МБНЭ-ийн төлөөллийн бүрэлдэхүүн бөөгийн өвөрмөц зан үйлд оролцсон нь гурван үеийн бөөлөлт байсан юм. Энэ бөөлөлтийг эртнээс бэлтгэсэн байсан. Цаг үе нь биднийг байхад тохиов. Гурван үеийн бөөлөлтийн үндсэн онцлог нь уламжлалаа дараа үедээ шилжүүлэх бөөгийн өвөрмөц ёслол, зан үйл байсан. Энэ бол хэн хүнд тохиолдоод байдаггүй, олдошгүй нандин үйл байсан.
Цагаан нуур сумаас бид хээрийн онгод руу хөдлөв. Үдшийн бүрэнхий болохын өмнөхөн хээрийн онгодод бөөлөх бэлтгэл ажлуудыг хангалаа. Түүдэгийн гал асааж, цугларсан олон дулааныг нөмөрлөн зогсоно.
Энэхүү газар бол түүхийн явцад олон зайрангийн оршин байсаар ирсэн, их онгодын өлгий нутаг билээ. Уламжлан ирсэн түүхийг уншваас энэ нутагт амьдран ирсэн Гүнг зайран, Балжинням зайран, Баатар зайран, Хүүжий зайран нарын уугуул нутаг, амьдран оршин байгаа газар орон билээ.
Харанхуй нөмрөхийн цагт наян найман насыг зооглон буй Манжигийн Пүүжий зайран хуяглан бөөллөө. Олон арван жил шүшэглэн мөргөж, залбиран дээдэлж ирсэн онгоддоо зайран ийнхүү бөөлөх болсон нь учиртай.
Энэхүү ёслол бол тэр бүр тохиогоод байдаггүй ховор агшин байлаа.
Category: Монгол бөө
-
Онгодын магтаалын дуудлагын тухай
Хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, ов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга, холбогдох зан үйл, магтаж байгаа онгод тэнгэр, эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хоёр анги болгон үздэг байна. Үүнд: 1. Бөөгийн онгодын магтаал, 2.Бөөгийн эдлэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно.Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хивс дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. Харин бөө судлаач О.Пүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай адил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна.Тухайлбал: Цэдэв удганы тамлага дуудлага:
Бар бар хийсэн хайрхадууд
Бар шиг дуутай хайрхадууд
Бараа сүр ихтэй хайрхадууд
Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт.Ж.Чандар зайрангийн тамлага дуудлагад:
Мянган мэлмийтэнгүүд
Түмэн сонортонгууд
Хийсвэр үүлэн дамжлагатангууд
Хий хивс бийтэнгүүд
Асар тэнгэр нөмрөгтөнгүүд
Аваа их хүчтэнгүүд гэх мэт.Тэрээр бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлага, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.
ГУРВАН ҮЕИЙН БӨӨГИЙН ТАХИЛГАД ОРОЛЦОВ.
Бөөгүй байр хайж байна
Гэхдээ Улаанбаатараас ойр хавьд нь бөө байхгүй хашаа олно гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ганцхан бөөтэй гудамж байвал хаашаа юм гэхээс. Гэхдээ хойд, урд талын гудамжинд байгаа бөөгийн хэнгэргээ хамаг хүчээрээ балбах дуу ч бас сонсогдоно гэдгийг тооцох хэрэгтэй юм. Тэгэхээр бөөгөөс зугтах боломж байхгүй гэсэн үг. Үгүй ээ, бод доо. Цаана чинь гудамжиндаа хэдэн бөөтэй гэдгээсээ шалтгаалаад хашаа байшингийн үнэ өсч байна гэнэ. Ойр хавьд нь ердөө ганцхан бөөтэй хашаа байшингийн үнэ даруй 4-5 саяар нэмэгдэж байгаа юм байх аа. Хамгийн гол нь тав тух, шөнө нойр үргээх хэнгэрэг байхгүй гэдгээрээ давуу тал болоод байгаа гэсэн.
Бөө нар эдийн засагт хүртэл нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн үнийг унагаж байна шүү дээ. За энэ юу ч биш. Сүүлийн үед бөө нар сүрхий хөлжиж байгаа юм уу даа. Том, жижиг хотхон, байр байшинд 2-3 бөөтэй болчихож. Аргагүй дээ, өнөө цагт лам, бөө хоёр олж байгаа орлогынхоо хэмжээгээр олигархиудын араас жагсч байхад. Саяхан нэг найзтайгаа уулзлаа. Хажуу талын айлынх нь хэн нэгэн нь бөө гэнэ ээ. Тэгээд орой орондоо ороод сайхан унтах гэхээр л хэнгэргээ нүдээд эхэлдэг юм байх. Түүнээс болоод бүтэн нойртой хонож үзэлгүй нэлээд удаж байгаа гэсэн.
За тэр нойр ч яамай, хоёр нялх хүүхэд нь айж, цочиж уйлаад хэцүүддэг гэнэ ээ. Байн байн ширэглэхэд аяганд бөөгийн дүрс гардаг. Аргаа барахдаа нүүхээр болж байгаа гэсэн. Одоогийн байрнууд хана нь гэж хальс болсон. Хажуу айлын эхнэр, нөхөр хоёрын яриа хажууд нь суугаад чагнаж байгаа юм шиг чанга сонсогддог ч байр байгаа нь үнэн. Тийм байхад хамаг хүчээрээ балбаж байгаа хэнгэргийн дуу хавь ойроор нэг цуурайталгүй яах вэ дээ.
Тэгээд ганцхан сонин юм байгаа нь тэр бөөгийн онгод тэнгэр нь харанхуй шөнө болоод, хамаг амьтан унтаж амрах үеэр буудаг нь ч бас юув дээ. Эсвэл бөө хүмүүс албаар тэгж бусдын амрах цагийг тааруулж хэнгэргээ балбаж, хүүхэд айлгана гэж баймааргүй юм. Энэ асуудлыг хэн нэгэн нь жаахан анхаарна байгаа. Одоо төрд хандах нь хаашаа юм. Барилгын компанийн захирлуудыг зузаан ханатай байр бариач гэж гуймаар ч юм уу. Эсвэл Бөөгийн холбоо гэж байгуулаад, онгод тэнгэрүүдийг өдөр бууж байхаар зохицуулах арга чарга хайх хэрэгтэй байх. Гэхдээ энэ бүхэн жаахан хүндрэлтэй ажил болчихоод байна.
Тиймээс “Бөөгүй байр хайж байна” гэсэн зар өгөөд, нүүвэл арай амар болов уу. Ядаж байхад бөөтэй байр авахгүй гээд хүн амьтан сонирхохгүй ч байж магадгүй шүү. Тэгээд гудамжиндаа цөөхөн бөөтэй хашаа байшингийн үнэ нэмэгдээд байхад орцондоо бөөгүй байр бол ч бүр дийлдэхгүй болох байх аа, яваандаа. Одоо бол Зайсан болоод Туул голын эрэг хавиар байгаа том хотхонууд их үнэтэй байгаа. Хэдхэн жилийн дараа бөөгүй байр хамгийн үнэтэй болж байж ч магадгүй юм. Ер нь энэ барилгын компаниуд “Бөөгийн хотхон” гээд аятайхан байшингууд барьчих хэрэгтэй.
Тэнд нь Монголын олон мянган бөө нарын арай мөнгөтэй, хөрөнгөтэй нь очоод орчих нь биз. Арай жаахан ядуувтар бөө нар нь “Бөөгийн хороолол” үүсгэчихгүй юу. Тэгээд хэнгэргээ шөнө нүднэ үү, өдөр балбана уу хамаа байж уу. Онгод тэнгэрүүд нь төөрөлдөөд, солигдоод байхгүй бол хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулаад байхгүй амар зүгээр. Иргэд ч гэсэн бөө дээр очиход бүх зүйл нэг дороо амар байхгүй юу. Сонголт хийгээч ээ…
“Өвгөн буурал” хэмээх онгодын тамлага
Бүдүүн модон суудалтай
Нарийн модон суудалтай
Хөхөө шувуун тэнгэр
Хөгшин буурад аав таныгаа
Урин залан дуудая
Энэ онгод бол Хавчиг заарингийн гол шүтээн байсан онгодын уриа дуудлага юм.
ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.
Баруун, зүүн тайгын цаатангууд бүгд сумын төвд орж ирсэн байсан. Тэдэнтэй хамт бүхэл бүтэн цаатан бөөгийн төлөөлөл ирсэн байлаа. Бидний зорилго бол тэдэнтэй уулзах явдал байв. Бид зорилгодоо хүрсэн. Олон сайхан түүхэн уламжлалаа авч яваа улаач нартай уулзсан нь юутай завшаан билээ. Энэ бүх уулзалтуудад МБНЭ-ийн Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар оролцож, их зүйл сонсож, үзэж суралцлаа.
Наадам дууссан боловч галын тахилга хийхээр бэлтгэсэн мод хэвэндээ үлдэв. Галын тахилга хийгдээгүйн гол шалтгаан нь бөө нарт нутгийн захиргаа үл тоож хандсан, модыг нь босгоод тавивал нэрээ бодоод хэдэн бөө нар нь олон түмний өмнө бөөлж л таараа гэсэн байдлаар тоомсоргүй хандсан явдал байсан.
Хоёр мянган цааны баярын арга хэмжээ дуусч, бөөгийн галын тахилга хийгдэлгүй хоцорч үлдэв. Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөө нартайгаа уулзсаных галын тахилгаа хийхээр болсон. Наадам тарж, цаатангууд тайгадаа буцсан, ихэнх жуулчид тарсан байлаа ч, хүлээж байсан зон олон богино хугацаанд цугларсан юм.
Цаатан бөөгийн нэртэй улаач, Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий буюу Нэргүй зайран бөөгийн галын тахилгыг толгойлон бөөлж эхэлж, дараа нь Монгол бөөгийн зайран Эрдэнэ-Очир “боссон” билээ. Галын тахилгын төгсгөл үед бидэн дээр Монгол бөөгийн их зайран Моко буюу Батбаяр хүрэлцэн ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндэтгэн олон түмэндээ цаатан бөөлөлтийн мөн чанарыг тод томруун харуулсан бөөлөлт хийсэн билээ.
Ийнхүү ард олны хүсэн хүлээсэн бөөгийн галын тахилга болж өнгөрлөө.
djmedia:173
Цагааны зүгийн тэнгэрийн дуудлага
Эвдэрхийг эвлүүлсэн
Хугархайг хунисан
Задархайг залгуулсан
Тамидархайг таниулсан
Бутархайг эвлүүлсэн
Тангалай цоорхой
Тарничин гүүлсэн
Эрхий цоорхой эмчин гүүлсэн
Долоовор цоорхой
Домчин гүүлсэн
75 дархчуул, 88 налваач
99 элбэчин, 108 зурхайч
Халуун шар бурхан гарвалууд
Хүүгэн шар бурхан гарвалууд
Наанаа сайхан дуулаарай
Урилганд минь залраарай
Дуудлаганд морилоорой.
Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:
1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.
2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ.
3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг. 5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг.
6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.
7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.
Дурсамж тамлага:
Тухайлбал “Тожийн ээж” онгодын тамлага.
Гуна гулгадгийн даваан дээр
Гурван зарийн ачаа хаясан би
Дөрөө хангинадгийн даваан дээр
Дөрвөн зарийн ачаа хаясан би
Цантай агуйгаар гэр хийж
Цасан хунгараар хуячлага хийж
Ширэн улаа цоортол
Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг.
Энэ тамлага дуудлагад алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага уналага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна.
Хавархсан тамлага:
Буриад Модоон удганы тамлаг:
Хаан цолд дийлдээгүй
Гомбын басган Модоон би
Эзэн хаанд дийлдээгүй
Эрх дураараа Модоон би хэмээдэг байна.
А.Готов
Т.Балжир удганы тамлага
Үхэл зовлонд унаж
Үйлээ идэлж тарчилна
Хааяа намайг дуудаж хашгираарай
Хэл амаа таслахын тулд саадгүй 49н өдөр
Сайн зангаж хяргаарай
Хар санаатаныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгөө дууд
Ангайх хэлийг тасал.
А.готов
Тува бөөгийн ховс
Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хөвсгөл аймагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангүй. “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагүй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том хүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагүй алга болсон хүүгийнхээ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хүрсэнгүй. Шүүх, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “Хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд чиний хийсэн нүглийг үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод хүний горьдлого хэзээ ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгүй ажиллаж байна гэнэ. Үнэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй “Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харъя” гэж орилсон байна.
Хүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой, бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү баасаа шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад хүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн хүү Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж, түүнийг барьж тэврэх гэж зүтгэн тэмүүлсэн байдалд нь дийлмэр болмогц бөөгийн гэр рүү улангасан гүйж орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. Түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүх гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтрүүлж, хүүг минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хүртэл амласан байна. Энэ үед Цэдэн хүү Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр Хөхчин бөөгийн хажуугаар би энэ хүний талд шүү гэсэн шиг зогсож байв. Бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн хүүг түүнд өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд хүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бүхнийг ах дүүгээсээ цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарч байжээ. Цэдэн хүүг үеийнхэн нь гажиг зантай гэлцдэг. Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж төмөр утсаар хэлхдэг байна.
Нөгөө хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар үеийнхэндээ их сонин түүх ярьж өгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс түүж явсан охид бүсгүйчүүдийг ангуучилдаг байсан түүний хувхайрсан толгой дээр өдөр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр өгөр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож төмөр утсаар эрх зангидаг байна. Тэрхүү хохимой толгойн эрхи нь гүйцэж 108 болоогүй болохоор хүч чадал нь хуралдаж амжихгүй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. Түүний энэ ажил удахгүй дуусна гэж Цэдэн нээх том зүйл амжуулж байгаа аятай ярьжээ. Яаж дуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц түүнийг ил задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхүү хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхүү хохимой толгойн эрхи гүйцэж нөгөө зовлонт хохимой толгой амаржин өгөрших бололтой.
Үнэхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан зүйл бүгд үнэн болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогүй мэт боловч далдуур машид гүн холбогддог байна. Энэ түүхийг эргэлзэн хүлээж авах хүн бий боловч үнэхээр үнэн юм шүү гэсэн үүднээс хандах нь ч цөөнгүй буй за.