Author: admin_shaman

  • Тануухан хатны дуудлага

     

    Тануухан хатны дуудлага

    Гишүүнт модон гишгэлэгтэй
    Гэсэр хаан гарвалтай
    Гэгээн нарны эзэнтуу
    Хаан хүний эх
    Хатан заяаны эм
    Хахуу хатуу хаврын
    Хар салхи болж
    Хон хэрээ хэлмэрчтэй
    Хувилахын заяанд
    Хурдан цагаан ухууну
    Гүйдэл цагаан эргэлтэнд
    Цавчлах нүдний хураманд
    Удмаа гэж угтан эргэлээ
    Үрээ гэж үндэслэн эргэлээ
    Хушаатын хатан . . .
    Түмээнүүтэйн гүйдэл
    Хэргүүний(Хэрлэн) ундлага
    Хоёр хон хэрээгээр
    Хов хош хаяна
    Өлзий цагаан тэнгэрт
    Өлмий дөнгөж дүүллээ
    Хамаг олун монголуун
    Хатан эх ману
    Огсум газару буулж
    Эридүмүн ихүд (Эрдмийн ихэд)
    Бүнтөө (бүжин) туулайн
    Баруун бөөр хулуулав (хулгайлуулав)
    Хивээ хуурын
    Хэлийг сугалж
    Явуунтуу боохойн
    Явуун улыг хулууб
    Ясуун санууж шамуун
    Януу сажуу эргэв үү
    Хагуу (гэтэл) шамуу
    Намнуу гэв үү нүү (үгүй юу)
    Муу санавал газруу
    Гурван зүгтүү 33 нар муу
    Гучин улаан альбадыг тухарнуу
    Түшмэл хүбүү мэн үү булуу
    Намуу таруун
    Хаунуу шадуу матур
    Алутун толуун (тамга) хэруулна
    Ами олун цусудун
    Хару хануу жавур талжуу
    Хамуг олну идуун
    Хару хигур (салхи) хисүл (хийсгэн)
    Галзуун 90 боохул тавихал . . .

    Хиану ястуу Боржунгуулун Талусан хатуулун Тануухун
    (Хиан ястай Боржигон овогтой Талст гарвалтай Тануухан хатан эх)

    Добу мэргэний бага хатан Алун гуа хатнаас төрсөн ганц хүү Бодончуу мэргэн өнөөгийн халх ястны боржигон овгийн өндөр өвөг болдог билээ. Бодончууг төрөх үед эцэг нь өөд болсон байжээ(Түүхийн зарим эх сурвалжид бутач хүү мэтээр бичсэн байдаг нь харийн улсын бодлоготойгоор зохион хийгдсэн байх учиртайг анхаарна уу!). Добу мэргэний их хатан Булган хатны Буха хатаги, Бухату салжиу, мөн Доба сахурыг хальснаас хойш түүний бага хатны хамт Добу мэргэнийд ирсэн Бэлгүтэ, Бэгүнү нарын нийт дөрвөн ахтай байсан байна. Доба сахурын их хатны 4 хүү эхийн хамт тэднийгээ орхин нүүж одсон түүхтэй.
    Хиан, нирун, боржигон гэж задарсаар Боржигон омог нь түүхийн уртад 9 боржигон болжээ. Түүний нэг нь “талст боржигон” омог угсаа юм. Бөртэ хатны эцэг хонгирадын Дай сэцэн боловч эх нь “талст боржигон” омгийн хүн байжээ. Талст боржигоныхон эртнээс хар төмрийн сайн дархчуултай, Дархан тэнгэрийн тахилгатай улд байжээ. Их хаадын ивээлээр Мөнх хаан уулын тайхыг хийсээр иржээ.

    Хиад омгийн түүх Хамагмонголын анхны их хаан Хабулаас эхэлдэг байна. Хиан ясны нэгэн салаа мөчир шууд залгамж болсон хиад овгийг олонх түүхчид, судлаачид хиан ястай холиод байх юм. Их хаадын алтан ураг, цагаан ястан Хиад боржигон овогт хиан ясны салаа мөчир бүхэн багтахгүй байдаг болохыг анхаарч үзээрэй.

    Гал

  • ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР1

    Удалгүй Чингис хааны ардаас олон хүн Хөхөчү тэв тэнгэр бөөд очиж захирагдав гэнэ. Тэдгээрийн дотор Отчигин ноёны харьяатууд ч мөнөөх бөөгийн албат болжээ. Отчигин ардаа эргүүлж авахаар өөрийн биеэр очиход нь ах дүү долоо элбэж Отчигины амыг авч, Тэв тэнгэр бөөд мөргүүлээд буцаасан аж. Энэ явдал Чингисийн чихэнд даруй хүрч, боломж гармагц Тэв тэнгэр бөөг урдаас бэлтгэсэн гурван бөхөөр нугасыг нь таслуулан хороодог. Ингээд Чингис хаан “Тэв тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэх тайлбар хийжээ. Энэ бүхнийг Монголын нууц товчооноос эшлэн авлаа.
    Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт бид бурхныг хайдаг. Уул ус, мод чулуу, айлын чавганц гээд хавьтсан таарсан бүхнээсээ “ид шид” эрнэ. Амьдралын зовлон түмэн янз. Энгийн аргаар шийдэж болохоос аваад “ид шид” хүртэл хэрэг болдог ярвигтай эд. Ид шид нь ч олон зүйл. Нэгэн цагт монголчууд гай зовлон тохиолдох бүрийд хуйгаараа Гандангийн дэнжийг зорьдог байлаа. Ах ламын морины уяан дээр амьтан хүн багтаж ядан багширч, багш лам гэрийнхээ хойморт хоолой шахан малилзаж, олз омгийн ихийг хурайлан даллаж байсансан. Буддагийн сургаал номлолоос илүүтэй тарни шившлэгээр зэвсэглэсэн бурсан хуврагууд түмний зовлонтой нүүр тулж, аргалж, янзалж, арыг нь дааж явсан цаг саяхан. Энэ хорвоогийн юм бүхэн мөнх бусын мөн чанартай хэмээх Буддагийн сургаал ёсоор болж, лам багшийн тарни шившлэг хүний зовлонг өдгөө нимгэлж “хүчирхэхээ больжээ”. Арав, таван мянгаар яригддаг төвд номын хүч “суларч”, хэдэн арван саяар үнэлэгдэх суврага хүмүүсийн сүсэгт сэв суулгасан ч байж мэднэ. Харин таван зууны тэртээ шарын шашинд шахагдсан бөө мөргөлийн ээлж ирсэн бололтой.

