Манай байгуулагад бөөгийн шүтлэгтэн хэн ч байсан ирж бүртгүүлээд гишүүнээр элсдэг, ямар ч саад байдаггүй. Харин гишүүн болсноороо Монгол бөөгийн ёс зүйн шаардлагыг биелүүлэх болдог. Уламжлал, ёс зан үйлээ зөв яваа хэнд ч энэ бол нэмж үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. Өөрийн бөөлөлтөө харуулаад бол оо.
Манай байгууллага бөөлөлтийг нь дүрсжүүлж, баримтжуулдаг. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт бөөгийн уламжлалт дэг жаягаа авч яваа олон бөө нар гишүүнээр элсэж албан ёсны бүртгэл, үнэмлэх, тэмдэгтэй болсон. Бас нөгөө талдаа энэ цаг үед амьдарч байгаа олон сайхан бөө нар өөрсдийн зургаа, зан үйлээ түүхэнд баримтжуулж үлдээж байгаа.
Харин олон зуун болон олон арван жилээр уг нь завсардсан буюу орчин цагийн олдмол дэг жаягаар “боссон” бөөд асуудал үүсдэг. Олон арван бөө нар манайд элсэж зөв чиг хандлагаар явж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаад уламжлалт бөөгийн замд орж байна гэсэн үг. Нилээд хэсэг нь өөрсдийгөө буруу замаар орсон гэж үзээд бөөгөөс татгалзаж байна. Цаг алдалгүй асуудлаа зөв шийдвэрлүүлэх нь олон талаар хувь хүнд ашигтай. Эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалд цаана нь агуулагдаж байдаг.
Манайд гишүүнээр элссэн бөө нар цаг хугацааны явцад хатуу шалгуурыг давж өөрийгөө батлан харуулж байна.
Гэтэл өөрсдөдөө ямар нэг хэмжээгээр итгэлгүй, бөөг мөнгөний нүдээр хардаг иргэд, бөө нар биднээс зугатдаг. Хариуцлагаас бэргэдэг. Гэвч үнэнд гүйцэгдэж байна. Яаж гэдэгт хариулъя.
МБНЭ-д хандагсадын саналыг бид албан ёсоор бүртгэж авдаг. Энэ нь цаг хугацааны явцад хаана байрладаг, хэн гэдэг бөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болдог. Ялангуяа хүний амьдралаар тоглодог, өнгө мөнгөний хойноос явагсад нь өөрсдийн нэрээ ихэд нууцалдаг, бас ойр, ойрхон оршин суух хаягаа өөрчилдөг. Багш болчихоод, эсвэл зан үйл хийчихээд иргэдээс мөнгийг нь авчихаад сураггүй алга болдог. Нэг улаач хэт олон зуун шавьтай байх нь бас ёс зүй зөрчиж байгаа хэлбэр, тодорхой үзүүлэлт мөн юм.
Монгол бөөгийн байгууллагууд, бөөгийн багш доорх чиглэлээр онгод, сахиус, “эмээ, өвөө”-өөр уг барьж босгож байна.
Нэгдүгээрт: Олон жил уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн буриад бөө өнөөдөр тоон үзүүлэлтээр гол байр суурийг эзэлж байна. Сүүлийн хориод жил буриад бөө чанараас тоо руу шилжсэн байдал харагддаг. Буриад бөө нь Монголын баруун зүгийн бөө нарыг бодвол шашины зан үйлтэй ихэд холбоотой байдаг. Энэ бол бөөд нөлөөлсөн гадны нөлөөлөлийн ул мөр юм. Монголын зүүн аймгуудад буриад бөө ихэд дэлгэрч байгаа бөгөөд зарим аймгуудад өөрийн дугана, хийдтэй болж шашинлаг хэлбэрт шилжиж байгаа харагддаг. Тэдгээр төвүүдэд буриад бөө нар зуны улиралд хэдэн зуу, мянгаараа цугларч чанар хийдэг. Зуу, зуугаар тоологдох шавьтай буриад бөө нар цөөнгүй бий.
Түүхийн явцад, гадны нөлөөгөөр бараг бүрэн устсан халх бөөг бий болгох явц цаг хугацааны сорилыг туулж явна. Эрэл хайгуул үр дүнд хүрнэ. Тэгэхдээ цаг хугацаа их шаардах болов уу. Олон талаараа буриад бөөгөөс эх авсан халх бөө монгол бөөд тоогоор тэргүүлж байна. Чанар авахаас эхлээд олон зүйлээр ижил төстөй зүйл их харагддаг. Тэр чанараараа хэлбэр хэв маягаа орчин цагийн өнгө аясаар өөрчлөн эрчимтэй хөгжиж байна.
Зуны улиралд хэдэн мянгаар тоологдон уг авах халх бөө, хүний тооны хувьд нэн хурдатай өсч байна. Олон зүйлээр шашины зан үйл нэвт шингэсэн байдал ажиглагддаг. Бөөд уг оруулахдаа сахиус оруулдаг. Аль, аль бөө нь зул дээр босдог. Чанар хийхээр товлосон газар хэдэн зуугаар цуглардаг. Эхний хэдэн жилдээ бөө бологчдын тоо мянга руу дөхөж байв. Одоо тоо нь багасчээ.
Чанарын үед их багш, дунд багш, бага багш нар удирдана. Багш бөө нь шавь нартаа хар, цагаан тэнгэр, дорлигын сахиус босгоно. Тус тусдаа хуягтай, жил дараалан угаа босгодог. Хуяг дуулгаа хэд хэдэн чемоданд хийнэ.
Их, дунд, бага багшийн шавь, шавь нарын босгосон шавь гээд бөөгийн тоо хурдтай нэмэгддэг. Ингэх явцдаа зохиомол жаяг ч их нэмэх болжээ. Тухайлбал өмнө зүгийн халх бөө нарт чанарт ирэхдээ дөч гаруй зүйлийг бэлтгэх шаардлагатай байдаг. Жишээлбэл түүнд “соёмботой архи 2ш, АПУ-ийн архи 4 ш, ердийн архи 10 ш, баавгайтай чихэр 2 кг, тэгээд сүү, ааруул, хадаг, торго, арц төрөл бүрээр, …” гм 45-50 тоо заасан зүйлийг чанарт ирэхдээ авчирна.
Нэг айлаас хэд хэдэн бөө босгоно. Энэ бол монгол бөөд бий болгож байгаа хэцүү, төвөгтэй үзэгдэл. Олноор босгож байгаа бөө нарын шалгуур хугацаа 2-4 жил байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болдог.
