Category: Бидний тухай

  • Хөвсгөл аймгийн төвийнхөн Бөөгийн шүтлэгээрээ бахархав.

    Монгол орны хоймор болсон, онгон байгалиараа Дэлхийд гайхагддаг Хөвсгөлчүүд бас Монгол бөөгийн уламжлалыг өнөөг хүртэл залгамлан өртөөлж ирсэн түүхэн гавьяатай ард түмэн билээ. Тиймээс ч Хөвсгөл аймгийн Мөрөн хотынхон энэ өдрүүдэд Бөөгөөр амьсгалж,  бөөгийн тухай хаа сайгүй ярилцаж байлаа.
     2013 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Мөрөн хотын төв театрын танхим хүнээр дүүрч, суух суудал олдохгүй битүү цугларсан байлаа. Уулзалт Хөвсгөлийн өсвөр үеийнхэний төлөөлөл болсон Морин хуурын тоглолт, Төв театрын хамт олны  “Бөөгийн бүжигээр эхлэв. Уулзалтыг МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн Тэргүүн, Зайран Ганболд үг хэлж нээв.
     Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган, Хөвсгөлийн алдарт Зайран Дамдины охин Д.Батчулуун нар үг хэлж, Монгол бөөгийнхөө өнөөгийн байдал, МБНЭ-ийн хэтийн зорилгын талаар танилцууллаа.
    Хөвсгөл аймагт анх удаа бөөгийн уулзалт болж байгаад баярласан олон  сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэж, МБНЭ-ийн ажилд амжилт хүсч байлаа. Уулзалтыг хааж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан….. бөөгийн тухай зохиосон ая дуугаа өргөж, сургуулийн сурагч, уран сайханчид Монгол бөөгийн бүжгээр уран бүтээлийн мялаалага хийлээ.
    Дараа өдөр нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Зайран Ганболд, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я. Мөнгөнсувд нар Хөвсгөл аймгийн ”Тэнгэрийн улаач” нартай уулзаж халуун дотно ярилцаж, бөөгөө хөгжүүлэх талаар хамтарч нэгдэж ажилахаар саналаа нэгтгэв. Монгол бөөгөө уламжлалт ёс жаягаар хөгжүүлж ирсэн Хөвсгөлийн Улаач нар манлайлалаа үргэлжлүүлж тэргүүн эгнээнд явахаа илэрхийлж байлаа. Монгол бөөгийн хөгжилд тэдний хүлээх хариуцлага, хийх ажил их байгаа. Түүнийгээ тэд биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна лээ-Хөвсгөлийн Улаачид.
     
     
     
  • ИХ ТЭНГЭРТ ӨРГӨСӨН АЙЛТГАЛ

    Нэн эртний түүх соёл, зан заншил ахуйгаа хадгалан байгаа Монгол бөөгийн олон мөн чанар тайлагдашгүй байж, орчин үеийн шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэхүү үйл явц улам гүнзгийрч  дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо.
    Ийм үед манай бөө нар өдөр цагаар улам ухаажиж, өөрсдийн өмнө тулгарч байгаа жижиг, сажиг зүйлийг умартан ангижирч уужим, өгөөмөр сэтгэл, алсыг харсан тэнүүн бодлогоор нэгдэн нийлж эх дэлхий байгаль орчиноо хамгаалах, Монгол орныхоо төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө шударга үнэнчээр зүтгэх түүхийн хариуцлагатай үед ирээд байна.
     Бөөгийн түүхийн сүүлийн 20 жилд бөөг шүтдэг олон түмний тоо хүн амын 10 хувьд хүрсэн байдаг. Энэ бүхэн Манай Удган, Зайран нарын зүтгэлийн бодит үзүүлэлт, хэнтэй ч хуваалцашгүй ажлын тодорхой үр дүн мөн билээ.
    Бидний энэ амжилтыг дагаад нийгэмд бас таагүй зүйлүүд бий болсоныг дурдахгүй байж болохгүй. Энэ бол бөөгийн талаар яригдаж, бичигдэж байгаа буруу, зөрүү ойлголтууд юм. Бөөгийн нэрийг барьсан залилан, гэмт хэрэг олноор гарах болсон нь нийгэмд бөөгийн тухай сөрөг ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
    Дэлхийн даяарших үйл явцтай энэ зэрэгцэн оюун санааны ертөнцөд гадны түрэмгийлэл нэн хүчтэй түрэн орж ирээд удлаа. Олон зуун жилийн баялаг туршлагатай, тив, бүсийн хэмжээнд зохион байгуулалттай, санхүүгийн өндөр чадавхитай, оюун санааны “түйрэн”-гийн эсрэг  хэн сөрөн зогсож чадах вэ, бас эд баялагийн эзэн суусан, мөнгөтэй хөрөнгөтэй, зохион байгуулалттай, эрх мэдэлтэй, түүнийгээ буруугаар ашиглагчид засаглал, санхүүгийн олигархиуд, онгон байгаль, төрсөн газар нутгийг минь сүйтгэгчтэй хэн тэмцэх вэ гэсэн ар араасаа дагасан олон асуултад хариулт өгөх, тэгэхдээ идэвхитэй үйл ажиллагаагаараа харуулах түүхэн хариуцлага Тэнгэрийн Улаач та бидэнд ногджээ. Энэ түүхэн үүргээ ухамсарлавал Манай Удган, Зайран нар МБНЭ-д нэгдэн нийлж Түүхийн өмнө гүйцэтгэх хариуцлагатай үйлд зүтгэхээс өөр гарц үгүй юм аа.
    Өнгөрч байгаа 2012 он Монголын бөө нар нэн чухал түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.
    Нэг. 2012 оны 4 дүгээр сарын 20–ны өдөр Дээд хуралдайгаа хийж МБНЭ-ийг байгуулсан билээ. Байгуулагдаад арван сар өнгөрч байгаа боловч олон бэрхшээл,  зөрчилдөөнийг даван туулж байна. Их үйлийн төлөө олонх нь дотоод талдаа нэгдэж ажиллахын ач холбогдолыг илүүд үзэж байхад, зарим нэг нь өчүүхэн шалтгаанаар замын дундаас салан одож байна. Үйл явцыг мөнгөний хэмжүүрээр хардаг, хувийн нэр төрөө дээшлүүлэхийн төлөө ашиглахыг хүсэгчид, архидан согтуурч бүтээсэн нэр хүндээ баллуурдагчид тэдний дунд байна. Энэ үг тэдэнд хатуу сонсогдож байгаа байх гэхдээ ийм дутагдлууд цаашлах тусам бидэнд саад болно. Харин дутагдалаа ойлгож засж чадаж байгаа хэн бүхэнд манай МБНЭ-ийн хаалга нээлттэй байх болно.
    Хоёр. Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан, Туул, Хэрлэн,  Онон голд Лусын тахилга, тайлгын ажиллагаанд  500 орчим бөө нар оролцуулан зохион байгууллаа. Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.  Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
    Гурав. МБНЭ-ийн нэгдэж, хамтарч ажиллах үеийн эхний ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ үйл явц аймагт бөөгийн хүрээлэн, сумдад бөөгийн Тэргүүн бөө нарыг тодруулахаас эхлэн амжилттай үргэлжилж байна. Манай бөө нар орон нутгийн бүтцээр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод амьдардаг бөө нар аймаг сумын нутгийн зөвлөлийн хэлбэрээр, эсвэл яс угсааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ. Зүүн аймгууд нэгдсэн зохион байгуулалтад ороод байна. Улаанбаатарт амьдарч байгаа бөө нар анхлан санаачилж Говь-Алтай аймгийн нутгийн Бөөгийн Зөвлөлийг байгуулан ажиллав. Энэ бол маш чухал ажлын эхлэл, сайхан үлгэр жишээ болов.
    Бид нэгдэж ажилласны тодорхой жишээ бол зөвхөн зуны гурван сард 1200 гаруй уул, усны тахилга, зан үйлийн ажиллагаа хийжээ. Энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө гээд тооцвол их зүйл гарна. Ийм их ажлыг амжуулж зохион байгуулж байсныг МБНЭ байгуулагдсанаар анх удаа тооцож үзэж байна. Тархай бутархай байсан бол хэн ч энэ их ажлын тухай мэдээлэлийг нэгтгэн тооцохгүй байв.
    Дөрөв. Одоо бид бөөгийнхөө дотоод үйл ажиллагааг цэгцлэх цаг үе эхэлж байна. Саяхан хуралдсан МБНЭ-ийн 4 дүгээр хуралдаанаар “Монголын бөөгийн ёс зүй” гэсэн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Бөөгийн ёс зүй бол цаасан дээр анх удаа буулгаж байгаа болохоос үе үеийн бөө нар мөрдөж, хэрэгжүүлж ирсэн ёс зүйн түүхэн уламжлал юм. Энэхүү уламжлалт Бөөгийн ёс зүйг Могой жилийн анхны өдрөөс албан ёсоор нийтэд зарлаж, бөө нар болон олон түмэн сүсэгтэн нар танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах болно. Монгол бөөгийн ёс зүйг нийтэд танилцуулах, сурталчлах, хэрэгжүүлэх нь МБНЭ-ийн нэн чухал, зорилтод ажиллагаа байх болно.
    Тав. Олон улсын салбарт, гадаад харилцаа цоо шинээр үүсэн хөгжиж байна. Богино хугацаа өнгөрсөн боловч МБНЭ-ээс БНХАУ, ОХУ, АНУ, БНАСАУ, БНСУ, Япон, Турк Улсуудын гадаад харилцааны ажилтнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ярилцаж санал бодлоо солилцлоо. Гадаад харилцаанд одоо үүсээд байгаа чиг чигээ барьсан, хувиа хичээсэн замбараагүй байдлыг арилгаж, албан ёсны харилцааг бий болгож байна. Гадаад харилцаанд Монгол бөөг жинхэнэ утгаар нь төлөөлж чадах чадварлаг бөө, сүсэгтэн олныг хамруулдаг болох ёстой.  Тэд монгол бөөгийн нэр төр, нүүр царайг дэлхий нийтэд сурталчилж байгаагаа мартах ёсгүй.
    2012 онд Монголын бөө нар нэгдэн нийлснээ ийнхүү таван том үйлийг бүтээжээ. Хамтарч ажилласны үр дүн ийм байна.
    Бидний хувьд цаашид хийх ажил их байна. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүгийн дэмжлэг туслалцаа юм. Үйл ажиллагааны нэг тал болсон санхүүгийн дэмжлэггүйгээр ажил урагш явахад нэн хүнд байна. Одоогоор бид байгаа боломжид тулгуурлан маш удаан урагшилж байна. Цөөн хэдхэн хүний хандиваар өнгөрсөн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. МБНЭ-ийн гишүүд дэмжигчид гишүүний татвараа цаг хугацаанд өгдөг байвал МБНЭ-ийг дэмжиж байгаа сэтгэлийн бодит илэрхийлэл байх болно.
    Бөө нар, түшээ, дэмжигчидийн сэтгэлийн нэг бодит илэрхийлэл нь МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санаж бодож байгаа зүйлээ харилцан солилцож хамтран ажиллах явдал юм.
    2013 онд бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.  
    Бидний хамгийн чухал зорилт бол Онгон байгалиа хамгаалах зорилт мөн. Бөөгийн зан үйл маань онгон байгаль, онцгой гайхамшигт ан амьтадаар хөлөглөн Дээд тэнгэртэйгээ, онгодтойгоо харилцаж ирсэн билээ. Дэлхий, онгон байгальгүйгээр бид юу ч биш. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутаг маань хэрэг дээрээ лиценз нэртэй алга дарам цаасаар харийханд худалдагдаж, улмаар онгочигдон бузартлагдлаа. Монголчуудын нэг хэсэг нь эх орон газар нутгаа бусдад худалдан өөрсдөө хөрөнгөжин тансаглах болж, ард түмэн үгүйрэн хоосорч байна.
    Бөө нар хаана ч лус, савдагаа тахиж, зан үйлийг хийхдээ хүн-онгон байгалийн хүйн холбоог бэхжүүлж, тэр нутагт амьдарч байгаа ард түмнийг өдөр дутмын ахуй амьдрал, зан үйлтэй нь холбон нэгтгэж өгөх, шүтэж ирсэн түүхэн уламжлалаа сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Бөө нар, ард түмэн, онгон байгаль гурав амь нэгтэй ажиллаж ирсэн түүхэн уламжлалаа идэвхжүүлэх цаг үе иржээ.
    2013 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Туурагтны Их тахилга, тайлгыг Улаанбаатар хотын ойролцоо хийнэ. Энэ тахилгад Монголын бүх сумдаас төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тыба зэрэг бусад монголчууд оролцоно. Энэ Тахилга, тайлга нь Монгол бөөгийн хүч чадал, мөн чанарыг таниулахад нэн чухал үйл болно.
    Шинэ оны анхны Тайлга, тахилгаа Монголын баруун хязгаарын арван гурван хайрханы нэг “Жаргалт хаан”-ы их тахилгаар эхэлнэ. Энэ тахилга 5 дугаар сарын 25-нд болно. Баруун монголын бүх төлөөлөл оролцох бөгөөд төв болон зүүн аймгаас Удган, Зайран нар хүндэтгэл үзүүлж төлөөлөгчдөө оролцуулах юм. Эзэн Чингис хааны зарлигаар Монгол баруун хязгаарын хамгаалах, эзэн нь байх хүндтэй үүргийг хүлээсэн цагаас хойш 800 жил өнгөрчээ. Монголчууд түүхэн үүргээ ухамсарлахад энэ тахилга онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бид Их үйлийн төлөө хамтарч ажиллаж, харилцан туслаж чаддагийн бодит жишээг үзүүлэх болно.
    Монгол орныхоо онгон байгалийг хамгаалах шаардлагаас уламжлан хэд хэдэн газарт Ард түмнээс ирсэн хүсэлтийг үндэслэн Тахилга, тайлгын нэгдсэн ажиллагаа хийгдэхээр байна.
    Монголын бөөгийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн Удган, Зайран, Түшээ нартаа зориулсан шагнал урамшилыг бий болгоно. Тэд олон жил  хийсэн бүтээсэн үйлээрээ шагнал, нэр хүндээ хүртэж байх болно. Өмнө нь үүсээд байсан мөнгөөр цол, шагналыг худалдаж авч ирсэн зохисгүй байдлыг хална.
    Монгол бөөгийн багш-бөө нартай ажиллах ажиллагаанд шинэчлэлт хийх болно. Бөөг жинхэнэ уламжлалт арга ухаанаар хөгжүүлж байгаа тэнгэрийн элч нарт айх зүйл байхгүй. Харин “хуурамч” гэх нэрийг зүүж байгаа зарим нөхдүүд биднээс дайжин зугтаж байгаа нь үнэн. Ойрын хоёр жилд тэнгэрийн улаачийн хувьд, хүмүүний хувьд ч түүхийн шалгуурт шигшигдэх хариуцлагатай үе юм. Бөөгийн нэр барьж өнгө, мөнгөний хойноос хөөцөлдөгчид анхааруулахад Тэнгэрийн гэсгээл тун хатуу гэдгийг сануулъя.
    Бөөгийн үйл ажиллагааг сурталчилахад ихээхэн анхаарах шаардлага байна. МБНЭ-ийн “Монгол бөө” өөрийн цахим сурталчилгаатай болов. Цаашдаа цуврал дугаараар ном гаргана. Мөн улирлаар гардаг сэтгүүлтэй болохоор ажиллаж байна. Эрдэмтэн судлаачидтай хамтарч цуврал лекц, ярилцлага хийнэ.
    Бөөгийн ёс зүйг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын бөө нар сүсэгтэн олонтой хамтарч хийнэ. Бөө нар, сүсэгтэн олон хаана хандах, хэн дээр очихоо мэддэг болно. Ингэснээрээ бөөгийн нэр төрийг элдэв бусармаг зүйлтэй хольж хутгадаг “хуурамч бөө” нараас ангижрах болно.
    Бидэнд хамтарч хийх, ажиллах их зорилго хүлээж байна. МБНЭ-дээ эвлэлдэн нэгдэж их үйлийн төлөө зориглон хөдлөх цаг үе ирлээ.
    Тэнгэрийн улаач, түшээ нар, сүсэгтэн олон та бүхнийг Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хаан маань ивээх болтугай.
       
      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     
     
     
  • ШИНЭ ЖИЛ-2013 ОН

    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн хамт олны хувьд  2013 он тахилгаас тахилга, хурлаас хурлын хооронд гэсэн ёстой л ихийг хийж бүтээсэн, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Тийм ч учраас 2013 оны Шилдэг Зайран, Шилдэг Удган, Шилдгийн Шилдэг Бөө гэсэн 3 номинацид бусдыгаа манлайлсан олон сайхан Зайран, Удганууд нэр дэвшиж өрсөлдөв.
         2013 оны Шилдгийн Шилдэг Бөөгөөр Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг удирдсан, Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны нэгдсэн Их тахилгыг удирдсан, Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж, оролцсон Монгол Бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун,
         2013 оны Шилдэг Зайрангаар Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг зохион байгуулж, Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, ЮНЕСКО-оос зохион байгуулсан ОУ-ын Бөөгийн фестивальд МБНЭ-ийг төлөөлөн оролцож, Монгол Бөөг төлөөлж бөөлсөн, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд Монгол бөөг бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун,
         2013 оны Шилдэг Удганаар Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж удирдсан, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгын Нарны тахилга, Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг үлгэр жишээ зохион байгуулж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Г.Гэрэлтуяа нар шалгар тус тус шалгарсан байна. Шагналыг МБНЭ-йин Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нар гардуулан өглөө.
            Мөн МБНЭ-ийн “Долоон од” одонгоор  Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Х.Энхмаа нар шагнагдлаа. Мөн мөнх тэнгэрийн үйлсэд арвин их амжилт гаргасан  Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн  А.Энхтайван нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, Удган Ж. Алтанчимэг, Ж. Төгсжаргал, Т.Дагвадорж нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар, Удган Д.Оюунсүрэн, Б.Батчимэг, Б.Оюунчимэг, Ч.Болорцэцэг, Отгонжаргал, С.Отгондулам, Уранчимэг, Энхмаа, Ц.Баттулга нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар тус тус шагнасныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулав.
           Шинэ жилийн цэнгүүн халуун дулаан уур амьсгал, ихийг бүтээх эрмүүн хүсэл эрмэлзэл дүүрэн болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд төрөө хүндэтгэн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл урьсан байна.  
                                                                                                                                                                                      

     
  • СОНГОЁ, 2223 ЭСВЭЛ 300, 25 ЮУ?

            

     Эхлээд 300 гэсэн тоон дээр ярилцъя.
    Монголчууд дэлхийг эзэлсэн төр улсыг байгуулсанаар олон сайн зүйлийг ертөнцэд бий болгосон шигээ өөрсдийгөө мөхөөх олон шалтгаанаар “өвчилж” эхэлсэн билээ. Дэлхийд хуурай газраар тарсан монголчууд энх цагийн аясаар Мөнхтэнгэрийн шүтлэгээсээ татгалзаж, амьдарч байгаа орон бүхэндээ оршин буй шашинд уусч эхлэв. Монгол төрийг удирдаж зангидаж төвхнүүлж байсан хаад ч монгол нутгаас нийслэлээ харийн нутагт шилжүүлсэн байна. Нөгөө талаас энэхүү боломжийг ашиглан Монголчуудыг үндсэн шүтлэгээс нь холдуулж хүч, чадал, чадамжийг нь дарах, ноомой хүлцэнгүй байдалд шилжүүлэх номлол байр сууриа бэхжүүлэх болов.
    Манжийн төрөөс явуулсан тусгайлсан бодлогоор монголчуудыг хооронд нь хагаралдуулж, хүчийг нь сулруулан, нэг хэсгийг нь ашиглан гол шүтлэг Мөнхтэнгэрийн шүтлэгээс татгалзуулах, бурханы шашин дэлгэрүүлэх ажлыг хийж чадсан билээ. Монголд харийн хэл дээр номлолоо уншдаг шашинг манжийн хааны зарлигаар Монголд хүчээр түгээв. Айл болгонд байсан шүтлэгүүдийг хураан авч, энэ үзлийг түгээгч, номлогч байсан бөө нарыг олон зуугаар нь шатаан “генацит” хийж устган, ноёд, ардуудыг эдийн засгийн маш хатуу торгууль ногдуулах замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадсан билээ. Мөнхтэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг өөрийн болгон шингээсэн шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Ингэхдээ Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ.
    Хорьдугаар зууны эхэнд Бурханы шашин хөгжлийн ноён оргилдоо хүрч Төр, шашиныг хослогч хаант улс байгуулагдаж, засгийн эрх мэдлийг авч чадсан юм. Хүн төрөлхтний нэгэн үеийн Засгийн эрх мэдлийг шашины зүтгэлтнүүд барьж байсан үе түүх болон үлдэж, цагийн хөгжлөөр энэ үүрэг улс төрчдөд шилжсэн билээ. Гэвч хүмүүсийн дунд шашин нөлөөгөө алдаагүй байна.  Монголд айлчилсан шарын шашины тэргүүн, зүтгэлтнүүд монголчуудад шашины сургаалаа эрчимтэй орчуулж сурталчлахыг айлдсан байдаг бөгөөд 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн, одоо ч орчуулж дуусаагүй байна. Харь хэл дээр номлолоо уншдаг Бурханы шашин нь Монголчуудын өөрсдийн биш зүйл гэдгийг нотлох нотолгоо болсоор байна.
    Одоо Монголд таван мянга орчим лам, 350 орчим хийд ажиллаж байна. Хилийн чанадаас монголд 20 гаруй хувилгаадын нэрийг тодруулжээ. Жил тутам хэдэн зуун шашин лам хуврагыг гадаадад бэлтгэж байна. Төрийн хуулинд Монголын төрийн зонхилох шашин гэж тодорхойлогдсон Бурханы шашин нь түүхийн явцад хөгжил нь эрчимтэй өөрчлөгдөж байна. Монголчуудын ихэнх нь шүтдэг бурханы шашины байр суурь өөрчлөгдөж байна. Монголчуудын оюуны салбарт он удаан жил зонхилох байр суурийг эзэлж ирсэн Бурханы шашин хэрэг дээрээ Хятадаас дүрвэж гарсан Далай ламын Монголд өөрийн байр сууриа бэхжүүлэх, шашины нөлөөллийг түгээхэд онцгойлон анхаарсан бодлого болж хувираад байна.  Наяаад жил тасарсан Монголын бурханы шашины хувилгаадын хойд дүрүүдийг Монголоос тодруулах ажлыг хийлээ. Ингэхдээ хойд дүрүүдийг Далай лам алс холын Энэтхэг орноос шууд удирдан хийлээ. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.
    Бурханы сургалтын сургуулиуд, томоохон цогцолбор, бүх сумдад бурханы сүм, дугана барих ажлуудыг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. 2014 онд бурханы шашинд Улсын төсөвөөс 5,8 тэрбум төгрөг олгохоор тусгажээ. Гэвч хэрэг дээрээ Монгол дахь Бурханы шашины хийдийн хамбууд нь өөрсдийн дураар үйл ажиллагаа нь явагддаг, Чойжамц нэгтгэн зангидаж байгаа мэт боловч  дотооддоо маш их зөрчилдөөнтэй. Энэ зөрчилдөөнийг арга заль, хүчээр дарж явж байна. Энэхүү зөрчилдөөн нь өөрсдийн хөрөнгөөр эдийн засгийн суурь баазтай болсон хэдэн хамба нарын хэмжээнээс хальж, одоо Далай ламын тодруулсан, Энэтхэгт боловсорч гэгээрсэн, гадны санхүүд шууд дулдуйдсан олон гэгээнтэнүүд бий болов. Нөгөө талдаа Далай ламын дэмжлэгийг хүлээх гэвэл түүний найдвартай, итгэлтэй дагалдагч байх шаардлагыг хангах хэрэгтэй болно.
    Монголд Богд Жавзандамба хутагт хэрэг эрхлэх газар байгуулагдаж, Монголд 10 дугаар Богд Жавзандамба хутагтыг тодруулж байна. Энэ ажиллагаа түвдүүдийн удирдлага дор Монгол талаас ганцхан Чойжамц хамбын оролцоотой хийгдэж байгаа. Тэрхүү тодрох 10-р богд, бяцхан “амьтан”-ы ард Чойжамц хамбын амьдрах орон зай оршиж байна. Түүний ард санхүүгийн хүчтэй дэмжлэг, зохион байгуулалт, сүлжээ, суртал нэвтрүүлэгчдийг бэлтгэх сургалтын системтэй, сурталчилгааны өргөн хамжээний техник хэрэгсэлтэй, өөрийн гэсэн радио, телевизтэй, хүчирхэг багууд ажиллаж байгаа юм.
    Одоо цаг буюу 25 гэсэн тоон дээр ярилцъя.
    Иссусын шашин бол Их Чингис хааны үед ч хэсэг монголчуудын шүтэж байсан шашин билээ. Энэ тухай Монголын нууц товчоонд олонтой дурьдсан байдаг. Тэр үед өнөөдрийх шиг нийтийг хамарч байсангүй. Тиймээс ардчилсан өөрчлөлтийн дараах үеийн 25 жилийн түүхийн тухай ярих болж байна. Өнөөдөр монголчуудын дунд Иссусыг шүтэх байдал нэмэгдсэн байна. Төвлөрсөн хүн амтай ихэнх газруудад Иссус нь засаг захиргааны багуудад хүртэл цуглааны сүм байгуулаад байна. Ийнхүү харь хэлнээс орчуулсан номлол бүхий үзэл санаа бүхий оюуны довтолгоон монгол оронд хүчтэй түгэн дэлгэрч байна. Энэ шашин бол дэлхийг хамарсан сүлжээтэй, сая саяар тоологдох сүсэгтэнтэй, зохион байгуулалтын хувьд асар их хөрөнгийн чадавхитай, цэгцтэй, боловсруулсан сургаальтай номлол юм.
    Хорин хэдэн жилийн хугацаанд тэд Монголын засаг захиргааны хамгийн бага нэгж болох сум болгонд өөрсдийн цуглааныг сүмийг байгуулж, номлол түгээх орон тооны ажилтантай болж, захиргааны нэгж баг, хороодод идэвхтэй ажиллан эгэл жирийн иргэдийн нэг хэсгийн итгэлийг олж чадсан байна. Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажилагаа нь өөрийн гэсэн радио, телевизын сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна. Жил бүр АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол дахь шашины үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн баримтыг боловсруулан гаргадаг, АНУ-ын конгресст тусгайлан илтгэл оруулж байдаг тогтолцоотой юм. 90-ээд онд гарсан өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсад гадаадын 30 гаруй шашины урсгал орж ирж Монголчуудын оюун санаанд өөрийн байр сууриа бэхжүүлэхээр ажиллаж байна.           
    Одоо онцлон ярих 2223 гэсн тоон дээр тогтоё.
    Бөө мөргөлийг төрийн хэмжээнд тахин шүтэж, авч үлдсэн хоёр үндэстэн байсан нь Монгол, Манж нар байв. Манж үндэстэн бүрмөсөн мөхөж, хэн нэгэнд сургамж болон их үндэстэнд уусан түүхийн тавцнаас арчигджээ. Харин хоёр их гүрний завсар орших,  Дэлхийн хуурай газрыг бүхэлд эзэлсэн их гүрнийг байгуулж явсан Монголчуудад Манжийн хувь заяа хүлээж байж мэдэх юм.  
    Манж Монголчуудыг эзлэхдээ, Монгол үндэсний омогшил, бахархалыг устгахдаа чухамхүү бөөг төрийн хэмжээнд ашиглаж ирсэн туршлагандаа тулгуурласан улс төрийн бодлого явуулсан байна. Тэгээд ч түүхийн явцад амжилтанд хүрч чаджээ. Монголчууд Хүннү, Сүннү гүрний үед бөө шүтлэг нь дээд түвшиндээ хөгжиж ирсэн бөгөөд энэ үеээс төрийн шүтлэг, номлол болон дэлгэрчээ. Номлолын гол үзэл санаа нь Мөнх тэнгэрийн үзэл бөгөөд байгалийн хүчин зүйл, түүнтэй харьцах арга бэлгээр ялгаран тодорч байлаа. Мөнх тэнгэртээ тахин шүтэх ёслолын хоёр ч төрийн хууль гарч, даган мөрдөж байжээ. Энэхүү номлолыг хөгжүүлж туйлд нь хүргэхэд Чингис хаан чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
    Монголчууд бүхний дээр Мөнх тэнгэр байдаг, тэр бол хамгийн шүтэн бишрэх дээд үзэл, түүний дараа шашингууд эрэмблэгддэг байжээ. Тиймээс бүх шашин ижил түвшинд тавьж, тэгш хандаж, улс төрийн бодлогодоо ашигладаг байлаа. Яагаад гэвэл дэлхийг эзлэх явцад янз бүрийн байгалийн нөхцөл, янз бүрийн үзэл номлол бүхий улс гүрнүүдийг захиргаандаа байлгахдаа шашины гүйцэтгэх хүчин зүйлийг зөв мэдэрч, ашиглаж байсантай холбоотой. Монгол Улсын төв нийслэлдээ шашины бүх сүм, хийдтэй байжээ. Монголчууд эртнээс Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг төрийн хэмжээнд ашиглахдаа эхлээд байгаль хүн хоорондоо харьцахуйн олон далд чанарыг мэддэг байжээ. Томоохон байлдааны ажиллагааны эхэнд цэрэг, иргэдийн сэтгэл санааг засах, байгалийн хүндрэлтэй цаг уурыг бий болгоход бөө нарыг ашиглаж байсан нь түүхийн зохиолуудад тэмдэглэгдэн үлджээ.
    Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2223 жил болж байна. Өөрөөр хэлбэл Монголын төр бөөг төрийн хэмжээнд шүтэж эхэлсэний 2223 жилийг 2015 онд тэмдэглэх болно.
    Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна. Монголчууд гадны хэн нэгний зохиосон номлол, бүтээсэн шавар баримал, зурсан зургын өмнө залбирагчид бишээ. Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон ирээдүйд идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс байхгүй байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна.Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна.
    Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа МБНЭ-ээс өөр байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна. 1990 онд хүн амын нэг хувь хүрэхтэй үгүй байсан Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр 12 хувь гэж тодорхойлогдож байна. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ. Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэр, байгаль дэлхийд онгодтойгоо учирдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг.
    Бөө шиг ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шүтлэг сансарт байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Өнөөдөр эх орныхоо сайн сайханы төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна.
    Агуу их хааныхаа их сүлдэнд, хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын ард түмэн ийм их агуу их шүтлэгтэй байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг  бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг өөрсдөө ч танихгүй болтол өөрчлөхийг харийнхан зорьсон. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь тэд булшилахыг хүссэн. Бид сэргээнэ, дахин амилуулна. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Буддизм, Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын их хүсч бодож байна.
    Мөнх тэнгэрийн үзэл санаанаагаар олон жил амиа тээгсэд өнөөдөр бүхнийг гаднаас шүүмлээд л явж байна. Тэд ичих хэрэгтэй. Ярих бус хийх, ажиллах цаг үе ирсэн. Хамтдаа Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэцгээе. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.              
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан           
     Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Ажлын            
    албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа  
     
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН.

    2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран дөрөвдүгээр хуралдаан, МБНЭ-ийн төв байранд боллоо.
    Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ.  Үүнд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Монгол бөөгийн цол, шагнал олгох тухай, мэдээлэл:
    -Б.Бадамсүрэн-Монгол бөөгийн их удган, ахлагч
    -А.Оюунтуул-Монгол бөөгийн удган
    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    2. 2020 оны хийх ажлын төлөвлөгөөний төсөл:
    -Ш.Нямдорж-Монгол бөөгийн тэргүүн зайран
    3. Галын тахилгын дүн:
                                  Ц.Мөнхчулуун-Монгол бөөгийн зайран
            Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    4.  Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл, Монгол бөөгийн өргөөнд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески зочилсон тухай
                                                         МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
                Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
    5. Спорт, соёл, сурталчилгааны төлөвлөлт боловсруулах, зохион байгуулах ажлын хэсгийг:
    -Ц.Тамжид-Монгол бөөгийн зайран.
    6. Монгол бөөгийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай
    -Янжинлхам-Монгол бөөгийн тэргүүн удган, ахдагч
    -Сэргэлэн- Монгол бөөгийн удган
    – А.Оюунтуул-Монгол бөөгийн удган нарыг оролцуулан тус тус байгуулсугай.
    7. Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн тухай
     -МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    8. 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны үйл ажиллагааны төсөв.
                   -МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    9. МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдийн татвар төлөлтийн байдал
     -Монгол бөөгийн удган С.Сэргэлэн
     Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан  П.Батжаргал, Д.Одонхүү, У.Ганхуяг, Ц.Отгонсүрэн, Ш.Нямдорж, Н.Мягмарсүрэн, Б.Мөнхчулуун, С.Сэргэлэн, Ц.Тамжид нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
     “Монголын Тэнгэр үзэдтний нэгдсэн холбоо”-оос ирүүлсэн Албан захидал, санамж бичгийн төслийг авч хэлэлцэв. 
    Гадаад харилцааны асуудал хэлэлцэх явцдаа дотоод дэг журам зөрчсөн гишүүдэд анхааруулга өглөө.
    Монгол бөөгийн нууцлалын талаар санал зовж байгаа зүйлүүд яригдлаа.
    Хөвсгөлийн тайгад амьдарч байгаа бөө нарт Монгол бөөгийн цол олгох асуудлын хэлэлцлээ. Мөн Монгол туургатан зарим бөөд монгол бөөгийн цол олгох тухай зөвшилцөн, ярилцлаа.
    Хуралдааныг Л.Цагаанхүү, Ч.Наранцэцэг, Р.Маахүү, Ч.Одбаяр, Ж.Баярмаа, Б.Мөнхнаран, Ц.Хандам, Ц.Мөнхбүрэн, Ч.Сумьяа, Л.Баяржаргал, М.Одгэрэл  нар тасаллаа.  Хуралдаан 7.15 минут үргэлжлэв.
     
     
     
     
  • ЮНЕСКО-ИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН

     Заалнаас гадагш өргөл өргөхөд одоогоос олон зуун жилийн өмнө монголчуудын авчирч суурьшуулсан Солонгосчуудын нэрлэдэг монгол нохой хүрч ирсэн нь сэтгэл догдлуулсан, огшоосон үйл явдал болсон. Тэр бүгдийг харахад ид шидийн ч гэмээр гайхалтай үзэндэл байсан билээ.
    Ийнхүү ЮНЕСКО-ийн байгууллагаас хамтран зохион байгуулсан фестивальд оролцсон МБНЭ-ийн бөө нар өөрсдийн үүргээ үлгэр жишээ үзүүлэхүйц хэмжээнд харуулж чадсан байдаг.
    Монголчуудын хамтарч ажиллаж сураагүйн нэг тод жишээ бол ЮНЕСКО-ийн байгууллагаас хамтран зохион байгуулсан фестивальд оролцсон МБНЭ-ийн төлөөлөн оролцсон хүмүүс иргэж ирээд дангаараа ЮНЕСКО-ийн байгууллагтай харилцах чиглэлээр бие даан ажилласнаар харилцааны олон асуудал хөндөгдөх болсон. Бидний харилцаа хамт олны гэхээс хувь хүмүүсийн бие даасан хэлбэрт шилжсэн. Бил байгууллагын түвшинд ажилласан бол өнөөгийнхөөс илүү үр дүнд хүрэх байсан гэдэгт огт эргэлздэггүй юм. Бидний албан ёсны харилцаа хүмүүсийн амин хувиа бодсон алхамуудаас болж зогсонго байдалд орж, улмаар тасалдсан билээ.
    Хувь хүмүүсийн хувь, хувиараа бие даан харилцах гэсэн зорилго нь цаашдаа монгол бөөгийн үйл ажиллагаанд томоохон саад болон хувирсан байна. Хувиараа харьцаж “өөрт ашиг хайсан нь” эцэсдээ байгууллага, хувь хүнд аль алинд үр дүн авчирсангүй. Ийм  үйл ажиллагаа нь бөө нарт байдаг нийтлэг хандлагын илрэл юм.
    ЮНЕСКО-ийн байгууллагаас хамтран зохион байгуулсан фестивальд оролцсон зарим хүмүүст хамтарч ажиллах чиглэлээр тодорхой удирдамжаар хангасан байсан ч тухайн арга хэмжээнд оролцсон манай хүмүүс олон улсын болон албан ёсны байгууллага, албан тушаалтан, судлаачид, эрдэмтэд, гадаадын бөө нар, харилцах хүсэл зорилготой байгууллага, иргэдийн нэр хаягийг бүрэн устгаж, оролцож ирээд тайлангаа тавилгүй чиг чигээ харан явцгаасан байдаг.
    МБНЭ-ийн хувьд энэ фестиваль, арга хэмжээнд оролцуулах хүмүүсийг сонгоход нөлөөлж чадаагүй, хамтын шийдвэр гаргах боломж олдоогүй юм. Дөнгөж байгуулагдаад удаагүй байсан, туршлагагүй, хүмүүсээ таньж мэдээгүй зэргээс улбаалсан цуврал алдаа гарч, цаашид ЮНЕСКО-ийн байгууллагатай харилцах, хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх боломжгүй болсон. Энд хувь хүмүүсийн хандлага гол үүрэг гүйцэтгэсэн билээ. 
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж, тус арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд, ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллагын удирдлагуудад захидал илгээж, цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн байна.
        

     
  • МОНГОЛ БӨӨГИЙН ОНЦЛОГЫГ ХАРУУЛЛАА

    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
    ЮНЕСКО-ийн байгууллагаас хамтран зохион байгуулсан фестивальд Бөөлөлт нь таазан дээр хийгддэг учраас зарим талаар манайхан “сонин” харагдаж байгаа байх аа. Үнэхээр өргөлийн идээнүүд бүрэн авч очсон боловч тайзан гал гаргах боломжгүй учраас цунцал өргөх ажил “төлөөлөл” хэлбэртэй хийгдсэн билээ.
    МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино хийгдсэн бөгөөд удахгүй ЮНЕСКО-ийн дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.

  • АЗИЙН ОРНУУД БӨӨЛӨЛТӨӨ ҮЗҮҮЛЭВ.

    Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар дэлхийн болон улс хооронд хамтран ажиллах шаардлага бий болоод байгаа билээ.
    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Азийн орнуудын бөө нар өөрийн бөөлөлтөө хийж үзүүлсэн билээ.
    Тус фествальд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлогобүхий бөөгийн зан үйлээ хийсэн байна.
    МБНЭ нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.

  • 4. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд оролцсон улс орнууд өнөөгийн бөөгийн байдлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн билээ.
    Эрдэм шинжилгээний хуралд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьсаны зэрэгцээ бөө нар өөрсдийн онцлого бүхий бөөгийн зан үйлээ хийж үзүүлсэн.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн байна.
    Эрдэм шинжилгээний хуралд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нар оролцсон байна.
     
  • 2.БӨӨ СУДЛАЛ ТҮҮНИЙГ ТОЙРСОН ОЛОН АРГА ХАМЖЭЭ БОЛОВ.

    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал, уулзалт зохион байгуулсан. Ирсэн төлөөлөгчид, зочидод Солонгосын соёлын өв уламжлалын дурсгалт үзмэр, түүхт газруудыг үзэж сонирхососн байна.
    Монголын бөөгийн төлөөлөл Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг сонирхосны зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний өмнө дурсгалын зураг авахуулсан байна.