    Юмс шинэхэн дээрээ сонихон байдаг хойно хүн бүхэн бөө рүү хошуурч байна. Сайтар мартагдсан эртний бөө мөргөл өнөө цагийн элдэв мэдээллээр цэнэглэгдэж, зүрх зүсэм маркетингаар зэвсэглээд цоо шинэ өнгө аясыг олж монголчуудын “зовлонтой барилцаад” авлаа. Өрх бүрээс бөө төрүүлэх элдэвтэй арга бодож олсон энэ бизнес Монгол улсын 500 мянга гаран өрхийг бүрэн эзлэх ариун дайныхаа оргил хэсэгт явна. Удалгүй тэд дотроо зохион байгуулалтад орж, “жинхэнэ” ба “хулхи” гэх хоёр хэсэгт хуваагдах ширүүн тэмцэл хийнэ. Одоохондоо монголчуудын уламжлалт жалга довны үзлээр ястан болгон өөрийн онцлог бүхий бөөлөх дэг жаягтай, хүч чадал нь ч харилцан адилгүй гэх сурталчилгаа ид явагдаж байна. Энэ фронтыг бөө мөргөлийн сүүлчийн голомт болсон цаатан түмэн нутагладаг Хөвсгөл нутгийн харьяатууд, Сэрүүн дуганаа коммунистуудад сүйтгүүлсэн буриадууд өнгөлж яваа бололтой. Монголын зонхилох ястан халхууд ч зангаргаараа зайгаа эзлээд авчээ. Монголд харьцангуй цөөн тоотой орос, хятадын эрлийзүүд маань ч энэ талбарт цөөдөхгүй царайтай.
    Амьдрал санаан зоргоор нь явж өгөхгүй байгаа, анагаах ухаанаар хараахан эмчлэгдэхгүй өвчин туссан, тэр бүү хэл бие дээр нь элдэв яр шарх шавсан хэн боловч бөө болох нигуртай аж. Найман зууны тэртээ Хөх тэнгэрийн тааллыг хүн зонд дамжуулж явсан бөө өдгөө хүн бүрийн өвөг дээдсийнх нь сүнс байдлаар бууж байгаа юм гэнэ. Өвөг дээдэс шиг нь эрхэм юм хүнд үгүй хойно нэгэнт “буугаад ирвэл” хүлээж авахгүй ээ гээд суувал ядаж л хүн чанар талаасаа жаахан тиймхэн. Ингээд л бөөгийн тоо үхэгсдийн тоотой уралдан өсөж явна.
    Зовлонгоос салах арга хайсан түмний эрлийн үзүүр бөө мөргөлийн зүг нэгэнт хандсан байна. Учир нь олддоггүй уурга тархи, сэтгэлийн зүрхний зовлонд бөөгийн зан үйл тун давгүй зохидгийг барууны сэтгэл судлаачид үнэлдэг юм билээ. Ан авд гарах, тэмцэл тулаанд орох тоолондоо нийтээрээ зүрх зоригоо чангалж гал тойрон гуугчин бүждэг бүдүүлэг ард түмний ёслол хөгжил дэвшлийн шуурганд учраа алдсан бидэнд ч бас хэрэг болдог аж. Хаа ч, хэзээ ч хүний мөн чанар нэг юм хойно аргагүй биз. Сэтгэл заслын ухаанд хэрэглэж болохуйц олон арга чарга бөөд байгааг “засал авсан” олон хүн гэрчилнэ. Тэгээд ч психотерапи хэмээх ерөнхий нэршилтэй сэтгэл заслын арга дотор бөөгийн хэрэглэдэг айлгах, ичээх, цочоох, аргадах, өрөвдөх, өргөмжлөх, итгүүлэх хувилбарууд тухай бүрдээ нэртэйгээр хэрэглэгддэг юм.
    Энэ цагийн бөө номлол сургаал, дэг жаягийн хувьд их баяжжээ. Ерөөс таван зуун жилийн тэртээгээс бөө мөргөл шарын шашинтай сүлэлдэж эхэлсэн юм. Өдгөө бөө нар “хар”, “цагаан”, “шар” гэх ерөнхий ангилалтай мэтээр ойлгогдож байгаа. Хорчины цагаан зүгийн бөөгийн тухай Өвөр Монголын судлаач Нямын бичсэнийг үндэс болговол шарын шашныг эрс эсэргүүцдэг бүлэг бөөг “хар зүгийн”, мөнөөх шашны тавиг ёсыг хүлээж авсан хэсгийг нь “цагаан зүгийн” хэмээн нэрлэх болсон аж. Харин одоо хараал хийдэг нь “хар”, ерөөл тавьдаг нь “цагаан” өнгөтэй болж шарын шашин, бөө мөргөл хоёрыг уялдуулдаг хэсгийг нь “шар” гэх болсон юм билээ. Үзэл суртал нь айл өрхийн амьдралаас аваад нэлээд глобаль шинжийг олж дэлхийн дулаарал, экологийн тэнцвэр, цөлжилт зэргээр баяжаад зогсохгүй улстөрийн өнгө аястай ч болоод авч. Бас 2012 онд дэлхий сүйрнэ гэх Маяагийн хуанлиг ч иш татаж, фэнг шү Ганбаагийн “хөх цэрэг”-ийг ч олоод сонсчихсон явна.
    Төрд огт дансгүй атлаа “төрийн зайран” хэмээн биеэ өргөмжлөгчөөс аваад төрсөн биед нь оршсон гэх өвөг дээдсийнхээ онгодыг үхэн хатан нууж яваа ч улс бий. Насанд хүрээгүй хүүд нь дээдсийн сүнс оршсон нэрээр хүүдээ шил шилээр нь архи сөгнөж суугаа ээж захаас аван. Өөрийнхөө амар жаргалын төлөө айл хөршөө унтуулахгүй үүр цайтал хэц хэнгэрэг дэлддэг хувиа хичээгч бөөг мэдэх биз. Айлын эхнэрийн хүсэлтээр нөхрийг нь сөгтгөхөөр очоод зодуулаад гарсан бөө ч дуулдсан. Бас л нэг зовсон эхнэрийн гуйлтаар нөхрийг нь засах гэж байгаад түлж алчихаад зовлон дээр нь хагацал нэмсэн бөө чиг гарсан. Шинэ цагийн эрхэм бөө, тэнгэрийн улаач нараас сэрэмжилж явахад ер илүүдэхгүй бололтой. Чингисийг тэнгэрийн элчээр өргөмжилж, даяарыг хурааж өгсөн Хөхөчү тэв тэнгэр бөө эзэнтэйгээ эд хөрөнгө, эрх мэдэл булаалдаад нугасаа хугалуулсан түүхийг бөө нар бодууштай л юм. Хүнд зовох нэг цаг байхад жаргах үе ч бас бий. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт бүхнийг бид мартдаг.

  • Монголын бөө: 2020 онд тохиосон онцлох үйл явдал

    Улиран одож буй 2020 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов?
    1. Бурхан халдунд нэгдсэн тахилга хийгдэв.
    2. БНХАУ-ын Элчин сайд Ван Руйд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэл үзүүлж, ярилцлаа.
    3. Монгол дахь БНАСАУ-ын ЭСЯ хүлээн авч уулзав.
    4. Их газрын чулуунд Дундговь-Дархан Уул аймгийн хамтарсан тахилга хийгдэв.
    5. Монгол дахь Шашины төлөөлөл уулзалдав.
    6. Хар зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга боллоо.
    7. Нарны залбирал хийлээ.
    8. Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил, онгодын өргөөний явцтай танилцлаа.
    9. Залуу зайрангийн ажилтай танилцав.
    10. Баруун аймагт аялав.
    11. Эрдэнэбатынх
    12. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ахмадуудтайгаа уулзав.
    13. Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан уул, Рэнцэнлхүм суманд ажиллав.
    14. Хөвсгөл нуур, Дулаан ханы тахилга болов.
    15. Монгол бөөгөөс анхны монгол улсын гавьяат цолтон мэндлэв.
    16. Өвөрхангайн бөөгийн хүрээлэнгийн ажилтай танилцав.
    17. Ховдын бөөгийн хүрээлэн ба нийгмийн зүтгэлтэн.
    18. Баян-Өлгийн бөөгийн хүрээлэн, ажил хэрэгч удган.
    19. АНУ-ыг Элчин сайд Увс аймагт Монгол бөөгийн удирдагчтай уулзав.
    20. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 9-н удаагийн хуралдаан боллоо.
    21. Баян Өлгийн бөөгийн хүрээлэн галын тахилга хийлээ.
    22. Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллав.
    23. БНАСАУ-ын ЭСЯ-д мэндчилгээ дэвшүүлэв.
    24. Хэнтийн бөөгийн хүрээлэн байгуулагдав.
    25. Сүхбаатар аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдав.
    26. Монгол туургатан баатрууд, хаад ихэс дээдэс, өвгөд буурлууд, эцэг, эхээ дээдлэн хүндэлж тахилга хийлээ.
    27. Монгол бөөгийн шинэ өргөөний нээлт болов.
    28. Монгол, Буриад, Өвөрмонголчууд чандмань тахилга хийлээ.
    29. БНХАУ-ын Элчин сайд Ван Руй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханг хүлээн авч уулзав.
    30. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааныг онлайнаар 2 удаа хийлээ.

    djmedia:323

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ.

    Хуралдаанаар: Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    -МБНЭ-ийн 9 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө МБНЭ-ийн 9 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө
    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    -2021 оны жилийн ажлын төлөвлөгөө, 2021 оны Арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноог тогтоох тухай. тус тус хэлэлцлээ
    Хэлэлцсэн асуудлаар Дээд цэцийн хуралдайн байнгын гишүүдээс Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, Б.Нарангэрэл, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, С.Сэргэлэн, Т.Баттогтох, А.Оюунчимэг, Ц.Цэндсүрэн, Байнгын бус гишүүдээс Б.Бадамсүрэн, Б.Нанжаа, Ж.Өлзийсайхан, Ц.Бор, Д.Батмөнх, Ж.Сонинжаргал, Б.Оюунзул нар 172 удаа санал, бодлоо илэрхийлсэн маш их идэвхитэй хэлэлцсэн хурал болж өнгөрлөө.
    Хуралдаанд Я.Мөнгөнсувд, У.Ганхуяг, Л.Цагаанхүү, Д.Отгончимэг, Ж.Эрдэнэцэцэг, Д.Мөнхжаргал, Бахаамаазагд, Б.Балжмаа, Гэрэлмаа нар оролцсонгүй, тасаллаа.
    Хуралдаан 21.00 эхэлж, 22.30 цагт дууслаа.

     

  • ЧИНГИС ХААНЫ ТОМООХОН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ

    Энэ үзэсгэлэн 10 сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.
    “Чингис хааны амьдрал ба өв залгамжлал” үзэсгэлэн нь зургаан томоохон хэсгээс бүрдсэн аж. Тэдгээрийг дурьдвал:
    ⦁ “Бэлчээр”- Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.
    ⦁ “Монголчуудын хүчирхэгжил”- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.
    ⦁ “Ханан хот”- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.
    ⦁ Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг энэ хэсгээс олж мэдээрэй. Тэрээр дэлхий нийтийг өөрийн мэдэлд
    АНУ-ын Ореган мужийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейд “Чингис хааны амьдрал ба өв” нэртэй үзэсгэлэн гарч байгаа ажээ. Энэхүү үзэсгэлэн тал нутаг, монголчуудын сэргэн мандалт, торгоны зам, Чингисийн дараах монгол, өнөөгийн монгол улс гэсэн 5 дэд сэдвээр гарч байгаа юм байна. Үзэсгэлэн 10-р сарын 24 нд нээгдсэн бөгөөд 2021 оны 2-р сарын 15 хүртэл үргэлжилнэ

  • ОХУ-ЫН БУРИАД БӨӨГИЙН “ТЭНГЭР” ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

     

    ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаев жил болгон уламжлал болгон явагддаг арга хэмжээнүүдийн талаар дэлэгрэнгүй ярьлаа. ОХУ-ын Засгийн газраас Бөөгийн байгууллагад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг өгдөг ажээ. Бөөгийн байгуулагадаа төрөөс газар олгосон бөгөөд түүн дээр Бөөгийн байнгын ажиллагаатай төв байгуулахаар ажиллаж байна. 2013 онд ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөгөө МБНЭ-д өглөө.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар саын 22-нд болох Монгол туурагтны Их тахилгад ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагаас төлөөлөгч оролцуулахыг албан ёсоор урилаа.
    Ажлын уулзалтын дараа ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг хүндэтгэн оройн зоог барилаа.

  • Нохойг анх одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлснийг тогтоожээ

    Бид нохойг хүний сайн туслагч, тэр байтугай анд нөхөр гэхчлэн нэрлэдэг ч энэ нөхөрлөл чухам хэзээ, хаана эхэлснийг тогтоож чадалгүй өнөөг хүрчээ. Чонын төрөл, ойролцоогоор 15 мянга орчим жилийн өмнө Евразид анх гэршүүлсэн хэмээн тогтоосон ч яг хаана, хэзээ гэсэн асуудал судалгааны гол сэдэв хэвээр байв. Тэгвэл энэ асуултын тун ч өндөр магадлалтай хариулт олдлоо. Нохойг анх одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн аж.
    Корнелийн их сургуулийн профессор Адам Бойкагаар ахлуулсан олон улсын эрдэмтдийн баг анхдагч 165 үүлдрийн 4600 гаруй цэвэр цусны нохойн генийн бүтцийг судлаад гарсан үр дүнгээ National Academy of Sciences-ийн сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэхүү тайланд “Гэрийн нохой анх Төв Азид гэршээд тэндээсээ зүүн Азийн бусад улсуудад тархсан байх магадлал өндөртэй” хэмээн дүгнэсэн байсан талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилсан юм. Эрдэмтдийн багийн ахлагч Адам Бойка “Нохойг анх Төв Азид, одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн талаар ч уг мэдээлэлд дурджээ.
    Х.Батсайхан

