Author: admin_shaman

  • Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

     

    Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд Э.Содномпилжээгийн хувьд 107 кг-ын жинд өрсөлдсөн байна.
    Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх хуваарьт дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн байна. Ингэснээр өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулжээ. Харин мөнгө, хүрэл медалийн Ираны тамирчид (238, 222 кг өргөж) эзэлжээ. 
    Тэнгэр шүтлэгтэндээ улам их амжилт гаргахын хүсье

  • Тэнгэр үзэл гэж юу вэ

    Тэнгэр бол ертөнц дахины ер бусын их хүчийг агуулсан байгаль, нийгмийн юмс үзэгдлийн эх үндэс гэж үздэг байжээ. Монголчууд “Мөнх Тэнгэр минь,хамгийн дээд Мөнх Тэнгэр минь, … хөдөлхийн дээд хөх Мөнх тэнгэр минь, хөдлөх бүгдийг заяасан Тэнгэр минь” гэх нь бөө мөргөлийн Тэнгэрийн үзэл санаа үнэхээр танин мэдэхүйн чанадад хүрч чадсаныг харуулдаг. Энэ тухай ”Үнэнийг үнэн болгон заяасан тэнгэр гэдэг нь туйлын гагц Үнэнийг буюу Туйлын оюун санааг илэрхийлсэн ажээ. Хамаг бүгдийг заяасан тэнгэр гэдэг нь бүхнийг бүтээгч гэсэн санааг агуулна.”/1 /гэжээ.
    Италийн жуулчин Плано Карпини энэ тухай бичихдээ, “тэд ертөнцийн үзэгдэх ба үл үзэгдэх юмсыг бүтээгч орчлонгийн жаргал зовлонг үүсгэгч цорын ганц тэнгэрт сүсэглэн бишрэх.” бөгөөд тэд нар сар болон ус газар дэлхийд сүсэглэн мөргөж хоол цайныхаа дээжийг өргөдөг болой. /2/ “Монголчууд Мөнх тэнгэрийн тухай бүхнийг мэдэж чадах дээд тэнгэрийг онцгой товойлгон гаргаж байв.Түүнчлэн наран, саран,од гариг ,уулын эзэн, усны савдаг ,өвөг дээдсийн сүнс зэргийг ихээхэн чухал онгон болгожээ.”/3/
    Өгөөдэй хааны үед 1230 оны үед монголоор аялж явсан хятадын Пэн да яа, Сюй тин зэрэг хятад түшмэдийн “Хар татааруудын тухай товч тэмдэглэл” зохиолд монголчуудыг яриандаа Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны ивээл дор …мөн Тэнгэр өршөө гэж ямар нэг юм хийхдээ хэлдэг гэжээ. /4/ “Мөнх дээд Хан тэнгэр нь жирийн хөх тэнгэр буюу агаар мандал биш ,наран саран од гаригс ч арай биш,тэд бүгдээс дээгүүр тэд бүгдийг эзэмдэн захирсан,гагцхүү хамгийн их зайран бөөд хааяа онгон сахиусын дүрээр илрэн үзэгдэж санаа зорилгоо мэдүүлдэг ямар нэгэн далдын аврага сүг хүчин мэт сэтгэгдэж байсан болтой.” Гэжээ /5/
    Монголчуудын сүсэг бишрэлд Мөнх Тэнгэрийн дараа газар дэлхий ордог. Тэнгэрийг наран саран од гаригсын хамт шүтдэг байсны нэгэн адил газар дэлхийг уул ус хад чулуу, ургамал амьтныг тус бүрд нь дангаар нь шүтдэг байжээ/6/ гэж нэрт түүхч Н.Ишжамц гуай бичжээ.
    Өвөр монголын эрдэмтэн Тү.Өлзий “Тэнгэр гэдэг үг бол ертөнцийн юмс үзэгдлийн тухай хамгийн хураангуй мөртлөө дэлгэрүүлэхүй ухагдахуун гэжээ. Тэнгэр гэдэг ухагдахуун нь хамгийн дээд гүн ухааны хураангуй ай сав болж илэрчээ.Эртний монголчууд нэг л тэнгэрээ язгуур ухагдахуун болгож 3 тэнгэр,9 тэнгэр 99 тэнгэр хэмээн хийдэм бэлгэдэн шидээн болгож шүтсэн түүхэн явцтай билээ. Монголчууд эцэг тэнгэр ,эх тэнгэр түүнээс гадна 99 тэнгэр байдаг гэж бөө мөргөл,тэнгэр шүтлэгт авч үздэг. Хичнээн ч олон янзын тэнгэрийн ойлголт байлаа ч тэр нь эцсийн эцэст Эцэг тэнгэрт л харьяалагдана гэж үзжээ”./7/
    Доктор Л.Дашням “Тэнгэр бол аугаа оршихуй,аугаа их хүч,үлэмжийн их нөлөөлөгч өөрчлөгч юм. Тэндээс л ер бусын дохиолол түгж, тэр нь хүмүүний хүртээл болдог гэжээ. Мөнх Тэнгэр бол …үнэнийг өгүүлэгч хувь заяаг тодорхойлогч,өөрийн эрхшээлт оршихуй болж таарч байгаа бөгөөд үүний тухай баримт Нууц Товчоонд арвин бий гэжээ”/8/
    Судлаач эрдэмтэн Д.Бум очир “Энэ ертөнцийн бүх юмсыг бүтээгч нь Мөнх тэнгэр юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц дээр хөдөлж хөрвөөдөг бүх зүйлийн дээд,хамгийн дээд шүтээн нь Мөнх тэнгэр гэж үздэг байх юм”/9/.
    Монголчууд мөн галыг тэнгэр дэх наран саран,од гаригтай адил төсөөтөй шинж чанар нэгтэй зуйл гэж онц хүндэтгэн бишрэхийн дээр үнэхээр элдэв өвчний хорхой,бузар буртгийг арилган устгаж юмыг ариутган цэвэрлэх чадал бүхий зүйл гэж мэдсэн байна. /10/
    Эртний монголчууд Тэнгэрийг ихэд тахин шүтэж,аливаа ариун нандин бүхнээ холбож ойлгон ухамсарлаж ирсэн төдийгүй амар тайван оршин амьдрахуйн эх үндэс болсон төр улсаа байгуулж, дээдлэн өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэртэй шууд холбон үзэж , улс гэрээ тохинуулж улмаар улс төрийн сургааль номнолыг буй болгожээ. Эртний монголчууд орчлон ертөнцийн зүй тогтол хүмүүний төөрөг тавиланд харш үйл гэж юу болохыг тэнгэрт тэрслэх гэдэг үгээр томъёолж, хүмүүний хийх үйлийг болно болохгуй гэж 2 ангилж үзэж байжээ. Ийнхүү болохуйг нь дээдэлж,болохгүйг нь хорио цээр болгон өөрийн гэсэн жаяг ёсыг тогтоож зан заншлаа буй болгож үлгэр туульс, зүйр цэцэн үгс ,ардын аман зохиолдоо шингээж үр хойчис бидэндээ гэрээс сургаал болгон өнөөг хүргэжээ. Энэхүү тогтоосон жаяг ёсоо дээдлэн ирсний үрээр шоронгүй, хулгай дээрэмгүй, байгалдаа хал балгүй, хүмүүс нь үнэнийг эрхэмлэж, ёс жудагтай тайван амгалан амьдарч иржээ.
    Монголчуудын Тэнгэр үзэл түүхийн урт удаан хөгжлийн явцад бүрэлдэн тогтож тэнгэрийн сургаалд монголчууд гэгээрч эзэн Богдын үед Мөнх Тэнгэрийн сургаал номлол хүчээ авч, цогц сургаал болтлоо хөгжиж иржээ гэж хэлж болно.
    Хүннү нар хаанаа Тэнгэрээс заяатай Шанью Модун гэх зэргээр өргөмжилж байжээ.Энэ үзэл санаа эртний нүүдэлчин улс түмний тэнгэрийн үзлийн салшгуй нэгэн хэсэг болж Хүннүгээс эхлээд Чингисийн монголчуудыг хүртэл тасралтгуй уламжлагдсаар ирсэн байна. Ийм ч учраас монголчууд хүчирхэг төрт улс болох Хүннү гүрэн болон дараа үеийн эртний улсуудыг байгуулж улмаар Их Эзэн Богдын үед хамгийн хүчирхэг дэлхийг хамарсан том эзэнт гүрнийг байгуулжээ.
    Гэвч дэлхийчлэгдсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж ирсэн тэр нууцыг эрдэмтэн мэргэд тайлахыг оролдож ирсэн боловч үнэн нууцыг нь одоо болтол хараахан тайлж чадаагуй байна. Энэ тухай Жак Уотерфорд номондоо Бөө судлаач эрдэмтэн О.Пурэв агсан ”Чингис хаан бол түүхэнд хамгийн хүчтэй бөө байсан гэж үздэг бөгөөд эх бичиг тэр бүх нууцыг билэгдлийн аргаар эмхэтгэн цуглуулсан болохоор тэр их эрх мэдэлд хүрсэн” гэж уздэг байв. Энэ бүгдийг тайлж чадвал дэлхий ертөнцийг байлдан дагуулж,удирдан жолоодох бөөгийн заавар байх болно/11/гэжээ.
    Монголын хүчирхэг болсон түүх нь Их эзэн Богд Чингис хаантай салшгуй холбоотой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. Монголчууд Мөнх Тэнгэрийг шүтэн биширч тахин шүтэж тэнгэрийн оюун ухааны нууцад бөө мөргөлөөр нэвтрэн орж танин мэдэхүйн хирээр улам бур хүчирхэгжиж ирсэн нь дамжиггүй.Ийнхүү монголчууд айх аюулгүй амгалан тайван амьдрах эх үндэс болсон хүчирхэг төр улсаа байгуулж Их Эзэн Богдын үед тэнгэр шүтлэг дэлхийчлэгдсэн шүтлэг болтлоо хөгжсөн гэж эрдэмтэн мэргэд үзэж байгаатай санал нийлж байна. Ийнхүү талын нүүдэлчин монголчуудын дотроос гайхамшигт эрдэм чадалтай суут удирдагч цоорон гарч ирэх тэнгэрийн зурхайтай байсныг МНТ зэрэг түүхэн бичиг баримтууд нотолсоор байдаг.
    13- р зуун бол өвөр хоорондоо арсалдан тэмцэлдсэн, тонуул дээрэм, алт мөнгөний шунал туйлдаа хурсэн аюумшигт хар зуун байжээ. Хар зууныг тохинуулж үнэн шударгыг тогтоон түмэн олныг амирлуулах чадвартай тийм үндэстэн бол тэнгэрийн тамгатай хөх ардууд болох монголчууд, тэдний гайхамшигт удирдагч нь Эзэн Богд байсан нь ойлгомжтой билээ. Эзэн Богд хаан бол Мөнх Тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон цоо мэргэн удирдагч байсан гэдэг нь тодорхой. Чингис хаан өөрийн өвөг дээдсийнхээ эрдэм чадлыг өөрийн хичээл зүтгэлээр өвлөн авч Мөнх тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон төдийгүй зовлон бэрхшээлээс үл айн өөрийн нөр их хичээл зүтгэлээр тэнгэрийн ивээлд орж Мөнх тэнгэрийн элчээр сонгогдсон гэдэг нь ойлгомжтой байна.
    Ийнхүү нүүдэлчин монголчууд тэнгэрээс тамгатай хөх ардууд болж даян дэлхийд хүчирхэгжин “Мөнх тэнгэрийн хүчин дор наран мандахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно. Та нар Мөнх Тэнгэрийн зарлигийг сонсон ойлговч нэвтэрхийлэн мэдэж итгэхийг таалахгүй,манай газар хол, манай уулс бат,манай далай их хэмээн үзэж үүнд эрэмшин бидний эсрэг хөдөлбөөс бэрхийг хялбар,холыг ойр болгосон Мөнх Тэнгэр маань бидний юу мэдэх,юу чадахыг удирдан залах болноо” гэж Франкийн Людовик Ванд илгээсэн захидалдаа дурьдаж байжээ.Бидний мэдтүгэй гэсэн үг бол Мөнх тэнгэрийн зарлиг мөн болой. Ийнхүү та нарын бидэнтэй дайтах,найрамдахын алин болохыг бид мэдсүгэй гэж/12/ Мөнх Хааны хэлсэн үгнээс харахад ойлгомжтой.
    Ийм л учраас бусдаас хүчтэй байж Хаадын Хаан болсон их эзэн Богдын морин дэл дээр дэлхийг тохинуулсан хичээл зүтгэлээр бүтээсэн бүхний их нууцыг 800 жилийн туршид үл ойлгон өнөөг хүрч нэг бол хараар будаж ,эсхүл гайхшран магтаж мянганы хүнээр хүртэл өргөмжилсэн боловч, үнэн нууцыг нь тайлах гэж оролдсоор түүхийн үнэнд тулж очсоныг монголын ба гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгаа харуулж байна.Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н Гумилев “ Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр…13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бус.Тэгж ярих нь наанадаж ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр “үйлийн эрх”түүхийг хөдөлгөдөг бөгөөд энэхүү “үйлийн эрхээс” түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг юм/13/ гэжээ .

