Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • ЗУРХАЙЧИД ИТГЭЖ, 34 САЯ ТӨГРӨГ, АМЬДРАЛАА ЗАЛИЛУУЛСАН НЬ

     

    Одоогоос 13 жилийн өмнө бусдын сүсэг бишрэлийг далимдуулан залилсан Д.Ганзүү гэгчийн үйлдсэн хэргийн талаар тоймлон хүргэе.
    Д.Ганзүү гэх этгээд нь 1.6 жилийн хугацаанд 9908хххх гэсэн дугаартай утаснаас бусад руу өөрийгөө “зурхайч” гэсэн мессэж бичиж итгүүлэн, хохирогч Т-ээс 34 сая төгрөг залилжээ.
    Хэргийн хохирогч Т мэдүүлэгтээ “2007 оны гуравдугаар сарын 18-нд эхнэр бид хоёр гэртээ байж байтал миний утсанд 9908хххх гэсэн дугаараас “Мобикомын 100 дугаар сонгогдлоо. Бид таны өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван үеийн зурлагыг хэлэх буяны үйл хийж байна. Хэрэв та хүсвэл өөрийн төрсөн он, сар, өдрийг илгээн бидэнд хандаж болно” гэх утга бүхий захиа ирсэн.
    Тухайн үед эхнэр бид хоёр өөр өөрсдийн төрсөн он, сар, өдрийг илгээж, асуухыг хүссэн зүйлээ асуухад тэр дор нь “Танайх ам бүл дөрөв. Хоёр охинтой, ээж чинь хүнд өвчтэй хүн байна. Танай гэр бүлтэй ойр нэг эрэгтэй хүн байна. Түүнд сайн хандаж байх хэрэгтэй” гэх мэтээр бидний асуусан асуултад дор бүр нь үнэн зөв хариулж байсан. Иймд бид түүнийг зурхайч гэдэгт бүрэн итгэж, зөвхөн утсаар түүнээс асуух зүйлсээ асууж, түүний хий гэсэн болгоныг хийж, дор бүр нь төлбөр, мөнгийг нь түүнд шилжүүлдэг байсан. Тухайлбал, тэрбээр хэлэхдээ “Буян сайн үйлд гэсний дагуу асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгсөн. Мөн өөрийн дотнын найз, далан дээрээ мэнгэтэй, гарын алган дээрээ нэвт хөндлөн зураастай эрэгтэй хүнийг баярлуул, ар гэр нь ядуу амьдралтай хүн байна” гэж хэлсэн.
    Тэгэхээр нь манай эхнэр, охин хоёр миний найз Д.Ганзүүгийн далан дээр нь “Мэнгэ байна уу” үзээд байхгүй байхаар нь “Байхгүй байна” гэж хэлтэл “Та нарын үзсэн далан дээр биш нөгөө талын далан дээр нь байгаа. Тэр хүн буянтай сайн хүн, түүний үгэнд орж байх хэрэгтэй” гэсэн мессэж ирсэн.
    Ингээд байж байтал “Төрсөн ахдаа туслаарай” гэж мессеж ирсэн. Тухайн үед манай ахын хүүхэд хэрэгт орсон байсан тул би ахдаа 10 сая төгрөгийн мал таслаж өгсөн. Хэсэг хугацааны дараа шуудангаар надад захиа ирсэн бөгөөд нээж үзтэл бичгийн цаасан дээр улаан өнгөөр “ДОХ-ын үндэсний төв” гэж бичээд миний овог нэр регистрийн дугаарыг бичиж, “Д гэгч нь ДОХ өвчний улмаас нас барсан бөгөөд түүнтэй байнгын харьцаанд байдаг байсан эмэгтэй таньтай мөн хавьтагч байх тул та эхнэрийн хамт ДОХ-ын үндэсний төвд ирж шинжилгээ өгнө үү. ДОХ-ын үндэсний төвийн орлогч дарга Болормаа” гэх нэр гарын үсэг, тамгатай бичиг байсан.
    Тэр бичгийг уншаад би ухаан алдаж унах дөхсөн бөгөөд амиа хорлох оролдлого хүртэл хийсэн. Ингээд эхнэртээ уг бичгийг үзүүлтэл “Эхнэр би ганц эрэгтэй хүнийг хайрласаар ирсэн” байтал… хэмээн уйлсаар байсан. Ингээд яах учраа олохгүй мөн л нөгөө зурхайчаас асуусан. Гэтэл зурхайч “Улаанбаатар хот явж шинжилгээ өг. Гэхдээ хувийн хоёр эмнэлэг байгаа аль нэгэнд нь өгөөрэй. Явахдаа найзыгаа авч яваарай. Замдаа “Эмохо ум пааний суухай” гэсэн тарнийг байнга уншиж явахыг зөвлөсөн. Ингээд би найз Д.Ганзүүд үнэн учраа хэлж хамт явахыг гуйж, эхнэрийн хамт Улаанбаатар хотыг зорьсон.
    Ингээд эхнэр бид хоёр шинжилгээ өгтөл бидний хариу “ДОХ өвчингүй” гэж гарсан. Ингээд зурхайчид хэлтэл “ДОХ өвчин чамаас хуруу зайтай өнгөрлөө, өөрийн чинь найз энерги сайтай хүн тул та хоёрыг аварлаа. Түүний хүссэн хүслийг биелүүлж баярлуулаарай” гэсэн мессэж ирсний дагуу эхнэр бид хоёр Д.Ганзүүг баярлуулахаар шийдэж, түүний гол хүсэл нь студитэй болох байсан тул Бээжин явж, тоног төхөөрөмж авчрах болсон. Энэ тухайгаа зурхайчид хэлтэл намайг өөрөө “Бээжин явж болохгүй, эхнэр, охиноо Д.Ганзүүгийн хамт явуул” гэсэн. Ингээд бид түүнд 16 сая төгрөгийн үнэтэй телевизийн студи байгуулж өгсөн.
    Зурхайч над руу “Бясалгалд яв” гэж үргэлж мессэж бичиж байсан тул би эхнэр, Д.Ганзүү, түүний эхнэрийн хамт 14 хоног Дуган хад амралтын газарт Энэтхэг багш ирсэн гэхээр нь бясалгалд сууж бүх зардлыг нь төлсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа зурхайч хэлэхдээ “Чиний цагаан машин чамд таарахгүй байна. Өөр хүнд шилжүүл” гэсэн тул өөрийн найз Д.Ганзүүд шилжүүлсэн. Үүнээс хойш 2008 оны есдүгээр сарын 26-нд манай эхнэр надад хэлэхдээ “Д.Ганзүү зурхайч байж магадгүй юм. Д.Ганзүүтэй унтаж энергээ сэргээ” гэсэн мессэж үргэлж ирдэг байсан. Тэгээд хавраас хойш надтай нэлээд хэдэн удаа унтсан” гэжээ.
    Харин хохирогч Т-ийн эхнэр У мэдүүлэгтээ … “Зурхайч гэх хүнээс мессэж ирснээс хойш манай гэрт хэрүүл, уруул тасрахаа байж, тэр болгонд нөхөр бид хоёр хоорондоо зөвлөлдөхгүйгээр зурхайчаас өөр өөрсдийн зүйлээ асууж байсан. Тэр бүүхэл зурхайч биднийг хоорондоо мессэжээ үзүүүлэхийг хориглодог байсан. Амьдралынхаа талаар асуухад маш хурдан хариулдаг байсан бөгөөд “Би таныг хамгаалалтандаа авлаа” гэж хэлдэг байсан. Мөн тэрбээр “Найздаа тусал” гэж хэлсний дагуу бид Д.Ганзүүд таван сая төгрөгөөр хашаа, байшин авч өгсөн.
    2008 оны эхээр зурхайч над руу “Ганзүү бол сайн хүн түүнтэй унтаж энерги ав. Хоёр талынхаа амьдралыг сайжруул” гэсэн. Би хариуд нь найзыхаа эр нөхөртэй ийм байдалтай байж чадахгүй, би харьцаанд орж чадахгүй гэж хэлтэл “Чи амиа бодлоо, эцэст нь харамсана” гэж уурласан. Ингээд сүүлийн үед “Нөхрөөсөө сал, салахгүй бол амьдрал чинь доройтно, хоёр охиноо бод” гэж хүртэл мессэж бичдэг байсан…” гэжээ.
    Шүүгдэгч Д.Ганзүү мэдүүлэгтээ… “2001 онд бид Завхан аймгаас Орхон аймагт нүүж ирсэн. Нэг өдөр манай эхнэр Н өөрийн сургуулийн найз У-тай тааралдаж, улмаар би хохирогч Т, түүний эхнэр У нартай гэр бүлийн найзууд болсон. 2007 оны гуравдугаар сарын 18-нд өөрийн гар утас засварын газарт байсан дугаараас Т-ын гэр бүл рүү “Зурхайч байна” гэж мессэж бичиж, өөртөө итгүүлэхийн тулд тэдний талаар мэддэг зүйлээ бичдэг байсан. Тэдний ярьсан бүхэн үнэн бөгөөд гэхдээ би тэднээр бусдад буян үйлдүүлж байсан тул бага ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэжээ.
    Шүүхийн шийдвэр шүүгдэгч Д.Ганзүүг бусдыг хуурч мэхэлсэн, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин одоо залилагч Д.Ганзүү хугацаа нь дуусаж, хорих ангиас суллагджээ. Шүүгдэгч болон хохирогч нарын нэрсийг өөрчилсөн болно.
    Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

  • Бөө болоогүйн төлөө хүлээсэн цээрлэл

    Тиймээс хүмүүст мэдээлэл өгөх үүднээс болон сэрэмжлүүлэх зорилгоор бодит амьдралд тохиолдсон зүйлийг дор сийрүүлэв. Саяхан Дархан-Уул аймагт 18 настай хүү хамаатныхаа айлд хонох гэж очоод бурхан болчихсон аж. Эцэг, эх нь сандраад хууль хяналтын байгууллага энэ тэрээр явсан хэдий ч биед нь ямар нэгэн гадны нөлөөлөл ороогүй гэдэг нь батлагджээ. Тэд буян номынх нь ажлыг дуусгаад, нэгэн бөө дээр очиж үзүүлтэл “Танай хүү сахиусандаа хорлогджээ. Хэрвээ сахиусаа хүлээгээд авчихсан бол нэлээд гайгүй сайн бөө болох төөрөгтэй байж. Тиймээс танай хүү сахиусаа хүлээж аваагүй болохоор хорлогдсон байна” гэсэн зүйлийг хэлж гэнэ. Гэтэл хүүгийн бие одоогоос жилийн өмнө их өвдөх болсон байна.

    Мөн зан аашинд нь нэлээд их өөрчлөлт орж, уурлаж, ундууцах нь элбэгшжээ. Аав, ээж хоёр нь шилжилтийнхээ насан дээр яваа гээд төдийлөн анзаараагүй гэдгээ ойр дотныхондоо хуучилсан байна. Түүнчлэн ямар ч хүнд очоод үзүүлсэн тэнгэрийн цээрлэл, сахиус нь түүний амийг нэхсэн байна гэх зэрэг учир начир нь үл олдох зүйлийг хэлжээ. Гэтэл тэдний удамд бөө, удган бүү хэл лам хүн ч байхгүй гэнэ лээ. Энэ бүх зүйл болсны дараа нутгийн гэх лам дээр очоод учир байдлаа хэлээд үзүүлтэл насны хэмжил болжээ. Угаасаа богино настай байсан байна. Бөө болох байсан гэсэн төөрөг зураг огт байхгүй байна гэжээ. Одоогоос 20-иод жилийн өмнө Улаанбаатар хотын “Дэнжийн 1000” захын ойролцоох нэгэн айлын охины нүд гэнэт сохорсон байна. Тэднийх хоёр хүү, ганц охинтай аж. Охин багаас сэргэлэн цовоо, сурлагаараа сургуульдаа дээгүүрт ордог байж. Гэтэл охин нь үе, үе татаж унадаг болоод, 3-4 жил болж байгаа аж. Тэдний хамаатны дундаас төрсөн нэг бөө “Охин чинь удган юм байна. Түүний сахиус нь эмээ ээж байна. Тиймээс түүнд сахиус нь ирэх гээд үе, үе татаж унадаг болжээ. Одоо сахиусаа авчихвал бие нь зүгээр болно. Тиймээс сахиус, онгод, хувцас, хэрэглэлээ авахад зургаан сая төгрөг болох юм байна. Надад охиноо шавь оруул. Сахиус онгодоо хүлээж авсны дараагаар түшээг нь сонгоно” гэсэн байна.

    Охины эцэг, эх хэлснийх нь дагуу охиноо удган болох гээд хэлсэн бүх зүйлийг нь биелүүлсэн байна. Гэтэл охин нь юун удган болж сахиус энэ тэр авч, татаж унах нь зүгээр болох манатай нүд нь юм харахаа болижээ. Тэгээд эцэг, эх хамаатны бөөгөөсөө охин маань татаж унах нь зүгээр болох нь бүү хэл нүд нь ерөнцийг харж чадахааргүй болчихлоо шүү дээ хэмээн учирлахад “Та нарын сүсэг бишрэл их муу байжээ. Охин чинь удган болохгүй гэж бодож явдаг байсан байна. Тиймээс сахиус нь түүнийг ийнхүү шийтгэжээ” гэжээ. Арга барсан эцэг, эх эмнэлгээр явсан боловч охин чинь хэзээ ч хараагүй орохгүй гэсэн үгнээс өөр юм дуулаагүй байна. Тиймээс аливаа зүйл тоглоом биш гэдгийг хүн бүрт сануулах гэсэн үүднээс бичиж байгаа юм шүү. Учир нь монголчууд өвдлөө, муухай зүүд зүүдэллээ, манай тэр унаж тусаад байна, бөө болох гэж байгаа байх гэж бодох бүртээ мухар сүсэгтээ хөтлөгдөөд хэн дээр ч хамаагүй очдог. Тэгэхээр хүнээ таниагүй мухар сүсэг дээрх шиг байдалд хүнийг хүргэдэг юм байна шүү.

    Б.Яруу

  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

    Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээрч ухаарсан нийгмийн тэр хэсэг л чухам хөгжил дэвшлийн түүчээ болж, гэрэл гэгээ асааж ирснийг түүх бүрнээ батална.
    Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж. Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм. Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс ийм зүйлийг хичнээн эрж хайгаад ч олохгүй болчихсонд л асуудлын мөн чанар нь байна.
    Өөрөөр хэлбэл өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү…
    Зохиолч, сэтгүүлч Б. Наминчимэд
    “Үндэсний сэхээтнүүд үгүйлэгдэж байна” нийтлэлээс

  • ЗАН ҮЙЛ ХИЙЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДЭД 5 ЖИЛИЙН ТЭНСЭН ЯЛ ОНООЖЭЭ

    шийдвэр хураангуй-5
    Иргэн Дулмаа нь нурууны өвчнийг энергиэр эмчлэх, аура засал хийх нэрээр Оюуны биеийг нүцгэлэн, өрөөний голд зогсоож, цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож, архинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах, 4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсны улмаас иргэн Оюуны биеийн гадаргуу 50-59 хувь нь түлэгдэж, эрүүл мэндэд 3 дугаар зэргийн түлэгдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирч, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч амь нас нь хохирсон байна.
    Дулмаагийн үйлдлийг прокуророос “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг гэж зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн, Дулмаагийн өмгөөлөгчөөс “… энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг юм” гэх үндэслэлээр, зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх талаар мэтгэлцжээ.
    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулмаагийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар шууд учирсан, түүний болгоомжгүй үйлдэл нь Оюуны амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой, энэ үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож хэргийг зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.
    Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол буюу эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх, дахин Аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авчээ.
    Санамж:
    Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
    Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг

  • ШАШНААР БИЗНЕС ХИЙЖ, ӨРГӨЛ БАРЬЦАД ШУНАГЧ НҮГЭЛТНҮҮД Л МУХАР СҮСГИЙГ ДЭВРЭЭЖ ИРЖЭЭ

    Үгүйсгэлийн үгүйсгэл бол алга болгож, хоосолж, устгаж буй бус харин өөрчилж, хөгжүүлж, дэвшүүлж байгаа үйл явц мөн. Бидний дээд өвөг болох хүн дүрстэй мич үүсээд, бич болж хувьсаад, хөгжин хөгжсөөр бичин хүн болжээ. Бичин хүмүүс тохиолдсон бүх бэрхшээлийг даван туулсаар оюун ухаант хүний зэрэгт хүрчээ. Энэ үйл явцад өмнөх нь удаахдаа урган орсоор ирснийг хувьсал гэх ёстойгоос биш нэлэнхүйд нь “хоосон чанар” нэрээр үгүйсгэж боломгүй. Амьтад мэдээжээр мөнх наслахгүй. Ийм процессыг элдвээр шашинжуулж, эсвээс үгүйсгэж, аль нэг шатыг нь таслан авч хийсвэрлэн дөвийлгөх хэрэггүй юм.

    Дорнын философи сэтгэлгээ бүх зүйл хоосон чанартай, амьгүй болон амьтай бүх биет эвдэрч устдаг, биет бүхэн бие үгүй болдог гэж үзсэнээрээ биетүүдийн дараачийн хэлбэр, дүрсүүд нь хоосноос (микро ертөнцөөсөө) үүсдэг болохыг дам хүлээн зөвшөөрдөг байжээ.

    Хоосон гэдэг нь эртний утгаараа нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах, хэлбэр, дүрсгүй, жин хэмжээгүй оршлыг тэмдэглэж байв. Орчин үеийн ойлголтоор бол хоосны хоосон нь вакуум юм. Аливаа бүхэн макро байгаад микро болдог. Мөн микро байгаад макро болдог гэх утга бол хоосон чанар ажээ.
    Чанар бүхэн хоосон чанарт шилжих, эргээд удаах чанарыг үүдэх, биет бүхэн биегүйдэх, эргээд биеийг бүтээх, хэлбэр бүхэн эвдрэх, эргээд удаах хэлбэрийг олох талаарх оюун дүгнэлт бол дорнын философи сэтгэлгээний том ололт байжээ.

    Хувьсал бол аажим, бараг үл ажиглагдаж хэрэгждэг өөрчлөлт ажээ. Хувьсалд үзэгчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчид байх боломжгүй. Хувьсалд хэнийг ч болов гэрчээр татах цаг хугацааны хийгээд орон зайн нөхцөл мөн үгүй. Иймээс хувьслыг зөвхөн үзэгдлүүдээр нь таних боломжтой.

    Манай галактик, манай дэлхий үүсээд, тогтвортой систем болон “нэр, нүүрээ олсон” тэр цагаас нааш өнөөг хүртэлх хэдэн тэрбум жилийн турш дахь хувьслын зам, мөр, үлдэгдэл тун олон хэлбэр, аргаар хадгалагдан хоцорчээ. Товчилж хэлбэл тоолох, тооцохын аргагүй хэмжээний их баримт үлдсэн нь үнэн юм. Энэ их баримтыг, бодитой, биетэй оршин буй үлдэгдлийг олон салбар шинжлэх ухаан судалж үнэн мэдлэг, мэдээллийг буй болгосоор иржээ. Шинжлэх ухааны салбарууд, эрдэмтэд үнэн мэдлэг, мэдээллийн их санг буй болгоод, мөн зэрэгцүүлээд тоо томшгүй олон төөрөгдлийг бас залруулжээ. Хүн төрөлхтөн хэрхэн төөрөлдөж, хуурагдаж байсны түүхийг нэн эртнээс XXI зууны эхэн хүртэлх тууш хугацаагаар бичих аваас мөн ч зузаан ном, баялаг түүх туурвигдах бизээ. Яг энэ он, энэ өдөр гэхэд л төөрөгдөл, хуурагдал хэргээ хийсээр, наад зах нь ид шидтэн гэгдэгчид хэтэвчээ дүүргэсээр л байгаа билээ. Багаар бодоход л тэрбум илүү хүн бурхадыг шүтсээр, буг чөтгөрөөс эмээсээр, ид шидэнд итгэсээр, заяа төөргөө даатгасаар, зам мөрөө “засуулсаар” л байгаа ажээ. Гэвч урьдчилан, уншлага, утлагаар засагддаг заяа төөрөг, зам, мөр гэж үгүй шүү дээ…
    Хоосон чанарыг, үүссэн бүхэн хувьсдагийг, төрсөн бүхэн үхдэгийг, мөнхөд орших чанар гэж үгүйг засварлах, үгүйсгэх арга байж болох уу? Тасралтгүй сэргээх, нэг л төлөв байдлыг нь хадгалах, тордох замаар оршлыг нь мөнхлөх боломжийг онолын хувьд бүрэн үгүйсгэх аргагүй юм. Нийгэмд, оюун ухааны хүчээр “мөнхлөх туршилт” хийж ч болох билээ. Ингэхлээр хоосон чанартай сөргөлдөж, түүнийг харьцангуй болгохоор оролдож ч болох ажээ. Гэхдээ энэнийг шашин биш, бурхад биш, хутагт, гэгээнтнүүд биш зөвхөн шинжлэх ухаан л шийдэх боломжтой. Нэгэн чанарыг мөнхлөх боломжийг эрж хайх цаг ирэх л байх. Чухам тэр үед “хоосон чанарын” талаарх элдэв тайлбар, ойлголтууд хэнд ч хэрэггүй болох бизээ.

    Бүрэлдсэн бүхэн задардаг, төрсөн бүхэн үхдэг, тэгэхдээ үүсээд л устаад л, дахин үүсээд л, мөн устаад л байхаас биш хорвоо хоосроно гэж үгүй. Буй бүхэн үгүйсгэгддэг, гэвч бүхэл бүтэн шинэ үе гараад л ирдэг.

    Үгүйсгэгч өөрөө үгүйсгэгдэх цагт удаах үгүйсгэгч нь мэндэлж л байдаг ийм гинжин холбоо, ийм барилдлага орон зай бүхнийг эзэлж, цаг хугацаа бүгдийг элээж улиран үргэлжлэн оршсоор иржээ. Оршсоор байх, мөн хоосорсоор байх нь мөнх ажээ. Ингэхлээр хорвоо ертөнцөд нэгэн эзэн, бүхнийг, бүгдийг бүтээгч нэгэн субъект, дээдийн дээд бурхан, доодын доод заяатан гэж байх учиргүй юм. Энэ бүхэн бол гүнзгий төөрөгдөл болж анх үүсээд, дэлхий даяарыг төөрөгдүүлэн төөрөгдүүлсээр өнөөг хүрчээ. Оюун ухаант амьтны төөрөгдөх боломж ийнхүү нэн их, бүр хязгааргүй шахам ажээ…
    Олон янзын уг, үндэс бүхий, олон талын зорилго, санаархал бүхий том жижиг олон шашин хүмүүсээр өөрсдөөр нь бүтээгджээ. Бүтээгдсэн бүхэн нуран унадаг жам том шашнууд, тэдгээрийн урсгал нэгбүрийг ч тойрохгүй нь тодорхой юм.
    Байгалийн, бас нийгмийн, сэтгэхүйн талаарх үнэн бүхэн л үлдэж чадах авч тэдгээрт хандах, тэдгээртэй харьцах хүмүүсийн хоорондын харилцаа итгэмээргүй олон янз байж болдог нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нотлогджээ. Өнөө гэхэд ч энэ байдал улс орон нэгбүрд ажиглагдсаар л байна.

    Ямар нэгэн шашныг хаа нэгтэйгээс импортолж аваад улмаар ард түмнээ мухар сүсэг, сохор шүтлэгтэй болгож мунхруулаад, мунхарсан хүмүүст үйлчилдэг лам, хувраг, хутагт, хувилгаад гэгдэгч мөлжигч давхрааг нийгэмдээ буй болгох нь тэнэглэлийн дээд тэнэглэл, ард түмнээ арчаагүй болгох гутамшигт зам, мөр юм. Жинхэнэ эх оронч сэхээтэн хүн хэзээ ч ийм юм хийдэггүй, хийж ч байгаагүй. Оюунлаг хүмүүс, жинхэнэ сэхээтэн хүмүүс лам хувраг боллоо ч, хутагт хувилгаад гэгдлээ ч мухар сүсэг, сохор шүтлэгийг хэзээ ч дэмжиж, дээдэлж байгаагүй түүхтэй. Шашнаар бизнес хийж, өргөл барьцад шунагч нүгэлтнүүд, мөлжигчид л мухар сүсгийг, сохор шүтлэгийг өөгшүүлж, бүр дэврээж иржээ. Дэлхий дахинд үнэн, мөн нь биш, харин худал, хуурмаг нь ноёрхох хүртэл нь дэврээжээ.
    Номч мэргэн гавж, бандита нарын дунд мухар сүсгийг, сохор шүтлэгийг, хойд дүр тодруулдаг булхай, луйврыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй байжээ. Албажиж хүчирхэгжсэн, төрөөс дэмжлэг авдаг шашин-сүм хийдийн том тогтолцооны нөлөө, дарамт тийм хүмүүсийн тэмцлийг нуга дардаг, бүр гэсгээж цээрлүүлдэг ч байсан нь баримттай зүйл билээ.

    ХХ зууны эцэс, XXI зууны эхэн үеийн жишээ, баримтуудаас үзэх аваас шашин ба шинжлэх ухаан хоёрын хооронд “илжиг болон жороолж” өөрийгөө ч, бас өрөөлийг ч будилуулж байгаа том толгой лам нар аль ч шашны хувьд цөөнгүй боллоо. Энэ хэрэгт зарим физикчид мөн татагдан оржээ. Өөрсдийгөө өөрөө ч ойлгохгүй байгаа, өрөөл бусад нь ч тэднийг ойлгох боломжгүй хэмжээнд будилчихсан физикчид манай оронд ч бас бий. тэдний зарим нь зэрэг, цолны гадаад, дотоод олон хавтас, үнэмлэхтэй…

    Дэлхий дахины түүхээс үлдсэн сургамж бол эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, дээд доод гарвалтан, хаан хатан, харц боол хэн боловч үнэн мэдлэгт, зөв мэдээлэлд, шинжлэх ухааны ололт, амжилтанд тулгуурлаж байж л эрүүл байж, урт насалж, удаан жаргаж, хүссэн зорьсондоо хүрч байжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгт автсан, бүр хэтэрхий автсан хүмүүс дандаа л муу, муухайгаар эцэслэж, төгсөж иржээ. Амьдрал, оршлын энэ үнэнтэй маргах хүн гарахгүй бизээ…

    Мөнхрөх хүсэлд автах, дахин төрнө гэж найдах, диваажин болон тамд, мөн бурхан болоод чөтгөрт итгэх нь зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан гэнэхэн мөрөөдөл болж үлдэх цаг ирнээ! Худал зүйлд, байхгүй зүйлд итгэж, бүр шүтэж өнгөрөөсөн олон мянган жилийн хохирол, сүйтгэл, луйвар, мэхлэлтийн жинхэнэ эзэд нь хэн хэн бэ? гэж арагшаа эргэж нягтлах нь ч зүйд нийцнэ. Иймэрхүү ухаарал, тодотгол хийгдэх л болно.

    Хүн төрөлхтөн өнгөрөөсөн түүхэндээ төөрөлдөж явжээ. Одоо мөн төөрөлдсөөр байна. Тэгвэл цаашид үргэлжлүүлэн төөрөлдөхгүйн тулд яах, юу хийх хэрэгтэй байна вэ? Энэ талаар улс орон нэгбүрийн оюунлаг хүмүүс бодох, судлах, зөв шийдлийг олох ёстой. Энэ бол төр засгийн, шударга сэхээтнүүдийн журамт үүрэг мөн. Харамсалтай нь энэхүү журамт үүргээ ухаарах, сахих, чингэхийг бусдаасаа хүсэх хэмжээ, түвшний боловсрол, мэдлэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн түшээд өнгөрсөн 30 жилд бараг л байсангүй. Тэдний олонхи нь шинэ, шинэчлэгдсэн цаг үеийн мэдлэг, мэдээлэл агуулсан судалгааны ном, бүтээлүүдтэй ч танилцаж байсангүй. Тэдний олонхи нь боловсрол, соёлын байвал зохих түвшнээсээ 50 орчим хувиар доор байсан нь ч үнэн юм.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Анхаар, БУРХАН ХАЛДУН халдлагад өртөж эхэллээ.

    2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн бөгөөд их хайрханаа нэн даруй хамгаалах цаг үе ирсэнийг “Онгод”-ын айлдварууд өгүүлсэн билээ. Мэдээллийн дагуу МБНЭ-ийн төлөөлөл, их хайрханыг хамгаалах үйлст амьдралаа зориулж яваа байгаль хамгаалагч Хурцын хамт цагаан арлын Алтан Үлдийн овооноос хөдөлж БУРХАН ХАЛДУН хайрханыг зорьсон юм. Энэ явцад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий гадаадын болон монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олджээ.
    2015 оны 2 дугаар сар 25-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагын хэсгээс:
    ЭХЛЭЭД БИД ИХСИЙН ГАЗАР ЛУУГАА ДОВТЛОХОД ХЭН Ч АНЗААРСАНГҮЙ. Дэлхийн улс гүрнүүд засгийн газрууд хоорондоо гэрээ хэлэлцээ хийж, ганцхан туйрыг судлах гэж судлаач эрдэмтэд нь газар мөлхөн тэмтчиж, сантметр, сантметрээр бийр юугаар шүүрдэн газрыг нарийн шинжлэн судалж буй төсөл дээр ажиллагсадыг хараад шинжлэх ухаан гэдгийг биширч явлаа. Гэтэл Монголын урдаа барьдаг эрдэмтэд баг болж, ноёд түшээд нь хамгаалалт болж, хэдхэн хоногийн дотор хүрз, лантуугаар зэвсэглэсэн ирээдүйн эрдэмтэн нэр зүйх оюутнууд, 10, 20, 30 туйрыг ухаж төнхөж байхдаа тааралдав. Тэдний газар цохих лантууны цохилт бүр ирээдүй хойч үе, үр удмаа тийм байдлаар сэглэж байгааг сануулна. Тэгээд одоо тэнд сүлд сүүдэр нь арилчихсан, ургамал ногоо нь өнгө алдан гомдсон тийм газар үлджээ.
    ДАРАА НЬ ХҮННҮ, СҮННҮГИЙН ҮЕЭС ГАЛ ГОЛОМТ БОЛЖ ИРСЭН НОЁН ХАЙРХАН ЛУУ ДОВТЛОВ. Их ноёдын чуулга нь түмний нүд харуулдан байж, хулгайгаар шахуу худалдан Ноён хайрханаа устгах төлөвлөгөөг батлав. Ноёд түшмэд, хиа туслахууд, хэвтээ, босуул нараар хамгаалуулан Ноён хайрханыг хүчирхэг техникийн хүчээр малтаж эхлэв. Үлгэрт гардаг шиг аймшигтай олон арван толгойтой, хөлтэй “Мангас” араа шүдээ яралзуулан дээд өвгөдийг минь газрыг хурц хумсаараа малтаж байна. Тэртээ хол Ноён уулыг малтах хүчирхэг техникийн малтуурын чимээ энд гэртээ суугаа миний, бидний зүрхийг самран өвтгөв. Яалтай билээ монгол заяаг. Ийм үйл хийсэн ноёд түшмэл хаадын хойч үе, залгамж чанарт Мөнх тэнгэр гэсгээлээ хайрлана. Баялагийн хараал хүртэнэ өөр хувь заяа байхгүй.
    Турк Улсын ноёд шийдвэр гаргаж байх юм. Харийн нутагт байгаа Европ тивийг чичрүүлж байсан Сулейман хааны зөвхөн нэг бунханг хамгаалах гэж Турк улс Сири Улсын хилийг зөрчин 500 гаруй цэрэг, 100 орчим танк, хуягт техник илгээв. Гэтэл Монголын ноёд шийдвэр гаргаж байх юм. Тэд өөрийн нутагт байгаа эртний их цагаан хэрмийг бариулах хүртэл суу алдрыг цуурайтуулж явсан Хүннү гүрний 250 гаруй бунхан, булш орших Ноён уул руу гадаадынхантай хамт, тухайлбал “Сентерра гоулд” хэмээх компаны хэдэн мянгаар тоологдох ажилтан, хэдэн зуугаар тоологдох ачигч машин, газар малтагч хүнд механизмын хамт довтолгон илгээж байх юм. Ийм үйл хийснийг Мөнх тэнгэр яавч мартахгүй. Хоёр өөр газар бараг ижил зүйл рүү нэгэн цаг хугацаанд довтолсон хоёр үйл явдал тохиов. Хэн яаж хандав, хараач. Монголын өнөөгийн ноёд ард түмнийхээ өмнө, цаашилбал дэлхий нийтийн өмнө ичиж үхэмээр шившигт хутгалдаж байна.
    ЭНЭ ҮЕД МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨЛГИЙ НУТАГ, ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИР, МОНГОЛ УЛСЫН ЗҮРХ УУЛ “БУРХАН ХАЛДУН”-Д ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙГ ЗӨРЧИН ХАЛДАХ ШИЙДВЭР ГАРАВ. Ингэж нэрлэхээс өөрөөр юу гэхэв. Эхлээд аялал жуулчлалын бүс болгох юм гэнэ, улмаар тэнд хүн үзэж, гайхширан бишрээд байхаар үйл явц өрнөх юм гэнэ. Онгон байгальд нь гар хөл хүрэхгүй юм байх. Өнөө үлгэрт гардаг шиг “хутга хүрэлгүй мах идэж, хундага тулгалгүй архи хүртэж” жаргалын орон болгох юм байх. Тийм үе ирнэ л дээ. Одоо арай цаг нь биш ажээ.
    Эхлээд өнгөрсөн үе рүүгээ хүрз, жоотуу барин дайрч эхэлсэн тэд, өнөөдөр хүнд техникийн шанагаар малтаж байна. Маргааш тэд монголын газар нутгийн алтан гагнаасыг бусдад худалдаж дуусгана. Баялагийг нь янз бүрийн гэрээ хэлэлцээрээр халхлаад зөөгөөд дуусна. Тэгээд хойч үед юу үлдэх вэ? Ямар биднээс хоол гуйсан биш, газрын хөрсөн дор байгаа алт, уран, газрын ховор элемент, энэ их баялагаа өөрсдөө эзэмших чадалтай болсон үедээ яагаад ухаж болдоггүй гэж…
    Зөвхөн Оюу толгойн баялагийг Монголдоо үнэ цэнэтэй, үр бүтээлтэй гадагш гаргалаа гэхэд бид улс төр, эдийн засаг гээд олон талаар босоод л ирэхээр байгаа шүү дээ. Гэтэл бахь байдгаараа ард түмэн ядуу хэвээр. Бид ийм хувь тавилантай юм гэж үү. Түүнд ганцхан хариулт бий, тэр нь “үгүй” гэсэн дөрвөн үсэг шүү дээ.
    Монголын бөө нар нэгдсэн тахилгууд хийнэ. Эдгээр буруу үйл явдалд саад хотгор хийх зан үйлийг хийж, таслан зогсоох болно.

     

  • Г.МАРАЛМААГ БИ БӨӨ БАЙСНЫГ МЭДЭЛГҮЙ ХАМТРАН АМЬДАРСАН.

     

    Шүүх хурал нэлээн ширүүхэн боллоо. Учир нь нэгэн цагт хамтран амьдарч ирээдүйн амьдралаа төлөвлөж байсан Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байв. Тэгэхдээ тэд нэгэн рүүгээ огт харсангүй. Эгц өөдөө харж мэдүүлгээ өгсөөр. Өдгөө зургаан сартай Т.Цогтын хүүхдийг тээж буй Г.Маралмааг хоёр ч удаа ухаан алдан шүүхийн танхимаас гарахад Т.Цогт Г.Маралмаа руу нэг ч удаа харсангүй.
    Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед шүүх танхимд буй “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд ихэр татан уйлцгааж, танхимд буй зарим нэг хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж байхад харин охины төрсөн эх н.Өнөржаргал ямар ч эмоци гарсангүй, Т.Цогтын ярихыг сонсон суув.
    Харин Г.Маралмаагийн хувьд зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч буйгаа шүүх бүрэлдэхүүнд уламжилсан юм.
    Шүүх хуралд оролцож буй талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нарын дүр төрх нэг иймэрхүү.
    Тэд юу гэж мэдүүлэв
    Шүүх хуралдаанд хэн юу гэж мэдүүлэв, ямар тайлбар өгөх нь маш чухал. Шүүгдэгчдийн мэдүүлгээс тухайн хүний зан төрх, засрах байдал зэрэг харагдана.
    Г.Маралмаа: Би охиныг алаагүй
    Талийгаач охины хойд эх Г.Маралмаа шүүх хурлын үеэр “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна” гэх утгатай мэдүүлгийг дахин дахин өгч байв. Тэрбээр “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэсэн юм.
    Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямарч ял үүрэхэд бэлэн байна
    Харин Т.Цогтын хувьд “Би охиноо алдсандаа маш их харамсч байна. Тиймээс ямарч ял үүрэхэд бэлэн” гэх утгатай мэдүүлэг өгч байлаа.
    Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” гэв. Мөн хэргийн тухайд “Хоёрдугаар сарын 14-ний өдөр Г.Маралмаа “Охин шатнаас унасан. Саруулын /Г.Маралмаагийн найз/ хүүхэд ирж тоглож байхдаа хазсанаас хөхрөлт үүссэн” гэж тайлбарласан. Би энэхүү үгэнд нь итгэсэн. Тэр шөнө охиноо ГССҮТ-д авчрахад “Өнөө шөнөдөө ажиглаад хононо. Маргааш 60 мянган төгрөгийн үнэ бүхий зураг авна. Гэр лүүгээ аваад явж болно. Авч харихаар бол гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөрэй” гэсний дагуу бичиг хийж, гарын үсэг зураад охиноо гэртээ авчирсан.
    Г.Маралмааг би бөө байсныг мэдэлгүй хамтран амьдарсан. Гэтэл удалгүй Г.Маралмаа надад бөө гэдгээ хэлж, “Би бөө. Чи ч гэсэн сахиустай юм байна. Бөө бол. Хэрвээ бөөгийн сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэж хэлсэн. Би ч айгаад бөө болсон. Гэхдээ бөөгийн зан үйл хийж байгаагүй. Г.Маралмаа сахиусаа буулгах үедээ охиныг минь “эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд ороолгодог байсан.
    Охин минь амиа алдахаас 2 хоногийн өмнө Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би гэртээ яваад ортол талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж шээж болохгүй гэж хэлээд суран бүсээр хоёр удаа ороолгосон минь үнэн. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэж хэлсэн. Одоо бодоод байхад хөх няц болоод бие нь өвдсөн охиноо мэдэлгүй зодож дээ гэж харамсч байна” гэсэн юм. Тэрбээр охиныхоо үхэлд өөрийгөө шууд бусаар хамааралтай гэдгээ хүлээлээ.
    Талийгаач охины төрсөн ээж: Н.Өнөржаргал: Оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байна
    Харин охины төрсөн ээж н.Өнөржаргал оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв. Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ.
    н.Өнөржаргал нь охиноо үрчлүүлэхээр гэрээ байгуулсан байсныг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм.
    Өмгөөлөгч н.Тунгалаг: Т.Цогт охиноо Г.Маралмаагийн гарт амиа алдсаныг дуулаад хорих ангид орилж уйлсан
    Харин Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг “Т.Цогт охиных нь үхэл шатнаас унаснаас биш хойд эхийн зодуураас болсныг хавтаст хэрэгтэй танилцаж, өмгөөлөгчөөрөө тайлбарлуулсны дараа мэдэж, хорих ангидаа орилон уйлж, үсээ зулгааж байсан” гэдгийг шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байв.
    Юутай ч шүүх хурлын танхимд талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нар ийнхүү мэдүүлэв.
    Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан. Охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилээр тэнсэж байжээ.
    Шүүхээс хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт буцаасан. Ингэхдээ Т.Цогтын охиноо хоёр удаа ороолгосон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй эсэх, мөн охин Т.Цогт, Г.Маралмаа нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг дахин шалгахаар буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт эхнээсээ дахин явагдана. Үүний дараа прокурорын байгууллагад хянагдана. Улмаар дахин шүүхийн танхимд шүүх хурал болох юм.
    Б.Анир

  • ШАШНЫГ ЖУРАМЛАХ ТӨРИЙН САНААЧИЛГА

    Бурхангүй орон болж социалист замналаар далан жил замнасан манай улс шинэ нийгэмд алхахдаа шашны асуудлаа шийдэх ганцхан хууль батлаад орхисон гэсэн үг. Нэг талаар шашин гэхээр их номхон, дөлгөөн зүйл гэсэн ерөнхий тодотголтой явж ирсэнтэй холбоотой л доо. Гэвч түүнээс хойш нийгмийн хувьд бид шашин шүтлэгийн төрөл, түүний элдэв араншингийн алаг эрээн зам туулжээ. Дээр нь өнгөрсөн хугацаанд шашны сүм хийгээд сүсэгтний тоог нарийн гаргасан судалгаа ховор.
    Хамгийн их ишлэгддэг нь манай улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны сайтад 2010 онд нийтлэгдсэн илтгэл юм. Түүнд дурдсанаар тухайн үед улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байснаас 254 нь буддын, 198 нь христийн, 44 нь исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд байжээ.
    Харин одоо яригдаж байгаа Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хориглох заалтуудыг багагүй оруулсан байна. Тухайлбал, тус хуулийн төслийн 28.6-д “Олон нийтийн газарт нийтийг хамарсан мөргөл, шашны бусад зан үйл, ёслол үйлдэх ажиллагаа нь олон нийтийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангасан, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журамд нийцсэн байна” гэжээ.
    Нэг үгээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хориглосон аливаа үйлдлийг шашны зан үйл нэрийн дор хийхгүй гэж ойлгогдож байна. Хэдэн жилийн өмнө бөө мөргөл хүчээ авч байлаа. Тэр үед мөн ч олон дөвчин үйлдэл гарсан даа. Бөө нар хүнийг архинаас гаргах дом хийж байгаад түлээд хөнөөчихсөн, хөлийнх нь судас хатуурсан хүнийг эмчилж байгаа гэж байлгасаар амь насаа алдахад хүргэсэн гээд үргэлжилнэ. Тэгвэл шинэ хууль батлагдвал ийм гэмт, хэргийн шинжтэй үйлдлүүд хязгаарлагдана гэж ойлгож байна.
    Мөн тус хуулийн төслийн 27.1-д “Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчихийг хориглоно”, 27.2.1 -д “Албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсхүл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалахыг хориглоно” гэсэн байна. Ийм төрлийн үйл ажиллагааны жишээ ч бидэнд бэлхнээ байж байна. Христийн шашны Солонгосоос гаралтай Мүүний урсгал гэгчийн талаар нэг хэсэг баахан ярьж байлаа. Энэ урсгал бие биеэ харж байгаагүй хүмүүсийг зуучилж гэрлүүлж байв шүү дээ.
    Монголоос олон хүн Солонгост байх танихгүй хэн нэгэнтэй гэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь, түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Үүн дээр хуулийн төслийн 28.8-д “Шашны байгууллагаас бусад этгээд нийтэд зориулсан мөргөлийн газар, том орон зай эзлэх шашны зориулалт бүхий хөшөө дурсгал, суварга байгуулахыг хориглоно” гэсэн заалт ч анхаарал татаж байгаа. Ер нь тэгээд иймэрхүү зохицуулалт байхгүйгээс уул болгонд суварга, мод бүрт хадаг тавих явдал даамжирсан юм. Бүр бэлэг эрхтний хөшөөг хүртэл мухар сүсгийн үүднээс барьж байлаа.
    Хууль санаачлагчдын хэлж буйгаар өнөөдөр төр шашинтайгаа 22 өөр стандартаар харьцаж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн ИТХ шашны байгууллагын өөр, өөр зөвшөөрлийг журмаар олгох замаар хянаж байгаа аж. 2016 оны байдлаар нийслэл болон долоон аймаг энэ чиглэлээр журам гаргажээ. Харин 14 аймаг нь журамгүй байсан гэх. Үндсэн хуульд заасанчлан ИТХ-ын шийдвэрийг дээд шатны байгууллага, төр засгийн” байгууллага хүчингүй болгох эрхгүй байдаг.
    Ийм өнцгөөс харах юм бол шашинтай харилцах харилцаан дээр манай улс холбооны улсуудын адил зарчимтай явж байсан гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Орхон аймаг гэхэд шашны байгууллагын зөвшөөрлийг гурван жилээр олгодог. Тэгэхэд нийслэл юм уу зарим аймаг нэг жилийн хугацаагаар олгодог байх юм. Энэ бол нэгдсэн улсын хувьд байж боломгүй асуудал л даа.
    Мөн хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан тодорхой зарчмуудыг оруулахаар төсөлд тусгажээ. Түүнд төр нь шашны байгууллагын үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй, шашин нь төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг нандигнана, үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэжээ. Төр шашны үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй гэхээр “цэргийн гэгээнтэн” гэх мэт элдэв явдал гарахгүй гэсэн үг. Дээр нь гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох юм байна.
    Хэд хоногийн өмнө болсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Шашин шүтэх эрх чөлөө бол Монгол Улсын иргэний салшгүй хэсэг. Энэ эрхийг баталгаатай, ямар нэгэн алагчлалгүй эдлүүлэх нэгдүгээр шаардлага манай улсад байна. Хоёрдугаарт, Монгол Улсын тар ёс, үндэсний эв нэгдэл, соёлын үнэт өвүүдийг нандигнан үр хойч үедээ өвлүүлэх ёстой. Гуравдугаарт, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хуульд заагдсан үндэслэлээр төр оролцоно. Хуульд заагдаагүй үндэслэлээр төр оролцохгүй байх зарчмыг нутагшуулна гэж хэлэлцэж байгаа юм.
    Өнөөдрийн манай улсын хууль тогтоомжоор шашны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт байдаггүй. Гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох гэж байна. Энэ олон асуудлаас гадна Монголын үндэсний нэгдсэн тодорхой нэршлийг 50 жилээс дээш жил шашны үйл ажиллагаа явуулсан байгууллагад олгоно гэдгийг ярилаа. Түүнчлэн хүүхдүүдийг шашны байгууллагын номлолд сургах тодорхой заалтуудыг хэллээ. Жишээ нь, гэрээр шашны боловсрол авч байгаа 2,500 гаруй хүүхдийн 90 хувь нь буддын шашных ч биш, христийнх ч биш, исламынх ч биш байна. Шашны ямар чиглэлээр хүүхдүүд гэрээр сурч байгаа нь асуултын тэмдэг байгаа юм” гэж байлаа.
    Хориглох зүйлийн жагсаалт энэ мэтээр хязгаарлагдахгүй л дээ. Тус хуулийн төслийн
     27.2.2-д “Зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах”,
     27.2.3-д “Гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж, шашны байгууллагад ашигтай байдал үүсгэхэд нь албадах”,
     27.2.4 “Шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй байх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох”,
     27.2.5- “Шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах”,
     27.2.6.хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах”,
     27.2.7-д “Сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх”,
     27.2.8 “Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах”,
     27.2.9 “Шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах”,
     27.2.10 “Амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу. байдал тогтоох, хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах” гэх мэтээр хориглох зүйлсийн жагсаалт хуулийн төсөлд байна.
    Монгол бол шашны элдэв урсгалуудын хувьд өмнө нь нээгдээгүй атар дагшин газар. Тийм ч болохоор элдэв санхүүжилттэй шашны урсгалууд орж ирэх, батжин тогтнох бололцоотой орон гэгддэг болсон нь нууц биш. Дэлхийн болон манай улсын түүхийн тодорхой хэсэгт шашин төр хоёрын хэт ойр явдал дажин үймээн гаргаж байжээ.
    Өнөөдөр дажин болдоггүй юм гэхэд нэг шашны хоёр урсгалынхан хоорондоо үг сольдоггүй байдал манай улсад бий болсон. Үүний дээр олон түмний итгэлийг авах арга хэрэгсэл нь эд хөрөнгийн байдлаар татах, насан хүрээгүй хүүхдүүдийн бүрэн төлөвшөөгүй байдлыг ашиглан шийдвэр гаргуулах дээр тогтсоор байгаа нь үнэн юм. Харин одоо энэ асуудлыг төрөөс журамлахаар Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилсныг танилцуулахад ийм байна.

  • Тэнгэрийн үүд хаагдсан, бөө дахиж төрөхгүй гээгүй бил үү

    Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхрын тагтнаас унасан хүн “Бөөгийн онгод орлоо” гэж хэлээд үсэрсэн хэрэг гарсан тухай сонсоод ихэд гайхлаа. Ар гэрийнхэн нь дэггүй хүүхдээ “Бөө болох гэтэл онгод нь орохгүй байж байгаад гэнэт шөнө унтаж байхад нь орж ирснээс ийм юм боллоо” гэж өмөөрсөн тухай телевизийн мэдээгээр цацагдаж байв. Энд логик алга байгаа биз. Тэнгэрийн үүд хаагдтал хаана юу хийж явсан онгод гээч вэ. Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий. Энэ зүйлд “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийг шийтгэх вэ. Улаачаа амиа хорлоход хүргэсэн онгодыг уу. Сүүлийн үед бөөгийн онгодтой холбоотой хүний амины хэрэг олонтаа гарах боллоо.

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад шүтээний дэргэд болсон удган болох гэж байгаад буцалсан халуун усанд шалзарч амиа алдсан эмэгтэйн хэрэг, архинаас гарах гээд халуун архиар утуулж амиа алдсан хэрэг гээд онгод, бөөтэй холбоотой хэргүүд ар араасаа хөвөрч байна. Одоо бүр хэтрээд тагтнаас хүн түрхэж алчихаад “талийгаач бөө байсан юм аа” гэж хэлэх л дутаад байх шиг байна. Тиймээс бөө удгадыг цэгцлэх цаг болжээ. Саяхан нэг мундаг бөө Центрпойнтын хавьцаа бусад бөө нарыг цуглуулаад нэг бүрчлэн шалгаж “Чи жинэхэнэ ориг бөө байна”, “Чи биш, хульхи нь байна” гэх зэргээр “”аттестатчилна” гэсэн сураг гарч байснаа чимээгүй болсон. Мэдээж, нэг ч бөө очоогүй байлгүй. Тэгээд ч бөө бөөгөө хумина гэж юу байх вэ. Энд төрөөс л оролцох хэрэгтэй байна. Иргэд ч хараал хийчих вий гэж айлгүй өөрийнх нь талаар худал чалчсан бөөг цагдаад өгчихмөөр байгаа юм.
    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүртэл УИХ-ын чуулган дээр бөөгийн талаар “Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ. Арга ядсан хүний энэ гуйлтыг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авсан, биелүүлэх эсэх нь харин тодорхойгүй байна. Бодвол бүгд л өөрсдийн гэсэн багш, бөөтөй болоод тэр биз. Угтай гэдгээ мэдчихээд авахаар бэлдэж байгаа нөхдүүд ч байж магадгүй юм шүү. С.Ламбаа сайдын хүсэлтийг биелүүлэхгүй цаарглаад байгаа болохоор нь л ингэж хардаж байгаа юм шүү.

    Х.Сайхан