Тухайн онгод бөөгийн биед орж ирээд өөрийгөө танилцуулж, өнгөрсөн үеэ эргэн дурсаж буйг онгодын тамлаг хэмээнэ. Онгодын тамлагын гол онцлог нь бөө хүн өөрөө онгодоо урин дуудах дуудлага биш харин бөөгийн онгод бөөд оршиж эхлэх үеийн ” тамлаг ” юм. Өнөө цагт бөө нар онгодын магтаал, дуудлага, тамлаг гуравыг огг ялгалгүй дуудлага юм уу эсвэл тамлаг хэмээн бүгдийн цугт нь нэрлэх болжээ. Зарим үед дуудлага гэх мөртөө заримдаа тамлаг хэмээн нэрлэн дуудсаар байна. Бөөгийн дуудлага, тамлаг хоёрын хооронд нилээд ялгаа бий. Энэ тухай дархадын Т.Балжир удган ярихдаа “ Ерийн үед бөө хүн өөрийнхөө онгодыг дуудлагаар дууддаг бол харин хатуу хараалын эсрэг болон бэрх хэцүү үеийн зүхэл, онгод нь өмнөх хүссэн хүслийг биелүүлээгүй зарим үед хар зүгийн онгод тэнгэрийг дуудаж, түүнийг зандарч загнаж буйг тамлага” хэмээдэг ажээ. Зарим угсаатан дотор ерийн дуудлага адилаар бөө хүн онгод тэнгэрээ магтан дуудаж, эцэст нь тухайн үйл хэрэгтээ зарах гэж эсвэл орж ирсэн онгод өөрийн тамлагаа дуудаж байх жишээтэй юм.
Тамлагыг дотор нь:
1.Тарчилсан тамлаг
2.Дурсамж тамлаг
3.Хавархсан тамлаг
“Зовоох, тарчлаах” гэсэн утга санаа нь онгодын тамлагад тодорхой хэмжээгээр илэрдэг. Учир нь олонхи онгод “Ээ халаг, ээ халаг, ээ халаг” гэж үглэж байх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл зовлон зүдгүүр, хэцүү бэрхийг тоочин дуудсаныг “тамлага” гэж ойлгож болно.
Баглаан удганы тамлагад дурдсанаар:
Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь
Шидэндээ үүртэж, оношиндоо бүдэрч
Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж
Биенд хагацал болж, хааны зарлиг гэж
Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж
Хийсэн хэрэг үнэнтэй гэж
Хэлсэн үг магадтай гэж
Ганц хүүгийн минь биеийг хороосон
Ээ халаг, гааг, гааг, гааг
Хагацлын нулимсыг эгшээлгүй
Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь
Маханд төрсөн ланчиг эдэлж
Цусанд амилсан зовлонгоо үүрч
Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж
Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж
Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж
Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж
Явах учир минь… хэмээн тамлагадаг.
Тарчилсан тамлага:
Ээж юуны бийд
Эрх тайж байлаа.
Ээж юунаасаа хойш
Охин чөтгөр боллоо.
Эсэргэнэ тахалд
Өвдөн ядан хэвтсэн
Ёолох хайран бие минь
Ёололгондоо халагласан
Ёс мэдэх бөөцүүл
Нэхэлдэж ядсан.
Ёолох- хайран бие минь ёололгондоо!**л халаглах нь онгод тарчилан тамлагдаж нарийн гурван сүвээгээрээ нар харж, гурван сүвэгч шөрмөс авч хэт зовж бөө болдог байсан гэх мэтээр өгүүлсэн байна. Хүн байхын үеийнхээ намтар түүхийг хуучилж байдаг тул онгодын тамлагыг “дурсамж дуудлага” гэж болох юм.
Category: Монгол бөө
-
Сүсэглэл, солиорлын дэнс: ЗОМБИ
Нэн ховордож цөөрсөн, “Улаан ном”-д бүртгэлтэй амьтны эд эрхтнийг нь авах гэж, халуун цусыг нь уух гэж хөнөөдөг явдал зогсохгүй нь. Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнууд шинэ үеэр хүрээгээ тэлсээр. “Энэ бол ердөө л гаж дон шүү дээ. Амьтан алж, араатан аятай тасчиж иддэг, цусыг нь ууж таашаал авдаг сэтгэцийн өвчин” хэмээн нэгэн байгаль хамгаалагч тодорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор хүйтэн зэвсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араатнуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.
Монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин өнөөдөр Монголд хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэмээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил маань өгүүлэв.
Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ, мөнөөх эрлэгүүдийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл тэд согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн юм. Ийм хүйтэн сэтгэлтнүүд одоо хүртэл шийтгэл амсаагүй явааг мартаж болохгүй.
Гөрөөсний халуун цус ууж зугаацдаг гаж донтнууд өнөөдөр залуу үеэр хүч нэмэн өргөжиж байгаа нь үнэндээ бидний хувьд эмгэнэл. Түүнчлэн зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан, зааж сургадаг болжээ. Ингэхэд, цусандаа будагдан үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гаргахдаа хүртэл нялхас, эмэгтэйчүүдийнхээ нүдийг хааж, холдуулж хориглодог биш бил үү.
Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Жил бүрийн хавар гөрөөсний халуун цусыг уухыг найз нөхөд, хаалттай сүлжээгээр зарлан уриалдаг хүн араатнууд олширсоор байна. Энэ ой гутам үйлдлээ тэд эртнээс уламжилж ирсэн эмчилгээний онцгой арга хэмээн тайлбарладаг. Түүхээ сануулъя. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тунгаар мориныхоо цусыг уудаг байжээ. Гэхдээ энэ зан үйл аажмаар өөрчлөгдсөөр голдуу сульдаатай, сулралтай эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон талаарх түүх бичигджээ.
Гэтэл одоо туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд хадгалж хэрэглэх, тарваганы хүн мах, булчирхай, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл түүхийгээр нь иддэг гээд гаж эмчилгээнүүдийг тоочвол барагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэтгэхүй ингэтлээ доройтож байна. Цаашлаад ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо.…Цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш..Уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, ялгадас, нэн ховор амьтдын эд эрхтэн зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас болон эмэгтэй хүний савнаас цус алдахыг зогсоож, үр тогтооно. Ялгадсыг нь арьсны өвчинд түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэнэ, бугын сүүлийг чанаж уувал бөөрний үрэвслийг нам дардаг гээд ой гутаж, огиудас хүргэм зааврууд олон нийтийн сүлжээгээр тэнэх болов. Гэтэл ийм ярианд итгэдэг, амьтны түүхий мах, эд эрхтэн, халуун цусыг залгилж, зажилж суудаг “зомби”-нууд олширсоор байгаа нь гутамшиг.
Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, нэгэн төрлийн зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Тухайлбал, бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг аж.
Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөдөг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг гэжээ. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн анхааруулж байна. Угтаа цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш юм.
Ингэхэд манай залуус гөрөөсний цус ууна хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заараасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн ан авдаа зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожмын үр дагавар нь эх байгальд ээлээ өгөх нь гарцаагүй.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн
ОНГОДЫН ТАМЛАГ.
ЛУСЫН БА ОНГОДЫН БӨӨ
УДАМ ДАМЖСАН ХӨВСГӨЛИЙН БӨӨ ТАЙГЫН АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЯВААД ДАРХАД ЭРД ЖАТГАДУУЛАН СОЛИОРЧЭЭ.
Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.
Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ.
Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав. Баатар зайран надад ярьсан юм. Даржаа зайран Баатар бөөг есөн настай байхад бүх “юм”-аа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүү Баатар нь есөн настайдаа зайран болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаа буусан юм байх. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ. Ногоон малгайтнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оношилсон байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц тарнийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.
Баатар эхлээд бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагджээ. Түүнийг цааш нь сургах гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй. Сорчлон ганц хоёрыг хүргэв. 50-иад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гэнэ билээ. Сумын намын үүрийн даргын эхнэр хүнд өвджээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд ч тусыг эс олжээ. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм байх. Тэр үед битгий хэл 70-80-аад онд “томчууд” болохоо байхаараа нууцаар лам, хар болдог л байсан шүү дээ. Сумын дарга хар домтой хүний эрэлд гарчээ. Сураглаад, сураглаад сураг эс гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн Даржаа агсны хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Тэр ч уухайн тас явсан байна. Ойн иргэдээс асуусаар байгаад олоод авчээ. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй гурван хүүтэйгээ байж.
Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдэгдсэнд тэдний царай хувьсхийн түгшүүр тээгээд явчихаж. Аргагүй шүү дээ. Дарга, цагдаа хоёроос айдаг айдас нь гүйцэд арилаагүй цаг юм чинь дээ. Цай, цүү болсны эцэст дарга учраа хэлжээ. Баатар татгалзав. Татгалзах ч юу байхав, тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст “Надад болон ээж, дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир” гэжээ. Мань эр ч уухайн тас буцжээ. Маргааш орой нь морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үдшийн бүрийгээр түүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын тарнитай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж ч чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын эхнэр хуйхлагдаж үхэхгүй юу. Жодгор ч шатаад дуусчээ. Тэрүүхэн агшинд улайнд хэзээнээс дуртай хоёр хон хэрээ тагнай таших адил дуугарсаар өвчтөн болон тэнд байгсдыг гурав тойроод нисэн оджээ.
