Category: Монгол бөө

  • Айл гэрийн сүлд тэнгэрүүдийн байр, сүлд, айлдах, өргөх, өчиг

     

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

    Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

    Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

    Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

    – Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

    – Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

    – Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

    – Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан… гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
    Хүний үзэхэд хүрэл юм
    Хүртсэн маньдаа шүтээн юм
    гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

    Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
    Хийн өндөр орноос
    Хийсгэлэн үүлний газраас
    Бууж заларч, бутарч хөгж
    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

     

  • ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

    2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн дээд цэцийн арван зургадугаар хуралдаанаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Эрдэнэтэд хэд хоног ажиллаж зураг авалт хийсэн билээ.
    Телевизээр хийгдэх цуврал нэвтрүүлгийн төлөвлөгөөний дагуу Т.Одончимэг \Өөдөө удган\ Эрдэнэт хотод анхны зураг авалтаа залуу улаач Болороогийнхоос эхэлсэн билээ.
    Эрдэнэтэд бүгд цунларч зураг авалтаа хэрхэн хийх тухайгаа ярилцав. Тэр үед нол арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун идэвх гарган ажиллаж билээ.
    Зураг авах иөлөвлөгөөнд орсон хамгийн залуу улаачийн бөөлөлт ийнхүү монгол бөөгийн түүхэнд мөрөө үлдээсэн түүхтэй юм.

  • МОНГОЛ БӨӨГИЙН УДГАНЫД ЗОЧИЛЛОО.

    Эрдэнэт хотод ажиллах явцдаа монгол бөөгийн уламжлалаа авч яваа удган Отимаагийнд зочилж, зураг авалт хийсэн.
    Удган Отимаагийн онгодын өргөөнд зочилж, ярилцлага хийж, хуур манжигаар бөөлөлтийг хийлгэж зураглал авсан. Түүний дараа түүний онгодын туслалцаатайгаар үр дүнд хүрсэн иргэний талархалын ярилцлага авсан билээ.
    Хүн болгон адилгүй, хүлэг болгон жолоо өөр гэдэг шиг монгол бөө бүр өөрийн онцлоготой билээ. Монгол бөөгийн байгууллагын төлөө хамтран ажиллах их хүсэл эрмэлзэлтэй гараагаа эхэлсэн удган Отимаа нь МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болж, хуралдаануудад оролцож эхэлсэн. Бөөлөлт, теле нэвтрүүлэг гээд мөн бөөгийн уламжлалаа авч яваа зэрэг олон чанарыг хэлэлцээд Монгол бөөгийн тэргүүн удган цолыг олгосон байдаг.
    Амьдрал баялаг, бас баян. Хамгийн эхний МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд оролцоод онгодын болон хүн хоорондын зөрчилдөөнд, орчихсон. Бөөлөлтийн нэвтрүүлэг олон түмэнд хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн.
    Олон бөөгийн дунд биеэ авч явах чадвар, онгодын хамгаалах чадал их чухал байдаг. Энэ талаар ажиллаж чадаагүй улаач бол олон бөөгийн дунд орж, хамтарч ажиллаж чадахгүй болдог. Энэ үеээс эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж эхэлсэн.
    Эхэлсэн шигээ дайчин, давзингүй байж чадсангүй. Энэ байдлаас шалтгаалан Монгол бөөгийн тэргүүн удган Отимаа МБНЭ-ийн үйл ажиллагаанд цаашид оролцохоо больсон билээ. Түүнийгээ ч далдлаж “би голомт” төвийнх гэж ярих болсон. Гэвч тэрээр хэзээ ч “Голомт”-ын байж чадаагүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийн цаана орь ганцаар зүтгэсээр ирсэн өнгөрсөн үеийн монгол бөө нарын нийтлэг зураг болон үлдсэн. Тэр одоо ч ганцаараа зүтгэсээр яваа…

  • БИДНИЙ ИТГЭЛИЙГ ТЭЭЖ ЯВАА УЛААЧ

     

    Бидний эгнээнд олон улаач гишүүнээр элссэн. Тэгээд том зорилгын төлөө сэтгэл шулуудан зүтгэсэн. Урт замыг туулсан ч амьдралын бэрхшээлт замд цөөнгүй улаач нар халширч зугатан одсон байдаг. Тэгвэл энэ бүхгийг даван туулж зорилгын төлөө дальдиралгүй явж ирсэн, улаач бол Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа юм.

    Олны итгэлийг дааж ажиллана гэдэг хүнээс олон шалгуурыг давж байж хүрдэг. Өнөөг хүртэл олон эрчүүд янз бүрийн шалтгаан хэлээд МБНЭ-ийн ажлаас хойш суусан. Тэр бүгдийн дэргэд зорилгын төлөө шантралгүй явсаар байгаа удган бол Нанжаа юм.

    Эрдэнэт хотод авсан зураглал, ярилцлага болон хуяглан бөөлсөн кино нь монголд гарсангүй. Түүний бичлэгийг хожим өвөрмонголын бөөгийн судлаачдаас олж авсан билээ.

    Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа бол уламжлалаа хатуу сахидаг дэг журамтай. Гэтэл зураглал авсан нөхдүүд Өвөрмонголд хувилан тараасан бичлэгт түүнийг бөөгийн олон хуягтай болгон засвар оруулж, өөр бөөгийн хуягны зураг оруулж үзүүлсэн байдаг. Энэ бол монгол бөөд байж боломгүй, өв уламжлалыг зөрчсөн ноцтой, амьдралд байж болохгүй “ёс зүйгүй” үйлдэл юм.

  • Анхааруулга?1

    Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс гадаадын нэр хаягтай эрдэмийн зэрэг цол , нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
    Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.

    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator” using email odko9931@yahoo.com. This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.

    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна. Odko9931@yahoo.com гэдэг хаягийг ашигладаг онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм.
    Болгоомжилно уу ?

  • Онгод тэнгэрийн айлдварууд Улаач Ц –д ирсэн мэдээлэл

    2012 оны 4-р сарын 14
    Улаач Ц –д ирсэн мэдээлэл:
    Үүрэнд нь орж
    Үндэсийг нь таслах гэж байгаа
    Амьтаны амийг гурван хар тэнгэртэй
    Зайрангаар бэхлүүл гэсний дагуу
    Зайран Д-гээр хийлгэсэн буулт:
    Харсан тэнгэрээ хайхралгүй
    Хан өндөр уулыг
    харийн шашинаар тахиулсаны
    горийг нь амсаж байна
    луу жилийн луу сарын луу өдөр
    дархадын гурван бөөгөөр
    хараал хийлгэж бариулсан байна.
    Амь насыг нь бөхөлж өглөө

  • Монгол бөөгийн их дархан удган Д.Энхжаргал МАРТАГДАШГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ

    Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын шавь нар болох Монгол бөөгийн их зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Догсмаа зэрэг олон улаач нар ирсэн бэлтгэл ажил өрнөж байлаа.
    Бид камераа суурьлуулж байх үед Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ ирж, Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргалын өргөлийг өгөөд гарна билээ. Тун удахгүй бэлтгэл ажлууд дуусч Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал бөөлөөгөө эхэлсэн билээ.
    Ийнхүү Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын тахилгын бүхэл бүтэн бөөлөлтийн бичлэг хийгдэв. Монгол бөөгийн түүхэнд өөрийн бүх л амьдралаа зориулсан Дархан удганыхаа бөөлөөг ийнхүү хальсанд авсандаа бид баяр хөөртэй байлаа.
    Цаашдаа зуны цагт Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын хээрийн онгодод хийх тахилгын зураг авах талаар тохиролцоод энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.
    Д.Хүрэлбаатар

     

