Author: admin_shaman

  • ЭТГЭЭД ХЭЛ /Б.РИНЧЕН/

    Үг нь монгол, үгүүлбэр нь орос
    Үзэхэд этгээд сонин хэл
    Өв соёлоо үл тоомсорлон
    Өнөөгийн байдал ийм болмай.
    Зуун түмэн үгтэй хэлэнд
    Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
    Харийн үгээр далдайгагсдыг
    Хамгийн боловсорсон гэхэд бэрх
    Гадаадын үгээр гайхуулагсдыг
    Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх
    Хэвлэл сонин үзсэн үдэшдээ
    Хэлний шинжлэлтний нойр хулжаад
    Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
    Хэнхдэг дээр чулуу дарах мэт
    Харь үгийн бүлхинд хахаж
    Харанхуй шөнө хар дарах мэт /1958.05.07/ Утга зохиол урлаг сонин

  • ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ, ЭНЭ ҮНЭН

     

    Энэ аюулын эхлэл нь Кэмбриж төгссөн доктор, судлаач нэртнүүдийн энэ мэтийн тархи угаалт юм. Бид ямар ч үед тэдэнд хууртаж болохгүй. Нэгэн үе нийтлэлч Баабар гэгч монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Тэгвэл одоо ийм ухуулга мэргэжлийн угсаатан судлаач, доктор гэх хүмүүсийн зүгээс хүчээ авах шинжтэй байна.
    Соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Д.Бум-Очир Баабарын дээрх суртал ухуулгыг үргэлжүүлж, энэ тэнд ярилцлага өгч явна. Тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:
    “Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.”
    “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.”
    “Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.”
    “Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн.”
    “Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ.”
    “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш.”

  • СҮНС БИЕ ХООРОНДЫН ХОЛБООС

    Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ заагийг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. NDE (near death experience) буюу “үхлийн ирмэг дээрх туршилт”-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнvvдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр өвчтөнүүдийн алинд ч түгшүүр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгvvлсэн байна. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт өвчин нь хүндэрч олон хоног ухаангvй байсан өвчтөн хүргэгдэж ирсэн байна.

    Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авчээ. Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хvсчээ. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн аж. Тэр өвчтөн клиник үхлийн vед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгvй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зvй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчvvдийн ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацруулж байдаг бөгөөд үүнийг бүр 1930-аад оноос өөрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотложээ. Харин 1996 оноос орчин vеийн багажаар биеэс цацрах цахилгаан соронзон оронг хvний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгvй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь тун энгийн. Амьд бие өөрөөсөө тодорхой цацраг үүсгэж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байв. Ингээд доорх дүгнэлтэд хүрсэн байна.

    НАСНЫ ДОРОЙТЛООР ҮХЭХ
    Энэ vед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биедээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу салж одох бөгөөд биеийн цацраг хэлбэрт гэрлэн бүрхүүл унтарна.

    ЗУУРДЫН ҮХЭЛ
    Насны тoo гүйцээгуй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгvй байна. Сүнс 48 цагийн турш бие дотроо эргэлдэнэ. Дараа нь гэнэт зогсож аажим бүдэг болсоор биедээ уусна.

    АМИА ХОРЛОХ ҮХЭЛ
    Гэнэтийн золгvй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас сүнс нь биенээс салах хүсэлгvй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгvй гурав хоногийн турш биедээ оршсоор л байдаг аж.

    ЗОЛГVЙ ҮХЭЛ
    Үхлийн дараах эхний дөрвөн цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа гурван цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэүзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагддаг байна

  • ЧИНГИС ХААНЫ СҮЛД БУЮУ ЭРГЭСЭН ХАСЫН УТГА

    Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрс бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм. Улаан зосон ХАС буюу Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөрмонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн …хээтэй вааран сав олдсон… Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсан сан. Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв.

    Шинэ чулуун зэвсгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг. Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав. Чулуун зэвсгийн үе нь хоёр сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр хоёр сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үе рүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хас байна. Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвийн “Монгол хасын эх орон” номноос . .Доктор Д.Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зоcoop зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичсэнийг олж үзэв. 7000 жилийн өмнө… Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож. Буган чулуун хөшөөг хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үе рүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг. “СВАСТИКА” буюу Энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ. Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан Монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу. Свастика гэдэг нь самигардиар “сайн сайхан, оршихуй” гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж. “Хаос бол хас мөн” буюу манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ? Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм…Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм.

    Тиймээс Хас маань материйн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ. Гэхдээ чухам яагаад гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгаа руу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно. …Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал баталсангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо. Бас Өвөрмонголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөрмонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин яагаад гэдгийг баталсангүй. Зүрхний тамга буюу хасын тухай гадныг мэргэдийн айлдсан нь Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А.Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү. “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно.. .Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.

    ” Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ. Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү? Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана. Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг. Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм. Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон. Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ. Мөнх тэнгэрийн хөвгүүд буюу тэнгэрийн бэлгэдэл юу вэ? Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч монголчуудын бүх шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй /нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна. Эртний монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно. “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдлөж байгаа дүрс” буюу хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увидастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм. Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ. Дэлхий буюу эртний монголчуудын нэр томъёогоор бол Этүгэн эх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна. Чингис хааны сүлд буюу “тэнгэр газраа хүч нэмэгдэж…” “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж..гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхдөдөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/ dualism/ байсан нь тодорхой байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингис хаан, Чингисийн мөнгө гэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уг номонд тавьсан байлаа. Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагираг бол, мэдээж, нарны дүрс юм. Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батална. Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ. Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхпэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа.

    Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз. Гэхдээ яагаад хайрлага /зураас/ гэж Нямаагийн номыг цааш нь ухлаа. Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархи руу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна. Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий л өөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ. Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ. Чингэхээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ. Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хас дүрсэлсэн нь бий. Өвөрмонголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу арга билиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа. Өөрөөр хэлбэл, “арга хас” гэсэн үг биш биз. Яагаад ингэж бодов гэвэл нэгд, ина. инь хоёр үгийн бичлэг төстэйгээс хоёрт. Чингис хаан Уйгарын Идагудад Алалтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ. Төр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох” /Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай. Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны доорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч, монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрдэнийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай. Хас дөрөө буюу хас дээр гишгэдгийн учир юу вэ? Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар-хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр нар буруу эргэсэн хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл баих нь л дээ. Сүлд нь овоо буюу хас арвангурванын тоотой холбогдох нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй. Хасбууд өөрөө тодорсон хас гэсэн утга байгаа юм биш биз Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хасбуу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсч, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ. Миний бие 2011 онд Өвөрмонголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгыг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн. Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжпүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж улмаар Оросын цагаан хаан хэндч дийлдэхээ байсан гэнэ.

    Ийм нэгэн хачин нууцлаг домгийг урианхай нарын дунд ярьдагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй. Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай”. Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиосон байх гэж таамагладаг аж. Ямартай ч, Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна. Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22 дугаар үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. . Тэмүжин хан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө Хөдөө аралаа хаан орноо суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсоноор дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол зүгүүдэд алдаршжээ. Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн мэт горвилон бүхий гарвай” гэжээ. Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь Хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дууриалган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам. Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг. Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ. Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхөс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.
    Хатагин Го.Аким

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН ЖАВЗАНСҮРЭН

    Монгол бөөгийн их удган Жавзансүрэн бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат удам дамжсан бөөгийн нэгэн билээ. Бөөлөлтийн үед олон сонин учралтай таардаг билээ. Монгол бөөгийн их удган Жавзансүрэнгийн нэгэн бөөлөлт дээр шувууд жигд хэмтэй жагсан нисч ирсэн юмдаг. Харин самбаачлан зурагт буулгаж чадсан нь аз гэж хэлж болох байх аа.