Баатар хэсэг цамнаж байснаа ухаан балартсан байдалтай хэсэг суугаад “Улайны бузар болжээ. Эзэд нь ирээд явлаа. Айлаас див шингэсэн мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүү ид” хэмээсэн лүндэн буулгажээ. Ингээд гурав хоноод буцахыг хэлжээ. Тэд ч ёсоор болгов. Өнөө хэвтрийн нөхөр гурав дахь өдрийн өглөө өөрөө босоод ганцаараа бие зассан гэдэг. Ингээд сумын намын үүрийн дарга зуутын хоёр дэвсгэртээр гар цайлгаад оджээ. Гурил, будаа, цай тамхи ч өгсөн гэдэг. Эцсийн найдлага байсан тул болсон ч, эс болсон ч дүүрч гээд бэлтгэлтэй очоо биз дээ. Далаад оны үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч очсон байгаа юм. Хүүхэд нь саагаар өвдсөн гэмээр чөдөртэй юм шиг өрөөлдөж явдаг болсон байна. Тэр үед саа буюу полиомиелитын шинжилгээ хийдэггүй байсан болохоор яг таг тогтоох боломжгүй байсан нь мэдээж. Сумын намын үүрийн даргаас сонссон уу, эсвэл түүний тараасан цуу ярианаас мэдэв үү, юутай ч Баатарыг олоод очсон байна. Аймгийн эмнэлгийн эмч ингэж явааг үзээд гайхсан нь мэдээж. Эмч “Манай хүүд үл танигдах өвчин туслаа. Орчин үеийн эмнэлэг лав эдгээж чадахгүй нь тодорхой болов. Бололцоотой бүх эмчилгээг хийгээд ядлаа. Чи л нэг аргалж үз” хэмээжээ.
“Аймагт бөөлөх боломжгүй. Юутай ч аваад ир. Дийлэхгүй бол бүү гомдоорой” гэжээ. Эмч ч ёсоор болгов. Үнэхээр чөдөртэй морь шиг явдаг хүү иржээ. Мөн л үдшийн бүрийгээр түүдэг асаан бөөлжээ. Энэ удаа бүр итгэхэд бэрх юм болжээ. Газарт мод дэвсэж шатаагаад түүн дээрээ нүцгэн хэвтэхийг даалгажээ. Зайран хагас ухаантай байсан тул хөвгүүн айж, татгалзжээ. Гэвч онгод нь орсон зайран догшноор зандран хэвтүүлсэн байна. Энгийн хүн тэгсэн бол шад падхийн хиншүү, хярвас үнэртдэггүй юм гэхнээ, орилоод босон харайх байлгүй. Мод ч шатаад дуусчээ. Баатар зайран “Хүү ус бузарласан байна. Лусын хорлол болжээ. Галын засал хийлээ. Нэлээд хатуу байна. Домнолгыг гурав давтана” хэмээжээ. Ингээд гурав давтаад явуулжээ. Эмч чадах чинээгээрээ гар цайлгаад одсон нь мэдээж. Яг арав хонож байтал нэгэн машин ирж гэнэ. Машинаас эмч, эмчийн гэргий, хүү гурав буусан байна. Хүү жирийн явдлаар ирж мэндлэв гэнэ. Өөрөөр хэлбэл, бүр эдгэжээ. Эх нь доголон нулимстай, аав нь мөнгөн аяга, хадаг сүүтэй уулзжээ. Буцахдаа багахан агентын дайны бараа орхисон гэнэ лээ. Ингээд Баатар аймаг даяар алдаршив.
Наяад оны эхээр ойн иргэдийн нэг өрхийг гамшиг дайрчээ. Долоон хүүхэдтэй айл байж. Дөрвөн хүү, гурван охин ямар нь мэдэгдэхгүй үл таних өвчин тусчээ. Гэнэт халуураад, биеэр нь улаан цэгэн тууралт гарч, төдөлгүй татаад талийдаг өвчин байж. Одоогийнхоор менингит гэмээр. Айлын ууган, отгон хоёр хүүхэд ийнхүү нас баржээ. Баатар удганыг залах нь тодорхой. Өөр хэнийгээ гэх билээ. Сумын эмнэлэг хол болохоор очиж, ирсээр байтал дахиад хэдэн ч хүүхэд өвдөх юм билээ, хэн мэдлээ. Зүгээр өвддөг бол ч яая гэхэв. Үхлийн аюултай өвчин шүү дээ. Ойн иргэдэд Баатар юу боллоо гэж цааргалахав. Очсон байна. Үдшийн бүрэнхийгээр бөөлдгөөрөө бөөлөөд, тамлага дуудаж, цамнаж, цамнаж ухаан балартаж ирснээ гэрт буй аав, ээж хоёрыг нь авдар сав, хэрэгтэй зүйлстэй нь гарган, хүүхдүүдийг дотор нь үлдээгээд, үүдийг нь хаалгаад галдаж орхиж. Урц дүрэлзээд, дотор байгаа юу ч үлдэхээргүй аймшигтайгаар шатжээ. Дотроос нь хэн ч аврал эрж хашгирсангүй нь хачирхалтай байж. Хуурай модон урц хормын дотор шатаад дуусахад дотроос нь хүүхдүүд үнс, тортог ч наалдаагүй гарч ирсэн байна. Ийм юм бас байдгаа гэмээр санагджээ. Эгэл хүн ингэсэн бол хүүхдүүд гэртэйгээ шатах нь ойлгомжтой. Ядаж л галын дөлд хуйхлагдана биш үү? Ингээд дахин бөөлж байгаад ийн хэлжээ. “Эзэн амьтны хараал болсон байна. Ой тайгын эзэн байж. Та нар өнчин амьтан намнажээ. Түүнийгээ шударгаар хэл” хэмээн ханджээ.
Аав нь хэсэг хулгаснаа өнгөрсөн долоо хоногт том бид хоёр анд явсан юм. Ангаар баян тайгад нэг ч амьтан үзэгдсэнгүйд гайхаж явлаа. Гэтэл тайгын эхэнд өнчин цаа таарав. Залуу эр цаа байсанд хангай дэлхий “юм” хайрлав гээд намначихсан. Амь тавихдаа тайга доргитол аймшигтай мөөрсөн. Арьс, шийр, толгой нь тэр байна гэжээ. Баатар зайран, “Тэгнэ ээ, тэр. Тайгын эзэн онгон цаа намнажээ. Аргалаагүй бол танайх удмаараа сүйрэх байж” гэсэн байна. Энд өгүүлсэн хэдэн баримт бол түүний бараг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг билээ. Тэр бүхнийг өгүүлэх боломжгүй юм. Галын засал голдуу хийдгийг бодохоор догшин хийгээд харын талын зайран байсан бололтой. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөнийг одоо өгүүлье.
Энэхүү ширүүн “тулаан” 80-аад оны дундуур ойн иргэдийн хүрээнд болжээ. Тэр нэг гайт өдөр Хөвсгөлийн Ренчинлхүмбийн нэгэн даяанч дархад эр тэднийд буужээ. Монголчуудын ёсоор дайлж, цайлсан байна. Архинд халсан дархад, Баатар хоёр энэ тэрийг ярьж байснаа дуу нь чангарчээ. Улмаар маргасан аж. “Хөвсгөл бөөтэй ч сор нь Ренчинлхүмбэд бий. Үгүй дээ, манайхан ч бөөтэй. Би гэхэд л удам дамжсан зайран. Үхсэн хойноо, чиний бөө гэж юу байдаг юм. Танайхан тааруу даа. Ямараа чамд харуулна аа, гайгүй. Чаддаг юм бол тэг л дээ. Чадалтай нь дийлнэ биз. Үзье л дээ” гэх зэргээр маргаж байснаа унтаад, өглөө нь босонгуутаа дархад эр цай ч амсалгүй хар, цагаан дуугүй оджээ. Явахдаа “За, зайрантан. Хийдэг юмаа хий. Би хариу барья. Хэн нэг маань үлдэх биз” гээд мордсон гэдэг. Баатар ч хийдэг юмаа хийсэн бололтой. Дархад хариад хачин муухай хар даржээ. Хэд хэдэн шөнө тэгсэн байна. Хэрэг бишидсэнд хариуд нь дархад жатга хийжээ. Бүр айл амьтандаа хэлж байгаад хийсэн гэдэг. Баатар зайрангийн хар дом, дархад эрийн жатга хоёр харилцан тэнцүү байсан тул хэн нэг нь эндсэнгүй.
Гэхдээ дархадын жатга арай хүчтэй байсан юмдаг уу даа, Баатар бөө удалгүй ухаан солиорчээ. Гэхдээ үе үе хальт ухаан ордог бөгөөд тэр үедээ ухаан гүйцэд гийвэл “Хариугаа авч гүйцээнэ ээ, чамайг” гэдэг байж. Түүнийг аргалах хүн байгаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт байн байн хэвтсээр ерээд оны дундуур өөд болсон байна. Түүний ухаан бүрэн цэлмэж хариугаа авч амжсангүй. Одоо бодож байх нь ээ тэрхүү дархад эр зүгээр нэгэн биш байсан бололтой. Ренчинлхүмбээс Цагаан нуур, тэр дундаа ойн иргэдээр хэсэж явахыг бодоход эгэл эр биш байсан нь тодорхой. Тайгын харын бөөгийн, тэгэх тусмаа удам дамжсан бөөгийн хараалыг давна гэдэг амаргүй дээ. Тэгээд бодохоор тэрхүү дархад даяанч яав ч зүгээргүй нэгэн байж. Тэрхүү дархад эр ерээд оны дундуур өөрийн зөнгөөр нас эцэслэсэн гэдэг юм.