Author: admin_shaman

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ Ч ХАЙРЛАХГҮЙ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БОЛ ЧАМАЙГ Ч ХАЙРЛАХГҮЙ

    Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон Их газрынхаа чулуунд очдог, америкийн нэг том хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог, өөдөөс нь Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад, францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?

    Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг.

    Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль.

    Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг…Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл…” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз.

    Хуулийг тэнэгүүд хэлэлцэж тэр нь батлагдвал ухаантан ч дагана
    Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харъяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог … байв.

    Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харъяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно” хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяа ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицзи 10 боть, 16 дахь тал/

    Мөн гэргийгээ өг… гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг… гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг… гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун.

    Чингис хаан яах гэж дөрвөн зүг, найман зовхист аян дайн хийсэн юм бэ? Үр хойчдоо амьдрах уудам орон зай үлдээх гэж… Найман зуун жил танаад, танаад үлдэх газрыг бидэнд орхисон их өвгөө бүү март.

    Чингүнжав яах гэж зоосны нүхээр сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав? … Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, даа лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов.? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Нацагдорж та бидэнд юуг гэрээслэн үлдээв?…
    “Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
    Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө
    Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
    Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж… сануулжээ.

    “Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ.

    Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна.

    “Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна. Сэрэгтүн, залуус аа!

    Монгол үндэстнийг эрлийзжүүлэх, үндэстнийх нь хувьд устгах бодлого эхэллээ. Сэхээрэгтүн, ард түмэн минь !…

    “Урвагч хүн газар дээр байснаас газар доор байсан нь дээр”
    Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ. Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдийн хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвс таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ.

    “Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна.

    Эх орон минь харийнхнаар дүүрч, уул тодгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв.

    Эх орон минь шархдлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна? … “Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо:

    -“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ.

    -“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ.

    -“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай. Тэд манай газар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ.

    -“Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ. Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны нь хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг” гэж найрагч бичжээ.

    Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил.

    Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай.

    Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гурав дахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст:
    “Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна
    Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна
    Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна
    Эр зориг чинь харин хаа байна? Эрхэм нэр чинь харин хаа байна? Гэсэн алдарт шүлгийг сануулъя.

    Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай.

    Алга дарам газрын төлөө
    – Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?
    – Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
    – Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
    – Дагестан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

    Хэл, хил, мал гурав
    Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/

    “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

    Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?
    Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.

    Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.

    -Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөлмөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна.

    Аугаа их Толстойн “Сэхээрэл” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв.

    “Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, боол, баян, ядуу, үгүйрэл хоосрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нь гол зүйл гэж үзэж байв. ХХ зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай, “Тун зүйтэй. Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв.

    Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авъяас билгээр бүх дэлхийг донсолго, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэл” роман нь хэвлэгдээд жил хагасын хооронд дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль Франс, Андре Моруа, Эрнест Хемингуй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ.

    Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг.

    Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эзэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно.

    Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна.

    Хэн үүнийг турхирав
    Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй.

    Чухам эл заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашит, нацит” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан.

    Харин одоо санахад нэг л юм ойлгогддоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа?

    Хэн үүнийг турхирв?… Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чандаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, газрыг гадаадыханд хугацаатай, төлбөртэйгөөр эзэмшүүлж, ашиглуулна гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм.

    Нэгэнт зах зээлийнг эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана.

    Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо? … Өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэнд панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ.

    Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбал 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга.

    Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье? Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу?… Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ?

    Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай.

    Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, олон нийтийн нарийн хяналтын дор хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг.

    Харин газрыг гадаадынханд худалдах, өмчлүүлх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтол, бодсон хүний толгойг нь авах болтугай. Тийм төмөр нүүртэй төр ирэх болтугай.