     
  • АЛТАЙ ТАВАН БОГДОД МУСУЛЬМАНЫ СҮМ БАРИНА ГЭНЭ ҮҮ

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очоод сонссон анхны содон мэдээ нь сумын ИТХ-аас Алтай таван богдын дэргэд мусальманы сүм байгуулах тухай шийдвэр байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар энэ суманд казак иргэд олонхийн суудлыг эзэлж, хорин нэгүүлээ болж, харин монгол иргэд цөөнх буюу найман суудал авчээ. Олонхи болсон ИТХ дахь казак иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдэж, Алтай таван богдод мусальманы сүм байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тэр сүмээ Алтай таван богдыг төрийн тахилгаар тахисаны дараа байгуулахаар тогтсон аж. Цөөнх болсон монголчууд сумынхаа төвд улс төрийн суулт хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, тэгсхийгээд үйл явдал намжив. Өнөөдрийн улс төрийн тогтсон жаяг ёсоор олонх асуудлыг хүчээр шийдвэрлэж, цөөнх тэгсхийгээд үг дуйгүй номхорсон байна.
    Гэхдээ нэг хүчин зүйлийг тооцож үзсэнгүй. Энэ нь Цэнгэл суманд казакууд олонх боловч Монгол орны газар нутаг дээр тэд цөөнх. Алтай таван богд бол Монгол үндэстний бахархалт хайрхан, тэр талаас нь үзвэл энэ асуудлыг олонх, цөөнхийн зүгээс хандах аргагүй болно. Монголчуудын, улсын хэмжээний асуудлыг 21 хүнтэй олонх шийдээд байвал зарим зүйл утгаа алдах болно. Иймэрхүү байдал газар авбал үндэстний асуудал яригдана.
    Тиймээс цаашдаа ийм асуудалд төрийн бодлого хэрэгтэй. Ийм асуудалд олонхи, цөөнхийн асуудал гэж байхгүй. Ганцхан монголчуудын эрх ашиг гэж бий. Монголчууд гэдэгт одоогийн монгол улсын газар нутагт амьдарч байгаа бүх иргэд хамаарна. Тиймээс гаргаж байгаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн өмнөөс байх ёстой гэсэн үг юм.
    Монгол нутагт анхны казак иргэд сууришаад 100 жил болж байна. Анх Баян-Өлгий аймгийг 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын VIII бага хурлын шийдвэрээр Ховд аймгаас салгаж, 10 сум, 7063 өрх, 33,3 мянган хүнтэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш түүхийн тун бага хугацаа өнгөрчээ.
    Өвөг дээдэс ухаалаг улс байж, монголд нэгдэхээр ирсэн овог аймгуудыг газар заан өгөхдөө заавал ам тангараг авч байжээ. Түүнчлэн Монгол нутгийн уул, усны нэрийг өөрчлөх эрхийг хэнд өгдөггүй байж. Харин манжийн төр монголд нөлөөтэй байхдаа монгол газрын цөөнгүй нэрийг өөрчилсөн, тэр нь төвд голдуу нэр байдаг. Өнгөрсөн 80 жилд Монгол уул, усны зарим нэрийг орчин үеийн болгож өөрчилсөн удаатай бөгөөд тэр нь орчин цагийн монгол нэр юм. Харин оршин суугчид өөрчлөн нэрлэх тохиолдол сүүлийн хэдэн жилд газар аваад байгаа бөгөөд одоо уул, усны нэр багагүй өөрчилсөн байна. Сүүлийн хэдэн жил хэвлэгдэн гарсан ном, цаг тооллын бичиг, сурталчилгааны материалд уул, ус, газрын гуч орчим хувь нь гадаад нэр дээр байна. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл аюултай үр дагавар авчирна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг газрын нэрийг хэн ч өөрчлөх учиргүй билээ.
    Казакын ард олны нэг чухал хүндлэл бол оршуулгын ёс. Анх Баян-Өлгий аймгийн нутгаар явж байхад оршуулгын газраа чулуун хашаагаар хүрээлүүлж, багагүй хэмжээний байшинд оршуулгаа байрлуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн үү, одоо байшинд байрлуулах нь багассан байна. Гэхдээ оршуулгын газар нь алсаас харахад багахан тосгон, суурин шиг голдуу төв замын дагуу, эсвэл том хөндийн голд байрлуулсан харагддаг.
    Монгол нутаг өргөн уудам билээ. Цаашид бүх л үндэстэн оршуулгын газраа сонгоход олон түмний санал хүсэлт, ёс заншилыг сайн судалж байгуулдаг болоход төр анхаарах цаг нь болжээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа:
    1. Монгол Улсын тахилгат газруудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн онгон дагшинаар байлгаж, аль ч шашины байгууллагууд өөрсдийн чиглэлээр сүм, хийд байгуулахыг хориглоё.
    2. Монголчуудын хүндэтгэж ирсэн онгон дархан газар нутгуудад оршуулгын газар байгуулахыг зогсооё.
    3. Өвөг дээдсээс өнөөг хүртэл нэрлэж ирсэн газар, нутгийн уламжлалт нэрийг өөрчилдөгийг больё.
    Манжийн төр, шашингүй үзлийн үеүүдэд, сүүлийн жилүүдэд өөрчилсөн нэрийн судалгааг гаргаж, өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн тэр л уугуул нэрийг сэргээх шаардлагатай байна.

    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • МБНЭ-ИЙН “ШИНЭ ЖИЛ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ НИЖГЭР САЙХАН БОЛЛОО.

    Оны “Шилдэг” зайрангаар Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран зайран П.Ганболд, “Хөвсгөл-Далай ээж”-ийн тахилагийг амжилттай зохион байгуулж, оны шилдэг удганаар Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа тэргүүн, Өмнөговь аймгийн Ханбогд хайрханы “Говийн Нэгдсэн Их” тахилагийг амжилттай зохион байгуулж тус тус шалгарлаа.
    Монгол Улсын өмнийн Их говийн нэгдсэн Их тахилга, Монгол Улсын хоймор болсон Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн МБНЭ-ийн Их дархан удган Д.Батчулуун, (Хөвсгөл аймаг), МБНЭ-ийн Дархан удган Хөвсгөл аймаг Д.Энхжаргал, (Хөвсгөл аймаг), МБНЭ-ийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, (Баян-Өлгий аймаг), МБНЭ-ийн Тэргүүн зайран Х.Батбаяр \Бүдээрээ\, (Хөвсгөл аймаг), МБНЭ-ийн Тэргүүн зайран Б.Баяраа \Моко\, (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн тэргүүн удган Д.Энхжаргал, (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал, (Говь-Алтай аймаг), Монгол бөөгийн буриадын Их зайран Г.Болд, (Дорнод аймаг), Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ, (Хөвсгөл аймаг), МБНЭ-ийн Тэргүүн зайран Э.Балжир, (Хөвсгөл аймаг), МБНЭ-ийн Тэргүүн зайран Д.Нямдаваа, (Хөвсгөл аймаг) тус тус ӨРГӨМЖЛӨЛ-өөр шагнагдсан байна.
    МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга, үйл ажилагаанд идэвхи, санаачилгатай оролцсон “Улаач” нар, шүтлэгтэнгүүдэд МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    • П.Батжаргал Их зайран Ховд аймаг
    • Б.Бадамсүрэн Монгол бөөгийн Тэргүүн удган, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    • Ж.Гэрэлмаа-Удган, Мандарваа хотхоны тэргүүн

    “Мөнгөн шонхор” медалиар
    • Б.Байгалмаа- Тэргүүн удган
    • Б.Наранцэцэг –МБНЭ-ийн тэргүүн удган, Самгалдай төвийн тэргүүн
    • О.Туул- Монгол бөөгийн Тэргүүн удган
    • Э.Ариунбаяр-Зайран
    • Ч.Энхцэцэг-МБНЭ-ийн гишүүн
    • С.Агий-Зайран, Төв аймаг
    • А.Тулга-Монгол бөөгийн зайран
    • А.Гантогоо-Уран дархан
    • М.Мягмаржаргал-Монгол бөөгийн удган
    • О.Болормаа-Удган
    • Б.Мялдорж-Монгол бөөгийн зайран
    • Ц.Мөнхбаяр- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв
    • Б.Хандхүү- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв

    “Хүрэл шонхор” медалиар
    • Б.Ариунзаяа-МБНЭ-ийн гишүүн, Дархан
    • Б.Батзориг- МБНЭ-ийн гишүүн, Дархан
    • Х.Бадам- МБНЭ-ийн гишүүн, Дархан
    • С.Баярхүү-Шувуут голын онгод төв
    • Ууганзаяа- Шувуут голын онгод төв
    • Б.Дамдинсүрэн-Галт шонхор
    • Ж.Цэвэлмаа- Галт шонхор
    • Ү.Гүрсэд-Хуйтан тэнгэр төв
    • Б.Солонго- Хуйтан тэнгэр төв
    • П.Баттулга- Хуйтан тэнгэр төв
    • Г.Ганхуяг-Хөвсгөл аймаг
    • А.Амаржаргал- Хөвсгөл аймаг
    • Бат-Эрдэнэ- Хөвсгөл аймаг
    • Н.Ганхуяг- Хөвсгөл аймаг
    • Т.Баттогтох-Чононгоо төв
    • П.Гантөмөр- Чононгоо төв
    • Ц.Даш- Чононгоо төв
    • Б.Төрболд- Чононгоо төв
    • Ч.Дуламжав- Чононгоо төв
    • Ш.Ганбаатар-Дорнод аймаг
    • Э.Ууганбямба-Өмнөговь аймаг
    • Б.Сугир- Өмнөговь аймаг
    • Ц.Ганхуяг- Өмнөговь аймаг
    • О.Уранчимэг-Хэнтий аймаг
    • Б.Энхээ-Баян-Өлгий аймаг
    • П.Мөнхтайван-Хэнтий аймаг
    • Ж.Өлзийсайхан-Дундговь аймаг
    • Б.Батдорж-Дорнод, Баяндун
    • Ж.Энэбиш-Баянхонгор аймаг
    • Н.Ганхуяг-Архангай аймаг
    • Д.Сосорбарам-Самгалдай төв
    • С.Төгөлдөр-Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв
    • Г.Янжинлхам- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв тус тус шагнагдлаа.

    Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Орхон-Уул, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн нар идэвхи санаачлагатай сайн ажиллажээ. Харин Завхан, Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгууд хангалтгүй ажилласан байна.
    Хамтарч нэгдэх их үйлсдээ алхам алхамаар ойртсон, хэлсэн ярьсанаа ажил хэрэг болгосон, бүтээл арвинтай жил болсон бол нөгөө талдаа биднийг хутган үймүүлэгсэд ажлаас хойш татагсад сугаран хоцорсон цаг хугацаа байлаа.
    Зарим аймгуудын Бөөгийн хүрээлэн хийсэн ажилтай байсан боловч зайран, удган нарын тодорхойлолт ирүүлэлгүй хойрго хандаснаас болж зарим зайран, удган нар шагнагдалгүй сэтгэлд гонсгор үлдлээ.

     

     

    djmedia:325
  • ӨВӨРМОНГОЛЫН СУДЛААЧТАЙ УУЛЗЛАА

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан монгол бөөгийн байгууллагын баримталж байгаа зорилт, үйл ажиллагаа, зарчимын талаар төвч танилцуулга хийлээ. Өвөрмонголын судлаач Ш.Баатар нь БНХАУ-ын Монгол бөөгийн судлаачдын бүлэгт оролцдогийн хувьд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн номууд, Монголын бөө нар тухайлан МБНЭ-ийн удирдлагуудын дугуй ширээний ярилцлага, улаач нарын бөөлөлтийг удган Т.Одончимэг, \Өөдөө удган\-ы эрх өгсөний дагуу БНХАУ-д худалдаанд гаргасныг дурьдаад албан ёсны зөвшөөрлийг танилцуулахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол БНХАУ-ын холбогдох байгууллагад гомдол гаргахаа санууллаа.
    Өвөрмонголын судлаач Ш.Баатар нь бөөгийн зан үйлээр дагнаж судалгаа хийдэг нь ярилцлагын явцад тодорхой байлаа. Тэр Хөвсгөл нуурын мөсөн дээр баярын нээлтийн арга хэмжээ, мөсний тоглоом наадгай, уралдаан тэмцээн, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон арга хэмжээнд оролцож зураг авсанаа сонирхуулж ярьлаа.
    Ойрын хугацаанд Монголын судлаач Ш.Сүхбатын өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүний олон ном хятад улсад хөрвүүлэгдэн гарах тухай ярина билээ.
    Д.Хүрэлбаатар

  • И.К.Азизов: Айсуй үхэр жил Орос, Монголын нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх болтугай

    Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хоёр талын хугацаагүй гэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Бид Аугаа их Ялалтын болон Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ. 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалтад оролцон, Улаан талбайгаар алхав. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 60 дахь ойн өдрүүдийг цахимаар зохион байгууллаа. Эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа ид өрнөж, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих боломжийг судлах, Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллалаа.
    2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жил, 3 дугаар сарын 22-ны өдөр сансарт хамтран ниссэний 40 жил гээд агуу ойн баярыг тус тус тэмдэглэнэ. Харин Монголын ард түмэн манай хоёр талын хамтын ажиллагааны түүхтэй салшгүй холбоотой Ардын хувьсгал, Монгол ардын нам, Зэвсэгт хүчний 100 жилийн, мөн Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойг тэмдэглэнэ.
    Зовсны эцэст жаргана гэгчээр өнөөгийн зовлон бэрхшээл ард хоцорч, ирж буй үхэр жил нь бүхнийг сайн сайхнаар өөрчилж, бидний нөхөрлөл, иж бүрэн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх болтугай.Та бүхэнд 2021 оны Шинэ жилийн халуун мэнд хүргэе! Эрүүл энх, энх тайван, эв эе, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  • ТУСГААР ТОГТНОЛООРОО ДААЖИГНАСАН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ буюу 109 ЖИЛИЙН хятад ТОХУУРХАЛ:

