Author: admin_shaman

  • ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ

    Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.
    “Вашингтон пост” гээд Америкийн том сонин бий. Тэр сонин дэлхийн “Мянганы хүн”-ийг тодруулсан. Энэ мянганд хамгийн суут хүн Чингис хаан байсан. Гэхдээ яаж, ямар шалгуураар энэ хүнийг тодруулсан бэ? Зүгээр л энэ Чингис чинь мянганы хүн байна гээд хэлчих үү? Дэлхийг хэн агшаав? Агшаана гэдэг маань энэ дэлхий гэдэг чинь их жижигхэн юм байна шүү гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг нэг хэмжүүр, энэ дэлхийн ард түмний арга технологийг хэн урагшаа ахиулав гэдэг хоёрдугаар хэмжүүр, энэ дэлхийг хүн эзэгнэж байдаг юм гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг гурван хэмжүүрээр дэлхийн бүх алдартнуудын нэрийг оруулаад цахим тооцоолуураар шалгасан байна. Тэнд Шекспир, Колумб, Напалеон, Македоны Александр гэх мэтчилэнгээр дэлхийд хамгийн алдартай хүмүүсийн нэр орсон. Тэгээд цахим тооцоолуураар шинжлэх ухааны үүднээс тооцоолоход дээрх гурван хэмжүүрийг хангасан хүн ганцхан Чингис хаан байсан. Америкчууд бас үүнд итгээгүй ээ. Дараа нь Нью-Йорк Таймс сонин бас энэ гурван хэмжүүрээр оруулсан. Дахиад л Чингис хаан тодорсон.

    Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан.
    Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой.
    Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна.
    Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал…” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?

    “Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
    “Төрийн бат бэх байх нь бодлогын сайнаас, хуулийн чангаас болмуй”, “Сэтгэл хэмээгч биеийн эзэн. Сэтгэл мунхарваас бие даруй хэвтэнэ. Эзэн хэмээгч улсын хаан, эзэн ташаарваас улс даруй мөхнө” хэмээн мөн айлджээ. Тэгэхээр хаан хүн гэдэг бол хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол манай эзэн хаанаас 800 жилийн өмнө өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүст үлдээсэн захиас гэж хэлж болно. Өнөөдөр улс төрчид алдаад л байвал улс орон маань доройтоод л байна. Хамгийн ухаан билигтэй хүн төрийг атгалцахад оролцоно гэж Чингис хаан үзэж байсан. “Онгоц үйлдэн сэлүүрийг нь зохиохуй нь гол мөрнийг гатлахын тулд болой. Эрдэмтэн ухаантныг сонгон авах нь төрийн жолоог атгалцахын тулд болой” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Төрийн жолоог мэргэн билигтэй, ухаантай түшээд атгалцах ёстой гэж үздэг байжээ.
    Тэгж ч чадсан. Мухулай, Боорчи, Сүбэдэй, Зэлмэ гээд есөн өрлөг, мөн гадны ухаантай эрдэмтэй хүмүүсийг орчуулагч зэргээр авч ажиллуулдаг байсан. Хятадын “Чингис хаан” гэдэг кинонд Елүй чуцай гээд хүн Чингисийг бараг хамраас нь хөтлөх шахаад яваад байна аа даа. Монголын ганц ч сурвалж бичигт Елүй чуцайгийн тухай байхгүй. Юань улсын түүхэнд нэг ганц хоёр хуудас байдаг юм. Гэхдээ тэр бол Хятад түүхчийн бичсэн зүйл. Монгол төрийг байгуулахад Елүй чуцай огт оролцоогүй шүү дээ. Тэр чинь бүр сүүлд Алтан улстай байлдаж явахдаа олзолж авсан хүн. Тэр кинон дээр Чингист заагаад сургаад л, төрийн бодлогод оролцоод яваад байх шиг гардаг. Үгүй шүү дээ. Монгол төрийн бодлогыг монголчууд өөрсдөө явуулж байсан. Чингисийг жаахан алдаа, ташаарал гаргавал есөн өрлөг нь засаж зааж хэлдэг байсан. “Алтан товч”-д ч байна. “Нууц товчоон”-д ч тодорхой бичээстэй байна. Хамаг Монгол, Их Монгол Улс бол жинхэнэ монгол ухаанаар, өөрөөр хэлбэл Чингис хааны ухаанаар үүсч хөгжсөн юм.

    Төр ард түмнээ жаргаах бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хаантан дэндүү ухаарч байлаа. Нэг удаа Чингис хаан Алтай уулан дээр гараад хатад, охид, жанжид цэргүүд, ард иргэддээ хандаж, “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн гоолин нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар гал сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангитан санах нь, эднийхээ аманд амтат чихэр хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалаг, амттайгаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлуулахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр узуур зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” гэж хэлсэн байна. Тэрчилэн “Эзэнт гүрний харъяат хэн ч бай, монгол хүнийг боол буюу зарц болгож болохгүй” гэж хуульчилан заасан байна. Боолын худалдаа цэцэглэж байсан тэр аймшигт үед монгол хүн хаана ч цээж түхэгэр, толгой гэдгэр, омог бардам явж байж шүү.
    Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
    Би “Монголын нууц товчоо”-г хүүхэд байхаасаа л уншиж эхэлсэн. Хэд дахин уншсаныг мэдэхгүй. Энэ ертөнцийг үзэх үзлийн талаар 1996 оноос судалж эхэлсэн юм. “Нууц товчоо”, “Алтан товч”-ийг үзээд байхад Чингисийн гоё гоё сургаал гарч ирдэг. Энэ сургаалиудаар жижигхэн ном хийе гэж бодоод “Чингисийн оюун билгийн соёрхол” гээд өврийн ном бичсэн. 1999 оноос хойш 100 гаруй номыг Англи, Орос, Монгол хэл дээр уншиж байж энэ бүх сургаалиудыг цуглуулж авсан. Тэгээд “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичсэн юм.

    “Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.
    Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай.

    Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Г.АКИМ

  • ӨВ СОЁЛ: Ардын уламжлалт тоглоом

    1. Шагайн тоглоом
    2. Хөлөгт тоглоом
    3. Оньсон тоглоом
    4. Аман наадам
    5. Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ
    6. Өрж эвлүүлдэг тоглоом
    7. Чамабалын хүрд
    8. Хуруу гараар наадах наадгай
    9. Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай
    10. Тооцоолох наадгай
    11. Эвхэх,хайчлах наадгай
    12. Илбэ,мэрэг
    13. Мөсөн дээрх наадам
    14. Эрийн гурван наадам зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан уламжлалтай билээ.
    Манай ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна.
    Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадамаас голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий.
    Оньсон тоглоом
    Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлэж, улам боловсронгуй болгон хөгжүүлж ирсэн оюуны үнэт бүтээл болох оньсон тоглоом юм Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн барим байдаг./Тулуй 1221 онд Хорезмын довгоонд 300 чөдөр оньс хэргэлсэн/ Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар,тэрэг,чарга энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж.бас энгэр зөршүүлэхдээ ашигладаг байж.
    Өрж эвлүүлдэг тоглоом
    Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо“, “Бага эв долоо”, “Жигтэйхэн долоон хавтгай” зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож “Долоодой”, “Арга билгийн алтан түлхүүр”, “Монгольская игра буюу Намсрай”, “Тэмүүлэн” зэрэг эртний болон эдүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн бодох чадвар, зохион бүтээх, өрж эвлүүлэх ухаанд сургах, дүрслэн урлах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ашигласаар ирсэн билээ.
    Орчин үед өрж эвлүүлдэг тоглоомыг одоо хүртэл уламжлуулан хөгжүүлэхэд Н.Намжилдорж, Х.Дарамбазар, Ж.Дэмбэрэл, П.Баяраа нарын хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж цуглуулан эмхтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой” хэмээх тоглоом зохиож энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам, Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд 1966 онд “Монголын хөлөгт тоглоом” номдоо оруулсан байна. П.Баяраа 1991 онд “Намсрай” тоглоомыг зохиож, цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Уг тоглоом “Монгольская игра” нэртэйгээр Орос улсад үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж байна.
    Өрж эвлүүлэх тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар, хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, улмаар аман яриа, уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм.
    Тэмүүлэн тоглоом
    Aрдын уламжлалт өрж эвлүүлдэг Долоодой, Жигтэйхэн 7 хавтгай зэрэг тоглоомууд болон Коссын шоо, Мотессорын жааз, хөзөр, даалуу зэрэг тоглоомуудын бүхий л шинжийг агуулсан, тэдгээр тоглоомыг орлож чадахаар сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой, хүүхдийн сэтгэн бодох, дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой цогцолбор тоглоом юм.
    Тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь: хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох, дүрслэн урлах чадвар, IQ-г хөгжүүлэх, бага насны хүүхдийн хичээл сургалтыг сонирхолтой хөгжилтэй болгож сургалтын үйл ажиллагаанд тоглоомоор дамжуулан хүүхдийн математик сэтгэлгээ, дүрслэн урлах, зохион бүтээн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагаанд дидактик материал болж сургалтын процест хүүхдэд сэтгэхүйн үйлдэл төлөвшүүлэхэд задлан шинжлэх, цэгцлэн нэгтгэж, оюун дүгнэлт гаргах ажиллагаанд тоглоомын хэлбэрээр ашиглах өргөн боломж олгодгоор онцлог чухал ач холбогдолтой юм.
    Үүнд:
    1. Өнгө дүрстэй танилцуулах
    2. Математик сэтгэлгээг хөгжүүлэх
    3. Дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх
    4. Сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх
    5. Тооцоолон бодох арга ухаанд цэгцтэй сургах зэргээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөгжилтэй сонирхолтой болгодог.
    Намсрай тоглоом
    Энэхүү өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжи , 2 ижил квадрат дүрс, 1 том, 4 ижил жижиг адил талт гонзгой дөрвөлжин зэрэг 3 янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон, энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог шинжтэй, хамгийн цөөн дүрс бүхи,й олон тооны хувилбартай, ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг П.Баяраа 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь өрсөн дүрсээс харж зурж будах, эцэст нь өөрсдөөр нь янз бүрийн дүрс, хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.