     

  • ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛЭЭ АВАРЧ ҮЛДДЭГ ХАРИН СУЛ ДОРОЙ НЬ ТАЛЛАН ХУВААДАГ

    Гэр хорооллын мухарт хуучны модон байшиндаа өглөө орой бүр дөрвөн хүүхдийнхээ хоолыг хийж, шал зүлгэж ирсэн ч амьдрал намайг харж үзээгүй. Ажлаас минь орон тоогоор цомхотгож миний оронд хэлтэй устай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан. Би барилгын инженерээр коллеж төгссөн ч гэлээ ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүн. Олон жил төрийн байгууллагад үйлчилгээний ажилтан хийж хүний хөл гарт гүйх зарц шиг л амьдарсаар ирсэн.
    Эр нөхрөөсөө яагаад салсан юм бэ гэж үү? Өнөө л нэг архинаас болоод… Би үр хүүхдүүдээ хэрүүл зовлонгүй, зодоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг хүссэн юм. Өлөн зэлмэн ходоодтой байлаа ч гэсэн өршөөх уучлах сэтгэл зүрхгүй болчих вий гэж айсан юм. Эр нөхөр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Зүгээр л амьдралд хэтэрхий бууж өгөмтгий, сэтгэлийн хатгүй, архинд толгойгоо мэдүүлчихсэн л байсан. Намайг хамаг хувцсыг нь цүнхэнд чихэж өгөөд гаргахад юу ч хэлэлгүй үүрч аваад л өөрийнхөө төрсөн нутаг руу яваад өгсөн. Уг нь би намайг аргадаад, үр хүүхдээ бодоод ядаж хотоос холдохгүй байх гэж дотроо найдаж л байлаа. Гэтэл нэг л мэдсэн манай гэр бүл ганцхан хүний цалин харж ганцхан ээжийн гар харахаас өөр аргагүй хүндхэн үетэй нүүр тулгарсан.
    Би хүүхдүүддээ л их баярлаж явдаг. Тийм хүнд хэцүү үед ээжийгээ ойлгож өлссөн байлаа ч хоол нэхэлгүй, багадсан байлаа ч хувцас гуйлгүй, нэг нэгнийхээ уранхай ноорхойг нөхөж өлссөн нэгнийхээ ходоодыг айлаас хоол гуйж байгаад цатгаж өгдөг байсан тэр их тэвчээр, амьдралын тэмцэлд нь талархаж явдаг юм. Би угаасаа муу ээж байсан. Хэрвээ бүр эхнээс нь хөөж бодох юм бол бүгд л миний алдаанаас эхэлсэн юм.
    Одоогоос 22 жилийн өмнө нөхөртэйгөө суух үедээ би амьдралын талаар гүн гүнзгий бодох хэрэгтэй байж. Эр нөхрөө сайн шинжиж дүгнэн тэр хүнийг сайн мэдэж, ойлгож бас хүмүүжүүлэх их ухаан тээх хэрэгтэй байж. Ээж минь надад хэлж л байсан.
    “Чи хол нутгийн хүнтэй суух гэж зүтгээд байх юм. Энэ хүний талаар чи юу мэдэх вэ? Хамтдаа нэг оронд ороод л хайр бий болчихдог юм биш. Хэдэн арван жил ханилсан мөртлөө нэг нэгнээ таньж чадахгүй хоёр тийшээ болсон хүмүүс хэдэн мянгаараа байна. Чи тэр хүнээ ядаж юуны төлөө амьдардаг, юу хийх дуртай, ямар муу зуршилтай, яаж залж чиглүүлэх хэрэгтэй талаар мэдэх үү? Эр хүн амьдралыг үүрч явдаг бол эхнэр хүн чиглүүлж явдаг юм шүү! Хамгийн гол нь харамсах вий. Чи өөрөө л мэд.” гэж байсан.
    Тэр үед ээжийг хатуу үг л хэлж байна даа гэж бодсоноос биш хэрэгтэй зүйл яриад байгааг нь ойлгох тархи байсангүй дээ. Намайг явахын өмнөх өдөр аав маань шөнөжин надтай ярилцаж байлаа. Тэр их ярианаас одоо толгойд нэг л зүйл бүтэн үлдсэн байна.
    “Чи аавыгаа хүчтэй учраас энэ амьдрал ийм сайхан байна гэж боддог уу? Гэхдээ ээж чинь мундаг учраас л би ийм хүчтэй харагдаж байгаа юм. Ээж чинь надад үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстойг ойлгуулах гэж амьдралынхаа арван жилийг үрсэн хүн. Хайран сайхан залуу насаа шүү дээ. Хайрлаж дурлалгүй яах вэ? Залуу нас хүн бүхэнд л байдаг зүйл. Харин ханилж амьдрал бүтээнэ гэдэг чинь их ухаан шаардана. Бүх л хүчтэй эрчүүд өөрийнх нь ард байгаа эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Ээжийн чинь өсгөсөн 6 хүүхэд бас дээр нь нэмээд 50 хүрч байгаа намайг нэмбэл үүрч яваа ачааг нь хэмжих боломжгүй. Хэрвээ аавынхаа гэрээс холдох гэж, сургууль төгсөөд бие даах ёстой гэж бодоод эндээс зугтах шахам явж байгаа бол ахин дахин сайн бодоод үз. Хүн шаварт зоогдсон бол тэр газраас гаран гартлаа шавартайгаа л тэмцэлдэнэ. Харин гарсан хойноо тэнд анхнаасаа орох хэрэггүй байсныг ойлгодог юм. Ээж чинь чамайг болиулаад өгөөч ээ гэж намайг ятгасан. Харин аав нь чамайг өөрөө мэд дээ л гэж хэлнэ. Харин нэг зүйлийг санаарай. Хэрвээ эр нөхөртөө хариуцлага үүрүүлж, зовлон даалгуулж сургахгүй юм бол тэр бүх зүйлээ чи өөрөө үүрч явахаас өөр аргагүй болно шүү!”
    Яагаад тэр үед аав ээж хоёр минь мэдсэн юм шиг ийм зөвлөгөө өгөөд байсан юм бол доо гэж одоо ч гайхдаг. Гэхдээ би амьдралд бууж өгөөгүй ээ! Одоо би гурван салбартай барилгын материалын дэлгүүр ажиллуулж дөрвөн хүүхэд маань ээждээ туслаад сайхан л амьдарч байна. Харин саяхан салсан нөхөр маань нутагтаа өөд болсон талаар таагүй мэдээ дууллаа. Бас л өөрийгөө буруутгах гээд байх юм. Залуу насандаа хамтдаа бүгдийг бүтээнэ гэж гараас нь атгаж амьдрал уруу зүглэсэн мөртлөө замын голд нэгнээ орхисон юм шиг мэдрэмж төрөөд байна. Ер нь тэгээд хайр дурлал байсан ч байгаагүй ч нэг нэгнийхээ төлөө амьдрах сэтгэл, зүтгэл байх юм бол юуг л бол юуг бүтээж болдог. Хэрвээ гучин насанд минь одоогийн тавин нас шиг ухаан бас энэрэх уучлах сэтгэл байсан сан бол би гэр бүлээ аварч чадах байлаа. Хүмүүс намайг чи өөрийгөө битгий буруутга, чи буруугүй гэж хэлдэг. Гэхдээ би буруутай. Хэн нэгэн хүн намайг энэ амьдрал руу түлхээгүй. Би өөрөө гүйж орсон. Хэн нэгэн хүн надад нөхөр сонгож өгөөгүй. Би өөрөө түүнийг сонгосон. Хэн нэгэн танихгүй хүнтэй би амьдрал эхлүүлээгүй. Би хайртай байсан учраас хамтдаа бүгдийг эхлүүлсэн. Хэрвээ надад багахан ухаан өчүүхэн хүч байсан бол би энэ амьдралыг элэг бүтэн авч явж чадах байсан.
    Яг үнэндээ нөхрөөсөө илүү би өөрөө хүчгүй байсан юм билээ. Хэн нэгний эхнэрийн өмссөн зүүснийг ярьж, яаж баян тансаг амьдрах талаар ярихаас биш эр нөхрийнхөө юу хүсээд, юу бүтээх гээд байгааг нэг ч удаа бодож байсангүй. Аз жаргалыг их хямдхан зүйлээр би харж байж. Хүүхнүүд минь сайн бодож байж урагшаа алх. Хэрвээ аль хэдийн алхчихсан бол сайн бодож байж нүүдэл хий. Гэрлэлтээ салгалаа гээд эргээд амьдрал сайхан болохгүй. Чи өнөө л ачаагаа үүрээд л алхана. Бүх зүйлийг өөрөө болгож бүтээж байгаа гэж бардаж ориллоо гээд хэн ч чамайг сонсохгүй. Учир нь тэр ачааг чи л өөрөө нуруун дээрээ үүрчихсэн. Түүнээс биш хэн нэгэн чамайг тамлаад зовоогоод зарцлаад байгаа хэрэг биш шүү дээ. Одоо ингээд ганцаараа хөгширч, ганцаараа цайгаа ууж, ганцаараа орондоо орох тоолондоо өөрийнхөө тэнэг залуу насыг зэмлэмээр санагддаг юм. Бас хэдэн хүүхдээ хадамд гаргахдаа нүүрээ улалзуулан ганцаараа сууна. Тэд нарт маань ч амаргүй л байдаг. Нүднээс нь харагддаг юм. Хүчирхэг эмэгтэй хүн л гэр бүлээ аварч үлддэг, харин сул дорой нь түүнийг таллаж хуваадаг. Би үүнийг өөрийнхөө зүрхний гүнээс тархины булангаас гаргаж та нартаа уудлаж байна. Би алдсан. Харин чи алдаж болохгүй. Бусдын алдааг ахин батлах хэрэггүй. Харин бусдын алдаанаас суралцаж өөрийнхөө алдааг олж хараад засах хэрэгтэй.”

  • Уран нугаралт

     

    Эхний хэсэгт: 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог.Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан ба үүнд бурхадын намба төрх,ан амьтадын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.
    Хоёрдугаарт: 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна.1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирийн хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлсэн. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтөй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.
    Гуравдугарт :1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс хойш циркийн нэг төрөл болж хөгжсөн юм.Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжсөн. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.
    Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ

  • БИД ШИКАНОШИМА АРАЛ ДЭЭР ЗОГСОЖ БАЙНА

    Энэ бол Хубилай хааны их цэрэг хааны элчийг хөнөөж ихэмсэглэх хийрхүү самуурай нараас ял асууж хандыг дарахаар далай бүрхэн орж ирж байгаа Хубилай хааны их цэрэг байв. Уг нь Хубилай хаан Сүн улсыг эзэлсний дараа японтой холбоо харьцаа тогтоох талаар санаачилж гурван ч удаа элч илгээсэнд тэд хариу өгөөгүйгээр барахгүй хамгийн сүүлд илгээсэн улс төрийн өндөр соёлтой мэдлэгтэй боловсролтой Туушчин нэртэй элчийг нь цаазлан хороосонд хорсохоос аргагүй. Туушчин цаазлагдахаасаа өмнө хэдэн мөр шүлэг хэлсэн гэнэ. ” Илд исгэрэхэд энэ бие минь өнхөрч одно. Их хэргийн санааг энэ илд хорихгүй. Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно. Санаа зориг хоёрыг салхи ч илд ч мохоохгүй. Наран мандахаас шингэх хязгаар хүртэл их Юань улс ялан дийлсээр байх болно гэжээ. Энэ шүлгийг япончууд хадан дээр сийлж үлдээсэн түүхтэй. Ирэх замдаа монгол цэргийн жанжин Шиндуу өвчнөөр нас барсан тул хятад жанжин удирдаж иржээ. Эрэг дээр тэд эсэн мэнд буун тулалдах үед хятад жанжин шархадсан тул тэд цэргээ татан далайд гарсан байна. Үүний араас солонгос цэргүүд ч бас гарч. эрэг дээр түм хүрэхтэй үгүйтэй монгол цэргүүд үлдсэн байна. Тэд морьтойгоо байсан бололтой. Бидний үзсэн музейд монгол дөрөөнүүд их байсан бөгөөд мөн морьтой цэргүүд зурсан байсан. Гэтэл шөнө нь далайн хүчтэй шуурга шуурч бүх хөлөг онгоцыг нь хаман одож далай дээр зөвхөн сүйрсэн хөлөг онгоцны сэг, үхсэн хүний цогцосоор дүүрсэн байж. Ингээд хаашаа гарах гарцгүй болсон түмэн монгол цэрэг дотроосоо жанжинаа сонгоод бүхэл бүтэн улсын армитай сар шахам тулалджээ. Тэнд тогтох аргагүй болсон тул нэг шөнө тэд алагдсан самуурайн хувцас хэрэглэлийг өмсөн туг хиурыг нь барин холгүй байсан нэгэн цайзад хүрвэл самуурай нар манайхан гэж андуураад цайздаа оруулахад нь тус цайзыг эзэлж аваад хориглочихож. Самуурай нар бүх хүчээрээ дайрч таараа. Энд тэсэх аргагүй болсон тэд нэгэн шөнө ухасхийн гараад гэнэт эзэн хааны ордон руу доволж золтой эзлэн эзэн хааныг барих шахсан боловч аргагүй хүчин мөхөспөн эцсийн монгол эр сүүлчийн амьсгалаа таттал тулалдсан гэнэ. Ингээд япончууд монголчуудын цогцосыг цуглуулан энэ Шиканошима арал дээр булж амьд баригдсан шархадсан бүгдийг нь мөн энд цаазлан хороож булшлан их ном хурж хараал жатга хийж чулуу босгожээ.
    Японы Хаката булангийн дэргэдэх Шиканошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуу, зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлснээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай өгүүлсэн нь бий. Тэрээр энэ газар очно гэж олон жил бодож яваад нэг удаа японд болсон олон улсын эрдэмтдийн хуралд ирэхдээ энэ бодлоо гүйцээжээ. Далай гуай Алтай Хангай Хэнтий гурван их тахилгат хайрханаасаа нэг нэг чулуу, Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралт хайрханы цармаас арц, хээр талаасаа адууны хөх хомоол хонгорцог авч ирэн уугиулж суухдаа нулимс унагаж байсан гэдэг. Дэ ван ч бас ирж хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Бид ч очоод сэтгэл эмзэглэв. Миний зогсож байгаа энэ газар сайхан монгол хүү дуулгаа дэрлээд оочсон доо гэж бодохоос хөл минь хүнд туухай дүүжилчихсэн юм шиг хөдөлж өгөхгүй байлаа. Үүнийг уншсан бүхэн цаашид түгээхийг та нараасаа хүсье. Өтгөсийн минь сүнс баярлаг.
    Яруу найрагч ‪#‎Нямжав_Сүхдорж‬‬‬