  • ГУРВАН ТОМ ГАРИГ НЭГ ТЭНХЛЭГТ ДАВХЦСАН ТҮҮХЭН ЦАГ ҮЕД ЕС ЭХЭЛЛЭЭ

    Монголчууд эрт дээр үеэс, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваан нэрлэн ирсэн заншилтай. Тэгвэл өнөөдөр нялх гурав буюу нэг ес эхэлж байна. Ес,ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог.
    Ерөнхийдөө энэ цаг үед манай дэлхийн умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг.
    Жилийн бүрийн 12 сарын 22 – ний өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр есөн есөн удаа давтамжтайгаар тоолох 81 хоногийг бид ес эхэлсэн гэж нэрлэдэг заншилтай.
    Энэ жилийн өвлийн туйл, ес эхлэх цаг үетэй давхацаад нарны аймгийн гаригуудын хамгийн томд тооцогдох Бархасбадь, Санчир гаригууд манай дэлхийтэй нэг шугаманд давхцаж байгаа нь ховор үзэгдэл бөгөөд олон зуун жилийн давтамжтай нэг удаа тохиож байгаагаараа онцлогтой юм.

    Санчир гариг нь нарны аймгийн хоёрдахь том гариг юм.
    Бархасбадь гариг бол манай дэлхийгээс 300 дахин том хэмжээтэй 318 дахин хүнд жинтэй нарны аймгийн тавдахь асар том хийн эзэлхүүнтэй тод гэрэлтэй гариг.
    Харин манай дэлхий бол нарны аймгийн нэг гариг бөгөөд сар гэсэн нэг дагуултай 365 хоногт нарыг бүтэн нэг тойрдог дэлхийн гадаргууны 70 гаруй хувийг ус 30 шахам хувийг хуурай газар эзэлдэг амьдралт гариг юм.

    Тийм учраас эдгээр гурван том гариг нэг тэнхлэгт давхцсан түүхэн цаг үе энэ хугацаанд ес эхлэх мөчлөгтэй давхцан тохиож байна.
    Ховор эрдэнийн хувь заяагаар
    Энэ сайхан эх орондоо хүмүүн төрлийг олж мэндэлсэн
    Эжий аав ураг удмын нандин хэлхээ
    Эрин зууны түүхийг бүтээлцэгч
    Эрхэм та олондоо
    Энх Мөнхийн энгүй дээд цалгисан ерөөлийг өргөе өө
    Энэ биес нь эрүүл сайхан
    Эрдэм ухаан нь дэлгэр сайхан
    Энэрч хайрлах сэтгэл нь зөөлөн
    Эх дэлхий газар нутгаа
    Эжий шигээ энхрийлэн хайрлаж
    Элдэв бүхнээс хамгаалан
    Эрдэнэ болсон хүн заяагаа
    Эрхэмлэн хайрлаж элгэмсэг амьдраарай
    Энэ цагт эрин зуундаа хамт төрөл олсон
    Эрхэм бүхэндээ талархан мэхийе.
    Гялайлаа Талархлаа Баярлалаа…

  • 400 орчим жилийн дараа Бархасбадь, Санчир гарагууд дэлхийтэй нэг шугаманд зэрэгцэх гэж байна

    Хуучин цагт тэнгэрт ийм үзэгдэл ажиглагдахад дэлхийд ямар нэг том үйл явдал, тухайлбал Есүс мэндлэх, аль нэг соёл иргэншил сүйрэх, их түймэр, үер зэрэг зүйл тохиолдоно гэж үздэг байв.
    Даваа гарагийн орой нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт гарагуудын давхцал ажиглагдах юм байна. Энэ үед тэнгэрт хурц гэрэлтэй нэг том од бий болсон мэт харагдах гэнэ.
    Экваторын шугамд ойртох тусам энэ үзэгдэл тэнгэрийн хаяанаас дээш өндөрт ажиглагдах бол хойшлох тусам тэнгэрийн хаяанд ойрхон ажиглагдана.
    Хамгийн сүүлд 1623 онд Бархасбадь, Санчир гарагууд дэлхийгээс давхцаж харагдаж байжээ. Дараагийн ийм үзэгдэл 2080 онд тохиох гэнэ.
    Энэ удаагийн ”Их давхцал” дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өдөр уртасаж, шөнө богиносож эхлэх өдөртэй давхцаж байна.
    Хэрвээ телескоп ашиглавал Бархасбадь, Санчир гарагуудын дагуулуудыг харах боломжой юм.
    Энэхүү үзэгдлийг нүдээр харах боломжгүй хүмүүст зориулж зарим судалгааны байгууллагууд интернэтээр шууд дамжуулахаар болжээ.

  • Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна

    Ажлын далимаар франц зохиолчидтой уулзах үед тэр хэд маань зохион байгуулаад “Мянган найрагчийн шугуй”-даа мод тариулж байлаа. Тэнд зөвхөн мод тариад зогсохгүй, Францын болоод олон улсын яруу найрагчид шүлэг найргаараа мялааж, тэдэнд гэрчилгээ олгодог юм. Францын төв цэг болсон Весдэн хотод уг шугуй бий.
    Таны шүлэг, найргийг уншиж байхад Франц орон, тэр дундаа Парис хот танд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн шиг санагддаг?
    Социализм ид хүчтэй байхад Франц руу явсан. Тэнд би Монгол хэл, соёлоо заах үүрэгтэй ч далд нэг хичээнгүйлэл байсан нь энэ орны соёл иргэншилтэй чадлынхаа хэрээр танилцах. Би далдыг хардаг Далай лам биш болохоор Монгол орон эргээд ийм эрх чөлөөтэй болчихно гэж тухайн үед итгээгүй хэрэг. Тиймээс завтай өдрөө хагас, бүтэн сайныг ер алгасахгүй хүүхдүүдээ дагуулаад, “Michelin green guide”-аа бариад л аялдаг байлаа. Уг номд Францын сонирхолтой газруудыг таван хошуугаар зэрэглэсэн байдаг. Энэ бол цэвэр өрнийн соёл иргэншлийн өлгий газартай танилцах, өрнөдийн ертөнц гэж юу юм бэ гэдгийг таньж мэдэх эрмэлзэл байсан. Тэр үеэс л яахаараа манай орон заавал нэг намтай байдаг юм, эдэн шиг яагаад ийм олон янзын намтай, болох болохгүйгээ харилцан яриад, үнэн зөвийг нь тунгааж болдоггүй юм бэ гэдэг бодол аяндаа орж ирсэн. Тэр цагийн, муу үгээр хэлбэл хөрөнгөтний нөлөө, нөгөө талаас нь харвал нүдний цагираг тэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд Францын яруу найраг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Францын яруу найраг дотроо орчин цагийн модернист найрагчдын эцэг гэгддэг Шарль Бодлер, араас нь Артур Рембо, Гийом Аполлинер нарын шүлгийг эх хэлээр нь унших ер бишийн завшаан оногдсон. Энэ бүхэн мэдээж миний яруу найрагт нөлөөлсөн. Франц явахаас өмнө бичиж байсан шүлгүүд, тэнд байхдаа бичсэн шүлгүүдийг хүмүүс их тодорхой ялгаж хэлдэг юм.
    Миний ажигласнаар Парист бичсэн таны шүлгүүд илүү эх оронч санагдсан. Хүн ер нь хүний нутагт очихоороо эх орноо санагалзаж, сайхныг нь илүү тод хардаг юм шиг ээ?
    Энэ ч бас хүний жам юм. Энд байж, тоосон дотор нь цуг давхиад байхаар өөрийнхөө сайхныг, нутгийнхнаа сайхныг, хүнийхээ сайхныг, соёл иргэншлийнхээ гайхамшгийг мэдэрдэггүй юм уу, анзаардаггүй. Өөр иргэншлийн дунд яваад орохоор өөрийнхөө ажигладаггүй байсан, урьд нэг ч удаа бодож үзээгүй санаа сэдлүүд төрдөг юм билээ. Нөгөө талдаа “носталгия” буюу нутгаа эргэн дурсах, санах мэдрэмж их хурц болдог.
    Сүүлийн хэдэн зуунд бид тасралтгүй дуурайж ирлээ. Манж сайхан байснаа Орос илүү таалагдаад одоо бол Солонгос, Америкийн “сайхан”-д автаад л. Гэтэл эдний маань байр суурь дэлхийн тавцанд ганхаж эхэллээ. Монголоороо үлдэхийн тулд бид хэрхэх хэрэгтэй вэ?
    Дуурайх сэтгэлгээ хүн төрөлхтөнд байдаг. Тийм учраас Аристотелийн “байгалийг дуурайх” гэсэн онол хүртэл гарч байсан. Хүн байгалийг дуурайж, үй олон зүйлийг бүтээж, мэдэж авсан тал бий. Харин дуурайхаас гадна бүтээх, туурвих сэтгэлгээ нь олон зүйлийн амьтнаас зөвхөн хүн гэдэг бодгалистл заяагдсан. Энэ бүтээх туурвих хосгүй зүйлийг олон утгаар ойлгож, урагш давшин шинэ юмыг нээж, соёл иргэншлийг бүтээсэн байна. Монголчууд ч гэсэн өөрийнхөө өвөрмөц соёл иргэншлийг бүтээж чадсан. Хүн төрөлхтөн дөрвөлжин орон сууц барьдаг байсан бол монголчууд дугуйлжин сууц барьдаг ч юм уу. Бусад нь газар тариалан голдуу эрхэлдэг байсан бол монголчууд мал аж ахуй голлон эрхэлж, үүнтэйгээ уялдан өөрийнхөө утга соёлыг цогцлуулсан байх юм. Тэр нь эргээд хэлэндээ нөлөөлөөд хэл маань үгсийн сангийн хувьд мал ахуйн соёлтойгоо илүү холбоотой үгсийн сантай болсон гэхчлэн олон зүйлийн ялгаа бий. Бид XVI, XVII зууны үеээс эхлээд л үндсэндээ Энэтхэг, Төвдийн соёлын хүрээнд ороод Бурханы шашнаар дамжуулан бүх юмыг Бурханы шашны гүн ухааны сэтгэлгээгээр үзэж, харж, шийддэг нэгэн хэсэг цаг үе явсаар XX зуунтай золголоо. Төр улсын талаас үзвэл Манжийн нөлөө, Манжийн төр улсын байгууламж бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Дараагаар нь XX зууны нэлээд хойно өөр ертөнцтэй харьцаж эхэлсний нэг нь Орос болоод Оросоор дамжуулаад Европын соёлтой танилцаад ирэнгүүт бид юмыг харах өөр хараатай болсон нь европ маягийн үзэл, сэтгэлгээ. Энэ маань 70-аад жил үргэлжлээд 90-ээд оноос барууны соёл иргэншилтэй танилцаж, юмыг Америк маягаар харж, нэн ялангуяа орчин үеийн залууст америкийн прагматик сэтгэлгээ хүчтэй нөлөөлж байна.
    Тэгэхээр бид зөвхөн дуурайгаад бүтээх, туурвих сэтгэлгээгээ ор тас мартжээ дээ, тийм үү?
