Category: Бидний тухай

  • ЗАЛУУЧУУД ЧУУЛСАН ДОЛОО ХОНОГ.

    МБНЭ-д сүүлийн хоёр жилд гишүүнээр элссэн залуучууд цуглав. Цуглааны эхэнд “2014-БНХАУ,Ордос-2” тойрон аялал баримтад киног үзүүлэв. Залуучуудад МБНЭ-ээс 2014 онд зохион байгуулсан ажлуудын талаар дэлэгрэнгүй мэдээллийг МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү хийлээ. Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид асуулт тавьж, харилцан ярилцлаа. Мөнх тэнгэрээ шүтдэг Залуучуудаас МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлд ажиллах залуусын нэр дэвшүүлэлт боллоо. Шинэлэг сэтгэлгээтэй олон сайхан залуучууд Монголын бөөгийн төлөө ажилах саналаа илэрхийлж байлаа.

     

    djmedia:319
  • ХУРАНДААГИЙН “ШИЙР”-2 ЦЭЕЭ ХУРАНДАА (Баримтад өгүүллэг)

     

    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Хурандаагийн шийр болох Бум хурандаагаас хойш 50 жил өнгөрчээ. Тэр явдлаас хойш юу өөрчлөгдөв өө. Хүн өөрөө цаг үеийн бүтээгдэхүүн, хүн амиараа хохирдог хэлмэгдүүлэлтийн тогтолцоо, хүн, биеэрээ, гэр бүлээрээ хохирдог болон өөрчлөгдсөн цаг үедээ иржээ.
    Цэеэ хурандаа өөрийгөө чухамхүү азтайд тооцно. Олон жил зүтгэж явсан мэргэжилээсээ гэнэт хөөгдөн холдож, ажил ч үгүй, амьдрал хэцүүхэн, ханийхаа гар харан “дүүжигнэсэн” хэдэн жил нэгэнт ард хоцорчээ. Нийгмийн шинэчлэх их салхи хуйсагнасан их өөрчлөлтийн жилүүдтэй Цэеэ хурандаа таараагүй бол их хэлмэгдүүлэлтийн хувь заяа түүнийг хэнч биш болгох байлаа.
    Өвлийн хүйтэн жаврыг сөрөн хийгдсэн жагсаал цуглаан, хөдөлгөөн нийгэмд өөрчлөлтийг эргэлт буцалтгүй болгожээ. Тотарлитар тогтолцоо амьдрах чадваргүй болж, хуучин нийгэм шинэ нийгмээр жирэмсэлж, улмаар шинэ тогтолцоо мэндэлсэн, нийгэмд тэсрэлт болсон өөрчлөлтийн үетэй Цэеэ хурандаа нүүр учрав. Юутай азтай, юутай сайхан тохиолдол вэ. Тэгээгүй бол Цэеэ хурандаад Лоохууз, Сүрмаажав шиг гашуун тавилан хүлээж байлаа. Тэдгээр хүмүүсийг нийгэм сайн танина. Харин Цеэе хурандааг цэргийн хэдээс бусад нь мэдэхгүйгээрээ онцлоготой. Тэрээр амьдралдаа улс төрийн хэлмэгдэл гэж гашуун зүйлийг байдгийг мэдэрсэний хувьд их өөрчлөлтөд хамгийн түрүүнд бие, сэтгэлээ зориулсан нэгэн болжээ.
    Хуучин тогтолцоог намгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Төрийн дээр, бүхний дээр нам оршин байж, нийгмийг удирдаж байсан социалист тогтолцооны мөн чанарт Цэеэ хурандаа “чанагдсан” нэгэн байлаа.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Өнгөрсөн амьдралаа дурсан санана. Тэгээд залуу насаа, өнгөрсөн намтараа санагалзан дурсав. Дэлхий даяар улс төрийн уур амьсгалд өөрчлөлт орж, социалист орнууд гэж нэрлэгдсэн коммунист тогтолцоонд салхи сийгэх болов.
    Хүний амь олон мянгаар хядагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх комисс, Намын Төв хорооны Хянан шалгах хорооны дарга Х.Гэндэнгээр ахлуулан байгуулагдаад 1930-аад оноос 1950-иад оны дунд үеийг хүртэл хугацааны үйл явцыг нэгтгэн цэгнэж, дүгнэлт гаргажээ.
    Намын Төв Хорооны Улс төрийн товчооны нууц тогтоол гарч шүүх, прокурорын байгууллагын ажлыг сайжруулж, Дотоод Явдлын Яамны үйл ажиллагаанд намын хяналтыг бүх талаар сэргээж, тус яамны дэргэдэх намын байгууллагын ажлыг эрс сайжруулж, Дотоод явдлын яамны намын хороог өргөтгөн Намын Төв Хороонд шууд харъяалуулах болжээ.
    Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын 20-р их хурлаас нэлээд өмнө тус улсад Х.Чойбалсанг тахин шүтэж байсны хор уршгийг ойлгон мэдэрч, засан залруулах арга хэмжээ авч эхэлж байсан нь Монголын нийгмийн улс төрийн амьдрал хөдөлгөөнд орж эхэлсний зүй ёсны үр дүн, нийгмийн амьдралыг сталинизмын үзэл санааны ноёрхолоос чөлөөлөх, нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг арилгахыг нийгмийн тэргүүний хэсэг эрмэлзэж байсны шууд тусгал байлаа. Түүнчлэн Монголын нийгмийн амьдралд ардчилал, олон ургальч үзэл, улс төрийн шинэ сэтгэлгээг үүсгэн хөгжүүлэхийг эрмэлзэн буй шинэчлэгч хүчин төрөн гарч байгааг харуулав.
    Чухам энэ үед жирийн малчны хүү, залуухан офицер дэслэгч Цэеэ цэргийн сургуулиа артиллерийн мэргэжлээр төгсөн, анхны томилгоот албан тушаалуудад очсон үе таарав. Цэргийн хүний залуу нас алс холын цэргийн ангид, баруунаас зүүн, өмнийн хязгаарт албаа хааж эх орноо хамгаалах үйлст чин халуун сэтгэлээр зүтгэлээр эхэлсэн билээ. Цэргийнхэний дотор зургаан хүүхдээ зургаан өөр аймагт төрүүлж бүртгүүлсэн гэр бүл олон байв. Тэд эх орондоо ингэж л эх орныхоо хаа хэрэгцээтэй газарт зүтгэж байсан цаг үе байлаа.
    Яг тэр үед Намаас кампанит ажил зохион сэхээтнүүдийг чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутагдлаа хамтаар хэлэлцэе хэмээн уриалжээ. Нийт нам даяар бүх шатанд хэлэлцүүлэг явагдав. Нэгэн намын хуралд дээр цэл залуухан Цэеэ дэслэгч үг хэлжээ. Тэрээр бодож, саналгүйгээр “Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргыг нэг хүн хийж байгаа нь нэг хүнд албан тушаал төвлөрч байгаа хэрэг бус уу” хэмээн хэлсэн байна. Энэ бол байдаг л жирийн үг, гэхдээ хожим энэ үг хүзүү ороодог тийм нийгэмд амьдарч байна гэдгийг эгэл жирийн цэрэг хүн яахан мэдэх билээ. Энэ үед үг хэлсэн Цэеэд арга хэмжээ аваагүй ч тусгайлан хувийн хэрэг хөтөлж, тэмдэглэгдэв.
    Монгол даяар өрнөсөн хэлэлцүүлэгээр сэхээтнүүд үзэл бодол, санасан бүхнээ илэн далангүй ярьж, нам, засгийн удирдагчдыг шүүмжлээд, улс орныхоо хөгжлийг цаашид түргэтгэх чиглэл бүхий олон чухал санал гаргаж, өргөн шүүмжлэл, аппаратын хүнд суртлыг халан өөрчлөх гэсэн олон түмний эрмэлзэл, оргилсон идэвх нь зарим удирдах зүтгэлтний айлган цочоожээ.
    Нам уламжлалт аргаа хоёрдахь удаагаа хэрэглэхээр шийдэв. Нийтийг хамруулсан хэлэлцүүлэг болж өнгөрөнгүүт бүх шатны хуралдааны тэмдэглэлд дүн шинжилгээ хийж, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүд, намдаа үнэнч нөхөр гэсэн хоёр заагт хуваах ажил хийгдэв.
    Олон ургальч үзэлд угаас дургүйцэж байсан удирдах зарим зүтгэлтэн, сэхээтнүүдийн хурц шүүмжлэлийг мушгин гуйвуулж буруутгах замаар ардчилсан уур амьсгалыг яаравчлан дарахад чиглэв. Хэсэг хугацааны дараа элдэв шүүмжлэл хэлсэн хүмүүсийг бүртгэж авсны дагуу “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион сэхээтний цэвэрлэгээ явуулж асар олон хүнийг ажил төрөлгүй болгож, намаас арга хэмжээ авав.
    Намын Улс төрийн товчоо 03 тоот нууц тогтоол гаргаж, Нийгмийг аюулаас хамгаалах яамд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийг цаг тухайд нь илрүүлж хатуу арга хэмжээ авч байхыг” үүрэгдэв. Энэ үеэс мэдээлэгчийн зохион байгуулалттай бүтэц босгож иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ байгуулжээ. Сүлжээ нь нууц нэртэй итгэгдсэн хүмүүсээс ердийн ховч, гэнэн чалчигч нар хамарч байв. Сүлжээнд нийтдээ 150-200 мянган хүн, хов матаачид хамаарч байлаа. Мөн энэ үеэс бүх хүнд хавтас нээж, Намын хянан шалгах хороо, Захиргааны хэлтэс хэмээх байгууллагууд энэ ажлыг эрхлэх болов. Тэд намын гишүүдээ хяналтанд байлгах, нөгөө талаас боловсон хүчин сонгоход ашиглах гол материал, эзнийх нь тухай хов, матаасыг хүртэл хавсарган нууцалж хадгална. Тэрхүү материалыг хадгалдаг газар нь Намын Хянан шалгах хорооны архив байлаа.
    Угийг ажил хэрэгч, шуурхай, дайчин залуу ахмад Цэеэ доод албан тушаалуудад хурдан дэвшин ажиллаж нэг л мэдэхэд ЗХУ-д артиллерийн мэргэжлээрээ дэд докторын зэрэг хамгаалав. Гэр бүлтэй болж, амьдрал нэг хэвийн үргэлжлэнэ. Эрдмийн зэрэгээ хамгаалж ирээд Цэргийн ерөнхий сургуульд багшийн ажил хийх болов.
    Намын удирдлага дотор тэмцэл хаяахан жирийн гишүүдийн чихийг дэлсэнэ. Намын дарга байсан Дамбын албан тушаалыг авахын тул намын бүгд хурлаар удирдлагаас зайлуулж доод тушаалын албанд шилжүүлэв. Үүнд Д.Дамба, Ю.Цэдэнбал нар улс төрийн хэлмэгдлийн асуудлаар ноцтой зөрчилдөж байсан нь нөлөөлөв.
    Цэдэнбал хөлөө хугалаад Москвад удаан хугацаагаар эмчлүүлэхдээ Зөвлөлтийн намын хоёрдугаар дарга Козловтой уулзаж Цэдэнбалыг огцруулах санаа хэлсэн Цэндийг ирээд ажилдаа оронгуутаа намаас хөөн хөдөө цөллөө.
    Хятадад эмчлүүлж байсан Төмөр-Очир буцаж ирэхдээ Өвөр Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа учир бид хоцорч болохгүй гэсэн мэдээтэй, саналтай иржээ. Ингээд түүний идэвхитэй санаачлагаар Монголд Чингисийн ойг даруухан тэмдэглэв.
    Удалгүй Монголд болж буй үзэл суртлын алдаагаа яаралтай залруулах үүрэг иржээ. Даруй арга хэмжээ авч, Төмөр-Очирыг үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжиж, монголын ард түмний олсон амжилтуудыг үл тоомсорлох үзэл гаргаж, нам, улсын удирдах боловсон хүчнийг гүтгэн дайрч, хутган үймүүлэх арга хэрэглэн, намын нэгдлийг задлан эвдэх ажил явууллага хийснийг илчлэн түүнийг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны болон Төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халж, намаас хөөж, Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, нутаг заан суулгажээ.
    Эзэн Чингис хааны 800 жилийн ой тэмдэглэх хүрээнд үйлдсэн марк ил захидлыг шатаан устгаж, мөн ойд зориулж бичсэн Пүрэвдоржийн “Чингис”, ”Тусгаар тогтнол” зэрэг бүтээлийг хориглож зохиолчийг нь олон жил гадуурхах болсон.
    Цэргийн намын байгууллагын гишүүдийн дунд энэ мэдээлэл албан ёсоор хийгдэв. Идэр залуухан хошууч Цэеэ юмны мөн чанарыг танихыг эрмэлзэнэ. Яагаад үзэл бодлоо илэрхийлж болдоггүй, яагаад шударга үнэнийг хэлж болдоггүйг учрыг тунгаан бодно. Түүндээ хариулт эрэлхийлнэ.
    Удалгүй Намын бүгд хуралд болж, хурлын үеэр НАХЯ-ы цэргүүд төрийн ордныг бүсэлж хэнийг ч орж гаргуулахгүй хяналтандаа авлаа. Ингээд шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” гэж нэрлээд тэднийг намын төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, шүүхийн тогтоолгүйгээр гэр байшинг нь хурааж, өвлийн хүйтэнд задгай машин дээр ачин алс аймгууд руу цөлж залхаав. Удирдлагын эсрэг хандвал хэрхэн залхаадагийг гишүүддээ сануулав бас харуулав.
    Намын төв хорооноос дэлгэрэнгүй захидал гаргаж намын байгууллагуудтай хаалттай хурлууд танилцуулж, байдал, нэр нь тодорхой болов. Намын Төв хорооны 4-р бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг хэд, хэдэн үндсэн зүйлээр буруушааж “намын эсрэг бүлэг” гэж үзжээ.
    Хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас халж, нам захиргааны арга хэмжээ авч хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хааж, мөрдөн хавчиж, хамгийн бага цалинтай биеийн хөдөлмөрийн хүнд ажил оноож, орон нутгаасаа гарахыг хөл хорив. Тэд түүнээс хойш хүний эрх, эрх чөлөөг үл эдлэн хэдэн арван жил цөллөгийн нөхцөлд амьдарч, ажил амьдарлаараа хохирсон билээ.
    Удалгүй Ардын армийн гол боловсон хүчин бэлтгэдэг ЦЕС-д “намын эсрэг үзэлтнүүд” -ийн хань хамсаатангууд болох Нямбуу, Говаа, Сандагсүрэн, Лувсандорж нар албан тушаалаас буун, Нам, улс төрийн тэнхимд багшаар томилогдож ирлээ. ЦЕС, ЦЕДС нь ийнхүү намын хянан шалгах, захиргааны хэлтсийн хатуу хараа хяналт бүхий сургууль болж хувирав. Улс төрийн лухагарууд цаанаа л нэг өөр харагдана. Мэргэжлийн тэнхимийнхэн улс төрийнхөөс холхон байхын эрмэлзэнэ. Тэглээ гээд мэдээллээс яаж хол байхав.
    Цэргийн сургуулийн хашаанд дэд хурандаа Цэеэийн амьдрал буцална. Удалгүй тэрээр Батлан хамгаалах салбарын артиллерийн мэргэжлээр анхны шинжлэх ухааны доторын зэрэг хамгаалж, ЦНДС-ийн артиллерийн тэнхимийн эрхлэгч хүртэл албан тушаалд дэвшив.
    Тухайн үед сургуульд ажлаараа хоцорч явсан тэнхимыг хүлээж аваад мэргэжлийн хүний хатуу чанд гараар удирдав. Угийн хатуу зарчимч, хэтэрхий гэмээр шударга зан чанар дээд албан тушаалтнуудад таашаагддаггүй байлаа. Улс орон даяар явагддаг Намын анхан шатны дайчин чадварын үзлэгээр хариуцсан тэнхим нь улсын тэргүүний хэмээн алдар хүртэж, түүнээс хойш артиллерийн тэнхим сургуульдаа ямагт манлайлагчдын эгнээнд явах болсон билээ. Түүний ажлаас өө хайгаад олдохгүй тийм л дайчин ажиллана.
    ЦЕДС-ийн хурлын зааланд үе, үе сургуулийн намын гишүүд сууцгааж, нэгдсэн мэдээлэл сонсоно. Тэгэх бүрт улс орон даяар болсон үйл явдал тодорхой болдог байлаа. Манай хэд тэрүүхэндээ шивнэн байдлыг сонсож суудагсан. Тэдний дунд Цэеэ дэд хурандаа бодошрон бодол болон сууна.
    Биеийн тамирын улсын хорооны хэрэг мандав. Түүнийг дагалдаад томоохон бүлэг хэрэг илрэгдэв. Атаа жөтөөрхөл, хов живнийхэн спортыг удирдах ажилтнуудыг намаас арга хэмжээ авахуулж, цол хэргэмийг нь хурааж, заримыг нь Шаазан ваарны үйлдвэр, вагоны жолооч машинист болгож санаа амрав.
    Шинжлэх ухааны академ, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Дээд боловсролын улсын хорооны дарга нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Бөөн матаасны эцэст Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтэс, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг шийдэгдэв.
    Нэгэн мэдээлэл дээр нөгөө хөдөө туслах малчнаар хөөгдөн цөлөгдсөн Лоохууз сүүлийн арав гаруй жилд өөрийн овсгоо хөдөлмөрөөр нэлээд хөлжиж, хоёр хувийн машинтай, гахайн туслах аж ахуйтай болж, хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байгаа нь илэрч, түүний урласан эмээл, гөлөм зэрэгт хадаас цавуу гэх мэтийн импортын бүтээгдэхүүн орсон байна хэмээгээд зургаан жил шоронд хорих ял өгсөнийг мэдээлэв. Нэг л зуугдаа бол насан туршдаа өөдлөхгүй гэдгийг нам нь гишүүддээ яс маханд нь шингэтэл мэдрүүлнэ.
    Одоо Цэеэ хурандаа сургуульдаа нэр хүндтэй удирдах ажилтан, эрдэтмэн профессор болсон байлаа. Хэлэх үг, санаагаа хэнээс үл айн хэлчихнэ. Шалгалтынхан нүүрэн дээр гөлдөгнөж, яаж ч үл чадна, цаашаа очиод шалгалтыг үл тоогчийг чинээгээрээ матна. Тогтолцоо ийм юм чинь яах ч аргагүй.
    Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Гэнэт тэтгэвэрт гаргав. Тэтгэврийн өвгөнийг улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн дүгнэлт өгч улс даяар хэлэлцэн жигшүүлж, намаасаа хөөж, ялтан болж хөдөө цөлөв. Түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хураав. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халав.
    Энэ түүхэн нөхцөлт үед Цэеэ хурандаа ЦНДС-ийн Улс төрийн хэлтсийн дарга, орлогчтой бяцхан зөрчилдөв. Тэр нь байдаг л нэгэн жирийн ажил албаны маргаан байлаа. Цэеэ хурандаагийн хэлсэн үг хурц, үнэн болохоор улс төрийн хэлтсийн дарга, орлогч нар мухардан ялагджээ. Тэгээд дээшээ гомдлон матах ажлаа хийж, Намын хянан шалгах хороо, Намын төв хорооны захиргааны хэлтсийнхэд “алтан хошуу” хүргэв. Нөгөө архив гэгчээ ухаж үзтэл, хувийн хэрэгт нь бага залуу насандаа тэртээ он жилүүдэд намын хэлэлцүүлэгт хэлж байсан үг нь тодоос тод тэмдэглэгдсэн байх нь тэр. Ийм цаг үед нэр алдар албан тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчид үүгээр далимдуулан завшиж, сайшаал шагнал, өндөр тушаал олж, санасан бүгдээ биелүүлдэг цаг үе тохиодог, түүнийгээ ч алдахгүй ашиглана. Ийм ажлыг Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтсийнхэн хэмээх шагналын дээжийг хүртэж, цолны дээд зүүдэг нөхөд гол үүрэг гүйцэтгэнэ. Тэдний гарт хэн нэгний хувь заяа орсон бол дахиж амьдралд хөл дээрээ босдоггүй байлаа.
    Цэеэ хурандаа өглөөний наран ургахтай уралдан ажил дээрээ ирэв. Хурандаагийн өрөөнд олон хүнтэй комисс сүр бараатай морилов. Тэдний гарт нь олон жилийн өмнөх хурлын протокол хуудас харагдана, байдал эвгүйтжээ.
    ЦНДС-ийн хурлын зааланд намын гишүүд бүгд цугларч суужээ. Цэеэ хурандаагийн намч бус, зарчимгүй байдлыг нь дурьдаж тэртээ 30-аад жилийн өмнө залуу, халуун насандаа намын хуралд хэлж байсан үгийг нь онцолж, намын эсрэг бүлгийн далд гишүүнээр олон жил хумсаа нууж явсан түүнийг илчилж, намаас хөөж, ажлаас нь халж, цэргийн цол, эрдмийн зэргийг үл хэрэгсэн ажилгүй болгож, “гудамжид гаргаж байгааг зарлан тунхаглах нь тэрээ. Тэр мөчөөс эхлэн иргэн Цэеэ болов.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Одоо бүх зүйл тодорхой болж, итгэл найдварын гогцоо тасрав. Тэмцэж, хөлсөө урсган олсон амжилт бүтээл, хувьсгалт ёсоор зүтгэж явсан нам, түүнийг хөсөр хаяв. Цагаа тулбал нам гэдэг нь хэнийг ч хэнч биш болгож чаддаг “махны машин” ажээ.
    Дэлхийн улс төрийн байдалд огцом өөрчлөлт гарч, Монгол улсын баримталж байсан онол мухардалд орсон нь нийгэм-улс төр, эдийн засгийн хямралд хүргэж, социалист систем богино хугацаанд задран унаж, Монголд шинэчлэлийн хөдөлгөөний үүсч, хүн төрлөхтний нийтлэг голдиролд нэгдэн нийлэх, өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, Монгол орноо зогсонги байдлаас гаргаж, шинэ нийгэмд урган орох явцыг түргэтгэсэн улс төрийн томоохон үйл явц өргөх үетэй золгов. Цэеэ хурандаа азтай нэгэн байлаа. Гэр бүл нь хэлмэгдлийн салхинд өртөхгүй өнгөрөх тийм азтай цаг хугацаатай золгожээ.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно, тэр хүний эрх, эрх чөлөөт шударга нийгэм байгуулахын төлөө санаа шулуудан тэмцэхээр болжээ. Улс төрийн шинэ намууд, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших үйл явц гүнзгийрэв. Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн албан ёсны 6 нам үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэхүү бодит өөрчлөлтийг харгалзан АИХ-ын 11 дэх удаагийн 9-р чуулганаар шинэ Үндсэн хуулийг баталсан нь Монгол улсад 70 шахам жил оршин тогтносон захиран тушаах хүнд суртал дэглэмийг халж, шинэ улс төрийн тогтолцооны үндэс суурийг тавих эрх зүйн нөхцөл бүрдэв.
    Коммунист тогтолцооны сүүлчийн найдвар болсон намаа авч үлдэхийн тул намын удирдлагууд арга ухаан самбаачлана. Намын дүрэмд “Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.гэж тодотгов. Засгийн эрхэнд байсан давуу байдлаа ашиглан Монголын түүхийн салшгүй хэсэг болсон үнэт баримт бичгүүд, Засгийн газрын ордноос машин, машинаар намын цагаан байр луу ачигдаж байлаа. Тэр баримт дотор нь Намын улс төрийн товчооны хурал, Хянан шалгах хороо, намын байгуулалтын Захиргааны хэлтсээр хэлэлцэж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн материалууд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийн материалууд, иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ, хүн хов матаачидын баримтууд байв. Ийм арга барилд сургасан бүтэн нэг үеийнхэний түүх тэнд байлаа.
    Тэр нэгэн өдрүүдэд, тэр жалганаас тэнгэр олгойдон цэнхэр утаа суунаглав. Түүхийн чухал гэрч материалууд, олон хавтаст хэргүүд шатаж дуустлаа утаа болон замхарна. Шатаж устаж буй материал бүхний цаана түүхийн “цагаан үе” үлдэж, утаа болон тэнгэрт дэгдэнэ. Удирдлагын бодлогоор эхлүүлсэн, манайхны гараар үйлдсэн, их харгислал, хэлмэгдлийн түүх энэ утаа шиг бүү замхарах болтугай.
    Мөнх хөх тэнгэр минь өршөө.
    Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан

  • ЯПОН УЛС, КАНАГАВА, ФҮЖИСАВА ХОТ, ЖЁҮРЮҮ СҮМЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ЗАЛАВ.

    Тиймээс тэдэнд зориулж нисэх гэж байгаа гурван бүргэдийн хөшөөг тэдэнд зориулж бүтээжээ. Бас түүний хажууд Монгол гэр бүхий аялал жуулчлалын бааз байгуулжээ. Тэнд жуулчид олноор ирдэг аж. Энэ удаа тэр газар Монгол бөө нарыг төлөөлж, нэгэн удган үр хүүхдийн хамт ирсэн байлаа. Японд бүх зүйл өндөр өртөгтэй. Энд ирэхийн тулд багагүй хөрөнгө өөрөөсөө зарцуулсан. Хүссэн мөрөөдөл биелж өнөөдөр тэр энд бөөлнө. Харийн газар явж байгаа болохоор хүн олны анхаарлыг татахгүйг хичээж байлаа. Монгол төрийн төлөө амиа өгсөн гурван дипломатчын хөшөөнд Монголын нэртэй дипломатчын охин хүндэтгэл үзүүлж бөөлж, шүншиглэсэн шороог залах үйлийг хийлээ. Бас л сонирхолтой түүх. 

    МБНЭ-ийн Зургадугаар бага хуралдайн илтгэлд Монгол баатруудын баатарлаг түүхэн гавьяг нэг бүрчлэн дурсаж, хүндэтгэлийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бидэнд ярьдаг юм. Хэн ч уриалаагүй, бас дуудаагүй байхад энэ том үйлийг хийх “Тэнгэрийн улаач” нар томилогдсон мэт нэг нэгээрээ ирж уулзсан гэж байгаа. Тэгээд Монгол цэргийн, Монгол морины хөл гишгэсэн хамгийн цэг, Европын Унгар Улсаас, хамгийн зүүн цэг болох Ази тивийн Япон Улсын эрэг дээрээс баатруудынхаа сүнс шингээж шүншиглэсэн шороог хүндэтгэн залж авчирах хүмүүсийн нэр тодорсон гэдэг. Сонирхолтой байгаа биз.
    Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсож, цаазын илд амийг нь таслах хүртэл тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан, амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулсан тэдний сүнсний хүслийг Монгол бөө нар биелүүллээ. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр үүргийг биелүүлсэн “Тэнгэрийн улаач” бол Монгол бөөгийн тэргүүн Удган Пүрэвсүрэн байсан юм.
    2014 оны 9 дүгээр сарын 22-ны жин үдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог хүндэтгэн залах ёслолын ажиллагаа болсон билээ. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн нэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжид “” гэж дурьджээ.
    “Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.” Гэсэн үгийг давтан хэлэхийг хүсч байна.

    Д.Хүрэлбаатар

    djmedia:316
  • ДУНДГОВЬ АЙМАГТ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАГДАВ.

    МБНЭ-ийн салбар байгууллага байгуулагдаагүй цөөн аймгийн нэг нь Дундговь аймаг байсан билээ. Монголын түүхийн “цагаан” хэсгийг сонирхоход Дундговь аймаг бол Манжийн үеэс хамгийн их харгислалд өртөж, бөө төрөнгүүт устгалд өртөж байсан нутаг. Өнгөрсөн 300 жилийн явцад газар нутгийн байдал Өмнөговь, Дундговь аймгийн нутагт бөө төрж, энэ үзлийг түгээхэд таагүй нөхцөлтэй байсан. Өнөөдөр өнгөрсөн түүхээс бөөгийн тухай мэдээлэл олоход нэн түвэгтэй. Түүхийг сонирхож үзвэл сүүлийн 300 жилд манжийн төрийн бодлогоор бурханы шашин хөгжсөн, хувилгаан ламын тухай сонсох болно. Харин Монголчууд бидний үндэсний үзэл, Мөнх тэнгэрийн сургааль, бөө шүтлэгийн талаар мэдээлэл байхгүй болсон. Мөнх тэнгэр, байгаль дэлхий гээд олон зүйл дээр Монголчууд бид өөрсдийн гэх зүйлээ харийн нүдээр хардаг болтол өөрчлөгдсөн.
    Одоо энэ нутагт мөнх тэнгэр, бөө шүтлэгийг дэлгэрүүлэх үйлс нэн чухал болоод байгаа. Тиймээс МБНЭ-ийн салбар байгуулагдаагүй удсан. Дундговийн “улаач” нар нэгдэж үйл ажиллагаагаа эхэллээ. Тэд цугларч мөнх тэнгэр, бөө шүтлэгээ хөгжүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллахаа ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрсэн байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаж, Дундговь аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүнээр Ж.Өлзийсайханыг томилов. Дундговийн бөө нар санал бодлоо солилцож, цөөнгүй гишүүд МБНЭ-ийн сургалт ярилцагад оролцохоор саналаа ирүүлжээ.
    Я.Мөнгөнөө

     

  • ӨМНӨГОВЬ-ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭВ.

    Монголын өмнийн говийн улаач нар шинэ жилээ тэмдэглэх болов. Аймгийн төвөөс хойш 20 км-т байрлах амралтын газарт өмнийн говийн улаач нар анх удаа шинэ жилээ тэмдэглэсэн билээ.
    Өмнөговьд “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын гишүүд 500 гаруй байдаг тэдгээрийн төлөөлөл болсон 300 гаруй хүмүүс энэ арга хэмжээнд оролцсон юм.
    Шинэ жилийн танхим хүмүүсээр дүүрсэн байв. Шинэ жилийн арга хэмжээг нээж МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн Алтанчимэг үг хэлж, ирсэн төлөөлгчдийг танилцуулсан юм.
    Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын хамт олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн билээ. “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын удирдлагын тодорхойлсон улаач нарт МБНЭ-ийн шагналыг гардуулсан байна.
    2014 онд эхээр Өмнөговьд хийгдэх нэгдсэн Их тахилгын бэлтгэл ажил амжилт хүсч, хамтран ажиллах болсоныг тунхаглан зарласан билээ
    Шинэ жилийн арга хэмжээнд МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд нар оролцсон билээ.
    Шинэ жилийн үдэшлэг нь олон сайхан урлаг, соёлын арга хэмжээгээр үргэжилсэн билээ.

     

    djmedia:315
  • Дорноговийн бөө нартай уулзлаа

    Дорноговь аймаг өвөрмөц онцлогтой. Өнгөрсөн зуны улиралд олон бөө шинээр төржээ. Тиймээс бөөгийн талаар ихээхэн сонирхож байгаа энэ цаг үед МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Дорноговь аймаг, Сайншанд хотод ажиллаа. Дорноговь аймагт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Зайран Цогбадрах, Н.Нарангэрэл, Тулгаа, Мөнхчулуун нар ажилласан юм.
    Сайншанд хотын төмөр замын соёлын төвд оройн 18.00 цагаас эхэлсэн уулзалт ярилцлагыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээж, МБНЭ-ийн байгуулагдах болсон шалтгаан, өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
    Цугласан олон уулзалт цагаа олж хийгдэж байгааг тамдэглэхийн зэрэгцээ өөрсдийн сонирхосон асуудалд хариулт авч санал бодлоо чөлөөтөй солилцлоо.
    Иргэд Дорноговь аймагт уран олдворлож байгаа тухай ярьж, байгаль орчин бохирдож, мал үхэж байгаа тухай яриад энэ талаар МБНЭ-ийн байр суурийг сонирхов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Улс орны хөгжилд байгалийн баялагаа ашиглаж хөгжих нь зайлшгүй юм. Гэхдээ баялагаа хэдийд хэрхэн ашиглах вэ гэдэг тодорхой бодлогоор зохицуулагдах ёстой юм. Уран бол стратегийн ашигт малтмал билээ. Би хувьдаа Монгол Улс нүүрсний асар их баялагтай орны хувьд энэ баялагаа эхний шатанд ашиглаж хөгжих ёстой гэж боддог. Ойрын үед ч энэ хандлага давамгайлах ёстой гэж үздэг. Ойрын 20-30 жилд бид энэ баялагт тулгуурсласан бодлого хэрэгжиж байх явцад дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжил дэвшил эрчимтэй явж илүү өндөр технологтой хөгжилд хүрэх байх аа. Тэр үед цөмийн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан олдворлолт хийж баялагаа ашиглавал зөв зохистой мэт санагддаг. Одоо ашиглах гэж яарах шаардлагагүй гэж боддогоо хэлэв”.
    Бөөлөх үед бууж байгаа “сахиус” болон “онгод”-ын тухай өөрсдийн бодлоо ярьж харилцан санал солилцлоо. Мөн бөө хүний цээрлэх зан үйлийн талаар асууж байв.

    djmedia:314

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ.

    Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар Ц.Бор, Б.Анхбаяр, А.Оюунтуул нар дэлэгрэнгүй санал, Б.Мөнхчулуун, Б.Бадамсүрэн, Б.Мөнхбаяр, Н.Лхагва, Сэргэлэн, Цэндсүрэн, Б.Гомбо, Ц.Отгонсүрэн, Р.Маахүү, Г.Гэрэлмаа, Хүнбиш, Н.Цэвэлмаа, Д.Одонхүү, Л.Баяржаргал, Ж.Сонинжаргал нар санал, шүүмжлэл бичжээ.
    Хуралдаанд ДЦХ-н байнгын гишүүн 26 гишүүн, урилгаар 5, Орон нутгаас Б.Бадамсүрэн,(Дархан Уул), Б.Нанжаа (Эрдэнэт), Ж.Өлзийсайхан (Дундговь), Ц.Бор (Өмнөговь), Б.Энхээ (Баян-Өлгий), Т.Цэндсүрэн (Хөвсгөл), Н.Цэвэлмаа (Говь-Алтай), Б.Солонго (Булган), Ж.Сонинжаргал (Завхан), Б.Энхбаатар, Отгонцэцэг, Буянцэцэг, Гарамжав, (Цогт-Цэций), Батмөнх (Сүхбаатар), Хоролгарав (Хэнтий) нарын гишүүд оролцлоо.
    Хуралдаанд Т.Баттогтох, Л.Цагаанхүү, Я.Отгонбаатар, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Ж.Эрдэнэцэцэг, Да.Жаргалсайхан, Д.Мөнхжаргал, Бахаамаазагд, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ж.Алтантуяа, Сайхантуяа нар оролцсонгүй.
    Хуралдаан 20.45 эхэлж, 23.00 цагт дууслаа.

    ТАТВАРЫН ТУХАЙ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. Тавьсан мэдээлэлдээ дараах асуудлыг хөндөж тавьлаа. (Товчлон нийтэлж байна)

    Аливаа түүхийн үйл явц хүний үйл ажиллагааны идэвхээр бичигдэж ирсэн түүхтэй. Хэн гэдэг хүмүүс түүхэн үүрэг гүйцэтгэж, хэрэг зориг юу бүтээв гэдэг бол түүх билээ. МБНЭ-ийн түүх бол ийм л түүхийн нэг хэсэг юм.
    МБНЭ байгуулагдаж, анхдугааар хуралдаан болж, олон сайхан хүмүүс цугларч бөөгийнхөө төлөө үгээ хэлж, ухаанаа уралдуулах боломж монголын бөөд бүрдсэн. Хуралдаан болж, нээлтийн урлагын тоглолт, санал шүүмжлэл болж, зохион байгуулалтын ажиллагаа хийж, нийтээрээ үдийн хоолонд орж, завсарлагаараа цай, кофе, ус ууж, бүх зүйл сайхан болоод өнгөрсөн.
    Тэгвэл хүн болгон анзаардаггүй томоохон зүйл бол хэрхэн санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал цаана нь өрнөөд өнгөрдөг. Бэлтгэл ажлуудын үед хийсэн олон уулзалтууд, хуралдааны танхимын мөнгө, завсарлагаа болон үдийн хоолны зардал гарч байж, энэ ганцхан хуралдаан болоод өнгөрсөн.
    Нээлтийн ажиллагаанд оролцсон урлагынхан хандивын тоглолт хийж, тоглолтоосоо шууд гадаадад аялан тоглохоор нисэх буудал явж байсан юмдаг. Сэтгэл байвал хүн ингэж л ханддаг.
    Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга тайлгын ажиллагаа мөн л олон хүний хандив туслалцаатай амжилттай болсон. Санхүүгийн баримт түүхийг авч үлддэг.
    Энэ үйл ажилагааг тасалдуулах зорилгоор намайг баривчлан хорьж байсан. Миний бие шоронд хоригдож байсан тул зарцуулалтыг бичиг, цаасны түвшинд танилцсан.
    МБНЭ-ээс Батлах хэвлүүлэх, том хэмжээтэй “Монгол бөөгийн ёс зүй”-н альбом, “Монгол бөөгийн ёс зүй”-н ном, сэтгүүл хэвлүүлэн гаргасан бөгөөд 34 хүнтэй холбоотой нийт 11,975,000 төгрөгний авлага үүсчээ. Гэвч энэ бүхэн найдваргүй авлага болжээ.
    Өнгөрсөн хугацаанд санхүүгийн тайлан гаргана гэдэг их ажил, цагт нь гаргаагүйгүйгээс нэг удаа торгуулж байжээ. Өөрөө нягтлангүй учир баланс гаргахад мэргэжлийн хүнийг дайчлаж иржээ. Нөгөө нэг ажил нь МБНЭ-ийн үйл ажиллагааг хууль эрх зүйн талаас тасралтгүй явуулахын тулд хийгдэж явдаг зөвшөөрлийн бичиг баримтууд, энэ бол их цаас боловсруулна. Дараа нь холбогдох байгуулагуудад өгч араас нь хөөцөлдөнө. Дээр нь сайтаа 7 хоног дутам, Фейсбүүкт өдөр дутам 4 материал оруулж, киногоо тасралтгүй хийж ирсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд хугацаанд 137 кино мэдээлэл хийжээ.
    Эдгээр гурван ачаалал бол бөөгийн байгууллагын үйл ажиллагааг өдөр дутам тасралтгүй хийж ирсэн ажил юм. Энэ бол олон хүн хамтарч хийх ажил байсан. Эдгээр ажлыг нэг л админ хариуцаж ирсэн. Одоо админгүй болоод удлаа.
    Бид сар дутам байрны болон ус, цахилгаан, утас, интернет СӨХ-ийг өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд компьютер, дүрс бичлэгийн аппарат, түүнтэй уялдаатай батарей, хувиргагч, суурь, алсын дамжуулагч техникүүдэд хөрөнгө зарцуулжээ. Ийм техникгүйгээр мэдээллийн санг бүрдүүлж чадахгүй, кино мэдээ хийж чадахгүй байлаа. Хээрийн нөхцөлд ашиглах сурталчилгааны техник хэрэгсэлтэй болжээ. Энэ хугацаанд техникын гэмтэлийг засахад нилээд хөрөнгө зарсан.
    МБНЭ-ийн цол, тэмдэг, дипломонд зориулж багагүй хөрөнгө зарцууллаа. Монгол бөөгийн Их зайран удган-24, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган, зайран 7, Монгол бөөгийн тэргүүн удган, зайран 98, Монгол бөөгийн удган, зайран 180 цол авсан, нийт 309 улаач цол, тэмдэг авчээ. Давхардсан тоогоор 700 орчим хүн ажил үйлсээрээ шагнал хүртэж медалиар энгэрээ мялаажээ.
    МБНЭ-ийн үйл ажиллагаа бодлогыг хэрэгжүүлэхийн тул ийм зардалууд гаргах зайлшгүй шаардлага байлаа.
    Бид татвар төлөлтийг МБНЭ-ийн байнгын гишүүдийн хэмжээнд тусгайлан хэлэлцэж байгааг энд дурьдаж байна.
    а. МБНЭ-ийн гол бодлого бол монгол туургатны хэмжээнд бөөгийн үйл ажиллагаагаа танилцуулах асуудал чухал байр суурь эзэлдэг. Тиймээс гадаад харилцаанд багагүй хөрөнгө зарцуулдаг. МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн гишүүд гадаад арга хэмжээнд идэвхитэй оролцдог бөгөөд ОХУ-ын Буриад, Тува, Халимагт, БНХАУ, БНАСАУ-д Д.Одонхүү, П.Батжаргал, Янжихлхамын бүлэг зочилж, бөөлөө хийхэд багагүй зардал гаргаж байлаа. Бөөгийнхөө төлөө ингэж хөрөнгө, мөнгө зарцуулсан хүмүүсээс нэмэлт татвар авах нь илүүц хэрэг билээ. Гэхдээ эдгээр хүмүүс манлайлал үзүүлж, татвар төлж байсныг сайшаан тэмдэглэж байна.
    МБНЭ нь үйл ажиллагааны хувьд олон талтай байж чадсан. Бид Дэлхийн шашины байгууллага, АНУ, БНХАУ, ОХУ, БНАСАУ-тай гадаад харилцаанд тодорхой амжилтад хүрсэн. Монгол туургатан болох ОХУ-ын буриад, Агийн буриадууд, Тува, ижил мөрний эрэгт орших Халимаг, Афганы Могол, Пакстаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд якут, Дээд монголчууд, Түвэд дэх монгол гарвалтангууд, Шинжань уйгарын монгол гурван аймгийн төлөөлөлтэй харилцаж чадсан нь бага хугацаанд том амжилт байлаа. Ийм ажлыг Монголын бөөгийн байгууллага хийж чадсан. Бид монгол туургатны хэмжээнд бүрэн ажиллаж чадсан гэж бахархан хэлж чадна.
    Дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан АНУ-БНАСАУ-ын харилцаа ид өрнөж байх үед МБНЭ нь энэ хоёр орны хооронд өөр чиглэлээр, холбон харилцаж байсан цорын ганц харилцаа байсан байж магадгүй. МБНЭ нь АНУ-ын Элчин сайд 2 удаа Монгол бөөгийн өргөөнд морилж, БНАСАУ-д албан ёсоор зочилж, өндөр хэмжээний уулзалт хийж, бөөлөлт хийж байсан. Энэ бол жир бус хэрэг байлаа.
    б. Гишүүний татвараа байнга төлдөг маш идэвхитэй хэсэг, бусдыгаа ямагт манлайлж явдаг. Бид П.Батжаргал, Д.Одонхүү, Янжихлхам, Я.Отгонбаатар, Б.Нарангэрэл, Р.Маахүү, Л.Баяржаргал, С.Сэргэлэн гишүүдээр бахархаж байна. Үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлон тэмдэглэхийн хүсч байна. Сэргэлэн татвараа идэвхитэй төлсөнөөс гадна хандив өргөж, эвлэлдээ санаачлагаараа туслаж байдаг.
    в. Нэгдсэн тахилга дээр үндсэн үүрэг гүйцэтгэж байсан гишүүдийг татвараас чөлөөлж байлаа. Мөн шинээр элссэн гишүүд татвараа цаг хугацаанд төлсөнд талархаж байна. Цаашдаа бид татвараас хэн нэгнийг чөлөөлөх нь боломжгүй болж байгаа.
    Г. Татвараа дутуу төлсөн гишүүд хамаарч байна. Эдгээр гишүүдэд хариуцлага тооцох болж байна.
    Д. Татвараа огт төлдөггүй гишүүд байна. Тэгэхдээ энэ хугацаанд МБНЭ-ийн цол, тэмдэг, шагналыг бүгдийг авсан байдаг. Тэдгээрийг нэр заан шүүмжлэв. Дотоод асуудал учраас нэрийг нийтэд танилцуулахгүй.
    Е. Энэ жилийн байнгын бус болон бусад гишүүдээс татвар төлөлтийг танилцуулж байна.
    Дээрх байдлаас анхаарч гишүүд татвараа төлж хүндрэлтэй үеийг даван туулах нөхцөл тулгарч байна.
    Хэлбэрийн төдий татвараа төлдөг, үйл ажиллагаанд түшиг болдоггүй гишүүдтэй хариуцлага тооцож, үйл ажиллагаагаа шинэчлэх цаг үед тулж ирж байна. Бид байгууллагаа бэхжүүлэхийн төлөө юу хийсэн бэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй болов уу.
    Манай ДЦХ гишүүдийн хувьд нэгдсэн тахилгад оролцож, хуралд сууж, татвараа төлж ирсэн. Хамтын хүчээр явах болвол хамтарч зүтгэх асуудал байх болно. Тэгвэл ачааг хэрхэн хуваалцах вэ. Ажилаа хэрхэн цааш нь авч явах вэ.
    МБНЭ бол хамтын байгууллага, учир шалтгаанаа тайлбарлаж байна. Ингэхгүйгээр асуудлаа шийдэж чадахгүй. Би бөөгийн төлөө өөрөөс шалтгаалах зүйлээ хийж ирлээ. Би бөө биш, тэгэхдээ бөөгийн төлөө зүтгээд явж байна.
    Бичиг баримт, санхүү бүгд хэн ч хэдийд ирж үзсэн бэлэн байгаа. Манайхан үзэх хэрэгтэй, яаж бичиг баримт хөтөлдөг, санхүү яаж авч явдагийг, яагаад гэвэл энэ хуулийн хүрээнд цаашид үргэлжлэх процесс юм.
    Унтаа байдалтай, хаяхан сэрээд нийлээд бөөлдөг хэлбэртэй бөөгийн байгууллагаас бидний хийх ажил тэс ондоо байдаг. Байнгын тогтмолжсон үйл ажиллагаатай байгууллага “хуулиар” оршин тогтнох цаг үе ирж байна.
    Эцсийн үр дүн нь үүргээ ойлгож хариуцлага, байгууллагаа амьдруулахад гишүүний оролцох амьд оролцоо чухал байгааг сануулж байна.
    Үнэн хэрэгтээ эвлэл бол зогсож болохгүй, галт тэрэгний зам дээр явж буй вагонтой зүйрлэж болно. Зүтгэж яваа толгой дотор нь цаашдын зорилго, үйл ажиллагаагаа ойлгосон олон сайхан ахмад үе, залгамж халаа болсон залуучууд удирдаж явж байна. Араас нь учраа олоогүй олон тийш харсан зорчигчид улаач нар арын вагонуудад нь явж байна. Толгойныхоо юу бодоод зүтгээд байгааг ойлгох хүртэл зорчигчид чирэгдээд л явна. Зорилгоо ойлгох цаг ойртож байна. Хаашаа явж байгаагаа ойлгох цаг дөтөлсөөр ирж явна. Надаа ийм л дүр зураг харагддаг. Энэхүү явж байгаа галт тэрэг шинэ, шинэ зорчигчид орж ирж, “хүн, хүчээр” сэлбэгдэж байна. Эвлэлийн дүрэм үйл ажиллагаа ийм маягаар зохиогдсон. Дээр дурьдсан зорилгынхоо төлөө тууштай явдаг хэсэг, говийхоны дайчин хамтач, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай явдаг чанар, үйл явцыг хараад хамтарая гэсэн иргэд, хэдий хаа хол амьдарч байгаач нэгдэх ёстойг ойлгон дэмжиж байгаа улаач нар “вагон”-д орж ирлээ. Хүч сэлбэгдэж байна. Вагоныг одоо хамтын хүч л хөдөлгөнө гэдэг “аксиом” дээр хүрч ирлээ.
    Админ бол байгууллагын гол ажиллах хүч юм. Манай админ маш чухал үүрэгтэй. Тиймээс улаач хүнийг сонгох гээд улайраад байдаг нь учиртай. 21 зууны монгол бөөгийн амьд дүрс түүхэнд авч үлдэх ёстой. Монгол туургатны хэмжээнд мэдээллийн санг бүрдүүлж байна.
    Биднийг зориод маш олон хүн ирсэн. хүмүүсийн итгэл ажилла гээд байдаг. Хөөс маягийн дэмжлэг одоо хэрэггүй болсон, ажил хэрэгч дэмжлэг хэрэгтэй. Олон жил хамт байгаа боловч ганц өгүүллэг биччих чадвар эзэмшихгүй, түүнийгээ байх зүйл мэт өөрсдийгөө зөвтгөөд явж байгаа. Өөрсдөө чадваргүй, бас хүнээр юм хийлгэх чадваргүй, бас суралцах сонирхолгүй, энэ зэмлэл залуучуудад чиглэж байгаа. Ийм байдлаар хол явахгүй
    Бөө нар нэгдэнэ гэдэг бол стратегийн зорилт, хугацаа шаардана гэсэн үг. Бид төв бөөгийн байгууллагын хувьд манлайлж, чиглүүлэх зорилго агуулна.
    Нэг хэсэгдээ бөө нар бие даасан хэлбэрийг илүүтэй эрхэмлэнэ. Бие дааж орших гэж нэг хэсэг нь явна. Биер зовлонг туулж үзсэн байгууллагууд цаашдаа нэгдэхийн ач холбогдлыг ойлгоно. Тодорхой хугацааны дараа, ялангуяа хууль гарсаны дараа нэгдэх үйл явц түргэлнэ.
    Цаашдаа нэг төвлөрсөн байгууллагад захирагдах нь зайлшгүй. Бөө бөөгийн бөөлөлт ондоо, бөөгийн олон байгууллага байвч, байгууллагын мөн чанарт ойртож чадахгүй. Жижиг түвшинд асуудлыг шийдэж чадахгүй.
    Орчин үеийн байгууллагын хэлбэрт шилжих явцад бөөгийн нийгмийн асуудал тавигдах л болно. Байгууллагаас Нийгмийн даатгал, ЭМД гээд олон асуудал шийдэх шаардлага гарна. Хэзээ нэг цагт бөө нар нийгмийн халамжаас хүртэх шаардлагатай болно. Үүнийг жижиг, тархай бутархай бөөгийн байгууллага шийдэж чадахгүй.
    Бөөгийн онгодын өргөө зэрэг асуудлыг төртэй хамтран ажиллаж байж, хот төлөвлөлтийн асуудалд тусган нүүдлийн соёлоо авч үлдэх шаардлага урган гарна. Тиймээс бөө нар нэгдэж ажиллах цаг хэтдээ ирэх болно.
    Бидний үйл ажиллагааны далайц манай улаач нарын зорилгоо ойлгох мөн чанар, нөгөө талдаа санхүүгээс шууд хамааралтай асуудал. Бид хамгийн хэмнэлттэй зардлаар олон зүйлийг зөв зохистой шийдэх гэж зорьж яваа, “манлайлагч” цөөнх юм. Цаашид:
    1. Татвараа бүгд цаг хугацаанд төлж хэвшүүлэх
    2. Үйл ажиллагааны зардал үнэлгээ өгч, дүйцүүлж тооцож байх,
    3. Татвараас чөлөөлсөн гишүүнийг заавал Захирамжаар баталгаажуулах,
    4. Татвар төлөөгүй гишүүнд цаг тухайд нь дүрэмд заасан арга хэмжээ авч байх.
    5. Дүрмийн заалт биелүүлээгүй гишүүдийг сошиалаар нийтэд мэдээлж байх,
    6. Татвараа дутуу төлсөн гишүүдийн татварыг төлж гүйцээж, дүнг ДЦХ-д мэдээлж байх.

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ.

    2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 

    1. МБНЭ-ийн бага хуралдайн Наймдугаар хуралдааныг зохион байгуулах тухай
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. 2014 онд МБНЭ-ээс зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төсөл
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

    3. Аймгууд хариуцсан ДЦЗ-ийн гишүүдээс хийсэн ажилд өгөх үнэлгээ
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    4. МБНЭ-ийн нэгдсэн шинэ жил тэмдэглэн өнгөрүүлэх тухай
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

    5. Шилдэг Удган, зайранд нэр дэвшүүлэх тухай
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    6. Монгол бөөгийн цол олгох тухай
    Дээд цэцийн гишүүд

     

  • Европын түүхт газруудаас авчирсан сүншиглэсэн шороо

    Монгол бөөгийн тэргүүн удган Пүрэвсүрэн Монгол цэргүүдийн хуарагнаж байсан газарт монгол гэрээ барьж галаа тахиж, үе үеийн баатрууддаа хүндэтгэл үзүүлэн бөөлсөн байна. Мөн монгол цэргүүдийн хуарагнаж байсан газраас сүншиглэсэн шороог эх орондоо залав.

     

    3. ПОЛЬШ УЛСЫН ЛИГНЕЦ ХОТЫН ДЭРГЭДЭХ МОНГОЛ ЦЭРГИЙН ТУЛАЛДААН БОЛСОН ГАЗРААС БӨӨЛЖ СҮНСЭГЛЭСЭН ШОРООГ ЗАЛАВ.
    Монголын Байдар, Хайду хэмээх хоёр жанжны 20000 цэрэг Польшийн II Хенрик вангийн голлон удирдсан Польш, Германы эвслийн 60000 цэргийг бутцохисон тулалдаан юм. Тулалдааны гол зорилго нь Батхаан, Сүбэдэй нарын Унгарын IV Бела вангийн цэрэг болон Австрийн Темплерийн ордений хүчинтэй тулалдах явцад буюу (Мохигийн тулалдаан) баруун жигүүрээс хавсран цохигдох аюулыг зайлуулан сэргийлэх зорилгоор Польшийн нутагт цөмрөн орсонд байжээ. Энэхүү тулалдаан нь Европчуудад цэрэг-дайн, түүний номлолд хандах хандлагыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж барууны цэргийн түүхчид үздэг байна.

     

    4. УНГАР УЛСЫН ПОМЕЗ ХОТЫН ДЭРГЭДЭХ ХҮННҮЧҮҮДИЙН ДУРСГАЛТ ГАЗРААС ШҮНСЭГЛЭСЭН ШОРООГ НУТАГТ НЬ ЗАЛАВ.
    Унгар улсад Хүннүчүүд 35 жилийн турш Помез хотыг байгуулж босгосон байна. Помез хотын дэргэд Хүннүүчүүдийн булш байдаг.
    Энэхүү дурсгалт газар Хүннү нартай холбоотой дамжин ирсэн олон мэдээлэл байдаг.
    МБНЭ-ийн санаачлагыг дэмжин Монгол бөөгийн тэргүүн удган Пүрэвсүрэн энэхүү дурсгалт газарт хүндэтгэл үзүүлж бөөлөн шүнсэглэсэн шороог нутагт нь залсан байна.

     

    5. УНГАР УЛСЫН МУХИ ТОСГОНЫ ДЭРГЭДЭХ МОНГОЛ ЦЭРГИЙН БУЛШНААС СҮНШИГЛЭСЭН ШОРООГ ЗАЛАВ.
    Саяхан бидний хэдэн нөхөд өмнөөс баруун зүгт олон мянган км зам туулан Монголын түүхэн үйл явдал болсон газрууд, уул, усыг гатлан баатруудынхаа түүхэн хүндэтгэлийн цогцолборт сүншиглэсэн шороог залах ажил хийсэн юм. Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан тэнд нойрсож буй 1000 цэрэг бол тэдний өмнөх түүх, өнөөдөр тэдний замналаар монгол цэрэг энхийг сахиулаад явж байгаа билээ. Тэдэнд бахархан дууриах баатарлаг түүх, амьд жишээ яах аргагүй эх орныхоо төлөө харь нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж яваад нойрссон 1000 баатар эрийн шарил мөн болой.
    Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан Монголын 1000 баатар дайчдын хөшөө гэж нэг тохой илүү тайрдас мод гурван угольник төмрөөс бүрдэнэ. Түүнийг анх хараад миний сэтгэл ихэд огшиж билээ. Төр нь мартсан ч, түмэн олон нь мартсангүй хэдэн зуун жилийн дараа шүншиглэсэн шороог эх оронд нь залав.
    Монгол бөөгийн Тэргүүн удган удган Ж.Пүрэвсүрэн Унгар улсын Мухи тосгоны дэргэд Европыг шигшмэл 85 мянган цэрэгтэй Монголын Бат, Сүбээдэйгийн удирдсан 25 мянган цэрэг тулалдан Монгол цэргийн байлдах ур чадвар, цэргийн урлагын чадварыг гайхуулан ялалт байгуулан 65 мянган цэргийг хядсан тулалдаан болсон газраас хүндэтгэн шороо залав.

    djmedia:307
  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ ГЭЖ ЭХ ОРОНДОО БИД ХЭЛСЭН.

    Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу “Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой”-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
    Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
    Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн “харъяат” улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
    Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
    Японы хааныг “жижиг улсын хаан” хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
    Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
    Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
    Хубилай хаан сая л япончуудын эл “эрээ цээргүй” занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
    Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа.Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг “Япон дайн өдөөн зарласан”-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
    Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
    Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
    1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
    Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
    Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
    Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг.1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
    Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
    Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
    Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
    Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
    7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
    2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
    Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
    Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
    Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
    Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

    2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.
    Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.
    Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн хнэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
    Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
    Мөнх тэнгэр, эзэн Чигисийн ариун сүнс биднийг ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа