Category: Бидний тухай

  • №4 ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХУРАЛ БОЛОВ.

    Хотоос Монгол Бөөгийн Их Удган Булган, Монгол Бөөгийн Удган Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Цаг агаар хүйтэн байсан тул бид Буянт сумын сургуулийн спортын зааланд хоносон билээ. Энэ зааландаа бид зохион байгуулалтын хурлаа хийж, хийх ажлууд, хариуцагч нараа тодорхой үүргээр хангасан билээ.

     

     

     

    djmedia:124

     

  • №3 ТАХИЛГА ХИЙХ БАЙРЛАЛАА СОНГОВ.

    Хайрханы өмнөд хэсэгт тахилга хийх санал байсан боловч зарим өвөлжөөнд хүн амиа хорлосон үхээрийн хорлолтой тул тахилга хийхэд боломжгүй болсон.
    Бидний бэлтгэл ажлын хэсэг газраа сонгохоор Хайрханы зүүн талын хөтөл давах үед хоёр удган зэрэг шахам ухаан алдаж, асуудал үүссэн учир тэднийг машинтай нь орхиод цааш ТБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан их удган Д.Батчулуун, тэргүүн зайран Д.Дарьчулуун нар хөдөлж, Хайрханы бэлд тахилга хийх байрлалаа сонгосон билээ.
    Цаст хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун онцлох үүрэгтэй оролцсоныг тэмдэглэж байна. Их хайрхан биднийг маш өвөрмөц угтаж авсаныг дурьдахыг хүсч байна.

     

    djmedia:125
  • №2 “ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ“ СЭДВЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

    Эрдэм шинжилгээний бага хурал болж, “Алтайн урийнхайн өв соёлын түүх” гэсэн үндсэн илтгэлийг Баян-Өлгий аймгийн ЭШХ-ийн ажилтан Н.Эрдэнэбаяр тавив. Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.

     

    djmedia:123
  • №1 ЦЭНГЭЛТ ХАЙРХАН БУЮУ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГЫН ДҮН. НУТГИЙНХАН СЭТГЭЛ ГАРГАН УГТАВ.

    Бидэнд ч энэ байршил маш ашигтай байв. Эндээс тахилга хийх Буянт сум 35 км, аймгийн төв Өлгий хот 35 км, бас хотоос ирэх Удган, Зайран нараа ирэхэд угтаж авахад төв замаас 5 км зайтай ажээ.
    Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа, нутгийн төлөөлөл болсон эрдэмтэн Эрдэнэбаяр, Буянт сумын засаг дарга Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар ярилцав.
    2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа, Удган Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун, Удган Нарангэрэл нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Нансалмаа, түүний нөхөр Болд, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Санжид, Буянт сумын Засаг дарга Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ. Учир нь газар газраас ирсэн таван язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.

     

    djmedia:122
  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ БОЛОН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНБААТАР ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ХАМТАРЧ “ЦАСТ ХАЙРХАН”–ЫН ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

     

     МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ БОЛОН БАЯН-ӨЛГИЙ

     АЙМГИЙН УЛААНБААТАР ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС

     ХАМТАРЧ “ЦАСТ ХАЙРХАН”–ЫН ТАХИЛГА ЗОХИОН

     БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • №7 МОНГОЛЫН МӨНХ ТЭНГЭРИЙН СУРГААЛЬ, БӨӨГИЙН МӨРГӨЛИЙГ УЛАМЖЛАН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ТА БИДЭНД НОГДЖЭЭ.

    Үүгээрээ бид дэлхийн бусад бөө шүтэгсдээс эрс шалгарах бөгөөд Бөөг шашины хэмжээнд авч үзэх эрхтэй юм.
    Монгол бөөгийн Дээд хуралдай ардчилсан, олон ургальч үзлийн зарчмаар ухаан бодлоо уралдуулан чуулж байгаад миний хувьд олзуурхаж, баяртай байна.
    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдсийн бүтээсэн бөөгийн шашнаа уламжлуулан шинэ нөхцөлд бүтээн цогцлоохын төлөө борвио бохиртол хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ахмад үе, дунд үе, залуу үеийнхэн хуран цугларчээ.
    Одоо цаг үеэ эзэгнэн байгаа Та бүхэн, ирэх цагийг түүчээ болсон хойч үеийнхний хамт олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шашны түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд завсар авсаны дараа анх удаа Бөө нар хуран цугларч нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж байгааг машид олзуурхан, магнай тэнэгэр хуваалцаж байна. Түүхийн цаг хугацаа өнгөрөвч ой санамж үлдэнэ. Өнгөрсөн олон зуун жил нь Бөөгийн шашин олон шахалт дарамт дунд олон чухал зүйлээ алдаж, нөгөө талдаа уламжлалт чанараа дамжуулан үлдээж, асар ихийг олж авсан, олон зүйлийн суурийг зөв тавьсан он жилүүд байв. Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шашнаас салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шашинд бий.
    Та бидний хуран чуулж байгаа анхдугаар Дээд хуралдай нь энэ шашны төлөө сэтгэл зүрхээ, амьдралаа зориулагсадын оюун санааны нэгдлийн их хурал, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаа зовин хуран цугларсан сэтгэлийн хүсэл тэмүүлэлийн их хурал, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахын төлөө санаа зовнин амьдралаа зориулж яваа Тэнгэрийн улаач, зайран, удган нар, шүтэн биширэгч сүсэгтэн олны хамтын ажиллагаа, шинэчлэлийн Их хурал. Асар хурдтай, эрс эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн шашин шинэчлэгдах учиртай. Улс оронд гадны шашин хүчтэй түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд шинэчлэгдэх хэрэгтэй.
    Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шашин жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтдэг шашин хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа тавьж өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Хөгжинэ, эсвэл мөхөсдөнө. Бидэнд гурав дахь зам өгөгдөөгүй. Хатаж хагдралгүй, оршин тогтнож, ургаж төлжиж байхын тулд Бөөгийн шашин байнга шинэчлэгдэх заяамал тавилантай. Шинэчлэлийг цаг тухайд нь хийхгүй бол аль ч шашин хүссэн хүсээгүй хурын шим дутагдсан өвс ногоо адил хатаж хагдарна. Шашин болгон өөрийн үндэснээс ургана. Бөөгийн шашин Мөнхийн хөх тэнгэр, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн.
    Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Бөөгийн шашнаа сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргавал олон зуун жил дуншсан маш том асуудал шийдлээ олж, Бөөгийн шашнаа хөгжүүлэх замыг тодотгох түүхэнд үр дүн тодоос тод сийлэгдэн гэгээн мөрөө үлдээх болно.
    Бөөгийн шашны үзэл баримтлалыг хөгжүүлэх, шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Үзэл баримтлалын энэхүү шинэчлэн тодотгохдоо баримтлах бодлогын тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг зөвхөн уламжлалд үндэслэн тулгуурлаж хийх ёстой, өөр зам сонговол уугуул хөрснөөс хөндийрч, хий зайд дүүжлэгдэн, алдаа мухардлаас өөр зүйлд хүрэхгүй. Шинэтгэл бол чухамдаа уламжлалыг л шинэчлэнэ гэсэн үг. Тэр уламжлал оршиж байж л шинэчлэл өөрийн хөрсөндөө боловсорно. Бөөгийн шашны баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Шинэчлэлд уламжлалыг эс тооцвоос шинэтгэл бус, сүйтгэл болж хувирна. Сүйтгэлээс зайлсхийхийн тулд уламжлалаа шинэчлэх аргаар хадгалах ёстой. Бидний үзэл санаа аливаа шинэ юм хэрэгцээгүйгээр нэвтэрдэггүйг ямагт санаж байх учиртай. Бөөгийн шашинд бодлого, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ үйл ажиллагаа нэвтрүүлэх хэрэгцээ нэгэнт бүрдсэнийг ухаарч, цаг үеэ мэдрэх мэдрэмжтэй байгаа нь туйлын сайн хэрэг.
    Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгуй байсан. Цаашид аддсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Шүүмжлэлийг тэвчээртэй сонсож, тэсвэрлэн дааж, түүнээс сургамж авч, алдаагаа засаж явбал бид хүчтэй. Гэхдээ илэрхий худал, үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй.
    Бөөгийн шашны нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Эдгээр шүүмжлэлээс зайлах арга, зугтах газар байхгүй.

    Бөөгийн шашин шүтэгсэд Мөнх тэнгэрийн онолыг Бөөгийн шашин бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ Бөөгийн шашны онол арга зүйд уламжлал, шинжлэх ухаанч арга барилыг хослон судлах шаардлага байна. Энэ бол улам бүр шаардагдах зүйл болно. Ард түмэн маань улам их арвин байлаг мэдлэг, мэдрэмжтэй болж байна. Бид энэ шаардлагаас хоцорч болохгүй.
    Мөнх тэнгэриин онолын дээд шүтээн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шашныг жинхэнэ үндэсний уламжлалт, төрийн шашин болгон хөгжүүлсэн билээ.
    Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөөгийн шашны нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүстэй эрс шийдэмгий тэмцэл хийх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бид болж байвал бусдын хэрэг бидэнд хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн шашны нэр хүндэд айхтар цохилт болж байна. Өдөр хоног өнгөрөөх биш, ийм үйлдлийг үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм эзэдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, шүтэн бишрэгчидэд шашинаа дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Олон түмэн манай Бөөгийн шашны бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
    Бөө хүн чадваргүй бол олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлтэй бол хүмүүс бүр ч үзэж чадахгүй. Бөө нараа орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн сургах нь Бөөгийн нэгдсэн эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно.
    Хариуцлага алдсан Бөөгийн шүтлэгтэнд хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Шашины үйл ажиллагаанд хариуцлагын ардчилсан, шударга тогтолцоог шинэчлэлийн хүрээндээ цаг алдалгүй хийе.
    Бөөгийн шашны зан үйлтэн шударга бус ажиллавал бөөгийн нэрийг шавар шавхаатай хутгаж орхино. Дэлхий дээр ганцхан л шившиг бий. Шударга бус хэрэг. “Шударга ёс алга болбол хүмүүсийн амьдралд үнэт зүйлийг өгч болох юу ч үлдэхгүй”.
    Бөө нар шударга ёсыг шашныхаа шинэ бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол шашны бодлого, арга барил, сэтгэлгээннй шинэчлэлийн амин сүнс мөн.
    Өнөөдөр бөөгийн ийм байгууллагыг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг.
    Та бид нар энд урт настай, сайн шийдвэр гаргах үүрэгтэйгээр цугласан. Үүргээ ‘”нэр төртэй биелүүлцгээе. Бөөгийн нэгдсэн эвлэл бол Бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн төрийн бус, олон нийтийн байгууллага. Бөөгийн холбоонд олон ургальч үзэл ус агаар мэт хэрэгтэй, харин тэс өөр үзэл санаа нэг дор байх аргагүй.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл улс орноо хөгжил дэвшилд хөтлөх итгэлт хөтөч, ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудах, аз жаргалтай амьдруулах авралын элч байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн хувь Онго сахиусын явцуу үзэл санааг тулгах боломжгүй учир нэгдмэл зөв тэнгэр үзлийг орчин үед нийцүүлэн дэлгэрүүлэх үйл явцыг түгээх болно.
    Бөөгийн шашныг хөгжүүлэхэд Зайран удган нар, эрдэмтэн судлаачид, эгэл жирийн шүтэн бишрэгсэд, удирдлага хийгээд гишүүд аль алинд нь эр зориг хэрэгтэй. Цаашдаа та бид олонтай цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно. Шинэчлэлийг эрч хүчтэй, эр зоригтой баг удирдаж, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлж чадна. Тийм баг манай шашин шүтэгсдэд байгаа. Шинэчлэлийн үзэл санааныхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн дайчин эрсийн сэтгэлтэй хүмүүс Манай бөөгийн нэгдсэн эвлэлийн шинэ бэлгэдэлт туган дор нэгдэж, шинэчлэлийн гал дөлөн дундуур шашиныхаа төлөө ажиллах, үүрэг хүлээнэ. “Ийнхүү гал дөл дундуур туучин гарахад олз ашиг хайгчид зугтан одож, шалтаг хайгчид сугаран үлдэж, өвс сүрлэн хүмүүсийг шатааж, ган төмөр мэт хүмүүсийг хайлуулан нэг цул болгоно. Ийм төмөр мэт цул хүчирхэг хүмүүс нэгэн зорилго дор нэгдсэн байгууллагын эсрэг юу ч зогсож чадахгүй. Манай шашин чухам ийм төмөр мэт нягт хүмүүс үзэл-бодлоороо нэгдсэн хүчирхэг байгууллага байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

    Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл мөн.
    Монгол бөөгийн нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус, Мөнх тэнгэрийн Онго сахиусын зараалаар байгуулагдсан байгууллага юм.
    “Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” Төрийн бус байгууллага (цаашид “МБНЭ” гэх) нь Мөнх тэнгэртээ мөргөн шүтдэг бөө, түүнийг дэмждэг дэлхий даяарх ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэсэн Олон улсын төрийн бус байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрэм түүнд нийцүүлэн гаргасан бусад заавар, журмыг эрх зүйн үндсэн эх сурвалж болгон мөрдөн ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл “Монголын үндэсний язгуурын шашин болох бөө мөргөлтнүүдтэй хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх”, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгэж оруулах боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, “Монгол бөө мөргөлийг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Төрийн хараа ихт хар туг, хангал ихт есөн хөлт цагаан туг, сүлдийг тахиж байсан уламжлалыг сэргээж, Монгол төрийн ёслолын ажиллагаанд оруулах тус тус дэвшүүлсэн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь Салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж бөөгийн тухай төвлөрсөн, нэгдсэн ойлголтыг бий болгохыг үндсэн зорилго болгоно. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    – Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх,
    – Хүний эрхийг дээдлэх,
    – Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх,
    -Ил тод байх,
    -Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах,
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
    – Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
    -Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
    – Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
    -Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө мөргөлийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах,
    МБНЭ нь Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, төрт ёсыг дээдлэн хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. МБНЭ нь бөөгийн шашныг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана. МБНЭ нь зохион байгуулалт, үйл ажиллагаа нь уламжлал, ардчилсан зарчимд тулгуурлана.
    Бөөгийн шашныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана. МБНЭ-ийн удирдах байгууллагуудыг сонгох, уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. МБНЭ-ийн төвийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
    МБНЭ нь бэлгэдэл, далбаатай байна. МБНЭ-ийн салбар, хүрээлэнгүүд өөрийн бэлэгдэл далбаануудтай байж болно. Далбаа нь гурвалжин хэлбэртэй байх бөгөөд МБНЭ-ийн Цэцийн Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Эхний ээлжинд МБНЭ өөрийн вэб ажиллуулна.
    Монгол бөөгийн нэгдсэн эвлэл бол бөөгийн шашины дээд байгуулллага мөн. Бөөгийн энэ байгууллагад гишүүнээр элсэхийг хүссэн Зайран, Удган нар өөрсдийн одоогийн бий болгосон бүтэцээ хадгалан элсэх боломжийг дүрэмдээ тусгасан юм. МБНЭ-ийн гүйцэтгэх дээд байгууллага нь 99 гишүүнээс бүрдсэн Бөөгийн бага хуралдай юм. Дээд хуралдай 3-4 жилд хуралдаж байхаар дүрэмд тусгасан. МБНЭ-ийн байнгын үйл ажиллагааг хангахаар Дээд цэцийн Зөвлөл нь жилд дөрвөн сар дутам нэгээс доошгүй удаа хуралдахаар байна.
    МБНЭ нь хоёр хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт: Бөөгийн байгууллага бөгөөд бөөгийн мэргэжлийн зан үйлийг хариуцна. Эндээс Тэргүүн бөө, Тэргүүн дэд бөөг сонгоно. Хоёрдугаарт: МБНЭ-ийн үйл ажиллагааг хангаж байх зорилго бүхий байгууллага байх бөгөөд тэндээс Ерөнхийлөгч сонгогдоно. Энэ байгууллага нь Бөөгийн цогцолборыг байгуулах, Эрдэм шинжилгээний байгууллагыг ажиллуулах, сурталчилгаа хариуцах болно. Бөөгийн цогцолбортой болох нь шүтэн бишрэгчидтэйгээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цогцолборын асуудлыг шийдэхэд төрөөс дэмжлэг авах хүсэлтийг тавих болно. Санхүүжилтийн асуудлыг шүтэн бишрэгсэд, гадаадын аялал, жуулчлалын орлогоос олохоор томьёолж байна.
    Гэвч энэ бүхэн цөөнгүй жил, асар их хөрөнгийн туслалцаатайгаар бүтээн байгуулна. Энэ талаар олон улс орноор явахдаа үзсэн харсан зүйлээсээ санаа авч, туршлага судалж, санаж сэдэж төсөөлөн бодож зурагласан зүйл бий. Бид үүнийг хийж чадахгүй байж болно. Гэвч бидний дунд байгаа залуучууд ирээдүйн шүтэн бишрэгчид дотроос энэ их үйлийг гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна.
    Бид хуралдах нь зөвхөн зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж байна гэсэн үг. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүрийн хүчин чармайлтаас нийтийн хүсэл зорилго амжилт тодорхойлогдоно. Бид мөнх тэнгэрийн хүч, эзэн Чингисийн ивээлээр Монголдоо оюуны аугаа их нэгдэл, монгол огшилоо бий болгож, монгол үндэсний ухамсар, монгол зан чанараа сэргээн төгөлдөржүүлж, монгол цусаа хамгаалж чадна.

    Тэнгэрлэг үзэлт, хөх толбот, тэнгэрлэг Монголчууд аа.
    Мөнх тэнгэр, Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр дор мөргөмү. Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн гэрэлт сүнс үргэлж ивээх болтугай.
    Хурай, хурай,

  • №6 Монгол дахь шашны асуудлаархи хууль эрх зүйн зохицуулалт

    Удалгүй 1993 онд Монголын парламент Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж уг хуулиар төр сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахаар заасан юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
    НҮБ-ын Хүний эрхийн Хорооноос баталсан Ерөнхий зөвлөмжид өөрийн шашны үнэмшлийг шүтлэгтэй, шүтлэггүй бусад хүмүүст тулган хүч хэрэглэхээр заналхийлэх буюу шийтгэх, өөрийн шашнаас нь татгалзуулах буюу урвуулж авахыг хүчээр тулгахыг хориглосон байдаг.
    Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 4. 1511 дүгээр зүйлд:
    1. Хүнийг шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхэд хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж саад хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас хорин таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
    2. Шашны сургууль, сүм хийдэд хүүхдийг албадан суулгасан, хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, шашны үзэл номлолыг тулган хүлээлгэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    1521 дүгээр зүйлд: Хүмүүсийг шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхаж, тэдэнд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн заасан байна.
    Засгийн Газар өөрийн нийгмийн хамгийн эмзэг бөгөөд ялгаварлан гадуурхагдсан бүлэг болон ядуу хүмүүсийг гадуурхахаас хамгаалсан дорвитой нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлбэл зохино хэмээн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөмжид заажээ. Манайд ядуурал нь сонгох эрхгүйгээр өөрт нь өглөг хандив өгсөн шашин шүтлэгт аргагүйн эрхээр орох хандлагыг төрүүлж байна. Энэ тохиолдолд төр засгаас ядуурлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь үндэсний соёл уламжлалаа хадгалах, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зайлшгүй чухал үндэс болох ёстой.
    Мөн тухайн шашныг сүсэглээгүй тохиолдолд гарч болох хор уршгийг номлож айлган сүрдүүлэх, сүсэгтэн биш хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлээр хүмүүжүүлдэг тал ажиглагдаж байгаад анхаарлаа хандуулах цаг болсон мэт. Христосын зарим цугларал дээр “ертөнцийн эзэнд итгэхгүй байгаа хүмүүс сөнөтүгэй” гэсэн утгатай уриа дуулал уншиж, цугларалд оролцогсдыг сэтгэлзүйн хэвийн бус “фанатик” байдалд оруулдаг тухай хүмүүс бидэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 3-т: Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан буй. Мөн “Төр, сүм хийдийн харилцааны хуулийн” 1 дүгээр бүлгийн З дугаар зүйлийн 4-т “Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ” гэж заасан буй.
    Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Багабанди “Төр сүм хийдийн харилцаа, орчин үе” сэдэвт онол-практикийн бага хурал дээр “Чөлөөт сонголтоор бус шахалтаар, үнэн сүсгээр бус төөрөгдүүлэлтээр, хүсэл сэтгэлээр бус хөрөнгө мөнгөний эрхшээлээр хүмүүс шашинд татагдан орж байгаа буюу татан оруулж байгаа бол төр иргэнийхээ оюуны тусгаар тогтнолыг хамгаалах болно”15 гэж хэлсэн нь иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө нь хувь хүний өөрийнх нь ухамсарт сонголт байх ёстойг заасан хэрэг юм. Аливаа шашинлаг үзэл нь тухайн шашны номлолоос гажих, зайлсхийх, шүүмжлэх, хэлэлцэх үйлдлийг аль болох хориглох, саатуулах, дарах хандлагатай байдаг учраас чөлөөт бодрол, эргэцүүллийг хаан боогдуулах, эрх чөлөөг нь хязгаарлах боломжтой. Бид аливаа шашныг хүндэтгэх үүрэгтэй боловч хүндэтгэнэ гэдэг нь сэтгэн бодож болохгүй, яагаад гэсэн асуулт тавьж болохгүй, хэлэлцэн шүүмжилж болохгүй гэсэн үг биш.
    Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 дугаар зүйлд: хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шүтэж бишрэх, сүсэглэх эрхтэй гэж заажээ. Шашны ямар ч байгууллага, сүм хийд, шашны зүтгэлтнүүд, номлоочид нь тухайн шашны номлол сургаалыг сурталчлан айлдаж болох боловч иргэдийн шүтэх шашинаа сонгох эрхийг нь зөрчиж болохгүй. Иймээс бусад шашныг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядах сурталчилгааг бүх талаар хориглох нь зүйтэй. Шашны номлол зааж сургах эрхийг эдлэхдээ иргэд өөрсдөө сонгож шүтэх эрхийг, мөн бусад шашин шүтэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй.
    Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан тунхаглахдаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг онцгойлон үзэж түүнд тулгуурлан ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Мөн тус үзэл санааг 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд дэлгэрүүлжээ. Уг хуулиар шашин шүтэх буюу эс шүтэх нь хүний итгэл үнэмшлийн хэрэг бөгөөд иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон нь олон улсын эрх зүйн баримт бичигт нийцэж чадсан байна. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлээр шашин шүтлэгтэй байх, шашингүй буюу шүтлэг бишрэлгүй байх нь аливаа шашин шүтэхгүй байх эрхийн нэгэн адил хамгаалагдсан. Тус баримт бичгийн 4. 2. -т зааснаар 18 дугаар зүйлийг бүх нийтийн онцгой байдлын үед ч цуцалж болохгүй гэсэн нь эдгээр эрхийн ач холбогдлыг баталгаажуулж буй хэрэг юм. Мөн уг гэрээний 18. 2. ба 17 дугаар зүйлийн дагуу хэнийг ч ямарваа шашин шүтдэг буюу сүсэг бишрэлтэйг нь хүчээр тулган илрүүлж болохгүй гэсэнтэй дүйцэх зохицуулалт Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд байдаг16.
    Тэрчлэн НҮБ гишүүн орнууддаа хуулиараа ялгаварлан гадуурхахыг өдөөж болох аливаа үндэсний, арьс өнгө буюу шашин шүтлэгийн үндсэн дээр үзэн ядахыг хориглохыг үүрэг болгосон байдаг. Хэрвээ бусдын бие сэтгэлийн амгалан тайван байдал, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлахаар үйл ажиллагаа, сургаал номлол айлдах аваас тухайн шашны байгууллага, сүм хийдийг татан буулгах арга хэмжээ авч байхыг дэмжиж байна.
    Ардчиллын эхний жилүүдэд үндэсний шашнаа харийн шашин болон элдэв сектантаас хэрхэн хамгаалах талаар сайн хууль гарсангүй. Тийм учраас тэд нар үндэсний уламжлалт шашин соёлоо харийн шашнаас хуулиар хамгаалах талаар шаардлагатай заалтуудыг хуулинд оруулж чадаагүй юм. Тэд бурхны шашин соёлоо Үндсэн хуулиараа яаж хамгаалахаа мэдэхгүй байсан. Тэд “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ”, ”Иргэд шашин шүтэх эс шүтэх эрхтэй” гэсэн ганц, хоёрхон ерөнхий томьёоллыг л Үндсэн хуулинд оруулж баталж байсан.
    Парламентын гишүүд 1993 онд батлагдсан Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
    Тус хуулийн 10 дугаар зүйлд сүм хийдийн ажиллагааг зогсоох талаар заахдаа ”Монгол улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн бол шийдвэр гаргасан байгууллага энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулна” гэж заасан. Гэтэл харийн шашны гадаадын зарим сүм хийд, байгууллага хууль зөрчсөн байхад хасагдаагүй байсаар байна.
    Энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтныг 1000-20.000 төгрөг, байгууллага аж ахуйн нэгжийг 50.000-150.000 төгрөгөөр торгоно гэж заасан. Энэ бол жилд хэдэн зуун мянган доллараар санхүүждэг Христийн мормон болон протестант, католик шашны байгууллагын хувьд хууль зөрчсөн тохиолдолд нэг удаа 60 центээс 16 доллар хүртэл торгуулна гэдэг инээдэмтэй асуудал. Торгуулж байсан тохиолдол ч байхгүй.
    1993 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн /Монгол улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаад иргэдийн тоо, бүтэцийн тухай/ 1 дүгээр заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач иргэдийн тоо нь Монгол улсын хүн амын нэг хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.33 хувь хүртэл байж болно” хэмээсэн. Энэ хуулийн заалт бол монгол хүний ген фондыг хамгаалсан чухал заалт болсон.
    Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлд шашны сургалтын тухай заахдаа “төрийн харьяалал бүхий сургууль байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтанд үл хамаарна” хэмээн заасан
    Шашин шүтэх хүний эрхийг баталгаажуулна гэдэг нь төрийн оролцоог огт үгүйсгэж буй хэрэг бус. Ардчилал гэдэг нь эрх үүргийн нэгдэл байдаг бол шашин шүтэх эрх нь ч төрөөс зохицуулагдаж байх ёстой юм. НҮБ-ын Зүүн хойд Ази ба Номхон Далайн орнуудыг хариуцсан товчооны нарийн бичгийн дарга Жэймс Келли 2002 оны Монгол улсын шашны эрх чөлөөний байдлын тайлан илтгэлийг бэлджээ. Илтгэлд нэгэн ноцтой мэдээ дурьдагдсан байна. Тэрээр тайландаа “Хүнд сурталтнууд (монголын эрх мэдэл бүхий хүмүүс С.О.) шашны байгууллагыг бүртгэх явцдаа авилга шаарддаг байна” гэжээ. Ноён Жэймс Келлийн энэ тайлан илтгэл интернетээр дэлхий дахинд цацагджээ. Шашны янз бүрийн урсгалууд, түүн дотроо харгис, гажууд урсгалын төлөөлөгчид хэн ч атугай энэхүү илтгэлээс монголын эрх мэдэлтнүүдэд мөнгө хаях л юм бол Монголд байр сууриа бэхжүүлж болох юм байна гэсэн ойлголтыг төвөггүй авч болохоор байгаа юм .
    Манайд шашны байгууллагыг бүртгэх асуудал нэлээд маргаантай явагддаг байна. Тухайлбал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс Монголын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дахь заалтын “Лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэсэн заалтаар асуудалд хандахыг оролддог боловч шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудалтай тулгардаг байна. Журмын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар зөвшөөрөл хүссэн байгууллагад 1 жилийн хугацаагаар зөвшөөрөл олгож, дахин үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан шашны байгууллагын хугацааг 1-3 хүртэл жилээр сунгаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэдэг заалтыг мөрдлөг болгон ажиллаж байгаа боловч шинээр зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байгууллагууд нь ихэвчлэн Христийн шашны байгууллага байдаг. Гадаадын шашны байгууллага нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт, тухайлбал хүн ам их суурьшсан гэр хорооллын ядуурал ихтэй бүсэд олноор байгуулагдсан байна. Баянзүрх дүүргийн гэрийн хороодод шашны байгууллага ихээр хууль бусаар байгуулагдаж байгаа нь тэр хороодын ядуурлын байдалтай шууд холбоотой. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудтай тэмцэж тэдний үйл ажиллагааг таслан зогсоосоор ирсэн боловч, зөвшөөрөл өгөх шалгуурыг өндөрсгөх тусам хууль бусаар нуугдмал аргаар ажиллах нь ихсэж байна. Олон улсын буяны байгууллага, төрийн бус байгууллагын шугамаар орж ирсэн гадаадын иргэд Христийн шашны сүм, цуглаан байгуулан хүрээгээ тэлж дүүрэг бүрт салбараа нээх, Христийн сургалтын төвийг байгуулан номлогч пастор багш нарыг бэлтгэн идэвхтэй ажиллаж байна. 1994 оноос хойш 33 шашны байгууллагад хугацаагүйгээр байнгын зөвшөөрөл өгсөн байдаг. Тухай үед шашны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам байгаагүй тул зөвшөөрөл хүссэн шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хугацаагүйгээр олгосон, мөн тодорхой дүүрэг зааж өгөөгүйгээс шашны байгууллага уг зөвшөөрлөөр нийслэлийн аль дуртай дүүрэгтээ салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: 1994 онд зөвшөөрөл авсан Христийн Мормон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Есүсийн хожимийн үеийн гэгээнтнүүдийн сүм нийслэлийн 6 дүүрэгт салбарлан үйл ажиллагаа явуулж байна.
    Ийнхүү шашин сүм хийдийг байгуулах, шинэчлэх, өргөжүүлэх асуудал дээр хуулиар зохицуулагдаагүй харилцаа үүсэн бий болоод байгаа тул шашин, сүм хийдийн харилцааны хуулийг бүхэлд нь шинэчлэн боловсруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Шашны асуудлыг одоо хүртэл Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны бодлогын зөвлөл, аймаг, нийслэлд Шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг зэрэг орон тооны бус зөвлөлүүд хариуцаж ирлээ. Одоо мөрдөж байгаа энэ хуулиар шашны байгууллагуудын нэрийг хийд, сүм, дацан, төв гэж томьёолж байгаа боловч хуулийн нэр томьёоны тайлбар байхгүй тул хэдэн лам, сүсэгтэн, итгэгчтэй ямар шашны байгууллага нь дацан, хийд, төв, сүм байх нь тодорхойгүй байгаа юм. Ялангуяа христийн шашны байгууллага нь төв, сүм, цуглаан гэсэн нэрээр явж ирсэн боловч хоорондоо ямар зааг ялгаатай болох нь эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирлээ.
    Сүүлийн хэдэн жилд христос шашны төрөл бүрийн чиглэл шинээр нэвтрэн орж ирсэн манай орны хувьд эдгээр шашны байгууллагуудын сургаал номлол, үйл ажиллагааны талаар олон нийт “хаалга тогшдог”, “улайрсан сурталчилгаа явуулдаг” гэхээс хэтрэх тодорхой ойлголт байхгүй нь санаа зовоосоор байна. Дээрхи байгууллагууд нь гол төлөв дотроо тоо томшгүй олон чиглэлтэй протестант шашных байдаг.
    Сүүлийн үед манайд шинээр орж байгаа шашнууд хүүхэд залуучуудын дунд шашны сурталчилгаа явуулах нь элбэг болжээ. Аль ч хүүхэд насанд хүрээгүйн учир яс үндэс, арьс өнгө, хүйсийн ялгаа, хэл, шашин шүтлэг, харъяалал буюу нийгмийн гарал үүсэл, өмчийн байдал, төрсөн болон бусад байдлаас үл хамааран гэр бүл, нийгэм ба төрийн хамгаалалтад байх хэрэгтэй гэсэн олон улсын хүний эрхийн заалт бий. Монгол хүүхэд залуучуудын гадаад хэл сурах, хөгжингүй орнуудын их, дээд сургуульд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл, сургалтын төлбөрийн чадваргүй байдлыг ашиглан шашны байгууллагуудаас хүүхдүүдийг аль нэг орны шашны сургуульд ивээн тэтгэж суралцуулдаг нь сүсэг бишрэлээ сонгох боломжоос ангид явагдаж байгаа үзэгдэл мөн.

  • №5 Шашины одоогийн байдал

    Хуулийн дагуу ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр Христийн 91, Исламын болон бөөгийн тус бүр нэг ажиллаж ямар нэг татвар огт төлөхгүй ажиллаж байна. Христийн шашны номлогчид зохих ангиллын визгүйгээр Монголд ирж шашны үйл ажилагаагаа явуулдаг ажээ.
    Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, үнэн алдартан, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, ананд марго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо 185 хүрээд байна.
    Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй шашны сүм хийдүүдийг зохицуулах хуулийн төсөл ч алга, төрийн бодлого ч алга байна.
    2004 онд МУИС-ийн Шашин судлалын тэнхим болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс хамтран явуулсан социологийн асуулгын дүнгээс харахад судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймгийн 3373 хүнээс 74,9 хувь нь сүсэгтэн байсан бөгөөд шашин шүтэгсдийн 58,3 хувь нь Буддын шашин, 4,3 хувь нь Христос шашин шүтдэг гэжээ. Шашин шүтдэг гэж хариулагсдын шүтдэг шашныг нь тодруулахад дараахи байдалтай байна. Эндээс нийт шашин шүтэгсдийн 80-аас дээш хувь нь Буддын шашин шүтдэг ба арав хүрэхгүй хувь нь Христос шашин шүтдэг гэсэн нэгдсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэтэл 2007 оны байдлаар нийт аймаг сум, хот дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тоо бүртгэлээс харахад дээрхи дүгнэлтээс эсрэг байдал ажиглагдаж байгаа юм.
    Зөвшөөрөл олгосон Буддын 59, Христосын 75, Бахайн 1, Бөө мөргөлийн 3, Исламын 1, нийт 139 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүнгээр бол Христосын шашин нийт шашны байгууллагын 54 хувийг эзэлж Монголд давамгайлж байгаа мэт дүн харагдаж байна. Аймгуудаас Өмнөговь аймгийг жишээлэн үзэхэд, аймгийн төв дээр Буддын 1, Христосын 2, сумдад 1-2 ламтай дөрвөн Буддын сүм сүсэгтнүүдэд үйлчилдэг бөгөөд Христосын цугларлыг сар бүр тусгай графикаар хөдөө сум, айлуудаар явж тасралтгүй зохион байгуулдаг ажээ. Монголын бүх аймаг, хотын иргэдийн дунд явуулсан социологийн асуулгад тухайн газар оронд нь ямар шашны байгууллага байдаг вэ гэсэн асуултад 41,7 хувь нь Буддын сүм хийд, 15,8 хувь нь Христосын сүм хийд гэсэн хариулт өгсөн байгаагаас үндэслэн иргэдийн дунд Христосын сүм хийд байдаг талаархи мэдлэг Буддын сүм хийдийн талаархи мэдлэгээс нь бага юм, өөрөөр хэлбэл тэд Христосын сүм хийдээр бага үйлчлүүлдэг гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Христосын сүм хийд байгуулах үйл явц эрчимжсэн байгааг энд тооцох хэрэгтэй.
    Ингэхлээр олон сүсэгтэнтэй шашин ба илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шашин гэсэн хоёр өөр үзүүлэлтээр шашны байдлыг тодорхойлж болмоор байгаа юм. Манай судалгаанд оролцогсдын нэлээд хувь нь христос шашны сурталчилгаа, сүм хийд, санваартнууд, зан үйл, номлол сургаалыг нь таалагддаг гэж хариулсан нь түүний сурталчилгааны тал дээрхи идэвхтэй үйл ажиллагааг тэмдэглэсэн болохоос үнэнхүү шүтэж биширдэг гэсэн хэрэг биш юм. Харин судалгаанд оролцогсдоос шашин ажил амьдралын орчинд нь нөлөөлж байгаа эсэх талаар асуухад 78 хувь нь Буддын шашныг нөлөөтэй гэсэн байхад, 25,6 хувь нь Христосын шашныг нөлөөтэй гэж хариулжээ. Мөн Буддын шашныг нөлөөгүй гэж үзсэн 5,8 хувь байхад, Христос шашин нөлөөгүй гэж үзсэн 28,5 хувь байна. Ийнхүү манайд Христос шашин бусад шашны байгууллагуудаасаа илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг боловч сүсэгтнүүд Буддын шашныг өөрсдийн амьдралд илүү хэрэгтэй гэж үздэг байдал харагдаж байна.
    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тухай Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтаны танилцуулгад: “гадаадын шашны байгууллагууд ядуурал ихтэй гэрийн хороодод ил, далд олноор байгуулагдаж буяны үйл ажиллагааг явуулж байгаа тул иргэд олноор хамрагдаж хүссэн хүсээгүй тэр шашны итгэгч болж байна… Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад шүтэх эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг боловч ядуу, өрхийн орлоггүй иргэдэд гурил, будаа, хоол, хуучин хувцас өгөх зэргээр тэдний гачигдалаар дамжин шашин шүтлэгийн итгэл үнэмшлийг бий болгож байгаа нь өнөөдөр илт болсон байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг гадаад хэл, компьютер, хөгжмийн болон бусад сургалтад хамруулан шашны ном номлож байгаа нь үнэн хэрэг дээрээ төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж иргэдийн шүтэн бишрэх эрхийг далдуур худалдан авч байгаа явдал юм” гэжээ.
    Хүн бүр өөрийн шүтлэг бишрэлдээ үнэнч байхын зэрэгцээ бусад шашны үзэл номнол, үйл ажиллагааг сонирхдог байна. Судалгаанд оролцогсдын өөр өөрсдийнх нь шүтдэг шашны зэрэгцээ бусад шашны тухай ямар бодолтой байгааг тодруулсан юм. Энд монголчууд бурханы шашныг хамгийн олон хүн буюу нийт оролцогчдын 54,6 хувь, ислам шашныг 10,2 хувь, 7,0 хувь нь христийг талархан хүлээн авдаг гэж хариулсан байв. Харин анхаарлаа хандуулахыг хүсдэггүй, эсвэл огт таалагддаггүй болон байж болшгүй мэт санагддаг гэсэн сонголт бүхий шашны тоонд христ, ислам, бөөгийн шашин гэсэн дараалалтайгаар хариулт өгсөн байна.
    Монголын нийгэм,эдийн засгийн байдалын 2011 оны тоон үзүүлэлтээр 15 дээш насны хүн амын 64.1 хувь нь ямар нэг шашин шүтдэг, үүний 85.2 хувь нь будда, 4.9 хувь нь ислам, 3.5 хувь нь христ, 4.7 хувь нь бөө, үлдсэн 0.6 хувь нь бусад шашин шүтдэг гэжээ. 13
    Эндээс үзэхэд 1994, 2003 оны албан ёсны судалгааны дүнтэй хамгийн сүүлийн шашины албан ёсны судалгааны тоон үзүүлэлттэй харьцуулж үзэхэд 20 жилийн турш бөөгийн шашиныг шүтэгсдийн тоо 1-2 хувьд тогтмол явж ирсэн бол сүүлийн таван жилийн дотор 2-3 хувиар огцом өссөн дүн харагдаж байна.
    Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ард түмний уламжлалт соёлыг хадгалах асуудал нэн чухал зорилт болдог. Учир нь манай улс бол хил залгаа хөрш улсууд болон дэлхийн хүчирхэг соёл иргэншил бүхий хөгжингүй улсуудтай харьцуулахад хүн ам цөөнтэй жижиг улс үндэстэнд тооцогдоно. Хүний эрхийн талаарх дэлхийн болон бүс нутгийн хэмжээний баримт бичгүүд нь хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглохын зэрэгцээ цөөнхийн бүлгийн зан заншил, соёлыг хамгаалах онцгой нөхцөлүүдийг заасан байдаг.
    Хүн бүр бодож сэтгэх, шүтэн бишрэх эрхтэй бөгөөд өөрийн шашнаа шүтэх, үндэсний хэлээрээ ярих, соёлоо дээдлэх эрхтэй. Хувь хүний эрх нь эргээд тухайн жижиг үндэсний хэсгүүдийн өөрийн соёл, хэл, шашнаа хамгаалан авч үлдэж чадахаас шалтгаална хэмээн Хүний эрхийн Зөвлөмжид дурджээ. Эндээс Монгол Улсын иргэдийн хүний эрхийг хамгаалах асуудал дээр үндэсний соёлыг хамгаалах нь чухал болж тавигдаж байна.
    Жижиг үндэсний өөрийн соёл, хэлээ хөгжүүлж, шашнаа шүтэх эрхийг хамгаалахын тулд тухайн улсаас үндэслэлтэй бөгөөд бодитой эерэг арга хэмжээ авах шаардлагатай байж болохыг Хүний эрхийн Зөвлөмжид тэмдэглэжээ. Хүний эрхийг хамгаалах нь жижиг үндэсний хэсгүүдийн соёл, шашин ба нийгмийн онцлогийг алдагдуулалгүй хөгжүүлэх, улмаар тухайн нийгмийн нийт бүтцийг баяжуулахад чиглэсэн юм гэж Зөвлөмжид заасан байна.
    2.7 сая хүн амтай Монгол Улсад 30 гаруй шашны урсгал нэг дор оршин буй, үүнийг нь бид тэвчээд өнгөрч байгаа нь л жинхэнэ гайхамшиг аж. Манай хүн амын 20 хувь нь 29 төрлийн шашныг “хуваан” шүтэж байна. Энэ тоо баримтыг “Associated Press” сонинд “гайхамшиг” хэмээн нэрийдсэн байна билээ.

    Олон шашныг хүндэтгэх нь улс орнуудтай эе эвтэй байхын үндэс болохоос бус олон шашныг нэгэн үндэстэн шүтэх нь мөхөхийн үндэс гэсэн нэгэн судлаачийн үзлийг14 энд дурдмаар байна.
    ——————————————-
    13 Өдрийн сонин. 2012.01.20 №4016

    Үргэлжлэл бий

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР “Жаргалт хаан” Хайрханд Тахилга тайлга зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

     

    Баян-Өлгий аймгийн нутагт байрлах “Жаргалт хаан” Хайрханд тахилга тайлга зохион байгуулахын тулд МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:

    Нэг. “Жаргалт хаан” Хайрханд Тахилга, тайлга зохион байгуулах ажлын хэсгийг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
    1. Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Ажлын хэсгийн ахлагч,
    2. Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган, Ажлын хэсгийн орлогч дарга, Тахилга тайлгад оролцох бүрэлдэхүүнийг зохион байгуулах,
    3. Д. Батчулуун-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан удган, Ажлын хэсгийн гишүүн. Тахилга тайлгыг зохион байгуулах ажлыг удирдах,
    4. Н.Хишигжаргал-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга тайлгад оролцох бүрэлдэхүүний соёл урлаг, кино болон фото зураг авалтыг хариуцан зохион байгуулах,
    5. Д.Дарьчулуун-МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Зайран, Ажлын хэсгийн гишүүн, МБНЭ, Баян-Өлгийн нутгийн Зөвлөл, байгууллага хоорондын ажлыг уялдуулан зохицуулах ажлыг хариуцах, сурталчилгаа, радио нэвтрүүлгийг бэлтгэх
    Хоёр. “Жаргалт хаан” Хайрханд тахилга тайлга зохион байгуулсан дүнг МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн орлогч дарга, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган, Д.Энхжаргалд даалгасугай.

    ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

    АЙМГИЙН УЛААНБААТАР ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС 
    ХАМТАРЧ “ЦАСТ ХАЙРХАН”–ЫН ТАХИЛГА ЗОХИОН 
    БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

    djmedia:117