    Тэгж хэлж болно. Одоо болохоор бид хэт дуураймхай, өөрийн гэсэн дагасан суртахуунгүй, сэтгэлгээгүй болж, гуйвж дайвсан маягтай явж байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм л даа. Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна. Ер нь соёл, оюуны дархлаа нимгэрэх тусам дуураймхай чанар нь төдий чинээ ихэсдэг. Амьтнаар зүйрлэвэл тоть, сармагчин төрөл рүү ер нь жаахан дөхөж байна гэсэн үг. Хүмүүн гэдэг бодгалиас нь бүтээлчээр сэтгэж, туурвих чадвартай амьтан байдаг байтал бид нөгөө чадвар нь буюу байгалиас заяасан дуурайх маягаар явна гэдэг бол сэтгэлгээнийхээ хэлбэрийн хувьд ч гэсэн ядуу зүдүү болж хувирч байна. Бид өнөөдөр Монгол ухаан, Монгол сэтгэлгээ байна, байхгүй гэж элдвийн зүйл ярьдаг. Гэлээ гэхдээ аливаа зүйл байгаль дээр оршин байхдаа нэг л юм үзэгдэл байдаг. Уул гэдэг юм бол ямар ч тохиолдолд хувирахгүй. Харин уулыг аль талаас нь харах, хэрхэн сэтгэж, төсөөлөхөөс хамаарч өөр өөр сэдэл төрүүлэх явдал бий. Ингэж олон талаас нь хараад ирэхээр хэлээрээ илэрхийлнэ. Тиймээс хэл, соёл хоорондоо маш их холбоотой сэтгэлгээний соёлоор холбогдож байдаг юм уу гэж ойлгож болно. Ялгаагүй, бид хүн төрөлхтөнд байгаа бүх хэлтэй адилхан хууль жамтай, Монгол хэл гэдэг зүйлийг, энэ соёлыг бүтээсэн. Энэ соёлоороо ертөнцийг бусад үндэстэн угсаатнаас өөрөөр ялгаж хардаг, өөрөөр сэтгэх боломжийг бидэнд заяажээ. Энэ боломжийг хэрэглэх үү, үгүй юу гэдэг бидний асуудал. Хэрэглэхгүй бол бидний сэтгэлгээ маань ядуураад л байна. Энэ боломжийг хэрэглээд л байвал энэ сэтгэлгээ маань хөгжөөд л байна. Гадаад хэл сурна гэдэг бол ямар нэг хэмжээгээр тэр орны соёлыг сурна гэсэн үг. Соёл сэтгээлнийх нь орчинд орж, түүгээр нь “амьсгалаад” ирвэл хэлийг аяндаа сурна. Өөрийн төрөлх хэл ч гэлээ бидэнд олон үеэр дамжсан, генд буй өгөгдөл байгаа гэж боддог. Байгаа учраас хүүхэд хэлд орохдоо гэнэтхэн хэнээр ч заалгаагүй мөртлөө маш олон нэр томъёог мэдээд, хэлээд байдаг чинь бол тэр хүний удамд нь заяасан, оршиж байсны шинж тэмдэг. Үүнээс үзвэл аливаа юмыг бүтээлчээр хэрэглэх, бүтээх нэг эх сурвалж бол бидний өөрийн хэл гэж бодож байна.
    Биднийг Монголоороо үлдэх гэж эрмэлзэж байх зуур дэлхийд нэг шинэ хандлага гарч ирсэн нь “дэлхийн хавтгай болж байна” гэх үзэл. Дэлхийн иргэн байхын хажуугаар Монголоороо үлдэх давааг бид хэрхэн давах ёстой гэж та бодож байна?
    Энэ бол нэг юмны л хоёр тал гэж би бодож байна. Монгол хүн байлаа гээд дэлхийгээс хэзээ ч нүүхгүй шүү дээ. Дорж гэдэг бодгаль Монгол хүн мөн, дэлхийн иргэн ч мөн. Аль талаас нь харснаас л болно. Юмыг хоёр тийш нь хүчээр заагладаг явдал нь жирийнээр хэлбэл хүнээр тохуурхаж байгаа хэрэг. Би өөрийгөө дэлхийн хүн гэж хэчнээн тунхаглалаа ч гэсэн заяамал өгөгдөл нь хэзээ ч арилахгүй. Хүмүүн гэдэг амьтнаар “робот” хийх туйлын хүслэн байдаг юм шиг ээ. Бид өөрийн бүтээснээрээ робот хийж, өөрөө зарцалж үүгээр хөдөлмөрөө хөнгөвчилж амьдрахыг бодно уу гэхээс заяамал хүмүүн гэдэг бодгалиараа робот хийж амьдарна гэдгийг би зөвшөөрөхгүй. Эцсийн бүлэгт ямар ч соёл бие биедээ саад тотгор болдоггүй л байхгүй юу. Түүнийг тотгор болгуулдаг юмуу зориудаар болгодог систем, улс төрийн төлөөлөгч нар бол байдаг. Түүнээс бишээр дэлхий дээр 6900 гаруй хэл байна гэдэг нь энэ хэрээр юмыг хүлээж авах, сэтгэх нөөц боломж байгаа гэсэн үг. Энэ боломжийг заавал арчиж, бүгдийг нь тэгшхэн хэмтэй болгох юм уу, бүгдийг хуурайдах хэрэггүй гэж бодож байна. Миний бодлоор хүн гэдэг амьтан ялгаа нь илүү сонирхолтой нийтлэг нь харьцангуй сонирхолгүй байдаг шүү дээ.
    Дэлхийн анхны соёл иргэншил дорноос үүдэлтэй. Гэтэл нэлээдгүй хугацаанд өрнийн соёл иргэншил голлох үүрэгтэй байж ирлээ. Одоо харин эргээд дорнын “цаг, үе” ирж байгаа нь ажиглагдаж байна. Энэ цаг ирвэл монголчуудын байр суурь дорно дахинд хэр хүчтэй байх бол?
    Европ маягийн соёл иргэншлийн ноёрхлын их эрин үе байлаа. Гэтэл одоо байдал өөр тийшээ хандаж байгаа буюу дэлхийн хөгжлийн тэнхлэг Ази, Дорно руу хазайж байна. Энд ганц хятад гэсэн ойлголт байхгүй гэж би бодож байна. Одоогоос хэчнээн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгчөөр африк гаралтай хүн болно гэдэг нь хүний санаанд багтамгүй, америк хүний ухаан санаанд яагаад ч орохгүй асуудал байсан. Одоо гэсэн ч түүгээрээ удирдуулаад, сайн сайхныг нь үзээд л явж байна. Энэ бол цагаан арьстнуудын ноёрхол буурч байгаагийн нэг бэлгэ тэмдэг болж байна гэж би бодож байна. Европ бус цагаан арьст бус хүмүүсийн сэргэн мандал эхэлж байгаагийн шинж. Тэгэхээр арьс, үндэс угсаагаар нь огт ялгахгүйгээр хүний шинж чанар, чадвар гэж байдаг. Энэ чадвар ази, африк хүнд ч байдаг. Соёл иргэншлийн урт удаан хугацааны түүхээр үзвэл Инд, Ганга мөрний хөндийд үүссэн Энэтхэгийн, Тигр, Ефрат мөрний хөндийд байсан Месопотамийн соёл иргэншил, Нил мөрний хөндийд үүссэн Мисир, Египетийн соёл иргэншил цөм азийнхны бүтээл. Европын хамгийн эртнийх болох Крит-Миккейн соёл иргэншил л гэхэд азийнхны өмнө гишгэхгүй. Соёл иргэншлийн эргэлт, оршил дахиад буцаж ирж байгаа нэг цаг үед л бид амьдрах нь л дээ. Монгол бусдаас өвөрмөц, газар тариалан голлосон бус мал ахуйн соёл иргэншлийг цогцлоож, Төв Азийн өндөрлөгт товойж гарсан. Энэ өвөрмөц онцлог бидэнд ирээдүйд заавал хэрэг болно. Ирээдүйд Монголыг хүмүүс юугаар нь сонирхох вэ гэвэл соёл иргэншлийнх нь өвөрмөц онцлогийг л харна. Түүнээс биш Америкийг яаж дуурайж вэ, аль зэрэг сайн дуураймал болж гэдгийг хэн ч сонирхохгүй. Оросыг хэр дуурайж вэ, 40 мянгатын байшингууд нь оросыг сайхан дуурайсан байна шүү гэж бараг хүн ирэхгүй дээ. Монгол хүн иргэншлээ хэрхэн бүтээснийг үзэх гэж л хүмүүс ирнэ. Үүн рүү л өөрийнхөө ирээдүйн бүх юмыг чиглүүлэх ёстой. Бид монгол иргэншлээ шинэчилж болно, гэхдээ уг язгуураа бүр мөсөн алдах юм уу, монгол хүнийхээ чанарыг бүр мөсөн зайлуулах гэж хэт тэмцэх ёсгүй л гэж бодож байна.
    Хууль дүрэм гэж зохиогоогүй байхад монголчууд бэлгэдлээр, өөрсдийн цээр ёсыг дагаж мөрддөг, үүнийгээ өнөөгийн хуулиас ч дээгүүр үзэж, дээдэлдэг байсан. Гэтэл өнөө цагт бэлгэдэл нь ч тэр, хууль нь ч тэр үнэ цэнгүй болоод ирэхээр бид буцаад л адгуусан төрөл рүүгээ ойртож байх шиг харагдах юм.
    Аман хуулиар нийгэм зохицоод явж байхдаа маш их дэг журам, эмх цэгцтэй байжээ. Миний багад аав ээж, хэн нэг ахмад хүн “нүгэл” гэж хэлсэн бол тэр үйл дахиад үйлдэгддэггүй байв. Тэр нүгэл гэдэг нь нэг л үг шүү дээ. Тэр нэг үгээр л бүх нийгмийг зохицуулдаг байж. Энэ маань бидний нэг үнэт зүйл мөн. Гэтэл олон янзын туршилтад ороод ирэхээр бид чинь нэг туршилтын туулайрхуу л болсон юм уу даа. Оросын коммунизмын туршилтад нэг хэсэг орлоо, Американизмын прагматизмын туршилтад одоо явж байна, өөр юуныхаа ч туршилтад орох гээд байгаа юм бүү мэд. Энэ олон туршилтын дундуур гараад явахаар л ийм гажуудал үүсэж байгаа юм.
    1981 онд Монгол хэл, зохиолын тэнхимээс салбарлан гарсан Утга зохиолын тэнхимийн 30 жилийн энэ жил тохиож байна. Хүний насаар яривал ид хийж бүтээдэг, бас ч гэж эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлтэй нас юм уу даа. Танаас түүх сонсмоор байна?
    Миний залуу багш байх үед Хэл бичгийн факультет дотор монгол болоод гадаад хэлнүүд нь тэр чигээрээ багтддаг байлаа. Сүүлд Монгол Судлалын Сургууль маань ялгараад, Гадаад Хэл Соёлын Сургууль ч бас биеэ даасан. Энэ тэнхимийн үүслийг Б.Ринчен багш эхлүүлж, Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Сүхбаатар багш нар маань залгамжилсан. Тэгж байгаад Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны 1981 оны 245/36 дугаар тогтоолоор Утга зохиолын тэнхим байгуулах шийдвэр гаргасан. Анх байгуулахдаа “Монголын утга зохиолын тэнхим” нэртэй байлаа. Тухайн үед ШУА-ийн Урлаг судлалын тасгийг толгойлж байсан С.Лувсанвандан докторыг урьж тэнхимийн эрхлэгчээр хавсран ажиллуулсан. Тэр үед эрдмийн зэргээ хамгаалаагүй залуу багш байсан намайг орлогч эрхлэгчээр тавиад Д.Жамбаажамц багш эртний уран зохиол, Ж.Дагвадорж багш аман зохиол, би дорно дахины уран зохиол, уран зохиолын онол зааж, энэ хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Тэр үеэс эхлэн бид Монголын уран зохиол судлал, аман зохиол судлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар бодож, миний бие санаачлан хээрийн шинжилгээний ажил бие даан хийж эхэлсэн. ШУА хээрийн шинжилгээ хийгээд Монгол орноор явдагтай адил. Тэгэхэд эрдэм шинжилгээ хариуцсан проректор н.Батсуурь багш энэ санаачилгыг дэмжиж, бид жил бүр хөдөөгүүр хээрийн шинжилгээний ажил хийх болсон. 1983 онд Ховдын бүх сумаар, 1984 онд Увсаар явсан. Ингэхдээ халх биш сумдаар явж Монголын бусад ястны соёлыг судлах, угсаатны зүйн эх хэрэглэхүүн, туульс цуглуулж явлаа. Үүний үндсэн дээр тэнхим өөрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, аман зохиолын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх арвин нөөцтэй болсон. Дараа нь би Парисын Дорно дахины хэл иргэншлийн сургуульд багшлахаар явах зуур манай тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. С.Лувсанвандан Ч.Билигсайхан багшийг телевизэд байхад нь, Техникийн их сургуулийн Орос хэлний тэнхимээс Н.Төмөрхуяг багшийг урьж авчирч гадаадын уран зохиолын заалгахаар авчирсан. Мөн Ч.Дагвадорж багшийг ШУА-иас урьж багшлуулсан. 90-ээд оны үед тэнхим дахиад залуу хүмүүсээр бэхжих шаардлага гарсан. Тэр үед ардчиллал хөдөлгөөнд орсон, хүмүүсийн ая зан янз бүрээр хувирсан цаг үе таарч Б.Хишигсүх, Г.Нандинбилиг, Г.Галбаяр гэх залуу багш нарыг тэнхимдээ авлаа. Үүнээс өмнө манай Д.Галбаатар багш Ховдоос шилжиж ирчихсэн байсан юм. Ингээд тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн бүтэж бүрэлдсэн байна. Бүр сүүлд нь До.Цэнджав, С.Дашдэжид, Д.Батжаргал нар нэмэгдлээ.
    Эдгээр залуу багш өдгөө бүгд эрдмийн зэрэг хамгаалсан байна уу?
    Манай тэнхимийн нэг онцлог нь бүх багш эрдмийн зэрэг хамгаалсан, өдгөө бүгд тодорхой салбарт амжилт гаргаж байна. Гадаад, дотоодод өөрийн судалдаг зүйлээрээ танигдаж, уригдаж лекц уншдаг болоод ирэхээрээ аливаа шинжлэх ухааны байгууллагын амжилт нь төлөвшдөг. Манай тэнхимийн нэг зорилго бол өөрийн мэдлэг, мэргэжлээрээ Монголдоо болоод олон улсын хэмжээнд нэр, нүүрээ таниулах. Энэ маань тодорхой хэмжээнд биелэж байгаа. Францын Үндэсний эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд болох Амайэн, Мари-Доминик Эвен, Страсбургийн их сургуулийн доктор Изабелла Бианки, Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Каролайн Хамфрийнартай хамтран ажиллаж, харилцан биенээ урьж, лекц унших маягаар өрнөдийн ертөнцөд өөрсдийнхөө бүтээл, номыг танилцуулж ирсэн.
    Тэнхим байгуулагдсан нь Монголын уран зохиолд ямар нөлөөл үзүүлсэн бэ?
    -Манай тэнхимийн мэргэжилтнүүд мэргэжлээрээ өдгөө ямар хэмжээнд хүрч байгаа тухай ярья л даа. Профессор Д.Галбаатар Монголын уран зохиол онолын асуудлаар Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Уран зохиолд олон хөдөлгөөн болж, хуучин голдрилоосоо гараад шинэ гольдрилд шилжиж, уран зохиолын ертөнцөд шинэчлэл болж байна. Энд манай тэнхим, тэр дундаа ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагийн шинэ эрэлхийлэл хийсэн залуус манай сургуулийн Утга зохиолын нэгдлээс гарсан. Эднийг зүглүүлж чиглүүлэх үүргийг гүйцэтгэх гэж нэг үгээр хэлбэл монголын орчин үеийн модернист, постмодернист уран зохиолын онол аргазүйг нь манай тэнхим боловсруулсан гэж үзэж байна. Тухайн үед манай оюутнууд “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам зохиож, үүгээр уран зохиолд бусдын хэлээгүй үгийг хэлэх боломжийг бүрдүүлсэн. Одоо ч энэ наадам маань үргэлжлэн, зохиогдсоор байна. Ер нь манай уран зохиолын дугуйлангаас үе үед гарсан хүмүүс тэр цагийнхаа уран зохиолын ачааны хүндийг нуруундаа үүрч явсан юм шүү. Ахмад үеийнхээс Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба хоёр бол тэр чигээрээ монголын уран зохиолын нэг үеийн ачааг үүрсэн. Бас Ж.Бадраа гуай байна. Дараагийн үе болоод ирэхээр манай сургуулийг төгссөн С.Эрдэнэ, Д.Мягмар нар байна. Дунд хэрийн үе болохоор Ш.Сүрэнжав гуай, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, Д.Цэдэв гэсэн нэг ангийнхан уран зохиолын бүхэл бүтэн үеийг авч явсан юм шүү дээ.
    Дараа нь таны залуу багш байсан үе таарах байх. Тэр үе “Ду багшийн дугуйлан” их нэр хүндтэй байсан, тэнд болдог зүйлсийн тухай үлгэр, домог шиг олон дурсамж байдаг юм билээ.
    Миний залуу багш байх үед уран зохиолын нэг сэргэлт, дэлбэрэлт ч гэмээр юм уу, маш олон залуу найрагч орж ирж, түүнийг дугуйлан удирдагчийн хувьд залж чиглүүлэх үүрэг надад оногдсон. Тэр үед одоогийн манай уран зохиолын ачааг үүрч яваа төрийн шагналт Д.Норов, Д.Төрбат, Дан.Нямаа, З.Түмэнжаргал, Б.Цэнддоо бас Б.Энхтуяа, Д.Сумъяа гэхчлэн эмэгтэйчүүд ч байлаа. Тэдний нэг төлөөлөгч болох доктор Д.Батжаргал өдгөө надтай цуг ажиллаж, хүүхдийн уран зохиолын талын сүрхий төлөөлөгч болчихсон явж байна. Манай дугуйлангаас зохиолчдын бүтэн үе төдийгүй, уран зохиолын нийгэмлэг хүртэл гарсны жишээ нь“Хөх мэдрэхүй” ТББ, Монголын уран зохиолын сүүлийн үеийн залуу авьяастнуудыг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Бүр сүүлийнх гэхэд л ноднин төгссөн манай Д.Нямдорж хамгийн авьяаслаг залуусын тоонд гарцаагүй орно гэж би бодож байна. Энэ мэтчилэн авьяастны урсгал, давалгаа манай сургуулиас тасарч байсангүй. Социализмын үед юм хатуу байхад хүртэл Монголын хамгийн чөлөөтэй нэг байгууллага манай дугуйлан байсан. Улс төрийн клуб байдаггүй, клубын зохион байгуулалт гэж мэддэггүй байхад л манай дугуйлан хамгийн чөлөөтэй ярилцдаг, залуус өөрсдийн бодсоноо илэрхийлдэг газар байсан. Тэд өөрсдийгөө муулна, зохиолчдын хороо, том зохиолчдоо хүртэл шүүмжилнэ, өөрсдийгөө ч магтана. Дугуйлангийн яриа хэлэлцээр маань шөнө дөл, үүр цайтал үргэлжилнэ. Дараа нь гудамжинд үргэлжилэх мэтээр их бүтээлч хандлагатай. Нэг загварт баригдсан биш, чөлөөтэй сэтгэх боломжийг нээж өгсөн нь хамгийн чухал үнэт зүйл юм даа.
    Та олон жил багшилсан хүний хувьд оюутнууд төгсөөд гарахдаа мэргэжлийн ур чадвараас гадна ямар үнэт зүйлийг мэдэрч, сурч гараасай гэж хүсдэг вэ?
    Миний ч биш, манай тэнхимийн баримталдаг зүйл бол оюутнуудын сэтгэлгээг нь хөгжүүлэх. Энэ бол онцгой чухал. Түүнээс биш хэдэн хүний намтар, он, сар цээжлээд урдаас магнитафон шиг хариулаад байх нь сайхан биш. Үүний оронд аливаа юм үзэгдлийг өөрийнхөөрөө сэтгээд өөрийнхөөрөө бодоод хариулдаг, заримдаа тэрслүү байг, заримдаа буруу байг, заримдаа утга муутай ч байсан хамаагүй тэр нэг өөрөөрөө бодох гэж оролдож байгаа уураг тархийг бол бид дэмжинэ шүү.
    Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Таны өвөө их үлгэрч хүн байсан гэдэг. Та өвөөгийнхөө авьяасыг хэр өвлөсөн бэ, одоо хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байна уу?
    -Өвөөгийн үлгэрийг сонсох гээд л сумын төвийн албан хаагчид амралтаа аваад, манайд ирж зуныхаа амралтыг өнгөрөөдөг байсан. Хүмүүс эгнэж суугаад л, өвөө маань үлгэр ярихаар би суганд нь шигдээд сонсоно. Тэгж байтал ээж үхэр, тугал болохоо байлаа гээд муухай орилно. Тэгэнгүүт гарах нэг хэцүү, гарахгүй нэг хэцүү нэлээн шигдэнэ, дараа нь их муухай орилохоор нь гарахаас аргагүй болно доо. Тэгж өвөөгийнхөө үлгэрийг сонсож өссөн. Маш харамсалтай нь бага насанд судлаачийн ухамсар байх биш, тогтоож цээжлээгүй. Харин ээжид үлдсэн, ээжээр дамжуулсан зарим нэг үлгэрийг, тухайлбал “Мэрзийн тухай домог” гэдгийг миний өвөө хэлсэн, үүнийг судалгааныхаа ажилд хүртэл оруулж байсан. Би бас үлгэр ярина аа. “Би дандаа үлгэр ярих юм, чи хааяа үлгэр ярьж өгч байгаач” гэхээр эхнэр “Та чинь өнгөтэй ярьдаг байхгүй юу” гэнэ. Үлгэр ярихдаа чоно гарвал чонын дуугаар дугараад тэнд гарч буй үйл явдлыг биеэрээ үзүүлээд, заримыг нь бараг мах, чихэнд нь хүргээд өгөхөөр хүүхдүүд чинь үлгэр яриулах гээд салахаа байдаг байхгүй юу.

    Эх сурвалж: “Өнөөдөр” сонин