  • Дээл

    Дээлийн ар бие-Амьдрал дээр аливаа тэмцэл тулалдаанд бат бэх ар тал асар их ач холбогдолтой байдгийн нэгэн адил бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын срэг арга засал хийхэд ар талаас нь гэндүүлэн цохих сүр хүчний цохилтоос болгоомжилж хуяг нөмрөх хэрэгтэй гэдэг. Ийм учраас бөөгийн өмсгөлийн ар биед түүний бүх могой-манжиг, хонхинуур-холбогын дийлэнх олонхийг байрлуулдаг билээ.
    Дээлийн бүс-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө нар газар лусаа хөллөж /хүчийг олж/ бөөлдөг учир газар уснаа явагч могойн дүрсийг бүс болгон хэрэглэдэг уламжлалтай. Үүнийг цааш нь нарийвчилбал хуулар овгийн зайрангийн бөө дээлийн могойн дүрсэн бүс гурван ац сүүлтэй бол удганых шувтан ганц сүүлтэйн дээр эдгээр бүсүүдийг хүрэн улаан өнгийн эдээр дүрслэн үйлддэг байжээ.
    Дээлийн бүч-Бөөгийн өмсгөлд байдаг бүч нь лус савдагийн элч нар буюу лусын амьтан болох могойнууд хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, ямба ёс, хучлага дэвсгэр эсвэл илд, сэлэм зэрэг зэвсгийг илэрхийлдэг гэдэг. Монгол угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх цэнхэр өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй гурвалжин үзүүртэй байдаг.
    Дээлийн зах-XX зууны эхэн дунд үеийн монгол харын болон шарын бөө нарын бөө дээлийн зах нь тухайн үеийн монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн нэгэн адил манж захтай байсан нь язгуурын монгол үндэсний дээлийн зайвар зах, бурхан шашны монгол лам дээлийн зах болж хувирсантай холбоотой. Үүнээс улбаалж хүн амыг дотор нь лам хар гэж нийгмийн байдлаар нь хоёр хувааж хар нь эр эмийн ялгаагүй төрийн тал болсон учир хан төрийн, лам нь монголын шашны ёсыг дагах болсон байна.
    Дээлийн манжиг-Бөөгийн шүтлэгтэнүүд газар уснаа явагч могойг лус савдгийн амьтан хэмээн үзэж бөөгийн өмсгөл хэрэгсэлд дүрслэхдээ могойн дүрсийг олноор нь нэгэн дор багцлан байрлуулсныг монгол харын бөө нар манжлаг буюу цацаг хэмээн нэрлэсэн нь сунжирч манжиг гэсэн нэр үг болон хувирчээ. Манжигийг томж эрчлүүлсэн хонины ноос, хөвөнгөөр дүрсэлж гадуур нь зохих өнгийн даавуугаар бүрж, бүтээгээд, бөө дээлийн үндсэн хэсэг болгон хадалж бэхэлдгийн дээр ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг.
    Дээлийн өрбөлгө-Монгол бөөгийн тухай түүхэн домгуудад эртний алдарт бөө нар төрийн цаазын өмнө хүзүү толгойгоо гудайлгах үед биеийг нь эзэмдсэн онгод тэдний хоёр мөрний тус газраас нь ямар нэгэн шувуу болон нисэн одсон тухай өгүүлдэг.
    Домгийн шувуудын нисэн одсон тэр газар буюу бөө дээлийн хоёр мөрөн дээр харын бөөгийнхөнд бүргэд, шарын бөөгийнхөнд улаан цоохор эдээр багцлан өдийг нь сарвайлган бэхэлсэан байдаг. Харын бөөгийн ийнхүү багцалж бэхэлсэн бүргэдийн өдийг өрбөлгө хэмээн нэрлэдэг.
    Дээлийн суга-Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир түүгээр бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор харын бөө нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар цоорхой хийсэн байдаг.

  • УРИАНХАЙ БӨӨГИЙН ОНГОДЫН ТАМЛАГА

    Ээ Баян уужим дэлхий дээр
    Туулар хуулар бээрийч
    Тумсоо хомда тойрийч
    Шигшрэг үчиндээ цөөлдвөр
    Сэнхэр уулын цүүвэр
    Бурхан уулын заяагдмал
    Босоо эгшимэл сононгорол
    Тасаршгоо ундармал онгон
    Тарлан цоохор чувтар
    Олон уулын савдаг
    Олдошгоо догшин заяач
    Үүлэн хөнгөн ёвдалтай
    Үхэшгоо мөнхийн хувьтай
    Үүр шөнийн хувиралттай
    Үелзүүр цэнхэр онгон тал
    Ар үр манууст
    Ач буяан хайрлыт
    Арвин хур буулгыт
    Аманаа хишиг тосдийт
    Ертөнцийн наранд ээлгийт
    Есин үеэр жиргуулийт
    Ээ хурай, хурай хурай ээ

  • ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА

     

    Тэнгэр бол амьдрал үүсэж оршихын жам ёсны хууль, ертөнцийн мөнхийн удирдагч гэсэн ойлголт юм. Тэнгэр амьдралыг, газар эд зүйл, хэлбэр дүрсийг билэгддэг. Тэнгэрийг-Эцэг, Газрыг –Эх гэж үздэг. Иймээс тэнгэр хүнд оюун санааг өгдөг гэж үздэг. Тэнгэрийн эрхшээлээр хүн газар дээр төрдөг гэсэн ойлголт байдаг. Эртний Монголчуудын “Мөнх тэнгэр”, “Хөх тэнгэр” гэсэн ойлголт маш эртний ойлголт юм. “Мөнх тэнгэрийн сангийн” сударт:

    “Үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр
    Хамгийн дээд мөнх тэнгэр
    Хамаг бүгдийг заяасан тэнгэр
    Хөдлөхүйн дээд мөнх тэнгэр
    Хөдлөх бүгдийг заяасан тэнгэр” гэсэн байдаг.

    Чингис хаан, нүүдэлчин Монголын ураг омгийг нэгтгээд зогсоогүй, “Мөнх тэнгэрийн” шүтлэг соёлыг дэлгэрүүлсэн нь өнөө хүртэл үргэлжлүүлэн ирсэн байна.

