Author: admin_shaman
-
ХАР ТУГ, СҮЛДИЙН ӨРГӨӨ.
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд байсан хар туг сүлдийн тухайд л гэхэд тугчийн гэрийн гадаа “Тугийн өргөө” нэртэй шанз эсгий бүрээстэй өргөө байжээ.
Тугаа жижиг гэрийнхээ баруун талд босгон ишийг нь өөр хоёр модоор хавчин газарт суулгаж тогтоосон байдаг байжээ. Харин Хурц вангийн хошуунд байсан хар туг-сүлдийг тугч зайсангийн гэрийн баруун хойд бүслүүрт уяж бэхэлдэг байсан нь сонирхол татаж байна. Энэ нь бидний бодлоор угтаа хар туг-сүлд бол Мөнх тэнгэрээс буусан шүтээн болохоор өдөр шөнийн хорин дөрвөн цаг, өвөл зуны дөрвөн улиралд хэзээд Мөнх тэнгэрийг бараалах ёстой гэдэг тэр үзэл санаатай холбоотой өнө эртний уламжлал болно. Нөгөөтэйгүүр, энд дурдсан хоёр туг-сүлдийг аль алиныг нь гэрийнхээ баруун юм уу баруун хойд талд босгодог зүг чигийн тогтсон бэлгэдэлтэй байжээ. Монгол нутагт уламжлагдан ирсэн хар туг-сүлдний тухайд Чин Ачит вангийн хошууны хар туг-сүлд нь “Чингисийн тугийн сүм” нэртэй бурханы шашны уран барилгын дурсгалын дээр мандаастай байжээ. Энэ тухай газар зүйч В.А.Смирнов бичихдээ:
“Эвгүй тахиралдсан шатаар сүмийн дээвэр дээр гарахад урт ишинд /шилбэнд/ бэхэлсэн алтан товруутай төмөр цагирагт адууны хар сүүлээр молцоглуулан хийсэн Чингис хааны хар сүлд мандаж байна.Тэндээс Хэрлэн голын өргөн хөндий эргэн тойрны уулсын гайхамшигтай байдал сайхан харагдана” гэжээ. Эндээс үзвэл бас л эртний уламжлалаа дагаад хар сүлдийг сүм дотор саатуулалгүй сүмийн дээвэр дээр тогтоон мандуулж байсан нь өмнө дурдсан хар туг сүлдийг Мөнх тэнгэр бараалуулж ил байлгах гэсэн үзэл итгэлтэй холбоотой билээ. Иймээс дөрвөн хөлт хар сүлдийн гол сүлдийг ямарваа цомцог ордон, өргөө гэрт оруулахгүй хэдэн зуун жил хээр гадаа саатуулан тахиж байжээ. Энэ нь бас тугийг анх бүтээсэн азарганы хөхөл дэл нь тэнгэрийн хур, салхи, нар, сарны гэрлээс өөр юу ч хүрдэггүй ариун онгон зүйл гэдэг үзэлтэй ч холбоотой.
Хар туг-сүлдийн тахилгын уламжлал. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хар туг-сүлдийг тахиж байсан одоогоор мэдэгдэж буй газар орон гэвэл хуучин Сэцэн хан аймгийн Хурц ван Түдэнгийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/, Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум/, Сэцэн хан аймгийн Чин Ачит вангийн хошууны /одоогийн Дорнод аймгийн Булган сум/ нутагт тус тус тахиж байсан мэдээ буй.
Эрдэмтэн В.А.Смирновын тэмдэглэлээс үзвэл, 1850-иад оны үед уг сүмийг барьсан бөгөөд тугийн сүм нь Хэрлэн голын баруун талын өндөр эрэг дээр голоос таван километр зайд оршдог байжээ. Ордос нутагт сүлдийн дархадын голомт Улаанмөрөн гол Хөх усан голын уулзвар-Шинаан хошуу гэдэг газар оршуулан тахиж он жил удсан байна. 1956 онд хар сүлдийг эртний заншил ёсоор шинэ онгоны баруун ордонд тусад нь залжээ. Түүнчлэн Хатгины хар туг, Хэрэйдийн хар туг, Уйгаржин хар туг, Дархадын муу мянган сүлд, Үзэмчин сүлд, Барга сүлд гэхчлэн олон хар туг-сүлд байжээ.
Хар туг-сүлдийн үүсэл. Сүлдийн дархадын домог үлгэр ярианаас үзвэл, эзэн дээдсийн дайчин шүтээн болох эл догшин хар сүлд нь хэн нэгэн зохион туурвисан биш дээд тэнгэрээс буумал юм гэж өгүүлдэг, ингэж ч итгэдэг байна. Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдан арга барахдаа морины хөлстэй эмээлийг тэнгэр өөд ангайлган тавьж “Тэнгэр эцэг ээ, намайгаа тэтгэж авна уу, үгүй юу” хэмээн даатган мөргөхөд агаар тэнгэрээс үлэмж дуун гарч Хан хурмаст тэнгэрээс хар сүлд саглагар модон дээр бууж ирсэн гэдэг. Ингээд Чингис хааны зарлигаар Мухулай тэр сүлдийг саглагар модон дээрээс нь хөтөлж явсан хээр азаргын онгон мундаан дээр залан буулгажээ. Мухулайгаас хар сүлдээ тайж тахих сануулга айлтгасанд Чингис хаан /Мухулайн айлтгалаар/ “мянган улаа базааж, түмэн өтгөөр тахия” гэж тангараглан есөн ес наян нэгэн хээр азаргын дэлийг навсалзуулан хөхөл зооглуулан чимж, өтгө амжихүй болбол есөн ес наян нэгэн хонины нэг шийртэй хамт тахилга өргөөд үлдсэн дутуу тоог манай Монголын мал сүргээс Хан Хурмаст тэнгэрийн хөх нохой /чоно/ чинь гүйцээн барих болтугай” хэмээн тахиад дайны туг сүлд болгосон домогтой билээ. Чингэхлээр хар сүлдийн уг эзэн нь морины хөлсөнд уяран дамжиж бууж ирэх, хээр зүсмийн онгон азаргын мундааг таалан орших даатгалтай гэдэг нь харагдаж байгаа юм.
Өмнө өгүүлсэн “Цагаан түүх”-д дурдсан ёсоор төрийн есөн их бэлгийг есөн өрлөг хариуцан мэдэх учиртай бөгөөд дөрвөн хөлт хар сүлдийг есөн өрлөгийн дотроос Мухуйлай жанжинд даатгасан учир алс холын аян дайнд морилохын цагт Улсын Гоо ван Мухулай жанжин, , түүний үр хойчис тайж тахиж, туг сүлдийг үе улируулан хадгалж дамжуулан ирсэн байна. Хожим арван гурван жилийн луу жил тохиолдох бүр догшуулгын Их тайлга хийхэд мөн л Мухулайн хойч үеийнхэн сүлдийн ямтад чинсан биеэр гардан догшуулгын ёслол журмыг гүйцэтгэсээр иржээ.
Ирээдүйн Чингис хааны зүүн гарын их жанжин Мухулай Гоо ван бол үнэндээ долоон үеэрээ өтөг боол явсан Жалайруудын удмын хүн бөгөөд хараа ихт хар туг-сүлдийг тайж тахих үүргийг уламжлан авсан тугч нар болж байгаа юм. Чухам энэ уламжлалаар туг сүлдийг тайж тахигч нар нь алтан ургийнхан биш, өөр элэг ургийн бүр доорд язгуур гаралтан байсан шиг санагдана.
АВГАЛДАЙ ШҮТЭЭНИЙ ДОМОГ
Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул, хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь:
Авгалдай хамниган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай бөгөөд бөө болсон гэдэг. Харин эхнэр нь Гуулин хааны охин Сэтэрхэн гэж авгалдаг удган байсан гэдэг. Тэдний дундаас нэгэн хүү гарсан нь Баахан гэж нэр өгчээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад бөөлөх болж гэнэ. Явахдаа хүү Баахан гэдэг хүүгээ бүү орхиорой, хичээн байж харж байгаарай гэж захижээ.
Авгалдай өөрөө тамхинд тун дуртай нэгэн байсан аж. Хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээж орхиод саахалт айлаасаа тамхи гуйхаар очоод нэг хоёр татах тамхи олж аваад гэрлүүгээ ирж явтал гэртээ үлдсэн Баахан хөвгүүн нь гэрээс гараад эцгээсээ буруулан цааш гүйжээ. Гуугалан дуудан нэхсээр явтал нэгэн их хуй салхи дэгдэн буугаад хөвгүүнээ аварч чадалгүй өөд болсон юм.
Эхнэр нь иргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.АЛБИН
Хурмаст тэнгэр нэгэн хар санааны хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэр би хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас итгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь харваад алж орхижээ.Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.
Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.
Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.
-
ОВООНЫ ТУХАЙ ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? БӨӨД ЧУЛУУН ОВОО БАЙГААГҮЙ!
