Category: Монгол бөө

  • ДАРЖАА ЗАЙРАН

    Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, ухаан алдан унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.

    Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ. байх.
    Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ.
    Харин нутгийн зон олон . Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц шидийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.

    Choigoo Shamanic Path

  • ШАШНЫГ ЖУРАМЛАХ ТӨРИЙН САНААЧИЛГА

    Бурхангүй орон болж социалист замналаар далан жил замнасан манай улс шинэ нийгэмд алхахдаа шашны асуудлаа шийдэх ганцхан хууль батлаад орхисон гэсэн үг. Нэг талаар шашин гэхээр их номхон, дөлгөөн зүйл гэсэн ерөнхий тодотголтой явж ирсэнтэй холбоотой л доо. Гэвч түүнээс хойш нийгмийн хувьд бид шашин шүтлэгийн төрөл, түүний элдэв араншингийн алаг эрээн зам туулжээ. Дээр нь өнгөрсөн хугацаанд шашны сүм хийгээд сүсэгтний тоог нарийн гаргасан судалгаа ховор.
    Хамгийн их ишлэгддэг нь манай улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны сайтад 2010 онд нийтлэгдсэн илтгэл юм. Түүнд дурдсанаар тухайн үед улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байснаас 254 нь буддын, 198 нь христийн, 44 нь исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд байжээ.
    Харин одоо яригдаж байгаа Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хориглох заалтуудыг багагүй оруулсан байна. Тухайлбал, тус хуулийн төслийн 28.6-д “Олон нийтийн газарт нийтийг хамарсан мөргөл, шашны бусад зан үйл, ёслол үйлдэх ажиллагаа нь олон нийтийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангасан, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журамд нийцсэн байна” гэжээ.
    Нэг үгээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хориглосон аливаа үйлдлийг шашны зан үйл нэрийн дор хийхгүй гэж ойлгогдож байна. Хэдэн жилийн өмнө бөө мөргөл хүчээ авч байлаа. Тэр үед мөн ч олон дөвчин үйлдэл гарсан даа. Бөө нар хүнийг архинаас гаргах дом хийж байгаад түлээд хөнөөчихсөн, хөлийнх нь судас хатуурсан хүнийг эмчилж байгаа гэж байлгасаар амь насаа алдахад хүргэсэн гээд үргэлжилнэ. Тэгвэл шинэ хууль батлагдвал ийм гэмт, хэргийн шинжтэй үйлдлүүд хязгаарлагдана гэж ойлгож байна.
    Мөн тус хуулийн төслийн 27.1-д “Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчихийг хориглоно”, 27.2.1 -д “Албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсхүл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалахыг хориглоно” гэсэн байна. Ийм төрлийн үйл ажиллагааны жишээ ч бидэнд бэлхнээ байж байна. Христийн шашны Солонгосоос гаралтай Мүүний урсгал гэгчийн талаар нэг хэсэг баахан ярьж байлаа. Энэ урсгал бие биеэ харж байгаагүй хүмүүсийг зуучилж гэрлүүлж байв шүү дээ.
    Монголоос олон хүн Солонгост байх танихгүй хэн нэгэнтэй гэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь, түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Үүн дээр хуулийн төслийн 28.8-д “Шашны байгууллагаас бусад этгээд нийтэд зориулсан мөргөлийн газар, том орон зай эзлэх шашны зориулалт бүхий хөшөө дурсгал, суварга байгуулахыг хориглоно” гэсэн заалт ч анхаарал татаж байгаа. Ер нь тэгээд иймэрхүү зохицуулалт байхгүйгээс уул болгонд суварга, мод бүрт хадаг тавих явдал даамжирсан юм. Бүр бэлэг эрхтний хөшөөг хүртэл мухар сүсгийн үүднээс барьж байлаа.
    Хууль санаачлагчдын хэлж буйгаар өнөөдөр төр шашинтайгаа 22 өөр стандартаар харьцаж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн ИТХ шашны байгууллагын өөр, өөр зөвшөөрлийг журмаар олгох замаар хянаж байгаа аж. 2016 оны байдлаар нийслэл болон долоон аймаг энэ чиглэлээр журам гаргажээ. Харин 14 аймаг нь журамгүй байсан гэх. Үндсэн хуульд заасанчлан ИТХ-ын шийдвэрийг дээд шатны байгууллага, төр засгийн” байгууллага хүчингүй болгох эрхгүй байдаг.
    Ийм өнцгөөс харах юм бол шашинтай харилцах харилцаан дээр манай улс холбооны улсуудын адил зарчимтай явж байсан гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Орхон аймаг гэхэд шашны байгууллагын зөвшөөрлийг гурван жилээр олгодог. Тэгэхэд нийслэл юм уу зарим аймаг нэг жилийн хугацаагаар олгодог байх юм. Энэ бол нэгдсэн улсын хувьд байж боломгүй асуудал л даа.
    Мөн хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан тодорхой зарчмуудыг оруулахаар төсөлд тусгажээ. Түүнд төр нь шашны байгууллагын үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй, шашин нь төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг нандигнана, үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэжээ. Төр шашны үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй гэхээр “цэргийн гэгээнтэн” гэх мэт элдэв явдал гарахгүй гэсэн үг. Дээр нь гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох юм байна.
    Хэд хоногийн өмнө болсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Шашин шүтэх эрх чөлөө бол Монгол Улсын иргэний салшгүй хэсэг. Энэ эрхийг баталгаатай, ямар нэгэн алагчлалгүй эдлүүлэх нэгдүгээр шаардлага манай улсад байна. Хоёрдугаарт, Монгол Улсын тар ёс, үндэсний эв нэгдэл, соёлын үнэт өвүүдийг нандигнан үр хойч үедээ өвлүүлэх ёстой. Гуравдугаарт, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хуульд заагдсан үндэслэлээр төр оролцоно. Хуульд заагдаагүй үндэслэлээр төр оролцохгүй байх зарчмыг нутагшуулна гэж хэлэлцэж байгаа юм.
    Өнөөдрийн манай улсын хууль тогтоомжоор шашны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт байдаггүй. Гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох гэж байна. Энэ олон асуудлаас гадна Монголын үндэсний нэгдсэн тодорхой нэршлийг 50 жилээс дээш жил шашны үйл ажиллагаа явуулсан байгууллагад олгоно гэдгийг ярилаа. Түүнчлэн хүүхдүүдийг шашны байгууллагын номлолд сургах тодорхой заалтуудыг хэллээ. Жишээ нь, гэрээр шашны боловсрол авч байгаа 2,500 гаруй хүүхдийн 90 хувь нь буддын шашных ч биш, христийнх ч биш, исламынх ч биш байна. Шашны ямар чиглэлээр хүүхдүүд гэрээр сурч байгаа нь асуултын тэмдэг байгаа юм” гэж байлаа.
    Хориглох зүйлийн жагсаалт энэ мэтээр хязгаарлагдахгүй л дээ. Тус хуулийн төслийн
     27.2.2-д “Зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах”,
     27.2.3-д “Гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж, шашны байгууллагад ашигтай байдал үүсгэхэд нь албадах”,
     27.2.4 “Шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй байх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох”,
     27.2.5- “Шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах”,
     27.2.6.хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах”,
     27.2.7-д “Сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх”,
     27.2.8 “Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах”,
     27.2.9 “Шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах”,
     27.2.10 “Амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу. байдал тогтоох, хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах” гэх мэтээр хориглох зүйлсийн жагсаалт хуулийн төсөлд байна.
    Монгол бол шашны элдэв урсгалуудын хувьд өмнө нь нээгдээгүй атар дагшин газар. Тийм ч болохоор элдэв санхүүжилттэй шашны урсгалууд орж ирэх, батжин тогтнох бололцоотой орон гэгддэг болсон нь нууц биш. Дэлхийн болон манай улсын түүхийн тодорхой хэсэгт шашин төр хоёрын хэт ойр явдал дажин үймээн гаргаж байжээ.
    Өнөөдөр дажин болдоггүй юм гэхэд нэг шашны хоёр урсгалынхан хоорондоо үг сольдоггүй байдал манай улсад бий болсон. Үүний дээр олон түмний итгэлийг авах арга хэрэгсэл нь эд хөрөнгийн байдлаар татах, насан хүрээгүй хүүхдүүдийн бүрэн төлөвшөөгүй байдлыг ашиглан шийдвэр гаргуулах дээр тогтсоор байгаа нь үнэн юм. Харин одоо энэ асуудлыг төрөөс журамлахаар Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилсныг танилцуулахад ийм байна.

  • ХАР ЗҮЛДЭН ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА

    Дунд үеэрээ тогтож өг
    Гадуураа хай, дотуураа хай
    Хүн амьтнаа элдэв үхэл, тахал
    Өвчин зовлонгоос чөлөөл
    Мал сүргээ өсгөх магад хүчийг ац
    Үнсэх үрдээ өлгий болон ир
    Үндэснээсээ орги, үзүүрээсээ сацар
    Хилэнгүй номхон, хивцэггүй дөлгөөн
    Эргэхээ эрчмээ өг
    Буцахдаа бултыг нь тэтгэ
    Эцэг таван тэнгэр
    Таван тивийн хүн ардад
    Кун эрдмийг түгээж өг
    Дөрвөн далайн эрэг ирмэгт
    Хуйн гамшгийг зайлуулж өг
    Хар зүлдэн тэнгэрээ дуудъя
    Харван ирэх солирын замыг хаа
    Хар нүх, эрхсийн эрчмийг түгээ
    Зүлдэн тэнгэрээ дуудаж
    Зүглэ, дайлгыг чинь хэлнэ
    Ямба ёсыг олгож
    Янтра чимгийг чинь нэмнэ
    Харанхуйг гийгүүлж, өнгөтийг өргөж
    Толгойд тотгор үгүй
    Тогтсон эдэд гарз үгүй
    Тоотой толгойгоо товчилж хар
    Хөрст дэлхийгээ хөвлөгсөн
    Эзэн таван тэнгэр
    Хий агаараар дэвэрсэн
    Үрийн үүрд, үеийн үед
    Дамжин харах
    Дамжиггүй эзэн тэнгэр
    Зээрийн хүү шиг зэрэглэж
    Аргалын хүү шиг алаглаж
    Дагаж харсан тэнгэрүүд
    Хэв ёсондоо
    Хиур чимэгтэй орш
    Гэрийнхээ гэгийг гэтэлгэ
    Гадна талаа мана
    Газар уснаасаа дэгд
    Хамарт ханиад үгүй
    Элгэнд эмгэг үгүй
    Бөөрөнд бөртөг үгүй
    Бөгсөнд хий үгүй
    Зүрхэнд жиг үгүй
    Зүүдэнд ёр үгүй
    Уугинд урхаг үгүй
    Цөсөнд цөв үгүй
    Чөмгөнд сэв үгүй
    Эрүүл мэндийг өг
    Үрээгээрээ морь хий
    Үрээрээ хүн хий
    Эр ихт бараатангууд
    Ээл нөмөрт түшигтэнгүүд
    Бар ихт бараатангууд
    Бараан гялаан зүлдтэнгүүд
    Сүр ихт оньтонгууд
    Нарны гэрэл туяатангууд
    Сарны туяа гэрэлтэнгүүд
    Шил толин нүдтэнгүүд
    Үе үе эргэж буусан
    Үндэс язгуур таван тэнгэр
    Эрчмийг залгуул эрдмийг түгээ.
    Хүн төрөлхтөнийг авар
    Хөө хуяг мэт хуягла
    Зовлонтны зовлонг зогсоо
    Гарзатын гарзыг гарга
    Нэгийг хоёр болго
    Нимгэнийг зузаан болго
    Нарийныг өргөсгө
    Унасанд бүдрээгүй
    Уусанд цалгиагүй
    Сайн нь саадгүй болог
    Эцгийн тэнгэр ивээ
    Эхийн тэнгэр энэр
    Өөрийн тэнгэр өршөө
    Хатууг зөөлрүүл
    Хаттаныг уяруул
    Догшиныг номхотго
    Доройг ивээ
    Далдыг ил гарга
    Давхрыг дан болго
    Гэмтнийг гэтэлгэ
    Гэнэтийн аюулаас зайлуул
    Хаяанаас халдахыг хаа
    Хажуугаас нялзахыг арч
    Хорон санааг урвуул
    Бузар санааг задал
    Хойчийн маргааш
    Хойнын өдөр болтол
    Хир балаггүй суухыг
    Хившүүлж өг шоог, шоог
    Нэг настай
    Нэтгэр үетэй цагаас
    Авахуулж заяасан тэнгэр
    Хар /жинхэнэ мөн чанар/ чанарыг түгээ
    Халуун цусыг тунгаа
    Таван мэдрэхүйг зал
    Таван цулыг тэжээ
    Осол гэмтэлд бүү оруул
    Од эрхэст зуучил, хайрхаан
    Өөрийн хамт төрсөн
    Зүд оньст тэнгэр
    Хэзээнээс нааш хэв янзтай
    Суурь суурьшилтай
    Заль барьж ирсэн
    Эцэг өвгөдийн маань
    Зүлд тэнгэр
    Сунаж унтаж
    Суниаж босохын
    Жаргалыг залгуул
    Гэмтэх гэмээс гэтэлгэ
    Өргөст үйлээс өнгөрүүл
    Өөрийн таван тэнгэр
    Үзэж харж өг
    Жилийн чинь насыг өргөнө
    Цагийн чинь цайлгыг өргөлөө, хайрхаан
    Уулсын толгойд цас хучлаа
    Усны захад мөс хөрлөө
    Хойтон жилийн энэ үеийг хүртэл
    Хохирол гэмшилгүй
    Хотолсон сүргээ хорогдолгүй
    Төллөх төлдөө гарзгүй
    Оргих шимийн булаг шиг
    Оргиулж бялхуулж өг
    Таван өнгө, дөрвөн гэрэл
    Тэгш дүүрэн байг
    Амьтан хүн амсаагүй
    Таван янтар бүрдсэн
    Тансаг идээ
    Тараг, цэгээндээ ир
    Элгээрээ эсэн мэнд
    Төрлөөрөө төвшин сайн
    Ургаараа уршиггүй
    Урьдын өнөр эрэмбээр
    Угсран буусан
    Угийн буурал тэнгэр өвгүүд
    Дээр дэвсэн
    Дэргэд мандсан
    Зүлдэн тэнгэр
    Элээхийн үеийг
    Эргэж харсан
    Энэрэлт эцэг тэнгэр
    Эзэн хайрхан тэнгэр
    Заяа болсон тэнгэрүүд
    Атаа таван тэнгэр
    Амин зүлд тэнгэр
    Холын дуулах, ойрын үзэхэд
    Мууг бүү үзүүл
    Муухайг бүү сонсго, хар тэнгэр
    Халуун элгээ хүргэ
    Хоног ирэхэд
    Ховор сайн домоо хүргэ
    Үд ирэхэд
    Үнэн сайн домоо хүргэ
    Сүмбэр уулнаас
    Сүлдэлж буусан
    Хар далайд харваж буусан
    Хасбуу далайд харайж буусан
    Шар мөрөнд шаргиж буусан
    Сахарын элсэнд сацарч буусан
    Үүлтэй тэнгэрээс дүүлэн буусан
    Үертэй Гангад шунган буусан
    Давст нууранд дасаж буусан
    Дараа нь Атлантад дамжиж буусан
    Хөхийгээс хөвчилж буусан
    Хүйтнээс салхилж буусан
    Утханаас уламжилж буусан
    Тарвагатайн тавлаж буусан
    Тэрхийн цагаанд үдлэж буусан
    Хоргын тогоонд хоноглож буусан
    Дүбханд тухлаж буусан
    Дэвсэх Буур хээрт дэшилж буусан
    Хан Хэнтийд ханарч буусан
    Шилийн Богдод шилж буусан
    Галбын говьд гялбаж буусан
    Ганц модонд гацалдан буусан
    Хамаг Монолчуудад хуяг болсон
    Хан хар тэнгэр
    Эцэг болсон зүлдэн тэнгэр
    Арцнаас ариун, санхамаас сайхан
    Өнгө, гэрэлт есөн тэнгэр
    Дам үглэснийг “сонс”
    Дэвсэн бүжиснээр “цэнгэ”
    Илт бэлтгэсэн сэдхэлээр хувилгасан
    Идээ будааныхаа дээжинд буу
    Мөнх мод шиг намилзан сацарсан
    Өнгөт солонго шиг туяарсан
    Амин зүлд тэнгэр
    Ах нартайгаа амь бүрийг
    Авараар тэтгэ
    Гэр бүхнийг гэрээр гийгүүл
    Гэгээвчтэй гэрээр орж
    Эрүкэ гэрээр өнгийж
    Тооното гэрээр тонгойж
    Тогтнон хур
    Бага гэртээ бага болсон
    Баатар хар тэнгэр
    Балчир үрдээ өлгий болон ир
    Хүч эрчмээ буулгасан
    Угийн дээд тэнгэр
    Учран уулзаж
    Буруутайг ухааруулж
    Зөвтэйг хүлээх хүслээр
    Алаг хуягийг хэдэрч
    Аян жаргалыг жолоодон
    Сар нарны тусгалд
    Сүндэрлэн харсан
    Мөрт нь мөргөн
    “Сүүдэр”-т нь сөгдөж явна.
    Гэм алдаагий минь
    Мэдрүүлж, ухааруулж өг
    Хөрс Этюкэнд хүн болж төрөхөд
    Анх заяасан өөрийн тэнгэр ир
    Цоорсон аурыг “цойлд”
    Замхарсан солонгыг залга
    Дутуу эрчимийг нөх
    Дундуур эрдмийг гүйцээ
    Хурдан эрчимийн хуйг бүү ирүүл
    Хурц хэлний хорыг дар
    Сарын тоогоор сацар
    Өдрийн тоогоор өнгө ор
    Хоногийн тоогоор кун нэм
    Мөхийн түвшин мөнхийн амьт
    Мөнх тэнгэрийн буу
    Хар зүлдэн тэнгэртээ заль барьлаа.

    Үндсэн эх нь “Монголын аман зохиолын дээж бичиг” ном
    Эх сурвалж: Д.Наран-Очир “Мөнх тэнгэрийн оньс” УБ. 2007 он, 62 дугаар тал/

  • ДОРИГ ХИАТАЙ ЭВЛЭРСЭН НЬ

     

    Дориг хиагийн шавь хүү гөрөөсний гуя ганзагалаад багшдаа аваачиж өгөхөөр авч яваад замдаа хадланчид дээр буухад тэнд Дэлдэн Мэнд байв. Хүүг цай уугаад мордох зуур Дэлдэн Мэнд гөрөөсний гуянд нь жатганы юм хийгээд явуулчихаж. Дориг хиа нөгөө гөрөөсний гуяыг хавтайлган шарж, дороос нь идэж суув. Мах нь шулагдах тусам жатгын юм нь үзүүр лүүгээ өгсөж байв. Дориг хиа: “Шорны үзүүрийн махыг иддэггүй юм” гээд гарган шидэж, түүнийг нь нохой аваад идэж гэнэ. Ийнхүү Дориг хиа анх удаа Мэндийн жатгаас зайлж чаджээ.

    Дараа нь Дориг хиа адуучин барлагтайгаа адуугаа тууж явахдаа хэлсэн нь “Захын ганц модны сүүдэр доогуур гардаггүй юм. Наагуур гар” гээд тэр бөө модыг тойроод явчихаж.Тэр модон дээр Дэлдэн Мэндийн жатга байсан юмсанжээ. Ингэж хоёр дахь удаад жатгаас зайлжээ. Түүнд нь Дэлдэн Мэнд гурав дахь удаагаа жатга хийхэд Дориг хиагийн эхнэр өртөж нас барав. Дориг хиа ихэд уурсаж Мэндийг алах гэж очиж явтал Мэнд мэдээд эхнэртээ “Цээрийн хана босго, нохойн идүүрт шар юм хийж миний орны урд тавь” гээд өөрөө нөмөглөөд орондоо хэвтэж байв.

    “Мэнд чиний амь төгслөө” гээд хутгаа шаатал онгодоос нь улаан,цэнхэр хоёр өнгийн гэрэл цувран ирэхэд нь Дориг хиагийн нүд нь солонгорон тусаад ухаан алдчихав. Сэргээд хартал хойморт нь хутга хуйларчихсан бөөн хар юм болоод хэвтэж байв. Мэнд тэр хутгыг нь аваад шувтран татаж хуучин янзанд нь оруулаад:

    “Аа та хутгаа хуйлж авагтий” гээд хадаг барьж эвлэрэлдсэн гэдэг. Нас барсны нь дараа онгод шүтээний нь Ивдэд онголсон гэдэг.

  • ДАМДИН ДОРЛИГЫН САХИУС

    Миний хувьд
    Монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншилтай бол огт холбоогүй гэж боддог бөгөөд
    Шарын шашин Монгол Буриадад хүчтэй дэлгэрэх үеээс зарим талаараа бөө мөргөлтэй ёс заншил холилдох үед л ийм ойлголт монголчуудын дунд бий болсон байх
    Товчхон доо бол уран Дархан хүн шүтэж дээдэлдэг дамдин дорлигын сахиус нь буудаг эсвэл буулгадаг зүйл огтоос биш дорлигын сахиусаа авах гээд баатарын хуяга бэлдэж бгаа хүн хүртэл байдаг л юм бна ( тийм юм миний хувьд лав байж болохгүй ерөнхий дөө солиорол )
    Удган хүн заавал Дорлигтой байх ёстой гэсэн буруу ойлголт хүртэл түгээмэл байдаг юм билээ хуучин цагын хүч чадлаараа гайхагдаж явсан удганууд Дорлигтой байсан талаар хэн ч олж дуулаагүй л байх
    Мөн сахиус гэх үгийг онгод гэдэг утгаар хэрэглэх нь бас миний хувьд буруу санагдаг
    Сахиус гэдэг үг нь шарын шашин орж ирэх үед л бид хэрэглэдэг болсон бол уу монголчууд бид бөөгийн онгод гэж хэлж ярьж байсан болхоос бөөгийн сахиус гэх нь тийм зөв нэршил биш бол уу

  • Онгодын уриа дуудлага

    Эцгийн озоорын заяа билээ та
    Элэнц угийн тэнгэр минь билээ та
    Сайн зүгтээ заларсан
    Саруул зүгтээ тунарсан
    Гэр нэвт гэрэлтэнгүүд
    Туурга нэвт туяатангууд
    Ханатай гэртээ ханаран залгарсан
    Хамаг барцдыг арилган төрсөн
    Хан дээд тэнгэрүүд минь
    Ханхар хадан хувилгаантангууд
    Хамба хилэн хивнэгтэнгүүд минь
    Халиу булган нударгатангууд минь
    Хаш цагаан олбогтонгууд минь
    Хатан төмөр зоригтонгууд
    Толит мэргэн ончтонгууд минь
    Торго магнаг яндагтангууд минь
    Тоонотой гэртээ тодрон заларсан
    Тотгор барцдыг зайлуулж ирдэг
    Дайнд ороход хуяг болсон
    Далайд ороход хуяг болсон
    Даян олонд сүлд болсон
    Дархад омогтоо омог нь болсон
    Ханат гэртээ хаац болсон
    Халуун элэгтэнд хань болсон
    Хар санаатанд аянга болсон
    Хамаг сүрэгтээ хашаа болсон
    Харанхуйн оронд гэрэл болсон
    Халтирахын оронд түшиг болсон
    Хан хуулар эзэнгүүд
    Хашир догшин хүлэрнүүд /хуулар онгод гэсэн үг/
    Бөх чулуун зүрхтэнгүүд
    Бүдүүн ноён озоотонгууд
    Өрхөт гэртээ өлзий болсон
    Өнөр сүрэгтээ манаа болсон
    Сайхан бүхэнд даллага болсон
    Саар бүгдэд хаалт болсон
    Наргүйд туяа болсон
    Саргүйд гэгээ болсон
    Ар биед аврал болсон
    Өвөр биед өршөөл болсон
    Асарын оронд чуулсан
    Алсын газарт заларсан
    Хазайхад түшиг болсон
    Халтирахад тулгуур болсон
    Харахад нүд минь болсон
    Хазахад шүд минь болсон
    Өсөхөд жаргал болсон
    Өөдлөхөд заяа болсон
    Өвдөхөд өршөөл болсон
    Өндийхөд дэмжлэг болсон
    Түрхэхэд алт минь болсон
    Түшихэд сүлд минь болсон
    Далд их биетэнгүүд
    Давхар олон шидтэнгүүд
    Орон бүхэнд магтаалтангууд
    Огторгуйн оронд суунагтангууд
    Оч хар тэнгэр минь
    Хиртэй биеийн
    Хирийг хөнгөрүүлээрэй та
    Хилэнцтэй биеийн минь
    Хилэнцийг хөнгөрүүлээрэй та
    Махыг минь нэвт
    Ясыг минь хараарай та
    Малгайг минь нэвт
    Үсийг минь хараарай та
    Хан хуулар эх минь
    Хатан баатар эцэг минь
    Авралт заяат нар минь
    Асралт сүлд нэр минь
    Хатан цагаан яс минь
    Дээд тэнгэрээс заларч
    Дэвжид асараас туяар ч
    Ханат гэрийн хойморт
    Халуун голомтын эхэнд
    Цугларан ирж
    Цувран бууж
    Чуулан заларч, хайрлагтий

  • ДАМИРАН ЗАЙРИН

    Нэг удаа Дамиран зайранг Хөвсгөл аймгаас бага дүү нь эргэж ирсэн бөгөөд тэр өдөр Төмөрсүх ээлжинд гарсан байж. Гэтэл Төмөррсүх хол газраас зардал чирэгдэл болж ирсэн дүүг нь зайрантай ердөө хорин минут уулзуулах чөлөө олгожээ. Уг нь эргэлтийн байранд хоёр гурав хоног хамт хонуулах зөвшөөрөлтэй байдаг байна. Дамиран зайран Төмөрсүхээс “Дүүтэйгээ ядаж ганц хоноё. Та тус болооч!” гэж хэчнээн гуйсан ч зөвшөөрөөгүйгээр үл барам дүүгийнх нь авчирсан идээ цагаа, сүү саалыг хурааж аван зайранг дахин гуйхад ихэд уурсаж “Чи муу хулгайч тийм их эрдэм чадалтай юм бол юу гэж шоронд орсон юм бэ? Ард иргэдийг мунхруулж, шулж мөлжөөд явж байх ёстой биз дээ” гээд эвхэрч унатал бороохойдож “Хараалч хүнээс цус гаргавал хараал хvрдэггvй” гээд гуя руу нь хоёр удаа жадлаад зон (хоригдлуудын нийтээр хоригдох байр)-д чирч аваачиж хаяад гаргаагvй аж.
    Зайран явахдаа “За, миний дvv өнөөдөртөө чулуу ачсан машинаар буц. Саадгүй явж гурав хоногийн дараа гэртээ харих юм байна” гээд хаанаасаа ч юм бэ, зуун төгрөг гаргаж өгөөд дүүгээ үнсчээ. Өглөө ээлж солигдоход Төмөррсүх дайснаа дарсан баатар эр шиг “Нөгөө муу айхтар зайрангийн чинь хандыг хага дарлаа” хэмээн бусдадаа сайрхсанд тэд нар нь нэг л тоосон шинжгүй байв.
    Төмөрсүх гэртээ хариад хоол, цайгаа идэж уух гэтэл дотор нь муухайрч хоолойгоор нь юм давах янзгvй гэнэ. Тэгэхлээр хvнээс нууж ганцаараа архи уудаг зангаараа шил архины талыг аяганд хийж залгилсан боловч дээрдэх янзгvй, харин ч цаг орчмын дараа огиулан бєєлжиж эхэлжээ. Мөн цаг орчмын дараа хєєстэй цус гарч эхэлсэн байна.
    Үлдсэн архиа шилээр нь хөнтөрч ухаан тасран унтсан боловч шєнє элдэв муу ёрын юм нүдэнд нь харагдаж, чоно улих, хэрээ гуаглах чихэнд нь сонсогдож унтсан зvvдэлсэн алин болохыг мэдэхгvй байтал нэгэн их өндөр цохионы орой дээр бөөгийн иж бvрэн өмсгөлтэй урт буурал үстэй зайран хэцээ дэлдэн бууж буй харагдаад Төмөрсүх ухаан алджээ.
    өглөө сэрээд бас л үргэлжлүүлэн бөөлжиж, арга буюу эмч дуудав. Хорихын эмч ирж үзээд “Хордлого юмуу гэтэл биш шиг байна. Архи vнэртээд байна. Шартсан байлгүй” гэхээс өөр юм хэлсэнгvй, хоёр гурван эм бичиж чихэртэй буцалсан ус уу! гэж хэлээд явжээ. Гэвч Төмөрсүхийн бие сайжралыг олсонгүй өтгөн хүрэн цусаар бөөлжих болсон тул төвөөс түргэн тусламж дуудав. Түргэний эмч бас л тодорхой онош хэлсэнгүй, “Авч явна” гэхэд євчтєн эрс татгалзсан нь Дамиран зайрантай холбоотой гэж бодсоных бөгөөд “Би хоригдол Дамирантай уулзмаар байна” гэжээ. Хvссэн ёсоор машин явуултал зайран “Бороохой дуулж, жадлуулаад үхлүүт хэвтэж байна” гээд ирсэнгүй. Хорихын жижүүрийн єрєєнд Төмөрсүхийг машинаар, Дамиран зайранг дамнуургаар авчирч уулзуулсан байна.
    Зайран “Би чиний амь насыг даах байтугай өөрөө өнөө маргаашгvй болчихоод байна. Чи л ийм болгосноо мэдэж байгаа шүү дээ. Надад ямар ч арга алга даа” гэж шууд хэлжээ. Төмөрсүх амь насаа аврахыг хэчнээн гуйж, мөнгө төгрөг амалсан ч зайран “Би ч удахгvй тэнгэртээ халих минь” гээд нүдээ тас аньсанд байранд нь хvргэж өгчээ.
    Ингээд хоёр хоног өнгөрч гурав дахь өдрийн өглөө найман цагийн орчим vргэлжлvvлэн цусаар бөөлжиж байсан Төмөрсүх алгын чинээ хүрэн юм түмпэн дотор унагасан нь элэг аж. Төмөрсүх гэгч нvгэл сундалсан нэгэн эр орчлонгоос халих нь энэ. Үүний дараахан бие нь өргөс авсан мэт илааршсан зайран Дамиран харгалзагч, тоо бүртгэгч нар дээр ирж “Би ялаа хийе” гэж хэлжээ. Тvvний хvсэлтийг хорихынхон хvлээж авсан боловч бусдын адил хvнд ял хийлгэсэнгvй. Дамиранг байрны цэвэрлэгчээр томилж ээлжинд гарч буй хянагч, офицерууд хоолноосоо илvvчилж, зарим нь дулаан хувцас хунар өгөх болсноор нэг их зовж зүдрэлгүй хугацаат ялаа дуусгаж суллагдсан байна. Төмөрсүхийг ийнхvv хорвоогоос халихад хоригдлууд бараг баярлаж байсан гэж Дамиран зайрангийн “гал хам” эл түүхийг ярьсан юм.

  • МОДООН УДГАН

    Хаан цолд дийлдээгүй
    Гомбын басган Модоон би
    Эзэн хаанд дийлдээгүй
    Эрх дураараа Модоон би хэмээн тамлаж бөөгийн биед бууж ирдэг гэсэн.
    Модоон удган улаачдаа буугаад хурсан олноос “Эвэр бомбоо минь ээ байна уу?” хэмээн нэхэж байхад нь хурсан олон инээлдэн шуугилдаж зарим нь ичингүйрэн нүүрээ нуудаг байсан гэнэ. Энэ тухай Модоон удган сайн эрийн дүрээр зүсээ хувилган хувцаслаж, аймаг хошуу алгасаж, баяд ноёдын адууг хөөж явдаг байсан бөгөөд шинжээчид түүнийг мөшгин үзэхэд эм хүн гэдэг нь огт мэдэгдэхгүй байжээ. Учир нь тэрээр мөр үзэхдээ хүртэл үхрийн эврийг нүхлэн хийсэн бомбоо хэрэглэдэг байсан тул явдал суудал, аяг араншин нь эр хүний намба төрийг итгэж байсан гэнэ. Тийм ч учраас энэ онгод орж ирээд тэр үеэ дурсан бахдаж тийнхүү “эвэр бомбоо” нэхэж улс олныг гайхширалд оруулдаг байжээ.

  • АСУУЛТ, ХАРИУЛТ-2

     

    2021.10.30 дугаар 01 Улаанбаатар хот

    Хориглох тухай
    Монгол бөөгийн хөгжилд уламлалт дэг жаягийг хэвшүүлэх зорилгоор ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    МОНГОЛЫН НИЙТ БӨӨ НАРТ
    Нэг. Нэгдсэн их тахилга болон Хайрхад, овоо, лусад Монгол бөөгийн зан үйлээр тахилга хийхдээ зөвхөн монгол үндэсний нэрмэл архиар өргөл үйлдэж хэвшүүлж, орчин цагийн хатуу архи хэрэглэхийг хориглосугай.
    Хоёр. Нэгдсэн их тахилга болон Хайрхад, овоо, лусад Монгол бөөгийн зан үйлээр тахилга хийхдээ хүндэтгэлийн идээнд “ул” боовыг хэрэглэхээс татгалзаж, хориглосугай.

    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • Тэнгэрийн үүд хаагдсан, бөө дахиж төрөхгүй гээгүй бил үү

    Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхрын тагтнаас унасан хүн “Бөөгийн онгод орлоо” гэж хэлээд үсэрсэн хэрэг гарсан тухай сонсоод ихэд гайхлаа. Ар гэрийнхэн нь дэггүй хүүхдээ “Бөө болох гэтэл онгод нь орохгүй байж байгаад гэнэт шөнө унтаж байхад нь орж ирснээс ийм юм боллоо” гэж өмөөрсөн тухай телевизийн мэдээгээр цацагдаж байв. Энд логик алга байгаа биз. Тэнгэрийн үүд хаагдтал хаана юу хийж явсан онгод гээч вэ. Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий. Энэ зүйлд “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийг шийтгэх вэ. Улаачаа амиа хорлоход хүргэсэн онгодыг уу. Сүүлийн үед бөөгийн онгодтой холбоотой хүний амины хэрэг олонтаа гарах боллоо.

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад шүтээний дэргэд болсон удган болох гэж байгаад буцалсан халуун усанд шалзарч амиа алдсан эмэгтэйн хэрэг, архинаас гарах гээд халуун архиар утуулж амиа алдсан хэрэг гээд онгод, бөөтэй холбоотой хэргүүд ар араасаа хөвөрч байна. Одоо бүр хэтрээд тагтнаас хүн түрхэж алчихаад “талийгаач бөө байсан юм аа” гэж хэлэх л дутаад байх шиг байна. Тиймээс бөө удгадыг цэгцлэх цаг болжээ. Саяхан нэг мундаг бөө Центрпойнтын хавьцаа бусад бөө нарыг цуглуулаад нэг бүрчлэн шалгаж “Чи жинэхэнэ ориг бөө байна”, “Чи биш, хульхи нь байна” гэх зэргээр “”аттестатчилна” гэсэн сураг гарч байснаа чимээгүй болсон. Мэдээж, нэг ч бөө очоогүй байлгүй. Тэгээд ч бөө бөөгөө хумина гэж юу байх вэ. Энд төрөөс л оролцох хэрэгтэй байна. Иргэд ч хараал хийчих вий гэж айлгүй өөрийнх нь талаар худал чалчсан бөөг цагдаад өгчихмөөр байгаа юм.
    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүртэл УИХ-ын чуулган дээр бөөгийн талаар “Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ. Арга ядсан хүний энэ гуйлтыг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авсан, биелүүлэх эсэх нь харин тодорхойгүй байна. Бодвол бүгд л өөрсдийн гэсэн багш, бөөтөй болоод тэр биз. Угтай гэдгээ мэдчихээд авахаар бэлдэж байгаа нөхдүүд ч байж магадгүй юм шүү. С.Ламбаа сайдын хүсэлтийг биелүүлэхгүй цаарглаад байгаа болохоор нь л ингэж хардаж байгаа юм шүү.

    Х.Сайхан