  • Сүжиг ба сэжиг

    .
    1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.
    .
    Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй нийт сүм хийд, цуглааны тоо 2002 онд 85, 2006 онд 133, 2009 онд 183 байсан бол 2011 оны эцэст 247-д хүрсэн ба байнга өсч ирсэн динамик харагдана. 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна.Энэ бол нийслэлийн зохих албаны ажилтны 2012 онд гаргасан судалгаа тайлан. /Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн 2012 оны 10-р сарын танилцуулга /
    _
    Дээрх мэдээлэлд зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрсөн байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирж сууршигч ихтэйд тооцогддог гэр хороололд уламжлалт бус шашны байгууллагууд харьцангуй олноор байршдаг болохыг харуулж байгааг ч онцлон тэмдэглэжээ.
    _
    Буддын буюу шарын шашины хүчтэй нөлөөлөлд байдаг монголчууд хэзээнээсээ “эзэнд “ дургүй хандлага мэдрэгддэг. Гэхдээ энэ хэрээрээ буддын шашны сүм хийд нэмэгдээд байгаа юм уу гэвэл үгүй байна. Сүм хийдүүдийн цэцэглэн хөгжиж байгаа статистик өөр дүнг харуулна. Үйл ажиллагаа нь тогтмолжсон сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзэхэд ихэнх буюу 66.7 хувийг христийн шашин эзэлж байгаа бол 26.7 хувийг буддын, 1.5 хувийг исламын, 0.7 хувийг католик, 2.2 хувийг бөөгийн болон бусад шашны төлөөлөл тус тус эзэлж байгаа юм байна.
    _
    Дээрх мэдээллээс харахад манайд христийн шашны эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө нь нэмэгдэх чиг хандлагатай болсныг харуулж байна. Христийн сүмүүдийн үйл ажиллагаа тогтмол тасралтгүй тэлэх хандлагатай байгааг тэднийг хөрөнгө, санхүүгийн хувьд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлдэг сүсэгтнүүд, үйл ажиллагааг нь санхүүжүүлэгч гадаадын найдвартай түншүүдтэй нь холбон тайлбарлаж болох юм. Гадаадын найдвартай түншүүд гэж хэн бэ ? Үүнд тэр сүм цуглааны ард гадаадын тэр баян байдаг гэж тоочиж чадахгүй ч жирийн бус, хөрөнгөтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгдэл цаана нь байдаг гэсэн мэдээлэл байдаг. Нэг цуглаанд нэрээ бичүүлж ам бүл нэмсэний шагналд цагаан будаа хоол хүнсний дэмжлэг өгдөг нь манайхан шиг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн судсыг амархан атгах менежмент болдог. Хувь хүн бүрийн сэтгэхүй, үзэл санаа, амьдарч буй ахуй нөхцөлийг судалж тулж ажиллах Христийн сүм хийдүүдийн дэргэд манай Буддын сүм хийдүүд барагтай цоож нь онгойдоггүй арслантай авдартай адил.
    _
    Үнэн сүжгээр өргөх зул хүртэл шоу бизнес болж байдаг манай шашны сүм хийдүүд хүн төвтэй бус бизнес төвтэй болоод удаж байна. Зам мөрийн нэг зураастай цааснаас өгсүүлээд зулын голын өвс хүртэл тогтоосон үнэ тарифтай. Уншлага засал, унзад хоолой гаргах лам хүн гэдэг үнэн дотоод сэтгэлийн засал нигүүлсэхүйн тухай сургах төвөөсөө өдөр тутам холдож байгаа шигээ сүсэгтэн олны хүндлэл хүрээллээс ч мөн холдсоор байна. Буддын сургаалийн нүглийг тэвчих энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө бий болгох тухайд анхаарах олон нийтийн сонирхолыг нэмэгдүүлэх нь цаагуураа нийгмийн амгалан тайван байдал эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Энэхүү нийгэмд өгөх гэрэл гэгээтэй нөлөөллөөс нь авч үзвэл буддын шашны сүм хийдүүд үйл ажиллагааг парагматик хандлагатай болгож тодорхой шалгуур бодлогоор дэмжиж өгөх нь төрийн анхааралд байх тал ч бий. Одоо түвд хэл дээрх шашны ном судрыг монгол хэлнээ хөрвүүлэн уншиж байгаагаа сүсэгтэн олондоо ойртож байгаа гэж маадгар тайлбарладаг том хамба нар бий. Гэтэл сүжиг итгэлээрээ гэгээрэх хүсэл байвч тарифт үнэнд өргөл барцийг нь дийлэхгүйн эрхэнд найрсаг зантай христийн сүмийн пастер луу хэчнээн залуу алхаж байгааг тоолж хэлэхэд тийм амар биш болж байна. Өнөөгийн хатуу нийгэмд олон залуус бэлэн мөнгө өгч байж бэлэн мөнгө олох орлогын үүдээ нээхээс илүүтэй дотоод талдаа итгэл олж, сэтгэлийн мухардал ганцаардал төөрөгдлөөсөө гарахыг их хүсч байгаа. Үнэ тариф барьсан уншлага засал хийх үндсэн үйл ажиллагаатай буддын сүм хийдүүд дээрх ганцаардаж цөхөрсөн, сэтгэл зүйн засал гэгээрлийг хүссэн залуусаас хэтэрхий хол байгаагаа мэдэрч сэхээрэх цаг болсон байх.
    .
    Одоогоос 20 шахам жилийн өмнө буюу 1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хууль бүхэлдээ өнөөгийн шаардлагаас хоцорч, төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад учир дутагдалтай болсон гэж үзэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан байгаа нь цаг үеэ олсон алхам юм.
    .
    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 12 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт явуулсан социологийн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 68.3 хувь нь шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэтэрхий замбараагүй хэмээн үзжээ.
    .
    Замбараагүйн дээр буддын сүм хийдүүд бие даасан бодлогогүй, үзэл санааны зөрчилтэй төвлөрөлгүй, ашиг орлого санхүүгийн эрх чөлөөнд хэт тэмүүлсэн байгаа нь том мененежменттэй, их мөнгө хаясан бусад шашин урсгалын сүмүүдэд дэвжин дэлгэрэх боломжийг олгож ажилгүй зорилгогүй залуусын бүлэг эзний сургаалд нэгдсээр байна.
    .
    Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг цаг улирч сэтгэлээр амгалан оршихуйн төлөө орчин үеийн хүмүүс нэгдэж байгааг хүн бурхны зууч болсон лам нар мэдрэх цаг болсон байна.
    .
    Пүрэвжавын Баярхүү /тоймч/

  • Туул голын тахилга

    Хан хэнтий хайрханы
    Халуун өврөөс ундарсан
    Халдун их шүтээнэс
    Халгиж цалгиж урссан
    Хөх монголын үрсийг
    Хөх тамгатай амьтасыг
    Энэрэх өндөр лустан
    Ижий заяатай рашаантан
    Хатан туул ээжийн
    Харсан их тэнгэрүүдийг
    Хажир их лустаас
    Хамгаалсан их сахиусуудыг
    Өнгөтийн орны үрсийн
    Өргөл тахилын дээжин дээр
    Өршөөл гуйсан найран дээр
    Урьж залж ирүүлээрэй
    Учирлаж гуйсаныг мэдүүлээрэй
    Эзэн хааны дүрээр
    Эрдэнийн савдаг буусан
    Хан чингис хайрхан
    Хар сүлдэний буулттанд
    Хамаг олноорооо мөргөө
    Ижий лустын тэнгэрүүд
    Энх танхил дээр буух нь байна
    Хатан туулын навдагууд
    Харван байгаад эргэх нь байна
    Хаан өндөр эцгийн
    Халуун мөрөөр тамгалсан
    Хан чингис хайрханд
    Халуун тахилыг өргөө
    Гурван цагийн тэнгэрт
    Мөргөн мөргөн гуйлаа
    Гучин гурван хурмастыг
    аргадан аргадан гуйлаа
    есөн есөөр өргөлийг
    ерөөл гуйгаад өргөлөө
    гурван хөх лустыг
    аргадан аргадан гуйлаа
    хамаг монголын үрсийн
    хамжаа түшээ нь болсон
    хатан туул ээжийн
    эх ундарга болсон
    халдун хан хайрханыг
    хар сүлдэний буулттанг
    дуудаж аргадаарай
    дурсаж мөргөөрэй
    дуурсгаж алдаршуулаарай
    хан хэнтий хайрханаас
    халдун их хайрханаас
    халгиж урссан
    хамаг монгол түмнийг
    өршөөж ачилсан
    хатан туул ээж минуу
    халгиж цалгиж урссан
    эрдэнэ минуу
    ижий буурал лустыг
    ивээж хардаг сахиусанд
    аргатын орны үрс чинь
    аврал гуйгаад мөргөж байна
    өнгөтийн орны үрс чинь
    өршөөл гуйгаад мөргөж байна.
    Хүн төрлөө алдаж
    Хүсэл шуналдаа автсан
    Өндөр гарлаа умартаж
    Өнгө мөнгөнд автагсдын өмнөөс
    Өчлөө өчөөд мөргөж байна
    Өршөөл буян гуйж байна.
    Эзэн хааны түүх шаштирт
    Ижий лустан таны минь
    Эрдэнийн алдар дуурсагдаж байдаг
    Үүтгэлдээ дайсагнасны
    Үүсгэлдээ тэрсэлсний
    Алдааг аварч өршөө
    Эндүүг нь өршөө
    Эх үүсгэлдээ
    Этүгэн байгаль ээжийдээ
    Энхжингийн орны үрс
    Эндүү андуу хийснийг
    Хүлээж байгааг мэдүүлээрэй
    Хүлцэж байгааг мэдүүлээрэй
    Ай савыг минь хөндөөтөнгүүд
    Алт эрдэнэс эрээтэнгүүд
    Эрэг хөвөөг ухаатангууд
    Элс шороогоор баяжаатангууд
    Байгаль дэлхий ээжийг
    Абялагийн нүдээр хараатангууд
    Гэм нүглээ үүрнээ
    Гэсгээл шийтгэл хүлээнээ
    Эрэг биеийг минь хөндөөтөнгүүд
    Элс хайргаар баяжаатангууд
    Ай савыг цөлмөөтөнгүүд
    Ашгийн нүдээр хараатангууд
    Усан лусын хилэнд өртөнө
    Ураг удмаараа сүйрч мөхнө
    Үрийн үрээс нь эхлээд
    Үйлийн үрийг нь үүрнэ
    Уурагт бие нь усаар гачигдаж
    Учир нь олдохгүй өвчнөөр өвдөнө
    Ураг удмаараа сүйрч мөхнө
    Амь биеийг минь таслаж
    Алтан лусыг хөндөж
    Авдар авдраар алт хураалаа ч
    Аргатын үрсийг аварч чадахгүй
    Ангаа цангааг тайлж чадахгүй
    Өтөг тэргээр эрдэнэс байлаа ч
    Өнгөтийн үрийг аварч чадахгүй
    Өвчин зовлонг нь анагааж чадахгүй
    Долоон үеэрээ дамжиж
    Догшин лусын хилэнд орно
    Эдийн шуналд автаж
    Олзны нүдээр хардаг
    Одоо үеийн борчуулын
    Олон давхар орд харш нь
    Орон лусын хилэнд өртөж
    Оромж төдий болж
    Орхигдож хаягдана
    Хэлний минь биелэхийг
    Хэрэг үйлс болохыг
    Эцэг тэнгэр гэрчилж
    Этүгэн ээжий батална
    Хоёр үеийн дараанаас
    Хорлолыг минь хүртэнэ
    Эрдэнийн урсгалаа татахын цагт
    Амин урсгалаа авахын цагт
    Хэн буруутай нь хорлолыг нь үүрнэ
    Уурагт бие нь усаар дутагдах
    Учир нь олдохгүй өвчин ирнэ
    Ураг удам нь тасрана
    Эрдэнийн лусаар хөлжсөн
    Эд хөрөнгө нь эзэнгүй болно
    Олзны нүдээр харсан
    Орд өргөө нь эзэнгүй болно
    Авдар саваар алт байсан ч
    Амны цангаа нь гарахгүй
    Өтөг тэргээр мөнгө байлаа ч
    Үрсийнх нь амийг аварч чадахгүй
    Хэнтий хан хайрханы
    Хэтээс ариун шүтээнийг
    Халдун хан хайрханы
    Хан өндөр шүтээнийг
    Эртнээс тахидаг байсан
    Эрхэмлэж шүтдэг байсан
    Дархалж онголсон ариун шүтээнтэй
    Дааж харсан их тэнгэрүүдтэй
    Тэрсэлсний чинь гор гарна
    Тэнгэрт хаягдахын хор нь гарна
    Онголсон шиг онголоо
    Дархалсан шиг дархалаа
    Хорвоогийн үрс та нарын
    Ховорт тооцогдох амь нас
    Надад одоо хэрэггүй
    Нартад өнгөтөд үнэгүй
    Устай тэрсэлсэн амьтадыг
    Лустай тэрсэлсэн амьтаныг
    Ургаар нь устгаж
    Удмаар нь сүйтгэнэ

    Чингис хайрханы тахилга
    2012/5/15
    Жаргалсайхан-
    Оройн тэнгэр заяатнуудыг
    Орон лусаар хөллөөтөнгүүдийг
    Эцэг хаанаас өөр
    Эвлүүлсэн амьтан үгүй
    Энэ ариун үйлийг
    Эрхэлж байгаа амьтан чи
    Ариун цустай үр байна
    Алтан ястай нялх байна
    Бодсоныг чинь болгоохыг
    Хүссэнд чинь хүргэхийг
    Дагадаг их тэнгэрүүддээ
    Даалгаж мэдүүллээ
    Эцэг тэнгэрт ээлтэй
    Эрдэнийн лусад ашигтай
    Энэ ариун үйлийг
    Эхлүүлж байгаа чинь сайшаалтай
    Өргөн лустанг
    Өмгөөлөх сахиусыг
    Өргөх тэнгэр чинь
    Өөрийнх чинь байна
    Мэдэж байна үр чинь
    Мэргэдийн тэнгэрт мэдүүлий
    Хөрстөөн дайдыг эзэлж байсан
    Хөх тэнгэрийн улаачуудыг
    Эзнээ алдсан хараалд
    Ээрүүлж байгаа амьтдыг
    Эвлэрүүлж байгаа нь сайшаалтай
    Ариун цустай амьтан минь
    Алтан ястай үр минь
    Бодсоныг чинь болгооё
    Сонгосныг чинь сонордуулья
    Өндөр гарвалтай амьтан
    Өршөөл гуйгаад мөргөвөл
    Өмөглөх тэнгэр байлгүй дээ
    Санасныг чинь мэдүүлье
    Саадыг арилгаж сарниулья
    Бодсоноороо явбал
    Болгоосноороо замнавал
    Энэ нялх амьтан
    Эрхэт монголын төрийг
    Эзэгнэх цаг ойрхон байна
    Хамаг монголын төрийг
    Хацардах үе ойрхон байна
    Наашаа харж инээсэн
    Цаашаа харж хэлэлцсэн
    Найз гэхэд хэцүү
    Нөхөд гэхэд хэцүү
    Ийм амьтадтай үр минь
    Эвсэх гэж ядаж байна
    Хэн гэдгийг нь хэлээд өгье
    Хэлэлцсэн ярьсныг хэлээд өгье
    Хэтийн үйлийг заагаад өгье
    Бодсоноороо явбал
    Санаснаараа зүтгэвэл
    Өндөр гарвал чинь өргөнө
    Хан гарвал чинь харна
    Өндөр төрөө өргье гэвэл
    Өмөглөж түшье гэвэл
    Мөнх тэнгэрт андгай хэрэгтэй
    Мөчтэй амьтны өчил хэрэгтэй
    Хааны гучин таван эрдмээс
    Хайрлах эрдэм эрхэм гэдгийг
    Хамгийн түрүүнд бодох ёстой
    Өөрийгөө болгоо
    Өчил юугаан мэдүүлж
    Өөрийн хүнийхийг ялга
    Халуун бүлээр нь харлаа
    Ханатай гэрээр нь тойрлоо
    Халдсан хараал хорлолгүй
    Хагацал зовлон уйгүй байна
    Халуун биендээ атаатай
    Хань нөхөд итгэлгүй байна
    За хэлснийг минь бодоорой
    Хэрэг үйлсдээ болгоогоорой
    Залбирвал заяана
    Өргөвөл өршөөнө
    Бадарч
    Өнгөтийн үрийг мэднэ
    Өчил юуг нь сонсьё
    Энэ үеийн нялхас
    Энхжингийн орны амьтас
    Хүн төрлөөсөө холдсон
    Хүсэл шуналдаа хөтлөгдсөн
    Мөн чанараа алдаж
    Мөнгө өнгөнд шунасан
    Эцэг хааны төрийг
    Ивээх түших үрс
    Сэтгэлдээ сэвгүй бол
    Бодолдоо бортоггүй бол
    Ухаан санаа нь уужуу бол
    Санаа сэтгэл нь саруул бол
    Болгоосон нь бүтнэ дээ
    Бодсон нь биелнэ дээ
    Өнгөрч байгаа зуун жилд
    Үрсийн минь сэтгэл хувирсан
    Үүтгэл юугаан мартаж
    Өнгө мөнгөнд шунасан
    Бодол санааных нь
    Бортогийг гаргах
    Богино насандаа
    Буян бодох үүргээ үр минь биелүүлсэн үү
    Үйлсээ хүү минь бүтээсэн үү
    Номч овгийн
    Номхон улаачийг
    Өөрийхөөрөө өргөдөг
    Өршөөл юундаа багтаадаг
    Харц язгууртай амьтад
    Хан төрийг түшдэггүй
    Энийг болгоовол
    Эгэл түмэнд мэдүүлвэл
    Өргөж болмоор байна
    Өмөглөж түшмээр байна
    Ариун цус алтан язгуурыг
    Аргатын борчуул ойлгохгүй байна
    Эгэл олныг энэрэх сэтгэлгүй бол
    Эрдэмтэй тусмаа хортой
    Эрх ямбанд дуртай бол
    Энгүй их аюултай
    Ухаан санаа нь
    Уйтан бол
    Удмын язгуураас гарвалгүй бол
    Тэнгэр эцгээс тэтэглэггүй
    Тэнцэж босох чадваргүй
    Одоо үеийн төрд энэ зүйл
    Огтоос хамааралгүй болсноос
    Ард олондоо хүндгүй
    Алтан дэлхийд нэргүй
    Улс монголын заяаг
    Урдаас төлөвлөж хуйвалдсан нь
    Оргилсон их хилэн болно.
    Олон түмний ихэнх нь өртөнө
    Орон шоронд зарим нь явна
    Засах хугацаа бага байна
    Замнасан зам нь богино байна

  • БӨӨГИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ТУХАЙ

    Ёс зүйн доголдлыг үүсгэж буй энэхүү зөрчилдөөөн нь олдмол үйлдэл гэхээс өөр аргагүй байдалд орох юм. Иймд бөө буюу улаач, түшээд нарын ёс бусын үйлдэл болох сүйрлийн байдлыг бөө мөргөл ба бөөгийн ёс зүйд зохицохгүй нөхцөл хэмээн нэрлэгдэнэ. Өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан янз бүрийн аргаар бөө буюу улаач болсон нь олон учраас хүн төрөлхтний нүдний өмнө бөө мөргөлийн ёс бусын завхралд шилжигдэж байна гэж дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Бөө буюу улаач, түшээд нарын иймэрхүү ёс бусын үйлдлүүд нь өөрөө өөрсдийгөө болон бусад нөхдүүдээ мөхөөх зүйлийг хийж буйг шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нар мэдэж байгаа учир, “Онгод”-той хэмээх нэр хүндээ унагаж, муу сэтгэлийн улайрлын хүслээ дарж чадахгүй бол “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахуйн ухаан нь тодорхой зорилгод хүрнэ гэж горьдохын хэрэггүй гэж санууштай. Бөө мөргөл дэх дотоод зөрчилдөөнт байдлаа арилгахын тулд “БӨӨ”-гийн гэх ёс зүйн шаардлагыг нэр төртэй биелүүлэх нь чухал байна.
    Өнөө цагийн нийгмийн амьдралтай зэрэгцэн амьдран буй бөө буюу улаач, түшээд нар дотоодзөрчилдөөнт байдлаас аль болохоор ангижирч, “ТЭНГЭР, ОНГОД, Шүтээн” гэсэн үзэл бодлын тэнхлэгээ даган “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалах ариун үйлсэд сайн сайхнаар үйлчлэхийн тулд энэ ёс бусын үйлдлээ гаргахгүйгээр “БӨӨ”-гийн гэх эрдэм мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж, ёс зүйн шаардлагаа сайтар ойлгож, сайн мууг нарийн ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй байна. Бөө буюу улаач, түшээд нарын дотоод зөрчилдөөнийг ёс зүйн мэдлэг талаас нь авч үзвэл энэ нь ёс зүйн үйлдэлдээ нийгэм, эх орон, ард түмнээ болон тэр ч байтугай, өв соёлоо хүндэтгээгүй гэсэн утгыг агуулж буй ухаарал мөн. Нийгмийн ба бөөгийн орчин дахь амьдралын нугачаанд оршин буй бөө буюу улаач, түшээд нь энэрэнгүй сэтгэл, “Онгод”-той хэмээх бие гэх дотоод, гадаад хоёр талаас бүрэлддэг учир ёс зүйн мэдлэг ч гэсэн дотоод, гадаад хоёр талыг агуулж байдаг нь мэдээж билээ. Ёс зүйн дотоод мэдлэггүй байдлыг бөө мөргөлийн талаас авч үзвэл өөрийн гэсэн “Онгод”-оо хүлээж авсан оюун санаагаараа ёс бусын ба ёс зүйгүй байдалд шилжсэнийг илэрхийлэх ба яагаад “Онгод”-той хэмээхдээ нөхцөлдөн орсон, түүний амьдралын зорилго юу вэ, үхсэний дараа юу болох, мөн онгод-сүнс нь ямар замаар шилжигдэх, “ТЭНГЭР”-ийн оршин тогтнол, мөн дээр өгүүлсэнээр “БӨӨ”-гийн сайн муугийн шинж нь чухамдаа ямар дүгнэлтэнд хүрэх … гэх мэт асуудлын талаарх ёс зүйн мэдлэггүй гэдгээ харуулж буй үйлдэл мөн. Харин гадаад талын ёс зүйн мэдлэггүй шинж нь бөөгийн орчин адахь амьдрал, нийгмийн орчинтой нь оршилдуулан бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нарыг ч гэсэн оролцуулаад “Эх дэлхий, байгаль, газар лус, овоо хайрхад … гэх мэтийн тухай, түүнчлэн ертөнцийн бүхий л зүйлээс бүрэлдэх дэлхийн үндэс нь юу болох, ертөнцийн үл мэдэгдэх үзэгдэл болон түүний хувьсал өөрчлөлтүүд нь ямар хуулийн дагуу явагдаж буй үйлдүүдийн талаарх ёс зүйн мэдлэггүйн шинж юм.
    Эрт дээр үеэс эхлэн бөө мөргөл дэх үйл явцуудад үйлчилж буй ёс суртахууны мэдлэггүй шинж ихээхэн байсан бөгөөд харин түүнээс салж өнөө цагийн хөгжил дэвшлийн өнгө аясанд зохицон шинэ цагийн ёс суртахуун ба ёс зүйн мэдлэгтэй шинж рүү орж байхын төлөө эрэл хайлтыг “БӨӨ”-гийн гэх ТББ-ууд болон хувь хүмүүст энэхүү шаардлага урган гарсаар байна. Тийм учраас ёс зүйн дотоод мэдлэггүй шинжийг үгүйсгэж жинхэнэ ёс зүйн мэдлэгтэй шинжид хүрэхийн тулд үнэний төлөө гэх асуудлаа өндийлгөн хөгжүүлсэн, бөө мөргөл ба ёс зүйн гадаад мэдлэгийн хүрээнд шилжихэд ёс зүйн гадаад шинжийн үнэний төлөө бий болгон хөгжүүлсэн “БӨӨ”-гийн гэх ТББ-уудын ач гавъяа билээ. Мөн тэрч байтугай, ёс зүйн асуудлуудыг цухуйлган хөгжүүлсэн эрдэмтэд, судлаачид ч гэсэн зүй ёсоор орох болно. Ийм учраас “БӨӨ”-гийн гэх ёс заншил, зан үйл дээр нь тулгуурлан буй ёс зүйн асуудлыг хэн ч судалж болох бөгөөд харин бөө мөргөл бол шинжлэх ухаантай ихээхэн хоблоотой байх нь мэдээж шүү дээ. Бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн бүхэн хоёр талт үзүүлэлтийн ёс зүйн мэдлэггүй шинжийг даван туулахын тулд өнөө цагийн нөхцөлтэй уялдуулан гарч ирсэн ёс зүйн үнэнийг хайх арга нөхцлүүд хэрхэн юу болохыг таньж мэдэх нь бид бүхний өмнө нийгмийн түүхэнд заавал гүйцэтгэх үүрэг мөн гэж ойлгох ёстой.
    Тийм учраас бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн үл бүтэх шинжээсээ аль болохоор холдож, “ТЭНГЭР” хэмээх үйл явцтайгаа сэтгэлийн эрч хүчээ даган зөвхөн сайн бүхний чиглэлд урагшилж, бөө мөргөлийн өв соёлоо хөгжүүлэхийн тулд хүмүүний хувь тавилантай, мөн шижнлэх ухааны нэгэн үүрэгтэйгээр тухайн асуудлуудыг нийгмийн хамт олонтойгоо үнэн зөвөөр шийдвэрлэж, “БӨӨ”-гийн гэх ёс зүйн дотоод ба гадаад хоёр талт үзүүлэлтийг үнэн зөвөөр харилцан ойлголцохгүй бол бөө мөргөл нь сүйрэхийн ирмэгт дөхнө гэж санууштай.
    Эдүгээ цагийн бөөгийн орчин дахь амьдрал дээр бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмэнтэй хамтарсан туулж ирсэн замналыг нь хоёр шинжээр нь хуваан авч үзвэл:
    Үүнд :
    1. Нийгэмтэйгээ зэрэгцэн амьдран буй бөө мөргөлийн амьдрал дээр ёс заншил, зан үйлтэй холбогдуулан ёс суртахуун ба ёс зүйн үндсэн асуудлыг шийдвэрлэхийг зорих, мөн бөөгийн орчин дахь үйл явцуудад “Онгод”-той нөхцөлдсөн үйлдэлдээ шинжгэсэн үзэл бодлоор итгэсэн хүмүүс, ёс зүйн асуудлаар шийдэн буй нөхцөлд шинжлэх ухааны үзүүлэлттэй нийцүүлсэн үзэл бодлыг аль болохоор үнэлэн дэмжих нь чухал. Гэвч бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн хүмүүс ердөө л өвөг дээдсийн уламжлалт өв соёлдоо тулгуурласан ёс заншил, зан үйл, хэл аялгууны ёс зүйн хөгжил нь бие хүний оюун сэтгэхүйн хэрэгцээ шаардлагыг үндсээр нь хэрхэн биелүүлэхэд оршино.
    2. Өвөг дээдсээсээ уламжлан хүлээж авсан бөө мөргөлийн учир шалтгаан, түүний мөн чанарын амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэхийг онцлох явдал байлаа. Гэтэл бөөгийн орчин дахь амьдралаар туулан замнаж ирсэн өвөг дээдсийн сургаал болоод түүний ёс занши, зан үйлд нь тулгуурласан бөө мөргөл нь олон гавъяа байгуулсан нь үнэн боловч, нөгөө талаасаа эдүгээ цагийн бидэнд “ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн оюун санааны үйлдлүүдийг гүйцэтгэж байгаа нь ч бодит байдалтай нийцэх нь зүйн хэрэг. Өвөг дээдсүүдийн хийж бүтээсэн бөө мөргөл нь өнөө цагийн бидэнд ёс заншил, зан үйл дэх тусгалаа олгож ирсэн юм. Түүнчлэн бөө мөргөл нь ёс заншил, зан үйлээ хадгалж ирсэн ба эдүгээ цагийн нийгмийн ертөнцтэй зэрэгцүүлэн амьдруулахаар сэргэн боссон нь түүний итгэл үнэмшлийн илэрхийлэл мөн.
    Бөө мөргөлийн эцсийн зорилго нь эхлээд “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахадаа сэтгэлээрээ итгэж түүнийг ёс заншил, зан үйл, хэл аялгууны болон “Онгод”-той хэмээх үйлдлээрээ хэрэгжүүлэхэд оршиж байдаг. Ийм учраас “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах ухаарахуйн итгэл үнэмшил нь тодорхой мэдлэггүйгээр бий болдоггүй. Ер нь бөө мөргөлийг мэднэ гэдэг нь бөөгийн орчин дахь амьдралын утгыг нь агуулдаг ба “БӨӨ”,”ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн онолын эх үүсвэрийг нь батлагдаж, бөөгийн орчин дахь амьдралын туршлагаар баталгаажаагүй бол түүнийг ойлгож хүлээн авч чадахгүй шүү дээ. Харин Бөө мөргөлөө уламжлуулан авч үлдсэн өнөө үед сэргээн хэрэгжүүлж буй нь бахархалтай. Тэгэхдээ бөө мөргөлөө одоогийн хүүхэд залуучууд нь “ОНГОД”-оо хүлээн авч байх боловч итгэл үнэмшилдээ бодиттойгоор хэрэгжүүлэхгүй байгаа учир “БӨӨ”-гийн гэх асуудал нь өөрийн гэсэн түүхэн зорилгоо биелүүлж чадахгүй байна. Бөө мөргөлийн дотоод ёс зүйн үнэнд нийцүүлсэн ч гэсэн тодорхой онолын тайлбар шаардагдаж, бөө мөргөл урт хугацааны түүхийг туулахдаа шинжлэх ухаанаар тайлбарлаж болохуйцаар хангагдаж буй учраас эдүгээ цагийн эринтэй золгон гарч ирсэн юм. Ийнхүү бөө мөргөл болоод түүнийг хүлээн авч буй шинжлэх ухаан нь бөөгийн орчин дахь амьдралын хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг давахын төлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар хариуцлагаа үүрч, гараагаа эхлэн, сэргэн хөгжих үйл явцдаа хоорондоо таарахаа больж, харилцан зөвшилцөж чадахгүй шинжээ харуулж ирсэн ажээ. Ийм учраас бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмний хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг бүрэн давж, өвөг дээдсийнхээ “ТЭНГЭР” хэмээх зорилгыг зөв хэрэгжүүлье гэвэл шинжлэх ухаантай зэрэгцэн байхуйн ухаанаар хандаж “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлаар судалгаагаа үр бүтээлтэй хийхээс гадна бөөгийн орчин дахь амьдралын асуудлыг ил тод шийдвэрлэх нь өнөө цагийн эрдэмтэд, судлаачид болон бөө улаач, түшээд, шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмний эрч хүчин дэх итгэл үнэмшлийн үнэн нь гарч ирэх ёстой.
    Энд та бүхний өмнө дэлгэн тавь буй энэхүү сэдэв бол тэрхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлын итгэл үнэмшлийн үнэний нэгээхэн хэсэг бөгөөд эдүгээ хүртэл “МӨНХ ТЭНГЭР, ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН буюу САХИУС”-т итгэгчид нь сонсож, үзсэн ёс заншгил, зан үйлийн хүрээгээрээ үзэл бодлоо илэрхийлж буй үйлдэл билээ. Удахгүй цаг нь болоход энэхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх хэмээх өвөг дээдсээс ээ уламжлан хадгалагдаж ирсэн өв соёлын үнэний гүн гүнзгий утга агуулгууд нь “ОНГОД”-той хэмээх үнэний гэрэл асар хурдан, бүх хүмүүн төрөлхтний болон монголын ард түмний хүртээл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, Тэнгэр минь ивээх болтугай!
    Монгол бөөгийн зайран С. Лхагважав