Author: admin_shaman

  • Б.Баярмагнай: “Их сүлдэч” байна гэдэг үнэхээр бахархмаар

    -Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлэгдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн юм.Хар сүлдийг их эзэн Чингис Хааны үеэс эхлэн ХХ зууны эхэн үеийг хүртэл тал нутгийн нүүдэлчин монголчууд ил, далд хэлбэрээр зуун зуунаар өртөөлөн тасралтгүй тахиж ирсэн талаар түүхийн баримтууд, эд өлгийн зүйлс болоод энэ талаар судалсан эрдэмтдийн бүтээл чамгүй байдаг.

    -Хар сүлдийн бэлэгдлийн талаар сонирхуулаач? 
    -Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсад ганц байх бөгөөд түүнийг дуурайлган хийх, сүлдэчээс бусад хүн гар хүрэх, хөдөлгөхийг цээрлэдэг. Их хар сүлдийн титэм нь алтадсан  эвэр угалзан жийжүүтэй, гилбэр, дөрвөн ган цэцэг, хоёр ган зангилаанаас бүрддэг. Дээврийг монгол газрын гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн байдаг.Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан.Залааг хар зүсмийн азарганы дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн.Сүлдийн шилбийг Хан Хэнтий уулнаас авчирсан хус модоор хийж, ооны хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож өнгөлсөн.Суудлыг эртний Монгол Улсын нийслэл Хархорумаас авчирсан боржин чулуунд хээ товойлгон сийлж бүтээсэн байдаг.
    Харин дөрвөн элч сүлд бол Их хар сүлдийг дөрвөн зүгт төлөөлж, түүний эрч хүчийг дөрвөн зүгт түгээгч элч, дөрвөн талаас нь тулж түших хөл юм.Эдгээр сүлдийг монгол орны дөрвөн зүгт аялуулан төрийн тахилгатай уул, хайрхадыг тахих тахилгад оролцуулан тайлга үйлддэг.Дөрвөн элч сүлд нь нэр, гилбэрийн хэлбэр, эрдэнийн чулуугаараа ялгагддаг.
    -Одоо байгаа бүх цэргийн Их хар сүлдийг хэдэн онд бүтээсэн бэ?
    -1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, улмаар төрийн бэлэгдлийг шинэчлэн баталсан ба үүний дагуу Батлан хамгаалах салбарт цэргийн туг, тэмдгийг шинэчлэх шаардлагыг бий болсон. Улмаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах комисс байгуулагдсан. Бүх цэргийн Их хар сүлдийг XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгч, хүндэтгэлтэйгээр залсан юм. Энэ бол олон эрдэмтэн, судлаачид, уран дархчуудын оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бахархал билээ.Хожим Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бүх цэргийн Их Хар сүлдийн элч дөрвөн сүлдийг бүтээснээс гадна Хар сүлдийн өргөөг байгуулан залсан түүхтэй.Тайлга, тахилгын үеэр гаргаж байна.
    -Тахилга тайлга ер нь их нарийн учир утгатай юм шиг байна?
    -Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо Хар сүлдээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрмийг дарахад Хар сүлдээ догшруулан тахиж түүнийг дардаг байсан талаар эх сурвалжуудад дурьдсан байдаг.Тайлгын тухайд бага тайлга, их тайлга, зуслангийн тайлга, догшруулах тайлга зэргээр үйлддэг.Өнөө цагт ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан зарлигаар Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд цэнгүүлэх болон цагаалах тайлгыг үйлдэхээр заасан.
    Сүүлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу цэнгүүлэх тайлгыг 2 жилд нэг удаа тусгайлан бэлтгэсэн тайлгын байранд, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр өргөөнд нь тайхаар заасан байдаг.Бүх цэргийн Их Хар сүлдийн цэнгүүлэх тайлга нь Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг хөгжөөж, цэрэг дайчдынхаа эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй хүндэтгэлийн ажиллагаа юм.Энэ үед Их Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, идээ, ундааныхаа дээжийг өргөн, монгол зон олныхоо буян заяа, хүсэл зоригийг даатган өчиг өчдөг.Харин цагаалах тайлга нь хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр болдог.Амар амгаланг эрэн, золгож хүндэтгэл үзүүлдэг ёслол юм.Манай зарим эрдэмтэд.Өвөр Монголын Ордос аймагт өнөөг хүртэл үйлдэж буй13 жилд нэг удаа луу жилд явуулдаг догшруулах тайлгыг сэргээх талаар зөвлөлдөж байна.Цаашид энэ талаар нухацтай хэлэлцэж, эрдэмтдийн зөвлөгөөг авах нь зүйтэй.
    -Бүх цэргийн Их хар сүлдийн цэнгүүлэх тайлгыг хэдэн оноос хаана хаана явуулж байв?
    -Анх 1998 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өгөөмөр ууланд цэнгүүлж байсан.2011 оноос хойш Баянзүрх хайрханы салбар уул болох Агуйт ууланд цэнгүүлэх ажлыг зохион байгуулж байна.
    -Та хэд дэх удаагийн сүлдэч вэ?
    -1992-2002 онд хошууч генерал Б.Шагдар, 2002-2006 онд хошууч генерал М.Борбаатар, 2006-2009 онд хошууч генерал А.Ганбат, 2009 оноос миний бие их сүлдэчээр томилогдон ажиллаж байна.
    Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөг засварлах ажлыг С.Гансүх захиралтай “Уушгийн агуй” ХХК-ны тусламжтайгаар засварлан цэнгүүлэх тайлгын өмнөх өдөр хүлээлгэн өглөө. Эрдэмтэн судлаачид, уран дархчуудын хөлс, хөдөлмөрөөр өргөө маань дахин амь орсонд баяртай байна.
    Таньд баярлалаа, амжилт хүсье!
                                                                                                           
    Ярилцсан Б.Отгонбаяр
  • Зөн совингоо дага

    Айдас болон бардам зан бидний оюун ухаанаас гарч байхад зөн совин бидний дотоод гүнээс, зүрх сэтгэлээс гарч байдаг .
    Тиймээс зөн совиндоо итгэж, түүнийгээ дагах нь зөв гэж бодож байна.
    Амжилттай яваа бүх хүмүүс зөн совиндоо итгэдэг. Тэдгээр хүмүүс зөн совингийн тухай юу гэж хэлж буйг сонирхоё.
    “Зөн совиндоо итгэх хэрэгтэй гэдгийг би олон жилийн туршлагаасаа сурсан.” ~ Brian Tracy
    “Яах вэ гэдгийг оюун ухаан бодож амжаагүй байхад зөн совин урьдчилан хэлж өгдөг.” ~ Michael Burke
    “Зөн совингоо сонс. Зөн совин таны мэдэх ёстой бүхнийг хэлж өгнө.” ~ Anthony J D’Angelo
    “Өглөө болгон миний зөн совин надад юу хэлэх бол гэдэгт
    би сэтгэл догдлон сэрдэг. Би зөн совинтойгоо үргэлж ажилладаг мөн
    түүндээ итгэдэг. Миний портнёр л гэсэн үг.” ~ Jonas Salk
    “Дотоод дуу хоолойндоо итгэ.” ~ Lynn A. Robinson
    Би өнөөдрийнхөө бичлэг дээр нэгэн чухал асуултанд бас хариу өгөхийг хүслээ.
    Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр таныг ямар нэгэн юм зогсоогоод байдаг
    уу? Энэ нь таны айдас таныг зогсоогоод байна уу эсвэл зөн совин
    зогсоогоод байна уу? Хэрвээ та эргэлзэж байгаа бол санаа зовох хэрэггүй.
    Энэ тухай  жижигхэн зөвлөмжийг орууллаа.
    Айдас уу, зөн совин уу гэдгийг мэдэх нь маш чухал. Айдсын тухай бид
    мэднэ. Өөрийгөө хөгжүүлж байх тохиолдолд айдас үргэлж биднийг дагадаг.
    Харин зөн совин бол өөр хэрэг. Зөн совин бол биднийг аюул ослоос үргэлж хамгаалж, болохгүй гэдэг дохиог өгдөг.
    Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө өөрийгөө хянаад
    Таны зүрх сэтгэл бие махбодь тэлж, тэнийж байна уу эсвэл агшин хумигдаж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
    Хийх гэж байгаа зүйлээ хийх гэхээр хэдий айдас төрж байгаа ч гэсэн та
    цаанаа л нэг сайхан, сэтгэл догдолсон, зовхи өөд, мөр хойшоо, цээж
    урагшаа болж байна уу? Тэгвэл та тэлж байна гэсэн үг. Түүнийгээ айдастай
    ч гэсэн барьж авч ХИЙ!
    Харин таны зүрх сэтгэл, бие махбодь цаанаа л нэг эвгүй оргиод,
    харанхуйлагдаад, өөрйн эрхгүй толгой гудайж, мөр унжиж, зовхи доош болж
    байвал та хумигдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд БОЛГООМЖИЛ!
    Яагаад гэвэл би урьд нь ч дурдаж байсан, одоо ч бас дахин хэлэхэд
    илүүдэхгүй байх бидний зүрх сэтгэл, бие махбодь хэзээ ч худлаа
    ярьдаггүй!
    Зөн совиндоо итгэж, зүрх сэтгэлээ дагасан хүн ямар ч тохиолдолд
    цаанаа л нэг ӨНГӨТЭЙ, ГЯЛАЛЗДАГ! гэдэгтэй санал нэг байгаа байхаа.
    Хэрвээ та өөрийнхөө бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухаанаа хэрхэн сонсож сурах вэ гэдэг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу!
    Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь түгээж, доор сэтгэгдлээ хуваалцаарай.
    Үзэж, уншиж, дэмждэгт үргэлж баярладаг шүү!
    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

  • Нийтийн сууцанд бөөг бөөлүүлдэггүй хуультай болъё!

    саяхнаас зүүн хөрш бөөлж эхлэв. Ердөө хананы цаана бөө бөөлөөд наанадаа хажуу айлд минь, цаанадаа улс орон, энэ дэлхийд минь энх амгалан, эрүүл энхийг авчраад лай ланчиг бүхнийг нь зайлуулаад байгаа бол үнэхээр сайхан л байна. Харамсалтай нь, хөрш бөө нар хүүхдийн минь нойрыг зайлуулж, айж цочоогоод байна. Хөгшчүүд угийн нойр муутай дээрээ унтаж чадахаа болиод улаан нүдлэн үүрээр босч дулаан гэрээсээ гарч дуу чимээнээс холддог болов. Залуус бид байнга бөөгийн дуудлага ч юмуу нэг тийм дуу чимээг нь сонссоор байгаад хаа яваа газарт нөгөөх нь чихэнд сонстож дүүнгэтээд сүүлдээ хагас солиорлын байдалтай болж эхэлж ч байх шиг байна. “Айл бүрт нэг Солонгост ажилладаг хүн, нэг архичин, нэг бөө байдаг” болсон гэж хошигноод байсан маань одоо шоглоом болж тайван амьдрал алдагдуулж эхэлж байна. Хамгийн хорлонтой нь нөгөө бөө нар чинь хэдийд ч хамаагүй хамаг байдгаа дуугаргаж бөөлж эхэлдэг. Тэдэнд харанхуй шөнө, хар үүр, амралтын өдөр гээд ер нь ямар байх нь хамаагүй байдаг бололтой. Над шиг ийм зовлонтой айл манай орон сууцныхан бүгд гэхэд болно. Бас өөр орон сууцанд ч ийм зовлон үүсээд түүнийгээ яаж ч чадахгүй байгаа тухайгаа ярьж байсан. “Бөөлөхөө болиоч ээ, хүүхэд уйлаад байна” гэхээр нь “Би бөө хүн шүү. Танайхыг яаж ч чадна” гэдэг тухай, олон удаа ингэж хэлүүлээд айсандаа сүүлдээ өөрсдөө байраа зарж нүүхээр шийдсэн тухайгаа ярьж байна.
    Эрхэм улстөрчид, эрх мэдэлтнүүд ээ, Тамхины хяналтын тухай хуультай болсон шиг Бөөгийн хяналтын тухай хуультай болбол яасан юм бэ? Энэ олон бөөгөө цэгцэлж өгөхгүй бол Хөвсгөлөөс эхлээд хөдөөнөөс голдуу тодорч ирсэн бөөнүүд айлын байр түрээсэлдэг юмуу, бөөлж олсон орлогоороо нийтийн сууц худалдаж авч орчихоод бусдын амар тайван амьдралыг бусниулж, “Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав” гэж жирийн иргэдийг дээрэлхээд байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд бөө ойрхон” хэцүүхэн амьдрал хотын иргэдийг чинь ядрааж байна шүү, Бат-Үүл дарга аа.  Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын бөө бөөлөх ёсон эдүгээ цагт сая хол давсан хүн ам төвлөрөөд буй их хотын соёлд тохирохгүй байна. Хотын их ачаалал дунд ажиллаж ядраад ирж буй хүмүүс амрах гэж гэртээ ирээд амар заяагаа үзэхээ байлаа.
    Эрх мэдэлтнүүд, эгэлгүй баячууд шиг хөршгүй хаусанд амьдардаггүй болохоор нийтийн сууцныхан бөө хөрштэй болсоор л байна. Орон сууц, олон хүн төвлөрсөн газар бөө бөөлөхийг хориглоно гэсэн хууль гаргачихвал бөө нар уул овоо, сахиус шүтээнтэй газраа очиж бөөлөх байх. Дээрээ хэдэн давхар айлтай, толгой дээгүүр нь баахан хүн хөлхөж байгаа нийтийн орон сууцанд бөөлж байгаа бөөд дээд тэнгэрээс онгод шүтээн нь төвөггүй бууж ирдэг л юм байх даа.
    Б.Эрдэнэ

  • Цагадайн улсын тэргүүн,эвт найрсуу Эргэнэ хатан

    Гүюг 1246 онд их хаан болохдоо: “Хүү нь байхад яахан ач нь захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс нь зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байна.
     
    Тэрбээр 1251 он хүртэл төр барьжээ. Их Монгол Улсын хаан ширээ 1251 онд Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж, Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрчээ. Мөнх хаан өөрийн ээлжинд дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг шилжүүлэн өгчээ. Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсчээ. Энэ байдалд Хархүлэгийн орыг Мөнх хааны зарлигаар түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Цагадайн улсын шинэ хаан балчир байсан тул засгийн эрхийг энэ үед Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авсан байна. Ийнхүү Эргэнэ хатан 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд анхлан гарчээ.
     
           Юуны өмнө Эргэнэ хатан нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид бөлөн бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан, Бат РУУ явуулсан байна. Гэвч Бат хаан түүнийг хэсэг зуур байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Гэвч Есөнмөнх удалгүй Эргэнэ хатны өш хонзонгийн золиос болон амиа алджээ. Эргэнэ хатан төр барьснаар Хабаш Амид болон түүний хүү Насир Адцины дэргэд шадар сайд болжээ. Есөнмөнхийн шадар сайд байсан Имам Беха Аддин Маргинанийг 1251 оны сүүлээр амийг нь хөнөөжээ. Эргэнэ хатан энэ үедээ Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй.
     
         Цагадайн улсын зарим хэсэг, Өгэдэйн улсыг бараг бүхэлд нь Тулуй болон Зүчийн удмынхан хуваан авсан байна. Мөнхийг хаан суулгасан гол этгээд хийгээд алтан ургийнхны хамгийн ахмад нь болох Бат хаан Монголын Эзэнт Гүрний хэмжээнд онцгой байр суурьтай байв. Өгэдэй, Цагадайн удмын насанд хүрсэн ихэнх төлөөлөгчид энэ үед бараг цөм хадагдсан ба аль эсвэл цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хувиарийг төвөггүй хийж чадсан байна. Харин энэ үед Цагадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ.
     
         Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байхдаа 1254 онд их хааны зарлигаар персийг дайлаар явж байсан Хүлэгүг хүлээн авчээ. Эргэнэ хатан түүнд зориулан их найр хийж, бэлэг сэлт өгсөн байна. Хүлэгүг ийнхүү ихэд хүндэтгэсэн явдал бол Эргэнэ хатан төрийн ёс үйлдсэн төдий хэрэг бус, харин Эргэнэ хатны төрсөн эгч Кубак болон түүний дүү Өлзий нар хоёул Хүл эгү хааны хатан байсан тул Эргэнэ хатан хүргэн ах, эгч д үү нартаа ийнхүү гүн хүндэтгэл үзүүлсэн хэрэг байжээ.
     
         Хүлэгүг Самаркандын орчим 1255 оны намар дөхөж очиход, Цагадайн улсын захирагч Масуд бек Ялавич 40 хоногийн турш түүнийг мөн дайлсан байна. Эндээс үзэхэд Эргэнэ хатан Тулуйн удмынхан дунд нилээд нэр хүндтэй байсан юм. Тиймээс Цагадайн улсын түүхийн эмгэнэлтэй хүндхэн үед төр барьж байсан Эргэнэ хатан улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байна. Цагадайн удмынхан дунд ч түүний нэр хүнд өндөр байсны баримт бол Цагадай бүх бэрүүдээсээ түүнийг онцгойлон үзэж, Эргэнэ бэр хэмээн дотночлон дууддаг байжээ. Эргэнэ хатан өөрөө бурханы шашин шүтдэг байсан ч, лалын шашинтныг ихэд ивээдэг байв. Түүний хүү Мубарек шах алтан ургийнхнаас хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. Мөнх хааны төр барьсан хугацаанд Эргэнэ хатан балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг захирч байгаa
     
        Их Монгол Улсад дэгдсэн хаан ширээний төлөе тэмцэлд Аригбөхийн талыг дэмжив. Аригбөхийг дэмжихэд хүргэсэн нэг шалтгаан бол мөн л худ ургийн холбоо байжээ. Учир нь Эргэнэ хатны өөр нэг эгч Илчигмиш нь Аригбөхийн хайртай хатан нь байжээ.
     
        Хубилай Эргэнэ хатныг өөрийн талд татан авах зорилгоор дэргэдээ байсан Цагадайн гуч хүү Абишкаг Цагадайн улс руу илгээсэн боловч тэрбээр тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж, удалгүй Аригбөхийн тушаалаар хороогдсон байна. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс руу өөрийнхөө дэргэд алба хашиж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ зарлиг өгч явуулсан байна. Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж, улсаа бүрэн эрхтэйгээр захирч эхэлжээ. Эргэнэ хатан энэ үед захирагч Масуд бекийн хамт Аригбөхийн зүг явж очоод, Алгуйн талаар гомдол мэдүүлж, түүний халамжинд нилээд хугацаагаар хажууд нь байжээ. Гэвч эцсийн бүлэгт Аригбөх Хубилай хаантай хийсэн тэмцэлд дийлдэн, бууж өгөхөөр одохдоо Эргэнэ хатан болон Масуд бекийг Алгуй руу илгээсэн байна.
     
         Энэ үеэс Алгуй Эргэнийг хатнаа болгож, Цагадайн улсыг бүрэн эрхтэй захирч, Масуд бекийг Самарканд, Бухар хотын захирагчаар томилжээ. Цагадайн удмын төрийн залгамж холбоог алдагдуулахгүйн тулд Эргэнэ хатан ийнхүү Алгуйтай гэрлэсэн байна. Алгуй удаан төр барьж чадсангүй, 1265 оны сүүлээр нас баржээ. Энэ үед Эргэнэ хатан ноёд, түпгмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек шахыг хаан ширээнд өргөмжилжээ. Тэрбээр Их Монгол Улсын түүхэнд анх удаа их хааны зарлиггүй хаан болсон байна. Тиймээс лалын шашны нөлөө бүхий санваартан л ам нарын дэмжлэг олох үүднээс Мубарек шах өвөг дээдсийн сүсэг бишрэлийг орхиж, лалын шашинд орсон байна.
     
        Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрөн, Цагадайн удмын Боракийг Мубарек шахтай хамтран төр бариулахаар зарлигджээ. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, түүний итгэлийг олсон хүн байв. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек шах болон Эргэнэ хатны байр суурь нилээд бат бөх болохыг олж харжээ. Тиймээс хаан ширээг ов мэхээр эзлэн авахаар шийдэж, тэдэнд зарлигаа үзүүлээгүй байна. Улмаар Борак 1266 оны сүүлээр Мубарек шахыг зайлуулж, барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. Хагас жил хүрэхгүй хугацаанд Борак дан заль мэхээр хаан ширээг эзэлж чадсан нь Мубарек шахын гол түшиг тулгуур болж байсан эх Эргэнэ хатан нас барсантай холбоотой байжээ.
     
        Ийнхүү Эргэнэ хатан 1251-1260 он хүртэл дангаар, 1260-1265 онд Алгуйтай, 1266 онд Мубарек шахын хамт 10 гаруй жил Цагадайн улсын хүнд бэрх үед засгийн эрх барьсан, төр улсын гарамгай зүтгэлтэн байжээ. Тэрбээр хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байжээ. Чингис хааны зээ охин, Цагадай хааны хайртай бэр бөгөөд алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй, улс төрийн нөлөөтэй байсан Эргэнэ хатан Их Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн бөлгөө.

     
  • Булаг бузарлаад хөлөө тайруулжээ

    1960-аад оны эхээр одоогийн Дарь-Эхийн 1-р буудлын орчимд нэгэн жижигхэн булаг байжээ. Тухайн үедээ тэр хавиар айл амьтан сийрэг байсан учраас бохирдох энэ тэр явдал бараг гарахгүйгээс тэр хавийн цөөхөн айл уг булагийн усыг ундандаа хэрэглэнэ. Тэр үед Санхүүгийн техникумд суралцаж байсан Чулуун гэгч эрийн эхнэр нэгэн удаа булагаас ус авахдаа сүүтэй байсан саваа зайлаад булаг руу асгаж орхисон аж. Энэ явдлыг харсан хүмүүс Чулууны эхнэр Цэцэгээг ихээхэн зэмлэсэн авч цаадахь нь хүний урманд үг гэж тоолгүйгээр ширэв татаж одов. Сүү дусаалгасан булаг яг сарын дараа ширгэхэд цэцгээ хүүхний хөлөөр хар хөх өнгийн гүвдрүү маягийн зүйл тууран идээ бээрэндээ баригдан явж чадахаа болив. Эмнэлэг энэ тэрээр нэлээд явсан ч эцэстээ яаж ч чадалгүй хоёр хөлөө тайруулсан эмгэнэлт явдал болсон гэдэг.

  • №47 Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь

     Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 оны Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхын Зүүнгар хаант улсын эсрэг тавих зорилт бүхий байсан юм.
    Гэвч уг чуулганаар бүх зүйлийг шийдэж чадсангүй. Харин улам ч ээдрээтэй  асуудал
    гарч, Халх-Ойрадын болон Манж-Монголын зөрчил тэмцэл хурцдан, ширүүн тулалдаан гарахын үр хөрөнгийг бүрэлдүүлсэн юм.  
    Галдангийн Манжийн хаанд илгээсэн элчийг нь Түшээт хан Чахундорж нар 300 цэрэг илгээн замаас нь довтлон цохисон болон дүү Доржжавыг нь алсан, мөн Чахундорж бас өөрөө цэрэглэн Зүүнгар улсын нутгийн хязгаарт орж ирсэн зэрэг ноцтой мэдээг аваад, Галдан хаан Равдан, Данзан Омбо нарын жанжин, түшмэдүүдээ дуудан ирүүлж уг асуудлыг хэлэлцээд, Түшээт хан Чахундоржийг дайлах шийдвэр гаргажээ1. Чингээд 1688 оны хоёр сард Галдан нутгаасаа цэрэг удирдан гарч, Элжигин хошуугаар дамжин, Чахундоржийн араар нь Халхын нутагт цөмрөн оржээ.
     Түшээт хан Чахундорж Манжийн хааны ятгалгаар Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээн суутал, Галдан нэгэнт Халхад цөмрөн орсныг сонсоод, Эрдэнэ-Зуугийн зүг тосон хөдөлсөн ба Түшээт хан Чахундоржийн хөвгүүн Галдандорж Эрдэнэ-Зуугийн орчим Галданы цэргийг угтан байлдаж, бут цохиулаад зугатан, Цахиртай гэдэг газар ирээд байсан эцэг Чахундоржтой нийлэн, Төмөрт гэдэг газар Галданы цэрэгтэй дахин байлджээ.
     Галданы цэрэг Эрдэнэ-Зуу хийдэд хүрч очиход Өндөр гэгээн Занабазар Эрдэнэ-Зуугаас нэлээн зайтай байсан ба Ойрадын цэрэг орж ирсэн мэдээг сонсоод, Түшээт ханы эхнэр, хүүхдийг авч, Орхон голыг өгсөн, Жанчидаар дайрч, зүүн тийш эргэн, Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин явсаар Сэцэн ханыг түшихээр очсон боловч тэр үед Сэцэн хан Норов өвчнөөр нас барсан учир Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад, цааш Сөнидийн нутгийг тэмцэн явсан бололтой.
     Галданы цэрэг Өндөр гэгээнийг тэр даруйд нь бус, хэсэг хугацааны дараа сургаар яаравчлан нэхсэн боловч өндөр гэгээн нар нэгэнт Манжийн харъяат нутагт нэвтрэн орсон байжээ.
     Галдан бошгот Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээр мэдэн, хойш эргэн, Олгой нуурын хөвөөнд Түшээт ханы цэрэгтэй хэдэн хоногийн турш байлджээ.
    Галдан бошигтын довтолгоонд шахагдсан Түшээт хан Чахундорж тэргүүтний энэ байдлыг нь далимдуулан бүрмөсөн оруулж авах гэсэн Манжийн хааны тулгалтанд өртсөн Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ.
     Уг чуулганаар, Галдантай хэрэхэн тэмцэх, Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж, Орос улсын алиныг нь дагах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхэд, Халхын ноёдын нэг хэсэг нь Манжийг дагаж орьё, нөгөө хэсэг нь Оросыг түшье хэмээн санал хуваагдсан учир нэгдсэн шийдвэр гаргуулах зорилгоор Занабазарыг саналаа хэлэхийг хүсэхэд, тэр “Хойд зүгийн шар Хятад /Орос/ хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцадын зах буруу тул үл болмуй. Өмнө зүгийн хар Хятад /Манж-С.Ц/ хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас түүнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүг явбаас, төр тогтож, хамаг амьтан жаргамуй2” хэмээн өгүүлснээс үүдэн тэр чуулганаас Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.
    2 “Богд гэгээн бээр Халх монголын оронд анх хувилан шашныг дэлгэрүүлж, төр дагаж сайтар үзүүлэн амьтныг жаргуулан айлдсан цадиг оршвой”. УТНС. ГБС
     Тийнхүү 1688 оны 9-р сард Түшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат нарынхаа хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж, Манжийн хаанд өгчээ.
     1685 оны 6-р сарын 11-нд Халхчууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлсэн ба мөн л монгол нутгаас гарч явах шаардлагыг тавьжээ. Гэвч бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй дуусчээ.
     1687 оны эцсээр Халхчууд дахин Сэлэнгэ, Үдийн шивээг довтлон бүсэлсэн ба Оросын элч Ф.А.Головиныг Үдэд ирэхэд нь Оросын хилд буй буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг монгол нутгаас гаргах шаардлагыг дахин тавьжээ.
     Тийнхүү Түшээт хан Чахундорж Оросын эсрэг удаа дараа цэрэглэж байсан ба Оросын эсрэг тэмцэлдээ манж нараас дэмжлэг авч байсан, мөн эсэргүүцэл этгээд Галдан нь Оростой сайн харилцаатай, мөн тэрбээр Оросоос тусламж авсан хэмээн цуурхуулж байсан зэрэг нь Занабазар тэргүүтэй Халхын эрх баригчид Манжид дагаар орох шийдвэр гаргахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байна.

     
     
  • Зайран П.Ганболд: Миний удамд өөрийгөө зориуд буудуулаад амьд үлддэг ид шидтэй бөө ч байсан

     
    -Бөө нар нэгдэх нь илүү ашигтай юу?
    -Сүүлийн жилүүдэд маш олон бөө гарч ирлээ.Нэгдэхээс өөр замгүй.Би нутгийнхаа ахмад бөө нартай уулзаж байгаа.Би Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнг тэргүүлэх болсон.Бөө бол манай үндэсний маш том соёл юм шүү дээ.
     
    -Чанаргүй, хуурамч бөө нарыг яах ёстой юм бэ?
    -Сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй олон бөө гарч байгаа нь үнэн.Учраа олохгүй байгаа хүмүүсийг бөө болгож байна.Ямар ч удам угсаагүй хүмүүс бөө болохыг хязгаарлах нь зөв.Баатар эрсийн сүнсийг өөртөө авсан бөө ч гэх шиг, би ер учрыг нь ойлгохгүй байгаа юм.Тэр баатар эр нь заавал одоо бөө болж төрөх ёстой байсан юм уу.Би нутгийнхаа л заншлаар ярьж байна.Халх урианхай, буриад гээд ёс жаяг нь арай өөр байгаа юм.Минийхээр бол бөө хүн уул ус, байгаль дэлхийтэйгээ харьцаж бөөлдөг.Гэтэл тиймэрхүү сүнс талаас нь бөөлдөг бөө байдаг бололтой юм.Манай хөгшчүүд хэлдэг л дээ, уул ус онгодтойгоо харьцаж бөөлөх хэрэгтэй гэж.Манай Улаан-Уулд 80-аас дээш гарсан настайчууд ховордлоо.Би бөө судлаач хараахан болоогүй ч гэсэн тэднийхээ үгийг сонсон тэмдэглэл хөтөлж байгаа.Зарим нь мэдэхгүй юмаа мэддэг болж ярьдаг болж.Энэ их хэцүү юм.
     
    -Монголчууд бүгдээрээ хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлж чадна гэж зарим нь ярьдаг юм билээ?
    -Уламжилж ирсэн юмаа ингэж үгүйсгэж ярьдаг тал бий л дээ.Удмаа залгаж авч үлдсэн хүмүүсийн л тусгай том мөргөл юм шүү дээ.
     
    -Дархадын бөө нарын гол нууц нь юундаа байна вэ.Энэ нутгийг бөөгийн голомт гэцгээдэг шүү дээ?
    -Энэ бол мэдээж бөөгийн шид юм.Өнөө цагт ид шид гэдэг юм маш ховор боллоо.Бөөгийн удам угсаа тасраагүй нь тэрхүү ид шидтэй холбоотой юм гэж би боддог шүү.Миний өвөө уул усаа даган 1962 он хүртэл бөөлсөн байдаг.Түүний аав Равсал зайран гэж байлаа.Өлийн овоон дээр нэг хүнтэй тааралдахад бие нь сумын төвдөө, гэртээ байж байх жишээтэй, тийм шидтэй хүн байсан гэдэг.Мөн нисдэг бөө нар ч байсан шүү дээ.Дархадын ард түмэн маань бөөгийн ид шид талыг илүү түлхүү авч үздэг юм.
     
    -Нисдэг долоон бөөгийн тухай домог мэт яриа бий биз?
    -Бөө нарыг шатаасан гашуун түүх бий.Дүрэлзсэн гал дундаас Дархадын долоон бөө амьд гарсан гэдэг. Ер нь эрт дээр үед Дархадын нутагт бөөгийн ид шидээ үзүүлж  чаддаггүй нэг ч бөө байгаагүй. Бөө болгон ямар нэг ид шидтэй байсан.Үүгээрээ ч хүчирхэг байжээ.Хөвсгөлчүүдийн хувьд бөөгийн удам тасраагүйгээрээ онцлог юм.
     
    -Та зөвхөн эцгийнхээ талаас л бөөгийн удамтай хүн үү?
    -Үгүй ээ, ээжийн талд ч бөө удам байсан юм билээ.Аавын талаас миний мэдэх таван сайн бөө байсан.Ээжийн талд Цогт гэдэг бөө байлаа.Энэ Цогтын аав нь Равсал гэж хүн байв.Цогт гэдэг хүний талаар домог мэт олон сайхан дурсамж үлджээ.Түүний өргөж тавьсан гурван том хад чулуу бий.Мөн ургаа мод ч байдаг.Ээж маань эхээс гурвуулаа, бүгд эмэгтэй.Дарх хийдэг хүн байсан.Ээжийн нэг дүүгийн хүү нь улсын начин цолтой Бадрал гэдэг хүн юм.Хамгийн бага охин дүүгийнх нь том хүүд бөөгийн удам ирнэ гэдэг байжээ.Тэгээд би төрж, одоо бөө болоод явж байгаа нь энэ л дээ.Өвөөгийн галын гурван онгодыг нь хураасан байсны хоёрыг нь өнгөрсөн жил гаргаж тавьсан.Нийт таван онгод байсан.Үлдсэн гурвыг цаг нь болохоор гаргана.Хугацаа зааж захиж үлдээсэн байна лээ.
     
    -Онгодыг ил гаргах нь нарийн учир шалтгаантай байх уу?
    -Тийм ээ.Бүгд л учир холбоостой.
     
    -Бөөгийн зан үйлээс болоод олон хүн хэлмэгдсэн дээ, танайхан ч бас өртсөн үү?
    -Тэгсэн. Өвөөг минь хэд хэдэн удаа барьж явсан гэдэг.Гэхдээ буцаад л ирж байсан.Миний хувьд ээж талаасаа л бөөгийн онгод аваад байгаа.Ширдамба гэдэг нагац ах маань 90 гаруй наслаад өөд болсон.Түүний ярьсныг би бичиж авч үлдсэн.Нагац маань өөрийгөө буудуулж ид шидээ үзүүлж явсан гэдэг.Тэр над руу бууд гэж өөрөө хэлээд үрлэн сумтай буугаар буудуулсан байдаг юм.Гэтэл бууны суманд тэр үхээгүйгээр барахгүй биед нь жижигхэн цагаан сорви л үлдсэн гэнэ лээ.
     
    -Бөө нарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж та үздэг үү?
    -Тэгэлгүй яахав.Үндэсний маань нэг том соёл гэдгийг би дээр хэлсэн шүү дээ.Манай Хөвсгөлд одоо гадаадын хүмүүс аялал, янз бүрийн ажлаар очиход дарга нар маань бөө нараа бөөлүүлж үзүүлэн нүүр тахалж байна.Хөвсгөл далай, цаатангууд, гүн цэнхэр тайгыг нь харах гэж гадныхан очдог л байх.Гэхдээ ихэнх нь хамгийн түрүүнд бөөг нь үзье гэдэг юм.Гадаадынхан бөө нарын бөөлөхийг хараад маш их бахархдаг.
     
    -Монголчуудаас илүү мэдэрч байна гэсэн үг үү?
    -Бараг илүү их биширдэг юм шиг байна лээ. Яахав, одоохондоо манай монголчууд бөөгөө  сайн мэдрэхгүй байгаа юм уу даа. Яваандаа гайгүй ойлголттой болох байлгүй дээ.Төр засгаас сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм. 
     
    -Зарим улс төрчид сонгуульд бөө нарыг ашигладаг гэдэг.Танай нутагт тийм үйлчилгээ үзүүлдэг бөө бий юү?
    -Иймэрхүү яриа байдаг л юм.Хувь хүний асуудал учраас хамаагүй яриад байж бас болохгүй.Ер нь бөөг хараал жатга талаас нь муу муухай харагдуулах гэж зарим нь оролдох юм.Хүмүүс өвчин зовлонд баригдаад лам хуврагаар хүртэл яваад аргаа барахдаа бөө нартаа очдог.Сүүлийн үед бөө рүүгээ хүмүүсийн санаа бодол эргэж байна.Бөөгийн зан үйлийн нэг хэсэг нь байгаль дэлхийгээ хамгаалах, нөгөө талдаа хүмүүст шууд тус болох явдал юм.Биднийг цуглаад хурал хийж байхад нэг нөхөр ярьж байсан, та нар тэр хужаа нарын гэдсийг нь дүүртэл бөөлөөд өгөөч гэж.Бидэнд тийм эрх байхгүй.Бид тэнгэрийнхээ зарлигийг дамжуулна, байгаль дэлхийгээ тахиж, хамгаална.
     
    -Бөөгийн чадлаар мөнх тэнгэртэй харьцаж чаддаг бөө олон байсан байх аа?
    -Одоо тийм чадвартай бөө байхгүй гэж хэлж болохгүй.Мөнх тэнгэртэй харьцаж байгаа олон бөө бий.Тэд хамгийн эгэл даруухан явж байна.Цаашдаа ч гарч ирнэ дээ, тийм хүчтэй бөө нар.Халх бөө нарт сүнс дуудаж бөөлөх явдал байдаг.Манай нутгийнхан болохоор хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлдгийг би дээр хэлсэн шүү дээ.Халх бөө нар хүний нэрээр онгодоо нэрлэж байна, Дамдин аав гэх мэт.Хөвсгөлд дандаа газар усныхаа нэрээр онгодоо нэрлэдэг.Байгаль нь унаган чигээрээ үлдсэн нууц нь үүнд байдаг байх гэж би бас боддог юм.
     
    -Хүний сүнс гэхээр түмэн янзын юм байдаг биз?
    -Тэгэлгүй яахав.Арван хувьд нь өвөг дээдсийнхээ сүнстэй харьцаж байгаад дутуу хаядаг явдал ч ажиглагддаг.Ер нь хаанахын уул усанд харъяалагдахыг нь олж харьцах л хэрэгтэй байх.
    -Хүмүүс ихэвчлэн ямар хэрэгцээнээс болоод бөө нарт хандаж байна вэ?
    -Хүнд янз бүрийн хэрэгцээ шаардлага тохиолдоно л доо.Сүүлийн үед хавдрын өвчин их түгээмэл боллоо.Хүмүүсийн тал хувь нь өвчин зовлонгоо илааршуулах гэж бөө рүү очиж байна.
     
    -Танай нийгэмлэгийнхэн ойрын үед ямар томоохон тахилга хийх вэ?
    -Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс зүүн аймгуудын хэмжээнд их тахилга хийнэ.  Дорнодын нутагт Хөл уул гэж бий.Тэнд бид тахилгад оролцоно.Энэ сарын 12-нд болно.Хөвсгөлд ирэх хавар томоохон тахилгатай.
     
    -Хөвсгөлд нэг гайхалтай эмчилгээ хийсэн бөөгийн тухай зарим нь мэр сэр ярьцгаадаг.Тэр ямар эмчилгээ хийсэн юм бэ?
    -Америкаас  нэг  хүн  өвчтэй  хүүхдээ авчирч  Гооз  гэдэг бөөгөөр эмчлүүлсэн юм билээ. Тухайн үед энэ хүн теле камераар бичлэг хийгээд ганц нэг телевзээр цацсан байсан.  “Монгол бөөгийн голомт” төвийн бөө нар төөргийг нь үзэхэд оролцсон. Одоо манай нутагт  Гооз бөө амьд сэрүүн байж л байгаа. Түүнээс ч илүү гайхамшигтай зүйл хийсэн бөө нар байдаг шүү дээ, манай нутагт.Тэр бүгдийг монголчууд маань дутуу ойлгож, зарим нь бүр огт мэдэхгүй байгаа байх.Бөөгийн ийм сайн сайхан талыг сурталчлахаасаа илүү муу талаар их ярьдаг болжээ.Муу бөө ч бас олон болж. Худлаа бөө нар нь бизнес хөөж,  тэдний гайгаар бөөгийн нэр хүнд унаж байгаа нь тун харамсалтай юм.
     
    -Ер нь хараал хийхийг бөөгийн ёсонд хүлээн зөвшөөрдөг үү?
    -Жатга, ховс, хараал гурвыг хориотой л гэдэг ш дээ.Харин хариулга хийдэг.Янз бүрийн хэл аманд өртсөн хүний юмыг бөө нар л засч янзалдаг.Хараал туссан хүнийг үзээд бөө нар хариуд нь цаад хүнд нь юу гэж хараал хийх билээ.Тийм юм байхгүй.Хүний ёсноос гажууд юм шүү дээ.Тиймээс бусдыг бөөгийн хараал гэдгээр айлгах хэрэггүй юм.Ерөөсөө бөө гэдэг чинь хамгийн шударга харилцаа юм гэж ойлгох хэрэгтэй.Бөө нар зурхайг тэр болгон хэрэглээд байдаггүй.Хүн нэг бүрчлэн харж, үзээд хэлж, засдаг онцлогтой.
     
    -Монгол бөөгөөс буддын шашин их зүйл авсан гэдэг?
    -Тиймээ, бөөгөөс будда их юм авсан.Гэхдээ, жишээ нь зулыг бөө нар хэрэглэдэггүй байж.  Харин гал түлж бөөлдөг.Мөн эрхи, хадаг байна.Эдгээрийг бөөгийн ёсонд хэрэглэж байгаагүй гэж би үздэг юм.Одоо хаа сайгүй хадаг уяастай.Ингэж бөөд бас шарын шашны юм их холилджээ.
     
    -Бөө нар онгодоо дуудахдаа архи  хэрэглэдэг. Ийм ёс урьд нь байсан юм уу?
    -Архи ууж онгод дууддаг юм гэж байгаагүй шүү дээ.Эрт дээр үед одоогийнх нь шиг шилтэй спирт, архи ямар байсан биш.Энэ бол маш буруу зүйл юм.Харин сүүний архиа л өргөл мөргөлдөө ёс болгож хэрэглэж байсан байх.Түүнээс биш бөө нь архи уугаад согтож унаад байх нь утгагүй шүү дээ.Уул овоон дээрээ гараад хурим найр хийж байгаа юм шиг архи уугаад суух гэж юу байх билээ.Хурим найр ч гэсэн дэг жаягтай байдаг.Бөөд хамгийн зохимжгүй зүйл бол энэ архи юм.
                                                                                                                                              Ярилцсан Б.Отгонбаяр

     
  • Япончуудын урт насладаг нууц тайлагдлаа

    • Өдөрт /24 цагт/ нэгээс дээш аяга кофе уухгүй байх
    • Хүйтэн усаар эмийг даруулж уухгүй байх
    • Орой 17,00 цагаас хойш юм идэхгүй байх
    • Тослог багатай хоол идэж байх
    • Өглөө их ус ууж орой бага ус ууж байх
    • Гар утсаа өөрөөсөө хол цэнэглэж байх
    • Орой 22,00- цагаас өглөөний 06 хүртэл тогтмол унтаж байх
    • Эм уусны дараа хэвтэхгүй байх
    • Өлөн элгэн дээрээ эм уухгүй байх
    • Гар утсаа цэнэглэж байхад мөн интернэт сүлжээнд нэвтрэхэд цацаргийн хэмжээ 1000 дахин нэмэгддэг тул байнга хол байлгах
    Япончуудын эрүүл урт удаан наслахын тулд бэлтгэн хүртдэг цэвэр байгалийн жүүс хийх арга
    Эрүүл мэндийн шүүс:
    • Лууван+ Цагаан гаа+ Алим-ын нийлэмж жүүс Таны дархлааны системийг цэвэрлэнэ
    • Алим+ Өргөст хэмх+шанцай-гийн нийлэмжит жүүс Цусан дахь холемтриныг бууруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, толгой өвдөх ходоод өвдөхөд сайнаар нөлөөлнө
    • Улаан лооль+ Лууван+ Алим- арьсны өнгийг сайжруулж уяан хатан болгоно, уушги цэвэрлэнэ
    • Гашуун чинжүү+Алим+Сүү-ний нийлэмжит жүүс нь амны үнэрийг арилгаж, биеийн темпеоатур буулгана
    • Жүрж+Цагаан гаа+Өргөст хэмх-ийн нийлэмжит жүүс нь арьсны чийглэгийг хангаж элдэв цоохор байдлыг устгана
    • Хан боргойцой+Алим+Тарвас-ын нийлдэж нь давсаг бөөрийг угаана, бөөрний хэм бууруулна
    • Алим+ Өргөс хэмх+ Киви-н нийлэмж арьсийг чийгшүүлнэ
    • Лийр+Гадил жимс- цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
    • Лууван+ Алим+ Лийр+ Манго-н нийлэмж биеийн дулааныг нэмэгдүүлж, цусан дахь хорыг гадагшлуулна, даралт болон биеийн нийт эсэлдэлттэй тэмцэнэ
    • Усан үзэм+Тарвас+Сүү+Витамин С+ Витамин В12- нийлэмж нь биеийн дархлааг дэмжин эмийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
    • Гуа+ Ханборгоцой+Сүү+ВитаминС, Е Төмөр- нийлэмж бодисийн солилцоог сайжруулна, арьс өнгөлөг болно.
    • Гадил+ Ханборгоцой+Сүү- өтгөн хатахаас сэргийлж бодисийн солилцоог дэмжинэ
    Мөн өдөр тутамдаа
    1. Өглөө бүр ходоод хоосон байхад ус уух– Япон хүн сэрэнгүүтээ босч 4 аяга ус уудаг /160 гр Х 4 аяга/ Шинжлэх ухаанааор батлагдсан энэ арга нь дараах өвчлөлийг 100 хувь эдгээнэ
    • Толгой өвдөх
    • Зүрхний өвчин
    • Үений өрөвсөл
    • Зүрх хурдан цохих
    • Эпилепси
    • Таргалалт
    • Багтраа
    • Менингет
    • Бөөрний өвчин
    • Бөөлжих
    • Ходоодны үрэвсэл
    • Суулгалт
    • Чихрийн шижин
    • Өтгөн хаталт
    • Нүдний өвчин
    • Умайн өвчин
    • Хамар, хоолой
    • Хорт хавдар
    • Чихний өрөвсөл
    2. Эмчилгээний арга
    • Өглөө  шүдээ угаахаас өмнө 160 мл ус 4 шил уух
    • Та шүдээ цэвэрлэсний дараа 45 минутын турш юм идэж, ууж болохгүй.
    • 45 минутын дараа та өглөөний цайгаа заавал уух
    • Өглөөний, өдрийн ба оройн хоолны дараа ус уух ба 2 цагийн турш идэхгүй байх.
    • Өвчтэй болон хөгшин хүмүүс бага багаар дасган уух нь хамгийн чухал
    Энэхүү программаар байхад доорх өвчин эдгэрнэ
    • Цусны даралт -30 хоног
    • Ходоодны шарх 10 хоног
    • Чихрийн шижин-30 хоногт
    • Өтгөн хаталт-10 хоногт
    • Хорт хавдар-180 хоногт
    • Үений үрэвсэл -3 хоногт
    Эдгээр аргаар та эрүүл саруул байж бодисийн солилцоо идэвьхитэй болж ирнэ. Энэ үед идэвхитэй хөдөлгөөн хийсэн ч ядархааргүй болсон байна.
    Таны уух ус хэзээ ч хүйтэн байж болохгүй ба таны биеийн хэмтэй ижил төвшинд байх ёстой. Нэг үгээр өөх тос хуримтлагдсан таны биед хүйтэн ус орох нь хормын төдийд царцааж хананд өөхөн давхарга үүссэх нөхцөл бүрддэг.
     Харин танд доорхи шинж илэрвэл маш аюултай гэсэн үг:
    • Даралт ихтэй хүмүүсийн 60 хувь нь унтаж байхдаа бие нь тавгүйтдэг
    • Дотор муухайрах, хөлрөх нь зүрхний өвчний шинж байдаг
    • Эрүү өвдөх нь /чичрэх/ ядаргааны шинжтэй
    • Цээж өвдөж мэдрэгдэх эдгээр шинж илэрвэл яаж орхиж болохгүй заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.
     
    Орчуулсан Б. Саран
     
  • Хээлтэй согоо намнаад гэсгээл хүртэв

    Тэгээд АКМ-СВД-ээр зэвсэглэн “ГАЗ-66”-даа таван цэрэг, эхнэрийнхээ хамтаар суулган давхижээ. Ойн чөлөөнд нэгэн согоо тааралдсан бөгөөд 80 метрээс мэргэн буудагчийн “СВД”-ээр буудсанаар согоо ч нам унах нь тэр. Цусаа уухаар улайрсан ангуучид давхиж очтол уг согоо нь хээлтэй байсан бөгөөд гэдсэн дэхь тугалыг нь хамтад нь буудсан байжээ.
    Дөнгөж амь тавьж байсан согооны гүрээг тас хэрчин цусыг нь ууцгаан архиар даруулаад ажлаа бүтээн хөдлөв. Тэр оройдоо эхнэр нь цусаар бөөлжсөөр өөд болж гэнэ. Харин хошууч М жилийн дараа Офицеруудын ордны орчимд архидаж яваад хөлдөж үхсэнээр хээлтэй согоо намнасан хэргийн шувтарга болов. Ийм маягаар ан амьтныг ёс бусаар хөнөөснөөс үүдсэн аймшигт хохирол дэндүү олон.

     
     
     
  • УГ ЗУЛ ДЭГДЭЭХ ДУУДЛАГА

    Идээн дээр минь эргэсэн
    Тахил юуг минь таалсан
    Онгод их тэнгэрүүд минь
    Орон дэлхийн савдагууд минь
    Одоо ингээд буцдаа
    Орон дэлхийдээ шингэлээ
    Хүний биенээс минь гардаа
    Хөрст дэлхийдээ шингэдээ
    Ханатай гэрээс минь гараарай
    Хадан гэртэй буцаарай
    Утаатай гэрээс минь гараарай
    Уул гэртээ буцаарай
    Тэнгэртээ хөөрөөрэй
    Тэлмэн газраас дэгдээрэй
    Дэгдэн дэгдэн дэгдээрэй
    Дэгдэн дэрвэж хөөрөөрэй
    Хөөр хөөр хөөр
    Хөөр хөөр хөөр хэмээн аялгуулан дуудаж мордуулдаг.
    Үүний дараа тахил дээрээ зассан цай, идээ, сархад, сүүнийхээ дээжийг зүг зүгийн тэнгэрт нь өргөдөг,.