Хад чулуугаар овоо босгож голыг нь модоор амьлуулан зүрхэн чулуу цээж голд нь байршуулан дэлгэдэг заншил бас бий. Хайрхан уулс дээр буюу оройд гаран овоо босгол хийж дарцаг хадаг хийсгэдэггүй. Шүтлэг, сүсэгээ өргөх хайрханыхаа бэл доод газрыг гуйн аргадаж, түүндээ ёс заншилийг шингээн овоо босгодог. Ирж явхад овоо хаданд элдэв зүйл хуран чуулахвий гэхийн үүднээс ч мөргөлчид очихдоо овоог амьлуулан элдэв зүйлс суусан бол бузар дэвийг ханзалж чагталж мөргөл өргөл хийх шүтлэгтэндээ цагааруулж өгнө. Үйлсээ гүйцээж явахдаа хүртэл замын буруу зүйл дайрахгүй байг, хор харын үйлүүд алсуур байг гээд даатган овоогоо бас чагтлан морддог билээ. Энэ нь хэт шашинчисан мэт харагдах, сэтгэгдэл түрүүлдэг байх. Угтаа бол овооны дэргэд лам, дэвэн дүүлэх жигүүртэнүүд их үзэгдэх болсон тул ойлголт иймд биз. Тайга, ойт газартайгаа ойр байдаг хээрийн онгод, явган бөөлгөө хийх зарим бөө нар эртний уламжлал, байгаа нөхцөл үйлээрэй зэл татах, урц модонд даавуу самбай тогтоох зэргээр хүч шингээх ба энерги, эрчим хүчтэй холбогддог байсан. Хад чулуун овоонд мөргөж сүсэглэж байгаа нөхөд ч тэнгэр, газрыг холбож энерги үүсгэдэг билээ. Овооны тухай зарим баримтууд: Монгол түмэн аян дайнд мордохдоо цэрэг эрчүүд нь нутаг нутгаасаа нэг нэг чулуу авчирж аян дайнд мордох газар нутгийнхаа захын уулын орой руу явган алхаж цуглуулж тавьдаг. Ингэж овоолж тавихдаа одоо овооны их нь таньдаа байгээ, олз омгийн их нь маньдаа байгээ,буцаж ирэхэд бүх чулуу нутаг нутагтаа одож босгол тарсан байгээ гэж сүслэдэг байж гэнэ. Ингээд буцаж ирэхдээ амьд ирсэн цэргүүд 1, 1 чулуугаа аваад харьдаг, үлдсэн чулуу болгоноос аян дайны өрлөг нь жанжин нь өршөөл хүсэн өнөөх чулууг амь эрсэдсэн цэргээ төлөөлүүлж өөрийнх нь нутагт нь авч очин овоо босгон ёслол үйлддэг. Тийм ч учраас овоо босгол болгонд чулуу бүү нэм очсон болгонд өргөл бүү өргө гэдэг байжээ. Монголчууд өвөг дээдсийн сахил,огоорч эгээрэх сэтгэл,сүнс оршдог гэдэг утгаараа идээ ундааныхаа дээжийг өргөх, 3 тойрч хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслол үйлддэг. Тэрхүү босголд хэт их хадаг даавуугаар дарахыг цээрлэдэг байж. Энэ нь нутгийн чулуунд оршоосон сэтгэл төөрнө гэж үздэгтэй холбоотой аж. Тэгээд ч нар жаргаснаас хойш овоон дээр зогсдоггүй, харанхуй үдэш бүрийгээр чанга дуун халиадаггүй жамтай юм билээ. Овооны цээр -Овоо тахисны дараа овооны орчимд буй нуур цөөрмийн загас жараахайг барихыг цээрлэнэ. Овооны сахиулсан хилэгнэхээс сэрэмжилж буй хэрэг. -Овоо тахисны дараа овоон дээрх өвс, мод, чулууг дураараа хөндөх, хөдөлгөхийг цээрлэнэ. Тахилга талаар болно гэнэ. -Овооны найр наадамд охин хүүхэд уралдааны морь унахыг цээрлэнэ. Унаваас охин хүүхдэд ээлгүй болно гэнэ. -Овооны дэргэдүүр морь унаанаас буулгүй, овоонд чулуу өргөлгүй өнгөрөхийг цээрлэнэ. Үйлс бүтэхгүй гэнэ. -Доёнд гаргасан юм, овоонд өргөсөн юмыг авахыг цээрлэнэ. Эзэнтэй болчихсон гэдэг. -Овооны дэргэдэх уул, толгой газрыг тайхыг цээрлэнэ. Овооны сахиулсан зайлна гэхийн учир тэр. -Овооны хажууд ан гөрөө хийх, улай гаргахыг цээрлэнэ.Нүгэл болно, сахиулсан хилэгнэнэ гэх.
Авралт тэнгэр онгодод андгай тавьж айлтгах ину Угийн их гарвалтын Утсан торгон жолоог атгасан Удай мөнх тэнгэрийн Уран хар улаач би Олны тусын тулд Онгод буумлаа урьж Зовлонтонд жолооч Золгүйтэнд тусч Гаслантанд газарч Хэлгүйтэнд хэлмэрч Хэлтгий заяатанд зааварч больё Бадрах улаан галынхаа Баруун өндөр хойморь дээрээс Төрт ёсондоо сүсэглэж Төрийн хар цагаан сүлдэндээ мөргөж Андгай өргөж ёслохдоо Өнчинд эцэг эх болж Үгээгүйд тэтгэлэг болж Хэн гэж гадуурхахгүй Халуун гэж дотночилохгүй Ядарсанд явганаар хүрч Өвдсөнд үхэр тэргээр хүрч Шившилэгтэй хүний шавгийг татаж хараад Ядарсанд хүнд яс түлж нэг үзэхдээ Үхлээр айлгаж үхэр малыг нь туухгүй Аюул гамшигаар айлгаж Адуу малыг авахгүй Авцаа өгцөөний жишигт тогтохгүй Эндсэн заяаных нь элийг нь Харсан заяаных нь зол жаралыг нь Хар цагаанаар дайж нэг өчихөө Андгайлая Өнгөтний царай Өмсгөл зүүлт Өглөгчийн гарыг харахгүй Баяныг бялдуучиллахгүй Бядуу ядууг ялгахгүй Бусдадаа атаархахгүй Бөө удгадад мөчөөрхөхгүй Бүтээх хэрэгт хов зөөж хориг саад болохгүй Хэлсэн хэргээ хэлэлцүүлж Зорьсондоо золгож байхаа Андгайлая Төлөв түвшин андгайгаа сахиж Төлөг мэргээ андуусаж Түмэн олноо хуурч Туух эдээр ашиг хонжоо харж Тэнгэр шүтээндээ тээгнэх зүйл Тавьж ам гарахгүй гэдгээ андгайлая Хар шарыг найран Хослуулахын төлөө Хөх тэнгэрийн сургаалиас Халихгүй гэдгээ Андгайлая Нөхчөгчидийн нүгэл бузар Нанж сархадын хар бузар Нүгэл хэмээн шүгэлийн бузар Нөхцөж явалдахын хормойн бузарыг Хориглон цээрлэж тэвчихээ Андгайлая Дээгүүр дэвүүлдэггүй Доогуур гулдруулдаггүй Алтай хангайн орны Ариун сайхан үнэртнээр Ариулан байж аргадаж Үнэртүүлэн байж өргөж Ариун их үйлсийг ашид цагааруулахаа Андгайлая Араатан санваартан хийгээд үнэгний мах Аюу баавгай гээд доргоны мах Алив бузар идээг тэвчиж Аяга тагшны бузраас сэрэмжилж явахаа Андгайлая Асралт эцэг эхээ тахимдаж Ачлалт буурал өвгөдөө хүндэтгэж Аархал омгорхол бүхнээ дарж Ард суух багш юугаан дээдэлж Алгалсалгүй сургаалыг дагаж Явахаа Андгайлая Андгайлсан андгайг минь Асар хурмаст мөнх тэнгэр сонсог Алаг дэлхий этүгэн тэнгэр гэрчилэг Ам өргөсөн андгайнаасаа сөрж няцваас Амь нас минь барагдаг Аль сүнс минь халиг Хайран энэ бие минь Хадны ёроолд хагдшиг Байгаа энэ бие минь Барагдаж бүгэн одог Зүрх сүлд сүүдэр минь Зүүний тэнгэртээ Зүүд болон замхараг Бодол сэтгэл түүх минь Барууны тэнгэртээ Бурхадын харц болон бууг Авралт мөнх эцэг тэнгэр Ачлалт этүгэн эх тэнгэр минь Андгайг минь сахиулж хайрла Андгай нэгт бөө нар минь Амыг минь сануулж чиглүүлж хайрла Уул усны эзэн савдгууд минь Уг гарвал бурхад шүтээнүүд минь Бут бүрийн бурхадууд минь Хад бүрийн бурхадууд минь Андгайр минь батжуулж хайрлаа Шөөг Шөөг Шөөг Шээг Шээг Шээг -
МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРИН
Үүнд:
МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРИН
Дэлхийн ихэнх улс орнууд Монголыг хот суурин амьдрал, газар тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж байгаа юм. Үүний туйлбартай баталгаа нь Монголын эртний нийслэл Хархорин хот болно.
Монголд Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин байгуулагдсаар ирсэний ул мөр одоо 200 шахам олдоод байгаа нь нийслэл Хар хорин хот монголчуудын цорын ганц хот биш болох нь илэрхий. Хархорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг балгасны дэргэд байгуулагдаж богино хугацаанд түргэн өсөж Монгол Улсын улс төр, худалдаа, гар урлалын төв болжээ. Энэ хотын талаар Рубрук зэрэг хүмүүс нилээд тодорхой тэмдэглэл үйлдсэн нь эртний судлалын шинжилгээгээр батлагдаж байна.
Хархорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ.
Арваад жилийн өмнө Хархорин хотын төв хоёр гудамжны уулзуур дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы хавийн барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ. Хааны ордон нь 2м гаруй өндөр хиймэл дэвсэг дээр барьсан байсан ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук, Марко Поло нар ч оролцож билээ. Ордоны өмнөд хаалга нь үзэсгэлэнтэй сайхан уран зурмал чимэгтэй байжээ. Түүний урд, орой дээрээ бүрээ барьсан мөнгөн хүнтэй мод бүхий оргилуур байсныг Рубрук тодорхойлон бичсэн байдаг билээ. Хархорины төв хэсэг нь барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байжээ.
Эртний судлалын талаар хийсэн малталтаар олдсон олдвороос үзэхэд энд сайн чанарын цагаан ширмэн эдлэл, цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, тариалангийн ба бусад аж ахуйн зэвсэг багаж хэрэгсэл, сав суулга, гоёл чимэглэлийн зүйл арвин олдсоны дээр ширэм хайлах зуух, шаазан ваар боловсруулах зуухны үлдэгдэл олон байжээ. Энд нэг ширхэг нь 20 гаруй кг хүнд цөнгүүд их гарч бий нь монголын гэрт их тэрэг, бэхлэгдсэн хотын хэрмийг харваж эвдэх хэрэгсэл зоосон тэрэг зэрэгт хэрэглэж байжээ. Төмөрлөгийн зүйлсийг үйлдвэрлэхэд усан хөдөлгүүрт хэрэгсэл хэрэглэж байсан ажээ.
Мөн хэрэм тэслэх бөмбөг үйлдвэрлэдэг байсан ажээ. Хархорин нь худалдаа арилжаа их дэлгэрсэн хот байснаас гадна энэ хотын орчим үр тарианы газар их байсан байна. Үүний баталгаа нь хятад, монгол ба дундад азийн зоос, жин, жингийн туухай, анжис, бул зэрэг болно. Хархорин хот нь дайн байлдааны хөлд хэд дахин их нэрвэгдэж эвдэрсэн ба 1380 онд Мин улсын цэрэг довтолж их сүйдэлснээс хойш сэргэж чадаагүй боловч XY зууны үе хүртэл мөн жижиг суурин байсаар байжээ.
