууд зэрэг нь ховор олдворуудтай болно. Мөн Тавалтайн рашааны зүүн талд байрладаг 200 орчим хиргисүүрүүд машин замын хоёр талааар 1 км гаруй үргэлжилдэг юм.
    Хатуу багийн Эрээн харгана гэдэг газар Түрэг бичээстэй хөшөө чулуу нь байгалийн ховор олдвор, түрэгийн үеийн онцгой түүхэн олдвор юм. Хатуу багийн Оргуу гэдэг газар нэг дор байрлалтай хашлагатай 4 чулуун хөшөө, Халзан булаг хэмээх газарт байдаг хадны зураг, Тайван булаг гэдэг газарт хүн чулуу, зэрэгцээ байрлалтай 5 чулуу хөшөө, ойролцоох хиргисүүрүүд байдаг.
    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Арал толгой, Шивээт хайрханы хадны зураг, Улаанхус сумын нутагт орших Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт Дэлхийн өвийн багана, самбар байрлуулсан байдаг.
    НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй” хадны зураг нэн ховор бүтээл юм.

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай Таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгорын голын хөндийд ажиллаж 15 км орчим талбайд тархсан, арван мянга гаруй хадны зургийн галарей бий.
    Цагаан Салаа, Бага Ойгорын хадны зургийн хамгийн эртнийх нь палеолитын үед хамаарах арслан заан, үхрийн толгой зэргийг дүрсэлсэн цөөн тооны зураг байдаг. Харин түүний дараа үед тухайлбал, неолитын үед хамаарах үхэр, адуу, зэргийн зургууд нэлээд байх авч тэдгээрийг неолит болон энеолитын үеийн чухам алинд нь хамаарахыг тогтооход хүндрэлтэйг судлаачид тэмдэгдэж байв.
    Зургийн үндсэн хэсэг болох арваад мянган зохиомж нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах юм. Харин дундад зууны үед хамаарах цөөн тооны зураг бас байна. Ихэнх зургийг цохиж цоолборлох аргаар хийсэн бөгөөд цөөн тооны зургийг хурц үзүүртэй багажаар зуржээ.
    Эдгээр хадны зурагт буга, янгир, аргаль, чоно, ирвэс, баавгай, бодон гахай, үхэр, адуу, тэмээ зэрэг олон амьтдыг мөн морь, үхэр, тэмээ унасан хүн, морин тэрэг, ан гөрөө хийж буй анчид, байлдаж тулалдаж буй дайчин эрс зэрэг олон сэдэв зохиомжтой. Цагаан Салаагийн хаднаас урт хошуугаа унжуулан зогсож буй арслан зааны дүрслэл олсон нь палеолитын үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулсан хэрэг болсон юм.
    Дэлхийн түүхийг харуулсан энэ их бүтээлийг үзэж явахдаа “ямар их азаар бид нар эзэн болж төрөө вэ” бид нар хэмээн дуу алдахад хүрнэ. Эдгээр бүтээлүүд бол дэлхий нийтээр сонирхон үзэх галарей яах аргагүй мөн билээ.

    djmedia:450
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. 5. ТҮҮХТ ХОВД ХОТ

    Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж, Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ. Эртний түүхт сангийн хэрэмний шавар туурь дээр очиж сонирхолоо.
    1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм. 1940 оноос Ховд аймгийн төв болж, 1952 онд Жаргалант хот, 1961 онд Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэж, 1992 онд Жаргалант сум болсон юм. Ховд хот нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засаг нийгмийн хөгжлийн төв болж байна. Хотын төв талбайд байрлах Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд дурсгалын зураг авахуулав. Олон зуун жилийн настай түүхэн моддыг харах ч сайхан.
    Буянт голын хоёр хөвөөгөөр хотын айлууд зусланд гарчээ. Тэдгээр зуслангийн айлуудын дунд майханаа барьж хоноглосон билээ.
    Жаргалант сум Засаг захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25 гаруй хүн ам, 6800 гаруй өрхтэй. Ховд их сургууль, ХААИС-ын салбар, Ховд-Эрдэм дээд сургууль зэрэгт нийт 2500 гаруй оюутан сурч суралцаж байна.
    Энэ л хотоор өнгөрөх бүрдээ Ховд аймгийн МБНЭ-ийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Лувсанлхамо холбогддог. Холын аянд зорих замдаа түүнээс ярилцлага авч кино мэдээлэл хийх санаа байсан ч ковид өвчин тархсан энэ цаг үе бидэнд саад боллоо.
    Хотоос гараад засмал замаар Баян-Өлгийг зорив. Замын хоёр талаар уул, хөндий жирэлзэн өнгөрнө. Мөн ч олон удаа энэ нутгаар аялжээ.

    djmedia:449
  • 4. ЭЭВИЙН ГОВЬ БА ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙ

    Ховдын Дарви суманд орж ирэхэд байдал ихээхэн өөрчлөгдсөн байв. Дэлгүүр нь төрөлжсөн, хот газрын дэлгүүр шиг цэвэрхэн, худалдагч нь соёлтой. Удахгүй төв зам дагасан сумууд хөгжил хурдацтай хэмэх шинжтэйд баярлаж явлаа.
    Ховдын Зэрэг сум зуншлага муутай, одоо л өвс ногоо “өндийж” байгаа шинжтэй. Ихэнх малчид отортоо явж, сумын хөдөлгөөн эрс багасжээ. Нутгийн шүтээн Баатархайрхан уулын ноён оргил Цаст хайрхан алсаас сүрлэг харагдана.
    Бид засмал замаар жигд хурдтай явсаар хүшуу ороон эргэж Манхан суманд ирлээ. Сумын нэрийг нутгийн хойт зүгт орших тахилгат уул болох Манхан уулын нэрээр нэрлэж Манхан сум гэх болжээ. Дөрвөн мянга гаруй хүн амтай ба нийт хүн амын 90 орчим хувийг Захчин ястнууд эзэлдэг.
    Манхан сумын нутагт байрлах дэлхийд алдартай Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд оршдог юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад амьдарч байсан ба цаг уурын байдал одоогийн Африк тивийн адил чийглэг халуун уур амьсгалтай байжээ.
    Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ.
    Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд тухайн үед амьдарч байсан хүмүүс асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авьяастай зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан байна.
    Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэгээр шалгарсан билээ.
    Гурван цэнхэрийн агуйг үзсэний дараа үдийн хоолоо голын эрэгт зооглов. Өмнөх жилийг бодвол өвс ногоо муухан л харагдав. Биднийг байж байхад нэг жижиг тэрэг голыг хөндлөн гарах гэж яваад блокоо хагалж орхив. Тэрхүү машиныг уснаас гаргаж өгөөд Ховд хотын зүг хөдөллөө. Энэ өдөр бид Ховд хотын дунд Ховд голын хөвөөнд эрэг дээр амарлаа.

     

    djmedia:448
  • КОВИД-ЫН ДЭГЛЭМТЭЙ АЛТАЙ ХОТ

    Улсын чанартай 128 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, Говь-Алтай аймагтаа 18 сумаас хүн амын тоогоор 3, мал сүргийн тоогоороо 1-рт ордог томоохон сумдын нэг юм. Баруун алтай нутгийн үүд хаалга их хөгжлийн хоймор тал болсноороо онцлог нутаг билээ. Дэлгэр нутагт зам барилга, цахилгаан дулаан, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн бусад сумдтай харьцуулахад хөгжлийн боломж дүүрэн сум юм.
    Бороо хуртай зун болж байгаа гэж ойлгож явсан, гэтэл зуншлаг алаг цоог байгаа бололтой. Их замын дэргэд байх толгой дээр Хөшөөт цогцолборыг байгуулсан нь аялагчид сонирхон үзэх үзвэр болжээ.
    Алтай хотын наад дэнж дээр шатахуун түгээх станцаас алсын аялалд явагсад шатахүүнаа авах ажээ. Ганцхан энэ цэгт шатахуун өгч байгаа тул дугаарласан машин ихтэй л байлаа. Тэр станцаас хөдлөнгүүт Алтай хотод орох хяналтын цэг байгуулж, зорчигчдыг бүртгэж байлаа. Цэг дээр багагүй дараалал үүссэн боловч бүртгэл нэг их удаахгүй үйлчилж байлаа. Тэндээс хөдлөнгүүт 100 хүрэхгүй метр яваад хүнсний дэлгүүрт орж хангалтаа авах боломжоор хангажээ. Байршил нь тэгж таарсан байлаа.
    Алтай хот урьдынхыг бодвол хөдөлгөөн багатай байсан. Төв талбайд очиж, Монгол Улсын баатар Жанчивын хөшөөнд дурсгалын зураг авахууллаа. Тэндээс шууд аялалын замдаа гарлаа. Энд хяналт шалгалт гээд хүндрэл байсангүй. Аймгаас гарах цэг дээр Говь-Алтай амйгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Цэвэлмээ уулзсан билээ. Ковидын дэглэм бидэнд тухтай уулзах боломж олгосонгүй.
    Уруудсаар алдарт Шаргын говьруу орж явчихав. Шаргын говь нь монгол Алтайн нурууны төв хэсэг рүү түрж орсон Шаргын цагаан нуурыг тойрсон цөлөрхөг газар. Шаргын хотгор нь урд талаараа Алтайн нуруу, баруун хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойгуураа Хасагт хайрханаар хүрээлэгдэнэ. 1993 онд монгол бөхөнг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга, Халиун, Төгрөг сумдын нутгийг хамарсан Шарга байгалийн нөөц газрыг байгуулсан билээ. Шаргын хотгорт хамгийн түгээмэл тархацтай амьтан бол монгол бөхөн бөгөөд хар сүүлт ч элбэг. Дарвийн нуруундаа шилүүс ирвэстэй ба гүйдлээр чоно үнэг тааралдана. Дэрс, заг, сухай их ургасан томоохон баянбүрд бөгөөд энд хар сүүлт, зэгсний гахай элбэгээс гадна усны шувууд олноор ирж зусдаг. аргын говийн чимэг бол монгол бөхөн. Дэлхийн улаан номд данстай монгол нутгийн уугуул амьтан монгол бөхөн Шаргийн говь, Хүйсийн говь, Манханы талаар л цөөхөн тоотой бөгтийн гүйж явна.
    Шаргын говийн эхэнд олон толгодын дунд хүчтэй салхилтаас хамгаалсан хотгорт бид хоноглох газраа сонгон амрахаар боллоо. Энэ өдөр 500 гаруй км зам туулжээ.