    Мөнх хааны хэлснээр “Бид тэнгэрийн зарлигаар төрж, түүний ачаар амьдарч, түүний тааллаар тэнгэрт хальдаг” билээ. Чингисээс хойш түүний тухай олон янзаар бичдэг боловч тэнгэрийн агуу их хүчнээс айн сүрдэж дагадаг, хүмүүсийг хувиаргүй захирах, тэр агуу их хүч тэнгэр бурханд оршиж, тэр нь ивээж, тэтгэж, сүр хүчийг үзүүлж ирсэн болохыг их хааныг тойрон хүрээлсэн бөө нар түүний агуу их хүчийг эзэмшсэн хүмүүс байсан юм.

    “Мөнх тэнгэр бол аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цорын ганц бурхан” хэмээн дахин шүтэгдэж байсан аж.

    1254 онд Мөнх хаан Франкын хаанд илгээсэн бичигтээ “Энэ бол мөнх тэнгэрийн зарлиг. Тэнгэрр дээр цорын ганц бурхан мөнх тэнгэр, газар дээр цорын ганц эзэн түүний хөвгүүн Чингис хаан оршин байдаг. Морьдын туурай хүрч чадах даян дэлхийн өнцөг булан бүрт оршин суугчид та бүгд сайтар сонсож мэдтүгэй, мөнх тэнгэрээс Чингис хаанд уламжилсан зарлигийг Их Монгол улсын Мөнх хаан Франкын Луюс ван болон бусад ноёд язгууртан, лам хуврагт, мөн түүнчлэн фракын бүх ард иргэдэд зарлан тунхагласугай. Миний бие Их Монгол улсын дээдийн дээд эзэн хаан учраас даян дэлхийн нийт ард иргэд хийгээд шүтлэгтэн олны цэнгэл жаргал, сайн сайхны тусын тулд мөнх тэнгэрийн засаг билгийг мэдүүлэхээр таны элчээр бичиг илгээв. Мөнх тэнгэрийн хүчинд даян дэлхийд энх хялбар тогтох тэр цагт сая биднийг ойлгох болмой” хэмээжээ. Үүнийг Мөнх тэнгэрийн шашны хамгийн ойлгомжтой тайлбар гэж үзэхээс өөр аргагүй билээ.

    Монгол бөөгийн үзэлд мөнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зүйл биш, хийн чанартай зүйл гэж үздэг түгээмэл ойлолт байдаг.
    Бөөгийн үзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хүнийг үргэлж дагаж, ажил үйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдүйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шүтэж биширдэг.
    Харсан тэнгэр гэдэг үзлээсээ улбаалан Монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр гэх мэт ойлолт түгээмэл дэлгэрсэн байдаг. Хэрэв түүнийг зүй бус үйлдлээр гомдооход хүрвэл түүний нарт ертөнцөд амьдрах хугацааг нь богиносгоход хүрнэ гэж үздэг. Ийм учраас харсан тэнгэр гэдгээ эрхэмлэн дээдэлж, “Мөнх хөх тэнгэр” гэж хүндэтгэн дээдэлж, бишрэн зальбарч байдаг.

    Бөө мөргөлийн сүсэглэн буй тэнгэр нь нүднээ үл үзэгдэх агуу их хязгааргүй чандын далд орших амьдлаг ертөнцөд дүрсгүй оршдог. Энэ нь дотоод мөн чанар бол гадаад мөн чанар нь нүдэнд цэнхэрлэн харагддаг хөх тэнгэр юм. Огторгуй ертөнц гэдэг нь “огторгуй” орчлон юм.

    Монголчууд тэнгэр нь хүний бодол санаа, үйл хөдлөл бүхий л зүйлийг харж чаддаг учраас тэнгэрийн шүүлтээс хэнч нуугдаж чадахгүй гэж үздэг. Тийм учраас Монголчууд үнэнийг мэдрээд өндөр дуугаар “Тэнгэр чи мэд”, “Тэнгэр чи шүү” гэж ярьдаг. Хэрэв ард түмэн, хувь хүн болоод хаан ямар нэг муу юм хийсэн бол байгалийн гайхамшигт үзэгдэл түүнийг илрүүлж тэнгэр гэсгээнэ гэдэг.
    Амьд бүхнийг тэтгэсэн
    Алтан шар нар минь
    Алсын замыг заасан
    Алтан гадас од минь
    Атаа таван тэнгэр минь
    Лусын найман аймаг минь
    Харсан долоон од минь
    Барууны 55 цагаан тэнгэр минь
    Зүүний 44 харын тэнгэр минь
    Хүчит 33 хурмаст минь
    Номтын 33 баатрууд минь
    Хясаан улаан тэнгэр минь
    Хялмар хатан ээж минь
    Ойхны 13 ноёдууд минь
    Номын хатан ээж минь
    Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн
    Саруул зүгийн заяа билээ та бүхэн
    Тэнгэр нь сайн юмны эх булаг боловч бас дайсагнасан догшин сүнс болон муу зүйлийг бас агуулдаг. Жишээ нь гэр орон, модыг аянга ниргэж сүйтгэх юм бол тэнд муу сүнс орогносон муу юм шүглэсэн гэж үздэг.

    Монгол бөө мөргөл эртнээс нааш цагаан тэнгэрийг шүтэгч цагаан талын бөө, хар тэнгэрийг шүтэгч “хар талын бөө” гэж ялгаатай байсан. Үүний тод жишээ бол Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд буй “Хайрханы 13 овоо” буюу “Цагааныхан, Харынхан” гэх овоонууд юм.

    Цагаан тэнгэрийн шүтээн нь голчлон шүтэх сайшаал ерөөлийг өргөн бүх юмыг сайн сайхан талаас нь үзэж туулайн чинээ цагаан уулын чинээ харыг дарна” гэсэн үзлээр явдаг. Хар талын бөө цагаан тэнгэрийг шүтэхийн хамт хар зүгийн 44 тэнгэрийг тахиж сайн муу бүгдийг хийж ирсэн байна.

    Тэнгэрийг хар цагаанаар нь ялгах болсон нэгэн домогт тэнгэрүүд хоорондоо тэрсэлдэн тэмцэлдэхэд Мөнх тэнгэр эцэг тэднийг зохицуулах гэсэн боловч болохгүй болохоор нь ниргэж орхиж. Гэтэл дөчин дөрвөн хар тэнгэр зугтан зайлж зүүн зүгт гарчээ. Үлдсэн цагаан зүгийн тэнгэр шүтлэгтэнгүүд нь Барууны 55 цагаан тэнгэр болсон гэдэг.

  • Уулзаж ярилцлаа.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөө судлаач Ш.Сүхбаттай ярилцаж, ойрын саруудад хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодотголоо. Судлаач Ш.Сүбат МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой үнэтэй зөвлөгөө өглөө. Монгол Улсад бөөгийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийг тэмдэглэхтэй холбоотой сурталчилгааны ажлыг хамтарч хийх талаар тохиролцлоо.

     

  • БӨӨГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

    2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн Бөөгийн зөвлөл хуралдаж аймгуудын Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэж, Хариуцсан Дээд цэцийн гишүүдийн ажлын хариуцлагыг дүгнэж ярилцлаа.

    АЙМГУУДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,ДҮН
    МБНЭ-ийн Дээд цэцийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3 тоот шийдвэрийн биелэлтийг гаргаж, МБНЭ-ийн Аймаг, нийслэлийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэлээ.

    МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг тухайн жилийн 11 дотор нэгтгэн дүгнэж байх ажээ.

     

    djmedia:321
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

    Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн хурал болж, 2014 онд хийсэн ажлын талаар ярилцсан байна. Хурлын эхэнд Баян-Өлгий аймгийн удган, МБНЭ-ийн “Хүрэл шонхор” медальт Энхтуяагийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Бөөгийн хүрээлэнгийн хамт олон 2015 онд болох Монгол Улсын толгой уул” Цэнгэл хайрхан” буюу “Цаст хайрхан”-ы Нэгдсэн Их тахилгын бэлтгэл хангах ажлын талаар зөвлөлдөж, ажлаа хуваарьлаж авсан байна. Мөн МБНЭ-ийн Бага хуралдайн Наймдугаар хуралдаанд гурван төлөөлөгч оролцуулахаар болжээ.