    2020.XII.29.
    Өнөөдөр, Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосоны 109 жилийн ойн өдөр. Монголчууд Та бид ч, хятадуудаас дутахгүй энэ өдөрийг, өргөн баяр болгон тэмдэглэж, хөөр бахдал болон амарцгааж сууна. Ингэхээс ч яахав: “… жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР болгон тэмдэглэж, улс Монголоороо амарч бай…” гэсэн УИХ_ын хуультай юмчинэ… :
    ИНГЭХЭД, улс Монголоороо баярлалдан хөл хөөрцөг болоод байгаа энэхүү XII сарын 29_ний өдөр нь: Монголчуудын ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР мөнүү???
    Юун хэмээн байцааваас, дараах зүйлд анхааралаа төвлөрүүлсүгэйл. Энэ ийм буй за, ИЙМ:
    … … …Ю.Н.Рерих, Инесса Ломакина нар: “…1911 оны XII сарын 15_нд VIII Богд Жавзандамба хутагтыг, Монгол Улсын Олноо Өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжилсөн…” (2, 3) гэдэг. Харин, 1955 онд хэвлэгдсэн “БНМАУ_ын түүх” номондох: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилөн суулгах ёслол болсон…” (4) гэсэн өгүүлэмж, миний анхааралыг ихэд татдаг бөгөөд энэ тухайд одоо, жаахан тодотгоё:
    “Монгол ардын хувьсгалын түүх” номондоо Б.Ширэндэв гуайч мөн: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богдыг, Монголын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах ёслол болов…” (5) гэж, онцлон тэмдэглэсэн байдаг нь басчуу үнэний ортой байж мэднэ. Халхын VIII Богд Жавзандамбыг, Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах өргөн их баяр ёслол болсон өдөрийн тухайд үгүүлсэн бичлэгүүдээс нягталж үзэвээс, хаанаар залж ёслол үйлдсэн хамагийн өндөр магадлалтай өдөр нь энэхүү “…1911 оны XII сарын 16_ны өдөр юм…” хэмээн, миний бие үздэг.
    1911 оны, Үндэсний Эрх Чөлөөний Хувисгалыг анхлан санаачилалцаж, уламаар тусгаар тогтнолын энэл их үйл хэрэгтээ эр биеэрээ идэвхийлэн зүтгэж явсан Хайсан гүнээс, Котвичид илгээсэн захидалдаа: “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээн 1911 оны XII сарын 16_нд Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө…” хэмээн (6) дуулгасан нь, анхаарах ёстой гол сэдэв бүлгээ. Энэ үед, Харчины Чин Зүтгэлт гүн Хайсан нь: Монгол Улсын Дотоод Яамны дэс түшмэлд зарлигаар томилогдон ажиллаж явсан түүхт хүмүүн төдийгүй, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслолд өөрийн биеэр оролцож явсан төрийн түшээ хүн. Тиймээс, Хайсаны энэ тэмдэглэл бол ямар нэгэн хийсвэр таамаглал биш, үйл явдалын өрнөл, бодит үнэн байдал юм. Тухайн үед Халхын Их Хүрээнд сууж байсан Хаант Орос улсын элчин коонсул Лавдовский яг энэ “1911 оны XII сарын 16_ны өдөр”, өөрийн улсынхаа Гадаад Явдалын Яамандаа илгээсэн 1,234 тоот нууц цахилгаандаа: “…Өнөөдөр, Халхын ноёдууд олон хүн оролцсон баяр ёслолын цуглаан дээр Гэгээнтэнийг, Бүх Халхын хаанаар өргөмжиллөө…” хэмээн (7) илтгэсэн байдаг нь ч мөн, тухайн үйл явдалын өрнөл, үнэнхүү учир байдал юм. “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн хаан ширээнд залан суулгасан 1911 оны XII сарын 16_ны өдөрийн их баяр ёслолд…” өөрийн биеэр оролцон харж байсаныгаа, Хаант Оросын худалдаачин А.Д.Корнаков (8) дурсан бичиж үлдээсэн байдаг нь ч басал, түүхэн үнэн. Хаант Оросын офицер М.Г.Торновский ч мөн адилаар, “…1911 оны XII сарын 16_ны өдөр, Монголын хаан ширээнд Ариун гэгээн Жавзандамба хутагтыг залсан…” хэмээн (9) тэмдэглэж үлдээсэн нь санаандгүй ч юм бас биш. Энэ бүхэнээс би бээр чухам юуг сэдэвлэхгээд байна вээ гэвэл:
    “… VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслол болсон өдөр нь 1911 оны XII сарын 29 биш, 1911 оны XII сарын 16_ны өдөр юмаа…” л гэсэн сэдлэгийг хөх Монгол чамд ульж байгаа хэрэг. VIII Богд Жавзандамба хутагтын Монгол бичиг соёлын багш, Монгол Улсын Ардын Засагийн Шүүх Яамны Сайд явсан Н.Магсаржав хурц бээр: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 буюу Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөр 11 цагт…” (10) гэгээнтэнийг Монголын хаан суудалд залан суулгах их баяр ёслол болсон гэж, “Монгол улсын шинэ түүх”_дээ бичиж үлдээсэн байдаг нь, тухайн цаг үеийн амьд гэрчийн үг, үнэн тэмдэглэл бүлгээ. Манж хятадаас тусгаар тогтносон Монгол улсынхаа хаан ширээнд VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ залан суулгасан их баяр ёслолын энэ өдөрийг, 1930_аад оны төрийн түшээ Лог.Дэндэв, Ц.Пунцагноров нар: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөрийн 11 цагт…” хэмээн (11, 12) бичсэн байдаг нь ч, түүхэн үнэнийг дэнслэн тогтоож хойч үедээ зүслэн зааж үлдээсэн нөр их өв билээ…
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласаны 109 жилийн ойн их баяр цэнгэл биш, Халхын VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ Монгол улсынхаа хаанаар өргөмжилөн хаан сэнтийд нь залсан төрийн их баяр ёслолын 109 жилийн ой бол, бүүрч БИШ!!!
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: “…Хятадын өмнөт болоод төв газарын 17 мужийн төлөөлөгчид 1911 оны XII сарын 29_нд Нанжин хотноо чуулж Хятадад Бүгд Найрамдах Засагийг зарлан, түүний анхны ерөнхийлөгчөөр нь Сүн Ятсенийг сонгосон…” (13) Хятад ҮНДЭСТЭНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ 109 ЖИЛийн баярын их өдөр бөлгөө. ГЭТЭЛ:
    Хятадын автономи болчихсон юм аятай, энэ өдөр: улс хөх Монгол минэ юунд ийн хөхин баясацгааж, улс хөх Монголынхоо тусгаар тогтнолоор даажигнана вэ? Та бид, социализмаасаа татгалзаад 30 жил болж буй атал, социализмын түүхэн гуйвуулга, дүйвээлэгээсээ ЯАГААД, татгалзаж чадахгүй явна.
    Хятадын биш, тусгаар тогтносон Монгол улсын, УИХ л юмбол: “…жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх…” харалган энэ хууль юугаан даруй түргэнээ цуцлан халж л, хөх Монгол миний зүрх сэтгэлийг амараагаач. сэр, СЭР: миний хөх МонгОлоо… … …
    1- Л.Жамсран: Монголчуудын сэргэн мандалтын эхэн. Улаанбаатар хот, 1992 он, 71 дэх талд
    2- Ю.Н.Рерих: Тибет и Центральная Азия: Статьи, лекции, переводы, Научный редактор М.И.Воровьева-Десятовская, Самара: Издательский дом “Агни”, 1999 г, с,306-307
    3- Инесса Ломакина: Агуу их босуул. Улаанбаатар хот, 2012 он, 49 дөх талд
    4- БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, СССР-ийн Шинжлэх Ухааны Академиас хамтран хэвлүүлсэн: БНМАУ-ын түүх. Улаанбаатар хот, 1955 он, 252 дахь талд Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    5- Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    6- В.Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг. УБ хот, 1972 он, 116 дахь талд
    7- Архив Внешней политики Российской империи ф.Китаский стол 143, Опись 491, д,644, с,388
    8- А.Д.Корнакова: По поводу провозглашения монгольской независи мости… с.23-24
    9- М.Г.Торновский: Монголчуудтайгаа бол би, Лиссабон ч хүрнэ. Улаанбаатар хот, 2009 он, 39 дөх талд
    10- Н.Магсаржав: Монгол улсын шинэ түүх. Улаанбаатар хот, 2010 он, 22 дахь талд
    11- Лог.Дэндэв: Автономит Монголын товч түүх. Улаанбаатар хот, 2011 он, 25 дахь талд
    12- Ц.Пунцагноров: Монголын автономит үеийн түүх. (1911-1919) Улаанбаатар хот, 1955 он, 38 дахь талд
    13- Б.Ширэндэв: Сэрэл. (түүхэн найрууллууд) Улаанбаатар хот, 1990 он, 67 дахь талд