Хожим XYI зууны сүүлчээр Хар хорин хотын захад Эрдэнэ Зуу хийд байгуулагдаж тэнд Хархорин хотын нурангаас чулуу, тоосго зэрэг барилгын материалыг ашиглажээ. Хар хоринд ирсэн зорчин үзэгчид түүний дэргэд байгаа Эрдэнэ зуу хийдийг үзэхгүй өнгөрч чаддаггүй. Тэр хийд нь Халхын шарын шашны хамгийн анхны хийд билээ. Тэнд монголчуудын урлаж бүтээсэн асар үнэт соёлын дурсгалууд бийгээс гадна мөн Хар Хорин хотын түүхэнд холбогдол бүхий зүйл ч бий юм. гэж 1959 онд бичсэн түүхийн ховор сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно. -
МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ
Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.
Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий. Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.
Бүр 1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг.
Тэрээр Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна. Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “…Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ.
Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй. Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой.
Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ.Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ. Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ.
Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид-ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов. Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав. Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий.
Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав.Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.
Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв. Учир нь Сүн улс Хөх мөрний доод сав болон Хэнан мужийн өмнөд хэсэг, Хубей мужийн умард хэсэг буюу Хөх мөрний дунд урсгалын газраас Сычуан өөд хүнс, зэр зэвсгийн нөөц, туслах цэргийг дараа дараалан илгээж, стратегийн чухал түшиц газар болох тус мужийн хамгаалалтыг бататган, Мөнхийн давшилтийг саатуулсаар байлаа.
Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ.
Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа. Мөнх хаан Өмнөд Сүнг ялбал үлэмж баян, хүчирхэг энэ улстай дайтсан дайны олзноос Хубилай зайлшгүй хоцрох байв. Энэ нь Хятад орон дахь түүний нэр, нөлөөнд үлэмж урхагтай зүйл байсан нь тодорхой юм. Гэтэл түүний шадар хятад түшмэд энэхүү дайныг зогсоож, хэлэлцээр хийхийг шаргуу ятгаж байжээ. Тэгэхээр тухайн үед Хубилайн байдал нэн эгзэгтэй ацан шалаанд байв.
Ийнхүү Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.
“Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ. Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ. Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй.
Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхлыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа. Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв.
Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ. Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм. Ийм нөхцөлд Хубилайд Сүнтэй зууралдаж байх нь ашиггүй нь ойлгомжтой. Хожим Хубилай ийнхүү яаран гэдрэг буцсаныхаа хэргийг ч гаргаж, Их хаан суудлыг хууль бусаар булаан авсан билээ. -
Цол гуншинтанаар дүүрсэн Монгол болох нь1
Сүүлийн үед өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагт бол хоёр аваргын цол чимэг дарагдах аж. Цол чимэг олгодог Төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдоно. Түүнийгээ нэр алдарт дуртай нэгэнд зарна гээд хөл ихтэй болсон цаг. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтунууд дүүрэн болсон. Улстөр, урлаг соёл, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт цол гуншинтангууд эгнээ байраа хэдийнээ эзэлжээ.
Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм.
Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич” гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм.
Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа.
Н.Дөл
-
ОНГОД ОРШУУЛАХ ЁС, ОНГОД САХИУСАНД ДААТГАХ ДААТГАЛ
Онгод сахиусанд даатгах даатгал
Хурмаст тэнгэрээс заяасан
Хотол олны сахиус болсон
Цанхилан цагаан удган
Цагаадай өвгөн аав минь
Уужтай сайхан идээнээс
Уун зооглон соёрх
Явдал учраа даатгаж
Ямааны зүлдээ өргөнөм
Арьс махан рашаан болж
Амин сүнсний бурхан болж
Адгуусны төрлөөс зайлж
Амар заяанд төрөг
Хотон доторх хониноос
Хонгор халзныг шилэв би
Төлгөн хонины чинь ууц
Төө зузаан
Хурган хонины чинь ууц
Хуруу зузаан
Уужтай сайхан идээнээс
Уун зооглож соёрх
Уу хормойд багтааж
Уудам суганд хавчуул
Бүжин туулайн бүвүргээр
Бүүрэг чонын шогшоогоор
Гүвэг гүвэг гүйцтэй
Хан буурал тэнгэр минь
Гүрээний судсан хатгалгаатай
Галзуу чонон хүлэгтэй
Гал могой ташууртай
Хүний махан хүнстэй
Хүрэл чулуун зүрхтэй
Хар эрээн бүргэд хамжаастай
Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
Бөртэ чонын шогшоогоор
Бөөн бөөнөөр залардаг
Онон их сахиус
Олон үеийн шүтээн
Тавьсан тахийг минь
Тавтай сайхан зооглоод
Алд биеийг минь алдалгүй харж
Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
Архаг өвчтэй бол
Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
Долоовроороо домнож
Хайраараа хараатай
Халамжаараа өргөхтэй
Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй. -
ТА БӨӨ МӨН ҮҮ?!!!
Эмгэнэлт драмын жүжгийг хүртэл хэр баргын найруулагч хошуу дүрж тайзан дээр тавихыг зүрхлэдэггүй байх. Хүн болж төрсөнөө хувь заяа гэж бодон талархаад явж байхынхаа оронд дээлний цаана дэл сүүл байгааг ч ялгаж чадахгүй суун байж өргөл барьц дутаад байна гэж цээжээ дэлдэх та хэн юм. Хойморьт ханхайн сууж ах дүүс, садан төрөл, зорин ирсэн зон олондоо хорвоогийн хамаг айхтар зовлон хараал шүгэлсэн яг л солонгос драма шиг азгүйтлын гол дүр болгон хямрааж алах нь таны үйл юм уу. Энэ хорвоод мөнх бусыг үзэх цаг нь болсон хүнийг авч явах эрлэгийн элч ч ийм цэвдэг байж чадахгүй ээ.
Одоо иргэд мань энэ олон шунал, чөтгөр мэт атгаг санааны муу муухайгаас хаширлан цэнзүүрлэж алдаа онооноос жоохон ч гэсэн хэрсүүжиж байгаа нь сайшаалтай. Магад зарим нь өөрийн юу хийгээд байгааг ч ойлгож ухамсарлахгүй яваа. Миний мэдэх бөө нар ийм л байдаг гэх төөрөгдөлдөө бүрэн автсан мэдэмхийрхэх хүн ч байгаа. Зарим нь бүр улаач болох онгод залж явах ёсгүйгээ мэдсэн хэдий ч энд зориулсан цаг хугацаа, эд хөрөнгө мөнгөө бодон босгосон багш гэх хүн өөрийг хүрээлэх хүмүүс санаа зовох хорсох санаа гомдолоо ард иргэдэд гарган бөө дүр үзүүлж байгаа нь эгдүүцэл хүргэмээр. Замаг усандаа ногоон загасны том нь жижгээ барьна гэхчээр та нар үнэрлэх үр үлдэх хойчисоо аятай тайван тавилан амтлуулая гэж байгаа бол одоо л боль!!!,
Үлдэх амьдрал чинь үр хүүхэд чинь ямар ч буруу байхгүй шүү. Би буруугүй гэж өөрөөс биш бусдаас бүү бурууг хай. Сайн муу байсан ч сонголт чинь өөрийн чинь нүгэл хилэнц, буян хишгийг нь харуулаад өгч байгаа юм. Намайг бөө болох юм байна гэсэн штдээ тэгээд нэрээ л бие өвдөөд байсан үхэл тохиолдоод байсан юм гэж хариулж мэднэ. Зөвөө, та өөрийгөө яагаад байгааг мэдхийн тулд эцсийн бүлэгтэй лам хар, бөө удгад дээр очиж өмнө нь сөгдөн бөө болохоо айлдуулж явсанаа санаж байгаа байх.
Харин та өөрт чинь зовлон гунигаа үүрч ирэх унтах нойр явах биегүй болсон тэр хүнийг хархад өөрийн чинь зовж явсан хором огт бодогдохгүй байна уу?! Яагаад зовлонгоосоо зол буян байвал багахан ч байтугай салая гэсэн чин хүсэл дээр өөрийн бусдад тохуурхагдсан мөнгөнд шунасан нүд, зовлонд цадах сэтгэлийн гомдолоор уур хилэн, сархадад хөлчүүрхэсэн хэрцгий авирыг гарган шаналгаад байгаа юм. Айлын хойморьт заларч архи дарсандаа согтон эрийг нь зодож халуун чулуу өмхүүлэн түлж, авгай хүүхдийг нь айлгаж ичээлгэдэг мунхагтаа автсан буг тийрэнгүүдээ, жүжигчидээ цаана чинь хорогдсон сүнстэй байшинд бууж бөөлөгөө хийн хутга шаланд зоон цус олгойтуулан гаргаж гадна орох цас бороонд үл норох чадалтай бөө онгод нь байгаа шүү!!!.
Бөө хүний зам мөр эрдэм чадал гэдэг чинь хийдэд сууж арцны үнэр шингээж, ном судар уншиж хоолой бүдүүсгэх лам шиг, өчнөөн олон бүлэг судрын дор өршөөл эрж явах пастор биш юм аа. Орчилон хэмээх хүний нүдэнд үзэгдэх хийгээд үл харагдах огторгуй оддоос алхах гишгэх газар шорооны хооронд оршин байх амьд бие хийсвэр биетэны тэнцвэрийг хадгалж далд ертөнц сүнс сүүсгэлтэй харьцдаг тунчиг тунгаах бодол сэтгэлтэй хүн байдаг юм шүүдээ. Ямартай ч зовлонгоо чирээд ирч байгаа хүнд өөрийн бүх зовлонгоо дахин үүрүүлээд явдаг нь биш. Одоо хийсэн гай бузрын чинь хойноос Тайлал нь заслаа хийн аргадаж Ташуур нь зөөлөн хатууг нь тааруулж Зараал нь үнэний хойноос гэж болоод явааг нь хүний хараанд өртүүлж будилж явааг нь төвшитгөж бузарлаад байгааг нь ичтэл нь шэйрлэж байх шиг байна. Сайн тал байв чиг 90 оноос хойш монголчууд дунд 1% ийн шүтлэгийг 15% болтол нь босгож сэргээн яваа бусад нөхдийнхөө хөдөлмөр зүтгэлийг бүү шатаагаач.
Хэрэв та бөө болно гэж хэн нэгэн бөөгөөс сонссон бол улаач болох гэж бүү яаар!!!, Ном судар, нийтлэл өгүүлэл олон байгаа түүнийг унш олон бөө нартай уулз ярилц сонс бусдын үгнээс өөрийн үгийг олно гэдэг мэргэн үг байдаг. Энэ нь өөрөөлийг дуурай бусдад итгэ гэх нь биш юм. Өөрийгөө ол танин мэдэж ойлго би үнэхээр улаач уу? зөн мэдрэмж ямар байна, харах мэдрэх хараа ямар байна, зүүдэнд юу болж байна, мэргэлэх ур ухаан гарч байна уу? хүнийг энэрэх сэтгэл танд төөнөж байна уу? гэх мэт мэдрэгдэх зүйл байгааг ажигла. Хүн өөрт тохиолдсон болон учирах зовлон өвчин үхлээ бодсоор байгаад би хэн болох юм, надад ямар чадвар байна, ямар зам замналыг туулах вэ? гэдгээ мартаж чухам дээл өмсөж хэц барьвал зүгээр болох юм байна гэсэн эмийн сангаас өвчин намдаах аваад уух хүн шиг сэтгэл гаргаж байгаа нь харамсал юм. Өөрийнхөө болон гэр бүл ах дүүсийнхээ амьдралд бүү тэгж хөнгөн хандаарай. Бөө болоод учираа олохгүй байгаа, бөө болно гэж яваа, улаач бол гэж шахагдаж болон шахаж яваа нөхөддөө зориулан анхааруулж бичлээ .МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Б.Анхбаяр
-
МОНГОЛ НУТАГТ ЦАГ ТООЛОЛ ЗУРХАЙ БӨӨ МӨРГӨЛӨӨС ҮҮССЭН.
Энэ нь бөөгийн шүтлэг бишрэл үүсэж тогтсон тэр цаг үетэй холбогдоно. Иймээс сүүлийн үед сэргэн мандаж байгаа уламжлалт бөө мөргөлийн тахилт тайллага үзлэг засалт Төвдөөс гаралтай Төгс буянтын зурхайн шинэ ёс өдөр цаг төдийлөн тохирохгүй байгааг амьдрал нотлон харуулж байгаа билээ. Анхны тоолол болсон байгаль дэлхий хувиралт өөрчлөлтөнд үндэслэсэн “Байгалийн он тоолол” тодорхой цаг мөчид давхцан тохиодог сар мичид хоёрийн тохиолд тааруулсан “Мичидийн улирлын тоолол” болон тэнгэр дэлхийг тойрон эргэдэг сар нь тодорхой хэсэг хугацааны дараа анхныхаа байранд ирж байгаа мөчлөгт үндэслэсэн “Сарны буюу бэлгийн улирлын” тооллууд нь байгаль дэлхийтэйгээ цаг ямагт байгаль дэлхийнхээ эрхшээлд зохицон амьдарсаар ирсэн нь нүүдэлчин Монголчуудын ухаан билээ.
Нүүдэлчдийн үүсгэж XIII р зууны Монголчуудын улам нарийсган хэрэглэсээр ирсэн арга билгийн хослолтой “Шар зурхайн тоолол нь” гараг эрхэсийн төв нь нар хэмээх Коперникийн суут онол гарахаас хэдэн зууны өмнө дэлхийн ертөнцийг бөөрөнхий төдийгүй нарыг тойрон эргэдэг зарчим дээр тулгуурлан зохиожээ. Сар мичидийн тохиолыг МЭӨ III р зууны үед Хүннүчүүд “Мичидийн тоолол” хэмээн нэрлэсэнийг тогтоосон билээ. Эсгий туургатан буюу нүүдэлчдийн дунд дэлгэрсэн “Мичидийн улирлын тоолол” нь Монголчуудын аж ахуй түүхэн уламжлалыг төгс хадгалдаг байна.
Монголчуудын дунд эртнээс нааш өдөр сарыг алдвал “Сар мичидийн тохиолгоор”ол гэсэн гүн ухааны хэллэг нь нэг ёсны тэнгэрийн шалгуур болой.
Сар мичидийн тохиолго жил бүрийн:
Намрын эхэн сарын 21
Намрын дунд сарын 19
Намрын сүүл сарын 17
Өвлийн тэргүүн сарын 15
Өвлийн дунд сарын 13
Өвлийн адаг сарын 11
Хаврын эхэн сарын 9
Хаврын дунд сарын 7
Хаврын адаг сарын 5
Зуны эхэн сарын 3 нд тохиогоод мичид үзэгдэхээ больдог нь тэнгэр дэлхийн цаг хугацааны хувьд өөрчлөгдөшгүй хууль билээ.
“Цаг тооны бичигт” тэнгэр дэлхийд тогтсон сар өдөр тохиодог сар мичидийн тохиолго эс таарвал уг цаг тооллын бичиг алдаатай болохыг илтгэнэ. Сар мичидийн тохиолго гэдэг бол сар мичид хоёр эрхэс бие биедээ ойртон тохиолдох түүгээр тэнгэрийн аяс араншинг дохиолон хэлж өгөх үзэгдлийг хэлж байгаа юм. Монголчууд түүхэндээ янз бүрийн зурхайг хэрэглэж байсан боловч ихэнхдээ Юань гүрний үеэс улбаатай “Цаг мэдээний зурхай” буюу “Шар зурхай” хэрэглэсээр иржээ.
Түүхэн баримтаас үзвэл Хубилай хааны зарлигаар “Шар зурхайг” анх зохиохдоо Бээжингээр бус Зүүнээс баруун тийш зургаан мянга гаруй газар, Өмнөөс хойш арван нэгэн мянга гаруй газрын зайд хорин долоон суурин газраар төв болгон тооцож хийсэн төдийгүй Монголын эртний нийслэл ХарХорумын өмнөд орших “Цагт уул” зэргээр төв болгосон түүхэн баримттай бөгөөд өнөөг хүртэл Ази, Дорнод дахины ард түмэн хэрэглэсээр ирсэн.
Монгол улс Хубилай хааны хуульчилсан “Шар зурхай”-г 1851 оноос 1952 он хүртэл хэрэглэж байсаныг түүх архивын баримт гэрчилдэг. 1952 оны цагаан сарыг Маршал Чойбалсаны нас барсаны гашуудалтай давхцуулан хаасанаас хойш арваад жилийн дараа цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон тэмдэглэх МАХН-ын ТХ-ны шийдвэрээр 1961 оноос эхлэн цаг тооллын бичгийг дахин хэрэглэх болсон.
Энэ үед Хятад Монголын харилцаа их муудсан байсан тул улс төрийн шалтгаанаар Хятадаас өөр өдөр цагаан сараа хийхийн тулд олон зуун жилийн уламжлалтай “Шар зурхай”-аа “Төгс буянтын шинэ зурхайн ёс” тооллоор сольж хэрэглэх болжээ. Сүмбэ Хамбын тооцоолон гаргасан Төвдөөс улбаатай “Төгс буянтын шинэ зурхайн ёс” нь тухайн үед өргөн дэлгэр тархаагүй боловч шарын шашины нөлөө Монголд хүчтэй байсаны үр дүнд сүм хийдүүд дагаж мөрдөж ирсэн бөгөөд одоо ч мөрдөж байгаа билээ.
1990 оны цагаан морин жилээс хойш Монголын ард түмэн шүтэх эс шүтэх чөлөөг олж олон шашины номлол Монголчуудын оюун санааг эзэмдэж байгаа боловч Төвдөөс гаралтай “Төгс буянтын шинэ зурхайн ёс”-ыг одоо ч дагаж мөрдөх нь учир дутагдалтай билээ. Үүнд:
1. Зогсолтгүй хөдөлдөг сар болоод хэзээ ч тасралтгүй үргэлжилдэг цаг хугацааг тэмдэглэхдээ зарим өдрийг тасалж заримыг нь давхцуулан тохируулдаг бөгөөд бүтэн жилийг 360 хоногтой гэж тооцоолдог.
2. Дэлхий ертөнцөө хөдөлгөөнгүй хавтгай зүйл гэж үзэж зохиосон.
3. Нар сар од эрхсийн хөдөлгөөн зүй тогтолд тулгуурласан жам ёсны хуулийн дагуу урсан өнгөрөх цаг хугацааг тэмдэглээгүй сар мичидийн тохиол байнга зөрдөг.
4. Нар сарнй хиртэлтийн оновчтой эсэх нь орчин үеийн шинжлэх ухаантай зөрчилдсөн зэрэг болно. Монголын уламжлалт бөө мөргөл нь байгаль цаг уур амьсгал, тэнгэр эрхэс, ан амьтан, хүн зоны сэтгэл, төр түмний үйл, байгаль дээр болж байгаа хувиралт өөрчлөлт, од гаригын хөдөлгөөнтэй уялдсан эртний тэнгэр шүтлэг билээ.
Иймээс Төвдөөс гаралтай “Төгс буянтын шинэ зурхайн ёс” бидний өдөр тутамын үйл ажиллагаатай зөрчилдөж байгаа юм. Бид бүхэн үсээ засуулахдаа, үр хүүхэддээ нэр өгөхдөө, амьдралд ганц тохиох хуримын өдөрөө товлохдоо, бурхан болоочоо хөдөөлүүлэхдээ, унагаа тамгалахдаа, ихэс дээдсээ хүндлэн золгохдоо, байгаль од эрхэсийн хөдөлгөөний наад захын жам ёсыг зөрчин амьдралдаа болон ирээдүйдээ буруу зам мөрөө үлдээсээр байх уу.
Аливаа улс гүрэн эзлэн түрэмгийлсэн улсдаа өөрийнхөө цаг тооны цагалбарыг тулгаж мөрдүүлдэг бодит жишээ нь “Төгс буянтын шинэ зурхайн ёс”-ыг Монголчууд дагаж мөрдсөн явдал юм билээ. Үүнийг төр засаг минь анхааран үзэж зурхай цаг тооны цагалбарыг нэг талд шийдэх цаг нэгэнт болжээ.
Цаг мэддэг зурхайч үгүй болоход
Цадиг мэддэг өвгөд үгүй болоход
Цааз мэддэг түшмэл үгүй болоход
Хугацаа мэддэг зурхайч үгүй болоход
Хууль мэддэг түшмэд үгүй болоход
Худам мэддэг бичээч үгүй болоход
Төр үймж
Түмэн олон самуурна- (онгодын айлдвараас)Монгол бөөгийн их Зайран Д.Одонхүү