    djmedia:447
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. 2. “КОВИД”-той БАЯНХОНГОРТ

    Өлзийт сумын наад өндөрлөгөөс ордог засмал замын огцом эргэлтийг өөрчилсөн нь маш зөв шийдэл байна. Энэ л газраар өнгөрөх бүртээ тэртээх жилийн орос цэргийн “томоохон” үйл явдлыг санаанд буулгадаг. Сумын өмнө талын пост дээр цагдаа нар зогсоож, шууд нэвтрэн өнгөрөх байсан тул машины хаалгыг лацадсан юм. Ийнхүү автомашины хаалган дээрээ ковидын лацтай Баянхонгор хот руу орж явчихав.
    “Ковид”-ын хатуу дэглэм үйлчилж байсан хэдий ч аймгийн удирдлага шуурхай арга хэмжээ уян хатан ажиллах байжээ гэж бодож байлаа. Хотоос гарсан олон зуун автомашин, иргэд Өвөрхангай аймгаар хотоос авсан “нөөц” хэрэглэн өнгөрч, Баянхонгор хотоос “нөөц” сэлбэх шаардлага гарч байсан. Тэндээс Алтай хот хүртэл ямар нэг хэмжээгээр “нөөц” сэлбэх хэрэгтэй байлаа. Баянхонгор хот бол аян замын хувьд заавал шатахуун, хүнс “цэнэглэх” замын дунд байсан. Баянхонгор хот “Баруун бүсийн худалдааны төв”-ийн хүнсний хэсгийг зохих шаардлагыг ханган ажиллуулчихсан бол аль алиндаа хэрэгтэй байлаа. Шуудхан хэлэхэд Баянхонгорчууд ихээхэн орлогоо алдчих шиг санагдсан. Санхүүжилттай байж иргэд нь өөрсдийгөө хамгаалж чадна. Арваад аймгийн нутгаар дамжин өнгөрөхөд Баянхонгор хот хамгийн хатуу дэглэмтэй байж таарсан.
    Байдрагын голын гүүрийн дэргэдэх худалдаа, хоолны газарт машин зогсох нь цөөхөн байлаа. Нүдэн дээр ч нэг сайхан үйлчилгээ үзүүлчихмээр санагдсангүй тул тэнд зогссонгүй. Байдрагын гол гараад Алтайн баруун, өмнөх сумад, Завханы өмнө талын сум руу автомашины хөдөлгөөн салдаг замын уулзварууд байдаг.
    Өдөр их халуун байсан тул Байдрагын цаад өгсүүрт салхи сэвэлзсэн газрыг сонгож, өдрийн амралтаа хийлээ. Энэ л өндөрлөг дээрээс галт уулын тогоо, Бөндөгөр сумын орчин алган дээр тавьсан мэт харагдана.
    Жигд хурдтай явсаар бид Дэлгэр сумын нутагт орших Хөшөөт цогцолборт очлоо. Замын дагуу орших энэ цогцолбор аялагчид сонирхон бууж мордох газар болжээ.
    Аймгийн төв Алтай хотод ороход зорчигчдыг бүртгэж байлаа. Харин хотын худалдааны үйлчилгээ хэвийн ажиллаж байсан. Бид Алтай хотоос шатахуунаа цэнэглэж, хүнсний хангамжаа аваад хөдөлсөн.
    Шаргын говь руу орж, толгодын өвөрт нөмөр газарт майхнаа барьж энэ өдрийн амралтандаа шилжлээ.

     

    djmedia:446