  • Жиньдандаогийн хядлага

    Улаан малгайтны бослого[1] (англи:Jingdandao incident) нь 1891 онд Хятад тариачин Ян Ей Чуан удирдсан, хятад тариачдын самуун дэгдэж, Өмнөд Монголын 49 хошууны Зостын чуулган, Зуу Удын чуулганы нутгийг хамарсан. Нийт 150,000 гаруй монголчуудыг хядсан нь монголчуудын түүхэнд монгол үндэстний эсрэг хамгийн том геноцидүүдийн нэг болсон юм. Дараа нь энэхүү алан хядлагыг бослого хэмээн Хятадууд нэрлэж өөрсдийгөө өмөөрсөн юм.Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засаг захиргааны түшмэдтэй хуйвалдаж, Зостын чуулганд (одоогийн Улаанхад), Харчин гурван хошуу, Зуу Удын чуулганы Аохан хошуу, Баарин хоёр хошуу зэрэг олон хошуу нутгийг хамарч, 48 өдөрт 150,000 – 500,000 гаруй монголчуудыг хяджээ.Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

  • С.Урантөгс: Чингис хааны онгоныг олсон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл

     

    Албаны тодруулгыг Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх \PhD\ С.Урантөгсөөс авлаа. Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Тэрээр:
    -Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваад ажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна гэлээ.
    Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл тус яаманд огт очоогүй ажээ. С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад зах нь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм.
    Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямар шинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваад хаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ. Үнэхээр олдворт газар илэрсэн нь л бол Харьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээг авах хүртэлх түвшинд ажилладаг” гэлээ.
    Эх сурвалж: Gogo.mn О.Ариунбилэг

  • ТА “СҮНСЭНД ДАРУУЛЖ” БАЙСАН УУ?1

    Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан.
    Энэхүү үзэгдлийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.
    Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт”-ын шинжтэй байсан байна.
    Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.
    Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:
    1. Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
    2. Нүдээ нээж, хаах
    3. Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
    4. Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
    5. Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
    6. Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.
    Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
    Удахгүй Японы их дээд сургуулиудын шалгалтын үе эхэлж байгаа тул оюутнууд хэт их стрессдэж оюуны ачаалал авахаас зайлсхийж, нойр, хоолоо сайн зохицуулахыг хичээгээрэй.
    Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.
    Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү.
    Нийт оюутан сурагчиддаа шалгалтын өндөр амжилт хүсье !!!
    Эрүүл биед саруул ухаан оршино.

    Обирин их сургууль
    Сэтгэл судлал мэргэжил 2-р курс
    Х.Сайнсанаа

  • ХОРИ БУРИАДУУД ҮҮССЭН ДОМОГ

     

    Хоридай арван нэгэн хөвгүүнтэйгээ анхан Ойхон аралд нутаглаж явах цагт Хоридай өвгөн болж, эмгэн ч мөн хөгширөв. Нэгэн өдөр эмгэн нь өвгөндөө:

    Би эмгэн болов. Арван нэгэн үр төрөв. Эдүгээ үр биеэсээ хаана одохов. Эртний тэр хувцас чимгийг минь одоо надад өгөөч. Үхэхийн урьд өмсөж нэг цэнгэмээр байна гэв.

    Өвгөн зөвшөөрч хувцас чимгийг нь эмгэндээ авч өгөв. Эмгэн хувцас чимгээ өмсөн гэрийн тооноор хун болон дэгдэж, буцаж ирээгүй гэдэг.

    Арван нэгэн хөвгүүнээс дэлгэрсэн үндэс эдүгээ хорь буриадуудыг өвөг дээдэс болсон гэдэг. Хори буриадын төрөл Ойрход эдүгээ олон болсон. Хори буриадуудуудын нэгэн дуудлагад:

    Хун шувуун уг
    Хус модон сэргэ /шазга/ хэмсээн дурсаж хунгийн ирэх ба буцахад сүү архи цацраг эртний уламжлал тогтсон байна.

    АВГАЛДАЙ ШҮТЭЭНИЙ ДОМОГ
    Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул, хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.

    Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь:

    Авгалдай хамниган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай бөгөөд бөө болсон гэдэг. Харин эхнэр нь Гуулин хааны охин Сэтэрхэн гэж авгалдаг удган байсан гэдэг. Тэдний дундаас нэгэн хүү гарсан нь Баахан гэж нэр өгчээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад бөөлөх болж гэнэ. Явахдаа хүү Баахан гэдэг хүүгээ бүү орхиорой, хичээн байж харж байгаарай гэж захижээ.

    Авгалдай өөрөө тамхинд тун дуртай нэгэн байсан аж. Хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээж орхиод саахалт айлаасаа тамхи гуйхаар очоод нэг хоёр татах тамхи олж аваад гэрлүүгээ ирж явтал гэртээ үлдсэн Баахан хөвгүүн нь гэрээс гараад эцгээсээ буруулан цааш гүйжээ. Гуугалан дуудан нэхсээр явтал нэгэн их хуй салхи дэгдэн буугаад хөвгүүнээ аварч чадалгүй өөд болсон юм.
    Эхнэр нь иргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

    АЛБИН
    Хурмаст тэнгэр нэгэн хар санааны хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэр би хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас итгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь харваад алж орхижээ.

    Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

    Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

    Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

  • ЗАЙРАН ХУРЦЖАВХЛАН, УДГАН Ц.ОЮУНБАТТАЙ ЯРИЛЦАВ.

    Монголын бөөгийн томоохон төлөөлгч Зайран Хурцжавхлан, Удган Ц.Оюунбаттай ярилцаж, МБНЭ-ийн Дээд цэцэд сонгогдох төлөөллийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хэллээ.

  • Монгол Улсын гадаад өр 31.2 тэрбум ам.долларт хүрчээ

     2020-12-15
    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцууллаа. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөгт хүрчээ.
    Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 94.7 тэрбумаар өссөн гэсэн үг. Үнэт цаасны арилжаагаар 2020 оны эхний 11 сард 39.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өнгөрсөн оныхоос 117.1 тэрбум буюу 74.7 хувиар багассан дүн боллоо.
    Улсын нийт гадаад өр энэ жилийн эхний есөн сард 31.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбумаар нэмэгджээ. Үүний 8.1 тэрбум “ногоон” нь Засгийн газрынх, 2.2 тэрбум нь Төвбанкных аж. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 678.3, 206.7 сая ам.доллароор өссөн үзүүлэлт гэнэ
    Бэлтгэсэн: Ц.Болор

  • Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол баталжээ

     

    Энэхүү айлчлалын нэг үр дүн болж батлагдсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол” нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж буй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн АНУ-ын Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.

    Уг тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороогоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр дэмжээд байсан юм.

    Энэхүү тогтоолыг хэлэлцүүлэх үеэр Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн талаар ярьж, хуулийн төслийг дэмжихийг гишүүдээс хүссэн байна.

    Харин Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жэйми Раскин энэхүү тогтоол нь Монгол Улс ардчилал, аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хүний эрхийг хүндэтгэн дээдлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа явдлыг сайшааж, хоёр улсын хоорондын чухал түншлэл өргөжин хөгжиж буйг бататгаж байгааг тэмдэглэжээ.

  • СУДЛААЧДЫН БҮЛЭГ ИРЭВ.

    Монгол Улс ардчилсан тогтолцоог хэрэгжүүлж, гадаад бодлогоо байнга сайжруулсаар ирсэн. Гадаад хамтын ажиллагаа гэдэг зөвхөн улс хоорондын асуудал биш юм. Энэ нь өгөө талдаа хүмүүс хоорондын харилцан ажиллагаанд суурилж байдаг.
    Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай олон компани байдаг ч ихэнх нь хангалттай хүчин чадалгүй, менежментийн чадваргүй, жижиг, дунд компани юм. Хоцрогдсон тоног төхөөрөмж, чанаргүй төсөл, хүрээлэн буй орчинд халтай технологи зэрэг нь монголчуудын дунд хамтарсан аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг унагах хандлага төрүүлж буй нь бодитой юм.
    Өнөөгийн олон улсын эдийн засгийн байдал болон Монголын эдийн засгийн чиг хандлагыг харахад хамтын ажиллагаа ихээхэн нөөц боломжтой юм.
    Энэ хүрээн дэх хамтын ажиллагааны гол утга нь ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ нь талуудын олон нийтийн ойлголтын үндэс болдог юм.
    Бидний урилгаар бизнесийн салбарын компаниудын судлаачдын төлөөлөл бүхий ажлын хэсэг монгол улсад ирж эдийн засгийн байдал, боломжийг нүдээр үзэж сонирхож танилцаад буцлаа. Тэдэнд ажлын уулзалтын чөлөө цагаар монголын түүх соёлын ололтыг үзэж сонирхолоо.

    djmedia:322