Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • ТӨӨРӨГДӨЖ, ХУУРТАЖ, МУХАР СҮСЭГ, СОХОР ШҮТЛЭГТ ДАХИН АВТАГДЧИХГҮЙ ЮМСАН

    Наймдугаар Богдыг Монголын хаанд өргөмжлүүлж чадсан “гавъяа” Оросын дипломатуудад оноогддог. Тэд Монголын эх орончид, хувьсгалчдыг төвд лам, Богд гэгээнтэй бодлогоор холбож, тусгаар тогтнох хөдөлгөөн нь Богдын оролцоо, санаачилгын үр дүн, биелэл мэт болгож хаандаа, хожуу нь Зөвлөлт Засгийн Газарт танилцуулдаг, мэдээлдэг байв.

    Ингэх нь Оросын ашиг, сонирхолд нийцтэй байжээ. Монголыг “Бамбай улс” болгож ашиглахад тоглоомын Засгийн Газар, хүлцэнгүй ноомой хаан хэрэгтэй байснаас биш халуун эх орончид, идэвхтэй тэмцэгчид, Чингисийн алтан ургийн ноёд, хан нар ер хэрэггүй байсан нь тодорхой юм. Хэнд хэн хэрэгтэй байна түүнийгээ л дэмждэг нь хууль шүү дээ!
    Нэгдүгээр болон хоёрдугаар Богдын хувьд /тэд хоёулаа монгол хүмүүн/ Монголчуудын туурга тусгаарлахын төлөө оролдлого, тэмцэл дэмжигдэх нь тодорхой юм. Харин удаах зургаан төвд лам-Богд нарын хувьд тийм санаа, сэдэл байх, гарах шалтаг, шалтгаан, үзэл ухамсар үгүй байв. Манжийн төр доройтож мөхлөө ч гэсэн төвд лам нарын ашиг, сонирхолд хохиролтой зүйл гарахгүй ба Монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ч төвд нарт сонин биш байлаа. Харин Оросын дипломатуудын хувьд Монголчуудын туурга тусгаарлахын төлөө тэмцлийг Оросын хувьд л ашигтай байдлаар өрнүүлэх, уг хэрэгт Богд гэгээний нэр, нөлөөг сааруулагч хүн болгон хэрэглэх нь л чухал байжээ. Туурга тусгаарлахын төлөө хөдөлгөөн, тэмцэл нь нармай Монголын төлөө, Монгол угсаатнуудыг нэгтгэхийн төлөө хөдөлгөөн, тэмцэл болон өрнөх, өргөжихөөс Оросын төр засаг эмээж, Хятадын улс төрчид ч айж байсан нь үнэн болно.

    Богд гэгээний Монгол дахь дүрүүд нь Төвдийн эрх баригчдын хувьд тоглоомын “амьд бурхад”, утсан хүүхэлдэйнүүд, Монгол сүсэгтэнгүүдийг урхидах өгөөш байлаа. Жавзундамба хутагтын удаах шинэ дүрүүдийг нь Далай лам нар өөрсдийн ойр дотны хүмүүс, төрөл садны хүмүүсийн хүүхдүүдээс хүртэл тодруулж сэргэлэнтэж байв. Жишээ нь: дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг 1775-1814/ нь Далай ламын ахын хөвгүүн байжээ.
    Харин наймдугаар Богд Агваанлувсан /1870-1924/ бол Далай ламын нэг шадар түшмэлийн хүү юм. Түүнийг дөрвөн настайд нь 1874.онд Монголд залж халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Луйвар, булхайд гаршсан манай зарим дарга хөвгүүнээ Богд гэгээний 10-р дүрээр тодруулуулах гэж ил далд оролдсон нь дээрхтэй агаар нэгэн ажээ. XXI зууны өндөрлөгөөс, мөн хүний эрх, хүүхдийн эрхийн үүднээс хандах юм бол 3-5 настай балчир хөвгүүдийг /өөрөөс нь асуухгүйгээр, өөрт нь ямар ч сонголт үлдэхгүйгээр, хүчээр шахам/ хэн нэгэн нас барсан ламын хойд дүрээр тодруулж хувь заяаг нь шашины ашиг, сонирхлын тулд дур мэдэн шийдвэрлэх нь гэмт үйлдэл мөн юм. Хэрэв эцэг, эх нь гомдол мэдүүлж шүүхэд хандах аваас шүүхийн шийдвэр эцэг, эхийн талд гарах нь эргэлзээгүй.

    3-6 настайд нь хэн нэгний хойд дүрээр тодруулж сүм хийдийн мэдэлд шилжүүлсэн хөвгүүдийн ихэнхийн нь хувь заяа аюулд өртөж, балчирхан насандаа үхэж үрэгдэх нь олон байжээ.

    Богд Жавзундамбын хойд дүрээр Төвдөөс тодорч Монголд залж авч ирсэн сүүлчийн зургаан хүүхдийн хувь заяа ч өмнө хэлснийг нотолж байна. Баримт дурдая.
    1. Гуравдугаар Богд Ишдамбийням /1758-1773/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр 15 настайдаа өвчний учир нас баржээ.
    2. Дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг /1775-1814/ Лхаст төрж 7 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр Далай ламын ахын хөвгүүн байсан ба 39 настайдаа өвчнөөр нас баржээ.
    3. Тавдугаар Богд Цүлтэмжигмэд /1815-1841/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 26 настайдаа өвчнөөр нас баржээ. Зургадугаар Богд Лувсандамбийжанцан /1843-1849/ Төвдөд төрж 6 настайд нь монголд авч иржээ. Ширээнд суугаад 42 хоноод өвчнөөр нас баржээ.
    4.Долдугаар Богд Чойжваанчиг /1849-1868/ төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 19 настайдаа өвчнөөр нас баржээ. Түүнийг Жавзундамба хутагтын 51 дэх дүр гэж үздэг ажээ. Бие цогцос торниж, бэхжиж завдаагүй балчир хүүхдийг төвдийн өндөрлөгөөс огт өөр уур амьсгалтай Монголд авч ирээд хүнс хоол, ус унд, цаг агаарын ялгаа, зөрөөг үл тооцон сүм хийдийн олон хөлийн газар “хорьж” шахуу байлгах нь ихэнхдээ л муу үр дагавар үүдсэн нь энэ ажээ. Манжийн хааны хатуу зарлигийн дагуу Төвдөөс нэгэн хөвгүүнийг 5-7 настайд нь Монголд залж авч ирэх гэж маш олон хүн оролцож, маш их зардал, сүйтгэл гарч, тэр ажил заримдаа 15-19 сар үргэлж байжээ. Жишээ нь VI Богдыг залах үеэр замын хүнсэнд зориулж 2500 хонь тууварлан авч явжээ. Тэр хүүхдэд орон байр бэлдэж, Төвдөөс багш нар, оточ урьж, анх тодруулсан том лам нарт мөнгөн шагнал олгож, дагалдаж ирсэн хүмүүсийн буцах зардлыг ч бүрэн дааж байв. Жишээ нь VII Богдыг тодруулахад биечлэн оролцсон Далай лам, Банчэн эрдэнэ хоёрт 60 мянган лан цагаан мөнгө шагнажээ. Богдын шавийн аж ахуйг эрхэлдэг албаныхны зардал, сүйтгэл ч тун их байжээ. 1870 оны үесэд Богдын мэдлийн сангийн малын тоо 130 мянга гаруй, шавь нар нь 17 их отог болж байв.

    Богдын дүрүүдээр цовоо, сэргэлэн Монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан Монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ.

    Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тархсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл суртлын нөлөөнд атгагдчих аваас эцэстээ ямар үр дүн гардгийг Монголчууд бидний жишээнээс дэлхий харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад ба Төвдийн удирдлагын хувьд эерэг үзэгдэл, харин Монголчууд бидний хувьд онцын сөрөг үзэгдэл, гамшиг мөн байлаа.

    XIII, XIV, XV зууны туршид болон хожуу үед, мөн эдүгээ цагт ч гэсэн Монголчуудад, Монголын түүхэнд таагүй ханддаг, аль нэг хэмжээгээр хонзогнож ханддаг үзэгдэл байсаар иржээ. XIII, XIV, XV зууны үед ийм үзэгдэл хамгийн их өргөн, хүчтэй байсан нь ч үнэн юм. Манж, Төвд, Хятад, Орос, Солонгос, Япон гэх мэтийн орны зарим түүхч, зохиолч, нийтлэгч нар Монголчуудын цэрэг-дайны үйл ажиллагааг зориуд харлуулж, гуйвуулж, хонзогнох байр сууринаас цөөнгүй бүтээл туурвижээ.Энэ бол байдаг л үзэгдэл гардаг л үйлдэл юм. Үүнийг Монголчууд бид буруушаахаасаа өмнө ойлгож, тэвчээр гаргаж, хүлээцтэй хандаж өнгөрөөх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн түүхэн үйл явлуудад өнөөгийн бидний, мөн тэдний буруу гэж үгүй билээ. Дэлхий даяараа л түүхээс сургамж авч өнөөгийн хэрэг явдлаа зөвөөр үйлдэж байх учиртай. XIII, XIV, XV зууны хонзогногчдыг ч гэсэн ойлгож, тэвчиж хандах ёстой.
    Дэлхий дахины түүхэн дэх олон олон аян дайны субъектууд нүүдэлчид байсан, нүүдэлчид л таван тивийг эзэлж, суурьшиж, удаа дараа сандчааж, урт настай уламжлалт нийгмүүдийг мөхөөж, шинэ шинэ нөхцөл, байдлыг буй болгож, даяаршлыг эхлүүлж, өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсээр байсан нь үнэн билээ. Чухам тиймийн учир дэлхий дахины консерватистууд нүүдэлчдэд хэзээ, ямагт таагүй хандаж, бүр үзэн ядаж иржээ. Орон орны консерватистууд ил далд сүлбэлдэж, нэгдэж, нүүдэлчдийг аль болохоор л дарж, хавчиж, мохоож, цөөрүүлж, хооронд нь яс хаян дайтуулж хүч, эрчмийг сулруулж байв. Иймэрхүү үзэл санаа, үйл ажиллагааны нэгэн томоохон хохирогч бол ХVII-ХХ зууны үеийн Монгол, Монголчууд юм.

