Category: Индэр

  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Гурав. БИД НЭГДЭЖ ЧАДАХ УУ.

    Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ,
    Мөнх тэнгэрийн төлөө бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын хөдөлмөрийг үнэлэх газар байхгүй, эх орон, байгаль дэлхий хүн ардынхаа төлөө насаараа зүтгэлээ гээд үнэлэмжгүй хоцорч байгаа юм. Мөнх “тэнгэрийн улаач” нар олон зуун ард иргэдийг өвчин эмгэгээс ангижруулж, бариа засал хийж, үйлчлүүлэгч нартаа сэтгэл зүйн тайтгарлыг өгч, ард түмнийхээ дунд орж ажиллаж, төрийн албаны нуруун дээр очих олон ачааллыг хөнгөлж байгаараа ач буянтай. Монголын их эзэнт гүрнээс хойш “тэнгэрийн улаач” нарыг алж хядаж, шорон гянданд хорьж байснаас, сайнаар үнэлж байсан удаагүй гэхэд хэлсдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад байдаг сэтгэл зүй, бариа засал, бясалгал гээд олон ажилтай зэрэгцүүлж үзэж болохоор зуун зууныг дамжин ирсэн ардын зан үйл ёсон бол бөөгийн үйлд шингээстэй.
    Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэнгүүдээс аваад жирийн иргэд аман дээрээ шашингүй үзэл, бурангүй ёс, харанхуй үзэл, нийгмийн хоцрогдсон үйл гэх атлаа, орой үдшийн цагаар хүний нүд хариулан “тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлээд байдгийн учир юу вэ. Монгол бөө нар эртний үеээс өнөөг хүртэл удмын өвөг дээдэстэй учруулж, дэг жаягийг уламжлалт ёсоор авч яваа нь гайхамшигтай.
    Нүдэндээ гал үзэгдэж, сэтгэлдээ илч бадарсан, хийморлог монголчуудын тухай олон зуун жил дэлхий дахинаа бичиж, ярьж ирсэн. Мөнх тэнгэрээ шүтдэг, онгод тэнгэрээ дэргэдээ авч явж, шаардлагатай бол түүнийгээ дуудаж, гайхамшигт хүчийг олдог, цөөн боловч олонхийг буулгаж өвдөг сөхрүүлж явсан суу билэгт Монголын үр сад нар бол бид билээ. Ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шүтлэг сансарт байх болно гэж хэлсэн. Түүний үзэл санааг Эйнштейний шагналт, Монголын их эрдэмтэн Лхагва “квант онол ба мөнх тэнгэрийн үзэл” бүтээлээрээ нотолж байна. Үнэхээрийн сансар буюу мөнхтэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн.Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд, хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ийм их агуу их шүтлэгтэй байхаас өөр аргагүй билээ.
    Дэлхийн улс үндэстний шашин шүтлэгийг нь ашиглаж, олон улс гүрний ард түмнийг хооронд нь зөрчилдүүлэхгүй, нийгэм, эдийн засгийг нь хямраахгүй, хөгжүүлэх монгол хаадын бодлого нь мөнх тэнгэрийн үзлийн салшгүй хэсэг байв.
    Дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж байсныг хүний ертөнц хүлээн зөвшөөрдөг. Даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь бидэнд үлдээсэн байна. Энэ бол Мөнхтэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ, Монголоороо бахархах сэтгэлийн хатыг олно, ихийг хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална, Аугаа их хүчийг олох огшлыг мэдэрч чадна.
    Мөнх тэнгэр биднийг нөхцөлдүүлсэн байдаг. Яагаад ч юм бөөгийн талаар мэдлэг муутай надад, мөнх тэнгэрийн сургаалын мөн чанарийг улс гүрнүүдээр аялуулан байж мэдрүүлж, хуралдаа тавих илтгэл мэдээллийг бэлэн болгосон байсан. Зөвхөн зарлах л дутуу байлаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “зуун асуулт, хариулт” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг “Мөнх тэнгэрийн үзэлтнүүдийг анхдугаар дээд хуралдай”-гаа хийх цаг үеийн шалтгаан болсон юм. Бид дээд хуралдайгаа хуралдуулж зохион байгуулалтийн нэгдэлд орсон. Олон арван жил бие дааж ажиллаж байсан улаач нар нэгдэх болсон нь цаг үеийн шаардлага байлаа.
    Бөө нар нэгдэж чадах уу ? гэдэгт, одоо ч гэсэн хариулт өгөхөд хүнд байна. Бөө нар бүрэн нэгдэх хүртэл их цаг хугацаа шаардагдана. Нэгдэнэ гэдэг их хугацаа шаардсан ажил юм. Мөнх тэнгэрээ дээдэлдэг Монгол бөөгийнхөө зөв хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах хүсэл эрмэлзэлтэй олон улаач нар биеэр манлайлан нэгдэх нь эхний шат юм. Манлайлагч нар л үлгэрлэн ажиллаж, уламжлалт тэнгэр үзэл, бөөгөө авч явах болно. Бид олон хүнд бэрхшээлийг давж туулж байж амжилтанд хүрнэ. Би гэж хашгирах ганц дуу газартаа үлдэнэ, Бид гэх олны залбирал мөнх тэнгэртээ хүрнэ.
    МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Нэг хэсэг хугацааны явцад бөөгийн байдалд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
    Дараачийн хүндрэл бол хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаа нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Нэг хэсэг нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
    Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн идэвхтэй оролцож байсан. Тэрээр зарим сонинд ярилцлага өгчээ. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан тэгээд өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан уу, зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм.
    Саяхан МБНЭ-ийг тараах хэрэгтэй хэмээн нэгэн фейсед уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн байгууллагын хөгжилд нэн чухал ач холбогдолтой
    Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
    Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
    МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
    Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
    Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна.Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
    Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс байхгүй байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.

    djmedia:847
  • ДЭЛХИЙН ШАШИНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ.

    Монгол улсад энэхүү арга хэмжээг 1999 оноос эхлэн Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулгаас санаачлан, тодорхой сэдвийг сонгон авч, бүх шашны төлөөллүүдийг урин Бурханы үе үеийн Тодруулагчдын сургаалд тухайн сэдвээр юу гэж айлдсан байдгийг хуваалцаж, хамтдаа бясалган, эдгээр сургаалыг өнөө үед бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар шашнуудын төлөөллүүд, оюун санаа, боловсрол гэгээрлийн талаар сонирхож судалдаг байгууллага, төр засгийн холбогдох байгууллагууд, хувь хүмүүс, эрдэмтэн мэргэдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцож тэмдэглэн өнгөрүүлдэг.
    2023 оны арга хэмжээнд Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн удган Б.Нямтөр, шүтлэгтэн Бадам нар оролцсон байна.
    Харамсалтай нь үндэсний язгуур шүтлэг Монгол бөөгийн төлөөллийг мөргөл унших болон илтгэл тавихад оролцуулдаггүй юм. Үл тоох байдал өөрчлөгдөхгүй бол бид цаашид оролцохгүй.

    djmedia:845
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Хоёр. “ОНГОД”-ООР НААДАХ ЦАГААР

    Харин гишүүн болсноороо Монгол бөөгийн ёс зүйн шаардлагыг биелүүлэх болдог. Уламжлал, ёс зан үйлээ зөв яваа хэнд ч энэ бол нэмж үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. Өөрийн бөөлөлтөө харуулаад бол оо.
    Манай байгууллага бөөлөлтийг нь дүрсжүүлж, баримтжуулдаг. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт бөөгийн уламжлалт дэг жаягаа авч яваа олон бөө нар гишүүнээр элсэж албан ёсны бүртгэл, үнэмлэх, тэмдэгтэй болсон. Бас нөгөө талдаа энэ цаг үед амьдарч байгаа олон сайхан бөө нар өөрсдийн зургаа, зан үйлээ түүхэнд баримтжуулж үлдээж байгаа.
    Харин олон зуун болон олон арван жилээр уг нь завсардсан буюу орчин цагийн олдмол дэг жаягаар “боссон” бөөд асуудал үүсдэг. Олон арван бөө нар манайд элсэж зөв чиг хандлагаар явж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаад уламжлалт бөөгийн замд орж байна гэсэн үг. Нилээд хэсэг нь өөрсдийгөө буруу замаар орсон гэж үзээд бөөгөөс татгалзаж байна. Цаг алдалгүй асуудлаа зөв шийдвэрлүүлэх нь олон талаар хувь хүнд ашигтай. Эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалд цаана нь агуулагдаж байдаг.
    Манайд гишүүнээр элссэн бөө нар цаг хугацааны явцад хатуу шалгуурыг давж өөрийгөө батлан харуулж байна.
    Гэтэл өөрсдөдөө ямар нэг хэмжээгээр итгэлгүй, бөөг мөнгөний нүдээр хардаг иргэд, бөө нар биднээс зугатдаг. Бидний тухай буруу ойлголт бусдад тараадаг. Хариуцлагаас бэргэдэг. Гэвч үнэнд гүйцэгдэж байна. Яаж гэдэгт хариулъя.
    МБНЭ-д хандагсадын саналыг бид албан ёсоор бүртгэж авдаг. Энэ нь цаг хугацааны явцад хаана байрладаг, хэн гэдэг бөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болдог. Ялангуяа хүний амьдралаар тоглодог, өнгө мөнгөний хойноос явагсад нь өөрсдийн нэрээ ихэд нууцалдаг, бас ойр, ойрхон оршин суух хаягаа өөрчилдөг. Багш болчихоод, эсвэл зан үйл хийчихээд иргэдээс мөнгийг нь авчихаад сураггүй алга болдог. Нэг улаач хэт олон зуун шавьтай байх нь бас ёс зүй зөрчиж байгаа хэлбэр, тодорхой үзүүлэлт мөн юм.
    Монгол бөөгийн байгууллагууд, бөөгийн багш доорх чиглэлээр онгод, сахиус, “эмээ, өвөө”-өөр уг барьж босгож байна.
    Нэгдүгээрт: Олон жил уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн буриад бөө өнөөдөр тоон үзүүлэлтээр гол байр суурийг эзэлж байна. Сүүлийн хориод жил буриад бөө чанараас тоо руу шилжсэн байдал харагддаг. Буриад бөө нь Монголын баруун зүгийн бөө нарыг бодвол шашины зан үйлтэй ихэд холбоотой байдаг. Энэ бол бөөд нөлөөлсөн гадны нөлөөлөлийн ул мөр юм. Монголын зүүн аймгуудад буриад бөө ихэд дэлгэрч байгаа бөгөөд зарим аймгуудад өөрийн дугана, хийдтэй болж шашинлаг хэлбэрт шилжиж байгаа харагддаг. Тэдгээр төвүүдэд буриад бөө нар зуны улиралд хэдэн зуу, мянгаараа цугларч чанар хийдэг. Зуу, зуугаар тоологдох шавьтай буриад бөө нар цөөнгүй бий.
    Түүхийн явцад, гадны нөлөөгөөр бараг бүрэн устсан халх бөөг бий болгох явц цаг хугацааны сорилыг туулж явна. Эрэл хайгуул үр дүнд хүрнэ. Тэгэхдээ цаг хугацаа их шаардах болов уу. Олон талаараа буриад бөөгөөс эх авсан халх бөө монгол бөөд тоогоор тэргүүлж байна. Чанар авахаас эхлээд олон зүйлээр ижил төстөй зүйл их харагддаг. Тэр чанараараа хэлбэр хэв маягаа орчин цагийн өнгө аясаар өөрчлөн эрчимтэй хөгжиж байна.
    Зуны улиралд хэдэн мянгаар тоологдон уг авах халх бөө, хүний тооны хувьд нэн хурдатай өсч байна. Олон зүйлээр шашины зан үйл нэвт шингэсэн байдал ажиглагддаг. Бөөд уг оруулахдаа сахиус оруулдаг. Аль, аль бөө нь зул дээр босдог. Чанар хийхээр товлосон газар хэдэн зуугаар цуглардаг. Эхний хэдэн жилдээ бөө бологчдын тоо мянга руу дөхөж байв. Одоо тоо нь багасчээ.
    Чанарын үед их багш, дунд багш, бага багш нар удирдана. Багш бөө нь шавь нартаа хар, цагаан тэнгэр, дорлигын сахиус босгоно. Тус тусдаа хуягтай, жил дараалан угаа босгодог. Хуяг дуулгаа хэд хэдэн чемоданд хийнэ.
    Их, дунд, бага багшийн шавь, шавь нарын босгосон шавь гээд бөөгийн тоо хурдтай нэмэгддэг. Ингэх явцдаа зохиомол жаяг ч их нэмэх болжээ. Тухайлбал өмнө зүгийн халх бөө нарт чанарт ирэхдээ дөч гаруй зүйлийг бэлтгэх шаардлагатайг заасан байдаг. Жишээлбэл түүнд “соёмботой архи 2ш, АПУ-ийн архи 4 ш, ердийн архи 10 ш, баавгайтай чихэр 2 кг, тэгээд сүү, ааруул, хадаг, торго, арц төрөл бүрээр, …” гм 45-50 тоо заасан зүйлийг чанарт ирэхдээ авчирна.
    Нэг айлаас хэд хэдэн бөө босгоно. Энэ бол монгол бөөд бий болгож байгаа хэцүү, төвөгтэй үзэгдэл. Олноор босгож байгаа бөө нарын шалгуур хугацаа 2-4 жил байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болдог.
    Хоёрдугаарт: Монгол бөөд “эмээ, өвөө” босгох зан үйл байна. Үүнд “яс болон махан” талаас бус “эмээ болон өвөө” босгох асуудлыг хамруулж байгаа юм. Энэ байдал монгол бөөд багагүй байр суурь эзэлж байна.
    Гуравдугаарт: Эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар уг босгон бөө болгох хэлбэр хамаарч байна. Уламжлалт бөө нь шашины зан үйлээс ангид байхыг эрмэлзэнэ. Үүнд дархад, цаатан, тува, ойрад бөө нар хамаарч байна. Энд дурьдахад монголын баруун зүгийн бөө нарын хуяг хэнгэрэгтээ багтдаг, морин дээр үүрээд явчихдаг. Голдуу ганц хуягтай байдаг.
    Бид Монгол бөөд уламжлалт бөөг илүүтэй хамгаалан хөгжүүлэх бодлогыг баримталж, эрмэлзэж байна.
    Үүссэн нөхцөл байдал нь бөөд багш хүний үүрэгтэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох шавь нарын тоотой багш бөөтэй холбоотой байна. Олон зүйл нуршилгүй, МБНЭ-д ирж бүртгүүлсэн тохиолдолууд, өөрсдийн бүтээсэн түүхээ элдэв тайлбаргүйгээр дурдъя. Бөөд бий болсон байдал яагаад гэдэг асуултанд хариулт өгөхийг шаардах болно.
    Багш бөө шавиа жинхэнэ онгодтой нь холбосон эсэхээс олон зүйл шалтгаална. Олонд нэр хүндтэй удган нэг айлын бүх хүнийг, эцэг, эх, хүүхдүүдийг бөө болгосон хэд хэдэн тохиолдол байна. Дээрх удган, бас олонд нэртэй нэгэн зайран шавь нараас нь МБНЭ-ийн үйл ажиллагааг сонирхосон байдаг. Гэтэл тэдгээр багш нар олон шавь нараа цуглуулан манайд хандсан шавийн эсрэг, бөөгийн хатуу зан үйл хийж айлган сүржигнэх тохиолдол гаргаж байлаа.
    Иргэн Э нь МБНЭ-д хандав. Зөв газраа хандсан учраас асуудлаа ч хурдан зөв шийдвэрлүүлэв. Тэрээр Д гэдэг зайранд очсон бөгөөд “онгодоо хурдан авахгүй бол үхнэ” гэсэн байв. Ийм маягаар хандагсад маш их байдаг. Нэртэй зайран Б-д шавь орж багагүй хөрөнгө зарсан боловч “бөө болсонгүй” гэж гомдол гаргажээ.
    Иргэн Г нь сахиусаа залаад нэг жил болсон, багш одоо өөрийг нь биш байна, дүүд нь “сахиусыг нь шилжүүл” гэсэн, зөвлөгөө авахаар манайд хандав.
    Иргэн А хэлэхдээ Х багшид шавь орсоноос хойш 1,5 жилд гэр бүлээс нь таван хүн нас баржээ. Үүнийг тохиолдол гэж үзэхийн аргагүй юм.
    Бага нуурт байдаг зайран З олон шавь босгож байна. Олон хүний амьдралаар тоглож байна. Баян хошуунд амьдардаг Э гэдэг удган, ахын хоёр хүүг уг авахуулсан одоо намайг уг ав гэсэн яах вэ гэв.
    Бага нуурын удган Б бидэнтэй уулзсан. Өмнөговьд амьдардаг. Эхлээд ээжийг цагаан тэнгэрээр сахиус залсан, дараа нь ахыг харын тэнгэрээр сахиус залсан, энэ жилээс намайг дорлигын тэнгэрээр сахиус зал гэлээ. Одоо яахав.?
    Телевизээр байнга өөрийгөө сурталчилдаг удганд очсон, маш өндөр үнэ хэлээд бөөгийн угаа ав гэсэн. Гэтэл манайд шалгаад үзэхэд үнэн хэрэгтээ татаж унадаг өвчтэй хүүхэд байсан.
    Зайран Б дүүг нь угтай гээд бөө болгожээ. Багш нь их зэрлэг, очихоор нь үсдээд зоддог, чанарт яв гэдэг, тэр чанар дээр архи ууцгаагаад хоорондоо зодолддог. Багш нь жилд 2-оос доошгүй шавь босго гэж үүрэг өгдөг. Үүрэг биелүүлэхгүй бол цусыг нь сахиусанд тавьдаг.
    Иргэн Б хэлэхдээ охиныг минь нэг зайран угтай гээд босгосон. Улааны сахиустай байна гэсэн. Бид увуулж цувуулсаар 11 сая төгрөг зарцуулаад байна гэв. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн билээ.
    Дүү маань уг аваад архинд орсон. Ааш зан нь эвдэрсэн. Байр, унаагаа зараад амьдрал нь уруудсан. Анх уг авч байхад хүчтэй эрчтэй байв. Суларсаар суларсаар одоо юу ч үгүй боллоо. Яах вэ.
    Зайран Э нь Баянхошуунд байдаг О удганд шавь орсон. Нэг зэрэг 8 хүнтэй хамт бөө болсон. Удган Б-д хүүгээ шавь оруулсан. Чанар хийж 60 хүн нэг зэрэг уг авсан. Жил болоогүй хүү минь нас барчихлаа.
    Нэгэн эх бидэнд хандав. Хүү нь тархины гэмтэлтэй. Унадаг, татдаг, сэтгэх ямар ч чадваргүй. Гэтэл Бага нуурын нэг удган хүүг уг авбал эдгэнэ гэв. Тэгээд олон сая төгрөг зарцуулж бөө болгосон боловч одоо ямарч өөрчлөлт орсонгүй хэвэндээ гэв.
    Баянхонгорт нэг малчны эхнэр бөө болжээ. Тэгээд багш нь эхнэрийг маань улаан маханд хүрэх ёсгүй гэсэн. Хоол хийхгүй болсон, миний нуруун дээр ачаалал ирлээ яах вэ гэв.
    Дорноговь аймагт Ө гэдэг багштай, З гэдэг удган “танайхаас олон хүн үхэх нь” гэсэн, тиймээс 20 тэмээгээр засал хийлгэсэн, тэгээд утсаа салгаад алга болсон.
    Төв аймгийн нэгэн суманд байдаг иргэн С-д тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Зайран Х-д очжээ. Эхлээд ах Мя-гийн угийг барьжээ. Гэвч удалгүй гэрийн муур, нохойгоо ална гэж хөөцөлдөх болов. Шөнө унатахаа больсон. Улмаар галзуурсан. Багш дээр очиж, 9-н дорлигоор засал хийлгэсэн. Гэвч удалгүй хавдартай болж, бөө болоод 4 дэх жилдээ тэнгэрт хальсан.
    Түүнийг дагаж очсон дүү Мө-г угтай байна гээд бөө болгосон. Гэвч бас л өмнөх зүйл давтагдаж, архинд орж, улмаар галзуурч эхэлсэн. Одоо яах вэ.
    Боломжийн чадавхитай айлын хүү бөө болжээ. Хүүдээ тусгайлан их хөрөнгө зарж, онгодын өргөө барьж чамгүй хөрөнгө заржээ. Гэтэл одоо нэг л болохгүй болчихлоо.
    Дорноговь аймагт Улааны тэнгэр залдаг бөө бол хамгийн хүчтэй хэмээн олон зуун шүтэн бишрэгчдийг бөө болгожээ.
    Сэлэнгэ аймгийн нэг суманд амьдардаг зайран А нь нэгэн айлын охиныг удган болгожээ. Гэвч удалгүй охин нь нас баржээ. Түүний сахиусыг ээжид нь шилжүүлсэн байх юм. Бас нэг охиныг нь угтай гэж бүрэн итгүүлж чанартаа дагуулж явах болов.
    Монгол бөөд техник хэрэгсэлээр буюу Аурагаар бөөгийн уг тодруулдаг болов. Ингэснээр монгол бөөгийн олон уламжлалт чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
    Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
    Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол… биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. өөрсдийнхөөхийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ” гэжээ.
    Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгнийг “бөө болгож” өгдөг болжээ. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
    Олон бөөгийн байгууллагын дунд нэгийг нь нөгөөд нь муулж, бас зөрчилдүүлж явдаг, зан үйлд нь олон сая төгрөг зарцуулсан гэх боловч ноён нурууг үзүүлэхдээ өөрийгөө 1000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлдэг хүн олон байна. Бид цөөхүүлээ, тиймээс хаана ч явсан, хэний ч ул мөр нь тодорхой харагдаж байдаг.
    Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд бөөг “тэнгэр”-т цэгцэлэхээс гадна газарт улаач нар, бөөгийн байгууллагуудын хамтын хүчээр өөрсдөө зөв чиглэлд оруулах нь тодорхой байгаа юм.

    djmedia:844
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Нэг. МБНЭ-ИЙН БАЙГУУЛАГДАХ ҮЕИЙН БӨӨ ШҮТЛЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

    Энэ бүх болоод байгаа үзэгдэлтэй тэр цаг үед ямар байгууллага тэмцэж байсан юм бэ. Хэн бодит байдлыг ил тод мэдээлж, ёс зүйн хариуцлага шаардаж тэмцэж байсан юм бэ. Энд МБНЭ-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Бид ил тод мэдээлж, бөөд нүүрлэсэн “идээ бээр”-ийг шахаж гаргаж байсан.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байв. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй бөө нэртэн олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн, шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Гэвч түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг анзаарахгүй байхын аргагүй юм.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарав.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Завхан аймгийн Нөмрөг суманд бөө нар чанар хийжээ. Чанар дээр хэт согтсон бөө нар хоорондоо зодолдсон байна. Тэгээд нэгнийхээ аминд хүрсэн явдал гарсан. Түүнийг шүүмжилж бичсэний төлөө манай байгууллагыг цагдаад өгч шалгуулж байлаа. Зөвхөн энэ л жишээнээс харахад Монголын бөөгийн байгууллага хүнд сорилуудтай тулгарч байсан нь тодорхой харагдана.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь хүчирхийлж байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж, унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол арваар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Харин бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Дорноговь аймагт хоёр залуу бөө болоод дөрвөн сар өнгөрөхөд 400 орчим шавьтай болсон тохиолдол гарав. Угаа аваад 2 сар болж байгаа нэгэн “удган” 4 шавь босгож байхтай таарав.
    Олонд нэр нь түгэсэн нэгэн удган Хөвсгөлийн тайгад очиж, нэртэй, төртэй зайрангаас өндөр үнэ хаяж, “онгод” худалдан авах санал тавьж байжээ. Ийм үйлдлүүдэд ямар тайлбар өгч болох вэ.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн байгууллагын хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна. МБНЭ байгуулагдах түүхэн нөхцөл ийм гараанаас эхэлсэн билээ. Бид асуудлыг бодитой хөндөн тавьж, ил тод мэдээлж, бөө мөргөлд тулгарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирсэн.

    djmedia:841
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ХАРЬ ХЭЛ ДЭЭР УНШЛАГАТАЙ БУСДЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСЭН НЬ

     

    Өнөөдөр Монголд Иссусын 600 гаруй сүм, Бурханы 550 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болно. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
    Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, анандмарго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо нийлээд 4000 хүрээд байна.
    Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажиллагаа нь өөрийн гэсэн радио, телевизийн сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна.
    Асар их хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
    Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ.
    Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчууддаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан. 1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 14-20 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын гүйцэтгэсэн түүхэн үүрэг ийм үр дүнг авчирав. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ.
    Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэртээ онгодоо залдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг.
    Глобал даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална.
    Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2226 жил болж байна.
    Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна.

    djmedia:839
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД МОНГОЛ БӨӨГИЙН НУТАГ БОЛ ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ӨЛГИЙ НУТАГ БИЛЭЭ.

    5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
    Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийннүүдэлчдийн оюуны үнэт бүтээл “Хадны ном” болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
    Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг “Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан” гэжээ.
    Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
    Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
    Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
    1699 онд зохиосон “Юаньши” (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо “Бөө судлал буюу Монголын харын бөө” гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм. Одоо энэ ном Монгол болон өвөрмонголд өөр хамааралгүй хүмүүсийн нэр дээр хөрвөгдөн худалдаалж байна.
    Түүхийн он удаан жилийн явцад уламжлалаа хадгалж ирсэн “Тэнгэрийн улаач” нар өөр, өөрсдийн үзэмж, цаг цагийн аяст тохируулан залсаар Монгол бөөгөө өнөөтэй золгуулжээ. Тэд түүхэн үүргээ баатарлаг хэмээн нэрлэж болох хатуу замыг туулан өнөөгийн бидний гарт өгчээ. Монгол бөөг үе үед аваад явж ирсэн түүхэн хүмүүс байсан.
    XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь хүнд цохилтонд орсон юм. Энэ бол бөөд гарсан гурав дахь цохилт нь байжээ. Энэ үзэл суртлын нөлөөгөөр олон зуун бөөг хорьж шийтгэж, буудан алж, бөөгийн шүтлэгийг хатуу чангаар хорьж цагдаж байсан үе юм.
    Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
    Бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.1960-аад оны үед нэрт эрдэмтэн Ренчин, алдарт зайран Дамдин нар барууны олон орноор хамт явж, кино үйлдвэрийн зааланд бөөгийн зан үйлийг үзүүлж байжээ.
    Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
    Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
    Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном “Монголын хар бөөгийн дуудлагын тухай” гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай “Монголын бөөгийн товч түүх” (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
    Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
    Эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
    Газар газрын мухарт, хүний нүднээс далд, айдас хүйдэс дор Монгол бөөгөө уламжлан залсаар ирсэн тэдний дунд бөөгийн анхны байгууллага үүсэн бий болж “Голомт” хэмээн нэрлэв. Тэр үеийн нийгэм, улс төр, утга зохиолын салбарт нөлөө бүхий хүмүүс тэрхүү байгууллагыг толгойлох болов. Ийнхүү бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар “Тэнгэрийн улаач” нарын зан үйл ёс заншил болон тулгамдсан олон асуудалд хариулт өгөх газартай болов. Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа.
    Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренцэн, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
    Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
    Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
    Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн яруу найргийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
    Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
    Түүхийн энэ хугацаанд Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалд ногдсон юм. Монгол бөөгийн өнөөгийн түвшинд хүргэх, хэдэн мянган “Тэнгэрийн улаач” нарт чиг хандлагыг нь тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж, ЮНЕСКО-д хүртэл Монголын бөөг сурталчилж, олон зуун улаачийн зам мөрийг засахад хүчин зүтгэсэн, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаа хийсэн бүтээснээрээ бусдаас ялгаран харагддаг.
    Монгол бөө нарыг нэгдэж, төр улсынхаа төлөө нэгдмэл хүчээр ажиллахад Монголын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулууны гүйцэтгэж буй түүхэн үүрэг их байна.
    Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна.
    Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгууллага Монгол Улсын зүүн хэсэгт Дорнод, Хэнтий аймгуудад сургалтын бөөгийн “сүм” байгуулж, зуны улиралд чанар хийж олон мянган бөө нарыг төрүүлэв.
    Буриад бөөгийн дэг жаяг, уламжлалаас эрч хүч авсан халх язгуурын бөөгийн томоохон урсгал шинээр мэндлэв. Зуны улирлын хугацаанд нийтийг хамарсан олон зуун шавь нарыг босгодог “халх” бөөгийн чанараар боссон бөө нар өнөөдөр хэдэн мянгаар тоологдож байна.
    Мөнх тэнгэр шүтэн бишрэгчдийг олон мянгаар төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж буй Халх зайран Б.Хурцжавлангийн удирдлага дор хүчээ авсан бөө нар Хэнтий, Төв, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг болон олон газарт бөө нарын дийлэнхийг бүрдүүлж байна.
    2000 оноос хойш Монгол бөөг авч яваа зайран Д.Бямбадоржийн “Дүнгэр төв”, Оюунбаатар зайрангийн “Тэнгэрийн сүлдэр” төв одоохондоо болоод байгаа учраас нэгдэж нийлээд Монгол бөөгөө зөв голдрилоор хөгжүүлье гэж нэг их сүйд болоод байдаггүй. Өөр өөрсдийн чигээ бариад явдаг. Харин олон түмэн болохоор Монгол бөөгийн нэр барьж, олон жил амьдарсаны хувьд тэднээс эргээд Монгол бөөгийнхөө төлөө хамтран ажиллаж сэтгэл гаргахыг хүсээд байдаг нь харагддаг.
    Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг.
    Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.

    djmedia:837
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ХҮНД СОРИЛТЫГ ТУУЛСАН БӨӨ ШҮТЛЭГ МИНЬ

    Манай хаад ноед ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар асар их зүйлийг хийсэн юм.
    Монголчуудыг тэнгэр үзлээс нь салгахгүйгээр амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгож, тусгайлан шат дараалсан арга тактик боловсруулан хэрэгжүүлжээ. Эхний ээлжинд Манжийн төрөөс явуулсан нарийн судалгаанд үндэслэн Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг улаач нарыг тодотгожээ. Тэгээд тэднийг янз бүрийн арга заль, хүч хэрэглэн цуглуулж бөөнөөр нь зуу, зуугаар нь шатааж генацит хийж устгасан байна. Тодорхой жишээ дурьдвал Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. Энэ мэтчилэн Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд Монголын нутагт цөөнгүй байна. Ийнхүү Монголын олон язгуурын бөө нарыг үндсээр нь устгаж чадсан байна. Харин Алтай, Тагни, Хөвсгөл, байгалийн тайга нутгаар амьдардаг цөөнгүй “улаач” энэхүү хядлагаас зугатааж чадсан юм.
    Амь өршөөгдсөн зарим “тэнгэрийн улаач” нарын хүзүүний шөрмөсийг нь таслаж, бөөлж чадахгүй, насаараа толгой гудайн явахаар болгож, эргэж ирэх боломжгүй алс холын Шанхай, Нанжин хотын ойролцоо газарт цөллөгт явуулж байлаа. Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд цөөнгүй байна. Судлах шаардлагатай юм.
    Дараагийн шатанд Манжийн хааны цэргийн хүчний туслалцаатайгаар Алтан хаан Авдай ноён хоёроос эхтэй монгол бөөгийн эсрэг явуулсан тэмцэл бүр хүчээ авч Монгол айл өрх бүрт байсан онгон сахиусуудыг зарлигаар хураан авч шатааж байсан гэдэг. Харин оронд нь өөрсдийн бурхадын хөрөг зургийг үнэ төлбөргүйгээр гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ
    Монголчууд бөө, удганыг залж бөөлүүлсэн байвал хэдэн удаа хэдэн бөө залж бөөлүүлсэн байна, түүний тоогоор адуу ав, дээд ноёд түшмэд бөө, удган нарыг гэртээ авчаачиж бөөлүүлсэн байвал 5 толгой торгоор торгох доорх хүмүүсийг нь хоёр адуу, бусад эд бараагаар торго гэж заажээ.
    Монгол бөөгийн уг үе дамжин удамшдаг чанарыг судалсан гадныхан бөөгийн залгамж халаа төрж буй бяцхан иргэдийг эртнээс тодруулан шашины сургуульд шавилан суулгаж, авьяас билиг нь тодрох үед “хувилгаан” цолыг олгох бодлого баримталсан байдаг.
    Ийнхүү шашины сургааль суралцсан, бөөгийн “онгод” эргэлдсэн Шарын бөө төрж, бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг. Энэ үеэс эхэлсэн шарын бөө гэдэг ойлголтыг зарим хүмүүс Монголын бөө нар шарын шашинд дагаар орж шашны ном сургаалыг бөөгийн ном сургаалтай хослуулан хэрэглэдэг болсон юм гэж тайлбарладаг. Харин буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна.
    Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дүнд тэр нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ. Монголын бөөгийн их эртний тэнгэризмийн үзэл санааны дор бүтээгдсэн овоо тахилгын ёс, гал тахилгын ёс зарим нэг тахилгын монгол уламжлалт тэнгэртний шүтлэгийн мөргөл тахилга, тангараг дуудлагын зүйлийг бурханы шашны зан үйлд тохируулан оруулж, дуудлагуудын өмнө шашны үг хэллэгээр чимэн олон төрлийн сан тахилгын судруудыг бүтээжээ.
    Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр дуртайяа болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашныг сайн дураараа хүлээн авч бурхны шашинд орцгоосон байдаг.
    Монголын хөгжлийн сүүлчийн 300-аад жилийн түүх нь Буддагийн шашныг сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж, монгол бөөгийн шүтлэгийн олон онгодыг буддын шашны аврал шүтээнтэй адилтгаж, Чингис хааныг маань хүртэл буддын шүтээн Важрапанын (Базарваани) хувилгаан хэмээн зарлав. Одоо ч иймэрхүү байдал ажиглагдаж Чингис хааныг маань буддын хувилгааны дүрээр зурж Төрийн ордондоо залдаг болжээ.
    Чухам энэ үйлдлээр шашин, шүтлэгийн ялгаа харагддаг юм.
    Манжийн хааны “буцалтгүй” тусламжаар анхны томоохон хийдийг монгол нутгийн төв хэсэгт барьж бэлэглэв. Хөгжлийнхөө оргил үед сүм хийдийн тоо 700 хүрч байсан. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов.Бурханы хийд байгуулж эхэлсэн нь монголчуудын оюун санааны ертөнц эзэн сууж эхэлсэнийг тунхагласан хэрэг билээ. Оюун санааны дараа төрийг эзэмших нь тодорхой байлаа. Тэр бодлого хэрэгжиж чадсан юм. Монгол төрийн толгойд шашин, төрийг хослогчийг Манжаас томилж байсан. Эхлээд шашины хэргийг богд цолтон хариуцаж, манжийн тоглоомын засгийн толгой нь болж, хэрэг дээрээ өмнө зүгээс монголчуудыг зангидан захирч байлаа. Манжийн төр, шашин хоёр монголыг залгив.
    Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч юуны өмнө Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах зорилгоор Түшээт хан Чанхудорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цугларчээ. 1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Тус чуулганаар Манжийн төрд гавьяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ. Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг Манжийн харьяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан юм.
    Мянганы суут хүн Чингис хаандаа зориулж, ганц л наадам хийж байгаагүй. Биднийг тэгтэл нь үндэсний бахархалтай бүхнээс салгаж чадсан. Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ойтохиосон боловч хэн ч наадам зохиосонгүй. Монгол Улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгсөн өвөг, дээдсүүд, тухайлбал Лэгдэн, Галдан бошигт, Чингүнжав, Амарсанаа нарынхаа алдрыг тэмдэглэж чадахгүй байгаа атлаа юун яаран дааран тусгаар тогтнолоо бусдад худалдагсадын алдрыг “битүүндээ” тэмдэглэнэ вэ. Тэгэхлээр бид хэний ойг хөл алдан тэмдэглэв?. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн нэг зун хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү өвөг дээдсээ үл ойшоож байгаад гайхширмаар. Даншиг сайхан болж өнгөрлөө. Манжийн хааны сүнс тэнгэрээс харан баясаж, хотын дарга нар хамтран оролцож, монголын 450 гаруй сүм хийдийн 5 гаруй мянган лам нар баярлалдан гүйлдэж, хоёр мянган цагдаа хамгаалах үүрэг гүйцэтгэж, хотын нийтийн тээвэр үнэгүй үйлчилэв. Монголын гол телевиз даншигийг шууд дамжуулж, зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ тэрбумаар тооцогдохоор байна.
    Харин эзэн Чингис хаан энэ мэт баатруудынхаа алдрыг жил бүр тэмдэглэн наадам хийж байвал олон түмэн илүү зөвөөр ойлгох байх аа.
    Бид Өндөр гэгээн Занабазарын монголын бурхан шашинг дэлгэрүүлэх, урлаг соёл, гүн ухаан, орчуулга, боловсролыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгээгүй. Түүнтэй хамт дорно дахины соёл орж ирсэн нь үнэн.
    Гэхдээ тэр нь тусгаар тогтнолоос илүү үзэхээр эрхэм зүйл мөн гэж үү.
    Харин улс төрийн үр дагаврыг эн түрүүн анхаарах ёстой гэж үзэж байна.
    Манжийн төрөөс явуулсан бодлого бол монголчуудыг хооронд нь зөрчилдүүлж хүчийг нь барах, улмаар гол шүтлэг Мөнхтэнгэрийн шүтлэгээс татгалзуулах асуудал байв. Тиймээс тэд монголд харийн хэл мэдэхгүй шашинг манжийн хааны зарлигаар оруулж түгээсэн билээ. Мөнхтэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг өөртөө шингээсэн шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Энэ зун монголд айлчилсан шарын шашины тэргүүн монголчуудад шашины сургаалаа эрчимтэй орчуулж сурталчлахыг айлдсан байх юм. 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй? байна.
    Түүхийн олон зуун жилийн турш харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин,сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.
    Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудыг язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.

    djmedia:835
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД в. Монголын нүүдлийн аж ахуйн хөгжилт дэлхийд үлдээсэн мөр.

    Монгол улс бол түүхэн их уламжлалтай мал аж ахуйн орон мөн. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор боловсруулж, байгаль орчинтойгоо харилцан тэтгэх битүү хэлхээ үүсгэдэг онцлогтой болой.
    Малын нутаг усны тохиромжтой байдлыг харгалзан төрөлжүүлэн маллах ажлыг хийж байжээ. Юан гүрний хаад мал өсгөн үржүүлэх ажлыг эрхэмд үзэж улсаас мал сүрэг өсгөн үржүүлэх ажлыг тусгайлан хийж, малсүргийг голчлон монгол газар төвлөрүүлж, монгол хүнээр дагнан маллуулж байсан нь илт байдаг.
    Үхэр бол хонин сүргийн дараа орох монгол хүний амьдралын чухал хэрэгцээт мал байжээ. Тэр үед үхрийг голдуу мах, сүүний чиглэлээр өсгөж байснаас гадна нүүдэл, тээвэрт хэрэглэдэг байжээ. Адууг бусад малаас илүү их эрхэлж, төрийн бодлого болгон үржүүлж байсан тухай мэдээ сэлт сурвалжид их дайралдана. Юан гүрний үед монголд тэмээн сүрэг нэгэн адил байж холын аян жин тээхэд нэгэн адил хэрэглэж байжээ.
    Өнөөгийн төрийн бодлогод гэрийг утаа үүсгэгч гэж ад үзэх, дан орон сууцаар хангах тухай ярих болжээ. Тэгвэл монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлог болсон гэр бидний үндэсний бахархал юм. Үе, үеийн монголчуудын үндсэн орон байр нь гэр байжээ. Монголын хаад ноёд баяр ёслолын үеэр “Алтан тэрэм”7\“МНТ” 187\ зэрэг томоохон хэмжээний орд өргөө хэрэглэж байжээ. “Алтан тэрэм” хэдэн зуу, заримдаа хэдэн мянган хүн багтах, засаж чимэглэсэн том эсгий гэр байжээ.
    Бат хан өрнө зүгт аян дайн хийж явахдаа Чингис хааных шиг алтан ордонтой байсан. Алтан ордоны хан Бэрхийн өргөөний талаар Тинзенгаузенд өгүүлсэн нь: “Бэрхэ ханы өргөө нь 500 хүний багтаамжтай, цагаан эсгий бүрээстэй, дотор талыг нь торгоор бүрхсэн, эрдэнийн чулуун сувдаар гоёж чимэглэсэн байв” гэжээ.
    Гэр тэрэг1 бол ердийн гэрийн адил барьж буулгадаггүй, харин тусгай тэргэн дээр байнгад барьж бэхэлсэн, ялангуяа аян замд хэрэглэхэд ихэд тохиромжтой сууж байжээ. Энгийн гэр-тэрэгнээс гадна хаад, ноёдын хэрэглэж байсан “Орд-гэр-тэрэг” гэдэг гэр тэргэн орд байжээ.2 Ийм гэр-тэргэнд 22 үхэр хөллөж байсан ба тэрэгний гол нь хөлөг онгоцны далбааны шураг баганы чинээ том байсан гэнэ.44 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.
    Монголчууд гэрээ заавал зүүн өмнө зүг харуулан барьж, гэрийн зүүн хойно гэрийн эзний ор дэрийг засдаг байжээ.Гэрийн зүүн талд бүсгүйчүүд, баруунталд эрчүүл суудаг заншилтай байсан байна. Эр хүн гэрт ороод хуягаа бүсгүйчүүдийн талд өлгөх, тавих ёсгүй байжээ. Гэрийн эзний орны толгойн хананд эсгийгээр хийсэн онгод дүүжилж байсан.
    Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв. Жуулчин Плано Карпини бичсэн нь: “Залуу бүсгүйчүүд, эхнэр хатагтай нар нь эрчүүд шиг морь унаж, чадамгай давхиж явна. Тэдний хуяг өмсөж, нум сум агсаж явахыг бид мөн үзлээ. Эр, эмгүй мориор удаан тэсвэртэй явж чадна. Тэдний эхнэрүүд бүх юмыг хийнэ. Дээл цамц, гутлыг бүгдийг нь арьс ширээр оёно. Тэд мөн тэрэг жолоодно, тэрэг засна, тэмээ ачна. Энэ бүхэнд тэд тун хурдан шаламгай ажээ. Бүсгүйчүүд цөм өмд өмсөх бөгөөд зарим нь эрчүүд шиг харваж намнаж чадна”3. 3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал. Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ.
    Монголд төрөл бүрийн мэдлэг хөгжиж байсны жишээ бол ардын эмнэлэг болно. Монголчууд эртнээс галыг шүтн тахиж байсны зэрэгцээгээр галын ариутгах чанарыг мэдэж түүний өвчин эмгэг, халдвараас ариутган цэвэрлэх зорилгод хэрэглэж байжээ. Тэр үеийн эмнэлэг бөө мөргөлийн зан үйлтэй их хутгалдсан байсан учир эмчилгээнд гүрэм дом зонхилж байсан нь мэдээж хэрэг. Бөө удган нь эмч домчийн үүргийг мөн нэгэн адил гүйцэтгэж байжээ.
    Г. Эдийн засгийн салбарт хүрсэн амжилт
    Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилцан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.
    Зарим нэг улс оронд тохиолдсон эдийн засгийн хямралыг эн тэргүүнд мөнгөний шинэтгэл хийж шийдвэрлэж байжээ. Тэр үед улс даяар гүйлгээнд явах алт, мөнгөний ханш жигдгүй, нэгдмэл мөнгөн тэмдэгт үгүй байжээ. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их бэрхшээл тохиолдож байсан ажээ. Тийм учир цаасан мөнгө, зоос гаргаж тараасан байна. Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгтэй болсон нь улсын эдийн засаг, аж ахуйн хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.
    Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ ч өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. 1 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.42-р тал.
    Их Монгол улсад хот байгуулалт олноор бий болж хөгжсөн явдал улсын эдийн засгийн хөгжилд ашигтайгаар нөлөөлөв. Өгэдэй хаан хот барьж босгох талаар хамгийн их ажил хийсэн бөгөөд Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг барьж гүйцэтгэсэн юм. Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймэл мод хотын үзэсгэлэнт зүйлсийн нэг нь болж байжээ. Хархорумд барих орд харш, сан хөмрөг байгуулж байжээ. Ер нь монголчууд мал, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг зэргэлдээ улс орондоо худалдаж байсан эрт урьдын түүхтэй улс юм. Энэ нь Юан гүрний үед бүр ч өргөн дэлгэр болжээ. Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж байжээ.
    Хубилай хааны “дөрвөн орд” хэмээн түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Нэгдүгээр орд нь Хаанбалгасан /Бээжин/ хотод, Хоёрдугаар ордон хот нь дээр дурдсан Шанду хот, Гуравдугаар ордон хотыг Алтайн арын Цагаан балгас, дөрөвдүгээр орд хот нь Эрчүүлийн эхний Ланхин хот мөн гэж Шар тууж зэрэг номонд өгүүлснийг түүхч Х.Пэрлээ зөв гэж давхар баталжээ. Дээрх байдлаас сүүлчийн нэг нь өнөөгийн Монгол улсын нутагт ч байж болох байна.
    Монгол нутагт төрөл бүрийн төмөрлөгийн хүдрээр баян нь минерал бодисын тухай ойлголтыг хөгжүүлхэд дөхөм болсон төдийгүй мөн төмөрлөгийн үйлдвэрлэл үүсэн хөгжихөд ч таатай нөхцлийг хангаж байжээ. Цагаан ширэм, болдын дээжийг мэргэжилтэн нар судалж үзэхэд цагаан ширмийг 1350 градусын температурт хайлуулдаг байсан нь батлагдав. Тийм хэмжээний температурт гар ажиллагааны хөөргийн хүчээр хүрч болохгүй бөгөөд харин Орхон голоос Хархорум хотод татан оруулсан усны хүчээр ажилладаг хөдөлгүүрийг хэрэглэж байсан байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.11 С.В.Киселев, Л.А.Евтюхова и др. Древнемонгольские города. М. 1965. Стр 178. Тэр үеийн монголын минериал бодисын мэдлэг, төмрийн ур дарханы ажиллагаанд харь орнуудын мэдлэг ухаан, ур чадвар багагүй нөлөөлж байсныг мөн тэмдэглэх хэрэгтэй.
    Өгэдэй хаан монголд маш олон гар үйлдвэр нэмэн байгуулж түүнд дотоод гадаадын олон уран дархчуул, барилгачдыг ажиллуулж байсан гэдэг. Тэр үед монголын хаад, язгууртны хэрэгцээг хангах гар үйлдвэрийн төвийн нэлээд хэсэг нь хэдийгээр хятад нутагт байлаа ч гэсэн цэргийн зэвсэг дэлдэх, нум сум, илд бамбай, гэрийн мод, тэрэг хийх, онцын амттай монгол архи нэрэх зэрэг зарим чухал үйлдвэрлэл монгол газар, монгол хүний гараар хийгдэж байжээ. Юан гүрний монголд гар урчууд, гэрийн мод, эмээл, хазаар, чөдөр, аргамж зэрэг мал аж ахуйн хэрэглэл, домбо, суулга, тэвш, халбага, айргийн хөхүүр зэрэг хоол ундны хэрэглэл, нум сум, хутга, жад, бамбай зэрэг зэвсэг чадамгай хийдэг болжээ.
    Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан, худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу /Кантон/ зэрэг 6 том боомт нээжээ.
    Монгол нутагт мал сүргийг тэнцүү хуваарилан өсгөх, говь нутгийг малын бэлчээрт ашиглах зохион байгуулалттайгаар худаг гаргах, хужир давсыг нь ашиглах, ан амьтныг хамгаалах зэрэг ажлыг Өгэдэй хаан санаачлан хийсэн нь Их Монгол Улсын үйлдвэрлэх хүчин, аж ахуй, эдийн засгийн хөгжлийн чухал нөлөө үзүүлжээ.
    Монголын хааны засаг төрийг эзлэгдсэн орнуудын амьдрал, худалдааг тэтгэж дэмжих, эзлэгдсэн орнуудын дайны хөлд сүйдсэн үйлдвэрлэхүй хүчнийг сэргээх, тэдгээр орны ард олноос авах алба гувчуурыг нарийн чанд болгох зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн байна.
    Чингис Өгөөдэй тэргүүтэй Их Монгол Улсын хаад худалдааг их эрхэмлэн, түүнийг хөхүүлэн дэмжиж, гаднаас ирсэн худалдаачдыг гааль татвараас хөнгөлөх, эрх ашгийг нь хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зэргээр тэдний худалдааны сонирхлыг дээшлүүлж байжээ.
    Ихээхэн орлого бүхий зарим зүйл дээр улсын онц эрх тогтоожээ. Архи дарс, цуу жангийн зэрэг исгэлэн шүүс, цай, давс мэтийн хамгийн өргөн хэрэгцээний орлого сайтай зүйл цөм улсын онц эрх болсон байв. Хэрэв хувийн этгээд архи дарс нэрэх зэргээр улсын онц эрхийг эвдвэл хатуу цээрлүүлэн шийтгэдэг байжээ.4“Юан улсын судар” 94-р бүлэг. Ялангуяа давсны онц эрх эдэлснээр улсад маш их орлого ордог байжээ. “Юан улсын судар”-т: “Улсад түүний ашгийг тус болгоход маш их л ину давсанд хүрэх нь үгүй болой”5 гэж тэмдэглэсэн байна.
    Хааны гааль гувчуурын бодлого улсын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болов. 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын хэмжээг хуульчлан тогтоожээ. Түүнээс гадна малын татвар, газар тариалангаас авах гувчуур зэргийг нэгэн адил тогтоожээ. Тэгэхдээ энэ газар тариалангаас авах гувчуур гэж сурвалжид тэмдэглэсэн нь ихэнхдээ эзлэгдсэн орны суурьшмал иргэдтэй холбогдол бүхий ажээ.
    Хуучин Оросын вант улсууд гагцхүү алба гувчуур төлж байжээ5 гэсэн байна.Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.438-р тал.
    Мөнх хаан улсын дотор мөрдөх алба татварын журмыг дахин цэгцэлж, жинхэнэ монгол нутаг ба бусад нүүдлийн мал аж ахуйт орны 100 мал тутмаас жил бүр нэгэн толгой мал татах, 100 хүрэхгүй малтай айлыг алба оногдуулахаас хэлтрүүлж, урьдын албаны дутууг нөхүүлэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон байна.3 Рашид-ад-Дин II боть. 142-р тал. Улс даяар Чингис, Өгэдэй нарын зариг ёсоор будда, лалын ба загалмайтны шашны ихэс лам нар, өндөр настангууд, ажил үл чадагчдыг албанаас чөлөөлж байсныг хэвээр явуулжээ.
    Тэрчлэн Өгэдэй хаан зуун хонь тутмаас нэгэн хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй хэмээн зарлиг гаргаж ядуу ард түмний амьдрал ахуйг харж, тэтгэн дэмжиж байжээ. Мөнх хаан Хүлэгүд “Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ёс заншлыг дагах хэрэгтэй. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрөлх нутагтаа эргэж ирээрэй”1 гэсэн үг өнөөдөр чухал хэрэгтэй мэт санагдав. Рашид-ад-дин. Джами ад таварах. 33-р боть. Баку. 1957.22-р тал.
    Эцэст нь монголчуудад санамжтай нэг зүйлийг давтан бичиж байна. Энэ бол монголчуудын эсрэг бүтээсэн бурханы тухай дурьдахыг хүсч байна. Хятадууд монголчуудыг дарах Майдар бурханыг бүтээв. Тун ч удалгүй Майдар бурхан амилж “Мин ван” төрнө гэх мэтээр өөр хоорондоо зөгнөн ярилцаж улирах цагийг харж суудаг байжээ. Тэгээд нэгэн цагт олон улс орон, угсаатан ястныг зэвсгийн хүчээр нэгтгэн захирч байсан монголчуудын ноёрхол мөхөх нь зайлшгүй. Түүний төлөө Майдар бурханыг бүтээн залж, Монголчуудын хийморь лундааг дарж, номхотгон, хятадууд Майдар залах зан үйлээр нэгдэж боссон түүхтэй. Монгол Улсад монголчуудын эсрэг бүтээсэн Майдар бурханы нэрээр нэрлэсэн хот байгуулж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.

    djmedia:831