Category: Монгол бөө

  • БЭЭЖИНД АЯЛАВ.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Бээжин хотод ажиллах явцдаа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг бүрэлдэхүүндээ авч явсан билээ.
    Монголчуудын хэлдэгээр “мянга сонсоноос нэг үз” гэдэг зарчмыг баримталдаг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд боломж гарвал бөөгийн төлөөллийг бүрэлдэхүүндээ багтааж хурдацтай хөгжиж буй орны туршлагыг нүдээр үзэх боломж гаргадаг.
    Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцах зорилгоор улс төр, цэргээс тэтгэвэрт гарсан, иргэний ба бөө нарын төлөөлөл, жилд дундажаар 80 орчим хүнийг ажлын бүрэлдэхүүндээ багтаан авч явжээ.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг хятадын “цагаан хэрэм”-ийг үзүүлж, түүх соёлын газруудаар аялсан байна.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН О.ТУУЛ ГАЛЫН ТАХИЛГА ХИЙВ.

    Тиймээс түүний зүтгэлийг өндрөөр үнэлж Монголын бөөгийн төв байгууллагаас мөнх тэнгэрийн төлөө “мөнгөн шонхор”, “хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
    Энэ явцдаа монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах чадвартайгаа харуулсан, монгол бөөгийн байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд байж их зүйл хийхээ ухамсарлан ойлгосон зүтгэлтэн болох нь харагдлаа.
    Оройн наран жаргах мөчид Хүй долоон хутгийн зүг олон арван машиныг бүрэлдэхүүндээ багтаасан цуваа Шархүүгийн дөрөлжөөс хөдөлсөн билээ. Цугларсан олон гар нийлэмжтэй ажиллаж тун богино хугацаанд бэлтгэлээ ханган галын тахилга хийхэд бэлэн болсон билээ. Тахилгад МБНЭ-ийн удирдлага оролцож, үзэж сонирхолоо.
    Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул толгойлог бөөлж, араас нь түүний олон шавь нар дэмжин бөөллөө.
    Өндөр дээдсээс өвлөгдөн ирсэн төрөлх газар шороо,уул усыг минь хайрлах хамгаалах сэтгэлийг шингээсэн Галын тахилга амжилттай зохион байгууллаа.

  • “Сартваахи”-уудын хаврын синдром эхлэлээ

     

    Манай улсын хувьд 1990 оноос өмнө шашин номлолыг үгүйсгэх марксист, социалист үзэл хүчтэй өрнөж байснаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш иргэний шашин шүтэх эрх чөлөө хуулиар хамгаалагдан нээлттэй болсон. Үүнтэй аялдан тухайн цаг үед нэг хэсэг иргэдийн “ангаж цангасан” итгэл үнэмшил дээр дөрөөлөгчид цөөнгүй төрсөн байдаг. Ямар сайндаа л Монгол улсын Ерөнхийлөгч дэргэдээ “төрийн үзмэрч”-ийг залж байхав дээ. За тэгээд харь гаригийнхантай учрагсад, өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа, Алтан цөгцний хэрэг гээд олон хөгжилтэй үйл явдлуудыг дурьдаж болно.
    Харин эдүгээ дээрх цаг үеийг бодвол хүмүүсийн итгэл үнэмшил харьцангуй тогтвортой болсон. Гэсэн хэдий бидний дунд “бурханаар бөөлжигч”, “дүнз доктор”, “мөнгөний даллага дуудагч”, “дэлхий сөнөхийг урьдчилан харагч”, “хаан хатан ухааныг дэлгэрүүлэгч”, “хар цагаан сүлд тахигч”, “ханийн заяа дуудагч”, “алтан ургийн хунтайж” гээд сонирхолтой хүмүүс байсаар л байна. Тэдний үйл хэрэг намар хавар идэвхидэг гэж хэлж болно. Намар сургууль соёл эхлэж, хөдөө гадаанаас боловсрол мэдлэг багатай хүмүүс олноороо хотод цугладаг. Энэ үед элдэв “сартваахи”-ууд ээлжит номлол, лекцээ явуулдаг. Тэдний “сургаал”-ыг сонсохын тулд 10-20 мянган төгрөг төлөх хэрэгтэй.

    Хүмүүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам. Хоногийн хоолоо олж идэхийн тулд хог шаг түүхчээ болж амьдарч байгаа нэгэн байхад унаж байгаа машиныхаа түлшинд сардаа 1-2 сая төгрөг зарцуулж байгаа нэгэнч байна. Эдний дунд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” хорвоогийн бор хоног, шар нарыг элээж байгаа олонхи бас байна. Ийм хүмүүсийн хувьд ажил үйлсээ бүтээх, мөнгө төгрөгтэй болох, эд эдлэл элбэгтэй байх нь “мөнхийн мөрөөдөл”. Мэдээжийн хэрэг баялаг бүтээхийн тулд хүн хөдөлмөрлөх ёстой. Гэхдээ хөдөлмөрлөөд, зүтгээд хүн бүхэн “хүссэн” амьдралдаа хүрч чадахгүй нь гачлантай. Ингээд аргаа барж явахад, “мөнгөтэй” болгох арга зааж өгөгсөд гараад ирнэ. Тэд хүмүүст амар хялбар аргаар мөнгөтэй болохыг зааж өгнө. /хулгай, луйврыг аргаар мөнгөтэй болох тухай биш шүү/ Энэ арга нь хялбархан, тарни унших, сарруу түрийвчээрээ даллах, нар зөв гарав эргүүлэх, даллаганы уутаа зөв байршуулах гээд олон арга байдаг юм билээ. Жаахан хошигноод хэлбэл, “Буратино” зохиолд гардагчлан Базилио муур, Алиса үнэг хоёр Буратиног зальдаж мөнгийг нь авдагтай адилхан мэт.
    Хавар бас тэдний үйл ажиллагаа идэвхижинэ. Ингэх л бас л итгэл үнэмшилтэй холбоотой. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор хүмүүсийн үйлдсэн буян арвиждаг гэж үздэг буддын шашны үзэл санааг дагалдуулан буян номын үйл, сан уншлага, гүрэм засал нэрийдлээр бусдын итгэл үнэмшил дээр дөрөөлөн өөрийн түрийвчээ зузаатгагчид олон.
    Тун удахгүй газар гэсэхтэй холбоотойгоор бөөгийн зан үйл идэвхжээд эхлэнэ. Үүнийг дагалдан энэ төрлийн “бизнес” цэцэглэнэ дээ. Монголчууд бид чинь төрийн хууль батлах дээд байгууллага, Засгийн газартаа бөө зайрантай хүмүүс шүү дээ. Мөнх тэнгэр тэднийг ивээг дээ.

    Одоо элдэв лекц, уншлага, буян ном хурахуйн үйл ид үргэлжилж байна. Та тэдэнд найдах уу, өөртөө найдах уу…
    Ц.Мөнх

  • Өнөөдөр өнөө сүрхий чанар

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн 17 настай, МУИС-ийн оюутан Н-г ээж нь “Хулгана жилтэй хүмүүст морь жил харш юм байна. Хичээл номынхоо завсраар Гандан орж ном уншуулаарай, юмыг яаж мэдэхэв. Дээрээс нь чиний мэнгэ голлосон юм билээ” гэж хаанаас ч юм бэ олсон нэгэн сонины тасархай олоод хэлжээ. Гэтэл ээжийнх нь хэлсэн энэ үг ч нөлөөлсөн юм уу шалгалтаа тааруухан өгөв. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр дараагийнхаа шалгалтан дээр ч уначихсанаас хойш охины толгойд лам хуваргаар явах нь дээр юм байна гэсэн бодол хэдэн өдөр эргэлдэв. Сар шинийн 15-наас өмнө амжиж Ганданд очихоор гудамж ороон явж байтал “ Харш жилтэй хүмүүст бөөгийн бүх төрлийн засал хийнэ, хар цагаан хэл ам, хараал жатга хариулна “ гэх зар бичсэн хашаа өөрийн эрхгүй нүдэнд нь тусчээ. Охин ч эрсэн зүйлээ олсон мэт орвол хашаан дотор хамгийн буланд байх нэгэн жижиг шавар байшинд нүүрнийхээ урдуур унжлага унжуулсан Бэхбат гэх бөө Н-г босго давангуут “ Хулгана жилтэй эмэгтэй хүн ч энэ морин жил явдалтай “ хэмээн хэлэхэд охин үнэн голоосоо итгэв. Тэгээд үргэлжлүүлэн “ Хар цагаан хэл ам ихтэй байна. Шиний 25-ны дотор засал хийлгэхгүй бол амь насанд цөвтэй. Гараад нэг шил архи, арц, таван ширхэг том чихэр, сонгино, сармис нэг нэгийг аваад ир “ гэжээ. Бөөгийн гүнээ итгэсэн Н ухасхийн гүйн гарч, хэрэгцээтэй зүйлийг нь авч ирэв. Бэхбат архиа задлан, бөөгийн засал хийнэ хэмээн архи уулгаж нэлээд согтоожээ. Түүгээр ч барахгүй хар, цагаан хэл амыг нь архиар цэвэрлэж гаргана хэмээн хуурч зочид буудалд дагуулан ороод хамаг хувцсыг нь тайлж, хөвөнд шингээсэн архиар биеийг нь арчсан дүр үзүүлж дөвчигнөжээ. Үлдсэн тал шил архийг аягалан ямар нэгэн юм шивнээд охинд шахсаар уулгаад согтоожээ. Ийнхүү тасарч унасан охиныг тэрээр өөрийн дураар буудлын өрөөнд хэдэн цагаар эдэлсэн аж. Охин ухаан орсоны дараа босож ирвэл хамаг бие нь хөндүүр байх бөгөөд дотуур хувцас нь нил цус болсон байж. Н шууд эмнэлэгт очиж үзүүлбэл онгон хальс нь хөндөгдсөн, хүчиндүүлсэн болохыг тогтоожээ. “ Харш жилтэй хүнд бөөгийн засал хийнэ “ хэмээн хуурч залилаад хүчиндсэн Бэхбатыг цагдан хорих явцад мөн л 17-18 насны хулгана жилтэй гурван охиныг хүчиндсэн нь илэрчээ. Бэхбат нь таван жилийн өмнө бөө болсон бөгөөд урьд өмнө залилангийн хэргээр тэнсэн авсан аж. Үүнээс гадна Төв аймгийн нутагт бөөгийн чанарыг авахуулж байна хэмээн нэгэн хуурамч бөө цэл залуухан 25 настай охиныг халуун чулуун дээр суулгаж, түлж алсан ноцтой хэрэг гарч байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлчлүүлэгчээсээ ахиухан мөнгө салгах гэсэн нэгэн шуналт бөө машиныг нь дэлбэлж байсан хэрэг гарч байсан юм. Энэ мэтчилэн сар шинийн дараа луйварчин гаж донтой бөө, удгануудын хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

  • Д.Батчулуун: Аавын минь өвийг залгах үе ойрхон байгаа

    -Аав чинь аль нутгийн хүн юм бэ?
    -Аав минь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын хүн.1960 оноос цаатангуудыг суурьшуулсан шүү дээ.Цагаан нуур сум гэж бий, аавын минь онгод шүтээнтэй нутаг.Аавыг хүмүүс их л дурсан ярьцгаадаг юм.Эрдэм чадалтай л зайран байсан даа.Ээжийн минь ээж намайг анх хүй боож авсан юм билээ.Эмэг эх минь есөн хүүхэд төрүүлсэн буурал байлаа.Намайг нэг настай байхад аав минь баривчлагдсан юм.Ээж маань 1950 онд намайг аваад хот орж, Батцагаан гэдэг шоронд аавыг эргэж очиж байсан.Манайхан чинь ер нь “ногоон малгайтан” гэхээр их айдаг улс байж.Ялангуяа ээж минь “ногоон малгайтан”, тэнгэрийн дуу хоёроос л их айна.Хуучин арьс өнгөний эмнэлэг чинь шорон байлаа шүү дээ.Гаднаас эргэлт оруулахгүй болохоор нь балчир надад гуулин данхтай цай, идэж уух юмыг нь бариулаад явуулж байсан юм.Би багадаа бэтгэ өвчин тусч бие их мууддаг байсан.Том гэдэстэй, явган яваад амьсгааддаг сонин хүүхэд байлаа.Эмнэлгээр яваад нэмэргүй.Манайх Хатгалд хэсэг амьдарсан л даа.Тэнд эмчлүүлээд тус болоогүй.Тэгтэл нэг орой аав хүрээд ирсэн.

    -Шоронгоос оргоод ирсэн юм уу?
    -Бодвол тэгсэн байлгүй дээ.Аав надад үлгэр их ярьж өгнө.Шоронгоос хүрч ирсэн шөнөө намайг өвөртөлж унтсан.Маргааш нь би маш их шээж, бэтгэ маань тэр дороо л эдгэрсэн.Ер нь аав маань засал хийж байна гэж нэг их юм хийдэггүй байсан санагдана.Яахав, хатуу үйлийг засдаг л байсан байх.

    -Олон удаа баривчлагдсан уу?
    -Олон доо.30 гаруй жил шоронгоор явсан.Монгол, төвд бичиг үсэг сайтай, тоонд их гаргууд хүн байсан юм.Үнсэн самбарт тоо бичиж хүмүүсийн төөрөг заяаг хэлдэг, хүнийг шууд хараад мэдэрдэг байсан юм билээ.Би бол ном судар юмаа харж хэлдэг.Аав шиг шууд хараад хэлж мэдэхгүй шүү дээ.Тийм хүч чадал одоохондоо надад хүрч ирээгүй байна.Гэхдээ манайхны удам ирнэ гэж би боддог юм.Гурван зээ, нэг охинтой.Аавын минь сүнс бидэндээ эргэж ирсэн.Тиймээс аавын өвийг залгах үе ойрхон байна.

    -Ю.Цэдэнбал гуай аавыг тань шоронд байхад Б.Ширэндэвийг уулзуулахаар илгээж байсан юм гэдэг.Тэр тухай та хуучлахгүй юу?
    -Судлаачид тэгж л ярьцгаадаг юм.Би тэр тухай сайн мэдэхгүй.Би хүмүүсээс аавынхаа тухай зөндөө их зүйл сонсож байсан.Наадах чинь тэдгээрийн нэг биз.Аав бол аргагүй л чадалтай зайран байж дээ.Ээж бид хоёр анх хот руу нүүж ирээд аавын эгчтэй суусан Даваажав гэдэг айлын хажууд гэрээ барьсан юм.Ээж нүүрс асааж чадахгүй их хөглөдөг байлаа.Нэг орой тэгж будилж суутал гэнэт аав ороод ирсэн.Түүнийг орж ирэхээс өмнө би нүүрсний угаарт цохиулж үхэх шахаж байсан юм билээ. Аав шууд л над руу шанагатай ус цацаж амийг минь авсан. Ер нь их сонин, хамгийн эгзэгтэй цаг мөч бүрд аав маань аль ч шоронд байлаа гэсэн хүрч ирээд л янзлаад явдаг хүн байв.Түүний хувьд шоронгоос гарч явах нь чөлөөтэй байсан юм шиг байгаа юм.Шоронд тэр одоогийн хүмүүс шиг зовж зүдэрч байгаагүй болов уу.Өөр газар байх боломжгүй юм чинь аав минь шорондоо төрийнхөө сүлдэн дор бөө хүний ёсоор зөв амьдарч байсан нь тэр байх.Тэнгэрийг төрт ёстой нь холбож өгөх гэж л бөөгийн эрдэмд мэрийж явсан юм.Харамсалтай нь би хоёр удаа аавыгаа цагаатгах гээд чадаагүй.

    -Яагаад чадаагүй гэж?
    -Бөөгийн зан үйл хийлээ гээд л аавыг баривчилж хорьдог байлаа шүү дээ.Энэ бол хэлмэгдүүлэлт.Бөөлөхдөө хүнээс өргөл барьц авдаг байсан гэж ялласан юм билээ.Есөн хадаг, гурван дээлийн өнгө, дөрвөн данх, 273 төгрөг л авсан байдаг юм.Үр хүүхдүүд минь Дээд шүүхээр хөөцөлдөх байлгүй дээ.Хуулийнхан болохоор хэлмэгдүүлэлт биш ээ, тэр үеийн хуулийн заалт нь тийм байсан юм гэдэг.Гэхдээ бөө, шашныг хорьж байсан үеийн хэлмэгдүүлэлт яах аргагүй аав дээр их хатуу туссан гэж би үздэг юм.Одоо цагт юун 273 төгрөг, хэдэн тэрбумаар нь ууж идэж байна шүү дээ, энэ эрх мэдэлтнүүд нь.Гэхдээ аав шоронд орохыг ер тоодоггүй хүн байсан.Хамт хоригдсон хүмүүс нь ярьдаг л юм, Дамдин зайрантай л хамт хоригдох юмсан гэцгээдэг байсан гэж.Шоронд хонины мах чануулж идээд л, дуртай үедээ гардаг, хүмүүст их тусалдаг, шидийг ч үзүүлчихдэг, ер нь их олон түмэнтэй хүн байж дээ.

    -Бөөд хүмүүс өргөл барьц өгөх ёстой юу?
    -Хүмүүс лус савдгаа хилэгнүүлж байна.Хэрүүл үүсгэж байна.Энэ бүхнийг засахын тулд заавал тэнгэрээ аргадах хэрэг гарна.Барьц өгнө гэдэг чинь хүний л муу үйлээс болж байгаа юм.Өргөл барьц гэдэг бол тухайн үйлээсээ шалтгаална.Өргөл барьц өгч л таарна.Гэхдээ тааруулж авах нь чухал.Ул үндэсгүй өргөл барьц бол аль алиндаа зохимжгүй.

    -Таны ээж бас удган хүн байсан уу?
    -Ээж болохоор Завхан аймгийн Яруугийн голын хүн.Ягаан удган гэж байлаа.Хөвсгөл рүү нүүж очоод Хатгалын ноосны үйлдвэрийн анхны ажилчин болж байсан юм.Ээжийн талд лам олонтой.Цагийн эрхээр хил давж гарсан лам ч бий.Аавын минь ээж нь түүний тэнгэрийг таньж удган болгосон.Бие нь их мууддаг хүн байсан юм.Сүүлдээ чадалтай удган болсон доо.Ялангуяа хүүхдэд их ээлтэй.Олон хүнд өвчтэй хүүхдийг амьдруулсан.Одоо тэр азтай хүмүүс нь бидэнтэй уулздаг л юм.Ер нь дээр үеийн улаач нар ямар сайхан улс байсан юм, одоогийнхныг дагуулахгүй чанартай шүү.Гэвч бас л баривчлагдаж байлаа.

    -Ээж тань хэдэн удаа баривчлагдсан юм бэ.Бөөллөө гэж тэр үү?
    -Гурван удаа баривчлагдсан юм.Гэхдээ мөрдөнд нэг нэг хоноод гарч байлаа.Хамаг юмыг нь хурааж аваад явуулдаг байсан.Ааваас хойш архи их ууж байсан даа.Санаа сэтгэл нь ямар олигтой байх билээ дээ.Ээж их олон онгодтой байсан юм билээ.Тэрийгээ хүн бүрд үзүүлэхгүй шүү дээ.Ойр дотны хүндээ л гаргадаг байж.Би одоо шавь авдаггүй.Тийм хэмжээний улаач болоогүй байгаа.

    -Аав тань бас шид үзүүлдэг их олон янзын онгодтой хүн байсан гэл үү?
    -Ер нь манай уг удмын онгод бол өндөр дээд онгодууд юм.Дархадын нисдэг долоон бөөгийнх ч бий.Мөн Есөн их хайрхадын онгод байдаг.Эд бүгдээс сэтгэлд оромгүй хүч чадал гарна л даа.Хулгайч онгодууд ч байсан.Аав минь аль онгодоо ашиглаж байсныг би сайн мэдэхгүй юм.

    -Аавын тань танилууд, шавь нар нь таньтай уулздаг уу?
    -Өө, их олон хүн дурсаж суудаг.Зарим нь ирж уулздаг л юм.Би нэг сайн дурсамжийн ном бичдэг юм билүү гэж бодож байна.Түүхэнд хүмүүсийг зөв бичиж үлдээх нь чухал.Аавыг минь бэрээр нь овоглоод бичсэн хүн ч байж л байх юм. Зарим нь Дамдин зайрангийн аав Батчулуун гэдэг удган байсан гэж бичих вий дээ. Ингэж гажуудуулж болохгүй шүү дээ.

    -Ер нь хуурамч бөө олон болжээ.Та тийм хүмүүстэй уулздаг л биз дээ?
    -Харин тийм ээ.Гэхдээ тийм хүмүүс чинь надаас зугтаадаг юм.Тэнгэр шүтээнээ олон нийтэд таниулах ажил хийж яваа болохоор тэдэнд би их харамсдаг.

    -Бөө удганд сургалт зайлшгүй хэрэгтэй юү?
    -Одоо цагт их хэрэгтэй байна.Зан үйл, онгод тэнгэрийг зөв зааж, хэлж өгөх хэрэгтэй.Дээр үед бол өөр байж.Огт уг байхгүй хүнийг бөө болгоно гэх нь утгагүй шүү дээ.Багш нь тухайн шавийнхаа уг удмыг сайн мэддэг байх ёстой.Гэтэл зарим нь 99 тэнгэрийн дээр байгаа 106 дахь тэнгэрийн онгод чамд байна гэх мэтээр залж байх юм.Ингэж болохгүй шүү дээ.Бөө болох гээд чадаагүй, болих гэхээр больж чадахгүй хүний өмнө хүүхдүүд нь бөхийж очоод мөргөх, өрөвдмөөр юм.Хаанаас ч юм татаж авчраад өөртөө нааж орхисон онгодтой бөөнцөр цөөнгүй байна.Өчнөөн сая төгрөг өгч багш, шавь болоод сүүлд нь багшийгаа хайгаад олохоо больсон ч хүн байж л байх юм.Тиймээс бид бөөгийн ёс зүйн дүрмээ хэлэлцэж баталсан.Яваандаа чанаржих байх.

    -Та хэдийд удган болсон юм бэ?
    -Аав, ээжийнхээ нас барснаас хойш ганц охиноо үхдэгийн даваан дээр, амьдралд шахагдаж явсаар нэлээд хожуу удган болсон.

    -Охины бие гайгүй болсон уу?
    -Одоо зүгээр ээ.Хань бүлтэй сайхан л амьдарч байна.Би чинь бас онгодын хүчээр амьд явж байсан хүн шүү дээ.Ээжийн минь арав гаруй онгод намайг тээж явна.Зайран хүнээр надад хуур бэлдүүлж өгсөн юм.Амь тогтоход тэр нь ч зөв байсан юм билээ.Миний багш чинь Баяр удган.Тэр миний дүү юм.Надад дээд язгуурын, бүр 200 гаруй жилийн өмнө байсан онгодууд ч бий.Миний уг удамд тэр бүгд байдаг байжээ.Өөр дээрээ бороо оруулдаггүй хүн ч манайхан дунд байсан.Энэ ч яахав, бараг жирийн юм.

    -Тань руу олон хүн ирж засал хийлгэдэг үү?
    -Би ер нь хүн хүлээж авдаггүй.Аав, ээж дээр минь даатгалтай байсан, нутаг усны, танилын хүрээнийхээ цөөн хүнийг авдаг юм.Зарим нэг найз нар минь гуйгаад хүрээд ирдэг л дээ.Гэхдээ голдуу утсаар яриад юмыг нь үзээд өгчихдөг.Заримдаа хийхээс аргагүй зарим хүний юмыг тусгайлан хүлээж авахаас аргагүй л болдог доо.

    -Та Бөөгийн нэгдсэн эвлэлд ямар алба хашиж байгаа вэ?
    -Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа.Бид бөөгийн ёс заншлаа жинхэнэ ёсоор хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Бидний тухай www.mongolianshaman.com сайтаас уншиж болно.

  • Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

    Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна.
    Эпилепси өвчний үүсэх шалтгаан, эмчилгээний талаар Монголын неврологийн нийгэмлэг, “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяатай ярилцлаа.
    -Эпилепси өвчин үүсэх ямар шалтгаанууд байдаг юм бол. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий.
    -Эпилепси буюу унадаг, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин.
    Энэ өвчнөөр бүх насныхан өвчилдөг. Наснаасаа хамаарад шалтгаан нь өөр байдаг. Жишээлбэл, 20 хүртэл насанд энэ өвчнөөр өвчлөх шалтгаан нь төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн зэрэг байж болно. Өндөр халуурснаас болж энэ өвчнөөр өвчилж болно. Дээр нь удамшил бас нөлөөлдөг. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикл унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна.
    Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг
    Манай улсад давамгайлж байгаа шалтгааны нэгдүгээрт гэмтэл. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаанаар үүсэх унадаг, татдаг өвчин нэлээн байр суурь эзэлдэг. Уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай.
    -Өвчнөө мэдэхгүй, оношлуулахгүйгээс болоод бага насны хүүхдүүдээс эхлээд олон хүн бөө болдог гэж байсан.
    -Өвчнийхөө талаар мэдэхгүй, шалтгааныг нь тодруулж үзүүлэлгүй уналт, таталт өгсөн гэхээр л бөө болох ёстой юм байна гээд эмчилгээг зогсоож байна. Ийм тохиолдол маш олон. Жоохон хүүхдүүдийг өвчнийг нь оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөө болгочихсон байна шүү дээ. Тиймээс ар гэрийнхэн нь энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
    -Энэ төрлийн өвчтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдаг гэсэн?
    -Нийгэмд уналт таталтыг сэтгэцийн өвчин гэж ойлгох нь давамгайлдаг. Мөн энэ төрлийн өвчтэй хүн ч эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад ордог. Зарим тохиолдолд таталт өгөхтэй зэрэгцэн бие засдаг. Ийм өвчтөнүүд үүнээсээ санаа зовоод нийгэмд, олон нийтийн дунд орохоос зайлсхийж улам сэтгэлзүйн дарамтад орж байгаа юм.
    Эпилепситэй хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна
    Мөн гэр бүлийнхэн нь манай энэ татаж унадаг юм чинь сургуульд сурах, ажил хийх, олон нийттэй байх боломжгүй гэж үздэг. Тиймээс л цэцэрлэгээс эхлээд бүхий л шатанд энэ өвчний талаар ойлголтыг өгөх, эрүүл мэндийн ажилтнуудын ч мэдлэгийг нэмж байж эпилепситэй хүмүүс сүүдрээс гарч, нийгэмдээ зэрэгцэн орших боломжтой болно. Нийгэмд зөв хандлагыг бий болгож, дараа нь тэдэнд хэрхэн туслах вэ гэдгийг ойлгуулах нь чухал.
    -Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэр байдаг юм бол?
    -Дэлхийн хэмжээнд 70 орчим сая эплепси өвчтөний 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч энэ тоонд ордог. Эдгээр хүн эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг.
    Дээрх тооны хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна.
    Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэжээ. Энэ нь манай улсад энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг харуулж байгаа юм.
    Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь
    Өөрөөр хэлбэл эдгээр хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Гэтэл Наполеон Бонапарт, Ван Гог, Достоевский Федор Михайлович гээд олон алдартай хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Ингээд ажилгүй, орлогогүй болчихоор сэтгэл санааны байдал нь хүнд болдог. Тиймээс ч бид хүмүүсийг энэ талаар мэдлэг боловсролтой болоосой гэж хүсэж нөлөөллийн ажил хийдэг.
    -Эмчилгээний талаар, үнэ өртөг, үр дүн нь ямар байдаг бол?
    -Таталт өгөх давтамж янз бүр. Жилд нэг удаа ч байж болно өдөр болгон ч байж болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүн эрт оношлуулж, эмчилгээндээ орвол таван жилийн дараа эдгэрэх боломжтой. Манайд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 80 хувь нь ууж байгаа эмийн хувьд сардаа 15-20 мянган төгрөг. Үүнээс арай үйлдэл сайтай эм нь 50 мянган төгрөг байдаг. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь. Гэвч манайд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, дэглэмээ барихгүй байна.
    Манай лабораторид шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70-76 хувь нь эмээ уух ёстой тунгаар бага тунгаар ууж байна. Тэгэхээр тухайн хүний өвчин намдахгүй, таталт өгсөн хэвээр байна. Өвчтөн өөрөө эмээ уухгүй буруутай байж болох ч нөгөө талаасаа ажилгүй, орлогогүй хүмүүс эмээ авах мөнгөгүй байж ч болно шүү дээ. Тиймээс л энэ өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд нийгмийн талаас ажилтай болоход туслах, эдийн засгийг дэмжих гээд олон талт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

     

  • 2010 05 13 Зүүн Хараа Ноён уулын тахилга

     

    Нартын орны үрс
    Алиагаа алдсан амьтад
    Далайн мандлаас цаашихыг нь
    Даанч мэдэхгүй дээ
    Агаар мандлаас дээшхийг
    Арайч мэдэхгүйдээ
    Эх дэлхий ээжийнхээ
    Элгэн биенээс үүссэнээ
    Огт оргүй тэнгэрээс
    Оюун санаагаар биежсэнээ
    Хүн төрхөө алдагсад
    Мөн чанараа гээгсэд
    Ухаарч ойлгоогүйд
    Удмын тэнгэрүүд хилэнтэй
    Хүн төрөлхтөний үйл хэрэг
    Хөрст дэлхий ээжийн
    Хүсэл зорилгод нийцэхгүй байна
    Орон дэлхийн уудамд
    Огт оргүй зайд
    Цаг хугацаанд баригдахгүй
    Цаглашгүй их тэнгэр
    Хий дүртэн
    Хийсгэлэн биетэн
    Хийсвэр оюун санаатнуудаас
    Биелэж бүтсэнээ мэдэхгүй байна
    Оюун санааны тэнгэрээс
    Оргиж их буугаатангууд
    Мөнх хөх тэнгэрээс
    Мөргөл залбирал хүртээтэнгүүд
    Хөрст этүгэн дэлхийн
    Зүрхэн дээр оршоотонгууд
    Хүмүн төрөлхөт заяаны
    Мөн чанарыг гээгээтэнгүүд
    Билигийн сүв нь нээгдэж
    Билиг оюун нь хаагдсанд
    Мөн чанараа алдаж
    Мөхөл сөнөлд хүрснийг
    Үүсгэгч нар хүлээхгүй
    Үр дагаварыг нь хариуцахгүй
    Хөрст этүгэн эхийн
    Өвөр дээр эрхлэх
    Хүмүн төрөлх заяаны
    Мөн чанарыг илэрхийлэх
    Заяагаа хайж
    Залбирч байгаа нь талархалтай ч
    Дайр этүгэн эхийн хилэнд өртөж
    Дарьтай торхон дээр сууж
    Дальдарч байгаа амьтад
    Дагжин байгаа үрс
    Өндөр тэнгэрийн үрс гэхэд
    Үнэмшимгүй болжээ
    Өндөр дээд шүтээнээ гэж
    Өргөж тахиж байгаа бол
    Өнгөтийн орны үрс борчуул
    Өмөг гуйгаад мөргөж байгаа бол
    Ихэсийн алтан онгоноос
    Ивээл гуйгаад ирж байгаа бол
    Хамаг Монголын хаанаар
    Хан тэнгэрт гэрчлэгдсэн
    Өргөн дайдыг эзэллээ гэж
    Өөртөө омогшсон
    Эзэн хааны дархлагдсан шүтээнд
    Ивээл гуйгаад мөргө
    Тэнгэрт гэрчтэй шүтээн юм шүү
    Тэрсэлдсэнд халтай онгон юм шүү
    Өнгөтийн орны борчуул
    Өмөг гуйсан амьтасад
    Айлтгаж хэлэх үг байна
    Өндөр этүгэн ээжий чинь юмаа
    Өмөг ихтэй тэнгэр эцэг чинь юмаа
    Бие чинь этүгэн эхээс үүсэлтэй
    Билиг оюун чинь тэнгэрээс эхтэй
    Этүгэн их шүтээний
    Эмзэг нарийн эрхтэнийг
    Эрдэнэс нэрээр цөлмөж
    Гал болгон шатааж байгаа
    Гангараа болгон зүүж байгаа нь
    Өнгөтийн орны үрсийг
    Өлсөхөөрөө өөрийгөө иддэг
    Өтнөөс өөрцгүйд бодно
    Хөгжил гэдэг
    Хөгжил гэдэг
    Хөнөөлийг өөртөө дуудсан
    Хөөрхий нялх борчуул
    Сүүлийн 100 жилд
    Сүйрлийг өөртөө авчирсан
    Оюун санаанд нь
    Оргүй их баялаг байтал
    Орон лусаа ухаад
    Ойгүй гасланд унасан
    Харцын үрс
    Хааны зэрэгт хүрдэггүй юм
    Хан төрийг түшдэггүй юм
    Алтан ястай
    Ариун цустай
    Тэнгэрт тамгатай
    Өнгөтөд зүстэй амьтныг
    Дээрээс нь илгээнэ
    Дэргэд лусаас түшэхэд
    Олон түмний онцгой мэдрэмж хэрэгтэй
    Олж өргөх хэрэгтэй
    Энэ орон дэлхийн
    Эзэн болсон тэнгэр нь
    Цагаан зүгийн тахилтай юм
    Цай сүүний нэхэлтэй юм байна
    Цаг хугацаанд баригдаггүй
    Хий биеэрээ хийсэж
    Огт оргүйгээр оргиж
    Орон дэлхийгээ эргэж байдаг юм
    Эгэл ардын үрс
    Эрдэм номтой байсан ч
    Хааны язгуурт хүрэхэд
    Төрөл солих хэрэгтэй
    Алтан ястай
    Ариун цустаныг
    Олж өргөвөл
    Олон түмэн түшвэл
    Өеөдсөн төр өндийж
    Өнчирсөн түмэн сэргэнэ
    Хүмүн төрөлхтөн
    Хөгжихийн хэрээр
    Хөнөөл дууддаг юм байна
    Ариун сайхан үүсгэлдээ
    Аюулыг авч ирдэг юм байна
    Алтан сайхан лустыг
    Ашиг болгож хараатангууд
    Үйлээ удахгүй үүрнэ
    Үйлс заяа нь харлана
    Хоёр зууны дараах
    Хорлолын эхийг тавилаа
    Эх дэлхий ээжийгээ
    Эндэж халахад хүргэлээ
    Усан эрдэнэ ширгэж
    Ургамал ногоо хатахад
    Алтан дэлхий этүгэний
    Амьсгал тасрана
    Агаар мандал замхарна
    Улаан элсээр шуурсан
    Улаан нар нь төөнөсөн
    Ув улаан цөлд уйтгарлаж явна
    Балга ус олдлооч
    Балгахын заяа үгүй
    Эвэр хошуутай амьтан болж
    Энэлэх үйлийг эдлэнэ
    Хаа долоон зууны өмнөөс
    Домог болгон шүтэж
    Ихэсийн ариун шүтээн гэж
    Дархалсан газар нь
    Хан төрийн харъяалалаас гарснаас
    Өндөр төр өеөдсөн
    Өргөн түмэн өнчирсөн
    Заяачууд нь холдсон
    Зам мөр нь бүдгэрсэн
    Онголсон шиг онгол
    Дархалсан шиг дархал
    Эрдэнийн лусыг хөндөөтөнгүүдэд
    Элгэн биенд нь халдаатангуудад
    Эрээ цээргүй авирлаатангуудад
    Алтан биенд нь халдаатангуудад
    Хилэн уураа гаргаж
    Хэрэг үйлсийг нь зогсоо
    Үйлийнх нь үрийг
    Үрийх нь үрд үүрүүл
    Хоёр үеийн цаана
    Хорлол болгож очуул

  • 2. 99 Тэнгэрийн дуудлага

    Хамба хилэн хэвнэгтэнгүүд минь
    Халиу булган нудрагатангууд минь
    Хаш цагаан олбогтонгууд минь
    Хэц хэнгэргэн жолоотонгууд минь
    Агуу их хүчтэнгүүд минь
    Авралт заяат сахиустангууд минь
    Далд их биетэнгүүд минь
    Давхар олон шидтэнгүүд минь
    Хар цагаан гарвалууд минь
    Харь халуун гарвалууд минь
    Бурхан цагаан гарвалууд минь
    Буумал их шүтээнүүд минь
    Амьд бүхнийг тэтгэсэн
    Алтан шар нар минь
    Алсын замыг заасан
    Алтан гадас од минь
    Атаа таван тэнгэр минь
    Лусын найман аймаг минь
    Харсан долоон од минь
    Барууны 55 цагаан тэнгэр минь
    Зүүний 44 харын тэнгэр минь
    Хүчин 33 хурмаст минь
    Номтын 33 баатрууд минь
    Хясаан улаан тэнгэр минь
    Хялман хатан ээж минь
    Ойхны 13 ноёдууд минь
    Номын хатан ээж минь
    Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн
    Саруул зүгийн заяа билээ та бүхэн
    Дээд тэнгэрээс заларч
    Дэвжид асараас туяарч
    Ханат гэрийн хойморт
    Халуун голомтын эхэнд
    Эргэн байж буугаарай
    Найрлан байж цэнгээрэй
    Эрдэм чадал, ид шидээ
    Хайрлан хайрлан буугаарай.
    Өнө их тэнгэрийн
    Өндөр дээд шүтээнүүд минь
    Өмнө талаас ирэх
    Өнө их саадаас нь
    Өмөөрч намайгаа хамгаалаарай
    Барууны 55 цагаан тэнгэрийн
    Урхан цагаан гарвалууд минь
    Баруун талаас ирэх
    Бартаа их саадыг нь
    Барин хааж намайгаа хамгаалаарай.
    Хойд зүгийн тэнгэрийн
    Хатуу догшин гарвалууд минь
    Хойд зүгээс ирэх
    Хамаг их саадаас нь
    Хүрээлэн байж намайг хамгаалаарай
    Зүүний 44 харын тэнгэрийн
    Зуун түмэн сахиусууд минь
    Зүсрэн ирэх их саадаас нь
    Зүсэн байж хамгаалаарай.
    Мөнх хөх тэнгэрийн
    Мянга түмэн сахиусууд минь
    Магнай дээрээс минь ирэх
    Мянга түмэн саадаас нь
    … улаачаа
    Мятрашгүй сайн хамгаалаарай.
    Хий их тэнгэрийн
    Хийсвэр үүлэн дамжлагатангууд минь
    Сэрвийн бүгдээрээ хараарай
    Сэртийн бүгдээрээ чагнаарай
    Унаган биеийг минь хуяглаарай
    Удмын харгуйг минь таниулаарай
    Дааган биеий минь тахлаарай
    Далдын харгуйг минь хараарай
    Тоонон дээр минь эргээрэй
    Тод туяа татуулаарай
    Гэр дээр минь эргээрэй
    Гэрэлтэй туяа татуулаарай
    Оргойтой бөөд олуулахгүй
    Орхимжтой ламд тушуулахгүй
    Хатуу чанга хамгаалаарай
    Заяа гуйн залбирч байна
    Ерөөл гуйн мөргөж байна.
    Гунан хандгайн эвэр бариултай
    Гутаар загасан зэр зэвсэгэн холбуйтой
    Сухаа улаан бардагаа
    Сонгон байж уриалж байна.
    Зуун хөлт зултай
    Харын сайхан тахилтай
    Хамба торгон билэгтэй
    Хадаг мөнгөн хавчуургатай
    Орон дэлхийн их идээтэй
    Идээ бүр нь дээжтэй
    Аагтай шаргал цайтай
    Таван тансаг идээтэй
    Ариун сайхан сүүтэй
    Хатуу харын сэрчимтэй
    Энэ л сахан хүндлэл дээр минь
    Эргэн байж буугаарай
    Таныг гэж тахиж байна
    Тахил зулаа бадрааж байна.
    Мөн гэж мөргөж байна
    Мөнхийн зулаа бадрааж байна.
    Хаан шиг халамжтай
    Ноён шиг номхон
    Нам сууж найрлаарай
    Удаан сууж ундаалаарай.

  • Монголчуудын наран шүтлэгтэй холбоотой заншил

    Тэрбээр ийнхүү ярилаа. “Домог зүйг сэтгэлгээний нэг хэлбэр хэмээдэг үзлийн үүднээс тайлбарлая. Нэгдүгээр сарын 1-ний юм уу, Цагаан сарын шинийн 1-ний өглөөний нар харах хүмүүс олширч буйтай холбоотойгоор уг үйл зөв, буруу, сайн, муу хэмээн маргалдах нь бий.Нэг хэсэг нь “Ямар арванхоёр жилийн нэгээр сонгогдох гэж байгаа биш, нар харах гэж зүтгээд байхдаа яах вэ дээ” гэж шоолонгуй хэлж байхад, нөгөө хэсэг нь “Жилийн эхний нарыг ач холбогдол өгч харвал тэр жилдээ өнгөтэй, өөдтэй, хийморьлог байна” гэхчлэн маргацгаах болсон. Тэгвэл шоологсод болон шоолуулагсдын аль алиных нь ухамсар бусын (unconsciousness) чанадад нэгэн адил үнэн оршиж байдаг. Монгол угсаатан аль эрт Хүннүгийн үеэс наран шүтлэгтэн байсан. Тэр үеийн өвөг сэтгэлгээ буй хийгээд арван-хоёр жилийн тоололд орох гэсэн амьтад өрсөлдөхөд тэмээ, хулгана хоёрын аль түрүүлж өглөөний нар харсан нь тооллыг эхлүүлэх мэлзээ тогтоодог домгоос хамаарсан сэтгэлгээ бидний оюунд бат бөх байр суурьтай. Тэмээ наран мандах зүүн зүгт нүд цавчилгүй харан хэвтэж байтал, хулгана түүний бөхөн дээр гарч баруун уулын оройд нарны анхны туяа шижирлэхийг хараад “Нар гарлаа, нар гарлаа” хэмээн хашхирснаар мэлзээгээ авсан тухай өгүүлдэг. Тэгвэл монгол хүний ухамсар бусын (unconsciousness) чанадад аль, аль “уг үлгэр” (archetype) нь өнөө хэр оршсоор буй хийгээд шоологсод нь хулгана, тэмээ хоёрын мэлзээт домгийг санагалзаж байгаа бол шоолуулагсад нь эртний өвөг дээдсийнхээ өглөөний наранд мөргөдөг өөр заншлаа дурсаж буй хэрэг юм. Ингэхлээр зарим онолтны нотолдог шиг домог хэмээгч нь эрт нэгэн цагт байж байгаад устаж үгүй болчихсон зүйл биш, “уг үлгэрийн” (archetype) маягаар хүний ухамсар бусын (un¬consciousness) чанадад мөнхөд оршин байдаг, үе үе илрэн гардаг зүйл билээ. Иймд хэн хэнд нь зөвтгөх учир буй тул зөв буруу, сайн муу хэмээн мэтгэлцэх нь учир утга муутай, бие биеэ хүлээн зөвшөөрөх хүлцэмжийн (tolerance) асуудал л гэсэн үг. Тэгэхээр тухайн гэр бүл алийг зөв гэж бодно, тэр заншлаараа сайн, сайхныг хүсэмжлэн зан үйлээ үйлдэх нь сэтгэлийн амар амгалан хийгээд үйлс бүтээлд тустай. Айл хотлоороо урган гарч буй шинэ ондоо жарган, сэргэн аж төрөх болтугай” хэмээсэн юм.

  • УУЛЗАЖ АЖИЛАА ЯРИЛЦАВ

    Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, оны сүүлчийн улиралд хийгдсэн ажилууд болон өөрсдийн зүгээс хийсэн ажлаа тайлагнаж ярилцлаа.
    Монгол бөөгийн их зайран Батбаяр, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий нар ОХУ-ын Буриадад ажиллаад ирсэн байна. ОХУ-ын буриадад ажилласан онцлог байдлын тухай өөрсдийн сэтгэгдэлээ танилцууллаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжийтэй ярилцах явцдаа 2020 оны 1 дүгээр сард “Монгол бөөгийн онгодын дуудлага, онгод оруулах үдэх нь” сэдвээр ярилцлага хийхээр тохиролцлоо.