    Үүнээс авч үзвэл Монголчууд зөвхөн өөрсдийн дур хүслээр энэхүү байлдан дагуулалтыг хийгээгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд дэлхийчлэгдсэн амар амгалан төр улсыг байгуулах явдал гол зорилго байсан гэдэг нь ойлгомжтой юм.Тэр үүргээ биелүүлж хаа сайгүй олон жижиг улсууд хоорондоо үргэлжийн дайн тулаан хийж ард иргэд нь зовж байсан хар зууныг төвшитгөн, дэлхийгээ хар энергээс аварч, даян дэлхийн улс орнуудыг амаржуулж дэлхийчлэгдсэн том гүрнүүдийг байгуулсныг Жак Уотерфорд “Чингис хааны морьт цэргүүд 13- р зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа.Чингис хаан олон жилийн туршид хаант улсуудыг нэгтгэн том хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Дорнот Европт Монголчууд славяны арав гаруй вант улс ,хотуудыг орост нийлүүлсэн.Зүүн азид зүүн талаараа манжуур дахь зүрчидийн нутаг,баруун талаараа Түвд болон говьтой залган тангуд улсыг,зүүн Туркестан Уйгарын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид хятад улсыг нэгтгэн байгуулсан юм.Монголчуудын тогтоосон хил хязгаарыг орчин цагт бараг хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос Энэтхэг улсууд үүссэн гэж бичжээ./14/Ийнхүү эдүгээ цагийн олон том гүрнүүд үүсэх эх үүсвэрийг тавьжээ.

    Энэхүү хар зууны тухай нэрт жуулчин Марк Поло бичихдээ “яагаад гэвэл христос лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс,эмх замбараагүй байдал оршиж,амьд явна гэхэд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байнаа гэх баталгаа байхгүй ер нь аж төрөхөд маш хүнд байлаа. Их хааны улсад бол хууль,эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг хийчихгүй л бол туйлын амар тайван сууж болно” гэжээ /15/.

    Монголчуудын байлдан дагууллыг Л.Н. Гумилев өрнө дорны түүхчид хараар будаж  хар домог болгон гүтгэж  байсныг няцаасан юм. Л.Н Гумилев агсаны хэлээд байгаа тэр “үйлийн эрх” гээд байгаа нь монголчуудын  хэнээс ч үл хамаарах газар дэлхийд үүрэх сүнсний үйл тавилан, зурхайг нь  хэлсэн гэж ойлгож болох юм.

     Буриадын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор Ш.Цыденжапов “…Чингис хаан бол өөрийн үндэстний оюун санааны эцэг болж гол бөөгийн үүргийг гүйцэтгэж байв .Мөн түүний өвөг дээдэс нь бөө нар байсныг  ч төрсөн төөрөг тавиланг ч үзэж  аугаа их  хаан болох тавилантайг нь тодорхойлж байсан” гэжээ /16/.

     Залуу судлаач Мөнх Тэнгэрийн академийг үндэслэгч  доктор Г.Гэрэлбаатар өөрийн судалгаандаа Эзэн Богд хааныг Мөнх Тэнгэрийн монотеист шашныг үндэслэгч гэж үздэг байна.

     Мөнх тэнгэрийн үзэл санаа  сургааль 13-р зуунд хүчээ авч , бусад улс орон ард түмнүүдийн шашныг  хүндэтгэн тэдэнтэй тэрсэлдэж, шашны дайн сөргөөлдөөн хийж байсангүй  харин ч эв найртай оршин байхын үлгэр жишээг монголын эзэнт гүрний түүх харуулдаг .Шашны талаар баримтлах энэхүү үзэл баримтлал нь олон шашны дайн сөргөлдөөн үргэлжилсээр буй өнөө цагт ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд ч шашны сөргөлдөөний асуудлыг  шийдвэрлэж чадалгүй өнөөг хүрч шашныг улс төр, үзэл суртлын сөргөлдөөндөө ашигласаар байна.Энэ  бүхнийг шийдвэрлэж 5 өнгийн 43 улс орны  зуу зуун сая ард түмнийг нэгэн дээвэр дор нэгтгэн амиржуулсан Тэнгэр үзэл үнэхээр гайхамшигтай. Эдүгээ соёлт ертөнц гэгдэгч улс гүрнүүд Эзэн Богдоос сурах зүйлс асар их ажгуу.Энэ бүхэн Тэнгэр шүтлэг гэдэг ямар агуу  тэнгэрлэг  дээд  үзэл санаа байж вэ  гэдгийг нотлон харуулж байна.

     Гэтэл өнөөдөр  2.7 сая хүн амтай Монгол гэдэг жижиг улс тогоон дотроо өтөж, хэл амаа олохоо больж ард түмнийхээ сэтгэлийг ч амирлуулж чадахгүй байгаа нь тэнгэр үзлээсээ салсны хар гай юм. Хүчирхэг явсан монголчуудыг тэнгэр үзлээс нь салгасан харийн колоничлогчдын улс төр, үзэл суртлын нөлөөгөөр сүүлийн 400 гаруй жил монголчууд Тэнгэрээ хаалган тэнгэрээсээ төрийн хэмжээнд салж холдсон боловч монголчуудын зүрх сэтгэл, зан заншлаас нь салгаж чадалгүй өнөөг хүрчээ.Эртний эмгээс  үүссэн бөө мөргөл,тэнгэр үзлийн ёс заншил болох Тэнгэрээ шүтэж залбирч, сүү цайныхаа дээжийг  өргөх, уул усаа тахих ёс заншлыг ямар ч улс төр, үзэл суртал оргүй арчин хаяж чаддаггүйг монголчуудын амьдрал харуулж байна. Монголчуудын яс мах цусанд нь шингэсэн өвөг дээдсийн удамшил тэнгэрийн тамга болох хөх толбыг  ямар ч хүчин устгаж үл чадах ажээ.

     Оюун билэгт  оршихуйн эрдэмд төгс боловсорсон өвөг дээдэс минь бөө мөргөлийн хүчээр ийнхүү  билэг болох  тэнгэрээс оюун санаагаа авч, эх дэлхийгээсээ ахуйгаа бүрдүүлж арга билгийг хослуулан тэнгэр газартайгаа арга билгийн ёсоор зохицон нэгдэж оршихуйн гайхамшгийг бүтээжээ. Монголчууд  Мөнх  тэнгэрийг хамгийн дээд оюун ухаан гэдгийг ухааран ойлгож,  хүлээн авч, харилцаж Мөнх тэнгэрийн цогц сургаалийг бүрдүүлж дагаж мөрдөж иржээ .Нэг үгээр хэлбэл Мөнх тэнгэрийн гүн ухаанд буюу сургаальд нь  боловсорч,тэнгэртэйгээ нэгдэж ,  орчлон ертөнцийн  зөв амьдран оршихуйн зүй тогтлыг нээж түүнийг даган мөрдөж хүчирхэг төр улсаа байгуулж үндэстэн угсаатнаа хүчирхэг болгож дэлхийчлэн амьдарч чадсаныг түүх гэрчилнэ.

     Монголын нэрт эрдэмтэн Эйнштейний шагналт шинжлэх ухааны гавьят зутгэлтэн доктор профессор О.Лхагва“…Монгол туургатны өвөрмөц танихуйн өрнөлөөр цэгцрэн  хөгжсөн эрдэм ухаан бол Мөнх Тэнгэр билээ. Нүүдэлчдийн өвөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх тэнгэр цогц  эрдмийг бүрдүүлжээ.Мөнх тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гүрнүүд удаа дараа үүсэн мандсан нь  үнэн буюу туршлага мөн.Чингис хааны оройн дээд эрдэм ухаан бол Мөнх тэнгэр байсныг хэн хүнгүй л мэднэ. Мөнх тэнгэр нь орчлон байгаль ухаарахуйн амь нэгсэхүйд суурилан тэрлэсэн өвөрмөц эрдэм ухаан. Энэхэн ялдамд байгаль эхээс хол хөндий дан нийгэм,шашин суртлын үүднээс эл эрдэмд ханддаг дэндүү хөнгөн хуудмаг харалган үзлийг халах цаг нэгэнт болсныг хэлмээр байна. /17/

    Шинжлэх ухаан болон дорнын гүн ухаан тэргүүн шугамд ид ойртон зарим цагт шүргэлцэж байгаа.  Мөнх тэнгэр эрдмийг орчлонгийн ил ба далд оршихуйн шүтэн багцрах тавилан зүйд нийцүүлэн өргөтгөн шинэтгэж хөгжүүлэх цаг тулж ирлээ. Энэ бол монголчууд бидний даруй судалж шийдвэл зохих Чингис хаан судлалын тулгамдаж буй асуудал мөн. Монголчууд бидэнд эх байгаль өвөг дээдсээс уламжилсан заяаны зөн мэдрэхүй зан үйлийн ил ба далд өв сан хадгалаатай бий. Тиймээс их талын эсгий туургатны эрдэм Мөнх тэнгэрийг дэлгэрүүлэн тайлах хөгжүүлэх тавилан бидэнд заяажээ./18/гэж бичжээ. Ийнхүү дэлхийд данстай их эрдэмтэн О. Лхагва Тэнгэр үзлийг квант физик синергетикийн онолын үүднээс судлаж эрдэм ухааны бүтээл туурвилаа хийсээр байна.

     13- р зууны монголчуудын шүтлэгийн зарим чухал зүйл Ордос дахь Чингисийн шарил хэмээх Алтан дэвтэр бичигт нилээд хэмжээгээр тусч үлджээ. С.Д.Дылыков  “Эзэн Хороо” өгүүлэлдээ Алтан дэвтрийг тодорхойлж хуучин тооллын жил бүрийн 3 сарын 21 нд Чингисийн сүлдийг тахих Их тайлга дээр уншдаг бөө мөргөлийн маягийн судар болох бөгөөд тэнгэр газар наран саран Чингисийн сүлдийг урин дуудаж тахих зан үйлийн зүйл голчилж оржээ.Мөнх Хөх тэнгэрт 99 гүүний сүүгээр 81 цацал өргөдөг” гэжээ /19/

    Чингис хаан бөө мөргөлийг монголын төрийн албан ёсны мөргөл болгов.Тэнгэр ба хаан хоёрыг төрийн эрх мэдлийн хоёр үндсэн эх сурвалж мөн гэж үзсэн нь тодорхой.Хаан нь гагцхүү тэнгэрийн хүчинд шүтэн гагцхүү тэнгэрийн хүчээр төрийн үйл хэргээ явуулж гагцхүү тэнгэрийн таалал,зоригийг хэрэгжүүлнэ./20/

     Ийнхүү монголчуудын бөө  тэнгэр шүтлэг Эзэн Богдын үеэс хүчээ авсан нь Монголчууд Мөнх тэнгэрийн ивээлд орж Чингис Хаан тэнгэрийн элчээр сонгогдон  тэнгэрийн зарлигаар  явж тэнгэрийн санааг гүйцэлдүүлж, хар нийгмийн эрин зууныг гай зовлонгоос авран үнэн шударгыг тогтоож, монголчууд төдийгүй хүн төрөлхтнийг амаржуулан энх тайвныг тогтоох тэнгэрийн элчийн үүргээ хатамжин биелүүлсэнтэй холбоотой гэж үзэж болно . Эзэн Богдын үеэс Тэнгэр хэмээх ойлголт улам бүр гүнзгийрэн хөгжиж ертөнц дахины хувь заяаг шийдвэрлэх ер бусын ид шидэт Тэнгэр хэмээх дээд хүчний тухай бүхэл бүтэн сургаал номлол буй болжээ гэж хэлж болно. Монгол хаад ийнхүү тэнгэр доорхи бүхнийг нэгтэх нэг үгээр хэлбэл дэлхийчлэх бодлого явуулж түүнийгээ тэнгэрийн зарлиг хэмээн  амьдралд хэрэгжүүлэн Ази Европийн ихэнх хэсгийг хамарсан”РАХ Мongolia” буюу ”Монголын энх амгалан “гэдгийг тогтоосон юм.

     Дэлхийн эзэнт гүрнийг байгуулах тухай Монголчуудын тэрхүү үзэл баримтлал ёсоор бол дэлхий дахиныг захирах онцгой эрхийг Чингис хаанд мөнх  тэнгэр олгосон байна.Монгол хаадын төрийн тамганд Мөнх Тэнгэрийн хүчин дор,Их монгол улсын далай хааны зарлиг” Ил булга иргэн дор хүрбэсү Биширтүгэй аюутугай гэжээ”/ 21/ Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н.Гумилев “хар домог “зохиолдоо  “тэнгэрээс татар нарт хүч заяаж,манай орныг ялах хишиг хүртээснийг армян ,гүржийн мэргэн ноёд мэдээд номхрон захирагджээ.” гэж Армяны олон христосчуудын  саналыг илтгэн Григор Акнерцийн  дурдсаныг иш татжээ. /22/

     Мөнх хаанаас Францын Луй ханд илгээсэн захидалдаа “мөнх тэнгэрийн зарлиг”тэнгэрт ганц  Мөнх тэнгэр, газарт ганц  эзэн Чингис хаан,тэнгэрийн хөвгүүн.. гэж дурдаад, хэрвээ биднийг дагахыг хүсвээс элч нараа илгээж зохилдох,дайтах эсэхээ мэдэгдэхтүн! Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран шингэхүй хүртэлх бүх улс орон амаржин зохилдох цагт биднийг чухам юу хийхийг мэдтүгэй. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигт үл итгэн  бидний эсрэг цэргүүдээ довтолговоос юу хийхээ бид мэдсүгэй.Бэрх бөгөөд хялбар  хол бөгөөс ойр болгодог ганц Мөнх тэнгэр мэдтүгэй,, хэмээжээ /23/

     Энэ бүхнээс үзвэл Эзэн богд хаан өөрийн дур зоригоор дэлхийг эзлэх гэж улс гүрнийг дайлсан бус харин тэнгэрийн зарлигаар хийжээ гэдэг нь тодорхой байна.Үүнийг монголын хаадаас Европын зэрэг улс орнуудад илгээсэн зарлиг захидал бичгүүд нотлон харуулдаг.

     Л.Н Гумилев Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр 13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бусаа.Тэгэж ярих нь наанадаад ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр”үйлийн эрх” түүхийг хөдөлгөдөг бөгөөд ,үйлийн эрхээс,түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг гэжээ/24/ Үүнээс үзвэл монголын байлдан дагуулал гэгч тэнгэрийн санаа байсныг алдарт эрдэмтэн төвөггүй ойлгожээ.

     Монголд  тэнгэр шүтлэг нь 13-р зуунаас хойш буурал ба задралын үедээ орсон гэж  гэж бөө судлаач нэрт эрдэмтэн Ч.Далай О.Пүрэв нар үздэг нь үндэслэлтэй юм. Аливаа шашин шүтлэг бол улс үндэстэн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл, тухайн үндэстний оюун санаа болон соёлтой салшгүй холбоотой үүсч буй болсон нийгмийн ухамсрын хэлбэр байдаг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь бөө мөргөлөөс үүсч  ардын аман зохиол үлгэр туульсад тусгалаа олж ердийн ухамсрын түвшнээс халин гарч  нийгмийн ухамсрын олон хэлбэрт шилжин  нийгэмдээ үйлчлэн оршин иржээ. Монголын нүүдлийн соёл иргэншилтэй хамт үүсч буй болсон  бөө мөргөл нь өөрийн гэсэн гүн ухаан ёс заншлыг агуулсан  эртний монголчуудын ертөнцийг үзэх үзлийн цогц хэлбэр болж байв.

     Бөө мөргөл нь онгон шүтэх,газар усыг шүтэх,гал болон амьтдыг шүтэх зэргээс улмаар халин гарч Тэнгэр хэмээх ойлголтонд байгалийн харагдаж үзэгдэх болон үл үзэгдэх бүх юмсыг хамруулан шүтэх болжээ.Бөө мөргөлд Мөнх тэнгэр болон олон арван тэнгэр, сүнс,онгодуудтай нөхөрлөн харилцдаг хүнийг бөө,зайран  удган гэж нэрлэх болжээ.Монголчууд ийнхүү мөнх тэнгэр шүтлэгтэй улс үндэстэн байж өргөн уудам газар нутаг дээрээ нүүдэллэн хүчирхэг төр улсаа байгуулж зуу зуундаа амьдарч хүчирхэг явсан түүх нь  манжийн колоничлолын үе хүртэл үргэлжилсэн байдаг..

     Буддын шашин монгол оронд эрт дээр цагаас Хүннү Сянби нарын дунд  ч хожим хойно ч олигтой дэлгэрч чадалгүй явсаар  16-р зууны сүүл үеэс шарын шашны хэлбэрээр дэлгэрч  эхэлсэн нь харь гүрний улс төр,үзэл суртлын бодлоготой шууд холбоотой байсныг түүх гэрчилнэ. Шарын шашныг төрийн шашин болгох гэсэн  үйл явц шулуун дардан байсангүй. Монголчуудын уугуул  шүтлэг болох бөө мөргөлийн эсэргүүцэлтэй тулгарч төрөөс нэг ёсны бөө мөргөлд дайн зарлаж ,хатуу хууль гарган бөө шүтэхийг хориглож бөө нарыг олноор нь алж устгах шатаах зэрэг хүчирхийллийн аргыг хэрэглэж дарсан байдаг.

     Монголд шарын шашин дэлгэрүүлэх үйлсийг манжийн турэмгийлэгчид зүйл бүрээр хөхүүлэн дэмжиж  монголыг  манжаас хараат феодлын төр засгийг тогтоон барих монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход ашиглаж ирсэн нь түүхэн үнэн юм. Манж нар Галданбошигт  тэргүүтэй Зүүн гарын хаант Улсыг нухчин дарж эх орончдыг хэрцгийлэн хэдэн зуу мянгаар нь устгасныг түүх гэрчилнэ.Манж Чин улсын  дарангуйллын  бодлогын үрээр хүрээ хийд лам нарыг олшруулах явдлыг элдвээр хөхүүлэн дэмжиж эрэгтэйчүүдийн 40 гаруй хувийг хүрээ хийдэд шавилан суулгаснаар монголын хүн ам 20-р зууны эхэн гэхэд хагас сая гаруй болж монголчууд мөхөж буй улс үндэстний тоонд орох болсон байна.

     20-р зууны эхэн үед лам нар хөрөнгөжин баяжин, шалиг завхай амьдарч байсан нь шарын шашны ялзрал доройтлыг харуулдаг.Тэр  үеийн монголын нэрт сэтгэгч В.Инжинаш монголчуудыг бурхны шашнаар мунхруулж номхон хүлцэнгүй болгох хүн амыг цөөрүүлэх гэсэн Манж чин улсын бодлогыг илчлэн “..шашныг нэн эрхлэх ч буруу,цэрэг төрийн албыг ч цалгардуулан нэн энхжих ч бас буруу энэ хоёр хоёулаа сөнөхийн шалтгаан болдог” гэжээ /25/

     Б. Инжинааш Монгол үндэстнийхээ сэргэн мандсаныг бурхан шашинд ороогүй үетэй, монгол  үндэстнийхээ доройтон буурсаныг шарын шашин дэлгэрсэн үетэй холбон үзэж, чухамдаа дэлхийн тэргүүний хөгжилтэй улс үндэстнээс хоцрон сүүлдсэний нэг шалтгаан шарын шашин мөн гэж үзэж байв. Б.Инжинааш олон тооны сэргэлэн цовоо хүүхэд багачуудыг лам болгож зөвхөн түвд ном уншуулж монгол бичиг үсэг сургах явдлыг цээрлэж байсныг эрс  эсэргүүцэн буруушааж, залуучуудын сурч мэдэхийн замыг хаасан нь туйлын буруу,монголчууд түвд номоор онол ухааныг ухна хэмээгч өдрийн од шөнийн солонго мэт цөөн” гэж бичиж байв.

     20-р зууны нэрт эрдэмтэн Ч.Дандаа /Ч.Дэмчиг дорж/ Шарын шашныг хязгаарлан  гагцхүү бурхны сургаал л байвал болов гэдгийг буруушаан бусад олон янзын сургаал соёлыг үл ойшоон үзэхгүй байж болохгүй гэж байв.Ц.Дандаа ийнхүү ”Манай хүмүүс зөвхөн шарын шашныг эрхэмлэн шинэчлэгдэхийг эс хүсвээс  сөнөж мөхөхөд хүрнэ “ гэжээ/26/Монгол орон ийнхүү шарын шашин дэлгэрсэн 400 гаруй жилд  орчин цагийн соёл боловсролоос асар их хоцрогдсон орон болжээ.

     Ийм ч учраас  өвөг дээдэс маань үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө  1911 оны үндэсний эрх чөлөөний  хувьсгалаар  манжийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулжээ.Монгол улс  тусгаар тогтнолоо олсон авч 1915 онд Орос ,Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг хязгаарлаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын бүрэн эрхт байдал Хиагтын гурван Улсын гэрээгээр цуцлагдан хязгаарлагдаж Хөрөнгөтний Дундат иргэн Улсын хэмжээт  эзэрхийллийн дор Гадаад Монголын Автономит улс болсон юм.  Монголын ард түмэн дахин эрх чөлөөнийхөө төлөө босч 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, улмаар БНМАУ-ыг 1924 онд тунхагласан билээ.

     Зөвлөлт Орос Улс Коминтерний нөлөөгөөр  шашингүйн үзлийг тунхаглах болж монголчуудын оюун санаанаас шарын шашныг таягдан хаяж ,олон зуун мянган лам нар, алтан ургийнхан,хуучны сэхээтэн, цэргийн эрхтнүүдийг хэлмэгдүүлжээ.Шарын шашныг коммунизмын үзэл санаагаар сольж 70 жилийн нүүрийг үзэв.Ийнхүү монголчууд  харийн колоничлол,шашин улс төрийн нөлөөнд хавчигдан хэлмэгдсэний дээр социализмын үед ч монгол үндэстний уугуул шүтлэг бөө мөргөлийг хоцрогдсон бүдүүлэг хүй нэгдлийн гэж үзэж байв.

    Гэвч үүгээр дууссангүй 1990 оноос ардчилал  дэлгэрч шүтэх бишрэх эрх чөлөөг тунхаглаж шарын шашин дахин сэргэж,манжийн үед жалгын нэг байсан сүм хийдийг сэргээн босгож хөрөнгө мөнгийг хайрлахгүй цацаж  200 гаруй сүм хийд олон мянган лам нартай болжээ.Шарын шашин сэргэж “..лам болж ташаа захтай дээл өмсөж орхимж нөмрөн эрх хүзүүндээ зүүсэн банди нарын дотор архины  шим,нүглийг үзсэн хүмүүс цөөнгүй байдаг.Хүрээ хийдийн зах зухыг урд бага зэрэг үзэж ном заалгаж байгаад хар болж,ан агнаж байсан зарим хүмүүс ч лам нэр зүүж эдүгээ эдийн шуналд автагдаж олз олох зорилгоор бурхан шашныг ашиглаж байдаг хүмүүс ч байдаг бололтой  гэж академич агсан Б.Ширэндэв гуай бичиж байв./27/

    1990 оноос хойш шарын шашин хүчтэй дэлгэрсэн боловч монголчуудын ёс суртахуун урд өмнөхөөс илүү  доройтож гэмт хэрэг зөрчил ихсэж, буян нүглээ ялгахаа больж, хулгай дээрэм ,архидалт ,янхандалт газар авч эдийн засгийн болон төрийн өмчийг шамшигдуулах тендер  төсөл нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх, авилга хээл хахууль, алт эрдэнэс ухаж, газар шороогоо ухан  харь гүрэнтэй нийлж өнгө мөнгөний хойноос хөөцөлдөж,  байгаль орчноо хохироох үзэгдэл хэрээс хэтэрч түүнийг дэмжсэн үзэл суртал улс төрийн бодлого ноёрхжээ.Энэ бүхнээс авч үзэхэд манайд зонхилох шашны байр суурь эзэлдэг шарын шашны нэр нөлөө хир байгааг харахад ойлгомжтой.Харин ч газар шорооны ажилд нь очиж ус лусыг аргадаж явдаг болжээ.  Эдүгээ манай оронд хоёр зуу гаруй буддын ,хэдэн арван христийн сум, лалын болон бахай, язу тарнийн сүм хийдүүдтэй болжээ.

     Монгол  улс  олон нам эвсэл холбоодод  хуваагдаж сонгуулийн үед хоорондоо хэрэлдэн сонгуулийг гул болгож ,сүүлдээ зэвсэг хүртэл хэрэглэж, хүний аминд ч хүрэх болов. Хэдэн мянган ТББ тай болж үзэл суртал, улс төрийн хувьд монголчууд нэгдмэл чанараа алдаж шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болж олон үзэл суртал, улс төрийн урсгалтай болж салж бутран эв нэгдэлгүй болж хэрүүл уруул ,хэл ам нүүрлэсэн улс болов.

    Хэдийгээр бид  социализм коммунизм гэдэг харь үзлийн золиос болж үндэсний үзэл соёл ёс заншлаасаа холдсон боловч Төрийн Тусгаар тогтнолоо олж, ард иргэд нь орчин цагийн соёл боловсролтой болж , сургууль соёл ,шинжлэх ухаан техник ,үндэсний аж үйлдвэртэй орчин цагийн улс болж,  хүн ам нь хагас саяас  2,7 саяд хүрч сэргэн мандаж ирсэн ололтыг хараар будах нь хэнд ашигтайг бодож үзэхэд илүүдэхгүй. Бид түүхийн аль ч үеийг дүгнэн цэгнэхдээ Монгол улсын тусгаар тогтнол,үндэсний эрх ашиг, хүн ардынх нь аж амьдрал, хөгжил дэвшилтэй ь холбож үзэх нь зүйтэй юм.Гэтэл Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо олж сэргэн мандсан 70 жилийн түүхийг арчин хаяж, ардчиллыг хэт дөвийлгөх гэсэн оролдон өнгөрсөн түүхээ харлуулах оролдлого гарсаар байгааг харь гүрний улс төр үзэл суртлын бодлого гэж хэлэхэд хилсдэхгүй.

     1990 оны Ардчилсан хувьсгалаар  нийт ард түмний төлөө байгуулж байсан социалист дэглэмийг нурааж, чөлөөт зах зээлийн үзэл санаа, амин хувиа хичээх арчаагүй үзэл ноёрхож, хүний эрх гэгчээр бамбайлан олон шашин дэлгэрч, дур зоргоороо дургиж, ардчилал бус анархизм дэлгэрэв.Монголд өнөөдөр ардчилал хэнд үйлчилж, намууд хэний төлөө тэмцэлдэж байгаа нь ойлгомжтой байна.  Монгол гэсэн нэгэн улсыг хэдэн арван намд хувааж эв нэгдэлтэй хүчирхэг улс болох чадварыг нь алдагдуулжээ.Өнөөгийн монголчуудын оюун санаа ийнхүү олон шашин,соёлын нөлөөнд хүчтэй автагдаж  харийг зохиомлоор дууриах,өнгө мөнгөний хойноос хэт шунан хөөцөлдөж, үндэсний олигархи цөөн тооны баячуудтай ч болж, тэд засгийн эрхэнд мөнгөөр гарч ирдэг болов.

     Ийнхүү монголчууд үзэл суртал, улс төрийн  хямралд орж , авилга хээл хахуулд автагдаж, монгол оронд  үндсэн хуулинд заасан шудрага ёс, тэгш эрх, үнэн,шудрага  ёс гэгч хоосон цаас болж, монголын ард түмний бум түмэн жилээр уламжлагдан ирсэн оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлдэг ёс заншил, оюун ухаан ,ёс суртахууны үнэт зүйлс алдагдаж, үндэсний соёл, зан заншил мартагдан өнгө төдий болжээ. Өнөөдөр бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн Тэнгэр шүтлэгээ хаяж гээсний харгайгаар байгаль орчинтойгоо зүй бусаар харьцаж хүн малын амьдрах орчин бохирдож,байгал экологийн сүйрэл нүүрлэж, хүн амын 40 шахам хувь нь ядуурч дэлхийн ядуу ,буурай хөгжилтэй орны нэг болжээ.

    Монголчууд бидэнд оршин амьдрах эх нутаг, цэвэр цэнгэг агаар, ус, таван хошуу мал сүрэг, тайван амгалан амьдрах амьдралын баталгаа чухал байна.Ард түмний сайн сайхан амьдрал өнөөдөр эх орон ,газар шороогоо хайрлахаас эхэлнэ гэж хэлж болно.  Гэвч зөн билэгт монголын ард түмэн энэ бүхнийг зөн билгээрээ сэрэн мэдэрч монголоо гэх соёлоо дээдлэх  эх оронч үзэл санаа монголчуудын оюун санааг эзэмдсээр байна.Эцэг өвгөдөөс уламжилсан шүтлэг бишрэл үндэсний соёлоо дээдэлж  явсан үедээ монголчууд хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.

     Монголчууд оройдоо дээдлэж ирсэн Үнэн Шудрага  ёс Мөнх тэнгэрийн эрдэм ухаан уланд гишгэгдэж , ард түмний төр засагтаа итгэх итгэл алдарчээ.Их Эзэн Богд хаан мину бидний өвөг дээдсийн хамт үнэн шударгууг  монголд төдийгүй дэлхийд тогтоож чадсаныг дэлхийн түүх бэлхнээ харуулдаг. Өнөөдөр дээд тэнгэрт байгаа өвөг дээдсийн сүнс онгод амирлахаа больж монгол улс үр хойчистоо сэтгэл нь зовж үр ач нартаа залран буух болжээ.

    Ийнхүү харийнхан тэнгэр үзлийг маань шарын шашнаар хааж, олон зуун жил өнгөрсөн боловч монголчуудын өвөг дээдсийн удамшуулсан хөх толбо яс мах цусанд нь шингэснийг эдүгээ төрөн гарч байгаа бөө улаачид харуулж байна. Үүнийг залуу судлаач Д.Бум- Очир галзуурал биш гэж бичсэн байдаг. Ийнхүү бөө удгад олноор төрж, өндөр дээд онгод өвөг дээдсийн сүнс  залран бууж  буй нь эрин цагийн тэнгэрийн дуудлагатай салшгүй холбоотой бөгөөд Монгол улс болон хүн төрөлхтөн эх дэлхий сүйрлийн ирмэгт байгааг сануулж байна.

     Гэвч бас л дайны хажуугаар дажин гэгчээр овжин зальтай хуурамч бөө удгад  өвөг дээдсийн өв, гайхамшигт шүтлэг бөө мөргөлөө гутааж, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөн бизнесийн арга хэрэгсэл болгон баяжиж, мөнгөжих  хар сэтгэлдээ ашиглах явдал ч дэлгэрч  үндэстнийхээ ариун шүтээнийг гутаан нэр хүндийг нь унагаж байгаа бусармаг явдал эцэслэх цаг ирэх буйзаа.

     Сүүлийн 20 жилд ардчилал зах зээлийн замаар орлоо гэж баярлан бахдах боловч буруу замаар будаа тээж монголчуудын эв нэгдэл задарч,олон толгойтой могойн үлгэрээр орж эх нутаг, тусгаар тогтнол  алдагдахад хүрч, монголын ард түмэн оюун санаа, үзэл суртал, ёс суртахууны доройтолд орж, экологийн сүйрэл нүүрлэснийг ухамсарлан ойлгох болжээ.

     Иймд Мөнх Хөх Тэнгэр, Эх дэлхий газар шороо цэнгэг агаар, уул ус, гол мөрөн байгалаа амьтай гэж шүтэн биширч ирсэн тэнгэр шүтлэгээ сэргээх нь  хүн төрөлхтөнд гариг эрхэс, байгаль экологийн сүйрэл нөмөрсөн өнөө үед юу юунаас илүү амин чухал асуудал болж байна.  .Эх дэлхийн цэвэр усны сав ундрага болох монгол орныг байгал экологийн сүйрлээс аврахгүйгээр дэлхийг аврах боломжгүй юм гэдгийг өвөг дээдэс, Аянгат удган минь сануулсаар байна.

     Түүхээс авч үзэхэд монголчууд Тэнгэрээ шүтэж үндэсний соёл  зан заншлаа дээдэлж явсан үедээ хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.Ухаант мэргэн өвөг дээдсийнхээ үгийг сонсож монголын соёл өв уламжлалаа дээдлэн амьдрах нь монголчуудын язгуур эрх ашиг мөн. Цагийн аясаар жам ёсоороо эргэн ирж буй язгуурын Монгол Тэнгэр Шүтлэг  монгол орноо ,эх дэлхийгээ аврах цорын ганц арга зам болж байгааг ухаарах цаг ирлээ. Энэ бол тэнгэрийн дуудлага ,эх дэлхийн дуудлага, өвөг дээдсийн минь дуудлага гэдгийг хөх толбот тэнгэр заяат монгол хүн бүр сэрэн мэдэж , эх  орноо экологийн болон нийгэмийн сүйрлээс аврах нь чухлыг ойлгох цаг болжээ.

     Монгол түмэн, монгол туургатны оройн дээд шүтээн болсон Их Эзэн Богд Чингис Хаан мину онгодоороо  эх болсон Монгол улс, хөх ардууддаа, шинэ мянганыг эхлүүлэх гайхамшигт Аянгат удгандаа заларч айлдвар сургаалиудаа тунхаглаж байна. Мөнх хөх тэнгэр Монголыг дахин  ивээлдээ авч, шинэ мянганыг тохинуулах,Монгол орон, Эх дэлхийгээ аврах Тэнгэрийн элчээр Их Эзэн Богд  мину дахин сонгогдож Монгол Улс  сэргэн мандах түүхийг эхлүүлж байна. Тэнгэрийн цаг ирлээ.

     Мөнх хөх тэнгэр ивээх болтугай .Аюутугай Дагатугай Биширтугэй

                                             Нарандулам

    Ашигласан ном зохиол

     1.  Эртний шүтлэг.Монголын соёлын түүх.тэргүүн боть УБ 1999 он 279,280-р тал

    3. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 111-Р тал

    4. Пэн да я  И  Сюи Тин ,,Краткие сведения о черных татарах,,Журнал проблемы востоковедения,, номер 1960 143-р тал

    5. Н. Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 112”р тал

    6.мөн тэнд  113 р талд

    7.ТҮ.Өлзий бөөгийн тэнгэрийн бүтээвэр сэтгэц Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 9 дугаарт

    8.Л.Дашням Тэнгэризм ба монголчууд 2011 Улаанбаатар хот  2011 он 140 -р тал.

    9.Д.Бумочир Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 2 сар

    10. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь 1974 121-р талд

    11. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан 2011 УБ 30-р тал

    12. Гильом де Рубрук Дорно этгээдэд зорчсон минь.УБ 1988 он 213-р талд

    13. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 88-р тал

    14. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан 2011 УБ 18 –талд

    15. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 81-р тал.

    16. Ш.П.Цыденжапов Чингис Хан Улан Уде 1990 71-р талд

    17. О.Лхагва Хумхи ертөнцийн квант жам УБ -2011 он 210-р тал

    18.О.Лхагва мөн тэнд 211 –р талд

    19.СД.Дылыков Эджен хороо Филология и история монгольских народов М..1958 с. 229  \

    20. Ш.Бира Монголын тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэл. Тэнгэризм  ба монголчууд УБ 2011он 65-р талд

  • Ээжийнхээ шарилыг ухаж авсан эр унтахдаа дэндүү царайлаг болж байв

     

    Өвгөнийг Даш гэдэг. Даш гуай шөнө унтахаараа их л царайлаг юм шиг харагдана. Үнэхээр нэг сайхан амарч, тайван амгалан төрхийг олж чаддаг нэгэн гэлтэй. Харин өглөөд босоод ирэхээр царай нь нөгөө л үзлийн гэмээр байдалдаа орчихно. Түүнийг нь залуу хүү Чимид-Очир анзаарсан байлаа. Тэгээд “Та үргэлж унтаж баймаар юм. Сэрэхээрээ л та хачин царайтай болчих юм” гэж тоглоход өвгөн “Аргагүй дээ. Ээж минь дандаа л миний нойронд ирж намайг эрхлүүлж толгойг минь илдэг юм” гэж үг алджээ. Чимид-Очир энэ ойлгомжгүй үгийнх нь утгыг гөвж, ёроолыг үзэх гэж янз бүрийн арга саам хэрэглэжээ.

    Тэгсэн чинь Даш гуайн ээж хэдэн жилийн өмнө нас барсан бөгөөд хүү нь ээжийгээ нас бараагүй гэж бодож явдаг аж. Залуу насандаа Даш гуай ээжийгээ их ч зовоож, үсийг нь дэндүү эрт цав цагаан болгосон энэрэл ачлал багатай үр байж. Даш гуай таван удаа гэрлэсэн хүн. Хөдөө нутагт хэн нэгэнтэй гэр бүл болсон тохиолдолд яалт ч үгүй хувь тавилантайгаа эвлэрэн, өөрийнхөө тэр дутуу дундуур орон зайг өөр юмаар нөхөж, ухааны чанга хүлээсэнд амьдардаг бичигдээгүй хууль байсан даа. Гэсэн ч тэр бичээгүй хуулийг ичихгүй зөрчсөн Дашид эх нь гомдохын дээдээр гомдож явсан аж. Даш гурав дахь эхнэрээ хоёр хүүтэйгээ хаячихаад ээжийнхээ гэрт орж суужээ. Ээж нь ч “Ингэж байснаас авгай, хүүхэд дээрээ оч” гэж хөөнө.

    Нэг удаа Даш ийм үг хэлж, яншаад байхаар нь ээжийгээ барьж аваад үүдээр нь шидэж гаргасан байна. Эх нь бусад хүүхдүүдийнхээ гэрт очиж Дашийн босгоор алхахгүй байсаар нас баржээ. Даш гуай ээжийгээ нас барсан өдөр л гэнэт ухаан орсон юм шиг цурхиртлаа уйлж байж. Олны хэл ам хэцүү болохоор ах, дүү нар нь ээжийг нь оршуулж байхад очиж чадахгүй холоос хараад уйлж байж. Оршуулга дуусч хүмүүс буцсаны дараа Даш ээжийнхээ газар дээр давхиж очоод саяхан булсан нойтон шороог нь хоёр гартаа тас атган орилж байсан гэнэ. Тийнхүү амьддаа үйлдсэн нүглээ ээжийнхээ шарил дээр наминчилж байсан Дашид гэнэт адын гэмээр аймшигт бодол орж иржээ. Тэр ээжийнхээ зүс царайг хармаар санагдсан байна.

    Үхсэн ч гэсэн ээжийнхээ царайг харахсан гэсэн галзуурсан гэмээр бодол нь биежиж тэр үсрэн босоод шинэхэн оршуулгыг онгичиж тагийг авахад ээжийнх нь нүүрийг бүтээсэн хадаг салхинд хийсч оджээ. Ээж нь ачлалгүй хүүгийнхээ юу хийж байгааг үл анзаарах мэт, түүний түмэн муу үйлийг сонсохгүй, харахгүй болсондоо санаа амарсан мэт амгалан гэгч нь нойрсч байв. Даш ээжийнхээ хөшиж хөрсөн цогцсыг авснаас өргөж гаргаад морин дээрээ дүүрэн уул руу явсан байна. Зуны халуун улиралд ч цасаа шилгээдэггүй Бор залаан өндөр дээр тэр очиж ээжийгээ нутаглуулах гэж бодож байлаа. Тэр амандаа “Өрлөг ээж минь, та өөдгүй муу хүүгээ өршөөгөөч. Би таныхаа биеийг өт батганд идүүлэхгүй. Өмхий нүхэнд илжрүүлэхгүй” гэж үглэн дуулж явсан байна. Даш ээжийнхээ цогцсыг уулын мөнх цастай оргил дээр үүрч гараад сүүдэр талынх нь цасанд булж орхижээ.

    Тэгээд буцаж очоод оршуулгыг хуучин байдалд нь оруулж засч янзалсан байгаа юм. Лавтай хэдэн жил Даш ээжийнхээ царайг харах гэж мөнх цаст оргил руу явдаг байж. Нэг халуун зун очиход уулын цас хайлж ээжийнх нь цогцос цасны устай доошоо урсаад хаана очсон нь мэдэгдэхгүй болсон байв. Даш толгойгоо шааж уйлна. Үхдэг ч юм бил үү гэж анх удаагаа бодож байгаа юм. Тэгээд мориныхоо дөрөөнд гуталтай хөлөө мултрахгүйгээр шургуулж бэхэлж тогтоогоод морио үргээх гэж байтал хажууханд нь “Ишш, хүү минь. Чи яасан уйтан бодолтой хүн бэ? Ээж нь чамайг аль хэзээний л уучилсан шүү дээ” гэж ээж нь хэлэх шиг болжээ.

    Хичнээн үргээх гэсэн ч морь нь байрнаасаа хөдөлсөнгүй. Мод авч мориныхоо цавь руу хатгаж цочоох гээд ч нэмэр болсонгүй. Морь юу ч болоогүй юм шиг өвс үмхлэн зогсч байж. Түүнээс хойш Дашийг унтахад ээж нь дандаа зүүдэнд нь ирж сургаал хэлж, “ингэ, тэг” гэж зааварладаг болсон гэнэ. Ээжийнхээ зүүдэнд нь ирж хэлсэн үгнээс зөрөхгүй байснаар нохой Дашийн муу нэр ч сайн үйлийн будагт өнгөө өөрчилж, олны дотор муугүй нэгэн хар өвгөн болсон байна. Энэ бүхнийг Даш өвгөнөөс сонссон Чимид-Очир “Одоо таны ээж зүүдэнд тань юу гэж хэлэх юм. Жишээ нь өчигдөр шөнө танд юу гэж хэлэв?” гэж асуусан байгаа юм. Ээж нь хар ногоон торгон дээлээрээ түүнийг хучиж өгөөд, “Миний хүү одоо болно оо. Ээждээ ир” гэж хэлсэн. Энэ нь намайг үхэх болсныг ээж минь зөгнөж хэлсэн байх гэж өвгөн хэлж байжээ.

    Үнэхээр ч Чимид-Очирыг эмнэлгээс гараад удаагүй байхад Даш өвгөн сумын төвийн эмнэлэгт нас барсан гэдэг.

  • Тууриас төрсөн бодрол буюу Чу мэргэн

    300 тохой гэдэг нь 100-аад метр өндөр гэсэн үг. Хээр талдаа эсгий гэртээ амьдарч ирсэн монголчууд баруун, зүүн далайг алдалсан их гүрнийг байгуулсныхаа бахархал дурсгал болгож ийм том сүмийг сүндэрлүүлжээ.

    Эндээс нэг асуулт ургана. Өгөөдэйн хүү Годан хунтайж Цастын их мэргэн Саж бандитатай багш, шавь барилдаж, Эрдэнийн сан Субашидыг сонсож байсан боловч энэ нь нийслэлээс хол Хөх нуурт болсон явдал. Мөнх хаан Мял богдын оюун санааны удам Гарма ламыг Хархорумд залж байсан нь түүнээс хожуу явдал. Гэтэл уг сүмийг Өгөөдэй хааны үед барьж эхэлжээ. Тэр үед Буддын шашин суртахууныг Хархорумд хааны ордонд тийм өндөр төвшинд хүлээн зөвшөөрүүлсэн хүн хэн бэ? Чу мэргэн л гэж сэтгэлд буунам.
    Тэр гэгээн хүний тухай өгүүлэх далим төдий ч байж магад. Хэрэв Цогт их асар Хятан гүрний Буддын сүмтэй ижил хэв маягаар баригдсан нь нотлогдвол Чу мэргэний санаа оноо гэдэг нь гарцаагүй. Гол нь зүгээр нэг сүм биш их гүрний бэлгэ тэмдэг болох Хархорумын хамгийн өндөр, хамгийн сүрлэг байгууламж гэдэгтээ учир нь бий. Эл асуултын хариултыг цаг хугацаанд үлдээгээд Чу мэргэний талаар уншсан, дуулснаасаа уншигч тантай хуваалцъя.
    Елүй Чуцай (1189-1243) хэмээх түүний Елүй овог нь Хятан монголын алтан ургийн овог юм. Тэрээр Хятан гүрнийг үндэслэгч Абужи гэгдэх Амбагай хааны аравдахь үеийн ач ажээ. Хятан гүрний ордонд Буддын хөлгөн судрыг нандин шүтээн болгон залж ирсэн уламжлалтай. Буддын шашны олон дурсгал цогцлоосны дийлэнх нь өнөөдөр хилийн чанадад оршиж буй. Монгол нутаг дахь томоохон үлдэц нь Дорнод аймгийн нутагт байх Хэрлэн Барсын суварга юм.
    Харь газар Хятан гүрнийг цогцлоож, Гадаадын дайсанд хэзээд эрэлхэг явсан гэж Нацагдорж абугай “Түүхийн шүлэг”-тээ бахдан өгүүлсэн нь учиртай. Дорно зүгт Шар тэнгист тулж, өрнө зүгт Уйгур, Тангудыг эрхшээсэн энэ их улс хоёр зуун жил оршин тогтсон юм. Хожим Зүрчидэд эзлэгдэх үед Елүй Даш ноён хэсэг цэрэг иргэнээ аван баруун тийш нүүж, Дундад Азийн өргөн нутгийг эзэлж, Хар Хятан улсыг байгуулсан нь Чингисийн үе хүртэл нэгэн зууныг элээжээ. Түрэг угсаатанд дарагдаж, Эргүнэ Хунд хоргодон, хожим ч хэдэн зууны турш гурван голын бэлчирээс хальж үзээгүй язгуур монголчуудын хувьд угсаа нэгт Хятанчуудын дорно, өрнөдөд улс гүрнээ байгуулж, эрэлхэг явсан ойрхи түүх омог зоригийг нь хөвчилж, дэлхийн энгээр харах харааг Чингис хаанд хурцалж өгсөн бизээ. Тэр түүхийг ухуулж сэнхрүүлсэн хүний нэг Чу мэргэн байж таараа.
    Тийм атал Зүрчидийн Чу мэргэн гэгдэж явсан нь учиртай. Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байж. Алтан улсын нийслэлийг эзлэх үед амь гуйн өвдөг сөгдөх сайд, түшмэдийн дунд гуниглангуй боловч цэх зогсох идэр эрийг Чингис хааны зөнч мэлмий тэр даруй анзаарчээ. Овог угсааг нь асуугаад хятан монгол гэдгийг нь мэдсэн Чингис хаан “Өвөг дээдсийн чинь өшөөг энэ өдөр би авч өгч байхад баярлахын оронд юунд гуниглана вэ?” гэж асуухад залуу эр “Хэдий би хятан угсаатан боловч миний өвөг, миний эцэг болоод би өөрөө Алтан төрд зүтгэж явсан. Зүтгэсэн төрөө унахыг хараад түшмэл хүн яахин баярлах вэ?” гэжээ. Үнэнч шударга занг үнэлдэг Чингис хаанд энэ хариулт таалагдахаас аргагүй. Гэвч шударга байлаа гээд ухаан мөхөс, эрдэм дорой бол юун тус. Харин тэр шударга зангийн цаана нэгэн биеийн жаргал, зовлоос хэтийдэж, үхэх төрөхийн айдсаас ангижирсан мэргэн аршийн гэгээрэл байгааг анзаарчээ. Идэрхэн насандаа тийм гүн ухааралд хүрсэн нь их хааныг бишрүүлсэн тул отгон хүүтэйгээ үе тэнгийн залууг “Урт сахалт Чу мэргэн” хэмээн ёгтлон авгайлж, өрлөг сайдаа болгожээ. “Урт сахалтын үгийг хэн хүн хөнгөн үзэж болохгүй, анхааран сонсож бай” гэж лүндэн буулгасан байна.
    Урт сахал нь төрийн ихсийн сүрийг үзүүлэх гээгүй, даяанч номын ёсных нь бэлгэдэл байв. Тэрбээр бага насандаа өнчирсөн ч эртний их сурвалж язгуураа санан, таван ухааны эрдэм номд шамдаж, тэр үеийн шалгалт шүүлгийг давж түшмэл болсон аж. Мөн Буддын хийдэд гурван жилийн нямба дияаныг үйлдэж, билгийн мэлмий нээсэн нэгэн байжээ. Тийм учраас л Чингис хаан хэн болохыг нь даруй таньжээ. Аминд хүрэх шахсан дайсны мэргэн харваачийг тэргүүн жанжнаа болгосон шиг, долоон үеийн өш зангидсан Татарын өнчин хүүг хуурай дүүгээ болгон өсгөж, улсын их заргач болгосон шигээ л. Өөрөө түүнийг эзэмшсэн, буюу амталсан хүн л өрөөл бусдын зүрхэнд буй нандин чанарыг олж хардаг биз ээ.
    Тэр цагаас Чу мэргэн их хааны дэргэд сүүдэр мэт дагаж, шадар зөвлөх нь болж явжээ. Тухайн үед монголчууд Сартуулыг эзэлж, Тангудыг мөхөөсөн он жилүүд байлаа. Ганц жишээг дурдахад 1226 оны өвөл Монголын цэрэг Тангудын Түрэмгий балгасыг эзлэх үеэр олон ноёд, жанжид алт мөнгө эд бараа олзолж байхад Чу мэргэн хэдэн хайрцаг бичиг судар, хоёр ачаа ургамлын үндэс л цуглуулж авчээ. Хавар болж дулаарах үеэр алт, мөнгө олзолсон жанждын цэргийн хуаранд хижиг өвчин дэлгэрэхэд мөнөөх үндсээр цэргүүдийг эмчилж хэдэн мянган хүний амийг аварчээ. Хожмоо дайны хөл дунд цуглуулж явсан ном судраараа тэр Хархорумд Монгол улсын судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан юм.
    “Төрийг төвхнүүлж, түмнийг хамгаалах аргыг Чу мэргэнтэй зөвлөж яв” гэсэн Чингис хааны гэрээс ёсоор Өгөөдэй хаан түүнийг тэргүүн сайдаар томилжээ. “Морин дэл дээр байгуулсан улсыг морин дэл дээрээс удирдаж болохгүй” гэж Чу мэргэн хэлж, Евразийн дийлэнхийг агтын хурд, илдний хурцаар эзэлж дажны хөлд нэрвэгдсэн тэр их газрыг нарийн хууль дүрэм, засаг захиргаа, алба татварын уян хатан тогтолцоо, өртөө холбоо зэрэг бүхий л хэлбэрээр нэгдмэл гүрэн болгож зангидсан билээ. Эзэнт гүрний уран барилгач нь байжээ, тэр. “Их төрд мэргэн бодлогыг өргөж, дүрэм тогтоолыг байгуулан, шалгалт журмыг явуулах, гэгээн мэргэдийг шилэх, төв голчийг эрэх, хойрго залхууг дарах, эрүү шүүлтийг цөөлөх, гааль гувчуурыг хөнгөлөх, чин зоригтныг хөхиүлэх, илүү тушаалтныг хасах, авлигач түшмэдийг огцруулах амуй. Хэрэв ийм болбол амьдрал тайван, сэтгэл тэнүүн байх нь алга урвуулах мэт хялбар” гэж Баруунш зорчсон тэмдэглэлдээ Чу мэргэн бичжээ.

    Гэвч гэгээн мэргэдийн таалал бэртэгчидийн хүсэл шуналтай гал, ус мэт харшилдаж таараа. Өгөөдэй хааныг учир битүүлэг хальснаас хойш тэрбээр гуравхан жил насалжээ. Угийн чин шударга сайд төрийн эрхийг ёс бусаар авсан Турхан хатанд ад үзэгдэж, түүний шадар хор найруулагч Абдурхманы гавъяаг судар бичигт бич гэсэн зарлигийг дагаагүйнхээ төлөө гараа огтлуулах шахжээ. Эндээс нэг зүйл анзаарагдана. Монгол төрийн жинхэнэ Нууц товчоог Чу мэргэн хөтөлж байсан мэт. Бидний мэдэх Нууц товчоо бол билиг цэцийн гайхамшиг боловч түүхэн тэмдэглэл талаасаа оочин цоочин, төгс бус. Төрийн албан ёсны шастир биш нь илэрхий. Чу мэргэн шиг Хятан гүрний сурвалжит язгууртан, Алтан улсын түшмэд, таванд хэлэнд нэвтэрхий, гурван богдын сургаалд боловсорсон, Чингис хааны дэргэд есөн жил, Өгөөдэй хааны дэргэд арван дөрвөн жил шадарласан эрдэмт хүмүүн жинхэнэ төрийн шастирыг туурвисан буйза. Гагцхүү тэр Нууц товчоо нууц хэвээрээ үлджээ. “Товчоо” гэж судар номоо монголчууд нэрлэх болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Энэ бол “сутра” гэдэг самгарьд үгийн шууд үгчилсэн орчуулга. Тэгэхлээр “сутра” гэж юу болохын утгыг ухсан хүн л тэр нэрийг оноож таарна. Жинхэнэ Нууц товчоог дагаж, сэцэн билигтнүүд аман уламжлал болоод бичгээр олон товчоог туурвисан буйза. Мин улсын цэргүүд Хархорумыг газрын хөрстэй тэгшилж, Цогт их асар сүмийг нурааж сүйтгэх үед Монгол түмний оюуны их өв ч үрэгдсэн нь гарцаагүй.
    Чу мэргэний хятад хэлээр зохиосон олон шүлэг, “Баруунш зорчсон тэмдэглэл” зэрэг нь л хятад сурвалжид үлджээ. Уг тэмдэглэлийн доод дэвтэрт Бумбын шавьтай хийсэн Чу мэргэний нэгэн ярилцлага бий. Тэнд “Гурван богдын (Будда, Лаоз, Күнз) сургаал аль аль нь ертөнцөд тустай. Гэхдээ Бурханы сүмийг Бумбын шавь нар эзлэхийг санаархвал би яахин баясах” гэж өгүүлжээ. Уг ярилцлагад Чу мэргэн өөрийгөө Увш гэж нэрийдсэн байна. Увш бол Буддын ёсны таван сахилтны нэр.
    Хүн төрөлхтөнд тустай суртал ёс бүхэнд найртай хандаж, гэгээн багш бүхнийг хүндэтгэж үзнэ. Гэхдээ билгийн чанадад хүрэх Ном ёсыг ямагт сахин хамгаална гэсэн санааг энд хэлжээ. Хэдий хувь хүний итгэл үнэмшлийн илэрхийлэл төдий боловч Чу мэргэний эл үзэл санаа Монголын их хаадын үед төрийн алтан хайрцгийн бодлого болж явсныг түүх гэрчилнэ. Цогт их асар ч түүний бэлгэ тэмдэг байх. Гэхдээ энэ нь Буддын сургаал номыг мухар сүжгээр шүтсэн хүний үг биш. Утгыг таньж, үнэнийг бясалгасан хүний үг. Будда бол хүн бүхний дотоод сүнслэг ухамсрын бэлгэ чанар, Дарма буюу Ном бол мөнх тэнгэр мэт оршихуйн чанад зүй тогтол гэж ойлгосон хүний үг. Тиймдээ ч Буддын сүмийг их гүрний зүрхэн тольтод цогцлоох нь орчлон ертөнцийг шүтэн барилдлагаар нь ухаарч, элбэрэл журмыг эрхэмлэнэ гэсэн тунхаг. Хэрвээ Чу мэргэн шиг мэргэд залгамжилж явсан бол Цогт их асар нь зүгээр нэг эргэл мөргөлийн газар биш номын их өргөө, бясалгалын төвхөн байсан байх учиртай.
    Г.Жамсранжав гуайн “Билгүүн оддын гэгээ” номоос олж уншсан Чу мэргэний шүлгийн хоёр мөр сэтгэлд нэг л дотно.
    Нуугдмал эрдэмтнийг дуудах цагт дорнын хотыг орхин одов.
    Морины аяар анхилгыг сурвалжлахад зам асуух хэрэггүй.
    Чанадын дуудлагыг соргог зүрхэндээ хүлээн аваад, ертөнцийн амар жимэр, ая тухыг орхин үнэний мөрийг нэхэхдээ бусдаас зам асуух шаардлагагүй, анхилмыг тэмтрэх зөгий мэт дотоод зөн совингоороо хөтөч хийн явжээ, тэрбээр. Нас барсных нь дараа эрдэмт мэргэнийг ад үзсэн нүглээ зөвтгөх шалтаг эрж, улсын нийт гааль, албан татварыг хураадаг байсан тул завшсан байх магадлалтай гэсэн ноёдын хатгалгаар Турхан хатны зарлиг гарч шалгасан боловч хэдэн хуур, бишгүүр хөгжим, мянга орчим ном л олдсон гэдэг. Тийм бодь хүмүүн Монгол төрийн сайд байжээ. Бид дээдэс мэргэдээ мартах ёсгүй. Үйлс бүтээлийнх нь үнэн учрыг тайлж ойлгон, үлгэр дуурайл болгож амьдрах учиртай гэж бодсон юм.

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАНТАЙ ЗУРГАА ДАХЬ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ.


    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны дунд Монгол бөө, бөөгийн цол, төрийн шагналтай холбоотой мэдээ, мэдээллүүдийн тухай танилцууллаа. 
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан шашины байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө. 
    Б.Банзрагч

  • Тэнгэрлэг хүмүүн билээ-Та


    Тэрээр өөрөө бүжиглэж, сурахын зэрэгцээ хойч залуу үедээ бий биелгээг өвлүүлэх талаар маш их анхаарч ирсэн. Шавь нар нь олон уралдаан тэмцээнээс удаа дараа шагнал хүртэж байсан. Амьдралынхаа 60 гаруй жилийг казах болон урианхай ястаны бий, биелгээ цуур. хөөмий, товшуур зэрэг ардын язгуур урлагийг ард түмэнд сурталчлан, өвлүүлэхэд зориулсан.
    Монголын төр Засаг Р.Самжидийн нөр их хөдөлмөр авьяасыг өндрөөр үнэлж, 1960-1975 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1980 онд “Алтан гадас” одон, 1990 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2010 онд “Эрх чөлөөний одон”, Ардын хувьсгалын 40,50,60,70,80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1997 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 2010 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулсан Монгол ардын бүжгийн урлагийн томоохон зүтгэлтэн байсан юм.
    Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд эвлэлдэн нэгдэж МБНЭ нь анхдугаар хуралдаанаа хийхэд хэдий зав чөлөө муутай байсан ч тэрээр хүрэлцэн ирж Алтайн магтаал хайлж, бидэнд асар их урам зориг хайрлаж байсан билээ.
    Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад идэвхтэй оролцож, зохион байгуулахад туслаж, Мөнх тэнгэрийн төлөө Алт, Мөнгөн шонхор медалиар шагнагдаж байсан. 
    Түүний Мөнх тэнгэрийн төлөө зүтгэлийг хойч үе нь залгамжлан үргэлжлүүлэх болно. 
    Талийгаачийн цуцашгүй хөдөлмөрч чанар, хүнлэг сайхан сэтгэл, бидний сэтгэлд үүрд үлдэх болно.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын,
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ч.Дангаасүрэн, Ц.Отгонсүрэн, Б.Бадамсүрэн, Н. Баярсайхан, Я.Отгонбаатар, Н. Дайрий, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Цагаанхүү, Бахаамаазагд, У.Ганхуяг, Наранцэцэг, Б.Байгальмаа, Т.Баттогтох, Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, Б.Доржпүрэв, А.Оюунчимэг, А. Оюунтуул, С.Болормаа, Ч. Сумьяа, М.Сарантуяа, Улаанцэцэг, Л.Баяржаргал, Б.Болдбаатар, Хүнбиш, Болдпүрэв, 
    Байнгын бус гишүүд:
    Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав, Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Н.Мягмарсүрэн, Б.Чанцал, Д.Уранчимэг, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Ц.Лувсанлхама, Энхтуяа, Алтанзул, Л. Баттогтох

  • БАЙГАЛЬ ИД ШИДЭЭ ХАРУУЛСАН ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА

    Жилээс жилд өргөжин тэлж байгаа Даланзадгад хотын хөгжилтэй танилцах, барилга байшин, хөшөө дурсгалыг үзэж сонирхохоор нэг хэсэг нь явна.
    Шинэ өглөө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан,Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Даланзадгад хотын бөөгийн удирлагч, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Бор нар хамтран тахилга хийх газраа шинжин сонгох ажил хийсэн билээ.
    Говь гурван сайхан хайрханы баруун, зүүн урд, урд хэсэг өнгөрсөн зууны эхэн хагаст олон мянган хүний алтан амийг энгэртээ шингээсэн хэлмэгдлийн хар мөрийг үлдээсэн болохоор энэ л газруудад тахилга хийх боломжгүй байв. Тиймээс зөвхөн хайрханаас зүүн хойд талаас Алтай нуруу, Ац богд, Таван толгой, Оюу толгой, Хан богд, Шилийн богд, Хөх уулыг холбон тахиаар Нэгдсэн тахилга газраа сонгосон болно.

    Хоёр. Энэ өдрийн Хар ба цагаан

    Аливаа үйл хар цагаан өнгө, үйлээс бүтдэг. Тахилгын газар ирсэн хоёр дах өдөр Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, МБНЭ-ийн Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Монгол бөөгийн удган Урнаа нарыг хүлээн авч уулзсан билээ. 
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймагт хийж байгаа нэгдсэн тахилгын зорилго, ач холбогдол, хийгдэж байгаа үйлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн.
    Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар тахилга зохион байгуулж байгаа улаач нарын үйлд амжилт хүсч, бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэгээд ч боломжоороо тусласан билээ.
    Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар Өмнөговь аймгийн телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгч, тусгай зар түгээхээр болсон.
    Аймгийн төвөөр тахилгад оролцогчид автомашины цуваа татуулан Нэгдсэн их тахилгыг нийтэд түгээх ажил хийсэн билээ. Энэхүү ажиллагааг МБНЭ-ийн Залуучууд идэвхтэй сайн зохион байгуулсан. Үдээс хойш нэгдсэн их тахилгад оролцохоор ирсэн олон “Тэнгэрийн улаач” нар чөлөөтэй хуяглан бөөлсөн билээ. Энэ өдрийн цагаан тал бол энэ байсан. 
    Бас хар тал ажиглагдсан, тэр нь их тахилгын дунд бөөгийн өөр байгууллагад элсэхийг сурталчлах нэгэн байлаа. Нүүрэндээ инээмсэглэлээр дүүрэн байвч цаанаа өөр зүйлийг хүсэмжлэгч нь цагтаа эвлэлийн бүх л шагналыг хүртэгч байсан. Гэхдээ тэр хүн олны итгэлийг дааж чадсан бол энэ тахилга тасралтгүй гурван жил дараалан хийгдэх байсан. Бас байгууллагын гишүүдийн эгнээ өсөх байсан. Нэгэнт ажил хийж чадахгүй бол чаддагтаа ажилаа өгч байдаг нь түмний ёсон билээ. 
    Бусдын хийж байгаа ажил дээр өөр байгууллагыг сурталчилах нь байж болох зүйл ч зарим зүйлд ёс зүй гэж бий. Тэр ёс зүйн хэмжээг баримталж сурах шаардлага бий. Хүн тэр ёсыг дагадаггүй байж болно, харин тэнгэр тийм зүйлтэй хариуцлага тооцож байдаг. Энэ өдрийн хар, цагаан ийм учиртай байлаа.

    Гурав. Цэлмэг тэнгэрт үүл хуримтлуулж, цахилгаан цахилуулж, хур бороо, үер буулгасан Их говийн их тахилга

    Их говийн нэгдсэн тахилгын өглөө тэнгэр үүлгүй цэлмэг байж, наран мандах мөчид Морин хуурын эгшиг цуурайтан, Монгол ардын уртын дуу эгшиглэж, түүнийг залгаад Өвөр хангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав нь Нарны тахилгад толгойлон бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийн хэв маяг давтагдашгүйөвөрмөц байсан. Түүний араас залуучуудаа, мөн нутгаа төлөөлөн, Монгол бөөгийн зайран Төгөлдөр орчин цагийн хэв жаягаар бөөлсөн байна. 
    Говийн нэгдсэн Их тахилгын хамгийн чухал, хариуцлагатай хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран П.Батжаргал дангаараа толгойлон бөөлж, их хариуцлагыг нуруундаа тээсэн билээ. Их хэнгэргийн дуун агаартаа цууриатан уламжлалт Тува бөөгийн өвөрмөц хөдөлгөөн олны анхааралд оров. Салхины хурд нэмэгдэж, Их тахилгын суурь тодорч ирлээ. 
    Уламжлалт бөөгийн хэв жаягаар Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн дархад бөөгийн хэв маяг, бичихэд ч үг дутамаар уян налархай, утга төгөлдөр, маш өвөрмөц бөөлөлтийг хийж, Их говийн нэгдсэн тахилгын ЛУСын тахилга эхэллээ. Түүний бөөлөлт өөрөө сэтгэл омогшим уян налархай, өндөр хэмнэлттэй өвөрмөц байж чадсан. Цэлмэг тэнгэрт тахилгын дээр үүл хуримтлагдаж, улмаар хурын хар саарал өнгийг өөртөө илэрхийлж ирлээ.
    Түүнийг дагалдан залуу улаач, Өмнөговь аймгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар толгойлон бөөлсөн билээ. Тавьсан идээ, тахилгад өргөх зүйл нь нутгийн онцлог, зан заншилийн өвөрмөц содон байдлыг тусгаж байлаа. Залуу зайран орчин цагийн хэв загвараар бөөлсөн.
    Говийн нэгдсэн Их тахилгын Тэнгэрийн тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа толгойлон бөөлсөн. Буриад бөөгийн угшил шингээстэй, халх бөөгийн хэв шинжийг өөртөө агуулсан орчин цагийн хэв маягаар бөөлсөн. Задын бөөлөлтийн агуулгыг өөртөө шингээсэн нь ажиглагдаж байлаа. Түүнийг дараа Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бор толгойлон бөөлсөн. Түүний бөөлөлт орчин цагийн зан үйлийг өөртөө шингээсэн харагдаж байлаа. Харин Монгол бөөгийн удган Урнаагийн бөөлөлт нэг л болж өгсөнгүй. Бэлтгэл тааруухан байсан. Бөөлөлт ч богинхон хугацаанд болоод өнгөрөв. Цаашид анхаарах шаардлагатай. 
    Их үдийн алдад гол тахилгууд өндөрлөмөгцих салхи хуйлран босч, эргэн тойрон хуйнууд эргэлдэж, яах ийхийн зуургүй бороо шааган орсон билээ. Өмнийн говийн ганг тайлан их хур бороо шааган асгарав. Бидний дээр асгарч байсан бороо аажимдаа шилжиж аймгийн төв Даланзадгад хотын дээр очив. Аянга нижигнүүлэнбороо асгаж, үер урсуулав.
    Өдрийн наран шингэх агшинд Галын их тахилгаэхэлсэн. Хур борооны дараа Даланзадгад хотоос Нэгдсэн их тахилгын зүг автомашины цуваа тасралтгүй хөвөрнө. Тасралгүй цувах автомашины цувааны гэрэл алсаас тод харагдана. 
    Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамазагд толгойлон бөөлөв. Уламжлал бөөгийн залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байгааг харуулж чадсан бөөлөлт байлаа. Хэнгэргийн дуутай зэрэгцэн аянгийн нүргээн хүч түрэн бууж байлаа. Түүнтэй хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлийн удирдагч Байгальтөгс бөөлсөн билээ. Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгын хаалтын бөөлөлтийг хийх хариуцлагатай үүрэг түүнд ногджээ. 
    Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилга эхлэх мөчтэй хамт бидний эргэн тойрныг бүчин говийн үер орж ирсэн билээ. Тэнгэрийн үйл амжилттай болсоныг илтгэн савдаг, лус хүчээ авч байгал дэлхийд хураа хайрлав. 
    Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга амжилттай болж өнгөрлөө. 
    Говийн нэгдсэн Их тахилга бөө нарын хамтын хүчийг илэрхийлсэн, ид шидийг үзүүлсэн гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах зухыг бид сэргээн үзүүлж чадсан. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан. 
    Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа.
    Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай.

    djmedia:35
  • Зураг түүхийг авч үлдэнэ-5 “Цэцэрлэгийн хүүхэд”, “террорист” бид гурав


    Танилцах бүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Очирбат, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, профессор Хайсандай, бид гурав байлаа. 
    Очирбат, бид хоёр биерэхүү, харин Хайсандай гуай намхан жижиг биетэй. Тэгээд Очирбат гуай Хайсандай гуайг “Цэцэрлэгийн хүүхэд” гэж гоочилно, дуудна. Хөх хотоос Шанхай нисэх болж, буудал дээр очлоо. Тэгтэл Очирбат гуйан зун нутагтаа явахдаа хэдэн калибрийн сум авч явсанаас нэг нь авч явсан савны оёдлын дагуу шигдээд орчихож тэр нь илрэв. Тэгээд багагүй л юм болов. Тэрнээс улбаалаад Хайсандай доктор Очирбат гуйад “террорист” гоч өгч, түүнийг “цэцэрлэгийн хүүхэд” гэж дуудахын хариуд террористаар дуудах болсон билээ. 
    Тэндээс Шанхай хот орж, мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөлттэй танилцахаар зорьсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал хэлэлцэх байлаа. Тиймээс энэ талаар хөрш зэргэлдээ Хятадын үйл явцыг газар дээр нь үзэж танилцсан хэрэг л дээ.
    Шанхай хотод бид бүтээн байгуулалтын олон зүйлтэй танилцаж, тэр үеийн Хятаддаа хамгийн өндөр телевизорын цамхагт гарч, тэр үеийн Шанхай хотын зургийг хальсандаа буулгажээ. Сонин сайхан олон зүйл бичихээр байна. Гэвч сунжрихаар юм сонирхолгүй болдог. Тиймээс товчлов. 
    Бид гурав буцахдаа Бээжин хотын төв талбайн хажууд дахь хааны музейг үзэж сонирхожээ. 
    Миний хувьд нэг жилийн дараа энэ л маршрутаар дахин явж билээ. Тэгэхэд Хятад улс чөлөөт бүсийн төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж шинэхэн сайхан, сонирхууштай эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулчихсан байсан. Харин бид одоо хүртэл Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүс өндөр үнээр барьсан хашаа, ганц нэг байшин, зам нэртэй овоолсон шороо “зам” –аас өөр хийсэн зүйлгүй арван хэдэн жил өнгөрчээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:39

     

  • № 2. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглох тухай асуудал байсан. 
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан билээ. Эдгээр шийдвэр амьдралд биелэлээ олж хэрэгжиж байна. 
    МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хагжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулганы чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. 
    Гуравдугаарт: Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • МОНГОЛЫН ТҮҮХ №10 Өгэдэй хаан

    Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, монгол, хятад бичиг сайн сурсан авьяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ.Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Хацар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ.Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна.
    Гэтэл Хүчү нэгэнт нас барсан тул Туракина хатан ач хүү Ширэмүнээр хаан ширээ залгамжлуулахыг бодсон боловч тэрээр нас балчир, эрийн цээнд хараахан хүрээгүй байжээ.
    Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсыг монгол гүрний улс төрийн төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлэв <,Монголын нууц товчоо>> г бичуулж дуусгаад 1210 онд гардан хүлээж авав. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан дүр төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ.
    Нэг гэм нь архи балгах дуртай, энэ талаар эцэг Чингис, ах Цагаадай нараасаа удаа дараа хатуу үг сонсож явсан удаатай. Гэхдээ архи уулаа гээд төрийн хэрэг цалгардуулсан явдал огт байсангүй. Өөрийгөө ,,махнаас өөр хоолгүй, малаас өөр хайргүй,, гэж үздэг байжээ. Үүнээс ургуулж бодохул , Өгэдэй маханд дуртай монгол эр байж. Мал, малчин хоёрыг хайрладаг монгол хаан байжээ.Малгүй бол монгол байхгүй, малыг хайрлагтун,малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрдэнийн шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.
    Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө Чингис эцгийнхээ зүдэрч байгуулсан улыг бүү зовооё, хөлий нь хөсөр гарыг нь газар тавиулж жаргаая хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ.Мөн тэрээр эцэг Чингис хааны гаргасан бүх зарлигийн нэр агуулга өөрчлөгдөхгүй хуучин хэвээрээ байх болно гэж зарлиг болгож байжээ. Өгэдэй хаан суусны дараа ард олноо амруулан жаргааж ард иргэддээ төвөг тээргүй дэг журам тогтооно гэж андгайлж байв. Түүнийг андгайлан хэлсэн энэ үг яг л биелэгдсэн билээ.Тэрчлэн Өгэдэй хаан зуун хонь тутмаас нэгэн хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй хэмээн зарлиг гаргаж ядуу ард түмний амьдрал ахуйг харж, тэтгэн дэмжиж байжээ.
    Өгэдэй хаан нэг удаа хятад хүн мусульман хүнийг доромжилсон жүжиг тоглохыг үзээд тэр жүжгийг үргэлжлүүлэн тоглохыг зогсоож хэлсэн нь: Мусульманчуудын хамгийн ядуу аюул гэхэд л хэдэн хятад зарцтай юм. Гэтэл ямарч баян хятад айлд нэг ч мусульман зарц үгүй. Эцэг Чингис хааны тогтоосон хуулинд нэг мусульман хүн албал дөчин хэлхээ шижир алтаар төлөх. Нэг хятад хүн албал нэг илжигээр төлнө гэж заасан нь ийм л учиртай юм гэжээ. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтан хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ. Энэ бол их хааны нэгэн өвөрмөцц шинж байсан биз. Өгэдэй хаан 1241 оны 12-р сарын 9-нд олон хүн дагуулан их ав хомрого зохиож 10-ны өдөр ордондоо бүх хатад, хөвүүд, ноёд, түшмэд, эрдэмтэн мэргэд, жанжинуудаа ирүүлж хэлсэн нь: Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, Зүрчид иргэнд аялж зүрчид иргэнийг мохоов би. Хоёрдугаарт, бидний хооронд элч хурдан уавуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав Гуравдугаарт, усгүй газар худаг малтуулж гаргуулаад улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин иргэдэд ахлагч, тамгачийг тавьж улс иргэний хөл хөсөр гар газар тавиулж амар түвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дөрвөн үйлийг нэмэв би. Бас хаан эцгийнхээ сууринд сууж олон улс иргэнийг тээж захирах их үүргийг хүлээсэн бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь нэгдүгээр буруу минь болов. Хоёрдугаарт, ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос охид авчруулж, улсын эзэн хаан байтлаа ёсгүй муу ажлаас үйлэнд хазайсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт, Доголоху-г далдаас хардсан нэгэн буруу бас бий Ямар буруу вэ гэвээс хаан эцгийн минь харах нүдний өмнө хамгаас түрүүн хатгалдаж явсан Доголоху-г муу үгэнд автаж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгэж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн өмнө зүтгэсэн журамт хүнийг үл ухааран өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана би. Дөрөвдүгээрт, тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүүгийн оруузай хэмээн харамлаж одоо хэрэм нүдүүлж хориг саад болгосны учир ах дүүгээс гомдох үг сонсов би Энэ бас нэг буруу болов. Хаан эцгээсээ хойш дөрвөн үйлс нэмэв би. бас дөрвөн үйлс буруу үйлдэв хэмээжээ. Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хааанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ. Түүхээс заяагдсан ийм л эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.
    Нөгөөтэйгүүр Өгэдэй хаанчлалынха сүүлчийн үед бор дарсанд хэт орж, төрийн хэргээс зарим талаар хөндийрөх байдал гарч байснаас 6-р хатан Туракина төрийн эрхийг барилцаж байжээ. Туракина бол мэргид аймгийн ноён Тогтоа бэхийн хөвүүн Ходын хатан байжээ. Мэргидийг дагуулан авсны дараа Чингис хаан түүнийг Өгэдэйд өгсөн ажээ.
    Туракина төрөлхийн эрмэг зантай, чадварлаг хүн учир бусад хатны дотроос Өгэдэйд ихээхэн эрхэмлэгдэж, улмаар төрийн хэргийг шүүрэн авсан байжээ. Туракина лалын худалдаачин нарыг дотночлон, тэдэнд зүйл бүрээр тусалж байжээ. Ялангуяа, лалын худалдаачин Абдурхман, хатан Туракинад онцлон дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль гувчуур хурааж авах түшмэл болсон жээ. Тэр Туракина хатантай хуйвалдаж хааны тамгыг хоосон цаасан дээр олноор даруулж, сүүлд хааны нэрээр зарлиг зохион бичиж, ард олноос албан татварыг өдий төдий хувь нэмэгдүүлэн хурааж авдаг байжээ. Өгэдэйн хаан болсон эхний жилүүдэд суурьшсан ард түмнээс хураах гааль гувчуурын үнэ 140 түмэн лан мөнгө байсныг Абдурхан 220 түмэн лан хүртэл нэмэгдүүлжээ. Ер нь Өгэдэйн үед лалын ба хятадын худалдаачид ард олноос авах албыг өөрийн хөрөнгөөр урьдчилан төлж улсын санд оруулаад, сүүлд ард олноос албан татварыг тогтоосон дүрэм хэмжээнээс хэтрүүлэн дур зоригоор хурааж ашиглах нь нэгэнт зуршил болсон байжээ. Ийнхүү монголын байлдан дагуулагчид, Дундад Азийн том худалдаачдын хооронд нэг ёсны эвсэл холбоо байгуулагдан эзлэгдсэн орны ард түмнийг хамтаар захирч байжээ.