    Монголчуудыг номхон хүлцэнгүй болгох, тоог нь цөөрүүлэх, газар нутгийг нь хумих, цэрэг зэвсэггүй болгох, хооронд нь яс хаяж хагалах, бутаргах, оюун санааны амьдралыг нь шашинжуулах, мухар сүсэгт автуулах зэрэг хол явах хорлол ихтэй бодлогыг Манж, Хятад, Төвдийн удирдлага далдуур сүлбэлдэн хэрэгжүүлжээ.

    Монголчууд нэгдэх, хүчирхэгжих боломж, нөхцлийг аль болохоор үгүй хийж байх нь хөрш улсуудын хувьд төрийн хар хайрцагны бодлого хэвээрээ байгаа нь үнэн юм. Түүхэн их айдас тэднийг одоо ч түгшүүлдэг бололтой
    Монголчууд бид хөршүүдийн сэтгэл зүйг ойлгож, тэвчээртэй хандаж, мөнхүү түүхэн айдас хүйдсийг аль болохоор нимгэлэх, бүх нийтийн даяаршлын эрин үед Монголчууд зөвхөн энх тайвныг эрхэмлэгчид болсон чин үнэнийг сурталчилж байх нь чухал байна. Үүний зэрэгцээ хөршүүд маань шашныг ашиглаж биднийгээ дөнгөж чадсан тэр чөдөр, тушаанаас хүн амынхаа юун санааны ертөнцийг чөлөөлж авах нь тулгамдсан асуудал, хойшлуулшгүй зорилт болчихлоо. Энэ түүхэн үнэнийг, мөнхүү хорлолыг юмсын наад, цаад, ил далд, инаш алсуурх учир утга, үр дагаврыг ойлгохтойгоо болсон зиндаа, түвшний лам нар хүртэл ухаарч энэ хэрэгт хүчин зүтгэмээр байна. Лам залуус ч гэсэн Монгол эх орончид, Монголоо гэх халуун сэтгэлтэн, үнэнийг дээдэлдэг оюунтан, зөв үйлстэн шүү дээ. Тэд өнөөдөр аав ээжээ, ах эгчээ, дүү нараа мухар сүсэгтэн, сохор шүтлэгтэн бүү болчихоосой гэж зовних ухаан, сэхээтэй л баймаар даа. Миний ард түмэн шашны үл биелэх хуурамчлалд дахин давтан бүү хууртаасай гэж бодмоор доо. Дэлхий даяарт аливаа бүхнийг шашин биш шинжлэх ухаан л шийдвэрлэж, цар тахлыг ч шинжлэх ухаан л хазаарлаж, зогсоож чадаж байгаа шүү дээ.
    Төвдийн ч тэр, Монголын тэр том лам нар, Далай лам, Банчин Богд, Жавзундамба хутагт, хувилгаадад өнгөрсний талаарх юухэн үнэн, өнөөгийн талаарх зөв ойлголт, мэдээлэл, ирээдүйн талаарх үнэн, оновчтой төсөөлөл, таамаглал байгаагүй болох нь одоо нэгэнт тодорхой болчихлоо.

    Тэднийг ердөө л худал дуулиантуулан магтаж, алдаршуулж, тахиж шүтүүлдэг байж шүү дээ. Энэнийг өнөөдөр хүн төрөлхтний мэдлэг, боловсролтой хэсэг нь таньж мэдчихээд байна.

    Цааш цаашдаа аливаа луйвар, булхай, заль, мэх, бүх төрлийн хуурамчлал ямар ч ирээдүйгүй, үнэнд дорхноо л гүйцэгддэг, илчлэгдэж шившгээ хутгадаг болох нь ч тодорхой танигдаж, тогтоогдчихоод байгаа билээ. Шашин болон бүх төрөл, хэлбэрийн хоосон суртал яаж ч шинэчлэгдээд нэмэргүй, нийгмийн амьдралаас шахан зайлуулагдах нигууртай.
    Эцэст нь анхааруулж хэлэхэд “Монголчууд бид чинь улс төр-эдийн засгийн хувьд Манж-хятадад колончлогдож, харин оюун санаа-эдийн засгийн хувьд Төвдөд колончлогдож байсан юм гэж адилтган, дүрслэн хэлж болохоор амьдрал, оршихуйг туулсан юм” гэдгийг мартаж огт болохгүй. Худал, хуурмаг, амьдралд хэрэгжих бололцоогүй үзэл сурталд /шашин, марксизм-ленинзм г.м/ хөтлөгдөх нь оюун санааны амьдралын колончлолд байна гэсэн үг юм. Шашин сурталд хэт автагдсанаар оюун санааны төөрөгдөлд ч ордог, дагалдаад эдийн засгийн мөлжлөгт ч автагддаг нь нэгэн жам хууль ажээ.
    Шашны ховсдол, төөрөгдөлд автсан ард түмэн улам л уруудаж, доройтсоор мөхөл, сүйрэлд ордог нь түүхээс үлдсэн баримт, мартаж боломгүй сургамж юм.
    Манж нар, төвдүүд, мөн хятад түшмэдүүд хоорондоо сүлбэлдэн тохиролцоод шарын шашныг Монголын бүх нутаг газарт бодлогоор хүчлэн дэлгэрүүлээд зогссонгүй ном эрдэмтэй гэгдэж шүтэгдсэн төвд лам нарын хойд дүрүүдийг тодруулж Монгол дахь томоохон сүм, хийдүүдийг байнгын амьд бурхад, хутагт, хувилгаадтай болгож чаджээ. Хойд дүрээр тодорсон балчир насны хөвгүүд сүсэгтэн олны өргөл барьцыг аваад хариуд нь гараар болон хонхны очир, судар тэргүүтнээр адис хүртээж сууж байх болжээ. Чингэснээр жасуудын хөрөнгө байнгад л нэмэгдэж, лам нар ч малчин ардуудаар тэжээлгэн төвд ном цээжлэн сууцгааж байх болсон түүхтэй. Жирийн нэгэн балчир хүүхдийн гараас адис авах нь хэр их учир, утгатай байх билээ. Харамсалтай нь иймэрхүү нөхцөл, байдал эргээд давтагдах төлөвтэй болчихлоо. Хоёрдохоо, тэр тусмаа XXI зуунд, дахин давтан хууртах хэрэг байгаа гэж үү?…

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ИНГЭЖ БҮРДҮҮЛЖЭЭ

     

    Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл буулгаж, оронд нь З.Бат-Отгон гэгч эмэгтэйг сонгохоор болжээ. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө “Эмэгтэй Чингис” хэмээн нэрлэж чадах тийм зоримог, өргөн мэдлэгтэй нэгэн учраас тэр гэнэ. Лав нэг удаа “Мандухай бол эмэгтэй Чингис” хэмээн хэлж сууна лээ. Тэгэхээр тэр маргааш “З.Бат-Отгон би вээр эмэгтэй Чингис мөн билээ” хэмээн хэлж чадна. Ингэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш З.Бат-Отгон болой. Гэхдээ З.Бат-Отгонд нэг том өрсөлдөгч бий. Тэр нь зохиолч Н.Нагаанбуу. Тэрээр Чингисийн төрсөн өдрийг тогтоож, бараг би төрсөн хүүхэд нь гэж хэлэхээ шахсан. Үүнээс нь харвал Н.Нагаанбууд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан болох хүсэл байх нь дамжиггүй. Тэгэхээр энэ хоёр эрхэм “тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил Монголд хоёр хаан байх учиргүй” хэмээн хэн нэгнийгээ хөнөөж магадгүй. Эсвэл шинэ цагийн ёсоор өрсөлдөж болох юм. Гэхдээ л сонгуульдаж энэ тэр болж, мөнгө гарздахгүй, шууд нэгнийхээ нурууг хугалаад хаячихна биз дээ. Магадгүй, томоохон тохироо хийж, нэг нь Ерөнхийлөгчөөр үлдэж нөгөө нь Засгийн газарт дээгүүр морилох магадлал бий.
    Эх сурвалжийн хэлж байгаагаар хамгийн маргаантай салбар нь эрүүл мэнд. Тиймээс Эрүүл мэндийн сайдад бараг л монголын өрх бүрээс нэг хүн өрсөлдөж буй бололтой. Яагаад гэхээр бүгд л хүн анагаадаг, босгодог ид шидтэнгүүд учраас энэ салбарынхаа сайдыг өөр зарчмаар тодруулах юм гэсэн.
    Харин мань фортуна Н.Батбаяр “би ч гэсэн ид шидтэй, тэнгэрийн амьтан. Тэгэхээр энэ засагт би хэрэгтэй” хэмээн дайрч байгаа аж. Гэтэл цаадуул нь энэ Н.Батбаяр ханаж цадтлаа идэж уусан. Яасан хахаж үхдэггүй дурак вэ. Сүүлдээ бүр биднийхээ нэрийг бариад хүртэл идэж уудаг болжээ. Яасан ч чамайг засгийн хаалгаар шагайлгахгүй. Харин Төрийн ордны хамгаалалтын албаны даргаар үлдвэл үлд, эс чадвал зайл гэсэн аж. Нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн шинэхэн сайдаар томилогдоод байгаа “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл “Яахав, хөөрхий сайд байсан хүнийг ядахад яаманд жолоочоор боловч үлдээж болохгүй юу” гэхэд Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч П.Давааням “ийм зүйл ярих юм бол чи өөрөө манай засгаас зайлаарай. Наад фортунаг чинь шоронд хийхгүй үлдээж байгаа нь их юм шүү” хэмээн заналхийлсэн байх юм. Ерөөсөө энэ шинээр байгуулагдах Засгийн газарт найдах нь зөв хэмээн хүмүүс үзэж байна. Өдгөөгийн Засгийн газарт мөнгө тогтоодог, далладаг нэг ч сайд байхгүй, бүгд өөрсдөө идэж ууна. Энэ Засгийн газарт өвчин анагаадаг нэг ч сайд байхгүй. Тэгээд сүнс судалдаг, хорт хавдар эдгээдэг, сүнстэй ярилцдаг ямар сайд хаана байгаа юм. Тэгэхээр л ард түмэн шинээр байгуулагдаж буй Засгийн газарт итгэсэн хэрэг. Ингээд шинэ Ерөнхийлөгч болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Тэдний ирүүлсэн мэдээллийн дагуу шүү дээ. Хараахан өдгөө зарим сайдаа тодруулж чадаагүй бололтой юм. Өдгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд арваад сайдын нэрсийг тодруулчихсан байна лээ.
    1.Монгол Улсын Ерөнхийлөгч-З.Бат-Отгон /Хас гурвалжин ТББ-ын тэргүүн/
    2.Ерөнхий сайд- П.Давааням /Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч/
    3.Шадар сайд-Н.Нагаанбуу /түүхч зохиолч/
    4.Эдийн засгийн хөгжлийн сайд- Г.Оюунгэрэл /Орифлэймийн/
    5.Сангийн сайд-Б.Сарандаваа /Монгол аура төвийн тэргүүн/
    6.Соёл спорт аялал жуулчлалын сайд- Ш.Сүхбат /Голомт төвийн тэргүүн/
    7.Боловсрол шинжлэх ухааны сайд-Д.Одгэрэл /Сүнс судлаач, зураач/
    8.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд- Д.Бямбадорж /Төрийн зайран/
    9.Хууль зүйн сайд- Г. Өлзийхутаг /Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран/

    С. Баяр

  • Олон шашин нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлдөг үү

    Христ лал, буддизм, хинди гээд шашин, шүтлэгийн эрх чөлөөт манай нийгэмд эдгээр шашины урсгал чөлөөтэй нэвтэрдэг. Гэхдээ тэдний сайн ба муу талыг төдийлөн сөхдөггүй. Тиймдээ ч гудамжны орон гэргүйчүүд тэдгээр сүм, хийдэд ихэвчлэн орж, гарч байдаг.
    Мэдээж ядуу буурай орны иргэдэд дэмжлэг үзүүлэхүйц сайн тал нь энэ байж болох юм. Эсрэгээрээ нийгмийн үзэлд асар сөрөг үзэгдэл дагуулдаг тухай Их Британийн нэгэн хэвлэлд онцлон бичжээ. Ингэхдээ манай улсаас жишээ авсан байх юм.
    Тухайлбал, номлогчдын клуб гэгддэг нормоны үзэлтнүүдийн тухай дэлгэрүүлэн бичжээ. Нормон гэдэг нь үндсэндээ христийн цэвэр шүтлэг биш аж. Учир нь нормоны үзэл нь Есүсийг амьд байсан онолд дулднйдвал, түүнийг дагагчдын нэгийг шүтэх үзэл гэнэ.
    Юу гэхээр, Есүс христийн цэвэр номлолоор даган дууриагч үзлээ хэрэгжүүлдэггүй гэгддэг аж. Христийг нэг дагалдагчийг хэт шүтсэн буюу түүнээс үлгэрлэн дууриах үзлийн хамгийн том жишээ аж. “Сандэй Миррор”-т онцолсноор бол Азид нормоны үзэл дэлгэрэх хандлага өндөр байдаг аж.
    Японд сүүлийн 30 гаруй жил нормоны үзлээр амьсгалагсад баян, тансаг амьдардаг гэх судалгаа бий. Харамсаптай нь учир битүүлэг үхэл, ер бусын нэг хэв загварын амиа хорлолтын дараа тус улсын хуулийнхан энэ шашныг мөрдөж эхэлжээ. Гэтэл нормоны урсгалд хэт итгэгсэд шинээр элсэгчиддээ маш их урамшуулал олгосны дараа тэдний амь насаар шан харамжаа буцаан авдаг байжээ.
    Үүнийг Японы прокурорын байгууллага баримттай дэлгэж, уг шашны удирдагчдыг хуулийн хариуцлагад татсан байдаг.
    Үүнээс хойш Токио, Саппоро зэрэг томоохон хотуудад нормоны үзлээс татгалзахыг уриалсан хууль баталжээ. Дэлхийн ихэнх улсад аливаа шашныг шахан гадуурхах үзэл байдаггүй учраас нэг мөсөн хориглох шийдвэр тэр бүр гардаггүй. Харин мусульманы хэт даврагсад болон лал, хиндичүүд энэ байдлыг тэвчдэггүй.
    Өөрөөр хэлбэл, Арабын орнуудад лалаас өөр шашин давамгайлсан он цагийн хэлхээс аль 5000 жилийн өмнөөс л байгаагүй. Үүнээс үзэхэд Их Британийн сонинд өгүүлснээр манай улсад нормоны чимээгүй дайралт нүүрлэхэд хэт ойртсон байгаа юм.
    Энэ нь нийгэмд шууд механик үйлдлээр тодрохгүй ч оюун санааны тахлаар илэрдэг гэдгийг шашин судлаачид баталжээ. Тиймээс нормоны шашин Монголын нийгэмд аюултай гэдэгт эргэлзэх хэрэггүй аж.
    ЭНД ТЭНДГҮЙ СҮМ, ШАШНЫ БАРИЛГУУД СҮНДЭРЛЭХ БОЛОВ
    Улаанбаатарт олон зовлон бий. Түүний нэг газрын маргаан. Захиргааны хэргийн шүүхэд энэ төрлийн гомдлын мөр хөөсөн шүүх хуралдаан өдөр бүр л болж байдаг.
    Үүний үрээр газар олгогчид болон шийдвэр гаргагчдын луйвраар томчууд бүгд хөлжиж амжсан. Гэтэл “Чоно борооноор” гэдгийн үлгэрээр нийслэлийн “А” зэрэглэлд байршилтай хэд, хэдэн шашны тодотголтой барилга байдаг. Дээр, дооргүй үнэ, мөнгө ил тод хаяад ч хотын төвийн “А” зэрэглэлийн бүст газар олж авна гэдэг хэцүү.
    Харин шашныхан бол чадаад байна. Тэд сайн үйлс, хүмүүнлэгийн зорилгоор олон тооны байршил сайтай обеькт нийслэлийн энд, тэндгүй бариад авчихсан. Харин тэднийг яг зорилгынхоо шугамаар үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байсан удаагүй.
    Мөн шашны барилга, байгууламжтай холбоотой шүүх хурлын сураг ойрын хэдэн жилдээ л дуулдаагүй. Үүнээс үзэхэд харийн шашин дэлгэрүүлэгсэд нутаг дэвсгэрийн төлөө “дайтдаг” улаанбаатарчуудаас хол байдаг аж. Үнэхээр тэднийг шалгаад үзэхэд буруудахгүй болов уу.
    Христийн цуглаан, хиндичүүдийн мөргөл, лалын залбирал гээд үндэстний буддист соёлоо хольж хутгасаар буй монголчуудад шашны үзэл хэт зөөлдөөд байдаг нь оргүй зүйл биш мэт. Түүнчлэн, Монгол Улсын төр, сүм, хийдийн харилцааны
    тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийн 8-д зааснаар “Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэжээ.
    Харин тоо, тоймгүй баригдаж, толгой дараалан нэмэгдэж буй сүм хийд, лам санваартныг нарийн хянах хэрэгтэй мэт.
    СҮМИЙН ХАНДИВ НЭРЭЭР ОРЛОГО ОЛОГСОД
    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ямар ч христийн сүмд хандив цуглуулдаг гэвэл хилсдэхгүй. Долоо хоног бүр цуглаан зохион байгуулсны дараа хандивын “сав” аялуулж үүндээ хүссэн мөнгөө хийхийг санал болгодог.
    Гэхдээ шинэ гишүүдээс л “мөнгө хураадаг”. Долоо хоногт болж байгаа цуглаан бүрийн дараа хандивын “сав” аялсаар байдаг. Харин олсон мөнгөөр сүмийн санхүүжилт, бусад асуудлаа шийддэг аж. Гэтэл эдгээр шашны байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах болон хандив зэрэг асуудлаар ярилцдаг болов уу.
    МОНГОЛД ШАШИН ТҮРГЭН ДЭЛГЭРЧЭЭ
    Манай улс 2010 оны хүн ам, улсын тооллогод шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь монголчуудын шашин шүтлэгтэй иргэдийн тоог нарийн гаргах боломж гарч ирсэн байдаг. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа байдаг аж.
    Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн аж.
    Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд гэнэтийн эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд буюу 1994 онд Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулан социологийн судалгааг анх хийжээ.
    Уг судалгааны асуултыг шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт зарим асуулттайгаар 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлд хийгдсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.
    Хэдийгээр Хүн ам, орон сууцны тооллогод шашины талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх хоёр судалгааны дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байгаа аж. 2003 оны байдлаар шашин шүтдэггүй иргэд 77.8, харин шүтлэгтэй иргэд 22.9 хувийг бүрдүүлж байжээ.
    Тэгвэл 2010 оны сүүлчээр хийсэн судалгаанд шашин шүтэгчид 38.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тоон үүднээс авч үзвэл харьцангуй бага тоо мэт боловч, нийгмийн хамааралд эрчимтэй өсч буй шашин, шүтлэгийн “масс”-ыг олж харж болно. Харин шашин хүчтэй дэлгэрч буй уг байдалд болгоомжтой хийгээд бодлоготой алхам барих нь нийгмийн оюун санааны “мөргөлдөөн”-өөс сэргийлдэг аж.
    Т.Батсугар

  • ШАШИН, СҮМ ХИЙДИЙН НӨЛӨӨ, АЧ ХОЛБОГДОЛД ХҮМҮҮС ЭРГЭЛЗЭХ НЬ ИХЭСЧЭЭ

    Тэд уг нь яг л бидний адил хүмүүс. Тэд бидэнтэй адилхан аргаар бүрэлдэж, төрж, өсөж, өвдөж, бас нас бардаг юм. Харин энэ бүх үйлдлийг тэдний хувьд ихэд хүндэтгэлтэйгээр, огт өөр үйлдэл мэтээр нэрлэдэг онцлогтой. Жишээ нь нэгэн том шашны тэргүүн нас барсан бол “Гэгээнтэн дүрст лагшингаа номын агаарт хураалаа” гэх жишээтэй. Нярай хүүхдээс эхлээд 80 хүрсэн өвгөнд тусаж л байдаг бүх халдварт өвчин тэдэнд ч мөн тусдаг. Заримын нь олгой үрэвсэж мэс заслаар эмчлүүлдэг. Зарим нь буруутаж орон шоронд хоригдсоор ердийн ялтны адил тэнд эцэслэх нь ч бий. Тэд яг л жирийн хүний адилаар “нэг арьсан дотор долоо турж, найм таргалдаг”.

    Гэтэл хүмүүс тэднийг бурханчлан үзэж, өмнө нь өвдөг сөгдөж, адис авч, тэднээс ивээж өршөөл горилж, энэ насанд жаргуулж, хойт насанд диваажинд төрүүлж өгөхийг гуйдаг. Ийм гуйлт, хүсэлтийг хэдэн сая, хэдэн зуун сая хүн гарган хэлж үнэтэй бүхнээ өргөн барьдаг боловч тэр олон зуун сая хүн бусдынхаа л адил хувь тавиланг эдэлсээр хорвоог орхидог…

    Өмнө дурдагдсан бүлэг хүмүүсийн эхнийх нь дээд төрөлтөн, тэнгэрийн хөвүүд гэгдэх хаад, тэдний үр хойчис юм.
    Хоёрдох бүлэг нь амьд бурхад гэгдэх гэгээнтнүүд, папууд, хутагт хувилгаад, ид шидийг олсон гэгдэх эрдэмт лам нар болно. Зарим оронд бөө удган нар, гарамгай жанжид, язгууртан сурвалжтан ихэс дээдэс ч мөн иймэрдүү хүмүүсийн бүлгийг үүсгэдэг. Бид энд зөвхөн шашин, шашны томчууд, тэдний сургаал, номлолын талаар л цааш нь авч үзнэ.

    Шашныг, түүний сургаал, номлолыг, сүм хийдүүдийг, бурхдын дүрс, “ид шидийг”, дээд тэнгэрт тэдний залардаг диваажин мэтийг яг үнэндээ бол хүмүүс өөрсдөө л зохиомжлон бүтээжээ. Аль ч шашны сургаал, номлолыг агуулж буй мэдлэг, мэдээллийн нь талаас нягтлан үзэх аваас бүгд л анх зохиомжлогдсон түүхэн тэр цаг үеийнхээ мэнгэ толбо, тамга тэмдэг, шинж байдал бүхий байдаг. Энэ нь тэдгээрийг бүхнийг зөв мэдэгч бурхад дээрээс айлдсан биш харин мэдлэг нь мөнхүү цаг үеийнхээ түвшнээр хязгаарлагдсан хэн нэгэн хүн л зохиосон болохыг шууд, баттай гэрчилдэг. Жишээ нь хэрвээ Христос шашны гол судрууд яг өнөөдөр зохиогдсон бол бурхан бүхнийг 6000 жилийн өмнө ч юмуу, 6 өдрийн дотор ч юмуу бүтээж буй болгосон мэтээр хэтэрхий наана хэлж алдаа гаргахгүй нь лавтай юм. Шашин бүрийн судар, сургаал яг л зохиомжлогдсон үеийнхээ л мэдлэг, танин мэдэхүйн түвшинд нийцсэн байдаг. Тэгэхдээ хожуу үүссэн нь өмнөхөөсөө ямагт илүү их боловсронгуй, мэдлэг, танин мэдэхүйн түвшинд нь ч илүү их дээгүүр гэж яг таг баталж бас болохооргүй билээ…

    Шашны нэн эртний, бүдүүлэгдүү хэлбэр болох бөө мөргөл нь хүн төрөлхтний итгэл, бишрэлийн анхны шинж болох нас барсан ахмад үе, аав, ээж, овгийн ахлагч нарынхаа сүнстэй холбоо тогтоох, лус савдагтай ярилцах, тэнгэрээс асуух мэтийн эгзэгтэй, бишрэхүйц зан үйл, үйлдлүүдэд суурилсан байдаг. Тиймээс ч бөө мөргөл нь нэн удаан оршин тогтнож байв. Тэр ч бүү хэл аль ямар ч шашны үүдэж, зуршуулсан сэтгэлзүйн хөрсөн дээр дахин сэргэж эхлэх чадвар бөө мөргөлд байдаг ажээ. Сүсэг бишрэл бүхий хүмүүс олноороо аж төрдөг тэр орчинд ямар ч шашин нэвтрэн орох, дэлгэрэх чадавхтай болох нь бидний үед ч харагдаж, тааралдсаар байна.
    Шашны бүх төрөл, хэлбэр нь хүмүүсээс өөрсдөөс нь нэн их хүчирхэг, юуг ч бүтээх ид шидтэй, хүний хувь заяаг яаж ч өөрчилж, залуурдаж чадах, өгье гэвэл хүмүүст юуг ч өгч чадах мөнхийн, далдын хүчний эзэд-бурхдыг сурталчилж, ер бусын дүрийг нь бүтээн харуулж, ид шидийг нь магтаж, ивээлд нь багтахыг ухуулж, тэднийг урьж залсан, тэдний айлдсан гэх ном, судрыг уншин хурал хурж, тэдгээрт сүсэглэх, ивээлд нь багтахыг хүсэмжлэгч хүмүүсийн тоог аль болохоор олон болгохыг хичээж иржээ. Өөрийн шашны нөлөө, хүрээг өргөтгөх нь лам, сүм хийдүүдэд нэн их ашиг, баялаг авч ирдэг. Иймээс шашин бүхэн нь бурхдын нэрийн өмнөөс өглөг, барьц авч өөрсдийн үзэмжээр зарцуулан аж төрж байдаг томоохон бүлэг хүнийг улс орон нэг бүрд буй болгожээ. Жишээ нь дэлхийн хүн амын 50 хувь нь шүтдэг шашин байлаа гэхэд хэдэн тэрбум сүсэгтэн олноос цуглуулан авсан өглөг, барьц мөнхүү шашны лам нар, ихэс дээдэст олон зуун сая хүн амтай улс орны эзэн хаанаас ч илүү ихээр тансаглан амьдрах боломж олгож чадах нь тодорхой юм. Чингэж шашин бүхэн сахил санваартан гэгдэх бүлэг хүмүүсийн элбэг хангалуун амьдрах нэгэн сонгодог арга, хэлбэр болсоор удаж байна. Тухайн улс орны хүн амын ухамсар, боловсролын дундаж түвшин хичнээн л нам, доогуур байвал тэдний дунд байх сүсэгтний тоо төчнөөн өндөр, эзлэх хувийн жин нь үнэмлэхүй их байдаг.

    Шашны томчууд нь нийгэм дэх дээд давхраа, бүр хаад, язгууртнуудтай байнгад өрсөлдөж, хаан ба их хамба нарын суудал зэрэгцэж, эн тэнцүү тансаг байдлаар засагдаж байх ёстой хэмээн үзэх, үнэлэх болсон байна.

    Олон олон оронд шашны тэргүүний залрах сүм хийдүүд нь эзэн хааныхаа орд өргөөгөөс ч илүү их сүрлэг, тансаг баригдаж чимэглэгдэх болжээ.
    Сүм хийдүүд нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын бүх хэлбэрийг ашиглаж өөрийгөө сүр хүч төгөлдөр болгон дөвийлгөж харуулсаар байдаг. Уран барилга, уран зураг, баримал, дуу хөгжим, гоёмсог хувцас, гял цал болсон өнгө, засал бүгд сүм хийдүүдэд үйлчилж тэдний зорилгыг хангаж, шашны нэр төрийг өндөрт өргөхөд тусалж байв.
    Ганцаар эзэрхэх, хуваарьгүй ноёрхох, сүсэгтэн олны өглөг, барьцыг бусадтай үл хуваалцах үүднээс зарим шашин өрсөлдөгчөө намнаж, устгаж ч байжээ. Шашин хоорондын тэмцлээс болж олон сая хүний амь, нас хохирчээ. Хүмүүс шашинд итгэж, сүсэглэж, дээдлэн тахиж, эд баялгаа өглөг болгон барьж, өршөөлдөө багтаахыг гуйн сөгдөж, мөргөж ирснээс биш тухайн шашин суртлын хэр зэрэг үнэн болохыг нь шалгаж, нягталж байж шүтэх, дээдлэх санаа ер агуулж байсангүй. Эцэг, эх нь эргэн тойрныхон нь бүгд л айдаг, сүсэглэдэг, мөргөж сөгддөг, нүглээ наманчилж, өршөөл, ивээл хүсдэг болохоор хүүхэд, залуус ямар ч сонголтгүйгээр, ямар ч шүүмжил үгүйгээр мөнхүү шашныг шүтэж, жилээс жилд улам л гүнзгий сүсэгтэн болсоор иржээ.

    Хаан, хаант төр шашныг улстөрийн сонирхолдоо ашиглах болсноор тэд холбоотон болж итгүүлэх болон дарангуйлах аргаар ард олныг ноёрхож, мөлжиж, дуулгавартай сүрэг болгон засагласаар байв. Олон эзэнт гүрэн ноёрхлоо тогтоох, бэхжүүлэх, бусад ард түмнийг номхон, хүлцэнгүй болгох хэрэгт шашныг амжилттай ашигласан жишээ мөн олон юм. Бүүдгэрч, мартагдаж амжаагүй байгаа жишээ гэвэл Манж Чин улсын хаадаас буддын шашныг овжноор ашиглаж Монголчуудын төрөлх гэхээр дайчин чанар, эрх чөлөөг дээдлэгч шинжийг нь бууруулж, мохоож чадсан баримт болно.
    Төвдийн дээд лам нар түүхэн тэр цаг үед шашны нөлөө, хүчийг ашиглан гадаад байдлаа бэхжүүлэх, бусад орны цэрэг зэвсгийн ивээлд багтах, шашны нэр, нөлөөг ашиглан орлого олох, баялаг хуримтлуулах, буддын шашны дэлхийн хэмжээний төв болж орон гүрэн бүрээс эргэл мөргөл хийгчдийг татах, ийм замаар өргөл, барьцад дагнан суурилсан амьдрах аргад шилжихийг санаархаж, түүнээ оролдлого болгон хувиргаад байжээ.
    Өмнө зүгээс дэлгэрэн тархсан бурхны шашинд машид гүн автсан Төвдийн онцлог гэвээс шашинжсан төр нь төрийн цэрэг-дайн, батлан хамгаалах хэргийг хөтлөх тухайд ихэд мөхөсдөхийн учир дээд ихэс лам нар нь ойр зэргэлдээ орших хүчирхэг, идэрмэг улсын хаад, ноёдыг бурхны шашинд оруулж багш, шавийн холбоо тогтоон улмаар мөнхүү хаадаар Төвдийн гадаад байдлыг түвшитгүүлэн байх болсон өвөрмэц арга, хандлага болно. Төвдийн эл байдлын учрыг сайтар ойлгож ихэс лам нарын нь нөлөөг хөндлөнгөөс дам, давхар ашиглагчид ч бас гарч ирсэн нь Хятад болон Манжийн хаад билээ.

    XVI зуунд Төвдийн лам нар ба Монголын хан нарын хооронд багш шавийн өргөн холбоо тогтож Төвдийн шашны тэргүүнд Монголын тал “Далай лам” цол олгож, харин Хамгийг мэдэгч Далай ламтан Монголын хан нар, ноёдод зүсэн бүрийн цолыг баруун, зүүнгүй шагнаж, хариуд нь Монголын ихээхэн үнэт эрдэнэсийг бэлэг болгон хаман авсаар байжээ.

    Зүсэн бүрийн цол, өөр өөр хямд материалаар хийсэн “ид шидтэй” гэгдэх янз, янзын бурхдын дүрс, хөрөг, шашны зан үйлд зориулагдсан хонх, дамар, хадаг, хөгжмийн зэмсэг, элдэв ном, судар зэргээр монголчуудын олж хураасан алт, мөнгө, үнэт үс, урлагийн ховор нандин бүтээлүүд, монголын гар урчуудын үйлдсэн чамин нандин хийц бүхий эмээл, хазаар, ээмэг, бөгж, аяга, хувцас, нөмрөг, ер бүх л үнэтэй бүхэн солигдож дуусах шахжээ. Дүнд нь Төвдийн том лам нар хагартлаа баяжиж, харин Монголын тал ядуурч, дээр нь мухар сүсэг, бурхны шашинд толгойгоо мэдүүлж арчаагаа алдан хохирч хоцорсон байна. Бурхны шашинд дээр, дооргүй автсан Монголчууд хэрхэн яаж төөрөлдөж, номхон, хүлцэнгүй болж буйг олж харсан, гайхширсан Хятад, Манжийн хаадууд Төвдийн богдуудтай (Далай лам, Банчин Эрдэнэ) нууц, сэм хуйвалдаж, тэднийг ашиглан Монголыг эзлэн авах, мөлжих арга, төлөвлөгөө шамдан боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. Хамгийг мэдэгч Далай лам гэгдсэн Содномжамц, Ёндонжамц, Лувсанжамц нарын үед ийм бодлого, төлөвлөгөө ихээхэн хурдан өртөөлөн хэрэгжиж, ялангуяа Манжийн Эеэр засагч хаан, Энх-Амгалан хааны үед дээд цэгдээ хүрч олон олон хүн ардыг Манж Чин улсын төрийн жолоон дор оруулжээ. Монгол эрчүүд өмнө нь толгой дараалан эрэлхэг дайчид байсан бол мөнхүү бодлгод автаснаар бараг толгой дараалан нүцгэн толгойтой шалдан лам нар, банди нар болж хувирсан байна.
    Бурханы шашин сурталд ховсдуулан автаж, мансуурч, төөрөлдөж, дээр нь бас элдэв цол, хэргэм, зэргийн хойноос уралдан хөөцөлдөж үнэтэй бүхнээ Төвдийн богдост өргөн барьж “ихэрхэх хийрхэлд” автаад байсан Монголын хан нар, ноёд “томрох”-ын хэрээр эв эвдэрч, харилцан мөчөөрхөж, ёс хууль зөрчиж, Чингис хааны үг, сургаалыг умартан цадигаа алдаж доройтжээ. Эцэст нь эзэнгүй болсон, тарж бутарсан Монгол орон бусдын идэш болж, дэлгэсэн дээвэр шиг том байсан газар нутаг нь тал талаасаа, өм цөм идэгдсээр XX зууны дунд хэр гэхэд дэлгэсэн тэрлэг шиг жижгэрч хоцорсон билээ…

    Харийн цэрэг, дайчид довтлон орж ирэх бүрийд Монгол лам нар хариулга, даруулгын ном уншицгааж, дайсны сүр хүчийг гүрэм, тарнийн ид шидээр бууруулах, доройтуулахыг оролддог авч тэр нь үр дүнд хүрсэн тохиолдол нэгээхэн ч үгүй билээ. Манж, Хятадын цэргийн дарга нар энэхүү үнэн арчаагүй байдлыг хараад гайхширч, доог тохуу хийж, Монгол эрчүүд ингэж мунхарч доройтсонд нь баярлацгааж, шарын шашны том толгой лам нарт далдуур бэлэг өгч, өргөл барьц өргөж тарааж байх болжээ.
    Монголын ард түмний улстөрийн заяа, цэрэг-дайны хэрэгт бурхны шашны өргөн, түргэн дэлгэрэлт хэрхэн яаж сөрөг нөлөө, муу үр дагавар авч ирснийг Монголчууд бид өнөөдөр ч гэсэн зохих хэмжээнд нь ойлгож, ухаарч чадаагүй байгаа болно. Нэн ялангуяа бурхны шашин, түүний богдос нарыг Хятад, Манжийн хаад хэрхэн, яаж, овжин, зальжин ашиглаж зорилго, эрмэлзлээ гүйцэлдүүлж байсныг түүхэн баримтуудаар нотлон үзүүлэх ажил өнгөрсөн хугацаанд элдэв шалтаг, шалтгаанаар тун хангалтгүй хийгджээ. Түүх хойшид ч давтагдаж болох учир бид өнгөрснийг сайтар ойлгож, таних учиртай.
    Далай лам хийгээд богдсын асуудал дахиад хэдэн ч зууны туршид яригдаж болзошгүй тул энэ асуудалд улстөрийн өнцгөөс, шашны үүднээс, мөн хүмүүнлэгийн талаас, хүний эрхийн үүднээс няхуур хандаж сайтар судалж таних шаардлагатай байна. “Нэг мэхэнд олон өвдөг шороодох” аваас Монголчуудыг ухаалаг, оюунлаг, улстөрийн нарийн мэдрэмжтэй ард түмэн гэж, “тэнгэрлэг заяатан” гэж хэн ч үнэлэхгүй бизээ…

    Бурхны шашиныг Монголд дэлгэрүүлснээр Төвдийн богдос Монголчуудын цэргийг тарааж, зэвсгийг хурааж, сэтгэлийг номхотгож, аливаад хүлцэнгүй хүмүүс болгон хувиргажээ. Ингэснээр Монголчуудын талаас Төвдөд түрэмгийлэх аюул бүрэн зайлуулагдаж хоёр улс холбоотон болсон байна. Шашин суртлын улмаас өглөг, буяны хэлбэрээр ихээхэн баялаг, үнэт зүйлс Төвдрүү урсах болж энэ нь цэрэг-дайны зориулалтаар зарж болох байсан хуримтлалыг үндсэндээ үгүй хийжээ. Чингэж төвдүүд санаатай, санаагүй аль нь ч байсан гэсэн ялгаагүй эцсийн дүндээ монголчуудын зэвсгийг хураалгаж, мөн хөрөнгийг нь ч бас хураажээ.
    Харин тэр цагийн хятадууд төвдүүдэд хууртаагүй ажээ. Хятадуудыг шашин сурталдаа хаман оруулж шавь болгож чадсансан бол төвдүүд ёстой айх аюулгүй болж хамаг амьтны тусын тулд хурал хурж, залбиран, бясалган, бүрээ бишгүүрийн дуунд бүүвэйлэгдэн байж болох байв… Гэвч хэрэг явдал огт өөрөөр эргэжээ. Хятадуудыг гол өрсөлдөгч, бүр дайснаа хэмээн үзэж дадсан Монголчууд манж нарын хувьд алдаж тооцоолж Монголчуудын зүгээс нүүрлэх аюулыг голчлон анхаарч ирсэн төвдүүд ч мөн онож таагаагүй байна. Манж нар гэнэт шахам хүчирхэгжиж, дээр нь бас улстөр, цэрэг-дайны мэргэн ухаан гаргаж Өвөр Монголыг, төдхөн бас Хятадыг өөртөө хураан нэгтгэжээ. Монголчуудын хоорондох зөрчөл, тэмцлийг овжин ашигласаар Халх нарыг ч мөн урвуулан авч чаджээ. Ойрдууд ба төвдүүдийн учрыг олох гэж нилээд цаг зарцуулсны эцэст Манж хаан хүч ба аргыг хослуулан хэрэглэсээр Төвд болон Хөх нуурын Монголчуудыг мөн эзлэн авчээ. Дараа нь Ойрдуудад туслуузай хэмээн болгоомжилж Оросын хаантай ил, далд элдвээр сүлбэлдэж, Оросын тал Манжийн хаантай шууд холбоотон болчихоогүй хэдий ч ойрдуудад нэн даруй туслахаас цааргалж, тэгэх мөртлөө туслахад бэлэн мэт дүр үзүүлэн хий горь төрүүлж хоёр нүүр гаргасаар байсан билээ. Энэ байдал нь Галдан бошготыг ч, мөн Амарсанааг ч буруу тооцоо хийхэд хүргэж хорложээ…

    Манж нарын зүгээс нүүрлэж болох аюулыг Хятад ч Төвд ч, Монгол ч цагийг нь онож таньж сэргийлж чадаагүй юм. Хятадууд дотоод зөрчилдөө идэгдэн хоорондоо дайтаж, Монголчууд задарч бутраад сульдаж доройтсон, төвдүүд зэр зэвсэг, цэрэг-дайны чадамжгүй шахам болчихсон нөхцөлд манж нар зангидсан нудрага мэт болон нэгдэж хүчирхэгжжээ. Гэхдээ Монголчууд нэгдэж нэгэн хүч болох аваас манж нар өөр зүгрүү л хандахаас биш Монгол руу өнгөлзөхөд хүрэхгүй байсан нь ч бас үнэн болно. Мөн Төвдийг холбоотноо болгож, Манжийн эсрэг Хятадтай хамтран зогсох боломж ч Монголчуудад бэлхнээ байсан юм…
    Дэлхий дахины түүхийн Дорнын анхдагч хувилбарууд гэж үзэж болохоор бүтээлүүд болох “Судрын чуулган”, “Улаан дэвтэр”, “Эрдэнийн товч” зэрэг ном, судар нь Монголчууд бурхны шашинд гүн автагдах, ихэд итгэхийн нэгэн шалтгаан болжээ. Бурхны шашны онол, суртлын үүднээс бичигдсэн “Улаан дэвтэр”, “Эрдэний товч” хэмээх түүхүүд нь гариг дэлхийн үүсэл, хувьсал, Энэтхэг, Төвд, Хятад, Монголын хаадын гарвал, угсаа залгамжлал, үйл хэргийг өгүүлэхдээ зэрэгцүүлэн бурхны шашныг дөвийлгөн сурталчилж, зураглан дүрслэхүйн чадавхаараа сүсэгтэн олныг сөгдөн залбирахад хүргэж байжээ. Нүүдэлчдийн ахуй, оршлоос үүдэлтэй хуримтлуулсан мэдлэг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцад таньж мэдсэн их зүйлсийн нийлбэр дүнд тулгуурлан шашин суртлын гол гол үзэл, сургаалын худал, хуурамч болохыг илчлэх, нээх боломж байсан хэдий авч энэ талын ажил бараг хийгдэхгүй байсаар XX зуунтай золгожээ. Бөө, удган нарын гүйцэтгэж ирсэн сүсэг, бишрэлийн зан үйлийг лам нар өөриймшүүлэн авч гүйцэтгэх болсноор бөө мөргөл нь бурхны шашинаар солигдож буйд ард олон нэг их гайхахгүй байсаар дасан зохицжээ.

    Хан нар, ноёдоо дагалдаж, тэдний нөлөөнд автаж жирийн хүмүүс бурхны шашинд богино хугацаанд гүнзгий сүсэглэх болсон нь ойлгож болох хэрэг явдал юм. Харин тэр цагийн оюунлаг хүмүүс ямар нэгэн шүүмж, эсэргүүцэл, эргэлзээгүйгээр бурхны шашныг шууд хүлээн авсан нь гайхшрал төрүүлэхээр баримт мөн болно. Төвдийн том лам нар өөрсдийгөө бурхны ном, сургаал, зан үйлийн ачаар ид шидийг олсон, хэнд ч, юунд ч үл дийлдэхийн хүч, увьдсыг эзэмшсэн мэт аашилж, илбэ, жүжиг тавьж нөлөө бүхий хан нар, ноёдыг ховсдож чадсан байж ч болох талтай. Мөн төрийн хүч, чадамж болон шашны хүч, увидсыг хослуулан ашиглах аргаар их гүрнийг засан тохинуулж асан Хубилай хааны жишээ, үлгэр ч энд томоохон үүрэг гүйцэтгэсэн байж болох юм.
    Цэрэг, зэвсгийн тоо, чанар нь төрд, төрийн тусгаар тогтнолд, үндэсний эрх чөлөөний хэрэгт онц чухал хүчин зүйл болж байсан тэр цаг үед бурхны шашны сурталд автах замаар Монголчууд бид үнэнхүү том алдаа гаргасан бол эдүгээ шинжлэх ухааны мэдлэг, техник, технологийн мэдлэг нэн чухал болсон үед олон олон эрчүүд, эмэгтэйчүүдээ шарын шашны лам, хувраг болгож дахин маш томоор алдах гэж байгаа бус уу?…
    Бурхны олон шавь нар сахил, санваараа ягштал сахих аваас Монголын хүн ам ч өсөхгүй нь тодорхой билээ…
    Буурал түүхийн явцаар бидэнд эс зохих нь нотлогдсон, хаа хол харьд үүсэж тархан ирсэн шашинаас татгалзвал ер нь яасан юм бэ? Шарын шашинаас татгалзнаа гэдэг маань буддизмын гүн ухаан, логикоос татгалзнаа гэсэн үг ер биш юм шүү дээ! Тэгээд ч мөнхүү гүн ухаан, логик эдүгээ цагийн Монгол лам нарт ер байхгүй нь ч мөн нэгэн үнэн билээ…
    Орчин үеийн хэлээр бол XVI зууны сүүлчээр Монголд, XVII зууны дундуур Манж Чин гүрэнд шарын шашин моодонд орж Төвдийн тэргүүн том лам нарт Монголын хан нар “Очирдара Далай лам” мөн “Банчин Эрдэнэ” цол олгож тэднийг амьд бурхад, богдос хэмээн тахих, дээдлэх, шавь орох болцгоожээ. 1662 онд бичигдсэн “Хаадын үндэсний Эрдэнийн Товч” -д өгүүлснээр бол амьд бурхад гэгдсэн лам нар “Улаан мөрний усыг эргүүлж урсгах”, “Хоосон газраас булаг оргилуулан гаргах”, “Тэдний унасан морьдын мөрөөр төвд үсгүүд тодрон гарах” зэргээр Монголын ихэс дээдсийг ихэд гайхшруулсан ид шидийг үзүүлжээ. Мөн хамгийг мэдэгч Содномжамц хутагт Түмэдийн Алтан ханд” Хан чи урьд мөн Чингис хааны алтан урагт Хубилай сэцэн хаан хэмээгдэн төрөх үед би мөн Сажа бандидын ач хүү Пагва лам хэмээгдэн төрж байв… Сэцэн хунтайж чи бол Сүгжан Нинбо хааны хойд дүр мөн байна” хэмээн айлдаж тэднийг ихэд өндөрт өргөж “жингүйдүүлжээ”. Энэ нь цааш цаашдаа багагүй уршиг тарьсан билээ…

    Монголын хан нар ба Төвдийн дээд лам нар харилцан нэгнийгээ “титэмжүүлж” өргөмжилсөн нь угтаа Хубилай хаан ба Пагва лам нарын үеийг санагдуулж, тэрхүү өндөр дээд сэнтий рүү харилцан нэгийгээ уриалсантай агаар нэгэн байжээ. Саж бандида Гунгаажалцаны (1182-1251) ач хүү Пагва (1235-1280) лам 1260 оноос Хубилай хааны номын багш гэгдэж, 1269 онд дөрвөлжин үсэг зохиосноор 1270 онд Хубилай хаан түүнд “Их Эрдэнэ номын хаан” цол шагнасан билээ.
    Монголын бусад хан нар ч өөрсдийгөө чухам хэн хэний хойд дүр болохыг мэдэх хүслэнд (Чингис, Өгөдэй… хаадын дүрээр тодрох ч юм билүү…) далдуур хөтлөгдсөн нь тодорхой юм. Тэд ямар ч болов Хамгийг мэдэгч Очирдара Далай ламд уралдан шавь орох, өргөл барьцаараа өрсөлдөх байдал дорхноо л газар авчээ.
    Монголын ихэс дээдсийн цол, хэргэмд шохоорхох энэхүү “өвчин” түүхэн тэр үед ихэд сэдэрч зарим нь “титэмнээсээ шалтаж” амь насаа ч алдсан байна. Монголын ихэс дээдсийн энэхүү эрэндэг, сул тал, эмзэг газрыг Манжийн хаад олж хараад хожуухан нь нэн амжилттай ашиглажээ. Элдэв чамин чимэг бүхий гүн, бэйл, бээс, ван, хан цолоор олон ч тайж нар бие, толгойгоо Манжийн төрд худалдсан баримт бараг 300-аад жилийн туршид бүртгэгдсээр л байсныг түүх гэрчилдэг.

    XX зууны дундуур дээрх өвчин, эрэндэг бас л тахал мэт дэгдэж эрдмийн зэрэг, цол, гавьяатын зэрэг, зиндаа, МАХН-ын олон шатны хороо, товчоодын гишүүний зэрэг, зиндааны хойноос ард малчин гарвалтай гэгдэгч “сэхээтнүүд” бүр элдэв “допинг” хэрэглэж бас хэрэглүүлж уралдсаар жолоогоо алдацгаасан баримтыг ч бид бас мэдэх билээ. Түүхэнд дахин дахин давтагддаг сайн зүйл ч олон, мөн саар зүйл ч цөөнгүй ажээ…
    Хамгийг мэдэгч XV Далай лам болон Богд Жибзундамба хутагтын X дүр Монголчууд дундаас тодрохыг үзэх түүхийн егөөдөл бидэнтэй тохиож болох байна. Тэгэх аваас гэгээнтэн, хутагт нарын тоо ч бас цадигаа алдах бизээ. Тэд тэгээд юу юу гэж айлдацгаах бол оо? Оюу толгойн гэрээ хэр зэрэг ашигтай байсныг бид тэр үед, тэднээс л “эцэслэн мэдэж” бас болох юм даа…
    Монголын хан нар Их Монгол улс, Монголын эзэнт гүрний их хаадын “хойд дүр болж тодрох” явдал тэгсгээд орхигдсон хэдий ч “Далай лам”, “Банчин Эрдэнэ” гэх цол Төвдөд тэдний удаах дүрүүдэд улиран хэрэглэгдэх болсон байна…
    XXI зуун эхэлснээс хойшхи зарим бүртгэл, тооцоогоор мухар сүсэг, шашинаас чөлөөтэй хүмүүсийн харьцангуй тоо, хувийн жин өсөх хандлагатай боллоо гэсэн мэдээлэл тарах болжээ. Энэ үзэгдэл цаашид газар авч өргөжсөнөөр мухар сүсэг ба шашинаас чөлөөтэй, харьцангүй чөлөөтэй хүмүүсийн тоо дэлхийн хүн амын 80-90 хувьд хүрчих юм бол мөн ч олон талын ашиг, хожоо хүн төрөлхтөнд гарах болно. Тэгэх байх гэж найдагчдын тоо, хэмжээ ч мөн өссөөр байна.
    Шашин, сүм хийдийн нөлөө, ач холбогдолд эргэлздэг хүний тоо аажим ч гэлээ нэмэгдсээр байна.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ТҮЛЭНХИЙ БӨӨ НАР

    Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтад” хамрагддаг юм байна. Түүнд нь дээрх түлэгдэх, шарагдах … дасгалууд ордог бололтой. Янз бүрийн дасгалыг давж, “ид шид”-ийг эзэмшээд бөө болж, харин алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн нэг, болж өгвөл хэд хэдэн хүнийг олж элсүүлэх замаар энэ сүлжээ тэлж байдаг гэсэн ойлголт уулзсан хүмүүсийн ярианаас надад төрсөн.
    Энэ үнэхээр сүлжээний бизнес үү, эсвэл манай нийгмийн бас нэгэн хэцүүхэн “өвчний” илрэл үү ?
    Түлэнхий бөө нарыг ч бол яахав эмчилчих л байх.
    Харин Засгийн газар, энэ хөдөлгөөн-үзэгдлийг яаж “цэгцлэх” юм бол доо ?
    Ш. АДЪЯАМАА, БАЙГАЛЬ ОРЧИН

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ШИЙДВЭР, Нэгдсэн байгууллага гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг

    Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна.
    1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
    2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
    3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
    4. МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан,
    Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн дээд Удган цолтой болгосугай.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • “ТЭРЭЛЖ” МЭЛХИЙ ХАДНЫ ОЙРОЛЦОО БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ХИЙЖ БАЙГААД ШАТАЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

    Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өчигдөр 22.30 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн мэлхий хадны орчимд бөө нар нийлж зан үйл хийхэд, нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас баржээ.

    Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Бөөгийн тахилгад нийт 20 гаруй иргэн оролцсон аж.

  • ХУУРАМЧ ЦОЛ, ЭРДМИЙН ЗЭРЭГ МОНГОЛД Л АМЬ БӨХТЭЙ БАЙНА

    Тэгээд ийм олон эрдмийн цол зэрэгтэй төлөөлөгчид ирсэнд баярлаж байх жишээтэй. Монголын бөөгийн төв байгууллагын хувьд биднээс албан ёсоор тайлбар хүссэн юм. Энэ асуудалд БНХАУ-д мөн давтагдав. Өвөрмонголд бөөгийн доктор айлчилж байгааг мэдэгдэв. Бас л албан ёсны хариу өгөх болов.
    Албан ёсны хариу өгөх болсон учраас Эрдмийн зэрэг цол олгодог холбогдох байгууллагаас албан ёсны хариулт авсан юм.
    “Монголын Зурхай Судлалын Академи” нь Академи бус жирийн нэг төрийн бус байгууллага болоод явчихав.
    Монголд бөө судлалын эрдмийн зэрэг хамгаалуулдаг, цол олгодог Шинжлэх ухааны эрдмийн зөвлөл байхгүй байна. Мөн бөөгийн чиглэлээр бичсэн эрдмийн сэдэв бүтээл, эрдмийн цолны хамгаалалт хийсэн бүтээл алга байна.
    Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор, сэтгэл судлаач “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа гэсэн гуншинтай олон жил дараалсан арга хэмжээ зохион байгуулсан нэгэн бий. Гэтэл түүний эрдмийн цол хамгаалсан сэдэв, бүтээл, жагсаалт, албан ёсны бүртгэл хаанаас ирээд олсонгүй. Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор хамгаалсан хүн монголд алга байна.
    Эрдмийн цол, зэрэг олгосон бол Монгол Улсын Шинжлх ухааны академид бүртгүүлж, хамгаалсан сэдэв, бүтээлээ эхээр нь хадгалуулдаг журамтай. Тэнд албан ёсны бөөгийн сэдвээр доктор хамгаалсан нэг ч бөө алга байна. Тэгээд цолтой бөөгийн эрэл Монголдоо мухардав.
    Гадаадад эрдмийн цол хамгаалсан бөөгийн албан ёсны хариу авав. Гадаадын тодорхой байгууллагаас бөөгийн чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон тодорхойлолт авсан юм. Түүний нэг жишээ болгон Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол хамгаалсан Монголын иргэдийг тодруудав.
    Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator” using emailodko9931@yahoo.com. This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.
    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна.Odko9931@yahoo.com гэдэг хаягийг ашигладаг онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм. Болгоомжилно уу ?
    Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол олгодоггүй гэлээ. Тэгээд энэ чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон хүмүүсийн нэрсэнд багтсан бүх иргэдийн доктор, профессор цол, зэргийн диплом нь хуурамч болох нь батлагдсан билээ.
    Тэнд нэр дурьдагдсан иргэдийн зарим нь АНУ-ын Их сургуулийн гэж ерөнхий хаягтайгаар өөрийгөө сурталчлах болсон байна.
    Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдмийн доктор, профессор цол, зэрэг олгосон иргэдийг тодотгодог байгууллага газар тодорхой байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс “элдвийн хуурамч бөөгийн эрдэмийн зэрэг цол, нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байх”-ыг анхааруулж байна.
    Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр цуглуулсан мөнгөө ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл

    djmedia:408
  • БӨӨГИЙН ПАЯН

    Говь-Алтай аймгийн харъяат Рэгжин хэмээх нөхөр 1992 онд Улаанбаатар хотод цэргийн алба хааж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг нөхөртэй ёстой л өвөр түрийдээ орж хугацаат албаа дуусгасан байна. Тэрээр амьдралын эрх дагаж янз бүрийн ажил хийсээр яваад онгод сахиусаа авч, бөө болжээ. Чадвар муугийн зэрэгцээ жинхэнэ онгод сахиустай эсэх нь мэдэгдэхгүй Рэгжинд үзүүлж харуулах ч хүн нутагт нь эс олдож, сүүлдээ бараг хүүхэд нохойн доог болсон аж. Тиймээс мань бөө алс зүүн Сүхбаатар аймагт байх цэргийн андруугаа холбогдож, тус суманд айлчилсан байна. Чингэхдээ өөрийгөө ойлгуулж, хүмүүсийг үзэж харж, засал хийж мөнгө олно. Олсон ашгаа хувааж авна. Харин чи надад тусла гэх зэргээр тохиролцожээ.

    Тохиролцоо нь мэдээжийн хэрэг, тус сумын унаган иргэн, цэргийн андад нутгийнхаа зовлон зүдгүүртэй байгаа болон мухар сүсэгтэй иргэдийн түүх намтарыг дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж өгөхийг даалгана. Цуглуулах юу байхав, нутгийн унаган иргэн тэднийхээ амьдралыг арван хуруу шигээ л мэднэ биз дээ.   Тэгээд үзүүлж харуулах гэсэн эхний хоёр хүний заяа зургийг өнгөрсөн одоо ирээдүйтэй нь яг л хэлдэг аж. Яахав, найз нь хэлээд өгчихгүй юу. Тэгэхээр л сумын төв тэр чигээрээ хошуурдаг юм байх. Тэднийд гайхалтай сайн бөө ирж гэнэ. Яг л хэлж байна гэнэ шүү хэмээн цувна. Мань бөө ч би маш олон хүнд үйлчилж байгаа учраас ядарч байна. Та нар овог нэрээ тодорхой бичээд манай түшээд өгчих хэмээн ядрангуй дүр эсгэнэ. Ард олон ч нэгнээсээ урьтаж оочёр дугаар бичүүлэх гэж бөөн юм болно.

    Ингээд арав, хориор тоологдох нэрсийн жагсаалт авсан бөө

    -За та нар маргааш төдөн цагаас хүрээд ир хэмээн явуулах аж. Ингээд энэ шөнө өнөөх дугаарт бичүүлсэн нэрсийг шүүж, сумынх нь иргэнтэй хамт удам судраас нь эхлээд нас барсан, салсан нийлсэнтэй нь мэдээд авна. Бүр мөнгө төгрөгний хэмжээ, мал сүргийнх нь тоо толгойг хүртэл данслаад авна. Маргааш нь оочёр бичүүлсэн нөхдүүд орж ирээд л өөрийнхөө бараг мартах шахсан зүйлийг ч тус бөөгөөс мэдэж ёстой л мэл гайхаж, тахин шүтнэ. Яахав, цаадхи нь жагсаалтад бичүүлсэн овог нэрийн дагуу шөнийн бэлдсэн намтрыг хэлбэрт оруулаад хэлж орхино доо. Та чинь урьд өмнөх нөхрөөсөө салсан юм байна. Танай нэг тийм хүн нас барж, түүний нэг алтан ээмэг байна, аа даа. Энэ хүн чинь үүндээ хоргодож, та нарын амьдралд саад болдог юм байна ш дээ. Үүнийг нэг газарт ном ёсоор нь өргө. Ном ёсоор нь өргөж чадахгүй бол улам их гай болно шүү, ойлгож байна уу. Чадахгүй бол надад өг. Би л нэг өөрийгөө золиослож аргалахаас хэмээн тамшаална. Ийм сайн тоочиж хэлж байхад яах юм. Мөнгөө өгөөд зогсохгүй гай болоод байгаа үнэт эдлэлийг ч өгч байж сая нэг амьдралаа тэгшлүүлнэ. Энэ өдөр мань бөө орон сууцны мөнгө хийдэггүй юм гэхэд гэр төхөөрчихөөр мөнгө цуглуулчихна. За тэгээд өргөхөөр авсан үнэт эдлэлээ оруулбал талийж өгнө. Ийн маягаар нэг суманд зовлонгоо тоочсон хүмүүсийг гурван өдөр үзэж, мэргэн түргэний гайхамшгийг үзүүлэхэд овоохон юм олно шүү дээ. Бас болоогүй ээ, цаадуул нь та л аргала гэхэд нь баахан цаараглаж байгаад зөвшөөрнө. Өргөл барьц ч өсөөд явчихна. Ингээд л тагнуул туршуулын ажил хийж хүмүүсийн зовлонг тоочиж өгөхөд үлэмж тус хүргэсэн найздаа бонус хүртээх болжээ. Нийтдээ арваар тоологдох алтан ээмэг бөгж, таван мөнгөн аяга, зургаан сая төгрөгийн ашиг олсон Рэгжин ашгаа хуваах болохдоо гол тус хүргэсэн цэргийнхээ андыг гомдоож, 500 мянган төгрөг өгөөд оджээ. 

    Харин мань бөө зэргэлдээ суманд нь мөн л судалгаа хийж очоод байхад нь цэргийнх нь анд араас нь давхин очиж, булайг нь дэлгэж, олны нүдэн дээр зоджээ. Мань эр цэргийнхээ андыг очиход хоёр дахь айлдаа бөөлж цайлуулаад жигтэйхэн юм сууж байсан юм байх. Харин цэргийнх нь анд тус сумын танхайдуу нөхдийг дагуулж очоод хамаг мөнгө, хатуу эдлэлийг мулзалж аваад ёстой л “гахай нүцгэн нохой явган” үлдээгээд одсон гэнэ. Нэгэнт хамаг бүхнээ алдахын зэрэгцээ тус суманд нэр нүүрээ барсан Рэгжин яах аргагүй үлдэхдээ “Аа новш гэж. Ахиухан л мөнгө өгдөг байж. Тэртээ тэргүй зүгээр орж ирсэн юмыг талыг нь өгчихөд яадаг байна, аа. Миний шунал уу” хэмээн халаглаж суусан гэдэг.
    Ч.Дорж
           

     

  • Цол гуншинтанаар дүүрсэн Монгол болох нь1

     

    Сүүлийн үед өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагт бол хоёр аваргын цол чимэг дарагдах аж. Цол чимэг олгодог Төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдоно. Түүнийгээ нэр алдарт дуртай нэгэнд зарна гээд хөл ихтэй болсон цаг. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтунууд дүүрэн болсон. Улстөр, урлаг соёл, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт цол гуншинтангууд эгнээ байраа хэдийнээ эзэлжээ.

    Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм.

    Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич” гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм.

    Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа.

    Н.Дөл