Author: admin_shaman

  • Сарьсан багваахайд шингэсэн чөтгөрийг сэдэд зайран даржээ

    Эднийх тов хийсэн амин зуулгын 200гаад малтай. Рэгсэл өдий дөч хүртлээ эхнэр хүүхэдтэй болоогүйгээр үл барам хэр баргийн хүний өөдөөс эгцэлж ч хардаггүй дэндүү зожиг нэгэн.

    Ээж нь ч гэсэн дээ. Хүүтэйгээ хоёулхнаа аж төрсөөр үндсэндээ энэ айл хүний нийгмээс нэгэнт тасарсан байжээ. 1958 оны 7р сарын сүүлчээр сум орноос Рэгсэлийнхийг нэгдэлд элсэж, малаа нийгэмчлэхийг шаардан ухуулахаар аймгаас төлөөлөгч урьжээ. Учир нь Рэгсэл сумынхаа удирдлагуудын үгийг үнэндээ сонсохыг ч хүсэхгүй байснаас ийн төвөөс «туслах хүч» дуудуулахад хүргэсэн аж. Бичиг үсэг ч тайлагдаагүй Рэгсэлд болоод зөнөх насан дээрээ хүрсэн хөөрхий ээж хоёрт төвөөс ирсэн том дарга энэ тэрнээс айх, ичих ухагдахуун үнэндээ байсангүй. Бараг л хоосон хонох шахам зүтгэж байж өсгөж үржүүлсэн амин зуулгынхаа хэдийг луйвардуулах хүсэл үнэндээ байсангүй. Харин ч хөөрхий хөдөөх эр уурандаа аймгийн намын хорооны төлөөлөгчийг муужиртал нь нударгалаад унагачих нь тэр. Тэгээд л гэмт хэрэгтэн боллоо. Маргааш нь аймгаас сэргийлэхийнхэн ирж Рэгсэлийг бариад мөрдөнд хорьчихов. Мөн 200аад малаас нь 50иадыг үлдээгээд нэгдэлд албан хүчээр нийгэмчлэхэд нь хөгшин эх нь «Тунгалаг Тамир» кинон дээр Буян чавганц Итгэлтийн малыг хураалгахдаа Эрдэнийг хараадаг шиг юм болжээ. Сумынхан нь ч айж ичихдээ арга буюу малыг нь буцааж өгье гэцгээсэн авч намын шийдвэр, тэгээд ч нэгдэлд нэгэнт дансалчихсан учраас ямар ч арга олдсонгүй.
    Рэгсэлийг арваад хоног хоригдож байх хоорондуур нас өндөр гарсан эмгэн хүүдээ санаа зовнисоор өөд болчихож. Хэрэг явдал нэгэнт ийм болсон учраас дээд газрын шийдвэрээр Рэгсэлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр эхийгээ оршуулахдаа «ил тавина» гэж дайрсаар санасандаа хүрэв. Оршуулсан өдөр нь Рэгсэлийг ганцааранг нь орхиж түвдээгүй учраас үеийнх нь хоёр эрийг ганц, хоёр хоног хань бараа болгон үлдээжээ. Хоёр эр ч нутгийн хүмүүс хойно элдвийн юм бодсонгүй. Дээлээ нөмрөөд л хажуулцгаажээ. Шөнө дундын үед хүн ярих чимээ сонсогдоход хоёулаа л зэрэг сэрцгээв. Гэтэл юу болсон гэж санана. Мөнөөхөн бурхан болоод оршуулчихсан эмгэн Рэгсэлийн өмнө зогсчихсон юм яриад байх авч чухам юу гээд байгаа нь ойлгогдохгүй байв. Хачирхалтай нь эмгэний бие гэрэлтээд байх юм гэнэ. Үхтлээ айсан хоёр дуугарч ч чадсангүй. Дэмий л дээлийнхээ завсраар чухам юу болохыг сэтгэл түгшин харж байлаа. Удсан ч үгүй эмгэний гэрэлтэж байсан бие замхран замхарсаар усны уур мэт тунарсан цагаан юм болсоноо орон дээрээ сөхрөөд суучихсан байсан Рэгсэлийн толгой руу яваад орчихжээ. Хаа очиж хар багаасаа айл саахалт явсан үеийн хоёр нөхөрт нь ямарваа нэгэн хал бал болсонгүй.
    Эмгэний сүнсийг биедээ шингээсээн Рэгсэл гэнэтхэн босч ирсэнээ ер бусын зэвүүнээр тас тас хөхрөхөд нь дөрвөн ханатай гэрийн унь хана шаржигнан дуугарч, хоёр хоноцын дотор хүйт дааж, толгойтой үс нь босох шиг болж байжээ. Тэгснээ гэнэтхэн хаалга сэвхийтэл онгойлгоод гараад явчихав. Удаа ч үгүй хотонд үлдсэн хориод мал нь хонь, үхэргүй майлалдаж мөөрөлдөөд л… Бодвол Рэгсэл малаа туугаад хаа нэг тийшээ явж байгаа бололтой. Гэрт нь үлдсэн хоёр ч бүр мэл гайхаж, цэл хөхөрцгөөжээ. Зүүд үү? Болсон явдал уу? Үнэндээ сайн ойлгоцгоохгүй байлаа. Аймшигт үзэгдлийг хараад ухаан нь ерөнхийдөө дэн дун болчихоод байв. Ингэсээр өглөө болж нар мандахад л мань хоёр гадна гарав. Рэгсэл хэдэн малтайгаа ор сураггүй алга болсон байлаа. Тэр хоёр ч нэлээд зоригтой эрс байсан учраас ер нь шөнийн явдал зүүд үү, үнэн үү гэдгийг нотлоё гээд эмгэний шарилыг тавьсан газар руу очтол ор сураггүй алга болсон байв. Мань хоёр ч «За, тас, чоно нохой л идээ биз» гэж бодоод огтхон ч тоолгүй гэртээ харьцгаажээ.
     
    Харих замдаа мань хоёр энэ тухай хэнд ч ам алдахгүй гэж андгай тангараг тавьцгаасан авч хэдхэн хоногийн дотор тэр хавиар тарж орхижээ. Тэгээд ч зогссонгүй шашны суртал ухуулга хийж ард түмний дунд цуурхал дэгдээсэн гэдгээр чамгүй банга сонсоод арайхийн дээлээ нөмөрчихөлгүй үлдэцгээв. Удаа ч үгүй хэрэг явдал зах зухаасаа мэдрэгдэж эхэллээ.
    Анх Рэгсэлийн малыг хөөж явсан намын идэвхтэн Санжий гэгч нүхэнд унаад үхчихэв. Гэхдээ түүний нүүр амыг толгой тархитай нь зай завсаргүй сэглээд хаячихсан байх нь тэр. Талийгаач уул нь хурал тараад явж байсан аж. Харанхуйд гэнэтхэн л олон арван сүр сархийсэн юм нисч ирээд толгой тархи руу нь шавчихсан. Талийгаач яагаад ч юм орилоод урагшаагаа гүйчихсэн. Араас нь яваад очиход нүхэнд унаад өнгөрчихсөн байсан гэж хамт явсан хүмүүс нь ярьжээ. Дараагаар нь Чулуунжий, Бадрах, Дэмбэрэл нарын хотонд байсан Рэгсэлийнхээс ирсэн мал сарьсан багваахайн сүрэгт хөөгдөн алга болсон тухай яриа ч тархав. Энэ цуу яриа улам даамжирсан учраас аймгаас ухуулга сурталчилгаа хийхээр Рэгсэлийн малыг хураах ажлыг зохион байгуулж байсан малигар шар нөхөр дахин иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа буг чөтгөр байдаггүй тухай лекц уншчихаад «цуурхал тараасан хүмүүст эрүүгийн хариуцлага тооцно» гэдгээ ч нуусангүй.
    Орой нь тэрбээр сумын зочид буудалд байрлаж байгаад бие засах гэж гарч яваад үхсэнийг өглөө нь олжээ. Түүний нүүр нүд, хувцас хунарыг харахын аргагүй сэглэн сийчсэн байсан бөгөөд ихэд тэмцэлдсэний гэрч болсон хоёр ч үхсэн сарьсан багваахай дэргэдээс нь олдов. Үзэшгүй муухай сарьсан багваахайн үхдлийг хараад мөнөөхөн яриа улам дэвэрлээ.
    Айж хэлмэгдсэн хүмүүс нутагтаа нуугдаж эсэн мэнд үлдсэн бөө, зайрангуудаас арга буюу тусламж дэмжлэг эржээ.
    Тэгээд өдгөө нэрд гарсан зайран Б.Чагнаа гуайн авга ах Сэдэд зайран уг асуудлыг нэг тийш нь болгохыг зөвшөөрчээ. Сэдэд зайран толиндоо харж харж «Эхийнх нь сүнс чөтгөр болоод Рэгсэлд шингэж. Нэгэнт амьдаараа буг болсон Рэгсэл зүүн урд зүгт нэгэн агуйд очиж үхжээ. Үхэхдээ муу ёрын сүнс нь агуйд байсан сарьсан багваахайнуудад шингэж орхиж. Үй олон сарьсан багваахайд чөтгөрийн сүнс шингэсэн учраас дарахад их хэцүү» гэж айлджээ. Тэгээд «Далан айлын тогооны хөө олж ир» гэсэн лүндэн буулгав. Зайранд сүсэглэсэн хүмүүс хөө цуглуулна гэж ёстой хөгөө чирсэн гэдэг. Заримаас нь гуйж аваад, зарим айлаас нь сэмхэн хулгайлж авах ч тохиолдол байлаа. Ямар ч байсан 70 айлаас тогооны хөө цугларав. мөн нэг уут улаан давс, өргөстэй улаан харгана, хуурай мод ихээхэн хэмжээгээр бэлдүүлсэн нь нэгэнт бэлэн болсон аж.
    Сэдэд зайран 70 тогооны хөөгөө залуусын шээсээр зуураад бүх юмаа хайнагийн шаранд ачаалан хөдөлжээ. Тэгээд явсаар нэгэн агуйд ирсэн нь хэн ч мэдэхгүй байв. Нутгийн хүмүүс ч уг агуйг мэдэхгүй байсан нь гайхалтай. Тэгээд агуйн аман дээр мөчрөө асаалган гал болгосноо агуй руу цог нурмыг нь түлхэн оруулаад залууст нэг нэг өргөстэй харгана бариулан «За, та нар ганц ч сарьсан багваахай гаргаж болохгүй» гэсэн үүрэг өгчээ. Тэгээд л өвгөн зайран агуй руу, хөө, давс хоёроо аваад оржээ. Агуй дотор зайрангийн бөөлөх чимээ гал дээр хийсэн давсны чад пад хийх чимээ тун ч сүртэй сонсогдон ганц нэг сарьсан багваахай агуйн ам руу зүглэх авч өргөстэй харганаар ширвэнгүүт үхэтхийн унаж байлаа. Удаа ч үгүй агуй дотроос «Хүүхдүүд минь, намайг аваач» гэсэн сулхан дуу гарахад нь утаа униарт автсан агуйгаас зайрантанг гаргаж авчээ. Утаа униар гарсны дараа агуйд бамбар барин ороход сарьсан багваахайн үхдэл хөглөрч байжээ. Хачирхалтай нь сарьсан багваахайнуудыг томхон буугаар буудсан мэт хага үсэрсэн байв.
    Ингэж нэгэн айхтар чөтгөрийг даржээ. Хаа очиж уг явдлыг сум даяараа мэдсэн ч дарга цэрэггүй хав дарцгаагаад өнгөрчээ.
    Эх сурвалж www.wikimon.mn
     
  • Америкчууд тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээнд урьлаа

    Долдугаар сарын 4-ны өдөр бол АНУ-ын үндэсний баяр, Тусгаар тогтнолын өдөр. Энэ өдөр бол Британийн хаанчлалаас чөлөөлөгдөж Америк тусгаар тогтнолоо зарласан тунхаглалдаа гарын үсэг зурж байсан юм. Америк даяар, том хотуудад хүмүүс өргөн зугаалга хийн баяраа тэмдэглэдэг.
    АНУ-ын нийслэлийн төв гудамжаар мянга мянган хүн жагсаалаар явж, бүх төрөл мэргэжлийн цэргийн салаадын жагсаал, хэдэн зуун хөгжмийн хамт хотуудын гудамжаар хөвөрнө.
    Нью-Йоркийн тав дахь өргөн чөлөөгөөр мөн л уламжлалт жагсаал цэргийн парад явж хамгийн гол арга хэмжээ нь бүрэнхий болох үеэр Гудзон голын эрэг дээр болдог. Энд гэрэлт сум, салютын том  шоуг үзэхээр хотын иргэд гадаадын жуулчид цуглардаг. Бусад хотуудад ч баярын жагсаал, цэргийн парад болж, хүмүүс өргөнөөр зугаалан тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэнэ.
    АНУ-ыг Их Британиас тусгаар тогтносныг зарласан Тунхаг бичгийг Конгресс 1776 оны долдугаар сарын 2-ны өдөр өнөөгийн Пенсильвани мужийн Филадельфи хотноо баталсан юм. Хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 4-нд энэ баримт бичгийн хуулбарыг  ард иргэдэд түгээжээ. Ийм учраас АНУ-ын тусгаар тогтнож “төрсөн өдөр”-ийг долдугаар сарын 4 гэж тэмдэглэдэг уламжлалтай юм байна.

