Author: admin_shaman

  • Засгийн газрын нууц тогтоолоор шонхороо гаргасаар байх уу?

     

    Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг. Ингэхдээ гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолоор жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.

    Ахуйн зориулалт гэдэг нь анчид, ан сонирхогч иргэд, малчид тухайн орон нутаг /сум/ -аас нь зохих зөвшөөрлийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд нэн ховор, ховроос бусад цагаан зээр, бор гөрөөс, гахай, тарвага, үнэг, хярс, ус намаг, ой хээрийн зарим шувуу, түгээмэл тархацтай загас зэрэг ан амьтныг агнах, барихыг хэлдэг.
    Монголчууд улсын түүхий эдийн бэлтгэл болон экспортод зориулан тарвага, үнэг, хярс, чоно зэрэг үслэг ан амьтад болон цагаан зээр, бор гөрөөс, гахай зэрэг ан амьтдыг олон тоогоор буюу үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулж, мах, арьс зэрэг түүхий эдийн зүйлийг нь гадаад, дотоодын хэрэгцээнд нийлүүлж байсан үе бий. Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.

    Тусгай зориулалт гэдэг нь зарим ан амьтдыг гадаадын анчин жуулчид, иргэдэд болон дотооддоо соёл, шинжлэх ухаан, эмчилгээний зориулалтаар цөөн тоогоор агнуулж, бариулахыг хэлнэ гэж Амьтны тухай хуульд тус тус зааж өгчээ.

    АРАБ РУУ ГАРГАДАГ ШОНХОРЫН ТОО 26 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

    Амьтны тухай хуулийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу сүүлийн 30-аад жил тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад агнуулах болон амьдаар нь барьж гадаадад гаргах, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих амьтны нэр, тоог Засгийн газар жил бүр нэг тогтоол гаргаж ил тод баталсаар иржээ. Энэ нь харьцангуй шударга үе байж. Цаашилбал, Байгаль орчны багц хуулиудын үндсэн буюу эцэг хууль гэж болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн тавдугаар зүйлийн “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” гэж заасан байдаг.

    Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол салбарын сайд болсноор тухайн жилд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтны нэр, тоог баталдаг Засгийн газрын тогтоолоос шонхор шувуу гэдэг нэрийг зориуд хасч, зөвхөн шонхороор тусгайд нь тогтоолын төсөл боловсруулан оруулж Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж эхэлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг нь БОАЖ-ын сайдаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Батцэрэг, одоо салбарын сайдын албыг хашиж буй Н.Цэрэнбат нар мэдэж байгаа ч мэдээгүй дүр эсгэн мөн л “Нууц тогтоол” гээчийг гаргуулсаар иржээ.
    Идлэг шонхор бол дэлхийд нэн ховордож CITES /Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/ -ийн I, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн хавсралтад орсон нэн ховор шувуу.Иймд улс орнууд шонхор шувуугаа хилээр гаргах, худалдаалахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ганцаараа идлэг шонхороо экспортод гаргаж байна. БОАЖЯ-наас 2015-2019 онд амьдаар нь барьж гадаадад гаргах шонхорын тоог 2012, 2013, 2014 оныхоос хэд дахин нэмэгдүүлснээр барахгүй 2015 оноос өнөөг хүртэл жил бүр Засгийн газрын “Нууц тогтоол” гээчийг гаргуулж нууцлах болсон нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.

    ГАДААД, ДОТООДЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИДЛЭГ ШОНХОР ЦӨӨРЧ БАЙГААГ АНХААРУУЛСААР БАЙНА
    Монгол Улс шонхороо экспортод гаргаж эхэлсэн үе /1993 он/ -ээс хойш түүхэндээ нэг жилд 395 толгой идлэг шонхорыг гадаадад гаргаж байсан удаа үгүй. Тэгвэл Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран гаргасан Олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэл – тайланд “Зэрлэг ан амьтад /хөхтэн, жигүүртэн, шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч/ -ын тоо толгой 1970 – аад оны үеийхээс 60 орчим хувиар багассан” гэж дурдсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сарын 14-нд Киргиз улсад болсон Олон улсын шувуулахуйн холбоо болон Идлэг шонхорын хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид “Сүүлийн хоёр жилд идлэг шонхорын тоо толгой 40 орчим хувиар буурсан” гэж мэдэгджээ. Манай улсад Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн 2010 оны тавдугаар сарын 18-ны А/146 тоот тушаалаар Идлэг шонхорын нөөц байршлын судалгааг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн есөн баг гаргасан байна. Тэд 42100 км замыг туулан тооллогын ажлыг гүйцэтгээд “Манай улсад 6835.8 толгой идлэг шонхор байгаа бөгөөд ангаахайн хорогдол нь 70 хувьд хүрч, үржил нь 15 хувиар буурч байна” гэсэн иж бүрэн судалгааны тайлан-дүгнэлтийг БОАЖЯ-д тухайн үед гаргаж өгч байжээ. Идлэг шонхорын эм нь эрээсээ биеэр харьцангуй том, эрч хүч сайтай байдаг учраас арабууд эмийг нь дагнан барьдаг. Иймээс эр, эмийн харьцаа нь алдагдаж үржил нь буурчээ. Тэгвэл 2016 оны есдүгээр сарын 8-нд Төрийн ордонд болсон “Шонхор шувууны зүй бус хорогдол, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн судлаачид өндөр хүчдэлд цохиулснаас жилд 6000 орчим шонхор хорогдож байна гэж ярьж байв. Үүний дараа буюу 2017 оны есдүгээр сарын 14-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болсон “Цахилгаан дамжуулах агаарын шувуунд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл түүнийг бууруулах боломж” сэдэвт Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс МУИС, ШУА-ийн ЕБСБ-ийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдын гаргасан дүгнэлтэд “Мэрэгч амьтдын тоо толгой, тархалтын байдлаас хамааран нэг жилд 713-7950, дунджаар 4116 толгой идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

    АРАБЫН ХОЙГИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХИЙН ТУЛД ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ГЭЖ ҮҮ
    Гэтэл С.Оюуныг БОАЖ-ын сайд байх үед буюу 2013 онд 15, 2014 онд 40 толгой шонхорыг гадаадад гаргаж байсан бол Д.Оюунхорол тус салбарын сайд болсон үеээс эхлэн арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог эрс нэмэгдүүлж 2015 онд 149, сайд Н.Батцэрэгийн үед 2016 онд 235, Н.Цэрэнбат сайдын үед буюу 2018-2019 онд нэг жилд гадаадад гаргасан шонхорын тоо тус бүр 395-д хүрч 2013 оныхоос даруй 26 дахин нэмэгджээ.
    Анхаарал татаж буй өөр нэг баримт нь Н.Цэрэнбат сайдын хэвлэлд өгсөн /2019.7.10-нд/ ярилцлагад “2010 онд хийсэн шонхорын тооллогоор 7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн”. “Өнөөдөр” сонины 2019.11.20-ны дугаарт өгсөн ярилцлагад “Манай оронд 13000 орчим шонхор байгааг 2019 оны тооллогоор тогтоосон бөгөөд түүнээс 400 орчмыг нь агнахад популяцид сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд шонхор агнах квотыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан” гэжээ. Сайдын дурдсан тоо баримт нь бодит байдалд үл нийцэх, зөвхөн арабуудад өгч гаргах шонхорын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн болох нь түүний байр сууриас илэрхий байна. Учир нь сүүлийн жилүүдэд идлэг шонхор шувууны нөөц, тоо толгой нэмэгдэж 13 мянган толгойд хүрсэн гэж үзэх ямар ч үндэслэл, боломж байхгүйг дээр дурдсан судлаачдын болон судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримтаас харагдаж байгаа юм.

    Мөн Н.Цэрэнбат сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шонхор шувууг Арабын хойгийн орнуудтай харилцаагаа сэргээхийн тулд шонхор барих зөвшөөрлийг олгож байгаа” гэжээ. Энэ нь УИХ-ын гишүүн, төрийн сайд, улстөрч хүний хувьд алдаатай, буруу дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын Арабын хойгийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаа саарсан, сэвтсэн зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн жилүүдэд талуудын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг төрийн сайд байтугай жирийн иргэн хэлэх байх. Ер нь бол 2015 оноос өмнө аливаа зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, тоог нууцалж байсан түүх Монгол Улсад байхгүй. Байгаль орчин, ан амьтны талаарх олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид энэ талаар тусгагдсан зүйл байдаггүй.
    Амьтны тухай хуулийн 26.3-д “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу 2015 оныг хүртэл тусгай зориулалтаар буюу гадаадын иргэд, анчид жуулчдад агнуулах ан амьтны тоотой хамт гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газрын тогтоолоор ил тод баталсаар ирсэн байна.Харин “Нууц тогтоол” гээчийг анх санаачлан гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол юм. Тэрээр 2015 онд БОНХАЖ-ын сайдын албыг хашиж байхдаа арабуудаар бариулах шонхорын тоо, зориулалтыг нууцлах, төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлэх, түүгээр үл барам шонхор шувуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр тэдэнд бэлэглэх зэрэг хууль бус “шинэ санаачлага” -ыг анх гаргажээ.

    Засгийн газрын нууц тогтоолын талаар 2016 оны хавар “Үндэсний бахархалаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд” гэсэн нийтлэл хэвлэлд гарч байсан удаатай. Түүнд гадаадад гаргах шонхор шувууны тоог нууцлах болсныг шүүмжилж, энэхүү алдаагаа засахыг салбарын сайдаас шаардсан байдаг.

    Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн 6.2 –т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Эндээс ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байдаг төрийн өмчийг хэн нэгэн төрийн түшээ, албан тушаалтан дур мэдэж гадны иргэдэд үнэ төлбөргүй бэлэглээд, ая тал засаад байж болох уу гэдэг асуулт гарч байгаа юм.

    Кувейт, Саудын Араб, Эмират, Катар, Бахрейн зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн оронд гаргах шонхорын тоог 1993 оноос эхлээд л Засгийн газраас ил тод тогтоож төлбөр, хураамжийг нь төсөвтөө бүрэн төлүүлчихээд гаргасаар ирсэн баримт бий. Ийм байдалтай 27 жил ямар нэгэн зориулалт заахгүйгээр экспортод гаргасан атал БОАЖЯ-ныхан 2015 оноос эхлэн Соёлын зориулалтаар эсвэл бэлэг нэрээр гаргаж байна гэдэг болсон.

    Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санаачлагаар “Идлэг шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон” Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгон зарлан тунхагласан. Энэ тогтоолыг үндэслэн тухайн үеийн БОНХАЖ-ын сайд асан С.Оюун идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 12 –нд гаргуулсан. Гэвч сайд асан Д.Оюунхорол энэ тогтоолыг үл хэрэгсэн нөгөө л “Нууц тогтоол” гэгчээ гаргуулан Үндэсний бахархалт шувуугаа хэдэн зуугаар нь соёлын зориулалт, эсвэл бэлэг гэдэг нэрээр гадаадад гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныг юу гэж ойлгох вэ.

    Шонхороос орж буй орлого хаашаа орж, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Иймд гадагш нь гаргаж буй шонхорын тоог хуульд зааснаар ил тод баталж төлбөр хураамжийг нь төсөвт бүрэн оруулж байхыг шаардах эрх Монгол Улсын иргэн хэнд ч бий.

  • Сорхогтанбэхи хатны түүх

    Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтанбэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхитайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.
    Рашид-ад Диний өгүүлсэнээр:
    Сорхогтанбэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэнч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан.Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн. Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг. Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Динихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяал санал бат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужууухаан, холч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.
    Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтанбэхи бараа бологсод хийгээд цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана. Хан хөвгүүддээ өндөр боловсрол олгож, цэрэг дайны болон байлдах эрдмийн мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтанибэхи хатантны төрт ёсны бодлого залгамж чанарыг барьж байсантай холбоотой. Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юмуу өөрчлөхийг хориглосон хатуу зарчмыг Сорхогтанбэхи хатан баримталж байсан байна.
    “Холын хүнд өршөөл тус хүргэвээс
    Алдар нэр дуурсана
    Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
    Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”.гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтанбэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна.
    Гүюүг хаан их цэрэгтэйгээр Бат хааны хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтанбэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож, Чингис хааны алтан ургийн хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн Мөнхийг ухаан билэг төгс, авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа юм. Бат хаан түүнийг байхад яахин би хаан болохсон билээ. Мөнхийг дэмжээд ах дүүс, төрөл төрөгсөд ба бүх ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг. Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтанбэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь. Бат хааны элэгсэг дотны ухаалаг алхам түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.
    Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтанбэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ.
    Сорхогтанбэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтанбэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ.
    Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал
    Төвгөө судах гурван дайсныг монголчууд үзэхгүйсэн.
    Угсаасайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж
    Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад
    Тулуй эзэн-эр нөхрийнхөө хойноос тэнгэрт хальсан ньТөрт ёсонд хүндхэн гарз тохиолдсон нь түүхэнд үлджээ. Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь Сорхогтанбэхи хатны орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг.

     

  • №5-9 Лам нарын бослого

    1 НТА.ф.4, д.3.хн.186.тал 102
    1932 оны 4 сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, Ж.Лхүмбэ даргатай Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. БНМАУ-ын Бага хурал, Засгийн газрын товчооны Тэргүүлэгчдийн 1932 оны 4 сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүнтэй, Ц.Гиваапил /ДХГ/, Санжмятав /цэргийн/, Г.Цэдэн-Иш /Эвлэлийн Төв Хороо/ нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ.
    Монгол орны Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай гээд л бараг бүх аймгийг хамарсан зэвсэгт тулалдаан хийж, түүнд лам, хар нийлсэн хэдэн арван мянган ард иргэд хамрагджээ. Энэхүү зэвсэгт бослогын уршгаар олон хүний амь эрсдэж, улс оронд ихээхэн хэмжээний хохирол учиржээ.
    НТХ-ны нарийн бичгийн дарга Ө.Бадрах, З.Шижээ, Ерөнхий сайд Ц.Жигжиджав, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Лааган нарын болчимгүй, бодлогогүй үйл ажиллагаа байсан мэтээр НТХ-ны нарийн бичгийн дарга П.Гэндэнгийн илтгэлд цохон тэмдэглэсэн байна.
    Төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хэт нүсэр орон тоог цомхтгох нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал: Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бага ястны зөвлөл, Өлсгөлөнгийн комисс, Эмэгтэйчүүдийн комиссыг татан буулгаж, тэдгээрийн үүргийг Улсын Бага хуралд хариуцуулжээ. Мөн Улсын хянан байцаах яам, Эдийн засгийн зөвлөл, Улсын инженерийн газар, Арбитрын комисс, Хүчнийг хамгаалах төв хороо, Латин үсгийн хороо, Соёлын довтолгооны штаб, Цааз хуулийн комисс, Бурхангүйчүүдийн төв зөвлөл, Биеийн тамирыг сайжруулах зөвлөл, Улсын батлан хамгаалах зөвлөл зэрэг улсын төсвөөр санхүүждэг арав гаруй газрыг татан буулгаж тэдгээрийн үүргийг зохих яам, газруудад хавсруулав. Ингэснээр захиргааны байгууллагын нэг жилийн зардлыг тавин хувиар хямдруулах боломжтой болов.
    1934 онд А.Амарын санаачлагаар улсын хэмжээний бүх аймаг сумын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөлгөөнийг анх удаа хуралдуулсан явдал юм.
    1938 оны эцэст улмын хэмжээгээр 52 нэгдэлд 1550 гаруй гишүүд хамрагдаж, мал адгуулж, тариалан эрхэлж, жин тээж байв.
    1930-аад оны дундуур Төмрийн завод, Монгол тээхийн засварын баазыг нэгтгэж, ширэм хайлах, металл хийц үйлдвэрлэх, авто машины мотор засварлах, хөдөө аж ахуйн ба бусад хэрэгцээний зарим сэлбэг засварын зүйл үйлдвэрлэх болсон байна.
    1936 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголтрансыг бүх хөрөнгийнх нь хамт БНМАУ-д шилжүүлэн авсан нь ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлжээ.
    1937 онд Налайх-Улаанбаатарын төмөр зам, 1939 онд Соловьеюск-Баянтүмэнгийн төмөр зам ашиглалтад орсноор улс ардын аж ахуйн дэд бүтцэд цоо шинэ салбар бий болжээ.
    1934 онд Монголын радио хороо байгуулагдаж, 1940 он гэхэд бараг бүх аймаг радио нэвтрүүлэг хүлээн авч дамжуулах станцтай болж, радио цэгийн тоо 4350 болсон байна.
    1932 оны зунаас эхлэн ЗХУ-ын худалдааны байгууллага “Стормонт”-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний бүх хөрөнгө, барааг “Монсов бөөнөөр”-т шилжүүлжээ.

  • ЗАРИМ НЬ ҮНЭНДЭЭ Л ХИЙРХЭЖ БӨӨ БОЛОХ ХҮСЭЛДЭЭ АВТСАН НЬ ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЮМ.

     

    Эсрэгээр нь чамд юу ч алга, чи бөө болохгүй гээд хэлчихвэл ар хударгаар муулна “юу ч мэддэггүйн байнлээ” гэж. Зарим нь бүр би төчнөөн хүн дээр очсон бүгд онгодтой л гээд байгаа юмдаа гэж хуцна. Би тийм хүмүүст хандаж “миний эрдэм чадал дутаж байгаагын шинжээ, та тэр бөө болгоно гэж хэлсэн хүмүүс дээрээ л оч” гэдэг юм. Бөө болох гээд гарсан хүмүүсийн 70 орчим хувь нь 3-4н жилийн дараа аргаа бараад эргээд ирдэг. Ирэхдээ миний нүүрийг харах зориггүй ээж, аав, ах, дүү хэн нэгнийгээ надруу явуулж эхлээд уучлалт гуйна. Тэднийгээ зовоож ханаагүй юу? бөө болно гэж солиорч хэдэн жил хажуудахаа зовоож байгаагаа барна. Дараа нь түүнээсээ салах гэж тэднээрээ бамбай хийж ахиж зовооно. Юу хэлэх гээд байна гэхлээр эцсийн сонголтыг өөрийгөө чагнаж мэдсэн гээд байгаа тэр хүн л гаргана.
    Тиймээс хариуцлагатай байцгаа. Орчин цагийн бөөгийн өвчтэй гэж өөрсдийгөө оншилдог хүмүүст би нэг нийтлэг шинж байгааг олж мэдсэн юм. Элдэв дэмий зөгнөлт кино үзэх дуртай, далд ухамсар судалж мэдэх хоббитой, бөө мөргөлийн ном товхимол алгасалгүй уншдаг. Бөөгийн групп, пэйж хуудаснуудыг дагадаг. Нойргүйдэлтэй. Маш орой унтдаг. Амьдралын зөв хэмнэл нь алдагдаж цахим ертөнцөд донтсон гэх мэт нийтлэг хэв шинж нь нэг төрлийн мэдрэлийн ядаргааг тархинд үүсгэн зүүд нойрыг нь эвгүйтүүлж далд ухамсарт өөрийг нь бөөгийн онгодтой мэтээр дүрслэн үзүүлж эхэлдэг байна. Үүнийгээ тухайн хүн оюун бодолдоо зураглан тогтоож, яваандаа элийрч байгаа юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг хийсвэр төсөөллөө хөгжүүлээд байвал нээрээ л юм мэдээд ч байгаа юм шиг санагдана.
    Үүндээр нь ашиг хонжоо хайсан улаач нар тоглолт хийгээд байгаа юм. Харин өөрийг нь онгодгүй гэж хэлсэн жинхэнэ бөө нь хэсэгтээ л адлагдаад үлдэнэ. Гэвч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг нь ардын ухаан юмдаа. Авах гээхийн ухаанаар хандана биздээ. Бөө мөргөлийг харлуулах хүсэл надад огт байдаггүй бөгөөд, үнэн зөвөөр боссон чадал чансаатай удган зайран олноор төрвөл энэ шүтлэгийн нэр хүнд сэргэнэ гэдэгт итгэж явдагаа. Бүхий л түүхийн явцад шашин шүтлэг, улс үндэстэн бүр л зүрхний цохилт лугаа өгсөж уруудсаар ирсэн билээ. Энэ бол хорвоо ертөнцийн өгөх авахын л хууль юм. Бид амьсгал аваад буцаад гаргадагтай ижил зүйл.
    Бөө мөргөл

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН

    Амьдралын замд өчүүхэн амжилтандаа ташааран хөл алдан биеэ тоох нэгэн бий. Өөрт ногдож буй хариуцлагаа мартан огоорогч нэгэн байх, миний онгод бусдаас илүү гэж аархах нэгэн байх, байгууллага нь багадаад илүү томыг бүтээх гэж зүтгэх нэгэн байх, зөвхөн би толгойд нь залрах ёстой хэмээн цээжээ балбагч нэгэн байх, боловсорч дуусаагүй жимс шиг нэгэн байх, өөрөөсөө хэтэрсэн үйлд мордож хохирол амсах нэгэн ч байх, бусдын хийсэн атаархаж “өмдөндөө” шээх нэгэн байх. Энэ бол улаачийн амьдралын бодит агшинууд юм. Угтаа бол бид жижиг ч гэсэн нэгдмэл нэг хүчирхэг баг болох учиртай юм.
    Сайн, муу, сайхан, муухайг даван туулж жинхэнэ улаач болох тавилан цөөхөн ажгуу. Сайн улаачийн зэрэгцээ улс орон, нийгмийнхээ сайн сайханы төлөө зүтгэх гэдэг энэ биеийн нөгөө тал болой. Ийм болох хүртэл багагүй хүнд сориог даван туулах болдог.
    Хаан дээдэс, өтгөс буурлууд, эцэг, өвгөд, ээж ааваа эрхэмлэн дээдэлдэг бидний шүтлэг орчлон ертөнцөд хамгийн үр өгөөжтэй нь билээ. Энэ бүхнийг эн тэнцүүлэн авч явах ухаан тэр болгон хүнд заяахгүй. Дээрх бүхнийг тээгээд авч явна гэдэг тэнгэрлэг заяа байх болно.
    Бид сайн удирдагчтай болохын төлөө их үйлд зорьж явна. Үүний төлөө олон зүйлд суралцах шаардлага тулгарна. Олон хэмжүүрийн зов огтлолцоог тэнцүүлэх хэрэг гарна. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэл, бидний дараа нэгэн үе авч явах хүмүүсийн нэг нь Та, ямар их хариуцлага хүлээж байна вэ.
    Бид Дарханд ажиллах явцдаа Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийнд очиж, кино зураглал авсан. Дараа нь Удган Өөдөө ярилцлага хийсэн. Хуур манжигаар бөөлөх, тамлага, дуудлага гээд олон сайхан бөөгийн эрдмийг үзсэн билээ. Гэхдээ энэ бүхэн олны бүтээл болгоогүй сураг тасарсан. Уул нь гарсан бол сайхан нэвтрүүлэг байх байлаа. Нэвтрүүлэг хийж байсан хүний гарт бүх эрх байдаг болохоор “тийм” зүйл болоод өнгөрсөн билээ.

  • Д.МЯЛДОРЖ ЗАЙРАНГИЙНД

    Булган, Орхонд ажилласан зураг авах ажлын хэсэг энэ удаа Дархан-Уул аймагт ажиллаж билээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлөн улаачийнд зураг авахаар төлөвлөгдсөн бөгөөд түүний нэг нь Монгол бөөгийн зайран Д.Мялдоржийнх байлаа.
    Дархан-Уул аймагт биднийг Хан тэнгэрийн Самгалдай төвийнхэн өөрсдийн өргөөгөөр оруулсан билээ. Аймгийн бөөгийн төлөөлөл цугларсаны дээр хотоос хэд хэдэн улаач нар нэмж ирсэн байсан.
    Дархан Уул аймгийнхан цугларч эхний зураг авахаар Мялдоржийн зочилсон. Өнөө цагийн улаач нарын адил орон сууцанд амьдардаг бөгөөд тэндээ онгод, хуягаа залсан байсан. Монгол бөөгийн тэргүүн удган Өөдөө монгол хувцасаа өмсөж нэвтрүүлгийн зураг авалтаа эхлэв.
    Нэвтрүүлгийн зураг авалт эхлэв. Онгодын тухай, бөөлөлтийн тухай, улаачийн амьдралын тухай зураг авалт өрнөв. Өмнө голдуу удган нарын зураг авалт байсан бол одоо зайрангийн тухай ярилцлага, зураг авалт байлаа. Ажил хийхийн зэрэгцээ улаачийн үйлээ авч явна гэдэг амаргүй зүйл билээ.

  • Бөөгийн суманд гүйцэгдээд чацга алдсан нь1

     

    Бүх юмаа ч амжууллаа. Биеэ ч бэлдлээ. Нэг орой бүрэнхий болохын үед л нөгөө халиуныг чинь ижлийн хэдэн морьтой хамт тасалж хөөлөө дөө. Бас ч сүрхий юм бодож байсан даг. Хөвсгөлийнхөн бөө удгантай. Хойноос заавал юм ирнэ гэж мэргэн хүнээс шороо авч явсан юм.
    Хөвсгөл нутгийн захаас гарахын алдад хойноос нэг үүлэн цагаан морьтой, үүлэн цагаан хүн, хөөж яваа харагдлаа. Энэ лав бөөгийн сум байх гэж бодоод ууттай шорооноосоо цацлаа. Нөгөө үүлэн цагаан хүн морь хоёр ч нэлээд хол хоцров. Энэ мэтээр зугтсаар Завханы Тэс сумын нутагт ирээд агсагдаж ядарсандаа айлд орж аяга цай ууж суугаад тэр чигээрээ байхгүй болчихож. Унтсан ч юм уу, ухаан алдсан ч юм уу, мэдэхгүй.
    Хүнд хэлэхэд ичмээр ч юм гэсэн эр хүн эр хүний л хийдгийг хийж явахад тохиолдсон зүйл болохоор гүйцэд ярья. Нэг мэдсэн чинь тэр айлын хүүхдүүд “Пөөх-паах, өмхий хамхай” гэж ирээд инээлдэн шуугилдаж байна.

    Сэргээд өндийтөл гутлын минь түрийгээр чацгадаж орхисон баас минь цухуйж, тэсэхийн аргагүй үнэр ханхална. Ичсэн гэж юүхэв. Бас дээр нь ялаа батгана шаваад. Шууд л гараад мориндоо мордлоо. Тэгтэл хөөж явсан морьд маань буцаад нутаг руу гүйж, хөтөл давж харагдлаа. Хөтлийн орой дээр нөгөө үүлэн цагаан морь, хүн хоёр харагдсанаа хүн нь гараар зангах шиг болоод цааш одсон юм. Бөөгийн хараалыг миний авч явсан мэргэн ламын өгсөн элс буцааснаар гэдэс минь хөөж үхээгүй байх. Түүнээс хойш холын замд эмээл дээр явж чадахаа больсон билээ. Хойноос хөөсөн бөөгийн хараал л намайг тийм болгочихсон гэж боддог гэж ярьж билээ.

  • УИХ-ын анхны бөө зайран ….

    УИХ-ын анхны бөө зайран ….

    Сүүлийн үед зайран, удган болж буй хүмүүсийн тоо нэн хурдацтай олширч байна. Зарим нь 1000 бөө төрнө, энэ бол сайн цагийн эхлэл гэхэд тийрэн сүнс хүний биед оруулж, мөнгө авч буй бусармаг үйлдэл гэх нэгэн ч бий.Олны танил урлаг, соёлынхон олноороо бөө болж байгааг та бүхэн мэдэх байх . МАСК продакшины Ганзориг нтр гээд их олон бий. .Тэгвэл УИХ-ын гишүүд дундаас анхны бөө төржээ.Энэ бол Нямжавын Батбаяр.УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөөгийн хүү тэрээр бөө болсноос хойш өөрийг нь “Фортуна Батбаяр” гэж дуудсан нэгнийг загнан, мөнх тэнгэрийн тухай лекц уншчихдаг болсон гэнэ.Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 99 тэнгэрийг тахих тухай хүсэлт тавьж байсан бөгөөд тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох санал УИХ-д оруулахаар төслийг нь бэлдэж байгаа аж. 13-р зууны үед Их Монгол улсын төрийн шашин гэж явдаг байсан бөө тэнгэр шүттлэг нь .Мөн Тив Тэнгэр Хөхчү зайрин гэж Их Монгол улсын зайран гэж Нууц товчоон дээр гардагыг та бүхэн бас мэднэ байх. Тэхдээ манай одоогийн Монгол улсын төрийн зайран гэж хүн байдагыг та бүхэн мэдэх нэг нь мэдэх биздээ….

  • ЭЭЖ МИНЬ

    Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
    Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
    Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
    Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
    Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
    Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
    Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
    Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
    Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
    Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “морожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
    Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
    Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ан шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
    Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
    Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
    Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
    ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
    Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
    Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
    Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
    Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
    Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
    Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
    Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
    Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
    Д.Жаргалсайхан

  • БУРИАДЫН БӨӨГИЙН “ДЭЭЖ” БАЙГУУЛЛАГЫН ТАХИЛГАД ОРОЛЦОВ.

    Буриад бөөгийн “Дээж” төвийн тэргүүн, удган Балдангинова Валентина Батуивна бол бүхий л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ. Өнөө үед ч тэрээр бөөгийн уламжлалаа бусдад уламлахыг эрхэмлэн зүтгэж яваа нэртэй зүтгэлтэн билээ.
    Эртнээс монгол бөөгийн байгууллага хүмүүстэй холбоотой ажиллаж иржээ. Манай анхны бөөгийн байгууллагыг санаачлагч Ш.Сүхбат, Монголын буриад бөөгийн алдарт зайраг Цэрэн баавай, монголын валетын урлагын анхны жүжигчин, удган Сумьяа гээд олон хүмүүстэй харилцаж явсан түүх намтар Балдангинова Валентина Батуивнад ногдоно. Энэ бүхнийг дурьдсан нь удган Балдангинова Валентина Батуивнаг бид бүхэн хүндэлж явах ёстойг тэмдэглэхийг хүссэн хэрэг юм.
    Тахилыг зан үйлээ буриадууд хийчихээд дараа нь ирсэн зочидоо бөөлөхийг зөвшөөрсөн юм. Монголоос Урианхайн нэртэй удган Чулуун, МБНЭ-ээс залуучууд оролцож бөөллөө. Мөн хаана ч явсан Хамаг монголын овоог байгуулахыг зорьж яваа Бэгзжав оролцоно билээ.
    Тахилгын дараа бид хамтдаа цуглаж нэг нэгэндээ дурсгалын зүйл солилцож, дүнгээ гаргасан юм. МБНЭ-ийн хувьд оролцогчдод талархал илэрхийлж, Балдангинова Валентина Батуивнаг мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, Ангабаев Байр Соломоновичид “хүрэл” шонхор медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Мөн МБНЭ хийсэн “ОХУ-ын Ольхон”-д гэсэн баримтад кино, “Монгол говийн тахилга”-ын киног гаргаж үзүүллээ.