Хоёрдугаарт: Монгол бөөд “эмээ, өвөө” босгох зан үйл байна. Үүнд “яс болон махан” талаас бус “эмээ болон өвөө” босгох асуудлыг хамруулж байгаа юм. Энэ байдал монгол бөөд багагүй байр суурь эзэлж байна.
Гуравдугаарт: Эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар уг босгон бөө болгох хэлбэр хамаарч байна. Уламжлалт бөө нь шашины зан үйлээс ангид байхыг эрмэлзэнэ. Үүнд дархад, цаатан, тува, ойрад бөө нар хамаарч байна. Энд дурьдахад монголын баруун зүгийн бөө нарын хуяг хэнгэрэгтээ багтдаг, морин дээр үүрээд явчихдаг. Голдуу ганц хуягтай байдаг.
Бид Монгол бөөд уламжлалт бөөг илүүтэй хамгаалан хөгжүүлэх бодлогыг баримталж, эрмэлзэж байна.
Үүссэн нөхцөл байдал нь бөөд багш хүний үүрэгтэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох шавь нарын тоотой багш бөөтэй холбоотой байна. Олон зүйл нуршилгүй, МБНЭ-д ирж бүртгүүлсэн тохиолдолууд, өөрсдийн бүтээсэн түүхээ элдэв тайлбаргүйгээр дурдъя. Бөөд бий болсон байдал яагаад гэдэг асуултанд хариулт өгөхийг шаардах болно.
Багш бөө шавиа жинхэнэ онгодтой нь холбосон эсэхээс олон зүйл шалтгаална. Олонд нэр хүндтэй удган нэг айлын бүх хүнийг, эцэг, эх, хүүхдүүдийг бөө болгосон хэд хэдэн тохиолдол байна. Дээрх удган, бас олонд нэртэй нэгэн зайран шавь нараас нь МБНЭ-ийн үйл ажиллагааг сонирхосон байдаг. Гэтэл тэдгээр багш нар олон шавь нараа цуглуулан манайд хандсан шавийн эсрэг, бөөгийн хатуу зан үйл хийж айлган сүржигнэх тохиолдол гаргаж байлаа.
Иргэн Э нь МБНЭ-д хандав. Зөв газраа хандсан учраас асуудлаа ч хурдан зөв шийдвэрлүүлэв. Тэрээр Д гэдэг зайранд очсон бөгөөд “онгодоо хурдан авахгүй бол үхнэ” гэсэн байв. Ийм маягаар хандагсад маш их байдаг. Нэртэй зайран Б-д шавь орж багагүй хөрөнгө зарсан боловч “бөө болсонгүй” гэж гомдол гаргажээ.
Иргэн Г нь сахиусаа залаад нэг жил болсон, багш одоо өөрийг нь биш байна, дүүд нь “сахиусыг нь шилжүүл” гэсэн, зөвлөгөө авахаар манайд хандав.
Иргэн А хэлэхдээ Х багшид шавь орсоноос хойш 1,5 жилд гэр бүлээс нь таван хүн нас баржээ. Үүнийг тохиолдол гэж үзэхийн аргагүй юм.
Бага нуурт байдаг зайран З олон шавь босгож байна. Олон хүний амьдралаар тоглож байна. Баян хошуунд амьдардаг Э гэдэг удган, ахын хоёр хүүг уг авахуулсан одоо намайг уг ав гэсэн яах вэ гэв.
Бага нуурын удган Б бидэнтэй уулзсан. Өмнөговьд амьдардаг. Эхлээд ээжийг цагаан тэнгэрээр сахиус залсан, дараа нь ахыг харын тэнгэрээр сахиус залсан, энэ жилээс намайг дорлигын тэнгэрээр сахиус зал гэлээ. Одоо яахав.?
Телевизээр байнга өөрийгөө сурталчилдаг удганд очсон, маш өндөр үнэ хэлээд бөөгийн угаа ав гэсэн. Гэтэл манайд шалгаад үзэхэд үнэн хэрэгтээ татаж унадаг өвчтэй хүүхэд байсан.
Зайран Б дүүг нь угтай гээд бөө болгожээ. Багш нь их зэрлэг, очихоор нь үсдээд зоддог, чанарт яв гэдэг, тэр чанар дээр архи ууцгаагаад хоорондоо зодолддог. Багш нь жилд 2-оос доошгүй шавь босго гэж үүрэг өгдөг. Үүрэг биелүүлэхгүй бол цусыг нь сахиусанд тавьдаг.
Иргэн Б хэлэхдээ охиныг минь нэг зайран угтай гээд босгосон. Улааны сахиустай байна гэсэн. Бид увуулж цувуулсаар 11 сая төгрөг зарцуулаад байна гэв. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн билээ.
Дүү маань уг аваад архинд орсон. Ааш зан нь эвдэрсэн. Байр, унаагаа зараад амьдрал нь уруудсан. Анх уг авч байхад хүчтэй эрчтэй байв. Суларсаар суларсаар одоо юу ч үгүй боллоо. Яах вэ.
Зайран Э нь Баянхошуунд байдаг О удганд шавь орсон. Нэг зэрэг 8 хүнтэй хамт бөө болсон. Удган Б-д хүүгээ шавь оруулсан. Чанар хийж 60 хүн нэг зэрэг уг авсан. Жил болоогүй нас барчихлаа.
Нэгэн эх бидэнд хандав. Хүү нь тархины гэмтэлтэй. Унадаг, татдаг, сэтгэх ямар ч чадваргүй. Гэтэл Бага нуурын нэг удган хүүг уг авбал эдгэнэ гэв. Тэгээд олон сая төгрөг зарцуулж бөө болгосон боловч одоо ямарч өөрчлөлт орсонгүй хэвэндээ гэв.
Баянхонгорт нэг малчны эхнэр бөө болжээ. Тэгээд багш нь эхнэрийг маань улаан маханд хүрэх ёсгүй гэсэн. Хоол хийхгүй болсон, миний нуруун дээр ачаалал ирлээ яах вэ гэв.
Дорноговь аймагт Ө гэдэг багштай, З гэдэг удган “танайхаас олон хүн үхэх нь” гэсэн, тиймээс 20 тэмээгээр засал хийлгэсэн, тэгээд утсаа салгаад алга болсон.
Төв аймгийн нэгэн суманд байдаг иргэн С-д тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Зайран Х-д очжээ. Эхлээд ах Мя-гийн угийг барьжээ. Гэвч удалгүй гэрийн муур, нохойгоо ална гэж хөөцөлдөх болов. Шөнө унатахаа больсон. Улмаар галзуурсан. Багш дээр очиж, 9-н дорлигоор засал хийлгэсэн. Гэвч удалгүй хавдартай болж, бөө болоод 4 дэх жилдээ тэнгэрт хальсан.
Түүнийг дагаж очсон дүү Мө-г угтай байна гээд бөө болгосон. Гэвч бас л өмнөх зүйл давтагдаж, архинд орж, улмаар галзуурч эхэлсэн. Одоо яах вэ.
Боломжийн чадавхитай айлын хүү бөө болжээ. Хүүдээ тусгайлан их хөрөнгө зарж, онгодын өргөө барьж чамгүй хөрөнгө заржээ. Гэтэл одоо нэг л болохгүй болчихлоо.
Дорноговь аймагт Улааны тэнгэр залдаг бөө бол хамгийн хүчтэй хэмээн олон зуун шүтэн бишрэгчдийг бөө болгожээ.
Сэлэнгэ аймгийн нэг суманд амьдардаг зайран А нь нэгэн айлын охиныг удган болгожээ. Гэвч удалгүй охин нь нас баржээ. Түүний сахиусыг ээжид нь шилжүүлсэн байх юм. Бас нэг охиныг нь угтай гэж бүрэн итгүүлж чанартаа дагуулж явах болов.
Монгол бөөд техник хэрэгсэлээр буюу Аурагаар бөөгийн уг тодруулдаг болов. Ингэснээр монгол бөөгийн олон уламжлалт чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол… биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгүүлсэн. Залуухан, залууханаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шүү. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ.
Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгнийг “бөө болгож” өгдөг болжээ. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Олон бөөгийн байгууллагын дунд нэгийг нь нөгөөд нь муулж, бас зөрчилдүүлж явдаг, зан үйлд нь олон сая төгрөг зарцуулсан гэх боловч ноён нурууг үзүүлэхдээ өөрийгөө 1000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлдэг хүн олон байна. Бид цөөхүүлээ, тиймээс хаана ч явсан, хэний ч ул мөр нь тодорхой харагдаж байдаг.
Бөөд үүссэн нөхцөл байдлыг бөөгийн байгууллагууд, улаач нар хамтын хүч, нэгдсэн бодлогоор богино хугацаанд цэгцэлж чадна. Тэгэхгүй бол цаг алдсаар байх болно. Биднийг цаг хугацаа хүлээхгүй.
Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд бөөг “тэнгэр”-т цэгцэлэхээс гадна газарт улаач нар, бөөгийн байгууллагуудын хамтын хүчээр өөрсдөө зөв чиглэлд оруулах нь тодорхой байгаа юм.
/үргэлжлэл бий/
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Category: Индэр
-
Хоёр. “Онгод”-оор наадах цагаар
-
БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Нэг. МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал
Түүний цаана бөөгөөр мөнгө ологчдын олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая.
Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байв. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй бөө нэртэн олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн, шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Гэвч түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг анзаарахгүй байхын аргагүй юм.
Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарав.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
Завхан аймгийн Нөмрөг суманд бөө нар чанар хийжээ. Чанар дээр хэт согтсон бөө нар хоорондоо зодолдсон байна. Тэгээд нэгнийхээ аминд хүрсэн явдал гарсан. Түүнийг шүүмжилж бичсэний төлөө манай байгууллагыг цагдаад өгч шалгуулж байлаа. Зөвхөн энэ л жишээнээс харахад Монголын бөөгийн байгууллага хүнд сорилуудтай тулгарч байсан нь тодорхой харагдана.
Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь хүчирхийлж байжээ.
Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж, унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн арваар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Харин бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
Дорноговь аймагт хоёр залуу бөө болоод дөрвөн сар өнгөрөхөд 400 орчим шавьтай болсон тохиолдол гарав. Өндөр нэр алдартай зайрангийн угаа аваад 2 сар болж байгаа нэгэн “удган” 4 шавь босгож байхтай таарав.
Олонд нэр нь түгсэн нэгэн удган Хөвсгөлийн тайгад очиж, нэртэй, төртэй зайрангаас өндөр үнэ хаяж, “онгод” худалдан авах санал тавьж байжээ. Ийм үйлдлүүдэд ямар тайлбар өгч болох вэ.
Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Гурван настай “бөө” хэд, хэд тодорсоныг цаг үед нь таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Бөөгийн хуяг, хэнгэрэггүй мөртлөө “бөө” нэртэн ч цөөнгүй байна.
Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна.
Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
Гадна талаас бусдын хэлдээр ярьдаг харийн шашин газар авч, дотоод талдаа бөөгийн нэр баригчид олширсон энэ цаг үед энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэнд Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал яригдана. Нэгдэж, хамтарч, тодорхой бодлого, чиглэлтэй ажиллаж байж үр дүнд хүрэхээс өөр зам байхгүй юм.
Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал нь хамтын зүтгэл байх болно. Харь амиа бодсон үзэл санаа хана мөргөхөөс өөр тавилангүй.
МБНЭ байгуулагдах үед дээрх түүхэн нөхцөл байдал үүссэн бөгөөд бид ийм гараанаас үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. -
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
Монголчууд Их Монгол Улсаа байгуулсаны 800 жилийн ойг хүндэтгэн дурсаж, Та бид өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ хүмүн төрөлхтний түүхнээ алдар суугаа дуурсгасан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажилагаа, баярын концерт болсон.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Монголч эрдэмтэдийн их хурал Төрийн ордоны хурлын зааланд болж билээ.
Төрийн туг, сүлд, тамга, дуулал, ёслол, хүндэтгэл, алдар цол, гавьяа шагнал, зэмлэл шийтгэл, үсэг бичиг, мөнгөн тэмдэгт, хууль цааз, цэрэг арми, засаг захиргааны нэгж хуваарь, зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан татварын тогтолцоо, өртөө холбооны сүлжээ гээд төр, улсад байх ёстой бүхэн цогцолсон хийгээд тэдгээр нь хожмын цаг үед уламжлагдан шинэчлэгдсээр ирсэнийг харуулсан задгай талбайд хийсэн урлагын наадмыг Хар хоринд зохион байгуулсан. Тэнд Туркын андуудтайгаа таарч хамтдаа дурсгалын зураг авахуулж билээ.
Тэр үед хурлын илтгэлд “Ойрын ирээдүйд улс монголоо хөгжил дэвшил, мандал бадралын өндөрлөгт хүрэхийн төлөө та бид эрмэлзэн хичээхдээ эдүгээгээс найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргүүтэн зовлон бэрхийг туулан байж хагацсан улсаа хамтатгаж, төр улсаа төвхнүүлэн засаж, ард иргэнээ амаржуулан жаргааж, Хөх Монголоо хөрст этүгэн дээр дархлан манлай болгосон тэр аугаа их суу билиг, зарлигласан онол сургаал, шантаршгүй хатан зориг, амь хайргүй хичээл зүтгэл, бахархаад баршгүй үлгэр дууриалаас эдүгээ бүхий олноороо бүтээлчээр шимтэн суралцаж, дор бүрдээ сайн үйлс шамдан бүтээх нь эрхэм болоод байна.” гэсэн үг хоосон лозун болох ёсгүй билээ.
Д.Жаргалсайхан
-
Зураг түүхийг авч үлдэнэ-45 Энэтхэг-Монголын хамтын ажиллагааны нэгэн хуудас
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо, Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга С.Хүрэлбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нартай уулзаж ярилцав.
Яриа, уулзалтын үеэр хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны Гэрээ нь хоёр орны ашиг сонирхолд бүрэн үйлчилж, ирэх он жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын харилцааны хүрээнд бэхжүүлэхэд баттай үндэс суурь болсон хэвээр байна гэж үзсэн. Хоёр орны хооронд нягт, элэгсэг дотно хэлхээ холбоо хурдацтай хөгжиж байгааг харгалзан үзээд хоёр тал харилцаагаа шинэ түвшинд хүргэж ахиулахаар тохиролцож байсан.
Манай хоёр орон газар нутгийн хувьд алс хол оршдог боловч эрт дээр цагаас түүх, соёлын болон оюун санааны өргөн харилцаатай явж ирсэн уламжлалтай.
Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа харилцан ашигтай түншлэлийн хэмжээнд хүрч, төр засгийн удирдлагууд харилцан айлчилж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник, мэдээллийн технологи, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбар болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэллээ.
Манай хоёр орон нэг бүс нутаг, нэг тивд оршдог бөгөөд аюулгүй байдал, стратегийн эрх ашиг, сонирхолын хувьд ижил төсөөтэй, нийтлэг зүйл их бий.
Хоёр талын харилцааны болон олон улсын бодлогын асуудлаар баримталж буй бодлого ижил төстэй, бие биеээ харилцан дэмжсэн шинж чанартай байдаг. Тухайлбал Монгол Улсыг НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банкд гишүүнээр элсэхэд Энэтхэг улс үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа манай орныг НҮБ-д гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулган дээр Энэтхэгийн Ерөнхий сайд Ж.Неру Монголыг дэмжсэн жинтэй үг хэлж бусад орны төлөөлөгчдөд тодорхой нөлөө үзүүлснийг монголын ард түмэн халуун дотноор дурсан санаж, гүнээ хүндэтгэж байдаг.
Энэтхэгийн тусламжаар Монголд хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр, сургалт үр ашигтай болсныг тэмдэглэн Энэтхэг Улсын Засгийн газар Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд туслах зорилгоор Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологи, сургалтад ҮАБЗ-ийн ажиллагсадыг хамруулахад анхаарах болов.
Эхний ээлжинд төрийн мэдээллийн тогтолцооны хэрэглээний болон системийн программ хангамжийг хамгаалах, БНЭУ-ын олон улсын аюулгүй байдал судалдаг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай холбоо тогтоож олон улсын хурал, семинар, сургалтад хүмүүсээ харилцан урьж оролцуулах талаар тохиролцов.
Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлж байна. Монголын цэргийн албан хаагчид Энэтхэгийн цэргийн сургуульд суралцаж цэргийн хэргийн болон гадаад хэлний мэдлэглэгээ дээшлүүлж, олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн бусад ажиллагаанд амжилттай оролцож үүргээ биелүүлэх чадамжаа дээшлүүлэхэд ихээхэн түлхэц өгч байгааг тэмдэглэж байсан.
Манай ҮАБЗ-ийн ажлын албаны болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын ажилтнуудыг гадаад хэл, аюулгүй байдлын судалгааны чиглэлээр Энэтхэг улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар хамтран ажиллах санал дэвшүүлснийг хүлээн авч хэрэгжүүлсэн.
Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор Монгол цэргийн офицеруудыг Энэтхэгт сургалтад хамруулж байгаад өргөтгөхөөр болсон юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Др. С. Д. Прадан тус улсад айлчилсан нь Монголын ҮАБЗ, Энэтхэгийн ҮАБЗ-ийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан айлчлал болсон билээ.
Д.Жаргалсайхан-Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын
албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа -
ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 7 Харь хэл дээр уншлагатай бусдын шашин Монголд дэлгэрсэн нь
Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв. Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Өнөөдөр Монголд Иссусын 600 гаруй сүм, Бурханы 550 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болно. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна. Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, анандмарго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо нийлээд 4000 хүрээд байна. Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажиллагаа нь өөрийн гэсэн радио, телевизийн сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна. Асар их хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ. Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна. Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ. Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчууддаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан. 1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 14-20 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын гүйцэтгэсэн түүхэн үүрэг ийм үр дүнг авчирав. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ. Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэртээ онгодоо залдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. Глобал даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална. Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2226 жил болж байна. Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна.
-
Зураг түүхийг авч үлдэнэ-44 МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАГАНА
Хилийн багана бол үе үеийн хилчдийн амь, урссан цус, хувь хүний өөрийн ухамсарт амьдрал, түүний найдвартай ар тал болж ирсэн гэргий, гэр бүлийнхэний туулж өнгөрүүлсэн, одоо ч үргэлжилж байгаа эгэл жирийн иргэн хүний баатарлаг түүхийн цогцос юм. Хилийн хамгаалалтын зурваст мөнх цаст уул, ой, тайга, хээр тал, говь, заган ой, булга шанд, ховор мод, монгол нутгийн онгон байгаль дүр төрхөөрөө, тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг.
Зах зээлийн хүндхэн үеийг туулж, хилээ хамгаалж ирсэн хилчдийн хувьд бас ч өөрчлөлт орсон үе байлаа. Эхлээд тойроход өмнөд хилийн багана цемент байлаа. Энэ бол 20 гаруй жилийн өмнө гэсэн үг. Түүхийг дурсаж цөөхөн зураг орууллаа. Би анх хил тойрч явсан үеийн хилчдийн төлөөлөгч нарыг тэр үеийнх нь цэргийн цолоор бичсэн болно. Бүгдийг нь тоочих бус төлөөллийг нь бичлээ. Эдгээр нэр дурьдагчдаас нилээд нь өндөр насны тэтгэвэрт гарч, зарим нь цэргийн дээд цол генерал, хурандаа, ахлах офицер болчихсон байгаа. Хилийн отрядын дарга нар гэж орон нутагтаа нэр алдартай, хилийн мэргэшсэн дарга нар байв. Миний хувьд хилийн албаны гүйцэтгэлийг хилийн зөрчилийг таслан зогсоосон байдал, харуулын албаны зохион байгуулалтаас харж явдаг.
Мөнх цаст, шовх хад, өндөр уулын бүс бүхий Монгол Улсын баруун болон хойд хязгаарын бүсэд хил хамгаалалт өөрийн онцлоготой. Тухайн үеийн онцлог болсон хил дамнасан малын хулгайн асуудал анхаарлын төвд байлаа. Зэвсэг хэрэглэсэн тулгаралтууд гарч, хүний амь үрэгдэх тохиолдол гарч байв.
Тиймээс энэ бүсийн аймгуудын Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаа, Прокурор, шүүх, Иргэдийн хурлын дарга нарын оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, дараа нь ОХУ-ын Москвад болсон хэлэлцээрт уг асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтын зүтгэл, хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн юм.
Энэ бүсэд хурандаа Лхагчинжав, Штабын дарга дэд хурандаа Ж.Дамдинбазар, Захирагч хурандаа Д.Баярбат, Штабын дарга Дамдинсүрэн, хурандаа Х.Лхагвасүрэн,\ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагнал хүртсэн\, хурандаа Б.Ловуу-Игнэн, штабын дарга дэд хурандаа Б.Гавиден, хурандаа Н.Галбадрах, хурандаа Д.Батсүх, дэд хурандаа О.Батзориг нартай анх танилцсан.
Уул, ой, тайг бүхий хойд хил хамгаалалтын бүс эзэн Чингэс хааны түүхэн холбогдолтой газрууд байдаг. Хил зөрчин ан агнуур, хурдан морьтой холбоотой зөрчил байнга гарна.
Хурандаа Л.Батсүх, хурандаа Д.Ганболд, Штабын дарга дэд хурандаа П.Базаррагчаа, Штабын дарга хошууч А.Ганбилэг, хурандаа Ж.Чойсамбуу, Штабын дарга, дэд хурандаа Т.Эрдэнэбат, Дарга хурандаа С.Бакытхан, Штабын дарга дэд хурандаа Р. Хүрэлчулуун нэртэй энд анх танилцжээ.
Хилийн зүүн, зүүн өмнөд хязгаар тал хээрийн бүсийн онцлоготой хил хамгаалалт юм. Зах зээлийн эхэн үед энд хамгийн хүнд ачаалал ногдож байсан. Машины наймаа, спиртын худалдаа их гарч байсан. Байнгын тал хээрийн түймэр дэгдэнэ. Энд хурандаа Д.Гантөмөр, штабын дарга дэд хурандаа А.Чинбат, хурандаа Ц.Сэргэлэн, штабын дарга дэд хурандаа П.Наранбат, хурандаа М.Заяабаатар, штабын дарга, ахмад А.Энхтөр, хурандаа Жаргалсайхан, штабын дарга дэд хурандаа Ганбат нартай анх уулзаж байжээ. Хилийн цэргийн олон удаагийн тэргүүний отрядын дарга хурандаа Ц.Сэргэлэнг ажил сайжруулах даалгавартай өөр отрядад шилжүүлэн томилж байж билээ.
Говь хээрийн онцлог бүхий өмнөд бүс байгалийн өвөрмөц төрхөөрөө маш онцлог юм. Байгалийн баялаг эрчимтэй эргэлтэд орсон энэ нутагт хилийн боомтууд ачаалал ихтэй. Овоотын отрядад миний аав 1940-1945 онд хил хамгаалж явсан. Надаа тэр тухайгаа ярихад очиж үзэхсэн гэж бодол төрдөг байв. Хүсэл биелж тэр л нутгаар бүтэн аялж билээ. Аав минь нүдэнд харагдтал ярьдаг байсан говь нутаг, хил гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэр л газарт өөрийгөө зогсож байна гэж бодохлоор сонин байсан шүү. Отрядын алдрын тасалгаанд аавын минь зураг байсан, ихэд баярласан. Хурандаа Х.Ранжанням, штабын дарга дэд хурандаа Б.Баярсайхан, хурандаа Сайнтөр, Штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, хурандаа Ц.Төмөр, Штабын дарга дэд хурандаа Д. Мэндсайхан, хурандаа Л.Манжийлаа нартай энд уулзаж байжээ.
ХурандааД.Чулуунбаатарын удирдсан Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс зурваст инженерийн хамгалтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ангитай танилцаж байжээ.
Цөөхөн хэдийг дурдая, тэр үед, хилийн дагуу ажиллаж байхад анх таарсан хилчдээ би мартдаггүй. Их бурхантын ахлах дэслэгч Н.Бат-Итгэл, Сүмбэрийн ахлах дэслэгч С.Баатар, Тэрэгтийн ахлах дэслэгч Б.Энхжаргал, Аглугийнахлах дэслэгч С.Мөнхнайрамдал, Халтар хошууны ахмад Л. Владимар, Адуунчулууны ахлах дэслэгч Ч.Жүгдэр, Ламтын хошууч М.Баттулга, Баянтөхөмийн ахмад С.Баясгалан, Цагаан-Овоогийн ахмад Д.Болдбаатар, Харагчингийн хошууч Д.Наранбаатар, Хөх булгийнахлах дэслэгч М.Очирсүх, Хэц уулын хошууч П.Хосбаяр, Уушигийнхошууч Б.Батсайхан, Цохиотын ахлах дэслэгч Г.Ганболд, \2004 онд тэргүүний заставаар шалгарсан\, Хангийн дэслэгч Ц.Мөнхбаатар, Ар билүүтийн хошууч Д.Боролзойбаатар, Цагаан гэрийн ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Замын Шандын дэслэгч Ц.Батцэнгэл, Хутаг-өндөрийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Номтын хошууч Г.Лхагвасүрэн, Байтагийн дэслэгч Б.Жамбалсүрэн, Уушигийн дэслэгч Б.Тилекберген, Гурван хүүхэдийн хошууч Ж.Ганболд, Булганы дэслэгч Р.Эрдэнэбилэг, Их жаргалантын ахлах дэслэгч Ж.Аманбек, Ганц модны дэд хурандаа К.Муса, Улаанбайшинт хошууч Г.Батбаяр, Шарговь хошууч Ц.Пүрэвжав, Сыргаль хошууч З.Батсайхан, Арал толгойн дэд хурандаа Б.Шынарбек, Давстын дэд хурандаа Б.Цэвээнгэрэл, Боршоогын хошууч Т.Нямдорж, Цагаан дэрсийн хошууч Д.Нямхүү, Шүүлэнгийн ахлах дэслэгч Б.Баатаржав, Бүдүүн модны дэслэгч Л. Алтангэрэл, Улаан хошууны ахлах дэслэгч Д.Сонинбаяр, Гашуун сухайтын ахмад Б.Батгэрэл, Эрэн голын хошууч П.Оюунбат, Ангалагын ахлах дэслэгч С.Баярсайхан, ямар сайхан шижигнэсэн залуус байв.
Доорх цөөхөн мөрөнд их ажил багтана. Хилийн ажилтай бүрэн хэмжээгээр танилцсаны дараа хилчидтэйгээ хамтарч, “Хилийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн асуудлаар эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зарим чухал асуудлыг ҮАБЗ-ийн анхааралд оруулсан юм.
Хил хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр ҮАБЗ-өөс шийдвэр гарсан. Хилийн заставуудын барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хилчдийн нийгмийн асуудалд анхаарсан юм.
Хилийн застав, отрядын автопарк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болсон шийдвэрийг гаргасан.
Хилчдийг гадаадын сургалтад хамруулах асуудлаар эхлэлийг тавьсан. Ганцхан ОХУ-д хилчид бэлтгэдэг байсан юм. Хилийн цэргийн офицерүүдийг мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч АНУ, ХБНГУ-ын аюулгүй байдлын төвийн сургалт, Энэтхэг, Туркэд сургалтад хамруулах боломжтой болсон. Тэр үед хилийн удирдлагаас зарим нэг нь надаас болгоомжлох хандлага гаргаж байсан. Би ч залуучуудыг сургалтанд явуулснаар зарим нэгийг нь дарамт оруулчих вий гэж болгоомжилж байв.
Эцэст нь хилийн цэрэгт хэрэгжүүлэх гэсэн хоёр санаа үлдсэн юм. Хилийн заставд цэл залуухан офицерууд ажлын гараагаа эхэлдэг. Тэдний найдвартай ар тал болсон гэргий нарын тухай “хань” цуврал нэвтрүүлэг хийлгэнэ гэж бодсон, түүнийг хагас дутуу биелүүлсэн.
Заставт голдуу залуус байдаг болохоор хүүхдүүд олонтой. Тэд хил хамгаалагчдын нэг хэсэг. Аав ээжийнхээ дэргэд сургуульд ортолоо байх “бяцхан хил хамгаалагчид” хилийн минь нэг хэсэг. Тэдэнд зориулсан алсын зайны сургуулийн өмнөх насны сургалтад хамруулахсан гэж бодож явсан. Застав болгонд “бяцхан хилчид”-дээ зориулсан салхины хамгаалалттай, тоглоомын талбай, зуны усан бассейтэй болгох юмсан дотроо мөрөөдөж явсан. Үүнийг манай заставынхан хийж чадна.
Заримдаа бие хилээр явсан газруудаар зүүдэндээ аялдаг юм. Тийм аялалын дараа сэтгэл нэг л сайхан болдог. Хилээр тойрсон анхны аялалаа товчлон хүргэв. Хоёр тойролтын өртэй үлдлээ.Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, хурандаа
-
ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ИЛТГЭЛ № 6 Монгол бөөгийн нутаг бол дэлхийн түүхийн өлгий нутаг билээ.
Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.
Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглээд байгаагийн нэг учиг энэ юм.
5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийн нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл “Хадны ном” болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг “Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан” гэжээ.
Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж манай эрдэмтэд хувааж иржээ.
Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
1699 онд зохиосон “Юаньши” (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо “Бөө судлал буюу Монголын харын бөө” гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм. Одоо энэ ном Монгол болон өвөрмонголд хамааралгүй хүмүүсийн нэр дээр хөрвөгдөн зохиогчийн эрхийг зөрчин худалдаалж байна.
Түүхийн он удаан жилийн явцад уламжлалаа хадгалж ирсэн “Тэнгэрийн улаач” нар өөр, өөрсдийн үзэмж, цаг цагийн аяст тохируулан залсаар Монгол бөөгөө өнөөтэй золгуулжээ. Тэд түүхэн үүргээ баатарлаг хэмээн нэрлэж болох хатуу замыг туулан өнөөгийн бидний гарт өгчээ. Монгол бөөг үе үед аваад явж ирсэн түүхэн хүмүүс байсан.
XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь хүнд цохилтонд орсон. Энэ бол бөөд тулгарсан гурав дахь цохилт нь байжээ. Үзэл суртлын нөлөөгөөр олон зуун бөөг хорьж шийтгэж, буудан алж, бөөгийн шүтлэгийг хатуу чангаар хорьж цагдаж байсан үе юм.
Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
Бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.1960-аад оны үед нэрт эрдэмтэн Ренчин, алдарт зайран Дамдин нар барууны олон орноор хамт явж, кино үйлдвэрийн зааланд бөөгийн зан үйлийг үзүүлж байжээ.
Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном “Монголын хар бөөгийн дуудлагын тухай” гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай “Монголын бөөгийн товч түүх” (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Хамтран ажиллаж байсан тэр мөчөө надад эргэн дурсахад нэн таатай байдаг.
Эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
Газар газрын мухарт, хүний нүднээс далд, айдас хүйдэс дор Монгол бөөгөө уламжлан залсаар ирсэн тэдний дунд бөөгийн анхны байгууллага үүсэн бий болж “Голомт” хэмээн нэрлэв. Тэр үеийн нийгэм, улс төр, утга зохиолын салбарт нөлөө бүхий хүмүүс тэрхүү байгууллагыг толгойлох болов. Ийнхүү бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар “Тэнгэрийн улаач” нарын зан үйл ёс заншил болон тулгамдсан олон асуудалд хариулт өгөх газартай болов. Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа.
Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв байгуулагджээ. Энэ байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренцэн, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо \2003 онд\ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Тэрээр монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
Түүхийн энэ хугацаанд Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалд ногдсон юм. Монгол бөөгийн өнөөгийн түвшинд хүргэх, хэдэн мянган “Тэнгэрийн улаач” нарт чиг хандлагыг нь тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж, ЮНЕСКО-д хүртэл Монголын бөөг сурталчилж, олон зуун улаачийн зам мөрийг засахад хүчин зүтгэсэн, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаа хийсэн бүтээсэн гавьяалаг чанараараа бусдаас онцгойрч ялгаран харагддаг.
Монгол бөө нарыг нэгдэж, төр улсынхаа төлөө нэгдмэл хүчээр ажиллахад Монголын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулууны гүйцэтгэж буй түүхэн үүрэг, хариуцлага их байна.
Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна.
Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгууллага Монгол Улсын зүүн хэсэгт Дорнод, Хэнтий аймгуудад сургалтын бөөгийн “сүм” байгуулж, зуны улиралд чанар хийж олон мянган бөө нарыг төрүүлэв.
Буриад бөөгийн дэг жаяг, уламжлалаас эрч хүч авсан халх язгуурын бөөгийн томоохон урсгал шинээр мэндлэв. Зуны улиралд нийтийг хамарсан олон зуун шавь нарыг босгодог “халх” бөөгийн чанараар боссон бөө нар өнөөдөр хэдэн мянгаар тоологдож байна.
Мөнх тэнгэр шүтэн бишрэгчдийг олон мянгаар төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж буй Халх зайран Б.Хурцжавлангийн удирдлага дор хүчээ авсан бөө нар Хэнтий, Төв, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг болон олон газарт бөө нарын дийлэнхийг бүрдүүлж байна.
2000 оноос хойш Монгол бөөг авч яваа зайран Д.Бямбадоржийн “Дүнгэр төв”, Оюунбаатар зайрангийн “Тэнгэрийн сүлдэр” төв одоохондоо болоод байгаа учраас нэгдэж нийлээд Монгол бөөгөө зөв голдрилоор хөгжүүлье гэж нэг их сүйд болоод байдаггүй. Өөр өөрсдийн чигээ бариад явдаг. Харин олон түмэн болохоор Монгол бөөгийн нэр барьж, олон жил амьдарсаны хувьд тэднээс эргээд Монгол бөөгийнхөө төлөө хамтран ажиллаж сэтгэл гаргахыг хүсээд байдаг нь харагддаг.
Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. №
Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан -
Зураг түүхийг авч үлдэнэ-43 ДЭЭД МОНГОЛЧУУДАД ЗОЧИЛСОН МИНЬ
Бид замдаа ӨМӨЗО-ны Хөх, Бугат, Баян гол хотоор дайрч өнгөрөв. Бугат хот бол Орос Хятадын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон аж үйлдвэрийн хот юм.
Авто хурдны зам Шар мөрнийг эмжиж үргэлжлэнэ. Энэ урт зам хятадын бүтээн байгуулалтын толь болон харагдана. ӨМӨЗО-ны Нинься-хуэнски автономны районоор дайран өнгөрөв. Замын хоёр талаар шинээр байгуулсан хот, тосгод тасралтгүй үргэлжлэнэ.
Шар мөрөн дээгүүр гарч Ланжоу хотод ирлээ. Хятадад хүн амын тоогоор дээгүүр ордог Ланжоу хот зарим онцлог зүйлээр бусдаас тодорно. Ганьсу мужийн ойролцоох Вэй Ли цогцолбор дурсгалаас МТӨ VII зуунд холбогдох хүрэл морь гарчээ. Энэ нь тус Ланжоу хотын бэлгэдэл болсон байна. Мөн бунхны малтлагын зураг, олдвор, зохион байгуулалтын тухай үзмэрт тавьсан нь сонирхол ихэд татаж байлаа. Учир нь гэвэл Булган аймгийн Баяннуур сумын “Шороон бумбагар” ын бунхантай тун төстэй харагдаж байлаа. Ялгаатай нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олдсон оршуулгын байгууламжийн ханан дээр зураг зурсан байдаг бол уг Ланжоу-гийн байгууламж дутуу шатсан тоосгоор нягт нямбай өрж үүдэвчийг хийсэн байна.
Ланжау хотоос хөдлөөд Монголын түүхтэй салшүй холбоотой Хөх нуурын ойролцоо оршин монголчуудын Богд болон лам нарын өвөл өнжин Төвөдийг зорьдог хийдээр очсон билээ. Тэрхүү хийдээр аялахад нэг өдрийг зориулав. Шинээр байгуулсан номын сан бусдаас тодхон харагдана. Залуу лам нар энд тэнд алгаа ташин ном хаялцах ажээ. Бидэнд монголын богдын амьдарч байсан дуганыг танилцуулав.
Хийд үзэж явахад монголоор цэвэр ярьдаг ламтай таарсан бөгөөд надруу нэг л таагүй харцаар ширтэж, хэг ёг гэсэн маягаар асуултад хариулна. Тэгээд дараа нь хаанахын монгол вэ гэж орчуулагчаас асуув. Тэр энэ бол Тангад хүмүүс гэв. Тиймээ өнөө ч гэсэн тангадууд монголчуудад таагүй ханддаг эртний өв хүрч ирсэнийг ойлгов.
Энэ хийдэд монгол лам нар сурч байсан боловч 2-3 жил болоод нутгаа буцсан тухай танилцуулна билээ. Хөх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Күмбум болно. Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын өлгий нутаг билээ. Хөх Нуурын баруун хэсгийг Хайсэ (“нуурын баруун”) гэх агаад үүгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний өлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дүгээр дүр, “ажиа” нь төвдөөр аав гэсэн утгатай үг билээ. Нуурын өмнөд (“Хэнанг”) хэсэгт амьдрах Монголчуус нь төвдүүдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг төвдөөр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь төрөлх Монгол хэлээрээ ярьж “Цайдамын сонин”, “Цэцэгт Цайдам” сэтгүүлүүд одоогоор гаргасаар байна.
2. Цэнхэртэн долгиотох Хөх нуур минь.
Монгол мөргөлчид, жинчид Хөхнуурын алдарт Гүнбэн хийдээс гарч Зуу xүрэх замыг “Зандан Зуугийн зам” хэмээн нэрлэж байсан нь бадарчингийн домогт тодoрхой үлджээ. Энэ зам бол ариун Зуугийн зам гэсэн утгатай, Төвөдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам байж. Лхас хот Хөхнуураас баруун урд алс хол оршиx боловч аянчид, мөргөлчид Баян Хараатын нурууг шууд давч чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруунтaaг чиглэж Боохойн гол, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг эхлэн давдаг байжээ.
Төвөдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэгддэг юм. Буудай гэдэг баруун монгол хэлээр тогоо гэсэн үг болохоор “Бурханы тогоо уул” гэсэн утгатай ажээ. Энэ уулыг бүтэн өдөр явган мацаж оройд нь гарч хоноод маргааш нь бэл рүүгээ буудаг заншилтай байсaн байна.
Тэндээс цааш Хөх нуурыг зорьлоо. Яагаад ч юм газрын байдал монголын Увс нууртай тун төстэй ажээ. Монголын нэг эгэлхэн талаар давхиж яваа мэт сэтгэгдэл төрнө. Бид шууд явсаар нэгэн жижиг шарын шашины сүмэнд ирж, нэг ламыг суулгаад Хөх нуурын эрэг дээр очлоо.
Хятадаар “Хөх нуур” гэж бичсэн пайзны дэргэд дурсгалын зураг даруулав. Тэндээс хөдөлж, нуурын эрэгт байрлах жижигхэн тосгонд ирлээ. Тэнд нутгийн олон цугларч ар монголоос ирсэн зочныг харахыг хүснэ. Гэвч хамгаалалт гаргаж тэднийг бидэнд ойртуулсангүй. Харин төлөөлөгч нар ирж уулзав. Тэд надад дурсгалын зүйл гардуулсан нь бурхан байв. Түүнийг сэтгэл гарган бүтээж, төвөдөд аваачиж амилуулсан гэж тайлбарлав. Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл надад ном ёсоор амилуулсан Ногоон дарь эх гардуулж өгч билээ. Сэтгэл огшоосон тэр үйл явдал насны туршид үл мартагдана. Түүнийг алсын замд монгол нутагт хүргэхээр нандигнан зохих зан үйлээр босоо байрлалаар хайрцаглан бэлджээ. Тэрхүү бурхан дээд монголчуудын нандин дурсгал манай гэрт хүндтэй байранд залагдан буй.
Хөх нуур бол хятадын шинжлэх ухаан, батлан хамгаалах салбарт өөрийн гэсэн түүхэн мөрөө үлдээсэн онцлог нутаг юм. Тэр нуурын эрэг дээр хөл тавин зогсном.
Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөх нуур мужид төвөд, хятад болон хасаг, хуй, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Хөх нуурын монголчууд нь Хошууд, Цорос, Торгууд, Хойд, Халх зэрэг олон аймгийн хүмүүсээс бүрддэг. Гэвч хүн амын ихэнхийг нь ойрадууд бүрдүүлж байсан учир “Хөх нуурын Өөлд” гэж нэрлэх нь бий. Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий.3. Дээд монголчуудын түүх
Хөх нуурын газар нь монголчуудтай эртнээс холбоотой. Эрт цагт тэнд монгол угсааны Тогоон (Тугухунь)-ы улс оршин тогтнож байв. XIII зууны эхээр Өгэдэй хааны хүү Годангийн эзэмшилд багтах болжээ.
Хошуудын хант улс нь анх (1642-1716) 1642 онд хошуудын Гүш ханы Төвөдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвөд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг дараа нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн 100 жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна.
1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуур луу довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүш ханы цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндэсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвдийн төв хэсгийг эзэлсэнээр Хошуудын нөлөө Төвдөд бүрэн тогтсон байна.
1637 онд Халхын Цогт тайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрaдын цэрэг ирж Цогт тайжын цэргийг бут цохин устгаснаар Төвдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Түвдийн Замба хааныг товтолж 1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Түвдийг эзэлж өөрөө Шигаце орчимыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даян ханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрээр найман хүүтэй байсан ба найман хүү нь бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ.
1630-аад оны сүүлчээр Хошуудын Гүүш хан Төрбайх хүн амынхаа ихэнхийг дагуулан Хөх нуурт очиж нутагласнаар “Хөх нуурын Өөлд”-ийн үндэс тавигджээ.
1670-аад оны эхээр Ойрадын Галдан эцэг нэгтэй ах Сэцэнийг хороосонд түүний дүү Зодов баатар, Бандари, Зоригт хошууч нар харьяат албатаа авч Алтайгаас Хөх нуурт зайлан суужээ.
Түүнчлэн XVII зууны сүүлчээр болсон дайн самууны үед Халхын Урианхай отгийн зарим ноёд албатаа дагуулан Хөх нуурт суужээ. Хожим тэдний зарим нь нутагтаа буцсан боловч, зарим нь Хөх нуурт үлджээ.
1698 онд Манжийн Энх амгалан хаан Хөх нуурын ноёд, тайж нарт Манжийн хэргэм зэрэг олгосон боловч, манж маягаар хошуу сум байгуулсангүй. Харин Манжийг эсэргүүцсэн Лувсанданзангийн бослого дарагдсаны дараа манж нар 1725 онд Хөх нуурт нийт 28 хошуу байгуулж, Сининд суух сайдад захируулжээ. Хожим 1738 онд Халхын 1 хошууг нэмж байгуулснаар Хөх нуурын монголчууд 29 засаг хошуутай болов.
Төрбайх хаан нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Төрбайх хаан нь Хөх Нуурт харъяат ардуудаа аван нүүдэллэн ирсэн нь Манж хүчирхэгжиж баруун зүүн Монголын хооронд яс хаяж түүнээс үүдэж улс төрийн тэмцэл үүссэнээс залхан дайжсан гэж ойлговол үнэнд ойрхон буух мэт ажуу. Төрбайх хааны албат 100 мянга байсан гэж үздэг. Удалгүй Хөх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зөрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хөх Нуурын Монгол, Тангадуудыг Төрбайх хаан захирах болжээ. Улмаар төвөдүүдийг нөлөөндөө оруулж Лхасааг захиран суух болсон тул Төвөдийн Далай лам түүнийг “гүүш хаан” гэж нэрийджээ.Д.ЖАРГАЛСАЙХАН-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа