Author: admin_shaman

  • ЭНХЗАЯА ЗАЙРАН

    Миний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдөж, завтай болсон тул эртнээс дотроо бодсон ажилдаа ханцуй шумлан орсон байлаа. Төмөр замын вокзалын дэргэд шахуу орших Олдох зайрангийн байранд тэр үеийн тэнгэр шүтлэгтэн олон бөө нар цугларч байгууллага байгуулах гэж ярилцдаг байв. Арваас арван таван хүн тогтмол цугларч байгууллага байгуулах тухай үзэл бодлоо илэрхийлнэ.
    Бид цуглаад нилээд олон сарын нүүр үзсэн билээ. Тэгэхэд анх Монгол бөөгийн “Голомт” төв гэдэг байгууллагын тухай дэлэгрэнгүй мэдээллийг сонсож, бөөгийн шинэлэг ажиллагаатай байгууллага байгуулах тухай ярилцлаг өрнөдөг байлаа.
    Энэхүү цугларалтад Олдох зайран гол үүрэг гүйцэтгэж, түүний байранд олон бөө нар цугларна. Голдуу зайран нар байлаа. Тэдний дунд зайран Олдох, Энхзаяа, Чинбат нар санаачлага гарган ажиллана. Монгол уламжлалт бөөгийн нийгэмлэг ийнхүү байгуулагдлаа.
    Эхлээд байгууллагын удирдлагаар зайран Олдох болов. Хэд хоногийн дараа цуглархад зайран Энхзаяаг томилж, Олдохыг огцруулах болов. Нилээд хэд хоногийн дараа очиход Галааридыг сонгов. Шинэ байгууллагыг аваад явчих тэргүүнээ эрэлхийж байнга хайж байлаа. Тэгээд ойр, ойрхон удирдагчаа сольж байсан хэрэг. Эцэст нь Чинбат зайранг байгууллагын тэргүүнээр сонгогдоод энэ байгууллагын сураг тасарсан билээ. Би ч үйл ажиллагаанд оролцохоо больсон.
    Миний хувьд дотроо өөр бодолтой байлаа. Энэ хугацаанд Оюу толгойн тухай баримтад кино хийх эртний санаагаа хэрэгжүүлэх бодол эргэлдэнэ. Тэгээд багаа бүрдүүлж эхэллээ. Хамгийн түрүүнд эх оронч сэтгэлгээ нэвт шингэсэн Энхзаяа зайранг сонгов. Удалгүй сэтгүүлч Бүжинлхам хэмээх дайчин бүсгүйтэй танилцсан. Тэгээд л шууд уран бүтээлдээ орсон юм.
    Намрын налгар өдрүүдэд хоёр машин их говийг зорьлоо. Нэгдэх машинд цэргийн хэд болох Амараа, Батжаргал хэмээх миний цэргийн шавь нар, хоёр дахь машинд Энхзаяа, сэтгүүлч Бүжинлхам, зураглаачийн хамт байлаа. Миний хувьд энэ хэдийнхээ санхүү, шатахуун, байр хоолны зардлыг хариуцсан юм. Өмнөговь аймгийн нутагт долоо хонож, Оюу толгой, Ханбогд суманд зураглал авав. Зохиолын сэдэвийн талаар би санаагаа Бүжээдээ хэлж, түүний толгойд хийгдэх киноны үйл явдал бичигдэж, өрнөж байлаа.
    Миний хувьд дэлхийд нөөцөөрөө эхний тавд орох байгалийн баялгыг эзэмшиж байгаа монголчуудын баялаг болсон Оюу толгойн бүтээн байгуулалт, түүнээс цааш холгүйхэн байгуулагдаж буй БНХАУ-ын Ордост олдсон орон нутгийн чанартай жижигхэн уурхайн үйл ажиллагаа, түүнийг дагаад хөгжил нь эрчимжсэн орон нутгийн хөгжлийг жишиж харуулсан баримтад кино хийх санаа байлаа. Энэ л санаагаа гүйцэлдүүлэх гэж монголдоо 7 хоног, өвөрмонголд 15 гаруй хоног ажилласан юм. Ханбогд сумтай хил залгах Ордос, Баяннуур аймагт голлон ажиллав.
    Монгол дахь зураг авалтаа хийчихээд Нарийнсухайтын боомтоор хил гарч Өвөрмонголд хөл тавьлаа. Бид Ордосыг зорьлоо. Тэнд автомашины гараашийн хаалга гэж андуурмаар хаалга бүхий уурхайд очив. Далд нүүрсний уурхай ажээ. Монголын ил уурхайнууд эргэн тойрны агаар мандалыг нилэнхүйд нь шороогоор булдаг бол энд байгалийн цэвэр цэмцгэр байдал угтана. Уурхай гэж бараг мэдэгдэхгүй шахам юм. Орон нутагт олборлож буй уурхайг түшиглэн их бүтээн байгуулалт хийгдэж, шинэ Ордос хот сүндэрлэжээ. Хотын төв Чингис хааны нэрэмжит талбайд маш том хөшөөнүүд босгожээ. Өмнө хэсэгт хэдэн км үргэлжилсэн хөгжмийн аясаар өнгө гэрэл цацруулан оргилох усан оргилуур, зэсээр хийсэн адуун сүргийн цуваа нүд булаана.
    2004 онд анх очиход нарийхан засмал зам, ганцхан суварга байсан тал газарт хамгийн орчин үеийн загвараар барьсан шинэхэн хот, цэлийсэн том нуур, дунд нь усан онгоц хөвж харагдана. Юутай эрчимтэй хөгжил вэ. Орон нутагт олдсон баялгыг ашиглан нутгаа хөгжүүлж чаджээ.
    Харин бид дэлхийд данстай уурхай байгуулсан атлаа орон нутаг нь хөгжил дэвшил гэх юмгүй шүүмжлэлтэй хандахаар хоцрогдсон байдалтай олон жил явж байна. Бид бодит байдлыг харьцуулж олон түмэнд мэдээлэх зорилт тавьсан юм. Тэр зорилгоор зураг авалт хийгдсэн.
    Тэндээс бид Баяннуур аймгийн Урадын хошуудаар явж орон нутгийн уул уурхайн үйлдвэрлэл, шинээр босгосон хот, бүтээн байгуулалттай танилцсан билээ.
    Баяннуур аймагт аж үйлдвэрийн цогцолбортой танилцав. Энэ цогцолборт 30 гаруй үйлдвэр ажиллаж, хоорондын уялдаа зохицуулж, тээвэрлэлтийн асуудлыг оновчтой шийдсэн нь үргүй зардлыг арилгасан цогц шийд байсан билээ. Аж үйлдвэрийн цогцолборын дэргэд ажилчиддаа зориулан томоохон хот байгуулсан байлаа. Бид шинээр байгуулсан олон хотоор аялсан билээ.
    Урадын хойд хошуунд явахдаа улсын зээлээр барьсан малчны хотоор орсон юм. Улсаас зээл өгч амьдрах орон сууц, малын хашаа, иж бүрэн малчны хотхоныг байгуулжээ. Ялангуяа малчны орон сууц нь хот газрын байрнаас дутахааргүй байв.
    Энд аяллын баг өвөрмонголын нэгэн гэгээнтэнтэй таарч хамт сууж санал бодлоо солилцов. Жижигхэн гацаанд тэднийх байрлах агаад үхэр тэргэн дээр байрлуулсан гэх өргөө байгуулж байгаагаа танилцуулж билээ.
    Олон хоног зүтгэн байж баримтад кино бэлэн болов. Сурвалжлагч Бүжээ, зайран Энхзаяа, бидний гар нийлсэн ажлын эцсийн үр дүнд бүтээл бэлэн боллоо. Заяа зайрантай цөөнгүй хоног хамт байх явцад миний хоёр дахь санаа болох монголын бөөгийн байгууллага байгуулах, бүтэц, зохион байгуулалт, дүрэм, илтгэл толгойд минь боловсрогдож, компьютерт шивэгдэж явлаа. Асуух ёстой зүйлээ Заяа зайрангаас асууж тодотгон боловсруулалтаа хийж дууссан.
    Оюу толгойн тухай баримтад кино хийж дуусахад Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийг байгуулах бичгийн ажил бэлэн болсон байлаа. Ирээд нэрээ албажуулах ажилд орсон. Гэтэл нэрэн дээр томоохон бэрхшээл учрав. Яагаад гэвэл бөөгийн холбоотой бүх нэрийг нэгэн зайран өөрийн нэр дээр өмчлөөд авчихсан байсан. Тэгээд тэр нэрээ бөөгийн байгууллага байгуулагчид зараад мөнгө хийдэг бололтой. Бөөгийн байгууллагыг эвлэл гэж нэрлэх талаар зүүдлээ ч үгүй байсан учраас нэр саадгүй бүтэв.
    Энхзаяа зайрантай хамт явж кино зураг авах ажилтай зэрэгцэн миний МБНЭ байгуулах санаа хэрэгжив. Энэхүү байгууллагыг байгуулахад Энхзаяа зайран хамгийн идэвхтэй оролцож, бүтээлцсэн билээ. Хамт аянд явсаных миний ажилд хамгийн их бүтээлч оролцож, дэмжсэн хүн бол Энхзаяа зайран байсан.
    Монгол бөөг манлайлагч нар авч явах цаг хугацаанд тулж ирэв. Энэ утгаараа хамт олон дотроос шалгарсан хүмүүс бөөгийн төв байгууллагыг нуруундаа үүрэх хариуцлага ногдсон. Тиймээ МБНЭ-ийг дүрэмд бөөгийн байгууллагыг манлайлагчид нь Дээд цэцийн хуралдайн гишүүд байдаг. Тэрхүү гишүүд нь хуралдаанаа гурван удаа тасалвал, эсвэл татвараа төлөхгүй бол хасагддаг. Манайхан хэнэггүй учраас хуралдаа суулгүй, татвараа ч төлөлгүй хасагдах явдал их байв. Дүрмийн хатуу шаардлагаас болоод олон улаач МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс хасагдсан байдаг. Дээд цэцийн хуралдайн гишүүнээс хасагдсанаа МБНЭ-ийн гишүүнээс хасагдсан мэт бодох нэгэн ч бий. Заримдаа Заяа зайринг иймэрхүү андуурсан бодол тээж явдаг болов уу гэж би хувьдаа боддог юм. Томоохон байгууллага байгуулах хүсэл зорилго маань зав чөлөөгүй ажиллахад хүргэдэг. Надаа алдаа бий. Улаач хүнд онцлог бий. Улаач нарын байгууллагад онцгойлох зүйл байдаг. Манай улаач нар хэзээ нэг цагт ойлголтын зөрүүгээ ухаараад эргэж эвлэлдэн нэгдэх цаг ирнэ. Улс төрийн намын гишүүнчлэлээс манай эвлэлийн ялгагдах зүйл их бий.
    Цаг үе өөрлөгджээ. Бидэнд олон зүйлд ухаарал авчирч байна. Түүний нэг нь бөөгийн байгууллагаа зөв ойлгох асуудал юм. Тэнгэр шүтлэгийн байгууллагаас бөөгийн байгууллага юугаараа өөр юм. Үйл ажиллагааны онцлог гээд олон зүйл ялгаатай. Тэнгэр үзэл бол олон ургалч үзэл, аугаа их үзэл санаа юм. Харин бөө бол нэг л тэнгэрт, мөнх хөх тэнгэртээ захирагддаг, тиймээс бөө нар бөөгийн нэг байгууллагад төвлөрөх боломжтой зүйл билээ.
    Цаг хугацаа олон зүйлийг зөвөөр ухаарах ухаарлыг хайрлажээ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан тэр л сэтгэлээрээ бөөгийнхөө төлөө зүтгэж байсан, энэ байгууллагын дотор манлайлагчийн эгнээнд хэзээ нэг цагт Энхзаяа зайран явж байсан орон зай тэр л хэвээр үлдэнэ гэж боддог юм.
    Монгол бөөд Энхзаяа зайрангийн бүтээсэн орон зай бий. Бид хэдийн хамтын бүтээл болсон баримтад кино ямар ч байсан амьд дурсгал болж үлджээ. Ийм бүтээлийг хүн бүр хийж, үлдээгээд байдаггүй юм.
    Хийсэн киног хамтдаа үзэцгээе.

  • ОТГОН ТЭНГЭРИЙН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

     

    Дунгийн хуралд нэгдсан тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нар мэдээлэл, үр дүнгээ уламжлалт ёсоор танилцууллаа. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Бор, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, нар тус, тус мэдээлэл хүргэлээ.
    Монгол бөөгийн зарим улаач нар тахилгадаа хариуцлагагүй хандах байдал тасрахгүй байна. Ийм хариуцлаггүй ажиллагаа хоёр дахь удаа энэхүү тахилга дээр давтагдлаа. Цаашид ийм байж болохгүй.
    Монгол бөөгийн их зайран Балжир, Хятад Улсад бөө босгох ажилд улайрч, түүнийгээ бүхний эхэнд тавьж, мөнгөнд шунан, тавьсан болзоогоо таслав. Би бөөлнө хэмээн бусдын өмнүүр орж анхны тахилгад босч бөөлж байсан Монгол бөөгийн их зайран Балжир ийнхүү “намба” алдав. Бид Монгол бөөгийн ёс зүйн хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүргэлээ. Анхнаасаа ингэж хариуцлаггүй хандах байсан бол хийж чаддагт нь ачаагаа үүрүүлэх байсан юм.
    Нэгдсэн их тахилга мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнсэнд айлтгалаа уламжлан мэдүүллээ. Хэрхэхийг тэнгэр мэдэх биз ээ.
    Нэгдсэн тахилгад олон сайхан залуу улаач нар бөөгийн эрдэмд хэрхэн сурч буйгаа харуулсан бөөлөлтүүд хийсэн билээ. Бидний хойч үе амжиллтай бэлтгэгдэж байгаад баярлаж байна.
    Нэгдсэн тахилгад Өвөрмонголоос их олон тэнгэр үзэлтэн, улаач нар оролцсон нь нэг онцлог байлаа. Тэд тэнгэрийн үйлэнд идэвхтэй суралцахыг зорьж байна.
    Их тахилгын дүнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргах болно. Гадаадаас ирж оролцож байгаа улаач нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол бөөгийн мөнх тэнгэрийн төлөө шагналуудаар шагналаа.
    Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн удган Нарангуа, “Мөнгөн шонхор” медалиар” Монгол бөөгийн зайран Аюуш, түшээ Мижиддалай, “Хүрэл шонхор” медалиар улаач О.Найраа, Ц.Бурмааюмсан, Батсоо, Саруул, Бямбасамбуу, Долгорсүрэн, О.Үйлс нарыг тус тус шагналаа.
    Нэгдсэн их тахилгад 130 улаач нар өөрийн түшээ, шүтлэгтэн нарын хамт оролцлоо. Зөвхөн улаач нар хамтран дурсгалын зураг авахууллаа.

     

  • ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГДСЭН ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН ТАХИЛГА БОЛОВ.1

    Тахилгад оролцсон ОХУ-ын “Дээж” бөөгийн төвийн тэргүүн Б.Б.Балдахинова, Амгалан нар санал бодлоо ярьсан билээ. Монгол бөөгийн хөгжилд хувь нэмэр оруулж, мөнх хөх тэнгэрийнхээ төлөө зүтгэж яваа улаач нараа МБНЭ-ээс шагнаж урамшууллаа. Өвөрмонголын бөөгийн төлөөлөл нилээд олон хүнтэй иржээ. МБНЭ нь жилийн явцад оролцсон оролцоог нэгтгэн дүгнэж, шинэ жилийн арга хэмжээний үед цол, шагналаа гардуулдаг уламжлалтай.
    Энэхүү арга хэмжээнд оролцсон ОХУ-ын улаач нар Владимар Н, Амгалан, түгээ М.Анхтуяа нарт мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын дүгнэж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ.
    Монголын бөөгийн гол үндсэн баримт болсон МБНЭ-ын батлан мөрдөж буй “Монгол бөөгийн ёс зүй”-д “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай. Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж тодорхойлсон байдаг. Энэ нь улаач хүнд асар их өндөр шаардлага тавигдаж байгаагийн илэрхийлэл юм. Цаг үе маань өөртөө өндөр шаардлага тавьж ажиллахыг ч харуулж байна.
    Буддагийн лам нар Энэтхэг болон бусад улс оронд очиж шашины сургуульд бага наснаасаа суралцаж, өндөр боловсрол, хэл эзэмшиж байна. Христын шашин олон мянган жилийн хөгжлийн явцад боловсрол эзэмших өөрийн системтэй болж, өндөр хөгжилтэй орнуудад очиж удирдах ажилтнуудын нэгдсэн сургалтанд сууж, зорилт, чиг хандлагаа тодорхойлж байна.
    Харин бид яаж байна вэ. Тэнгэрийн улаач хэмээн өөрсдийгөө тодотгодог бид зөвхөн онгод, сахиуснб хүчинд итгэж, хүний хувьд өөрсдийгөө боловсруулахад тун бага анхаарч байна. Монгол бөөгийн сошиалын ертөнцийг анзаарч үзэхэд бөө мөргөл, түүний үзэл бодлын түхай тун аятайхан зүйлүүд бичигдэж байгаа. Гэхдээ голдуу хувь хүний маргаан дийлэнх суурийг эзэлж байна. Энэ нь монгол бөө мөргөлийн олон асуудлыг нэгтгэж боловсруулсан зүйл бага байгаатай холбоотой.
    Монгол бөөгийн тулгамдсан асуудал юу байна, түүнийг өнөөгийн цагийн нийгмийн зорилтуудтай холбох шаардлага гарч ирдэг. Үүнд тэнгэр үзэлтнүүд, бөө мөргөлтнүүд бэлэн биш байна. Тун аятайхан санаанууд дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлдэг боловч бидний боловсролын цар хүрээ, өөрсдийн мэдлэгийн хөгжүүлсэн байдал зэрэг олон зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан болж өргөсөн тэлж, улмаар “бөгс бөөрний” явдал ч болж бүр ичгүүр сонжуургүй байдалруу орчих явдал гарлаа. Энэ бол бүхэлдээ бидний хоцрогдолтой талыг мэдрүүлээд байгаа юм.
    Аливаа зүйлийн сайн талыг олж харж дэмжихийн оронд өөрт байдаг ганц нэг мэддэг зүйлээр хэрүүл болгон тэлж, хоорондын дотоод зөрчил үүсгэдэг байдал, олон хүнийг бөө нартай хамтран ажиллахаас залгахад хүргэдэг. Ихэнх тохиолдолд хувийн “амбиц”-аа тэргүүлж тавих явдал их байдаг. Бөөгийн байгууллагууд голдуу 20-30 болон хэдэн зуугаар нэгдэн цугларч тахилгын зан үйл хийдэг, үүнийгээ үндсэн ажил гэж ойлгож бусад чухал ажлуудаа орхигдуулдаг. Цаашид бөөгийн төвлөрсөн байгууллага нь байнгын ажиллагаатай болох шаардлага тулгарч байна. Үүнд олон зүйлээр бэлэн биш байна. Ялангуяа бөөг авч явах манлайлагч нарт анхаарах шаардлага тулгарч байна.
    Бидний тэнгэрт нэгдэн залбирсан хүч зорилгодоо хүрч монголын төр ариусан цэгцрэх үйл явц өрнөж байна. Тэнгэрийн айлдсанаар ихэс дээдсийн дотоодын хямрал, зөрчилдөөн, төрийн бузарлагчдын хоорондын тэмцэл монголын төрийн ялзралыг илчилж, монголын ард түмний хүсч байгаа хүчирхэг, ариун төрийг бий болгох болно. Тэнгэр шүтлэгтэн, бөө нарын Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга энэ зорилгод чиглэн зан үйлээ хийлээ. Ирэх жил болох нэгдсэн тахилгаар Монгол төрийн төлөө чин ариунаар зүтгэх төрийн зүтгэлтэн нараа мөнх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд мэдүүлэх болно.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга амжилттай болж өндрөллөө.
    ОНОЛ ПРАКТИКЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ХИЙВ.
    МБНЭ-ийн залуучууд Хар зүрхний Хөх нуурт тодорхой асуудлаар онол практикын эрдэм шинжилгээний хурал хийх санаачлагыг дэмжсэн юм. Хагас бүтэн сайныг, бас сайн өдрүүдийг товлон хийсэн нэгдсэн их тахилгын дараа ажил албандаа зорьсон хэсэг нь буцаж, үлдсэн хэсэг нь онол практикын хуралд оролцлоо. Цаашид нэгдсэн тахилгын үеэр онол арга зүйн хурал зохион байгуулж, улмаар тэлж олон улсын эрдэмтэн судлаачид оролцсон хурал хийх боломжийг судлаж энэхүү хурлыг хийсэн билээ. Энэхүү хурлаараа дараах асуудлаар бэлтгэсэн илтгэлүүдээ тавьлаа.
    1. Монгол тамгын соёлоо хамгаалах зорилт, бөөгийн оролцоо
    Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл
    2. Чулуун зэвсгийн олдвор, Хүн чулууг хамгаалахад бөөгийн зан үйлийг ашиглах нь
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    3. Ноён уулаа хамгаалахад бөө нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, үр дүн
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа
    4. Дэлхийд гайхагдсан палентлогийн олдворуудыг хамгаалахад бөө нарын оролцоо, боломжууд Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох
    5. Их хаадын хоригт халдсан түүх, бөө нар зан үйлээр хамгаалах зорилт
    Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
    6. Монгол төхийн төлөө амиа өргөсөн баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтыг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлууд
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    гэсэн илтгэлийг тус тус хэлэлцлээ.
    Бид энэ удаа МБНЭ-ийн удаа дараагийн дээд цэцийн хуралдайгаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр онол-практикын бага хурлыг хийлээ. Хуралд Монгол бөөгийн их удган Бадамсүрэн сайн бэлтгэж оролцсоныг тэмдэглэж байна. Цаашид ийм ийм арга хэмжээг зохион байгуулах боломжтой байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ч боломж байгаа нь харагдлаа.
    Д.Хүрэлбаатар

  • АНХНЫ БӨӨГИЙН ОРДОНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.

    Энэхүү барилгыг барихад Улсаас санхүүжилт олгосны дээр түмэн олон хандив туслалцаа үзүүлжээ. Хамгийн гол нь ОХУ-ын Бүс нутгийн бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх бөөгийн зөвлөлийн гишүүн, Дээд Шаман, сэтгэл зүйн ухааны доктор, зайран Байр Жамбалович Цырендоржаевын гүйцэтгэсэн түүхэн үүрэг оршино. Ийм нийгэмд танил болсон хүн төр, шашиныг холбон үйл явдлаа эцэслэн бүтээж чадна.
    Ордоны нээлтэд олон газраас зочид уригдан оролцжээ. ОХУ-ын төрийн байгууллагын төлөөлөл, Монгол, Өвөрмонгол, Герман Улсыни төлөөлөл, шашин, олон нийтийн байгууллагын удирдагч нар баяр хүргэж үг хэллээ.
    ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитрович баяр хүргэж г хэллээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шинэ ордоны нээлтэд баяр хүргэж үг хэлсэн билээ. Монгол бөөгийн түүхэн явц, өнөөгийн байдлын тухай дурьдаж, “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн Байр Жамбалович Цырендоржаевт түүхэн үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэж, байгууллагын дээд шагнал, мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнасныг гардуулав. Мөн ажлын амжилт хүсч, компьютрийн төхөөрөмж бэлэглэнэ билээ. Нээлтийн туузыг хайчилсаны дараа Буриадын бөө нар Бөөгийн ордондоо анхны зан үйлээ хийсэн юм.
    Энэ уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитровичтай эртний танилын хувьд гар барин уулзаж ярилцаж, дурсгалын зураг даруулав.

     

  • НАЙМ. ХУВИЛАЙ ХААНЫ ЗУНЫ ОРДНЫ ТУУРИНД ЗАЛБИРАЛ ХИЙГЭЭД ИРЛЭЭ.

     

    Аль ч талаараа уудам саруул, сэрүүн татсан тал нутгийг санаанд оруулсан Шар талд хүрч очлоо. Өчигдөрхөн хур бороо орсон болохоор тал нутаг өвс ногоо салхины аясаар халиуран найгана. Уудам талын төв хэсэгт хаана хаанаасаа ижил шахуу талбайд их хаан Хувилайн ордны туурь харагдана.
    Хөшөөнөөс Шанд хотын буурь луу жижиг унаа авч хөдөлнө. Намган хөрстэй хэсгийг өнгөрөөд голын намаг бүхий цөөрмөгийн дундуур гарна. Хааны ордоны гадаад хүрээний хаалган хэсэгт тулж ирлээ. Хаалгыг өнгөрөөд цөөш хөдөлж, хотын дотуур хамгаалалтийн бүсэд орно.
    Төв хаалгаар ороод их хааны өргөөний туурьд очно. Олон давхар өргөөнөөс их хаан алсыг харах боломжтой баригдсан байдаг. Одоо энэ бүхнийг орлон ордны хана, чулуун туурь үлджээ.
    Хааны ордны эргэн тойрон олон туурь харагдана. Явсаар хамгийн хойд хэсэгт Төрийн уйл ажиллагааны гол цөм болсон ордны туурь, цэргийн хүрээ боловуу нэмээр өндөрлөг газар, өнөө цагт овоо босгосон байв. Чухам үүгээр Их хааны төв ордны хэрэмийн туурь хязгаарлагдана. Эндээс эхлэн хааны ордны гадна талын хэрэм, хотын туурь үргэлжлэнэ.
    Хойд хэрэмийг даваад хотын баруун хэрэмийн гадна талд өнөөгөөс олон зуун жилийг насыг элээж буй хотын хэрэмнээс үндсээ авч ургаж буй хоёр модон дээр очлоо. Бид тэнд таваг идээгээ засж, Их монгол Улсын удирдаж байсан өвөг дээдсийн өргөө байсан газарт хуур манжигаар бөөлөн бослоо. Сүүгээ өргөж, монгол шимийн архиа сацан, хуураа татах мөчид сэтгэлд нэг л сонин мэдрэмж буугаад мордоно. Их эзэн Чингис хааныг хаан ширээнд өргөмжилсөн Монголын Хар зүрхний Хөх нуурт хийх Нэгдсэн их тахилга Шар тал, Шандын булагт Хувилай хааны тууринд ийнхүү бөөллөө.
    Сэвэлзүүр зөөлөн салхи сэтгэл гоголзуулж, хараацай шувуу газар шүргэм нисэх мөчид, хаа нэгтэйгээс морин хуурын дуу чихэнд зочилж, тал нутгийн, монгол газар сэтгэлд адитган бууж, уяхан зөөлөн монгол хүдэр эрийн дуу талыг цочоон цангинана. Аяа их өвөг дээдсийн минь сүнс тал нутгаа санагалзан ирсэн зочноо буухын завдалгүй тосон угтаж, ихэс дээдэсдээ мэдээгээ хүргэхээр яаран одох ажээ. Сэтгэл хөөрөн огших тэрхэн агшинд нүдэнд баярын ч гэмээр нулимас цийлэгнэн үлдэв. Хэдхэн хоногийн дараа Хар зүрхний Хөх нууртаа учрья. Монгол төр үнэлэхгүй ч улаач нар өөрсдийн ажлаа хэнтэй ч хуваалцалгүй хийж явна.
    Хуур, манжигаар тойлон буугаад буцаж, авчирсан идээний дээдээ тэнгэр, газартаа өргөж, бидний энэ удаагийн бөөлөө өндөрлөв. Алс холын монгол нутгаас чиг зорин ирж, золгон баяссан бидний эхний мэндчилгээ, мэдээ аядуу сайхан болж өнгөрлөө.
    Шар цэцгэнд умбах уудам тал, Шар тал, шандын голын аялал үүгээр дууссангүй. Их хааны тууриас урагш 3 км орчим яваад харуулын толгойг ашиглан хийсэн их хааны ордоны тухай музейгээр орлоо.
    Хааны ордны туурьнаас олдсон хүн чулуу, ордны хана дээврийн барилгын үлдэгдэл, хэрэглэж байсан эд зүйлсээс энэ үзвэрийн газрыг байгуулжээ. Аялал жуулчлал, бүтээн байгуулалт гэдэг энэ бөлгөө.

  • МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА. ДОЛОО. БӨӨ НАР СИБИРИЙН ИХ ТҮЙМРИЙГ УНТРААХ ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

    Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеээс эх дэлхий бол хүний оршин тогтнох гол цөм учраас онгон байгалиа хамгаалах нь Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн сургаалийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно. Тиймээс Монголын болон МБНЭ-ийн төлөөлөл нар сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна. Бид ингэж бодож, сэтгэж энэ үйл ажиллагаанд оролцож байна.
    Байгал дэлхийгээ хамгаалах тэмцэлд “Буриад-Монголын бөө мөргөлийн эртний уламжлалын дагуу … дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөөгийн цугларал”-т боллоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа Буриадын “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Байр Цыендоржаевтай уулзав. Бид зав зайг ашиглан сонирхосон асуулаар ярилцлаа. Мөн тахилгад оролцож буй олон бөө нартай уулзаж, санал бодлоо солилцсон билээ.
    Дараа нь Украйнаас ирсэн бөөгийн төлөөлөлтэй санал солилцлоо. Украйн бөө монгол бөөгийн талаар сайн ойлголттой байсны дээр ирэх жил монголд аялах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа.
    8 дугаар сарын 4-ны өдөр өглөөнөөс эхлэн бөө нар тахилгын бэлтгэл ажлыг эхэлсэн байлаа. Бөө нар бөөгийн Ольхун аралын зүгт чиглэлээ авч байрлалаа эзэлжээ. Жин үдийн сайн цаг болоход бөө нар тахилгын зан үйлээ эхэллээ. Дөрвөлжин татсан гортиг дотор оролцох бөө нар байрласан байлаа. Урд эгнээнд нэгэн шугаманд онгоддоо өргөх идээгээ тавьсан байлаа. Хамгийн ар талд хоёр тогоонд шүүсээ бэлтгэх ажээ.
    Бүгд зэрэг онгод, сахиусаа залж бөөлж эхэллээ. Оролцогчид бүгд байгаль дэлхийгээ, сибирийн их ойгоо түймрээс авран хамгаалах зан үйлд нэгдэн оржээ. Бүгд бөөлж дуссаны дараа таван зайран нэгдэн бөөлж эхэллээ. Ойгоны их ноёдын онгодыг оруулж бөөлж байлаа.
    Тэднийг бөөлж дуусахад манай халх хуягтай бөө талбайд үлдэж олон иргэдийг дугаарлуулан төөрөг тавьж байлаа. Тиймээс зохион байгуулагчид түшээ, зайранд анхааруулан бөөлөлтийг зогсоож, талбайг чөлөөтэй болгов.
    Түүний дараа Буриадын “Тэнгэрэ” бөөгийн тэргүүн Байр Цыендоржаев хуяглан бөөлж, “Бух ноён”-ы онгодыг залж, толгойлон бөөлөлтөө эхэлсэн билээ. Цугларсан олон бүгд сөхрөн сууж, “Бух ноён”-доо залбиран мөргөж, дөрвөн зүгт цугларсан олонтой дөрвөнтэй мэндчилж, залбиран бөөллөө. Тахилгад оррлцогчид бүгд сөгдөн, “Бух ноён”-доо мэндчилж, хадагаа өргөж байлаа.
    Урд талд бэлдэж тавьсан бургас модондоо цугларсан хадагаа өргөж, шүүсээ дээр нь тавьлаа. Бүх бөө нар хэнгэрэг юугаа дэлдэж, дуудлагаа дуудаж, өргөх идээ, шүүсээ авч цугларсан олныг бүтэн тойрсоны дараа галаа асааж, цунцалан өргөнө билээ.
    Шүтлэгтэн олны өмнө хийгдэх гол арга хэмжээнүүд ийнхүү дэс дараатай хийгдэж дууслаа. Сибирийн их тайгад гарч буй түймрийн эсрэг, байгалиа хамгаалах зорилгоор хийсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Мөн өдрийн бусдын зохион байгуулж байгаа арга хэмжээг хүндэтгэх мэдрэмжиндээ тулгуурлан, (тахилгын талбайд бусдын анхаарлын татахгүй байхаар) МБНЭ-ийн төлөөлөл, байгууллагын тугаа зөвхөн орой өргөж, монгол бөөгийн тухай баримтад киногоо гаргаж сонирхуулсан билээ.
    Энэхүү арга хэмжээнд монголоос хоёр бөө оролцсон юм. Эх дэлхийнхээ төлөө энэ хүртэл зүтгэж яваа улаач нараараа бахарханам. Шүүмжлэлтэй хандахад манай бөө нар нэгдсэн тахилгад оролцохын хамт онгод, сахиусаа хийж байгаа зорилготой уялдуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй юм. Гэтэл манай бөө нар хуяглан бөөлж, сахиусаа залангуутаа иргэд оролцогчдын төөргийг үзэж, бөөлөлт хувийн шинж чанартай болгож, зохион байгуулагчид сануулга өгч, сахиусаа буулгахаа хүчээр болиулахад хүргэж байлаа. МБНЭ-ийн дүрэм, журамд зааснаар нэгдсэн тахилгын үеэр хувь хүнд зориулсан зан үйл хийхийг хориглодог юм. Энэ бол манай байгууллагын улаач нарын хувьд тогтсон зүйл билээ. Монгол бөөгийн ёс зүйд “бусдын онгодыг хүндэтгэж, өөрийн онгодыг дээдлэх” ёсон бий билээ. Манай залуу бөө нар энэ мэтчилэн олон зүйлд суралцах зайлшгүй шаардлага байгаа юм.

     

  • БАЯРТАЙ-ОРХОН АЙМГИЙНХАН

    Монголын бөө нар анх удаа аймагтаа цугларч кино зураг авах гэж “бужигнасан” хэд хоногийг өнгөрөөв. Улаач нарынхаа гэр, онгод, шүтээний өрөөгөөр зочлов. Анхны зураг авалт байсан болохоор хэр хэмжээндээ бэлтгэл хангах гэж зүтгэсэн билээ.
    Хоорондоо хурал цуглаан дээр уулзаж, танилцаж байсан бол одоо онгод, шүтээн олон зүйлээр нэг нэгнийгээ таних болсон. Олон угсаа язгуурын бөө нар ийнхүү зураг авахад цугларч бие биенийхээ онцлог байдлыг мэдрэв. Энэ удаагийн уулзалт бидэнд их зүйл өгсөн. Ямар ч байсан сайн хамт олон бүрдэх эхлэл тавигдсан.
    Кино кураг авсаны дараа хоолны газар цугларч өнгөрсөн өдрүүдээ дурсан ярилцаж, зураг авалтын хөгжөөнт мөчүүдээ дурсгаасан юмдаг. Тэгээд Эрдэнэт хотын дурсгалт самбар дээр дурсгалын зургаа татуулж энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.

  • Уулзаж, баяр хүргэв

    БНАСАУ-ын их удирдагчдын тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

    МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д удаа дараа очиж, Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлэх боломжоор хангасан БНАСАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ. Энэ явцдаа БНАСАУ-ын хөгжил дэвшил, ололт амжилтыг нүдээр үзэх боломж олгосонд баярлаж явдагаа илэрхийллээ.

    Улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд амжилт хүсч, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүллээ.

  • Х.Баттулга: Урд хөршид Цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, өвчин хяналтаас гарсан

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
    “Эрхэм монголчууд аа,
    Ард иргэд ээ,
    Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
    Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.
    Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.
    Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.
    Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.
    Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.
    Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.
    Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.
    Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.
    Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.
    Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.
    Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.
    Ард иргэд ээ,
    Монголчууд аа,
    Настан буурлууд аа
    Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.
    Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.
    Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ

  • ЭЭЖ МОД, САЙХАНЫ ХӨТӨЛ

    Хаврын урь орж, ханш нээгдэх өдөр МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүд Сэлэнгэ аймгийн Ээж модонд болдог бөө нарын цугларалтыг үзэхээр Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ. Замаас Дарханы бөөгийн хүрээлэнгийнхэн нэгдэж, хамтлаг маань өргөн бүрэлдэхүүнтэй болов.
    Ээж модонд ирээд манай хамтлаг газар сонгох ажилд оров. Олон бужигнасан газраас холдож, байрлалаа бэлдэж, идээнийхээ дээжийг тавиад залбиралаа хийсэн билээ. Анх удааа олуулаа зорьж ирсэн болохоор сонирхолтой байлаа.
    Тэндээс Ээж модонд очиж цугларсан олон улаач нарын бөөлөлт, залбиралтыг үзэж сонирхов. ЭНд өнөөдөр монголд хөгжиж байгөө бөөгийн бүх л шинж төрхийг харж болохоор байсан.
    Сэлэнгэ аймгийн захиргаанаас ихээхэн анхаарч энэ үеэр цагдаагийн эргүүл ажиллуулж цугларсан олон хүн, машиг техникийг журам дэглэмд оруулдаг ажээ. Удалгүй энэ их залбиралыг толгойлдог Д.Бямбадорж зайран залран ирж, гол тахилгын ажиллагаа эхэлсэн билээ.
    Бүх л язгуур, угсааг илэрхийлсэн бөө нар хуяглан бөөлнө. Энд тэнд гал болон зохион байгуулагдсан хамтлагууд багшийн удирдлагын дор бөөлж, залбирч, өргөлөө өргөнө. Бид энэ их ажиллагааг үзэх далимдаа МБНЭ-ийн сурталчилгаагаа хийсэн.
    Үдээш хойш бид цуваанд орж хөдлөж, Сүхбаатар хотын баруун талд орших Сайханы хөтөл дээр саатан, байгалийн сайханыг үзэж, дурсгалын зураг авахуулсан байдаг. Сайханы хөтөл бол олон голын билчэр, хас хэмжээсйиг харуулсан өвөрмөц тогтоцтой их голын бэлчир газар юм. Нэгэн цаг үед хамт олон болж яваа бид дурсгалт газруудаар аялах эхлэл энэ байсан болов уу.