     
     
  • ХАР ЗҮРХНИЙ ХАР НУУРЫН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
    12.00-16.00 Бүртгэл, чөлөөт бөөлөлт,
                        Дээд цэцийн хуралдайн 61 дүгээр хуралдаан
    18.00-21.30 Эрдэм шинжилгээний хуралдаан
    21.30-22.30 Баримтат кино үзэх
    -Байгаль далай, Бух ноёдын хээрийн онгонд залбирсан нь.
    -Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулсан тахилга  
    -Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрханы Тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Дээж” байгуулагын тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Хаан тэнгэри” байгуулагын бөөгийн сүмийн нээлт
    22.30- Галын наадам. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл
    2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
    8.00-9.00 Их эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх тахилга
       Орхон аймгийн бөөгийн хүрээлэн. Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа
    9.00-10.00 Хар зүрхний хайрханы тахилга
       МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл. Монгол бөөгийн удган Оюунтуул
    10.00-11.00 Хөх нуурын тахилга
       Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн
                     ХААЛТЫН АЖИЛЛАГАА
     
  • 2021 оноос 20 жил тасралтгүй хур бороо эрс татрах мөчлөг Монгол оронд эхэлнэ

    1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм.
    1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.
    1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн аж.
    Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болжээ
    Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон. Мөн Монголчуудаас өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон гэж дэлхийд байхгүй аж.
     Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан.
    Харин Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм.
    Жишээ видео:
    Нэгдүгээрт, Израил буюу бүс нутагтаа байнга дайн, байлдаантай, шашин хоорондын маргаантай байдаг улс. Ийм учраас аюулгүй байдал талаасаа хүнсний асуудлаа өөрсдөө, импортлохгүйгээр шийдсэн. Усаа хэрхэн цэвэршүүлж, ундны ус гаргадаг тухай.
    Хоёрдугаарт, Ливи улс. Элсэн цөлд байдаг. Гаднаас валютаар ундны усаа худалдаж авдаг байсан. Харин ус олж, усаа бүх хотууд руу хоолойгоор дамжуулснаар дотоодын хэрэглээгээ хангаж байна. Эргээд бүс нутагтаа усаа экспортолж байгаа жишээ.

     
  • ДЭЛХИЙД ГАНЦХАН НААДАМ

    Ерөөл билгийн мэндээ цэнхэр хадгандаа цацраасан
    Ертөнцийн зүрхнээс дуурьсах цэнгэл баяр Монголынх
    Уухай хадаан ялалтын тугаа мандуулж наадъя
    Улс улсын сонорт түгээн дуулж наадъя
    Умардаас дорныг донсолтол бие биелж наадъя
    Уул уулсыг сэрээж өндөлзүүлэн байж наадъя
    Агуу сүр хүчээ бахдан алдаршуулж наадъя
    Ариун тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж наадъя
    Арван зүгийн бурхдыг хурайлан аргадаж наадъя
    Атаа таван тэнгэрийн мэлмийг баясгаж наадъя
    Нүүдэл нүүдлийн жинг хураар аргамжиж наадъя
    Нүнжиг ханхалсан өвгөдөө хойморьтоо дээдэлж наадъя
    Нуга нугын зэлнээс гийнгоо нисгэж наадъя
    Нутаг нутгийн харчуулын аархлаар гангарч наадъя
    Морин хуурын чавхдасаар хорвоог уясааж наадъя
    Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадъя
    Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадъя
    Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадъя
    Торгон тэрлэгний өнгөнд жаргал хээлж наадъя
    Тормон нүдэн амрагтай дөрөө ижилсүүлж наадъя
    Торшгүй шандаст соёолонгийн тоосонд умбаж наадъя
    Товруу мөнгөн эрвээлж дээр салхи хөлөглөж наадъя
    Бай мэргэн харваачдын цэцийг сорьж наадъя
    Босоо хийморьт эрсийн мэхийг сонжиж наадъя
    Бусгаа аргамаг хүлгийн хурдыг шагшиж наадъя
    Буурал буурал түүхийн хэлхээс шаглаж наадъя
    Дээдсийн алтан шастир дэгжиж дэлгэрэх наадам
    Дээлтэй ардын соёл дэгжирхэж гоёх наадам
    Дэнж дэнжийн гэрээс аварга төрдөг наадам
    ДЭЛХИЙД ГАНЦХАН НААДАМ миний Монголын наадам аа
    А.Сүглэгмаа

     
  • Монгол наадам

    Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан бөгөөд түүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ. Ер нь зуны дэлгэр цагт ард олон нэгэн дор цуглаж дугуй хээтэй наадамдаа дурдан бүсээ шавхийтэл ороогоод ирдэг байсан нь хэдэн мянган жилээр хэмжигдэх уламжлал биз ээ.
    Анх 1639 оноос ийнхүү зан үйлийн цогцлол болсон эрийн гурван хийх болсны гэрч нь “даншиг наадам” юм. Тус онд Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир хэмээх хүний морь түрүүлэн ирснийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөнхүү хамгийн том даншиг наадам Долоннуурт 1696 онд болсон бөгөөд энэ үеэс “Түмэн эх” дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон түүх бий.
    Эрийн гурван наадмын үеэр эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог.
     Хүчит бөх
    Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль “Эрийн сайн хан харангуй”-д “буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг” гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно.
    Дэнж хотойлгон дэвэх хүчит бөхчүүдгүйгээр монгол наадмыг төсөөлөхөд бэрх. Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнгүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ.
    Хурдан морь
    Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг үгсийн нэг. Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул, усыг туулж агтны туураар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүх бидэнд буй.
    Монголчуудын хурим найр, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй билээ. Тиймээс ч манай улс үндэстний хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.
    Хүлэг морьдын дотроос хамгийн хурданыг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас, насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 22-28 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Сүүлийн жилүүдэд мориноос унаж, бэртэхээс хамгаалсан хувцас хэрэглэл өмсдөг болсон билээ. Тохой зандан ташуурынхаа сурыг нь алдартал морио ороолгох жаахан хүүхдүүдийг наадамчин олон өхөөрдөж, сэргэлэн авхаалтайг нь магтан ярилцана.
    Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг худран морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө.
     
    Мэргэн харваа
    Энэхүү тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, ан авлаж, их олз олсны дараах бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.
    “Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг” тухай ном сударт олонтаа өгүүлэгдсэн нь бий.
    XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм.
    Домог үлгэрүүдээс харахад л сурын харваа нь үндэстэн оршиж эхлэхэд хамт буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
     
    Төгсгөлд өгүүлэх нэгэн зүйл
    Онгоцны суунагласан цагаан утаа сумын төвийн тэнгэрт уртаас урт үүл зурчихаад хойд зүг одов. Онгоц хаана буухыг нь харах гэж саарал халзан мориндоо ташуур өгөн дагаад давхичихав. Даанч удсангүй урт цагаан утаа сарнин замхарч, харин онгоц харах хүсэл минь улам ихээр дүрэлзэн асна.
    Уг нь би чинь уяа морио хөлсөлж явсан хүүхэд. Нөгөөдөр наадам болох гэж байтал сойж байсан морьтойгоо онгоцны утаа дагаад хэдэн арван километр давхичихсан байдаг. Аажуухан цогиулсаар эргэн иртэл аав минь намайг өргөн буулгаж, мориныхоо хөлсийг зугуухан хусах зуураа “Миний хүү арай л ширүүдүүлчихжээ. Хүч нь тогтсон байсан юмсан. За яахав болох биз ээ” гэж байна. Онгоцны утаа тэнгэрийн салхинд задрах шиг гүн гүнзгий санаа алдсанаа аав минь “Морио нэг их гишгүүлээд яахав, хөлсийг нь хатахаар уячихаарай” гэж хэлчихээд хойд овоо руу алхав.
    Түүнээс хойшхи хоёр өдөр нүд ирэмхийн зуурт өнгөрлөө. Уг нь наадам дөхөөд ирэхээр цаг явж өгөхгүй хором, минут бүр яст мэлхий шиг мөлхдөгсөн. Гэтэл мориндоо буруу ажил хийчихсэн, дотроо бөөн гэмшил тээсэн бяцхан хүү надад тийн санагдсан хэрэг. Аав минь харин урьдынхаараа инээмсэглээд л явж буйг нь харах жаахан ч гэсэн тайтгарал байв.
    “Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
    Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
    Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
    Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэсэн мөрүүдээс өдгөө олон жилийн өмнөх манай сумын наадам нэвт, шувт үнэртэнэ. Салхин сэвэлзэхүй дор асарт өлгөөтэй туг шархийн дуугарах нь иссэн айраг хөхүүрт шуугихтай адилхан ч сонсогдох шиг… Магадгүй би адилхан гэж бодсоноос л тийн санагдсан байх.
    Түмэн адуу дүүрэн бэлчээрлэсэн Хөхүүрийн номин талын элгэн хүрэн уулсын орой руу нар явгалан мандана. Аавтайгаа адуу манана гээд байсан сүрхий эр хүн гуай нам унтчихжээ. Сэрээд харвал ээж минь арц уугисан сангийн бойпор бариад уяаны дэргэд суугаа аавын зүг явж харагдана. Эхлээд тэд арцаар морьдынхоо амгай зуузай, цулбуурыг нь хүртэл ариутган утаж, уяагаа гурав тойрчихоод дараа нь намайг болон, эмээл, сураар сүлжиж хийсэн ташуурыг минь утдаг юм. Манайх тэр жил азарга уяагүй учир ээж, аавтайгаа наадамлахаар мордов.
    Монгол наадам олон зуун мянган жилийн уламжлалтай гэдэгт би бүр балчир байхаасаа итгэсээр ирсэн. Сумын баруун талыг хээлэн урсах Бүрдийн голын хөвөө даган өөр өөр аймаг, сумдаас ирсэн наадамчид буудаллажээ. Туг барьсан морьтон гарааны зурхай руу морьд гаргаж өгөхөөр наадмын талбай тойрон давхиулахад дэлхий амгалан болдог биз ээ. Миний морь өнөөдөр яах бол, би буруу ажил хийчихсэн юм чинь айраг амсаж чадахгүй болов уу гэсэн бодол гэнэтхэн зурсхийв. Яг тэр үед манай бригадын уяач залуу аавтай ирж мэндлээд “Ахын уяагаар ороод гарлаа. Саарал халзан морь хэцээ доош татаад, дөрвөн хөлөө нугалаад хэвтчихсэн байхаар нь цулбуурыг нь уртасгаад уячихсан шүү” гэснээ “Сайхан буян юм аа, ир нь орчихсон шиг санагдсан. Энэ жил ч ах, их насны түрүү магнай алдахгүй шинжтэй” гэв. Би ч дотроо баярласан гэж жигтэйхэн. Харин аав минь “Дээлтэй бүхэн барилдаад начин болдоггүй, дэлтэй бүхэн уралдаад айраг амсдаггүй” гэх нь тэр. Дотроос минь өгсөж явсан хачин их хөөр баярыг аавын үг номхотгож орхив.
    Зүг зүгийн улс гүрэнд гайхуулан, зүлэг ногоон дэвжээгээ хотойлгох миний монгол наадам. Тожил хийцийн мөнгөн чимэгтэй эмээл, товруу мөнгөн хазаартай ганган алаг морьд наадмын торгон ногоон дэнж дээр толгой хаялан дүүхэлзэнэ. Гуталчин Д.Батчулуун ахынхаа хийж өгсөн цагаан ултай, шинэхэн монгол гутлыг өмсч, ээжийнхээ оёсон хөх даалимбан дээлээр гангарч өндөр шарга мориныхоо жороо гишгэгдэлд хийморь сэргэсэн би бээр аав, ээж, эгч гурвынхаа дунд ороод л наадмын талбайг гоёж явна.
    Нөөлгийн  толгойн цаад хормойд тоос босч, бараан тоос тэнгэр газрыг хээлэн нэхнэ. Сүргийн манлай ирж буй нь тэр ээ. Төд удалгүй унаач хүүхдүүдийн гийнгоон дуу цангинаж, тэр нь “азарга ирлээ” гэж хашгиралдан, үймж шуугисан түмний дуу, чимээнээс давж сонсогдоно. Түрүүлж, айрагдсан хүүхдүүд, уяачдын хөл нь газар хүрэхгүй баярлаж, аргамаг хүлгүүдийнх нь тухай домог мэт яриа сумын төвөөр нэг тархдагсан. “Манай сум азарганыхаа түрүүг алдсангүй ээ. Төмөрийн халиун ч аргагүй хурдан аргамаг даа. Таван азаргаар тэлж уралдаад байхад л гүйцэгдэхгүй байсан гээд бод” гэж ирээд хүмүүс ам дамжин хөөрөлдөнө.
    Их нас мордох боллоо. Аав минь тугтай машинд сууж морь дагах болов. Намайг гарааны зурхай руу явахад нэг ч зөвлөгөө өгсөнгүй. Уяач бүхэн л унаачдаа “Мориныхоо амыг сайн барьж яваарай, салхин талд нь гарч уралдаарай” гэх мэт олон зүйлсийг захиж зөвлөнө. Харин аав минь “Миний хүү өөрөө мэдээд уралдана биз дээ” гэнэ.
    Борооны өмнөх тэнгэр шиг зүстэй, загалтай саарал халзан морь. Адуу адуунаас онцгойлж, аав минь хүүдээ унага байхад нь зүсэлж өгсөнсөн. Өнөөдөр бид хоёр уралдах гэж байна. Гийнгоон дуунд салхи татуулан хурдлах цаг ийн иржээ. Манай сумынхны морьд хэрхэн будлиангүй эргэж, сайхан наадаж буйг бусад сумынхан гайхдаг юм. Аргагүй шүү дээ. Ямар ч олс, шидмэс барилгүйгээр 100 гаран хүлгийг ганцхан хүн ярайтал эгнүүлэн зогсооно гэдэг амаргүй. Гэтэл хүүхэд бүр тушаал авсан цэрэг шиг морьтойгоо цуг нэг эгнээнд зогсоно. Тэнгэрийн үүлс хүртэл эгнэх шиг санагддагсан.
    Морьд эргэлээ. Миний урд 90 гаруй алтан тууртнууд барианы газар өөд зуузай холбон довтолгоно. Харин би сүүлээсээ гуравт. “За яахав дээ, дэлтэй бүхэн уралдаж айраг амсдаггүй гэж аав хэлсэн дээ” гэсэн шүү юм бодож явлаа. Ташуур өгөөд үзтэл морь минь хурд нэмэн цойлж урдаа байгаа бөөн морьдын хажуугаар зогсоо юм шиг дайран өнгөрөв. Салхин талд нь гарч ташуураа эргүүлэн, гийнгоо хадаав. Хүлэг минь хоёр чихээ солбин, морьдыг бөөн бөөнөөр нь дайрч, дэргэдүүр нь өнгөрөх даанч сайхан…
    Барианы газар ойртжээ. Би хоёрт явж байв. Уг нь өөрийгөө түрүүлчихлээ гэж бодтол урд минь жаахан охин унасан буурал морь километр гаруй тасарч явлаа. Надад хор шар байдаггүй юм шигээ. За ингээд хоёрт л орж дээ гэсэн бодол тээж явав. Тэр морь Нөөлгийн толгойн наад энгэрт хурдалж явсан бөгөөд цааш хэдхэн харайгаад л барианд орчих газар. Тэр үед би хэрхэн гүйцэж очсоноо мэддэггүй юм. Нэг л мэдэхэд буурал морьтой зуузай холбож явав. Тугтай машины цонхоор аав минь толгойгоо гарган “Гараараа балбаад өг” хэмээн хашгирав. Юу билээ хэмээн гайхан харвал би ташуураа гээж орхижээ. Өөрөө ч үүнийгээ мэдэлгүй хоосон гараа савчиж явснаа ойлгов. Одоо бодоход их л жаахан байж дээ.
    Наадамчин олны гуугалах, “Ороолгоод өг” гэх дуун сонстоно. Мориныхоо хондлой рүү гараараа балбаж явахдаа ээжийг олж харав. “Гуядаарай, миний хүү! Гуядаарай миний хүү!” гээд л ээж минь өндөр хул морин дээрээ тогтож ядан байна. Төд удалгүй ташуураа хаячихсан намайг хараад наадамчид ихээр өрөвдсөн басхүү өхөөрдсөн болов уу. Бүгд л миний моринд хүч нэмэх гэсэн мэт чангаар гуугалцгааж гарав. Зурхайнд гишгэхийн дөнгөж өмнөхөн буурал морины дэргэдүүр нисэх мэт хурдлан орлоо. Цээжинд баяр хөөр бялхавч өөрийгөө ихээр зэмлэн ээжийн байсан зүг шогшив. Аав гүйн ирж “Миний муу шар хүү тэнгэрийн ташуур атгасан хийморьлог эр дээ” гэх нь тэр. Чөдөрөө хаячихаад ирэхэд минь хатуухан зэмлээд авдаг аав минь хамгийн чухал мөчид ташуураа гээж орхисон намайг огтхон ч зэмлэсэнгүй. “Тэнгэрийн ташуур” гэх үгсийг нь даанч ойлгох ухаангүй муу хүүгээ эцэг минь хүн шиг хүн болгожээ. Хэзээд нь зэмлэж, хэзээд нь зандрахаа аав минь мэддэг байсан юм.
    Аав мориныхоо хөлсийг хусч, ах гишгүүлэхээр голын зөөлөн нуга тийш хөтлөн одов. Хүн бүхэн аав бид хоёрт баяр хүргэнэ. Өглөө “Морь хурдан, уяа эвлэг үү” гэсэн үгийг хамгийн ихээр сонсч явсан бол одоо “Баяр хүргэе, ахын морь хурдан байна даа. Манай Хуягаа мундаг унаач юм аа” гэх үгээр бөмбөгдүүлж гарлаа. Баяр гуниг, алдах, онох хосолсон тэр жилийн наадам сэтгэлээс минь огт гардаггүй юм.  Би чинь түрүүлчихсэн шүү дээ, “Балдоржийн саарал халзан, баяр наадмын түрүү магнай” гээд л цоллуулна гэж бодохоос балчир хүүгийн сэтгэл тэнгэрт дүүлж явлаа. Хүний бага нас шиг гэгээн сайхан мөчүүдийг хэн ч бүтээж чадахгүй, тийм гэрэлт өдрүүд дахин ирэхгүй юм даа.
    Энэ жилийн Улсын Их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Бага нас аав хоёр минь дахин ирэхгүйгээр холын холд нисэн одож. Ах минь харин аавын уяаг эзгүйрүүлэхгүй гэсэндээ аргамаг хүлгүүдийг нь сойж байгаа сурагтай. Харин адуунд дуртай, номд дуртай хүү нь зүүдлэхээс өөрийг хийж хүчрэлгүй их хотод наадам хүлээж сууна. Эргэж ирэхгүй бүхнийгээ санан дурсах бүрийд хотын дээгүүр шунгинан өнгөрөх онгоцны ард үлдсэн урт цагаан утаа сэтгэлд гуниг юүлнэ.
     
    Б.Алтанхуяг
     
  • -Монгол наадмын түүх-

    Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2400 орчим хурдан морь, 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан учраас гадныхан уулга алддаг юм билээ.
    Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэн байх .1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
     
    Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн. .
    Харин 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон гээд наадмын тухай үүх түүхийг баяжуулах болсон юм.
    Монгол хүн бүрийн хүүхэд насны дурсамж үндэсний их баяр наадамтай салшгүй холбоотой. Наадам үзэж, цэнгэлдэхийн гадаа тухлан хуушуур идэж, улаан ус уун  бөхчүүдийг дэргэдээс нь харж бишрэн харваачдын нумыг татахсан хэмээн мөрөөдөж, хурдан морины хүүхдүүдэд атаархдаг байгаагүй гэж үү.
     
    Жил жилийн наадам монгол хүн бүрийн сэтгэл дэх их омогшлыг бадраан төрт ёс уламжлалаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.
    -Дэлхийд ганцхан Монгол наадам-
    Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнах их үйлсийг үеийн үед бүтээх Монгол наадам өргөн дэлгэр эхэллээ. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ цагийг гэрчилж, өмнөх түүхийг бататгаж, ирээдүйг гэрэлтүүлэх түүчээ нь юм. Энэ л өдөр эх орны минь өнцөг булан бүрт эцэг өвгөдийн үеэс уламжлуулан ирсэн их түүх, соёлын гайхамшгийг наадамчин олон маань нүүрэндээ мишээл тодруулан ёс жудагтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.
     
    Энэ удаагийн улсын их баяр наадмаар олон тэгш ой тохиож, 1024 бөх 10 даваанд барилдана. Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар  1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх ес давбал Улсын арслан цол өгөх юм байна. Хэрэв тэр бөх 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгоно. Харин Улсын арслан болон түүнээс дээш цолтой бөх түрүүлбэл хуулийн ердийн журам үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Улсын арслан цолтой бөх Улсын аварга цол авах юм. Улсын аварга цолтой бөх түрүүлбэл Улсын даян аварга цол авна. Улсын даян аварга түрүүлбэл Улсын дархан аварга цол авна гэж хуульд заажээ.
     
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй болно. Өнгөрсөн жил УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар Монгол түмний аж амьдралыг Хүннү гүрнээс улбаалуулан харуулсан бол энэ жил дахин тэрээр наадмын нээлтийг нээхээр хэдийнээ Төв цэнгэлдэхэд түүний баг хамт олон байраа эзэлжээ.
    Их Эзэн Чингис хааны үеэс эрийн гурван наадмаа тэмдэглэж, хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, шандаст хурдан хүлэг нь хурд хүчээ үздэг байсан өвөг дээдсийн үрс билээ бид.
    Миний Монголын наадам нарыг аргамжиж, наадамчин олныг сэтгэлийг баясгаж, Төрийн дууллаа эгшиглүүлж, дуу хууртайгаар өргөн дэлгэр өрнөх болно.
    Дэлхийд ганцхан наадмаараа , дэнж хотойтол сайхан наадаарай.
     
  • ЛУСЫН БА ОНГОДЫН БӨӨ

    Бөө мөргөлд лус хөллөлтэй бөө, онгод хөллөлтэй бөө байдаг буюу хүч чадлын хувьд нилээд ялгаатай байдаг. Лусын бөө харьцангуй хүч чадал ихтэй хэдий ч өөрийн эзэн биеэ захирч, удирдах чадамжаар сул байдаг бол онгодын бөө өөрийн биеэ мэдэрч захирах тал дээр нилээд сайн боловч хүч чадлын хувь сул байх нь элбэг байдаг. Өнөө цагт энэ зүйлийн ялгаа, онцлогыг мэдэхгүй улмаас бөө мөргөлд өвөг дээдэс, сахиус гэсэн зохиомол нэр томъёо үүсэж бий болсон. Лус хөллөлтэй бөө гэдэг бол байгалийн сэтгэл буюу хүчин зүйлээс / байгаль дахь элдэв гоц үзэгдэл болон байгалийн доройтол / үүдэлтэйгээр бөө болохыг хэлдэг. Харин онгод хөллөл нь хүний сэтгэлээс үүсэлтэй, ухамсаргүй хар хүчийг удирдан жолоодох чадвартай бөөг онгодын бөө гэдэг. Лусын бөөг сонгон тодруулах замаар харин онгодын бөөг үе улиран залгамжлах аргаар бөө болгодог. Газар орон, нутгийн эзэн онгон газрын ЛУС-ыг юм, уул ус газар орон тус бүрдээ нэг эзэн бөө буюу онгодыг аав ээж гэх нь ч бий.
    А.Готов
  • УДАМ ДАМЖСАН ХӨВСГӨЛИЙН БӨӨ ТАЙГЫН АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЯВААД ДАРХАД ЭРД ЖАТГАДУУЛАН СОЛИОРЧЭЭ.

    Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.
    Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ.
    Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав. Баатар зайран надад ярьсан юм. Даржаа зайран Баатар бөөг есөн настай байхад бүх “юм”-аа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүү Баатар нь есөн настайдаа зайран болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаа буусан юм байх. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ. Ногоон малгайтнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оношилсон байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц тарнийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.
    Баатар эхлээд бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагджээ. Түүнийг цааш нь сургах гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй. Сорчлон ганц хоёрыг хүргэв. 50-иад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гэнэ билээ. Сумын намын үүрийн даргын эхнэр хүнд өвджээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд ч тусыг эс олжээ. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм байх. Тэр үед битгий хэл 70-80-аад онд “томчууд” болохоо байхаараа нууцаар лам, хар болдог л байсан шүү дээ. Сумын дарга хар домтой хүний эрэлд гарчээ. Сураглаад, сураглаад сураг эс гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн Даржаа агсны хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Тэр ч уухайн тас явсан байна. Ойн иргэдээс асуусаар байгаад олоод авчээ. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй гурван хүүтэйгээ байж.
    Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдэгдсэнд тэдний царай хувьсхийн түгшүүр тээгээд явчихаж. Аргагүй шүү дээ. Дарга, цагдаа хоёроос айдаг айдас нь гүйцэд арилаагүй цаг юм чинь дээ. Цай, цүү болсны эцэст дарга учраа хэлжээ. Баатар татгалзав. Татгалзах ч юу байхав, тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст “Надад болон ээж, дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир” гэжээ. Мань эр ч уухайн тас буцжээ. Маргааш орой нь морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үдшийн бүрийгээр түүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын тарнитай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж ч чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын эхнэр хуйхлагдаж үхэхгүй юу. Жодгор ч шатаад дуусчээ. Тэрүүхэн агшинд улайнд хэзээнээс дуртай хоёр хон хэрээ тагнай таших адил дуугарсаар өвчтөн болон тэнд байгсдыг гурав тойроод нисэн оджээ.
    Баатар хэсэг цамнаж байснаа ухаан балартсан байдалтай хэсэг суугаад “Улайны бузар болжээ. Эзэд нь ирээд явлаа. Айлаас див шингэсэн мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүү ид” хэмээсэн лүндэн буулгажээ. Ингээд гурав хоноод буцахыг хэлжээ. Тэд ч ёсоор болгов. Өнөө хэвтрийн нөхөр гурав дахь өдрийн өглөө өөрөө босоод ганцаараа бие зассан гэдэг. Ингээд сумын намын үүрийн дарга зуутын хоёр дэвсгэртээр гар цайлгаад оджээ. Гурил, будаа, цай тамхи ч өгсөн гэдэг. Эцсийн найдлага байсан тул болсон ч, эс болсон ч дүүрч гээд бэлтгэлтэй очоо биз дээ. Далаад оны үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч очсон байгаа юм. Хүүхэд нь саагаар өвдсөн гэмээр чөдөртэй юм шиг өрөөлдөж явдаг болсон байна. Тэр үед саа буюу полиомиелитын шинжилгээ хийдэггүй байсан болохоор яг таг тогтоох боломжгүй байсан нь мэдээж. Сумын намын үүрийн даргаас сонссон уу, эсвэл түүний тараасан цуу ярианаас мэдэв үү, юутай ч Баатарыг олоод очсон байна. Аймгийн эмнэлгийн эмч ингэж явааг үзээд гайхсан нь мэдээж. Эмч “Манай хүүд үл танигдах өвчин туслаа. Орчин үеийн эмнэлэг лав эдгээж чадахгүй нь тодорхой болов. Бололцоотой бүх эмчилгээг хийгээд ядлаа. Чи л нэг аргалж үз” хэмээжээ.
    “Аймагт бөөлөх боломжгүй. Юутай ч аваад ир. Дийлэхгүй бол бүү гомдоорой” гэжээ. Эмч ч ёсоор болгов. Үнэхээр чөдөртэй морь шиг явдаг хүү иржээ. Мөн л үдшийн бүрийгээр түүдэг асаан бөөлжээ. Энэ удаа бүр итгэхэд бэрх юм болжээ. Газарт мод дэвсэж шатаагаад түүн дээрээ нүцгэн хэвтэхийг даалгажээ. Зайран хагас ухаантай байсан тул хөвгүүн айж, татгалзжээ. Гэвч онгод нь орсон зайран догшноор зандран хэвтүүлсэн байна. Энгийн хүн тэгсэн бол шад падхийн хиншүү, хярвас үнэртдэггүй юм гэхнээ, орилоод босон харайх байлгүй. Мод ч шатаад дуусчээ. Баатар зайран “Хүү ус бузарласан байна. Лусын хорлол болжээ. Галын засал хийлээ. Нэлээд хатуу байна. Домнолгыг гурав давтана” хэмээжээ. Ингээд гурав давтаад явуулжээ. Эмч чадах чинээгээрээ гар цайлгаад одсон нь мэдээж. Яг арав хонож байтал нэгэн машин ирж гэнэ. Машинаас эмч, эмчийн гэргий, хүү гурав буусан байна. Хүү жирийн явдлаар ирж мэндлэв гэнэ. Өөрөөр хэлбэл, бүр эдгэжээ. Эх нь доголон нулимстай, аав нь мөнгөн аяга, хадаг сүүтэй уулзжээ. Буцахдаа багахан агентын дайны бараа орхисон гэнэ лээ. Ингээд Баатар аймаг даяар алдаршив.
    Наяад оны эхээр ойн иргэдийн нэг өрхийг гамшиг дайрчээ. Долоон хүүхэдтэй айл байж. Дөрвөн хүү, гурван охин ямар нь мэдэгдэхгүй үл таних өвчин тусчээ. Гэнэт халуураад, биеэр нь улаан цэгэн тууралт гарч, төдөлгүй татаад талийдаг өвчин байж. Одоогийнхоор менингит гэмээр. Айлын ууган, отгон хоёр хүүхэд ийнхүү нас баржээ. Баатар удганыг залах нь тодорхой. Өөр хэнийгээ гэх билээ. Сумын эмнэлэг хол болохоор очиж, ирсээр байтал дахиад хэдэн ч хүүхэд өвдөх юм билээ, хэн мэдлээ. Зүгээр өвддөг бол ч яая гэхэв. Үхлийн аюултай өвчин шүү дээ. Ойн иргэдэд Баатар юу боллоо гэж цааргалахав. Очсон байна. Үдшийн бүрэнхийгээр бөөлдгөөрөө бөөлөөд, тамлага дуудаж, цамнаж, цамнаж ухаан балартаж ирснээ гэрт буй аав, ээж хоёрыг нь авдар сав, хэрэгтэй зүйлстэй нь гарган, хүүхдүүдийг дотор нь үлдээгээд, үүдийг нь хаалгаад галдаж орхиж. Урц дүрэлзээд, дотор байгаа юу ч үлдэхээргүй аймшигтайгаар шатжээ. Дотроос нь хэн ч аврал эрж хашгирсангүй нь хачирхалтай байж. Хуурай модон урц хормын дотор шатаад дуусахад дотроос нь хүүхдүүд үнс, тортог ч наалдаагүй гарч ирсэн байна. Ийм юм бас байдгаа гэмээр санагджээ. Эгэл хүн ингэсэн бол хүүхдүүд гэртэйгээ шатах нь ойлгомжтой. Ядаж л галын дөлд хуйхлагдана биш үү? Ингээд дахин бөөлж байгаад ийн хэлжээ. “Эзэн амьтны хараал болсон байна. Ой тайгын эзэн байж. Та нар өнчин амьтан намнажээ. Түүнийгээ шударгаар хэл” хэмээн ханджээ.
    Аав нь хэсэг хулгаснаа өнгөрсөн долоо хоногт том бид хоёр анд явсан юм. Ангаар баян тайгад нэг ч амьтан үзэгдсэнгүйд гайхаж явлаа. Гэтэл тайгын эхэнд өнчин цаа таарав. Залуу эр цаа байсанд хангай дэлхий “юм” хайрлав гээд намначихсан. Амь тавихдаа тайга доргитол аймшигтай мөөрсөн. Арьс, шийр, толгой нь тэр байна гэжээ. Баатар зайран, “Тэгнэ ээ, тэр. Тайгын эзэн онгон цаа намнажээ. Аргалаагүй бол танайх удмаараа сүйрэх байж” гэсэн байна. Энд өгүүлсэн хэдэн баримт бол түүний бараг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг билээ. Тэр бүхнийг өгүүлэх боломжгүй юм. Галын засал голдуу хийдгийг бодохоор догшин хийгээд харын талын зайран байсан бололтой. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөнийг одоо өгүүлье.
    Энэхүү ширүүн “тулаан” 80-аад оны дундуур ойн иргэдийн хүрээнд болжээ. Тэр нэг гайт өдөр Хөвсгөлийн Ренчинлхүмбийн нэгэн даяанч дархад эр тэднийд буужээ. Монголчуудын ёсоор дайлж, цайлсан байна. Архинд халсан дархад, Баатар хоёр энэ тэрийг ярьж байснаа дуу нь чангарчээ. Улмаар маргасан аж. “Хөвсгөл бөөтэй ч сор нь Ренчинлхүмбэд бий. Үгүй дээ, манайхан ч бөөтэй. Би гэхэд л удам дамжсан зайран. Үхсэн хойноо, чиний бөө гэж юу байдаг юм. Танайхан тааруу даа. Ямараа чамд харуулна аа, гайгүй. Чаддаг юм бол тэг л дээ. Чадалтай нь дийлнэ биз. Үзье л дээ” гэх зэргээр маргаж байснаа унтаад, өглөө нь босонгуутаа дархад эр цай ч амсалгүй хар, цагаан дуугүй оджээ. Явахдаа “За, зайрантан. Хийдэг юмаа хий. Би хариу барья. Хэн нэг маань үлдэх биз” гээд мордсон гэдэг. Баатар ч хийдэг юмаа хийсэн бололтой. Дархад хариад хачин муухай хар даржээ. Хэд хэдэн шөнө тэгсэн байна. Хэрэг бишидсэнд хариуд нь дархад жатга хийжээ. Бүр айл амьтандаа хэлж байгаад хийсэн гэдэг. Баатар зайрангийн хар дом, дархад эрийн жатга хоёр харилцан тэнцүү байсан тул хэн нэг нь эндсэнгүй.
    Гэхдээ дархадын жатга арай хүчтэй байсан юмдаг уу даа, Баатар бөө удалгүй ухаан солиорчээ. Гэхдээ үе үе хальт ухаан ордог бөгөөд тэр үедээ ухаан гүйцэд гийвэл “Хариугаа авч гүйцээнэ ээ, чамайг” гэдэг байж. Түүнийг аргалах хүн байгаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт байн байн хэвтсээр ерээд оны дундуур өөд болсон байна. Түүний ухаан бүрэн цэлмэж хариугаа авч амжсангүй. Одоо бодож байх нь ээ тэрхүү дархад эр зүгээр нэгэн биш байсан бололтой. Ренчинлхүмбээс Цагаан нуур, тэр дундаа ойн иргэдээр хэсэж явахыг бодоход эгэл эр биш байсан нь тодорхой. Тайгын харын бөөгийн, тэгэх тусмаа удам дамжсан бөөгийн хараалыг давна гэдэг амаргүй дээ. Тэгээд бодохоор тэрхүү дархад даяанч яав ч зүгээргүй нэгэн байж. Тэрхүү дархад эр ерээд оны дундуур өөрийн зөнгөөр нас эцэслэсэн гэдэг юм.

     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2012 оны 04 дүгээр     Дугаар  04           Улаанбаатар
    сарын 25-ны  өдөр                                        хот
    Гадаад харилцааны тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Гадаад харилцааны тухай” асуудлыг хэлэлцсэн дүн, МБНЭ-ийн 4 дүгээр хэсгийн 5.12.6-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг 2012 оны 5 дугаар сар 15-ны өдрийн дотор байгуулж танилцуулахыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Батсайханд даалгасугай.
    Хоёр.  “Монголын эзэнт гүрний баатруудын цогцолбор”  байгуулах  арга хэмжээний хүрээнд  зохион байгуулах ажлын саналыг судалж, боловсруулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Дээд цэцийн Зөвлөлд танилцуулахыг Б.Батсайханд үүрэг болгосугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2012 оны 04 дүгээр     Дугаар  05            Улаанбаатар
    сарын 25-ны  өдөр                                        хот
    Мэдээллийн цахим хуудас ажиллуулах тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн 5 дугаар хэсгийн 5.6.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. 2012 оны 5 дугаар сар 10- ны дотор Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн цахим хуудсыг бололовсруулж танилцуулахыг Дэд ерөнхийлөгч Т.Эрдэнэбаярт даалгасугай.
    Хоёр. Т.Эрдэнэбаяраас Цахим хуудас хийхэд зарцуулах 400 000 \дөрвөн зуун мянган\ төгрөгийг МБНЭ-д өгсөн хандивт бүртгэж тооцохыг  ажилтан Ө.Отгонбаярт үүрэг болгосугай.
    Гурав. Цахим хуудасын үйлчилгээний эрх авахад зориулан 94 000 \ерэн дөрвөн мянган\ төгрөг зарцуулахыг ажилтан Ө.Отгонбаярт зөвшөөрсүгэй.
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2012 оны 04 дүгээр     Дугаар  06            Улаанбаатар
    сарын 25-ны  өдөр                                        хот
    “Сан”, Ажлын хэсэг байгуулах тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг үндэслэн  МБНЭ-ийн дүрмийн 4 дүгээр хэсгийн 5.12.6-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүдийн “Бөөгийн чадварын сан”, “ Удган зайран нарын тухай алтан сан”, “ Мөнх тэнгэрийн онол арга зүйг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай”  саналуудыг боловсруулж 2012 оны 8 дугаар сар 30-ны дотор танилцуулахыг Дэд ерөнхийлөгч Д.Бадарчид үүрэг болгосугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН