Author: admin_shaman
-
№12. Мөнхийн байдлан дагуулал
Чухам ингэж монгол цэргийн Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэгү өөрийн ах Мөнх ааны зарлигийг гүйцэд биелүүлж, Иран улсын эзэн болжээ.
Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бүх хятадыг байлдан эзлэн явдал байв. Гэвч бүх хятадыг эзлэн авах гэдэг тийм ч амар ажил огт биш байжээ.
Мөнх хаан 1259 оны эхээр Сычуаны нутагт цагаан сарын баяр тэмдэглэж, цэргийн зөвлөлийн хаалттай зөвлөгөөн хийлгэж, дайны явц, цаашдын зорилготой холбогдсон тактикийн асуудал хэлэлцжээ.
Дяоюйчэн боомт хотыг бүслэн байлдах явцад Мөнх хаан өвчилжээ. Хааны өвчин хүндэрч нэгэн уйгар эмчээр тусгайлан эмчлүүлсэн боловч тус өгсөнгүй өвчин нь улам даамжирсаар байжээ. Ингээд Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж сувилуулахаар явж байгаад зам зуураа нас баржээ.
Мөнхийн шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг хаадын шарил тавих газар Чингис, Тулуй нартай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.
Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
Мөнх хааны үеэс манай үед уламжлагдаж ирсэн дурсгалын зүйлс цөөнгүй бий. Тэдгээрээс нээсэн шинэ олдворын дотроос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрөнд байсан гэрэлт хөшөөг дурдаж болно. Мөнх хааны гэрэлт хөшөөг хөх занар чулуугаар хийсэн байх бөгөөд зузаан боржин чулуун суурь дээрг углуурга гарган суулгажээ. Хөшөөн дээр уйгуржин монгол, хятад бичээс сийлсэн нь бараг бүрэн бүтэн байна. Уйгуржин монгол бичээсийг ажиглавал: “Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуулав. Ургийн ургаар хэдэн хэдэн үест хүртэл энэ дабаригту буян хүртүгэй” гэсэн үг байна. Хятад бичээсийн /монгол үсгээр Барс Түгэ/, Исицзи гүнж нар хааны ачийг санаж урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөж босгов” гэжээ.
Монголын ноёд, жанжин нар, ялангуяа хааны ордны дотоод амьдрал ихээхэн тансаг, хээнцэр болж байсан нь бас ард түмний аж байдалд нөлөөлж байжээ.”…жил бүр буюу хэдэн жил болоод тэр /хаан Н.И/ татарын бүх хязгаараас эмс, охидыг татан цуглуулж, санаандаа таарагсдыг дэргэдээ үлдээж бусдыг хувийн үзэмжээр өөрийн хүмүүст хуваан өгдөг байв”4 гэж сурвалжийн дотор тэмдэглэжээ. 4 Плано Карпини.45-р тал
Гүюг хааны нас бардаг жил 1248 оны зун монгол нутагт сүрхий ган болж, хүн ардын аж амьдрал тун хүнд болжээ. “Юан улсын судар”-т өгүүлсэн нь: “Энэ жил их гантай тул голын ус бүрнээ ширгэж, амь зууж чадахгүй болжээ”2 гэсэн байна. 2 “Юан улсын судар” 2-р дэвтэр
Эзлэгдсэн орнуудын ард түмний аж байдал, эсэргүүцэл тэмцэл
Монголын байлдан дагуулагчдын нөгөө нэг чигийг баримтлагчид бол Чингисийн “Алтан ураг”, Их гүрний хааны засаг төртэй холбоотой монгол язгууртан ноёд болон тэдэнд дагаар орсон Хятад, Перс орны сайд түшмэд байсан ажээ. Тэд монгол, түрэг угсааны нүүдэлчин язгууртан, цэргийн эрхтэн дархтануудын төвөөс хөндийрч хоолдох гэсэн эрмэлзлэлийг хязгаарлан барьж, нийт гүрнийг захирч байх зорилгоор хүчирхэг хааны засаг бүхий нэгдсэн улсыг эмхлэн цэгцлэх бодлого баримтлан явуулж байжээ. Энэ бодлого монголын хааны засаг төрийг эзлэгдсэн орнуудын амьдрал, худалдааг тэтгэж дэмжих, эзлэгдсэн орнуудын дайны хөлд сүйдсэн үйлдвэрлэхүй хүчнийг сэргээх, тэдгээр орны ард олноос авах алба гувчуурыг нарийн чанд болгох зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн байна. Иймэрхүү арга хэмжээ авахгүйгээр эзлэн авсан орнуудыг удтал ноёрхон захирах нөхцөлгүй болохыг тэд ойлгож байжээ.
Дээрхи хоёр чиглэлийг баримтлагчид монгол гүрэн анх байгуулагдсан цагаас эхлэн харилцан маргаж тэмцэлдсээр ирсэн түүхтэй.
Монголын эрх баригчдаас Бээжин хотод томилон суулгасан даргач хятан угсааны нэгэн ноёны төрөл садан нар тэргүүтэй хэсэг хүмүүс нийлж, тус хотод аллага, таллага хийж их төвөг гаргахад Тулуй ноён, хааны бие төлөөлөгчийг Елюй-Чу-цайн хамтаар яаарлтай довтолгрож, хотын дотор дэглэм журам тогтоохыг тушааж байжээ. Хааны бие төлөөлөгч аллага таллаганд оролцогсод нь монгол эрх баригчдын үр хүүхдүүд байсан учир тэдгээрийг цээрлүүлэн шийтгэхээс түдгэлзэн хаанд энэ тухай тусгайлан айлтгах гэж байжээ. Гэтэл Елюй-Чу-цай өөрөөр хандаж хэрэв шийтгэн цээрлүүлэх арга хэмжээ авахгүй бол тохиолдож болох “зовлон буяныг ухуулсанд дотоод түшмэл айж, түүний үгийг дагаж”1 уул хэрэгтнүүдийг цээрлүүлэн шийтгэж хотод дэглэм тогтоож байсан гэнэ. 1 “Юан улсын судар” 146-р дэвтэр.Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан
-
МБНЭ-ийнхэн Тэнгэр шүтлэгтэн, Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзамтай уулзав.
Өдрийн зоогт МБНЭ-ийн улаач нар оролцсон билээ. Тэнгэр шүтлэгтэн, Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзам анх удаа ийм олон “улаач”-тай уулзаж байгаагаа тэмдэглэн хэлсэн билээ. Тэрээр тэнгэр шүтлэг, бөө мөргөлттэй холбоотой сонирхолтой яриа өрнүүлж байлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, тэнгэр шүтлэгтэний дээд залбирал-Нэгдсэн тахилгад ирж оролцохыг урьсан байна. Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзам урилгыг талархан хүлээн авч хамтарч ажиллах боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа. Зуны дулаахан, тааламжтай цагаар монгол нутагт болох нэгдсэн арга хэмжээнд оролцохоор болсон.
Уулзалт, зоогийн төгсгөлд МБНЭ-ийн гишүүдтэй Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзам дурсгалын зураг авахуулав.
Б.Банзрагч -
И.В.Сталины тулгалт–Монголын хэлмэгдэлт
Үүнээс үзвэл Монгол улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд цэрэг улс төр, төр захиргааны байгууллагын олон мянган ажилтан, албан хаагч, бичиг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монголоо гэсэн мянга түмээр тоологдох хүний амь насыг хөнөөжээ.
1930–аад онд БНМАУ-д лам нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын эзэн И. В. Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр: “Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварласныг доктор Д. Өлзийбаатар тэмдэглээд “лам нарын асуудлыг шийдэх арга бол “хядах” л юм гэхдээ бүгдийг нь гэсэн санаагаа шууд илэрхийлжээ” хэмээн дүгнэсэн нь чухам голыг нь олсон дүгнэлт юм.
Улмаар ЗХУ-ын эрх баригчид Монголын лам нарын эсрэг тууштай тэмцэхийг онцлон анхаарч, БХК(б)Намын Төв Хорооны түвшинд тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тухайлбал, 1935 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа “Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд орж, өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх”-өөр шийдвэрлэж, дээр нь ТХ-ны “УТТ-ны санал авснаар” гээд дор нь Төв Хорооны нарийн бичгийн дарга И. В. Сталин” гэсэн баримт байна.1935 оны арван хоёрдугаар сарын 30-нд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нар П.Гэндэн, Г.Дэмид, Д.Намсрай нарыг Кремльд хүлээн авч уулзсан уулзалт дээр И. В. Сталин:
“Ер нь Гэндэнгийн Засгийн газар ба нөхөр Намсрайн Дотоодыг хамгаалах лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа…” хэмээн зэмлээд П.Гэндэнд хандаж: “Та лам нарыг гомдоохгүйгээр үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулжээ. Цааш нь: “та нарт лам нартай тэмцэх дур хүсэл алга байна. Хооллохдоо дур хүсэлтэй хооллох хэрэгтэй. …тухайлбал Дэмид өөрийн санал бодлоо зөв илэрхийлж байгаа шиг лам нартай хатуу тэмцэл явуулах шаардлагатай байна” гэсэн шаардлага тавьжээ.
Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараачийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр “Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа “лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болон хувирчээ.
Харин Сталины хувьд Монгол дахь хэлмэгдүүлэлт нь өргөн хэмжээний “цэвэрлэгээ”, Японтой тулахын өмнөх бэлтгэл байж. Тийм л учраас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгаан нь ЗХУ-ын коммунист нам, Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын бодлого, Японы Ази дахь цэргийн үйл ажиллагаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үеийн олон улсын харилцааны хурцдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, бодлого, түүний шууд үр дагавар байжээ.1937 оны зургадугаар сард ЗХУ ба Япон хоёр улсын харилцаа хурцадсан. Долдугаар сард Япон, Хятадын хооронд бүрэн хэмжээний дайн дэгджээ. Энэ дайнд ЗХУ нь Хятадыг дэмжиж олон зөвлөх, нисгэгчдээ илгээж, манай нутгаар их хэмжээний зэвсэг зөөвөрлөн хүргэх, ингэснээрээ Хятадын байлдах чадварыг нэмэгдүүлж Японы Алс дорнод руу хийх довтолгооны хүчийг саатуулах бодлого баримталжээ. Тухайн үед И.В.Сталин Японы цэрэг БНМАУ-аар дамжин Байгаль нуурийн районд довтлохоос асар их болгоомжилж байсан. Хэрэв байдал өөрөөр эргэж Японы цэрэг Монголд орж ирээд Орост довтолвол Байгал нуураар зогсохгүй ЗХУ-ын Алс Дорнодын цэргүүд ар талаасаа таслагдаж, улмаар Сибирийн төмөр замыг алдах аюулд хүрнэ. Хэрэв тэгвэл Орос сүйрнэ гэж Сталин үзэж байж. Мөн Хятадын цэргүүд Японы дайралтаас ухарч Монголд ороод ирвэл тэдний араас нь Японууд БНМАУ-д цөмрөн орж, улмаар монголын цэргийг өөртөө хавсаргаад Байгаль нуурын районд довлох вий гэдгээс ихээхэн болгоомжилэ байлаа. Учир нь Барга Монголын цэрэг эрс Японы тугын дор явах тул Ар Монгол Японтой хамсахаас давхар сэргийлсэн хэрэг.
И.В.Сталин энэ санаагаа 1937 онд Монголд илгээсэн М.Ф.Фриновскийд өгсөн заавартаа хэлсэн. Бас 1945 оны зун Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнтэй уулзахдаа ч тайлбарлаж ярьсан байдаг. “Чамд би даруухан хэлэхэд Ар монголыг яагаад авах гээд байна вэ гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм” гэж шулуухан хэлжээ. Тэгэхэд Сун Цзы Вэн: “Бид гадаад монголын асуудлыг одоо босгож ярихгүй, унтаж байгаа нохойг тайван орхицгооё” гэж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ болон Хятадын хооронд Монголыг жийргэвч, халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бас нэг шалтгаан, үндэс болсон гэж үзүүштэй.
Хятадын удирдагч Чан Кайши дурдатгалдаа: “дэлхийд хувьсгал хийх гэсэн Оросын төлөвлөгөө үндэсний тусгаар тогтнолд барууны колоничлолоос илүү аюул учруулна” гэж бичсэн нь бий.
Монголд их аюул учирчээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН, МАХЦэргийн удирдлага, удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм.
Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ.
Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
Тийм учраас Монголчууд бид манай газар нутаг, их баялагт шунасан гадаадын шунахайрал, их гүрнүүдийн авах, идэх, тонон луйвардах бодлогын золиос болох болчимгүй оролдлого, улс төрийн зорилготой элдэв явууллагад автахгүй байхыг улс төрийн хядлаг, хэлмэгдүүлэлтийн гашуун түүх сануулж байна.1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм. Монголын жирийн иргэдээс эхлэн улс төрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай бөгөөд үүний хамгийн гол баталгаа нь бидний Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор
Дамдинсүрэнгийн ХОРОЛДАМБА -
Гаитигийн шидтэнгүүдийн тоглоом
“зомбигийн нунтаг” хэмээх тусгай бодисын тусламжтайгаар гүйцэтгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ нунтгийн найрлаганд хатааж нунтагласан фугу загаснаас гадна буфо маринус мэлхийнээс гаргаж авсан хүчтэй бодис ордог. Мэлхийг эхлээд саванд хийж тусгай өтөөр хооллоно. Түүнээс гадна гайтигийн бөө нар үхсэн луус, хүний цөсний уут, ургамал, хүний мах (шинэ бол сайн) хэрэглэдэг. “Зомбигийн нунтаг”-ийн найрлаган дахь гол зүйл нь тетрадотоксин хор юм. Зомбигийн нунтаг гаргаж авах жинхэнэ технологийг гаитичуудаас гадна цөөн хэдэн орны тусгай албад эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ нунтгийн үйлчлэл хангалттай сайн судлагдсан билээ. Эхлээд хөөрлийн байдалд орж хурууны үзүүр өвдөж, дараа нь мэдээ алдаж, амьсгал мэдрэхээ больж зүрхний цохилт үндсэндээ зогсож, хүн үхсэн мэт байдалд шилжин үүнд нь туршлагатай эмч хүртэл хууртаж мэднэ. Нунтгийн жор найрлага нь яг таарсан үед хүн үхэхгүй харин тархинд нь нөхөн сэргэж болшгүй өөрчлөлт орж, ой ухаан, үйлдлээ хянаж чадахгүй дуулгавартай боол болж хувирдаг. Гаитигийн шидтэний зууш бологч хордсоныхоо дараа үхдэг гэлцдэг. Үхсэн хүнээ мэдээж оршуулна. Хоёр өдрийн дараа талийгаачийн биеийг шидтэн гаргаж ирнэ. Зомби болж зүрхнийх нь үйл ажиллагаа бараг зогссон хүн яагаад цаашид амьдраад байдгийн учрыг мэргэжилтнүүд олжээ. Хэргийн учир зомбигийн нунтгийн тусламжтайгаар комын байдалд ороход портал зүрхний нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл болж, зүрхний үүрэг элгэнд шилждэг. Тэгээд энэхүү зүрх нь урт удаан хугацаанд хүчилтөрөгчгүйгээр байж чадна. Тетродотоксины комд орсон хүний амьсгалыг мэдрэх хэцүү. Судасны цохилтыг нь олж тогтоох ч хэцүү. Ирээдүйн зомбигийн цогцсыг ухаж гаргахдаа шидтэн тухайн хүний эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд дахин амьдруулах зарим нэг үйлдлийг хийснээр үхдэл амь орно. Бүх зүйл сайхан болох мэт санагдах ч хүчилтөрөгчөөр тэжээгдээгүй зүрх энэ хооронд үхжиж амьжсан байдаг. Энэ бол зуун хувь зомби болгох үйлдэл. Вудугийн практикт зомби болгох хэд хэдэн хэлбэр бий. Зомбичлохын доод шат нь үндсэндээ үхсэн тархи бүхий биеийг амь оруулах явдал. Тийм зомбинууд зөвхөн үүрэг даалгавар л биелүүлэхээс ухамсарт үйлдэл хийж чаддаггүй. Зомби амьд хүн шиг харагдаж, өвдөлт мэдэрч, өөрийн бодол үйлдлээ хянах боловч сэтгэл хөдлөл нь байхгүй болдгоороо дээд түвшний зомби тэднээс ялгардаг. Ийм зомби эзний үгийг дагах нь мэдээж ч илүү хүнд зомбигоос ялгаатай нь зорилгодоо амжилттай хүрэхийн тулд өөрийн үйлдлээ бие даан төлөвлөдөг.
-
Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөжээ
Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маани ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зурагны тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэрээр татгалздаг байжээ. Фото зураг онцгой ид шидийн хүчтэй тул зөвхөн сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай үедээ зураг авхуулах ёстой гэж үздэг. Биеийн эрүүл мэнд муу, сэтгэл санаа тавгүй эсвэл муу санаатай хар муу хүний хажууд зургаа авхуулах нь амьдралдаа гэнэт санаандгүй гай зовлон дуудах шалтгаан болдог гэнэ.
Долоо хоногийн турш мөнгө дуудах ёслолыг хэрхэн хийх вэ
Зөн билэгтэн Мерилин Керро богино хугацаанд мөнгө хэрхэн яаж дуудах, ахуй амьдралаа өөрчлөн сайжруулах тухай нууцаасаа хуваалцан:
Долоо хоногийн турш өдөр бүр хийх дараах ёслолыг санал болгож байна. Мөнгөний энэхүү ёслолын ач тусыг хүртэхийн тулд өөрийнхөө эерэг энергээр дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ нь ид шидийн ашиг тусыг богино хугацаанд мэдрэхэд тустай. За, ингээд эхэлцгээе!
Даваа гариг
Мерилин Керро төмөр махбодын ид шидээс хүртэхийн тулд арван гурван ширхэг зоосон мөнгийг арван гурван удаа тоолоод нэг цагийн хооронд нэг нэгээр нь зарж үрэх хэрэгтэй гэнэ. Энэ арван гурван зоосноосоо өөр ямар ч мөнгө энэ өдрийн турш үрж зарцуулж болохгүй. Энэ ёслол хүнийг их арвич хямгач болгоно.
Мягмар гариг
Энэ өдөр мөнгөний сахиустай болох хэрэгтэй. Үүний тулд 5, 50, 500 гэсэн тоотой мөнгийг улаан өнгийн ноосон утсаар уяад түрийвчнийхээ хоосон халаасанд хийгээрэй. Ийнхүү хийсэн мөнгөнүүдээ ямар ч тохиолдолд үрж зарж болохгүй.
Лхагва гариг
Таван төгрөгийг задгай дэвсгэртүүдээр эсвэл задгай зоосон мөнгөөр задлаж солиулах хэрэгтэй. Энэ мөнгөнүүдээ ядарч зүдэрсэн, заавал эрэгтэй хүмүүсд тарааж өгнө. Энэ ёслол нь мөнгө эд баялагийн гачигдал хомсдолоосоо салж, мөнгөний орж ирэх урсгалыг цэвэрлэж буй утгатай гэнэ.
Пүрэв гариг
Энэ өдөр гэрээсээ гарахаасаа өмнө зуун төгрөгийг голоор нь нугалан хамрынхаа үзүүрт хүргээд өөрийнхөө гуйж хүсэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэнгэрийн хүчийг өөртөө тусалж хамгаалахыг хүсээрэй. Энэхүү ёслол мөнгөний энергийг ивээгчдийг татан таны гуйлт хүсэлтийг Дээд тэнгэрт дамжуулах тул дараагаас нь биелэж эхэлнэ.
Баасан гариг
Энэ өдөр орлогоо нэмэгдүүлэх сахиус хийнэ. Үүний тулд гэрийн бүдүүн, том навчтай ямар нэг таримал цэцэг сонгож аваад гэртээ авч ирээд шинэ саванд суулгана. Энэ үйлдлийг хийж байх зуураа цэцэг таны мөнгө санхүүгийн гол зүйл хэмээн сэтгэлдээ төсөөлөөрэй. Хэрвээ та энэхүү цэцгээ сайтар арчлан ургуулж, хайрлаж чадвал өнгө орон ургах бөгөөд энэ цэцэгтэй тань нэг адил таны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч сайжирч өөрчлөгдөнө.
Бямба гариг
Энэ өдөр гэрийнхээ амин сүнсийг тахиарай. Үүний тулд цаасан хүүдий аваад дотор нь ямар нэг мөнгө хийгээд гал тогооныхоо өрөөнд бусад хүмүүсийн гар хүрэхгүй газарт тавиарай. Энэхүү ёслолын тусламжтайгаар мөнгө дуудах ёслолдоо гэрийнхээ амин сүнсний тусламжийг авна.
Ням гариг
Энэ өдөр өмнөх өдрүүдэд хийгдсэн бүх ёслолуудыг нэгтгэсэн ид шидийн үйлдэл хийгдэнэ. Үүний тулд шөнө ногоон, эсвэл алтлаг өнгийн лаа асаагаад энэ цаг мөчөөс мөнгөний гачаал танай гэрийг орхин явж, харин мөнгөний урсгал аажим алгуураар орж ирж байгааг сэтгэлдээ төсөөлөөрэй. Энэ бодлоо сэтгэлээсээ салгалгүй байсаар унтаж амраарай. Энэхүү ёслолыг хийсний дараах найм дахь өдрөөс мөнгөний эрч хүч нэмэгдэн улам ихээр таны зүгт татагдана.
Мөнгө дуудах энэхүү ёслол зөвхөн ид шидийн хүчинд найдан зүгээр гараа хумхин суугчдад биш, харин өөрөө хичээн, хөдөлмөрлөж итгэж зүтгэж байгаа хүмүүсд үр дүн нь илүү ихээр мэдрэгдэнэ. Мөн хэрвээ хүн өөрөө ид шидийн хүчинд итгэдэггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд ямар нэг хичээл зүтгэл гаргадаггүй бол үйлчлэхгүй гэдгийг та анхаараарай.
Алт зүүх нь яагаад аюултай байдаг вэ?
Мерилин Керро алтан гоёл зүүлт ямар аюул дагуулж байдаг тухай бичжээ. Алт тэр бүр хүнд ээлтэй байдаггүй гэнэ. Магадгүй хэн нэгэнд аз амжилт, харин нөгөөд нь таагүй зүйлийг татаж байдаг. Алт асар хүчтэй энергитэй бөгөөд манай гариг дэлхийн хүн амын бараг 15 %-д ээлтэй байж магадгүй. Эндээс ихэнх хүмүүсд алтан гоёл зүүлт хор хөнөөл л татдаг гэж дүгнэлт хийж болно. Гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн хүмүүс л алт зүүхэд тохиромжтой. Өрөвч нинжин сайхан сэтгэлтэй хүмүүсд алт аз амжилт дагуулдаг. Алт тэдний зан араншингийн эерэг талуудыг илүү ихээр тодотгон өгч, хар муу зүйлээс хамгаалж, амьдралдаа амжилтанд хүрэхэд нь дэмжиж өгнө. Идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөдрөг, хүссэндээ хүрэх гэж хичээж тэмүүлдэг, өөрийн үнэлэмж өндөртэй хүмүүс л эерэг бодол тээн, толгойдоо зүүх нь ээлтэй сайн гэнэ. Уур уцаартай, атаач, хорон санаатай, түрэмгий зантай хэрүүл маргаан хийх нь элбэг хүмүүсд алт ер тохирохгүй. Харамч, зожиг, хүмүүстэй нийтэч биш хүмүүст алт дургүй.
Хэрвээ дээр дурдсан ийм зан араншинтай хүмүүс алт ихээр зүүвэл эцсийн дүнд юу ч үгүй болж хоосроно. Хар муу санаатай элдэв муу юм сэдэж санаж явдаг хүмүүсийн зүүсэн алтан эдлэл эзнийхээ улам муу муухай зүйл хийх хүслийг бадраадаг. Төмөр хатуу эдийн энерги сөнөөж үгүй хийх хүчтэй тул эзнийгээ илүү муу үйл хийхэд түлхэн хамаг зүйл муу муухайгаар дуусна. Түүнээс гадна Эстоны зөн билэгтэн маань өөрийн биш, бусдын алтан ээмэг, бөгж, гоёл зүүлт хэзээ ч зүүж болохгүй хэмээн анхааруулж байна. Хэрвээ цусан төрлийн хэн нэгэн алтан эдлэл бэлэглэсэн бол тэр эдийг дагалдан хуучин эзний нь энерги ирдэг.
Хэрвээ тэр алтан эдлэл бэлэглэсэн хүний амьдралд олон таагүй зүйл болж өнгөрсөн эсвэл тухайн хүн хар муу санаатай нэгэн байсан бол ийм алтан эдлэлийг ер зүүх хэрэггүй. Алтан эдлэл зүүсэн эзнийхээ хамаг мэдээллийг хадгалж байдаг тул бусдын гоёл зүүлтийг зүүснээр өөртөө тухайн хүний таагүй, бүтэлгүй бүхнийг татна. Магадгүй хуучин эзнийх нь тус дэмжлэгийг ч авч болох юм. Байнга сөрөг энергийн дайралтанд өртдөг, үргэлж муу бодол тээж явдаг, атаач, хэн нэгнээс өшөө хонзон авахыг санаархдаг хүмүүсийг алт зүүхгүй байхыг зөн билэгтэн Эстон бүсгүй маань зориуд анхааруулж байна.
Гагцхүү сэтгэл нь цэвэр ариун, ухаалаг хүмүүсд алтан эдлэл ээлтэй байдаг гэнэ.
-
Монгол төрийн түүхэн их хатад
Монгол төрийн түүхэнд Алунгуа, Өэлүн, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Харин эдгээр гурван хатны амьдрал Баян-Адарга сумын нутгаар дайран урсах Онон голтой холбогддог талаар судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг аж. Тиймээс Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг ийнхүү өнгөрөгч 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгуулжээ. Үүнээс гадна Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хоёр хатан энэ нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Монгол төрийн залгамж бодлого үргэлжилж Богд гэгээн ч гэсэн энэ нутгаас хоёр хатнаа тодруулсан хэмээн үздэг байна.
Их хатдын өргөөнд бэлгэдлээ бодож есөн хатны хөрөг зургийг залжээ. Эдгээр хатад Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн, өөрийн амьдарч байсан түүхэн цаг үед Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулж байсан хатад юм.
Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.
Өэлүн хатан: Өэлүн бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх юм. Монгол судлаачид түүнийг Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлоон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүлсэн нэгэн хэмээн өргөмжилдөг. Мөн Монголын түүхэнд хэзээ ч, хэнд ч, юунд ч дийлдэхгүй гэр бүлийг бий болгосон нь энэ хатны түүхэн их гавьяа хэмээн үздэг. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд Монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон түүхтэй.
Бөртэ хатан: Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүүжинтэй сүй тавьсан. 1180 оны үед Тэмүүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжиний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна. Бөртэ хатныг Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хатдын нэг гэж үздэг.
Сорхугтани Бэхи хатан: Их Эзэн Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Сорхугтани Бэхи хатан өөрийнхөө дөрвөн хүүг Монгол эзэнт гүрний дөрвөн их хаан болгоход бүх амьдрал, оюун ухаанаа зориулсан гайхамшигтай эмэгтэй хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тодруулбал, Мөнх хаанаас хойш Лигдэн хаан хүртэл 400 жил Монгол төрийн хаадын гал голомтыг Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гээд дөрвөн хүү нь авч явжээ.Дөргэнэ хатан: Дөргэнэ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргэнэ хатны талаар сайн болон саар зүйлүүд түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Мандухай сэцэн хатан: Хоёр их хааны хатан байх хувь зохиолтой гайхамшигтай эмэгтэй. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.Мандухай сэцэн хатан 36 насандаа Батмөнх хаанд эрхэм таньд долоон бурхан одны тоогоор долоон хүү төрүүлж өгье, алтангадас одны тоогоор нэг охин төрүүлж өгье гэж андгай тангараг өгсөн байдаг. Зарим түүхийн эх сурвалжуудад Мандухай сэцэн хатныг хэлсэн амандаа хүрч гурван удаа ихэр хөвгүүд төрүүлж зургаан хүүтэй болсон, мөн нэг охин төрүүлсэн гэж бичсэн байдаг.
Ханджамц хатан: 17 дугаар зууны үеийн сурвалжит хүн, Түшээт хан Гомбодоржийн хатан. Өндөр гэгээн Занабазарын ээж нь гэдгээр нь Монгол түмэн ихэд хүндэтгэн биширдэг. Хүмүүнлэг хийгээд энэрэнгүй сэтгэлийг биедээ шингээсэн сайхан эмэгтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Монгол төрийн түүхэнд Занабазар хэмээх агуу хүнийг төрүүлж, Монголд буддын шашныг нэвтрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмрийг оруулж, анхны сүм хийдүүд, бурхан шүтээний их сургуулиудыг босгосон. Өөрөөр хэлбэл, Буддын шашны эх үндсийг Монголд нутагшуулсан гавьяатай хүн гэж үздэг.
Ану хатан: Ану хатан хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн хэмээдэг. Түүнчлэн Ану хатны амьдралынх нь талаас илүү хувь нь морин дэл дээр дайн байлдаан дунд өрнөсөн байдаг. Манжийн Энх-Амгалан хаан хожим нь өөрийн архивт Ану хатны талаар “Миний үзсэнээр Ану хатан болвоос Зуун модны тулалдаанд үлээх салхинд үл хийсэм, харвах суманд үл оногдом нэгэн дайчин эмэгтэй манай цэргийг хиар цохин тэгж орсон нь хэн ч харсан сэтгэл уулгалж хүндэтгэхээс өөр аргагүй. Гэтэл тэр эмэгтэй нь Ану хатан байлаа” гэж бичсэн байдаг.
Дондогдулам хатан: Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4 кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Богд хаан, Их дагина хоёрт хэдийгээр үр хүүхэд заяагаагүй хэдий ч өргөөндөө 30 гаруй өнчин хүүхдийг өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлж байсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж юм.
Гэнэнпил хатан: Дондогдулам хатныг таалал төгссөний дараа Монгол төрийн долоон эрдэнийн хатан суудлыг эзгүйрүүлж болохгүй учраас хэдий Богд гэгээнтний бие чилээрхүү байсан ч дахин хатан буулгасан нь Гэнэнпил хатан байжээ. Гэнэнпил хатан хөл хүндтэй байхдаа хэлмэгдэн таалал төгсжээ.
-
ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР
Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм
-
ЖАТГЫГ БУУГААР, ЖАРГАЛЫГ ЗОВЛОНГООР
Тэр хоёр айхдаа хутгаа мартаад санд мэнд зугтжээ. Цааны эзэн Дуламжиг удган цаа унан ирж хутгыг нь хуйнд тааруулаад таньжээ. Удалгүй Дамба Зайрангийн хүү цааны эзэн Дуламжиг удганы жатганд өөд болжээ. Түүнийг Дамба зайран мэдээд цааны эзэн Дуламжиг удганд хариу жатга явуулжээ. Дамба заарингийн жатгыг Дуламжиг удган цагаатгаад, Дамба зайрангийн жатгыг Дуламжиг удган эргүүлээд Дамбыг жатгадахад хонхинуур нь Дамбын цээжинд оржээ. Дамба бөөлж жатгаа гаргахын тулд буудуулахаар болов. Ингээд сумтай буугаа маасгар Авирт өгч “Чи буудагтий” гэхэд Авир:
“Би яасан гэж хүнийг буудах болж байна” гээд дургүйцээд, завилаад суучихаж
Гэтэл Дамба бөөлөх зуураа оровоо шившиж Авирын өвөр дээр орхичихов. Тэгээд “бууд гэм чи буудаатах, тэгсэн хойно чи мэднэ” гэхээр нь Авир гэнэт буудмаар санагдаад хоёр далны нь дунд буудаж орхив. Дамба огих тоолонгоор цээжнээсээ цус гарган өндийхөд хонхинуур нь цустай хамт Дамбаас гарсан гэдэг. Ингэж Дамба бөө Дуламжиг удганы жатганаас /хараал/ гарсан юм гэдэг. -
МБНЭ-ыг тараах санал хэнд хэрэгтэй юм бэ?
Бямбадорж зайрангийн удирддаг “Дүнгэр” бөөгийн төв байгуулагдаад 15 жил өнгөрч байна. Бурхан халдунд хийсэн бөөгийн төрийн тахилгад толгойлж бөөлсөнөөрөө түүхэнд тодорч үлдсэн. Төрийн ажил хариуцаж байсны хувьд бичихэд, “Төрийн зайран” гэдэг цолыг сүнс Одгэрэл гэдэг ганц залуугийн гарын үсэгтэй, гоёмсог гэрчилгээгээр олгосон. Угтаа бол төр нь Д.Бямбадорж зайранд ийм алдарыг албан ёсоор өгчихөд буруутахгүй. Голдуу “Ээж мод”-н дээр олон бөө цугларахыг тохиолдуулан бөөлөлтөө хийдэг. Түүнийг нь олон түмэн мэддэг болсон. Өөрийг нь “давсан” ажил хийх гээд байгаа байгууллагын эсрэг үе үе хор найруулах гээд байдаг гэм бий. Энэ байгууллага хэд хэдэн томоохон цар хүрээтэй ажил зохиосон. Бөхийн өргөөнд яруу найргын цэнгүүн хийж байсан ч харамсалтай нь бөө нар оролцдоггүй, дэмждэггүй, мэдэхгүй өнгөрсөн.
Өнөөдөр хамгийн их гишүүнтэй “Язгуур шүтээн” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Хурцжавхлан нь 4600 гишүүнтэй гэж зарладаг боловч бодит байдал дээр шавийн шавь ороод 8000 орчим гишүүнтэй байна. Жил бүр мянга давсан шавь төрүүлдэг байснаа чанаржуулж, ихэд цөөлсөн. Зөвхөн түүний шавь Алтанчимэг удган гэхэд Өмнөговь аймагт сумдыг оруулаад 700 орчим, Дархан, Бага нуур, Улаанбаатар хотыг оруулбал 1000 орчим шавьтай болжээ. Хэдий үйл ажиллагаа нь царцаж байгаа ч жилдээ 100 орчим шавь шинээр төрүүлсээр байна.
“Тэнгэрийн сүлдэр” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Оюунбаатар, 15 жилээ тэмдэглэх үед 2000 орчим гишүүнтэй гэж ярьж байсан. Зүүн аймагт буриад бөөгийн олон сүм байгуулж, түүндээ зуны улиралд олон зуугаар нь бөө босгож, “чанар” хийж сургалт явуулдаг. Бие даасан ажиллагаа явуулах сонирхолтой. Нэгдэж ажиллахыг хүсдэггүй.
Талийгаач зайран Зоригтбаатарын бөөгийн төв, хотын хүний хөл ихтэй газар байрладаг, бөөг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. МБНЭ-ийн гишүүн, хэдэн жилийн өмнө Францад олон улсын арга хэмжээнд оролцоод буцахдаа гаалийн байгууллагад нь бөөгийн эд зүйлсээ хураалгахад манай байгууллага туслаж, буцааж авч өгч байсан. Одоо ч гэр бүлийн хүн нь МБНЭ-ийн гишүүн, бидний ажлыг дэмжиж байдагт баярлаж явдаг.
Өнөөдөр 100 гаруй бөөгийн нэртэй шашин болон төрийн бус байгууллага, бие даасан долоон мянга орчим бөө ажиллаж байна. Тэдгээр бөөгийн эдгээр байгууллага, бөө нар нь хэрэг дээрээ зан үйл явуулахаас хэтэрдэггүй. Байгуулага толгойлдог нэг нь гартаа тамга атгаснаараа онцлог гэлтэй.
“Гэрлийн өргөө” гээд бөөгийн арга хэмжээ хэд хэдэн удаа зохион байгуулсан. Голдуу гадаадад бөө, өөрсдийгөө сурталчилдаг.
Нөгөө нам нэр авах гэсэн чинь ихэнх нэрийг нь хүн өмчилсөн байсан гэдэг “онигоо”-той адил, бөөгийн 100 гаруй байгууллагын нэрийг ганцаараа авчихсан зарж, худалддаг нэгэн ч бий.
Эдгээрийн араас бие даасан хувь хүмүүс олон бий. Аянга удганы удирдсан үйл ажиллагаа бий. Мөн л гадаад талдаа илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг.
Сүхбаатарын талбайд бөөгийн жагсаал хийсэн удган Өөдөө, удган Хишигжаргал нарыг ажиллагаа түүхэнд үлдэнэ. Саяхан бөөгөөр улс төрийн ажиллагаа явуулж олон улс төрчдийг тэнгэрт мэдүүлэх ажиллагаа хийснийг олон түмэн мэддэг. Тэр хоёр гэхэд тус тусдаа 600 орчим шавьтай.
Бие бие даагаад ханцуй дотроо залбираад, амин хувиа хичээгээд явдаг бөө нар гэвэл 10000 гарч байгаа. Санаа оноогоо нэгтгээд хамт олон болоод зүтгэе гэсэн нь цөөхөн. Болж өгвөл би, би гэж цээжээ дэлдэх, байгууллага байгуулчих санаатай хүн олонтой. Гэвч байгууллага байгуулаад нэгтгээд аваад явахад тун хэцүү, чадахгүй.
МБНЭ-ийг тараахыг хүсэгчид тэдэн дотроос хашгардаг. Яагаад вэ. Монгол бөөгийн төлөө нэгдэж, хүчирхэг байгууллага байгуулах сонирхол тэдэнд алга байна. Тэд байгууллагын өмнө харилцан хариуцлага хүлээж ажилахад бэлэн биш байна. Тэгээд нийгмийн дунд хариуцлага хүлээхээс эмээж, өөрсдийн дураар байж, чөлөөтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Чухамхүү тэдэн дотор олон зуун шавьтай багш-бөө, шавь төрүүлээд зугтаадаг, хариуцлага хүлээдэггүй бөө нар бий.
МБНЭ-д бол бөө судлалын сан байна. Бөө нарын мэдээлэл төвлөрч байдаг. Тэнд бөөгийн нэрээр бизнес хийгчид дэндүү тодорхой болж байгаа. Иргэдийн гомдолоор хаяг, байршилаа сольж, бөөгөөр бизнес хийгчдийн нэр улам бүр тодорхой болж байна. Аль нэгэн байгуулагад харьяалагдаж, хариуцлага хүлээхийг хүсдэггүй, чөлөөтэй ажилладаг, бөөгөөр бизнес хийгчид олон байна. Тэд л олон хүний амьдралаар тоглож, “хоол”-оо олж иддэг амар аргаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Тэгээд бодлоготой, цэгцтэй ажиллаад байгаа МБНЭ-ийг тараахыг уриалаад байгаа юм. Мөн “Цэрэн бөө, Чинбат бөө” шиг “МБНЭ тараамаар байна.” гэж байнга бичээд байдаг. Энэ л үйлдлээрээ тэд бөөгийн түүхэнд нэрээ үлдээнэ.
Монгол бөө-д МБНЭ байгуулах үед үүссэн нөхцөл маш хүнд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл “бөө”-г хаах тухай ярьж байхав. Миний бие “МБНЭ-ийн байгуулагдах үеийн нөхцөл байдал” гэдэг өгүүллэгт бүхнийг ил тод бичсэн. Нэрийнх нь эхний үсгийг голдуу тавьсан байгаа. Бөөгийн нэр барьж залилан хийсэн, өршөөлийн хуульд хамрагдсан 300 гаруй “бөө” нэртэн байна. Одоо залилангийн хэрэг хилийн гадна шилжсэн. Хилийн гадна ийм зүйл хийсэн “нүгэлтэнгүүд” олон.
МБНЭ нь 2000 орчим хатуу гишүүнчлэлтэй. Энэ байгууллагад бөөгөөс гадна Тэнгэр шүтлэгтэнгүүд гишүүнээр элсэж болдог. Байгуулагдаад таван жил болж байна. Өөрийн дүрэмтэй, Бөөгийн цол олгох, шагнал олгох журамтай, гишүүнээр элссэн бөө нарын мөрддөг “Монгол бөөгийн ёс зүй”-тэй, Монголд тэнгэр үзлийг дэлэгрүүлэх зорилго бүхий “Монгол бөөг хөгжүүлэх 15 жилийн стратегийн төлөвлөгөө”, түүнийг хэрэгжүүлэхээр жил, жилээр төлөвлөгөө гарган Дээд цэцийн хуралдаанаар баталж, Мөнх тэнгэрийн цаг тооны бичигт оруулж тараадаг. Нэгэнт байгууллага учраас дотооддоо нууцлах зүйл бий. Гэхдээ өнөөдөр манай байгууллага шиг хамгийн ил тод ажилладаг бөөгийн байгууллага байхгүй. Бид сурталчилгааны бодлогоо чанд баримталж ажилладаг.
МБНЭ-ийн mongolianshaman.com сайтыг дэлхийн 46 орны 80 мянга орчим иргэд үзэж, сар тутам гадаадын 5-аас дээш иргэд МБНЭ-д ирж уулзаж байна. Бид сурталчилгаагаа зөвхөн бөө гэж явцуурдаггүй, Тэнгэр шүтлэгтэн, сонирхогч нарт зориулдагыг мартаж болохгүй.
“Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” фейсбүүк нь 110 гаруй мянган уншигчидтай болсон. Youtube-д кино мэдээлэл “mongolianshaman1,2,3….75 дугаараар тавигдсан байгаа.
Манай байгууллага ийм ил тод ажиллаж байна. Ийм үр дүнд хүрчихээд Цэрэн бөө, зайран Чинбат нарын гэсэн хүний уриалгаар МБНЭ тарчихна гэж үү. Үгүй юм аа.
МБНЭ-ийн үйл ажиллагааг саармагжуулахаар ижил нэртэй олон фейс-үүд ажиллаж, манай мэдээлэлд ороход төөрөлдүүлж, саад учруулж байна. Бас цөөнгүй удаа сайтыг устгах гэж оролдсон, одоо ч үргэлжилсээр байгаа. Нөгөө талдаа бөөгийн олон сувгуудын мэдээлэл замбараагүй, элдэв нэр төр гутаасан, бүр эцэсдээ бөгсний явдалаа тоочсон олон түмнийг жигшээсэн байдалд орж явчихлаа. Үүгээр зогсохгүй Оросын Буриад, Өвөрмонголд шившигээ тарьсан байдалд ч хүрэв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан