Author: admin_shaman

  • Растов на Донд дахь монгол хосын хурим

    Цааш хөдлөөд л хотын төвийг зорилоо. Хамгийн түрүүнд Дон мөрний эрэг дээр байгуулсан ОХУ-д зохион байгуулагдаж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэн нүдэнд тусав. Хэдхэн хоногийн дараа эхлэх хөл бөмбөгийн тэмцээнд бүх зүйл бэлэн болжээ. Алсаас Дон мөрний эрэг дагуу байгуулсан шинэхэн барилга, хороололууд нүд булаана. Донийн их мөрөн дээгүүр гарч хот руу орж явчихав.
    Растов на Дон бол Оросын эгэл жирийн хотуудын нэг юм. Энэ хот бол ОХУ-ын баруун өмнө зүгт орших усан замын төв зангилаа газар билээ. Хөгжлийн эрчээ аван хөгжиж буй хотуудын тоонд орно.
    Бид хотын төв гудамжтай танилцаж, хотын захирагчийн суудаг захиргааны байрны дэргэдүүр өнгөрөв. Эртнээс алдартай худалдааны гудамжтай ийнхүү танилцлаа. Энэхүү гудамжинд монголын гэх нэг зүйлтэй танилцлаа. Тэр нь нэгэн бэлэг дурсгалын зүйл худалдагчийн ширээн дээр МХЗЭ-ийн тэмдэг байсан юм. Их содон харагдана. Залуу нас, эвлэлд элсэж байсан үеээ дурсахад хүрэв.
    Дон мөрний эрэг дээр орших алсыг харагч дээр сууж, хотын эргэн тойрныг харав. Эндээс хот ил тод сайхан харагдана.
    Энэ оройн онцгой үйл явдал бол Саша, Таня хоёрын хурим байсан юм. Монгол цус судсаар нь булиглах залуу хосууд биднийг ирсэн үеийг тохиолдуулан хуримаа хийсэн явдал юм. Тэнгэр шүтлэгтэн монголчууддаа барьсан онцгой үйл явдал, биднийг байх үеийг тохиолдуулан хийсэн амьдралд тохиолдох ховорхон тэмдэглэлт хурим байлаа. Шөнийн үүлгүй тэнгэрт баярын салют тэнгэрт өнгө ялгаруулан цацрана. Саша, Таня хоёр амьдралаа цоо шинээр эхлэх тэр мөчөө биднийг байхад хийв. Үргэлжлээд тэд бол сараа тэмдэглэнэ гэв.
    Хүний хорвоогийн энэ хэдэн өдрүүдэд бид хоорондоо танилцаж, хамтдаа байж, тэнгэр үзэл, ганц модны булагт бөө мөргөлийг нүдээрээ харсан тэд амьдралдаа хийх сонголтоо ийнхүү эрс шийдэмгий хийхэд хүргэсэн байна. Түүнийгээ ч тэр хоёр хэлнэ лээ.
    Дон мөрөн дээгүүр нэг цаг орчим усан онгоцоор аялал хийв. Шолоховын “Дөлгөөн дон” роман сэтгэлд ундарна. Хэзээ нэг цагт энэ газар ирнэ гэж бодож явсангүй.
    Бид энд Танягийн аав, ээжийнд буудалласан билээ. Тэд биднийг гэртээ байлгахыг хүссэн билээ. Аятайхан тохижуулсан хувийн байшин, хашаанд бид баяраа тэмдэглэж, ярилцаж хөөрөлдөн хэдэн хоногийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Эгэл жирийн монголчууд бидэнд дахиж олдохгүй ховорхон өдрүүдээ энд өнгөрүүлэв.
    Сергей, түүний эхнэр Хэрмэн, Саша, Таня нар бол монголчуудын мах, цусны тасархай, бидний салшгүй нэг хэсэг билээ. Сергейгийн аав халимагаас ачигдансибирьт очиж ээжтэй нь танилцаж гэр бүл болсон ажээ. Аав нь халимаг, ээж нь орос хүн, харин түүний гэргий Хэрмэн бол дөрвөд хүний үр сад юм.
    Бид цаг хугацаа, хувь заяны сонголтоор алс холын нутагт хоорондоо танилцах хувьтай байжээ.
    Эцэст нь нэгэн зүүдний тайлалыг хэлэх ёстой. Бид монгол нутгаас наймуулаа гарах байсан юм. Найм дахь хүн маань өөр сонголт хийж, шинэ байгууллага байгуулж тусдаа гарсан нэгэн байлаа. Тэр бол түүний сонголт, нөгөө талдаа тэнгэрийн шалгуур, сорилт байсан юм. Энэ бүхнийг цаашдын цаг хугацаа, бодит байдал, сорил харуулна бид дээ.
    Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.

    djmedia:19
  • Лус савдаг гэж юу вэ?

    Лус савдгийг бие хүн л хөндөнө үү гэхээс бус бие хүнийг лус савдаг гэмгүй байхад нь огт хөндөхгүй. Лус нь ус чийгийн эзэн боловч усанд биш,савдаг нь газар шорооны эзэн боловч газрын хөрс шорооны эзэн боловч газрын хөрс шороонд биш аль аль нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн бөө нар үздэг.

  • КИМУРА АЯАКО: МОНГОЛ ХҮНИЙ ҮГЭНД БҮҮ ИТГЭ! ТЭД БОЛ НЭГНИЙГЭЭ ҮЗЭН ЯДАГЧИД.

    Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу?
    Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг.
    Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.
    Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
    Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
    Би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
    Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.
    Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна.
    Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.
    Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
    Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
    Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална.
    Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.
    Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй.
    “Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.
    Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн.
    Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ.
    Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ.
    “Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
    Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан.
    Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий.
    Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.
    Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг.
    Бас л хүний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

  • Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан

    Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй. Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов. Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ. Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.
    Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрчээ. Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв. Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав. Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.

    1239 оны намар Бат хаан цэрэг, морьдоо амраасны дараа өмнөд, баруун өмнөд Оросыг байлдан эзлэхээр хөдлөсөн байна. 1239 оны эцсээр Монголын цэрэг Крымийг байлдан авчээ. 1240 онд баруун зүг давшиж, мөн оны зун Переяславль, Чернигов хотыг байлдан эзэлсэн байна. Монголын цэрэг мөн оны 12 дугаар сарын таванд Киев хотыг авч, улмаар баруун зүг давшин Галиц, Владимир, Болынский зэрэг газар орныг эзлэн авчээ.

    Команы хаан Котнян хэдэн мянган албатаа дагуулан Унгарт хорогдохоор очиход нь Унгарын IV Бела хаан түүнийг хүлээн авчээ. Энэ нь Бат хааны хувьд Унгараас ял асууж довтлох аятайхан шалтаг болсон байна. Ингэхдээ Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолжээ. 1241 оны дөрөвдүгээр сарын есөнд Монголын цэргийн тэргүүний анги Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохин, тэндээсээ цааш хөдлөн Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн оржээ.
    Мөн сарын 11-нд Бат хан, Сүбээдэй баатрын цэрэг Унгарын цэргийг Тиеса гол дээр бут цохижээ. 1241 оны зун Монголын цэрэг Унгарын нутгаар хөндлөн гулд явж сүйтгэсэн байна. Унгарын хаан IV Бела, Монголын цэргийг Гротиа гэдэг газар эсэргүүцэн тулалдах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиог довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ.
    Унгарын хаан Бела Доламацод руу зугтаахад хойноос нь цэрэг явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрын Вена хотын гадна очиж байжээ.
    Цөст Их ойрадууд Манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан

    Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ.
    Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.
    Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.
    Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмогц манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
    Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ.
    Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

  • Халимагийн тэнгэрт цуурайтсан хэнгэрэгийн дуун

    Халимагийн тэнгэрт сүүлчийн хэнгэрэгийн дуу хэзээ дуугарсаныг хэн ч мэдэхгүй. Түүхийг нь судалж байж тодрох биз ээ. Бас сүүлчийн тэнгэр үзэлтэн, бөөгийн түүхийг хэзээ тодруулах нь цаг хугацааны асуудал юм.
    Тувад явж байхад хэд, хэдэн халимаг бөөгийн угаа авсан тухай яригдаж байсан. Хэдэн жилийн өмнө Халимагт Монгол бөөгийн удган хуурын дуугаа цуурайтуулж бөөлсөн түүх бий.
    Харин энэ удаа Монгол бөө, тэр дундаа Ойрад бөөгийн төлөөлөл Халимагийн тэнгэрт бүрэн хуяглан бөөлөх хувь тохиов.
    Ойрадын их наадмын нээлтийн ажиллагаа явагдаж байх тэр мөчид Ганц модны булагийн зүг цөөнгүй машин хөдөлсөн нь бөөлөлтийг харах гэсэн тэнгэр шүтлэгтэний төлөөлөл байлаа.
    Элстэй хотын төвд Буддагийн шашины номын хуралдаан хийгдэж байх агшинд Ганц модны булаг дээр Монгол бөөгийн хэнгэрэгийн дуу цурайтан бөөлж эхэлсэн цаг хугацааны хувьд давхцсан сонирхолтой байлаа.
    Биднийг очиход ганц мод бачимхан болсон байлаа. Нөгөө ногоон дэнж дэх ганц модыг тойруулан битүү суварга босгож, хадаг, хийморын дарцагаа дааж ядан сагсайтал битүү хучсан мод угтсан. Өмнөхийг бодвол олон Халимаг иргэд модоо шүтдэг болжээ.
    Дэнжийн баруун хэсэгт орших хэсэгт байрлалаа эзэлж,бөөлөхбэлтгэлээ хийв.Монгол нутгаас авчирсан, бидний аргалийн цоморлог, их зайрангийн авчирсан хулангийн аргалаа уугиулав.
    Тамлаг, дуудлага Хуурын эгшиглэж,Халимагийн тэнгэрт хэнгэрэгийн дуу цуурайтан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж эхлэв. Эртнээс уламжлан ирсэн бөөгийн дэг жаягаар ойрадчуудын амьдрах уудам талд бөөлсөн нь онцлох тэмдэглэлт явдал байлаа.
    Монгол туургатан нартаа хийморь сүлдийг сэргээн, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдлэн дуудсан бүрэн хуяглан бөөлсөн бөөлөлт ийнхүү амжилттай болж өнгөрөв.
    Ойрад олны минь түүхийн хүнд хэцүү үе 1943-1957 оныг дурссан, Элстэй хот дахь хэлмэгдэгдийн хөшөөнд МБНЭ-ийн төлөөлөл, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн, Жавхланбаяр, Цолмон нар байлцаж,Монгол нутгаас авчирсан аргал, арцаа уугиулж, хуур манжигаар бөөлж хүндэтгэл үзүүлсэн билээ.
    Хотын зүүн хойно байрлах Ууш ханы хөшөөндмонголоос авчирсан арц, аргалаа асааж хүндэтгэл үзүүллээ.
    Хөх мөнх тэнгэр биднийгээ ивээлдээ авч хайрла, Эзэн их Чингис хааны минь ариун сүнс өршөө.

    djmedia:18
  • Шар тосны ид шид

    Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
    Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
    Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
    Дарлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
    Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
    Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
    Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
    Үрэвслийн эсрэг. Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
    Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.
    Хэрэв та шар тос хэрэглэдэггүй бол хэрэглээд нэг үзээрэй.

  • Хараал хийлээ хэмээн эмэгтэй хүнийг Перуд амьдаар нь шатаажээ

     

    Харионикагийн гарыг хүлж хуурай модонд хүлээд бензин асгаж шатаахдаа гар утсанд бичлэг хийсэнд нь хөгшний хашгирч байгаа нь бичигдэж үлджээ. Омгийнхон цогцосыг түүдэг гал дээр гурав хоног шатаан ул мөрөө устгасан гэнэ. Гэхдээ хэргийн газарт ирсэн цагдаагийнхан хэд хэдэн яс олж эд мөрийн баримт болгожээ. Гэхдээ гэмт хэргийн талаар хууль сахиулагчид яаж мэдсэн хийгээд, гэмт этгээдүүдээс хэдэн хүнийг саатуулсан нь тодорхойгүй байна.

    Индианчуудын 300 орчим нийгэмлэг оршин амьдардаг Пуэрто-Бермудес нутагт ийм хэрэг гарч байгаа нь анхны тохиолдол биш. 2015 онд жирэмсэн эмэгтэйг мөн л хараал хийсэн хэмээн зодсоноос урагаа зулбаж байсан юм байна.

  • Сономын Лочин: Одоо би үнэнээ хэлье. Төв хорооны даалгавраар Бямбын Ринчен гуайг шүүмжилсэн юм

    -Би бол бодсоноо л бичдэг хүн. Хүнийг худлаа гүтгэж, доромжилж байсангүй. Гашуун үнэнийг нь ил цагаан хэлж ирсэн. Хэн нэгэнд долигонож ая тал засч сураагүй. Үнэнийг хэлэхдээ айж байсангүй. Алдар цолтой, эрх мэдэлтэй хэн ч байсан үнэнийг нь хатуу хэлдэг байсан. Очирбатыг Ерөнхийлөгч байхад “Үнэн” сонинд бүтэн гурван нүүр материал хэвлүүлж шүүмжлээд хаясан юм даг. Монголчуудыг Манжийн дарлалд байгаагүй гэх утга бүхий үгийг төрийн наадмын баярын хурал дээр хэлж болчимгүй загнасных нь төлөө шүүмжилсэн байхгүй юу. Утга зохиол хэмээх их далайд арван зургаан настайдаа хөл алдан унаснаас хойш нугачаа, нухлуулалт, доромжлол, завсар зайгүй дайралт, их донсолгоо, сэгсрэлтийн дундуур жаран жил бэдэрч ирж дээ. Манай зохиол уран бүтээлчид хүнийг хэтэрхий магтдаг хүмүүс. Миний бие сайн сайхан зүйлийг мэдээж магтана. Гэхдээ худлаа магтаж сураагүй юм. Утга зохиолд зүтгэсэн он жилүүдэд хэмжээгээ алдсан их зүйл сараачжээ. Зөвхөн роман гэхэд л “Сэтгэлийн өнгө”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Насны зам”, “Сарны гэрэл”, “Сүйрэл”, “Гал голомт” гээд арав гараад явчихаж байна. Сүүлд “Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэх анти роман бичиж хэвлүүллээ. “Эргэж бодох бодол” киног хүмүүс мэднэ. Ч.Алтан-Өлзий, Б.Цэрэнпагма гээд авьяаслаг жүжигчид тоглосон юм. За тэгээд судалгааны бүтээл, сэтгүүл зүйн туурвил, орчуулгын бүтээл гээд яривал барагцаалах юм биш. “Шар туужийн судалгаа”, Чингэс хааны тухай томоохон судалгааны бүтээл ширээн дээр минь байж л байна.
    -Монголын уран зохиолд Д.Нацагдорж судлалын голлох эрдэмтдийн нэг гэвэл таныг зүй ёсоор нэрлэнэ. Нацагдоржийг хэдий үеэс судалж эхэлсэн бэ?
    -1981 онд дэд эрдэмтний зэргээ Д.Нацагдоржийн гар бичмэлийг хэвлэгдсэн эхтэй нь тулгасан бичвэр судлалаар хамгаалсан юм. Харин ерэн есөн онд шинжлэх ухааны докторын зэргээ “Монголын хуучны уран зохиолын бичвэрийн судалгаа, шинэ уран зохиолын бичвэрийн судалгаа” гэсэн хоёр бүлэгт бүтээлээр хамгаалсан. “Хураангуй алтан товч”, “Нууц товчоо”, “Шар тууж” тэргүүт Монголын түүхэн сурвалжит гурвын зохиолыг хэвлэгдсэн эхтэй нь тулгалт хийсэн. Хуучны уран зохиолын бичвэр судалгаа гэдэг нь энэ л дээ. Орчин үеийн уран зохиолоос Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гурвыг авч үзэн анхны хэвлэгдсэн эхтэй нь тулгаж нарийвчилсан судалгааг хийсэн. Нацагдоржийн сэрүүн тунгалаг ахуйд нь хэвлэгдсэн зохиолуудыг тухайн үеийн хэвлэлийн газар хэрхэн хасч, зохиол бүтээлд нь хайр найргүй хандаж байсныг тогтоосон. Дамдинсүрэн гуайн “Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”, “Сталины далан насны ойд зориулсан ерөөл”, “Мао Зэдуны жаран насны ойд зориулсан ерөөл” гэсэн гурван зохиолыг мөн тулгалт хийж, улс төрийн байр сууринаас хэрхэн өөрчлөгдсөнийг нь харьцуулсан. Ринчен гуайн “Үүрийн туяа” роман дээр ажилласан. Үндсэндээ, 1951 онд хэвлэгдсэн анхны хэвлэл, 1971 онд хэвлэгдсэн хоёр дахь хэвлэл хоёрыг хооронд нь тулгаж үзээд бас ялгааг нь олон түмэнд дэлгэсэн. Ингэж Монголын утга зохиолч бичвэрийн судалгаа гэдгээ эртний болоод орчин үеийн бүтээл туурвил дээр зэрэгцүүлэн авч үзсэнээрээ эрдмийн ажил маань үнэ цэнтэй болсон доо.
    -Саяхан Баабарын “Нэпко” хэвлэлийн газраас түүхэн хүмүүсийн тухай цуврал бүтээлүүд гаргасан. Нацагдоржийн тухай та бичсэн байна лээ?
    -“Нэпко”-гоос эрхлэн гаргаж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын эхний таван ном уншигчдын гарт очоод удаагүй байна. Түүнд миний “Нацагдорж” гэсэн ном багтсан. Баабар “Лочин гуай та Нацагдоржийн талаар ном бичнээ. Нацагдоржийг судалж байгаа хүн хамгийн түрүүнд таны номыг л авч уншдаг байх тийм хэмжээний бүтээл хийнэ шүү. Урьд өмнө нь бичээд улиг болсон зүйлээ дахин бичихгүй шүү” гэсэн хатуухан үүрэг даалгавар өгсөн. Их өндөр шаардлага тавих чинь уран бүтээлч хүнд маш тустай л даа. Тухайн хүн өөрийгөө маш өндөр хэмжээнд тавьж, сайн бүтээл туурвих тухай бодно. Миний бие өмнө нь “Нацагдоржийн зохиолын бичвэрийн судалгаа”, “Сарны гэрэл” эссэ роман гээд туурвилууддаа Нацагдоржийнхоо тухай багагүй бичсэн. Саяны гаргасан “Нацагдорж” ном бол Нацагдорж судлалд өмнө нь тэр бүр сөхөгддөггүй, сөхөгдлөө ч бүдэг байсан зүйлүүдийг тодорхой дэлгэж гаргасан. Үүнийг би бардам хэлнэ.
    Эрдэмтэн Э.Хэништэй холбоотой материалууд бол урьд өмнө байгаагүй баримт. Э.Хэниш Монголд ирээд Эрдэнэбат хаантай ямар холбоотой байсан, Нацагдорж тэр хоёрын хооронд ямар зөрчил байсан юм гээд өмнө нь тэр сөхөгдөж байгаагүй баримтуудыг энэ номонд олж хийсэн. Нацагдоржийг 1929 оны хавар Германаас буцаж ирсэн гэдэг. Захидлуудыг нь хараад байхад 30-аад оны эхэн үед Германд байсан баримтууд бий. Тамхи татсан хэргээр Нацагдоржийг сургуулиас нь хөөх болоход герман оюутнууд өмөөрч сургуулийн захиргаанд захидал, өргөдөл бичиж байсныг нь хүртэл олсон.
    -Нацагдоржийн бүтээл туурвилуудыг уншихад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзчихсэн, мөн язгуур гарал түүхээ маш сайн судалсан хүн юм байна гэдэг нь яалт ч үгүй мэдрэгддэг?
    -Намын төв хороонд байхдаа намын ажлаар хөдөө аймгуудаар явж байжээ. Экспедицийн ажлаар Монгол орныхоо зүүн хязгаар Хан Хэнтий аймаг цаашлаад Дорнод аймаг руу явсан байдаг. Зөвлөлтийн эрдэмтэдтэй түүх дурсгалт газруудаар багагүй явсан баримтууд бий. Жамсрангийн Цэвээн гуайтай Сэлэнгийн Ерөөд байхдаа “Капитал”-ын орчуулга дээр хэсэг хугацаанд суусныг манайхан мэднэ. Сонин болгож өгүүлэхэд, 1923 онд Зөвлөлтөд байх Элчингийн нарийн бичгийн даргаар томилогдоод өртөөгөөр хойшоо явжээ. Хиагт хүрээд бие нь муудаж эцэг Дашдорж нь хотын цагдаагийн дарга байхдаа Нацагдоржийг замаас нь буцааж авчирч гэдэг. “Миний нутаг” сонгодог туурвилынх нь тухай Дамдинсүрэн багш, Дожоогийн Цэдэв бид хэд багагүй судалж бичсэн. Нацагдорж бол өөрийн тань хэлснээр Монголынхоо түүхийг гаргуун мэддэг хүн байжээ. Монголын түүхийн тухай ном бүтээл ч бичиж байсан. Монголын он тооллыг их эзэн Чингэс хаанаасаа эхлэх нь зөв гэсэн санааг дэвшүүлж байсан удаатай. Чингэс хааны төрсөн оноос Монголын он тоолол эхлэх учиртай гэж үзсэн, тийм л халуун эх оронч юм. Энэ олон жилийн хугацаанд Их Нацагийнхаа оюун билгийн ертөнцөөр туучихад өчүүхэн надад мэдрэгдсэн нэг зүйл бол түүн шиг өргөн мэдлэгтэй болох юмсан гэх аугаа хүсэл. Нацагдорж бичиг соёлын өндөр мэдлэгтэй хүн байсан нь олон зүйлээс илэрхий мэдрэгддэг. Эртний грек, латин үсгийг судалж, таашаан байсан. Хуучин бичиг үсгээ шүүмжилж байсан түүх ч бий.
    -Нацагдоржоос гадна таныг Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай ном бичсэн гэж дуулсан. Дамдинсүрэн гуайтай ойр явсан он жилүүдээ дурсахгүй юу?
    -Да багш бид хоёр жараад оны үеэс танил юм. Эрдэнийн Вандуй гуай намайг Да багштай танилцуулж байлаа. “Нацагдорж суд¬лалыг сонирхож байгаа хүн Дамдинсүрэн багштай уулзах ёстой” гээд дагуулж очин танилцуулж байв. Тэр цагаас хойш амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл ойр дотно явжээ. Эрдмийн зэрэг хамгаалахад маань хамгийн их баярласан хүмүүсийн нэг Дамдинсүрэн гуай. “Би хүртэл өөрийнхөө алдааг мэдэхгүй явжээ. Энэ Лочин хэлээд өглөө” гээд суудал зэрэгцээд суучихсан, жигтэйхэн баяртай байж билээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа орой “Сансар” ресторанд хүлээн авалт хийсэн. Тэр чинь наян нэгэн он. Уг хүлээн авалт дээр Дамдинсүрэн гуай залуучуудтай хундага тулгаж, бүр болоогүй бүжиглэж байлаа шүү дээ. “Зуун билэг” зохиолынх нь эх хүртэл надад хадгалагдаж байна. Бид хоёр хамтдаа нэг үе цагаан хоолонд явж байв. Хорьдугаар зуунд Дамдинсүрэн, Жамсрангийн Цэвээн, Ринчен гуай энэ хэд шиг ухаантай хүмүүс дахин төрөөгүй юм билээ. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд Дамдинсүрэн гуайгаа бичээд өгсөн. Дараа нь Жамсрангийн Цэвээнийг бичнэ гэдгээ Баабарт хэлсэн байгаа.
    -Далаад оны эхээр Ринчен гуайг айхтар шүүмжилж, түүнээсээ болоод утга зохиолын дараа үеийнхэндээ янз бүрээр хэлэгдсэн тал бий. Яагаад Ринчен гуайг шүүмжлэх болсон юм бол. Тэр тухай та ер нь ярьдаггүй?
    -“Далан насанд даруулга хэрэгтэй” хэмээн Ринчен гуайн тухай намайг бичсэн гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Тэгвэл тийм биш шүү дээ. Тэртээ 1954 онд Дашзэвэгийн Сэнгээ тэгж бичсэн юм. “Хөдөлмөр” билүү, “Намын үнэн” сонинд хэвлэгдэж байсан санагдана. Ринчен гуайг доромжилж бичсэн шүлэг. Түүнийг над руу тохоод байдгийг би гайхдаг. Миний бие “Зохиолчийн үзэл санаа ба хариуцлага” гэдэг шүүмжийн бүтээл “Утга зохиол” сонинд хэвлүүлж байсан. Одоо би үнэн мөнийг хэлье л дээ. Төв хорооноос өгсөн даалгавраар л бичсэн зүйл шүү дээ. Энэ тухайгаа ном зохиолдоо бичнэ гэж бодож байгаа. Тухайн үед би Хэвлэлийн редакцид утга зохиол хариуцдаг хүн байлаа. “Ринченг шүүмжилж бич” гээд Хасбаатар багш даалгавар өгсөн. Хасаа багш тэгэхэд Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Дэжидийн Чимэддоржийн үзэл суртал харьцсан ерөнхий зөвлөхөөр нь ажиллаж байсан үе. Би гэдэг хүн Их сургууль дөнгөж төгсөөд хоёр жил болж байв. Олонд танигдаж байгаа залуу хүнээр бичүүлье гэж бодсон юм билээ. Тэгээд намайг сонгосон байдаг. “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Сэтгэлийн өнгө” романууд маань хэвлэгдчихсэн байсан үе л дээ. Ринчен гуайн тухай бичсэнийг эргээд уншихаар ноцтой, сүртэй зүйл огт байдаггүй. Би худлаа юм бичээ¬гүй, зөвхөн үнэнийг баримттай бичсэн. Одоо ч түүнээсээ буцахгүй. Нацаг¬доржоос олж авсан нэг зүйл бол ямар ч үед үнэнийг хэлдэг байх шударга зарчим юм.
    -Сүүлд нь асуухад, Монгол Улсын шинжлэх ухааны академиас “Эрдэм¬тэн зохиолч” өргөмжлөлийг анх хүртсэн зохиолчдын нэг та байх шүү?
    -Миний бие Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд арав гаруй жил ажилласан байна. Эрдэм оюуны алтан өлгий болсон энэ газар Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас аваад Ш.Лувсанвандан багш, Э.Вандуй сүүл үеэс Хорлоогийн Сампилдэндэв, Жавзмаагийн Цолоо гээд оюуны цаст оргилууд өртөөлөн ажиллаж ирсэн. Академид ажиллаж байхдаа эрдмийн гол гол бүтээлүүдээ туурвисан байдаг. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлүүд хэл зохиолын хүрээлэнд хадгалаг¬даж байсан. Тэгэхээр Нацаг¬доржтой би тэнд учир¬сан хүн юм. “Монголын утга зохиолын лавлах толь” гэсэн томоохон хэмжээний бүтээлийг Сампилдэн¬дэвийнхээ зөвлөснөөр гардан хэвлүүлж байлаа. Орчин үеийн утга зохиолын урдаа барьдаг толь шүү дээ.
    Ярилцсан Н.ГАНТУЛГА

  • Монгол гэрийн бүтэц

    Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.
    Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
    Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
    Гэрийн мод
    1. Хана
    2. Хаалга
    3. Тооно
    4. Багана
    5. Унь
    6. Шал
    Гэрийн бүрээс
    1. Цаваг
    2. Дээвэр
    3. Туурга
    4. Гэрийн гадуур цагаан бүрээс
    5. Өрх
    Тэрэм (хана)
    Гэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
    Хаалга
    Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
    Монгол гэрийн хэмжээ
    Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5, 6 ханат гэр болно. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо гурван янз байдаг ба бага, дунд, их таван ханат гэх мэт байх бөгөөд бага таван ханат нь ихээсээ арваад униар цөөн байдаг. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.
    Монгол гэрийн доторх горим ёс
    Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.
    Монгол гэрийг барих, буулгах
    Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал, шал тавих, хаалга босгох, хана дугуйлах, дотуур бүслүүр татах, тооно, багана босгох, унь өлгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай.

  • Онгодын дуудлага

    Дөчин хоёр салаалсан
    Харвалдааны түргэн үед
    Харанхуй манан хувирлага
    Эдэлдээний түргэн үед
    Элгэн газартаа шингэлээ
    Жинчивайн басган Долгорсүрэн гарвал